Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

“Шөнө буусан аадар”. 20 жилийн дараах гэрчүүдэд зориулав


Найруулагч нь 19 цагт Соёлын төв өргөөний тайз голлоод үзэгчид рүү хөлөө унжуулаад суучихсан. “За хөгшин нь та нарт нэг хөгийн порно онигоо ярьж өгье хаха” гэх гэж байгаа юм шиг л. Энэ мэдрэмж жүжгийн туршид гоё бошинзны нандин хуниасуудыг эрээгүй задчих адил Таныг эзэмдэх болно. Э.Ёндоншарав жүжиг, бодит хоёрыг зурвасхан холиодог энэ шийдлээ УДЭТ-т тавьсан “Сычуанийн сайн хүн” жүжгийнхээ дундуур гол дүрийн хоёроор туршсан бол энэ удаа өөрөө үзээд алджээ. Бүр жүжгээ ингэж эхлүүлсэн. Дахиад давтсаар байх, энэ нь өөрийнх нь дэглэлтийн онцлог болж гүнзгийрэх, чамбайрах, зүйлчлэгдэх эсэхийг цаашид ажигламаар. 

“Мөрөөдлийн театр” итгэлтэй, хүндэтгэлтэй залуу хүмүүсийн ёсоор нэрт сэтгүүлч, зохиолч Цэрэндоржийн Балдоржийн мэндэлсний 70 жилийн ойг тохиолдуулан найруулагч Э.Ёндоншаравын бодож боловсруулсан шинэ хувилбараар “Шөнө буусан аадар” жүжгийг нь тайзнаа бүтээж байна. Энэ жүжгээр Монголын хэвлэлийн магнат Ц.Балдорж, залуу найруулагч Э.Ёндоншарав, “Мөрөөдлийн театр” гэсэн маш сонирхолтой гурвал хамтарлаа.

Зохиолч жүжгээ хоёр жил бодож цааснаа буулгасан хэмээн ярьж үлдээснээс харахад 2002 оноос эхтэй байх нь. Тэр үе бол монголчууд цоо шинэ тогтолцоонд шилжээд дөнгөж 12 жил болсон, цагийн атарт бойжин дүр төрхөө олж буй улстөрчид, бизнесмэнүүд, нийгмийн гишүүд өөрсөдтэйгөө танилцах урт аяны эхлэл төдий нялх балчир цаг санж. “Шөнө буусан аадар” цаг минут тутамд олноо дэвшүүлэх сэдэв, санаа, өнцөгт бэдэрч явдаг сэтгүүлчийн оюуны бүтээл гэдгийг энэ цагийн үзэгчид мэдвэл зохино. Ц.Балдорж агсан нийгэм, эдийн засаг, улс төрд нөлөө бүхий нийгмийн тун өвөрмөц зүтгэлтэн байлаа. Ерөөс өнгөрсөн зуунд Монголд орчин цагийн хэвлэл анх үүсэхдээ уран зохиолчдод түшиглэсэн бөгөөд хожим 90-ээд оны эхээр нэн шинэ мэргэжлийн сэтгүүл зүй, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг өлгийдөгчдийн хамгийн том төлөөлөл мөн хос хүлэгтэн байсны дурсгал Ц.Балдорж эрхлэгч билээ. 

“Шөнө амталсан нулимс” нэрээр УДЭТ-т 2005 оны хоёрдугаар сард анх тавьж байхад “Монгол Улс системийн шилжилтийн хямралыг амжилттай даван тууллаа” хэмээн улстөрчид хөөрцөглөн яарч байсансан. Тухайн үед өнгөрөөд байсан 10 жилийг амжилт уу, алдаа юу хэмээх асуултыг Ц.Балдорж сэтгүүлч эсрэгээр нь тавьсаар байлаа. Энэ асуулт асуудал болон хувирсан тул “76 мангуу” хэмээн бичихийг сэтгүүлчдэдээ тэр зөвшөөрсөн юм. Чингээд энэ жүжгийнхээ зохиолоор нийгмийн оюун санаанд сэрүүлэгтэй дарь тавьж байсан хоржоонт явдлын гэрчээр 20 жилийн дараа та бид тодорлоо. Дэндүү хоржоонтой байгаа юм шүү. Тэртээх 20 жилийн Монгол өнөөдөр хэр өөрчлөгдөв, бид хайснаа олсон уу? Танд юм үзэгдэв үү?  

Таалагдахаар нь үнэн гээд, эс таалагдваас худал болгочихдог эрх мэдэлтнүүдийн таатай бүсэд бид “тавтай” гэгч толгой хоргодож л тэсэхүйеэ бэрх суралцаж. Яг одоо тайзнаас харж байгаа жүжиг бодит амьдрал...

Малч борогшуу амьдрал дотор бүсэндээ морины хусуур хавчуулчхаад гүйж явсан хүүхэд нас, их хөлийн Улаанбаатарт ирж СУИС, театраар дамжин дэлхийн урлагийн баянбүрд Москвад таван жил сурч, хүний нулимсанд догширсон сонгодгуудын сүнс тэнүүчлэн өндөлзүүлдэг тэндээ зургаан жил амьдарсан намтар маш их итгэл төрүүлж байгаа биз? “Шөнө амталсан аадар” жүжгийн найруулагч Э.Ёндоншаравын шинэ ажлаас бид өөрсөдтэйгөө танилцаад үзэх хэрэгтэй. Бид хэнд итгэн хэнийг төрд сонгодогтойгоо нүүр тулчихаар чинь энэ улс төр, бизнес хоёроо ч ойлгоод авна. Үсэндээ туузтай жаахан охин үзэгчид рүү нуруугаараа харж зогсоод жүжгийн дүрүүдэд нэг нэг тодорхойлолт хэлэхэд эсрэг талд нь суух Та яг онилогдох болно. Гэхдээ хэн мэдэх вэ дээ, нууц шүү дээ. Цав цагаан цаасан дээр илчлээгүй бусдын түүх далд байдаг хойно. Өөрсдөө ч өөрсдийгөө олоогүй амьдарч явдаг хорвоогийн найр юм даа. Найруулагч зөвхөн улстөрчдөд, тэднийг санхүүжүүлээд дараа нь алтан сайхан авсанд хэвтүүлдэг бизнесийнхэнд бус сонгогч иргэдэд ч мөн хандсанаараа хамгийн реалити шийдлийг олсныг эл жүжгээс олоорой л гэх гэсэн юм.

Э.Ёндоншарав найруулагчид зохиол бэлэн, санаа шийдэл нь ч байна аа. Зохиол дотроос хоёр байсан дүрийг нэг болгосон, том охины дүрийг гей залуу болгосон, дэлгэцнээс салдаггүй, байнга чихэвч зүүгээд гэрийнхэнтэйгээ харилцдаггүй бага хүүг төгсгөлд нь сүрхий хэлд оруулсан гэхчлэн өөрчлөлтүүд орчин цагийн найруулагчийн супер харц байлаа. Харин дүрийн агуулгыг өөрчлөхдөө “Хүн өөрийгөө олоогүйгээс болоод гей болчихдог гэнэ ээ, муужирлаа” гэж ЛГБТ төвийнхөнд хангинуулж мэдэх алдаа ажиглагдсаныг мөн дурдмаар байна.  

Тэгвэл жүжигчид? Долоон дүрийн олонх нь найруулагчаасаа ч илүү олны танил. Жүжигчид хүмүүсийн нүдэнд ямар нэг дүр төрхөөрөө нот хоногшсон байдаг. Харин шинэ дүрдээ хэр хувирав, хэр амьд болгов гэдэг тухайд энэ өдрүүдэд хайр гамгүй ярьцгаая. Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг 2005 онд жүжгийн гол дүр УИХ-ын гишүүн Тэрбишийн бага охинд тоглож байсан бол энэ удаа эхнэр нь болов. Хайр сэтгэл, хүсэл тачаал хайсан хөөрхий охины эрэл яв явсаар дунд насанд ирээд мухарджээ. Алдартай зураач, басхүү УИХ-ын гишүүн нөхөртэй, гурван хүүхэдтэй, тансаг амьдралтай Энхээг хэн ч ийм өршөөлгүй тэнэг авгай гэж мэдэхгүй л дээ. Мэдэх болно оо, Ганцэцэг бүр тулгаад мэдрүүлээд өгнө. Түүний хөдөлгөөний эвслийг харах үргэлж бахдам байдаг. Танхил байрын эмэгтэй тайзан дээр согтуурч нүдний өмнө хэчнээн ч унав, босов, гулдчуулж чирүүлж байна, бас насаараа үйлчлэгч бүсгүйгээ жанчсан хүн шиг сурмаг гэгч хүчирхийлж чадах нь тэр юм даа. Микрофон зарим үед сулхан дуугарч байснаас тэр үү, лав л ганцхан хүний үг бүрэн тод дуулдаж байсан нь Ганцэцэг жүжигчнийх байлаа. 

Ардын жүжигчин Г.Мягмарнаран 77 настайдаа тайзнаа гарсан нь энэ жүжиг боллоо. “Би айж байсан” гэж яг үнэнээ хэлсэн. Гэхдээ тэр энд ганцхан удаа үзэгдээд өнгөрсөн ч тайз жүжгийн турш амьд үлдчихэж болохоор ахуй төрхийг театртын үзэгчдэд хэдийн төрүүлчихсэн 50 жилийн түүхтэй жүжигчин билээ. Түүний бүтээсэн Халзан гуайн дүр аз болж эхнээсээ дуустал энд харагдах болно. Ухаант өвгөн ах ч гэлээ асар зөрчилтэй дүр учраас Мягмарнаран гуайн зальжин ч юм шиг, хайр энэрэл дүүрэн гэмгүй ч юм шиг уран жүжиглэлт хадаас нь яг мөн. Настай хүн худал нь баригдахаараа бантаад хөөрхөн тэвддэг тэр амьсгалыг мөн л микрофоноос болоод чагнаж чадаагүй.

Л.Сөрөлт дандаа инээдмийн үзэгдэл, хошин шоунд гардаг учраас энд тоон доторх үсэг шиг харагдана. Ерөөс хувь хүний нь төрх байдал хөгжилтэй нөхөр юм билээ. Жүжигчнийхээ хувьд тэр давуу талаа хошин урлагт түлхүү зарж, өөрийн гэсэн имиж бүрдүүлж орхисон л гэхээс. Түүнийг дагаад үзэгчид нь Мөрөөдлийн театрт шилжээ юү гэлтэй, ямар ч инээдтэй зүйл болоогүй байхад хөхрөлдөөд суусан хүмүүс бас байна лээ. Өмнөөс нь өндөлзмөөр байсан ч түүний жүжиглэлт, хувирал харин ч тухтай, бахтай сэтгэгдэл төрүүлж чадсан. Өөрийгөө энэ айлын хамгийн адгийн новш гэж бодож байтал... Тэгээд тэр яг энэ цаг мөчөөс өөрийгөө “урна”, урлана. 

“Мөрөөдлийн театр” гэдэг нэр Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр гэдэг хоёр жүжигчний алсын хараа байжээ. Тэд 10 жилийн өмнө ямар гоё мөрөөдөв, тэд ямар их өсөв. Алтаншагай бол их ил хүн шиг санагддаг. Энэ жүжгийн туршид ил л байв. Нүүрэндээ цагаан багтай, биедээ дотоожноос өөр хувцасгүй тийм нүцгэн Тэрбиш. Арга ядсан, бачуурсан, эв дүйгүй хөдөлгөөнүүдээс нь жийрхэм. Г.Эрхэмбаяр бол новшийн ховсдогч. Сэтгэл татам, чинээлэг, бүхнийг бий болгогч, бүхнийг эзэмдэгч Төмөр. Гэхдээ түүнд ямар буруу байгаа билээ? Бид өөрсдөө л түүн рүү төмрийн үртэс аятай ховсдуулан очиж наалддаг бус уу?  

Анхны жүжиг нь англи маягийн ихэмсэг чимхлүүр комеди байх үеэс “Мөрөөдлийн театр”-ын амбийц театр сонирхогчдод шууд уншигдсан. Хамгийн гол нь тэд тууштай мөрөөджээ. Театрууд шинэчлэгдэж байгааг, уран бүтээлч хүмүүс сайхан мөрөөдлөө биелүүлж байгааг ингэж харах гэж. “Мөрөөдлийн театр” Монголын театрын түүхэнд шинэ залуу найруулагчид зэрэг зэрэг төрөн гарч, тэдэнд урлагт үнэнч, чадварлаг жүжигчид хэрэгтэй болж, өрсөлдөөн нь Улаанбаатарын үзэгчдийг араасаа соён гэгээрэлд дуудан дагуулах урт дараалал үүсгэх энэ үед аравныхаа хаалгаа цэлгэр нээлээ. “Шөнө буусан аадар” жүжгийг шинээр амьдруулах хүсэл мөрөөдөл, мэргэжлийн урлаг үзүүлэх гэсэн амбийцад нь “Мөрөөдлийн театр”-ынханд гүн талархал дэвшүүлье. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
3
2024.03.12
Будапештын тэмдэглэл
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Урлаг мэдэгч 2023.03.02 103.229.122.90

Зассс сүржигнээд бх юу ч бхгүй хөгийн холион бантан бна л гэсэн

0 Хариулах