Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Humans of HATGAL | Хатгалын сайхан нь хүмүүс, байгальдаа оршдог


Хөвсгөл, Хатгал... Хаа нэгтээ зөрөх хүн машин, зөөлөн цэнхэр тэнгэр, өдөртөө гэсэн шөнөдөө тэс хөлдөх өвлийн Хөвсгөлийн гоо үзэсгэлэнг очсон хэн бүхэн дуу алдан биширч,  "Одоо биш юм аа" гэхэд дараа заавал цаг гарган ирж, энэ л амар амгалан дунд оршихуйн алс холын мөрөөдөл тээн буцна. Өвлийн өдрүүд зуны далайн давлагаа шиг ижил өнгөрөх ч жил бүрийн гуравдугаар сард болох "Мөсний баяр"-аар хэдэн мянган хүний хөлд дарагдан, айлчид гийчид ихсэн Хатгалынхан тун завгүй.

"Humans of UB" булангийн энэ удаагийн дугаарт Хатгалын 3000 айл өрхийг цээжээр шахуу мэдэх тосгоны цорын ганц ус түгээгч, бага ахуйгаасаа эргэн тойрон дахь эртний булш хиргисүүр, хөшөөг харан сониучирхсаар археологич мэргэжлийг эзэмшин нутагтаа ажиллан, зорин ирэх гадаадынханд эх хэлээр нь  нутгийн үзмэрүүдээ таниулан яваа залуухан тайлбарлагч бүсгүй, тусгай хамгаалалттай газарт ховордсон ан амьтдын тоо толгойг хамгаалах нэн чухаг үйлст хүч зүтгэж буй байгаль хамгаалагч, "Мөсний баяр"-ын 20 мянга гаруй наадамчдын аюулгүй байдлыг хамгаалан ажиллаж буй онцгой байдлын албан хаагч нар оролцон, алс Хатгалаас танд үгээ дайж байна.

Хатгал тосгоны ус түгээгч Мөнхбат: Хүмүүс усгүй хэцүүдэж байгаа гэж бодохоос тайван амарч чаддаггүй 

Би ус түгээгчээр ажиллаад хэдийн арван нэгэн он улирчээ. Манай тосгон намуухан, яг л нэг дуу цөөтэй жаахан хүү шиг санагддаг юм. Усгүй амьдрал хаана ч үгүй гэдэг дээ. Үүн шиг л би чинь хэнд хаана ус хэрэгтэй байна, тэр бүрт нь дуудлага аваад өдрийн хэдэн цагт ч хамаагүй усаа түгээгээд л явдаг. Хүмүүс усгүй хэцүүдэж байгаа гэж бодохоос тайван амарч чаддаггүй. Сүүлийн хэдэн жил амралтын өдөр, баяр ёслолоор ч нэг их амраагүй байх шүү. Төсвийн байгууллагын машиныг эс тооцвол манай энд чинь яг ус түгээдэг надаас өөр барагтай л байхгүй шүү дээ. Залуус уг нь ажиллахаар ирдэг л юм. Зундаа хэсэг ус түгээж байгаад, өвөл болохоор "За ах минь. Үнэхээр чадахгүй нь. Хүйтэн ч юм, хүмүүс ч авир ихтэй юм" гээд л яваад өгдөг дөө. Буруутгах ч зүйлгүй л дээ, хөөрхийс. Тас няс хийсэн 45 хэмийн хүйтэн ус аваад давхиж явах хэнд ч чанга. 

Ус түгээгээд мөнгө хурааж юу шалих вэ, гэхдээ л над бол эндэхийнхээ айлуудаар орж гарч, мэнд устай явах, усаа түгээгээд л инээд ханиагаад явах нь болдог л юм. Бид чинь мөнхийн цэвдэгтэй нутаг учир худаг гаргах боломжгүй, жилийн дөрвөн улирал усаа далайгаасаа авдаг өвөрмөц улсууд. Ойрын хэд хоног Мөсний баяр гээд "хөөрхөн" түгжирч байна. Зундаа хоёр цэгээс, өвөлдөө хэд хэдэн цооногоос усаа авч, улсууддаа хүргэнэ шүү дээ. 

Хатгал, Хөвсгөл далайг зориод ирэх залуусыг харах сайхан ч нэг мэдэхэд л усанд орж яваа харагддаг. Байгаль хамгаалагч нар чадлаараа ажиллаад, би хүртэл хажуугаас нь хэлж загнахад “За ахаа” гэж хуураад л холдоод явахад эргээд л усаа бохирдуулах нь их. Уг нь ч жуулчид аялагчид их ирэх тусам л тосгон маань хөгжих ч, хамгийн цэнгэг цэвэрхэн усаа ингээд бохирдуулаад байвал ямар олиг байх вэ. Хөвсгөлийн усыг сардаа ч юм уу Мөрөнгийн ус шинжилгээний газарт шинжилгээнд явуулдаг юм. Тэгэхэд энэ олон жилд байнга 99 хувийн цэвэршилттэй гардаг, 92 хувиас доош гарсан түүхгүй.

Хөвсгөлийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч Амарбаясгалан: Жижигхэн хогоо ч аваад явах нь үр хүүхдүүддээ үзүүлэх энэ сайхан нуураа үзэсгэлэнт төрхөөр нь авч үлдэх эхлэл

Би Хөвсгөл аймгийн уугуул. Байгаль орчноо хайрлах хамгаалахыг хүмүүст хэлж мэдүүлэхсэн гэх хүслээрээ ажиллаж байна. “Мөсний баяр” нь манай Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх томоохон арга хэмжээнд тооцогддог, 21 дэх жилдээ зохион байгуулагдаж буй зон олны баяр юм шүү дээ. Өнөөдөр манай хамт олон 40 хүний бүрэлдэхүүнтэйгээр “Мөсний баяр”-т оролцож байна. Зэрлэг ан амьтад, гол нуураа хайрлан хамгаалахыг хүүхэд залуус, аялагчдад таниулан мэдүүлэх нь манайхны энэ баярт онцгойлон бэлтгэж оролцдог гол зорилго. Ховорт тооцогдох хүрэн баавгай, солонго, хар галуу, бодон гахай, цахлай, бүргэд зэрэг амьтдын үзэсгэлэнг “Мөсний баяр”-аар дэлгэн олон түмэнд сонирхуулан, ховор ан амьтдыг хамгаалах талаар хүүхэд залуустай хууч хөөрөөд сайхан байна. 


“Мөсний баяр” урьд өмнөх жилүүдээс ч олон зочидтой, хөл хөгжөөнтэй өнгөрч байна шүү. Өчигдөр бүр асартаа ч багтаагүй гээд бод. Ялангуяа хүүхэд залуус чихмэл амьтдыг их сонирхож, зургаа даруулан, урьд нь харж байгаагүй амьтдынхаа талаар сонин содон зүйл их шалгааж байна. Зарим жаалууд бүр амьтдыг маань ноолж унагаачих гээд /инээв/. Иргэд өөрсдийн ухамсраар хөдөө гадаа аялахдаа ил гал гаргахгүй, хог хаяхгүй л байх энгийн зүйлсээ санаж явбал эдгээр ховор болон нэн ховор ан амьтдын маань тоо толгой өсөж, амар амгалан амьдрах үндэс нь бүрдэж, байгаль эх минь ч сайхнаараа үлдэнэ. Мөсний баяр нь аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёл уламжлалыг түгээн сурталчлахаас гадна хүний эрүүл мэндэд ч сайнаар нөлөөлөх ач холбогдолтой. 

Нууран дээгүүр, ер нь хаа ч явлаа гэсэн халаасанд байгаа жижигхэн хогоо ч аваад явах нь үр хүүхдүүддээ үзүүлэх энэ сайхан нуураа үзэсгэлэнт төрхөөр нь авч үлдэх эхлэл юм шүү. 


Хөвсгөл аймгийн төв музейн тайлбарлагч Мөнгөнтуяа: Мөсний баярыг соёлоо хуваалцдаг, хамтдаа баярлан хөгжилддөг соёлын өдрүүд гэж боддог

Би багаасаа л нутгийнхаа эргэн тойрны түүхэн дурсгалт эд зүйлс, булш хиргисүүр гэх мэт эд өвийг харан гайхширдаг хүүхэд байсан. Ингээд сониуч хүсэл сонирхолдоо хөтлөгдөн МУИС-д археологич мэргэжлээр суралцан төгсөж, анхны ажлаараа нутгийнхаа музейд тайлбарлагчаар ажиллаж буйдаа баяртай байдаг. Манай музей анх 1949 онд байгуулагдаж, 2010 оноос байнгын танхимаа дэлгэсэн түүхтэй өргөн баялаг үзмэрүүдтэй гайхалтай музей. 

Мөсний баярыг би соёлоо хуваалцдаг, нэгнээсээ суралцдаг, зааж өгдөг, хамтдаа баярлан хөгжилддөг, гадаад дотоодынхонд таниулан сурталчилдаг, соёлын өдрүүд гэж боддог. Музейн сан хөмрөгт 4200 гаруй үзмэр, эд өлгийн зүйлтэйгээс бид дээжээс нь түүвэрлэн Мөсний баярт авч ирсэн. Бид энэ жил “Нүүдэлчин соёл иргэншил” сэдвийн хүрээнд дархад, цаатан ард иргэдийнхээ нүүдэлчин ахуйдаа хэрэглэж байсан болон хэрэглэсээр байгаа эд зүйлсийн үзмэрүүдийг түүвэр байдлаар дэлгэн үзүүлж байна. Жишээ нь, цаатангуудын хэрэглэдэг цана, дархадын жовгон тооно хүмүүсийн сонирхлыг хамгийн их татаж байна. Мөсний баярт оролцож буй жуулчид манай үзмэрүүдийг үзээд музейг очиж үзмээр байгаагаа хэлж, зам заалгуулж аваад явж байгаа нь сайхан. Олон улсын жуулчид монголын сонгодог нүүдлийн соёл иргэншлийг илтгэсэн эдгээр үзмэрүүдийг ихэд сонирхож, залуус маань ч “Хөөх, ийм эд зүйл хэрэглэдэг байсан юм уу” гэх мэтээр сониучирхаж хүлээн авч байна. Нэг үеэ бодвол манайхан соёлыг хүндэтгэх сайхан хандлагатай болсныг өнөөдөр их анзаарлаа. Барагтай л бол үзмэрүүдэд гар хүрэхгүй, хүндэтгэж буйг нь харахад бахархалтай байна. 


Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын бүлгийн дарга, хошууч Ганзориг: Цэнгэг нуурандаа ирсэн залуус сайхан цэвэрхэн баярлаад л явахад асуудалгүй

Би онцгой байдлын албанд 24 жил ажиллаж байгаа нэгэн. Бага залуудаа аврах салбарын шүхрийн байгууллагын ажилтан болж, тэнгэрээс хөөрөх дэврүүн мөрөөдөлтэй ажлаа эхэлж байсан бол түүнээс хойш уснаас аврах ажиллагаа, ер нь бүх л төрлийн аврах ажиллагаанд гар бие оролцон албаа хашиж байна. Бусдын амь нас, аюулгүй байдлын төлөө биеэ дайчлан аврах ажиллах нь нэр хүндтэй, бахархал төрүүлэм. Алба маань сүүлийн жилүүдэд их залуужиж, залуус голдуу албан хаагчидтай таван ангитай болоод байна. 

Хөвсгөл аймаг нь аялал жуулчлал ихэд хөгжиж буй сайхан нутаг. Цэнгэг нуурандаа ирсэн наадамчид сайхан цэвэрхэн баярлаад л явахад асуудалгүй. Гэвч олон мянган хүн нэг дог цуглахад "Уулын мод урттай богинотой" гэдэг шиг мөсөн дээр бие засах, хог хаях, хориотой газраар машинтай явж осолдох гэх мэт зөрчил гаргах хүмүүс ч байгаа нь харамсалтай. Ард иргэд ихээр цугласан энэ үед замын хөдөлгөөндөө болгоомжтой оролцох, аюулаас сэрэмжтэй байхыг бид сануулан, авран хамгаалан ажиллаж байна. Залуус дүү нартаа сайхан нутагт ирсэн л бол сайхан хэвээр нь үлдээж сураарай гэж захья даа. 



Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.01.06
Humans of UB / Аутизмд хийсэн аялал
2
2023.11.23
Humans of UB | Уур амьсгалын өөрчлөлтөд эергээр нөлөөлсөн монгол хүүхдүүдийн түүх
3
2023.06.27
Humans of UB | Паркаа бүтээгчид
санал болгох
1
5 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.