Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

UB.LIFE-ийн туршилт: “Ruby Room” & “Me-Liko”-ийн БУРГЕР-ийн аль нь хамгийн амттай вэ?

Бид энэ удаад Улаанбаатар хотын хамгийн алдартай, амттай бургеруудыг туршиж үзлээ.


Бид энэ удаагийн “UB.LIFE-ийн туршилт”-аар Улаанбаатар хотын хамгийн алдартай, амттай бургеруудыг туршсан юм. Туршилтад оролцсон хоёр хүн маань анх удаа эдгээр бургеруудыг амтлаж үзсэн сэтгэгдэлээ хуваалцлаа.

Туршилтад оролцогчид

Б.Ричард, Герман улсын иргэн, Уул уурхайн салбарын зөвлөх мэргэжилтэн

Б.Эгшиглэн, Урлаг, соёлын чиглэлээр дагнан бичдэг чөлөөт сэтгүүлч

Ингээд туршилтаа эхэлцгээе

RUBY ROOM

"Mexican" бургер

Фэйсбүүк хаяг: Ruby Room

Байршил: Их дэлгүүрийн ард талд

Үнэ: “Mexican” бургер – 14’500₮

Бургерээр дагнасан “Бадмаараг өрөө” нийт долоон нэр төрлийн бургерээр үйлчилдэг. Та амтат бургерыг зооглох зуураа бадмаараг өнгийн хананд өлгөсөн уран зургуудыг ажиглаж, намуун хөгжим сонсох боломжтой. Энэ удаад оролцогчид маань “Ruby Room”-ийн хамгийн алдартай “Mexican” бургерийг амталж үзсэн юм.

Б.Эгшиглэн: Би бургерт нэг их дуртай биш л дээ. Гэхдээ “Ruby Room”-ийн бургер хүмүүсийн дунд алдартай болохоор идэж үзэх юмсан гэж боддог байсан юм. “Mexican” бургерийг амтлахад хамгийн эхлээд халуун ногоо амтагдлаа. Гэхдээ халуун амтлагчаар биш халапеногийн час хийсэн амтаар халуун ногооны амтыг оруулсан болохоор их гоё амтагдаж байсан. Бургертэй хамт дагалдаж ирдэг төмс нь гадуураа шаржигнасан хэрнээ дотроо зөөлөн байхаар шарсан нь маш их таалагдлаа.

Их иддэг эмэгтэйчүүд бол яг л бүтэн бургер идээд цадахаар юм байна. Харин дунд зэрэг, эсвэл бага иддэг хүмүүс бараг барахгүй болов уу. Харин үнийн хувьд бага зэрэг эдийн засгийн хямралтай байгаа хүмүүс, бас оюутнууд авч идэхэд арай өндөр үнэтэй. Гэхдээ бургерт орсон орцууд, порц зэрэгтэй харьцуулахад үнэндээ тохирсон гэж бодож байна.

Б.Ричард: Би бүр хангалттай цадчихлаа. Гадуур хооллоход ингэж цатгах хэмжээний хоолтой газар ховор шүү дээ. Халуун ногоо ихтэй. Бургерийн мах нь их шүүслэг, бас олон төрлийн соус, сонгино гээд орцонд орсон зүйлс бүгд шинэхэн, амттай байгаа нь таалагдлаа. Бургерийн мах (Patty)-ыг ингэж хийдэг газрыг Улаанбаатараас олоход ховор. Ихэнх газар мах нь их хатуу байдаг шүү дээ. Талх нь бас их амттай юм. Хэрвээ тэд бургерын талхаа гаднаас худалдаж авдаг бол би тэр газрыг нь олж энэ талхыг худалдаж авмаар байна.

Монголд олон улсын ресторанууд их нээгдэж байна. Тэдгээр газрын цэсэнд заавал бургер байгааг харахад энд бургер их түгээмэл болж байгаа нь харагдаж байна. Гэхдээ “Ruby Room”-ийн бургерээс илүү үнэтэй ч, амтыг нь гүйцэхгүй газар олон бий. Тийм болохоор үнэ нь яг боломжийн санагдаж байна.

ME-LIKO

Beef BBQ

Фэйсбүүк хаяг: Me-Liko

Байршил: Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн хажууд

Үнэ: “Beef BBQ” бургер – 9’000₮

Энэ оны хоёрдугаар сараас энэ газрын эзэн түргэн хоолны автобусаа “Me-Liko” нэртэй хоолны газар болгон өөрчилсөн билээ. Порц ихтэй, “Messy” буюу замбараагүй хоолоор дагнасан тус газарт бидний идэх дуртай монгол хоолнууд ч бий. Нийт зургаан төрлийн бургерээс гадна, хот-дог, хуймаг зэрэг түргэн хоолоор үйлчилдэг. Манай оролцогчид үхрийн махтай “Beef BBQ” бургерийг амтлаж үзлээ.

Б.Эгшиглэн: Мах нь маш шүүслэг, гоё амттай байлаа. Бас гэрийн аргаар шарсан төмс нь их таалагдсан. Харин майонез нь арай их байх шиг байсан. Үнийн хувьд тун боломжийн санагдлаа.

Б.Ричард: “Ruby Room”-ийн бургертэй харьцуулахад их өөр төрлийн бургер байлаа. Тэд үхрийн махаа яаж ийм гоё хийдгийг мэдэхгүй ч их таалагдлаа. Мах нь шүүслэг, бага зэрэг нялцгай байгаа нь энэ бургерийн амтыг илүү тодотгож байна. Хэрвээ шартаад, маш их өлсөж байгаа бол “Me-Liko”-ийн бургерийг идээрэй гэж зөвлөмөөр байна. Шинэхэн газар хэрнээ үнийн хувьд  тун боломжийн. Зарим газраас бараг хоёр дахин бага үнэтэй юм байна.

Оролцогчдын санал, сэтгэгдэлээс уншигч та аль нь илүү амттай вэ гэдэгт дүгнэлт хийх гээд үзээрэй. Хэрвээ бүр шийдэж чадахгүй бол өөрөө идээд, туршиж үзэхийг санал болгож байна. Учир нь тэд яах аргагүй Улаанбаатарын хамгийн амттай бургерууд юм шүү.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
11 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
11 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
14 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
27
47
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.