Олон улсын хамгийн томоохон цахим сургалтын платформ болох "Coursera"-ын 11 жилийн туршлагатай багш нар цахим суралцагчдад зориулан "ODNCF" гэх таван алхамт аргыг боловсруулжээ.
1. "Orient" буюу "Баримжаалах"

Хичээлд хэрэгтэй материал, видео лекц, лекцийн үеэр дурдсан нэмэлт унших мэдээ нийтлэл бүгд бэлэн бөгөөд хуваарьтай учир хэчнээн цаг зарцуулж хийхээ төлөвлөж, баримжаатай болох хэрэгтэй. Хичээлийн өдөр, долоо хоног, сарын төлөвлөгөө боловсруулаарай.
2. "Declare" буюу "Зарлах"

Сурч байгаагаа хэн нэгэнд хэлэх, хамтрагчтай болох, сошиал хаяг дээрээ зарлах гэх мэтээр өөртөө болон бусдад сургалтаа дуусгах тухай амлалт өгвөл илүү урам зоригтой хичээллэх болно. Ихэнх суралцагч цахимаар сурахдаа бусадтай хамтардаггүй учир замын дундаас халширдаг байна.
3. "Network" буюу "Хуваалцах"

Ижил хичээл үзэж байгаа хүмүүстэй холбоо тогтоох, хичээлийнхээ тухай бусдад хэлж өгөх, тайлбарлах, сурсан зүйлээ хуваалцаарай. Бусдад сурсан зүйлсээ тайлбарлаж өгөхөд ой тогтоолт илүү сайжирч, илүү цэгцтэй мэдлэг хуримтлуулдаг аж.
4. "Cluster" буюу "Цуглах"

Болж өгвөл тэр хүмүүстэй уулзах, удирдагч багштайгаа и-мэйлээр харилцах, энэ хичээлийг үзсэн хүнээс зөвлөгөө авах гэхчлэн харилцаа холбоогоо улам нэмэгдүүлэх хэрэгтэй.
5. "Focus" буюу "Төвлөрөх"

Энэ бол хамгийн чухал үе шүү. Цахим хичээл хувь хүний л идэвх зүтгэлээс шалтгаалах тул өөрийгөө дайчлан цаг тухай бүрт нь хичээлээ үзэх хэрэгтэй. Нэг унших материалыг алгасаад үргэлжлүүлж болох ч шалгалтууд нь ихэвчлэн асуулт хариултаар явагддаг тул бүдэрч болзошгүй. Тиймээс төвлөрч, тухайн долоо хоногт өгсөн даалгаврыг нягт нямбай хийж, өөртөө үнэнч байгаарай. Өөрийгөө хүчилж бус цөөн цагт анхаарлаа дээд цэг хүртэл нь төвлөрүүлэн чанартай хичээллэх нь үр дүнтэй юм шүү.
Эх сурвалж: coursera.org