Хайх зүйлээ бичнэ үү

17 мин

Шинэцог-Гени | Хэн нэгэн байх хангалтгүй


Ярилцагч этгээдийн санаа бодол олигтой төвлөрч өгөхгүй өөр газарт одсон нь мэдрэгдээд байхад яриа үргэлжлүүлэх юуны сайн байх билээ. Сонсож байгаа, эсэх тодорхойгүй, ерөөс ярилцахыг зөвшөөрсөн нь эргэлзээ төрүүлсэн энэ хүний утасны сэрүүлэг дуугармагц соёлтой гэгч “Өнөөдөр манай Батчулуун багшийн төрсөн өдөрт зориулсан уулзалттай” гэж хэлээд филармони руу яваад өгөв... 

Удаахь өдрийн орой бэлтгэлийн цаг эхлэхээс өмнө тухтай ярилцах боломжтойгоо хэлсний нь дагуу дахин уулзахад сая нэг байдал арай дээрдлээ. “Бэлтгэлээс дутуу гараад ирэхээр хөгжмөөсөө хөндийрч чаддаггүй юм. Би нэг ийм сонин зуршилтай”. 

Зарим мэргэжлээр ажиллахад хангалтгүй, амьдрах хэрэгтэй болдгийн нэгийг Д.Шинэцог-Гени эзэмшжээ. Олон нийтийн дунд, огт өөр орчинд байхад тэгэхээс тэгэх гэсэн шиг толгойд сайхан санаа сэрхийтэл ороод ирвэл тогтоож үлдэхийн тулд хуураа хий төсөөлөөд гараа хөдөлгөн тоглож сургуулилан суух нь ч бий. Энэ нотыг ингээд тогловол, тэр нотыг тэгээд үзвэл гээд толгойдоо байнга ажлаа хийнэ. “Хөгжимчин хүний бэлтгэл зөвхөн танхимд биш, толгойд цаг ямагт үргэлжилж байдаг. Намайг хүмүүс бусдад анзааргагүй, амиа хичээсэн, эсвэл бүр жаахан “юмтай” ч гэж ойлгох гээд байдаг юм билээ. Хөгжимчин гэж ер ямар хүн юм бол доо. Нүдээ анихад нотнууд дэвтрээсээ үсрэн нүүрэнд ойртож ирээд томрон томорсоор чихний хажуугаар шунгинан өнгөрч харагддаг над шиг хүнийг хэлдэг байх”.

***

...Шалгалтын дүнг сонссон даруйдаа хүү уйлж гарав. Уг нь 11 настай тун товир, дориун эр. Тэвчих тухай бодох, нэр хичээх, ичиж зовох мэдрэмж огтхон ч төрсөнгүй. Яагаад гэвэл энэ хүртэл хэрдээ урт зам туулчихсан байв. Хөгжим бүжгийн коллежийн морин хуурын ангид таван сурагч элсүүлэх дөрвөн шатны шалгаруулалтад 500 шахам хүүхдээс 25-уул тунаж, мэргэжлийн багштай нэг сар бэлтгэл хийсний дараа 25-аас тавыг нь авах гэтэл хэнийг нь ч хасаж зүрхлэмгүй долоон хүүхэд яг тэнцүүхэн эгнэжээ. Хэцүү сонголтын өмнө ирсэн багш нар таван сурагчийн орон тоог нэгээр нэмж зургаа болгоод, гарцаагүй хэн нэгэнд нь өөр ангид орох санал тавихад хүрэв. Доржнямын Шинэцог-Гени хэмээх өвөрмөц нэртэй хүү шууд л эг маггүй уйлах нь тэр ээ. “Миний хүү битгий уйл, эвэр бүрээ гэж мушгирсан хөөрхөн хэлбэртэй ямар сайхан хөгжим гэж санана аа. Ялгаа байхгүй морин хуур шиг үндэсний л хөгжим. Чи ч ёстой нэг бүрээчин хүнд баймаар зузаан уруултай хүү байна даа” хэмээн соёлын гавьяат зүтгэлтэн Л.Самбалхүндэв гуай ангидаа урвуулахаар аргадах, ятгах хослуулан бөмбөгнөнө. “Үгүй, би морин хуурын ангид л орно” хэмээн өнөөх уйлсаар л.   

“Би... би... ёстой зүүдэлсэн. Том гоё тайзан дээр... зогс... зогсоод, хүмүүс бүгдээрээ над алга... алга ташаад...” гэж их уйлсны дараа мөддөө арилж өгдөггүй эхэр татаатай хоолойгоор хүү эвлүүлж ядан ярив. Түүний нулимсыг арчиж зогссон хуучрын ахмад багш Д.Бодьсүрэн шууд багш нарын өрөө рүү ороод явчихлаа. “За, энэ хүү морин хуурыг бүр зүүдэлдэг гэж байна даа. Хөгжимд ингэж их дурласан хүүхдээ авсан нь дээргүй юү?”. Ингэж хэлсэн нь нөлөөлсөн үү, Д.Шинэцог-Генийг морин хуурын ангид элсүүлжээ. 1997 оны хичээлийн шинэ жил эхлэхэд юун уйлах, жигтэйхэн инээд алдсан баяр хөөртэй хүн шинэ ангидаа маадгар суусан нь одоогоос 26 жилийн өмнөх дурсамж. 

Морин хуур тэврээд Дарь-Эхэд байх гэрээсээ өглөөд сургууль руугаа, оройд гэр рүүгээ автобусаар явдаг урт аян эхэллээ. “Хөгжимтэй хүүхэд зорчиж явахад хөгжмийг нь хүндэтгэн зай тавьдаг хүмүүс олон болвол сайн цаг иржээ гэж бодож болох юм шиг санагддаг юм. Дүүрэн хүнтэй автобус руу орохгүй гээд яах билээ, чихэлдээнд хуураа эвдүүлсэн тохиолдол над цөөнгүй бий. Нэг удаа би автобусанд гэнэтхэн хулгайд сэрдэгдээд, учрыг нь олох гэж намайг хулгайд сэрдсэн ах хүүг дагаад танихгүй газар буулаа. Тэгсэн тэр ах хуурыг минь авах юм болов. Би ч хуураа булаацалдаад үзэж тарсан. Ашгүй сайн санаат хүмүүс ирж, учрыг нь олоод өгч байгаа юм. Хуураа хамгаалж явна гэдэг хүүхэд байхад хамгийн хэцүү зүйл байж дээ”.

Сурагч Д.Шинэцог-Гени морин хууртаа тааруу биш ч гэлээ онцгойрч цойлсон юмгүй тав, зургадугаар ангиа дүүргээд долдугаар ангид дэвшив. Хөгжим бүжгийн коллежоос хэдхэн харайгаад хүрчихдэг Спортын төв ордонд бөхөөр хичээллэх боллоо. Хэрэв бөхийн багшийнхаа үгэнд орвол барилдаад баймаар ч юм шиг. Монголын морин хуурын өнөөдрийг хүртэлх нэгэн арваныг өнгөлөөд, үүнээс хойш мөн л өөрийнхөөрөө тодорхойлохоор гялалзаж авай Д.Шинэцог-Генид ч бас арван хэдтэйдээ чухам юунд тэмүүлж, автаж байгаагаа ялгаж салгахад эртэдсэн, хэн болох эрлийн үзүүрээс атган тавин алхсан үе байж. “Ангийн багш Ц.Амаржаргалтайгаа спортын ордны гадаа ямар азаар яг таарчихсан юм, намайг “чихдээд” буцааж билээ”.

Хүүгийн ангид хичээл ордоггүй ч морин хуурын мундаг багш хүн ээжтэй нь таараад “Хүүгийнхээ амьдралыг бод. Өгөгдөл, авьяасгүй ийм хүүхэд урлагт хол явдаггүй шүү дээ” гэв. Тэр орой ээж нь гэртээ ирээд ирээдүйд хэн болмоор байгаа тухайд нь нухацтай яриа өрнүүлэв. Шинэцог-Гени тэр багшийн үгэнд гомджээ. “Ээж ээ, би авьяасгүй биш!”. “Тийм шүү дээ, миний хүү чинь яалаа гэж авьяасгүй байдаг юм”. Ээж хүү хоёр тэврэлдэн нэг сайн уйлалдаж аваад, морин хуураа сонгов. 

“Хөшгөө хаа!”. Энэ үг түүнийг нээсэн юм. Гэртээ хуураа давтах гэхээр аавын шажигнуулан эргүүлэх сонины хуудсууд, эгчийн телевизээр үзэж буй кинонууд гээд ер юм бүхэнд сатаарч орхино. “Чи яагаад хөгжмөө давтахгүй байгаа юм?”. Хуучирч ээж нь түүнд “Хөшгөө хаа” хэмээхдээ оюун бодлоороо орчноос алсарч тасрахыг сургасан нь амтыг нь хараахан мэдрээгүй морин хуураа огт өөрөөр харах, шинээр дурлах хөшгийг үүрд нээж өгчээ. Ингэж бясалган давтах тусам хөг аялгууг эзэмшээд байгаа нь зөвхөн гарт бус, тархинд, зүрхэнд мэдрэгдэх болов. 

Хүү наймдугаар анги төгсөх улсын шалгалтаа өгөхөөр тайзнаа гарахад эхний эгнээнд Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, ардын жүжигчин Д.Лувсаншарав гуай унтаж байна уу гэлтэй доош тонгойн эвхрээд суучихсан, нүүр рүү нь ч харалгүй чих талбин чагнаж байхыг анзаарав. “Сандарсан гэж! Яаж давтсанаа, юу чаддагаа харуулахаар хэрэндээ хичээлээ. Онц авсан. Тэр мөчид сандарсан ч гэлээ сайн тоглосон өөрөөсөө, миний тоглохыг сонсож үнэлсэн урлагийн томчуудаас, ерөөс яг тэр тайз, бүрхсэн уур амьсгалаас тийм гэх аргагүй урам авсан. “Авьяасгүй хүүхэд урлагт хол явдаггүй” гэх тэр багшийн үг намайг шархлуулсан ч гэлээ хөдөлгөсөн байсан”.

Тэднийх хашаандаа хоёр давхар байшин барьж, Шинэцог-Гени зуныхаа амралтаар хоёрдугаар давхартаа морин хууртайгаа зусав. Гэрийнхэн хөдөө амрахаар явахад ч тэр дагасангүй. Өглөөнөөс эхэлсэн давтлага өдрийн хоолны үеэр нэг завсарлаад үргэлжилнэ. Тийн шөнө дундарч эрхгүй унтахаар хэвтэх хүртэл хуурдана. Тэр морин хуурын хувьд хэн нэгэн байхыг хүсэхээ больсон байлаа. Жинхэнэ гоц болохоор шатав. Есдүгээр анги, есдүгээр сарын 1-нд түүний тоглолтыг ангийнхан төдийгүй багш нар нь ч таньсангүй. “Энэ яачихсан юм бэ. Түүнд юу тохиолдох нь энэ вэ?!!”. 

БНАСАУ-ын Пхеньян хотноо дэлхийн 100 гаруй орны уран бүтээлчид оролцсон “Хаврын баяр-2004” бол түүний Хөгжим бүжгийн сургуулийн тайзнаас ур чадвараа олон улсын хэмжээнд сорьсон анхны уралдаан бөгөөд энэ аяллаас мөнгөн цом хүртэв. 2005 онд ОХУ-ын Буриад улсад зохиогдсон “Найдал” олон улсын хөгжимчдийн уралдааны тэргүүн байрын шагналтан болжээ. 

Арван хэдэн настай хэн нэгэн хүүхэд өдөр бүр тууштай давтсаар арван хэдэн жилийн дараа Шинэцог-Генийг яг давтах боломжтой болов уу? “Миний аав Л.Доржням жүжигчин, найруулагч хүн. Миний ээж Г.Ичинноров гэдсэндээ хөгжмөө наалдуулан тоглодог хуучирч хүн. Энэ хоёр хүн намайг бүрэлдэхээс өмнө эхлүүлж, гэдсэнд бойжих хугацаанд зурагдсан миний хувь тавилан олон давтагдахгүй байх”.

“2007 оны зургадугаар сарын 11 бол миний морин хуурч мэргэжлээр бакалаврын диплом хамгаалах шалгалтдаа 120 оноо авсан өдөр. Бас хожим гэргий минь болох охин руу анхны мессежээ илгээсэн насаараа дурсах өдөр юм”. Тэр өдөр Д.Шинэцог-Гени бүтэн жилийн турш зарим өдөр 11 цаг давтаж бэлдэж гартаа оруулсан таван бүтээл тоглосны дотор Төрийн шагналт Б.Мөнхболдын урьд өмнө үзэгчдийн хүртээл болж байгаагүй морин хуурын концертыг анх удаа дуурьсган өндөрлөхөд шүүж байсан профессорууд суудлаасаа босож, концертын дараа алга ташдаг шиг нижигнүүлэв. “Чамд 100 оноо өгөхөд дэндүү хайран” гээд шалгалтын комисс ХБК-ын түүхэнд анх удаа, магадгүй цор ганц удаа түүний дипломон дээр 120 оноо тавихаар шийдсэн байлаа. Залуу хуурч нисэх шахам явлаа. Гэнэт ам цангаснаа анзаарч сургуулийнхаа урд талын хүнсний 64-р дэлгүүрээс ус авахаар ортол... Өмнө нь хэдэнтээ тааралдсан ч дотно танилцах гэж оролдоогүй зүс мэдэх сайхан охинтой яг мөргөлдчихөв. Өөртөө итгэх итгэл оргилон дүүлсний зоригоороо шуудхан “Утсаа өгчих” гээд тавьчихлаа. Охин цааргалсангүй. Тэд өдгөө хоёр хүүхдийн эцэг эх болжээ. “Эхнэр маань морин хуурыг над шиг л мэдэрдэг. Хуурч байна гэдэг төрмөл авьяас, нөр хөдөлмөрийн тухай ойлголт гэж мэднэ. Бүр уусчихсан. Хөгжимд амьдралаа өгчихсөн над шиг хүнтэй ганцхан хайр дурлалаар ойлголцохгүй шүү дээ. Тэр хөгжим сонсоод яаж дуугаргаж байгааг мэргэжлийн хүн шиг ажиглана, нарийн харьцуулна. Тэгэхгүйгээр намайг ойлгохгүй, бид үргэлжлэхгүй байх ч магад”. 

Ардын жүжигчин, Төрийн шагналт Л.Мөрдоржийн нэрэмжит үндэсний хөгжимчдийн улсын анхдугаар уралдаан 2008 онд болж Монголын хамгийн, хамгийнуудын ур чадварыг сорих эх орны олимптой болов. Тэндээс тэргүүн дэд байрын эзэн болсон морин хуурч Д.Шинэцог-Генийн нэр их урлагт түгэн дэлгэрч, харах өнцөг, давах оргилын нэг болж эхэлсэн билээ. Энэ уралдаан хоёр дахь удаагаа 2012 онд зохиогдох тов яригдаж эхлэх нэг жилийн өмнөөс Д.Шинэцог-Генийн бэлтгэл эхлэв.  Эрдэнэт хотод сүүлийн шатны шалгаруулалт болж, тунасан хоёр хуурчийн хэнийг нь нэгдүгээрт нэрлэхээ шийдэж ядан шөнө дундлан хэлэлцэв. Ингээд Н.Жигжиддоржид тэргүүн байр, Д.Шинэцог-Генид дэд байр хүртээсэн юм. Тэр үед хэний ч санаанд ороогүй нэгэн явдал шийдвэр гарсан нь уралдааны удирдамжид зарлагдаагүй Гран При шагналыг Д.Шинэцогтод хүртээсэн явдал байлаа. Энэ уралдаан түүнээс хойш өдгөө 11 жил завсарлаад байгаа бөгөөд тэр цаг мөчөөс Монголын морин хуурын нэгэн арван дээр дурдсан хоёр эрхэм буюу Д.Шинэцог-Гени, Н.Жигжиддорж хэмээх залуусаар “овоглож” яваа билээ. “Жийгээ бид хоёрыг харьцуулах оролдлого үзэгч сонсогчдоос гарах нь зүйн хэрэг. Мэргэжлийн зохист харьцуулалт байхыг би огт муугаар хардаггүй. Морин хуурын хөгжилд ахиц гаргах үүрэг хариуцлага бидэнд байх учиртай. Жийгээгийн ур чадварыг би бүр 2006 онд консерваторын сурагч байхад нь олзуурхан “Домог” хамтлагтаа элсүүлж, Ц.Батчулуун багшид 2008 онд түүнийг сонсоод үзээч гэж ятгасан хүн нь юм шүү дээ. Хувь хүмүүсийнхээ хувьд бид биесээ хүндэтгэсэн сайхан харилцаатай. Харин өрсөлдөгч гэвэл, над ялан дийлж байвал зохилтой өөрөөс өөр том өрсөлдөгч байхгүй”. 

Түүний тоглодог “Домог” хамтлагийг Төрийн соёрхолт Д.Сосорбарам дэмжин уран бүтээлч залуусыг хөглөж байх 2013 онд Д.Шинэцог-Генийн амьдралд уран бүтээлчийн чансаагаа дэлхийн хэмжээнд сорьсон хоёр том үйл явдал шил даран тохиосон нь Монголын хөгжмийн түүхэнд алтан үсгээр бичигдэх бахдам амжилт билээ. Энэ бол Австри улсын Вена хотод болсон Ф.Шубертийн нэрэмжит олон улсын хөгжимчдийн уралдаанд Ш.Өлзийбаярын морин хуурын нэгдүгээр концертыг тоглож хүртсэн тэргүүн байр, Болгарын Нессебар хотноо зохиогдсон язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Гран При байлаа. Эдгээр уралдаанд түүний менежерээр ажилласан Монгол Урлаг агентлагийн захирал Б.Цацрал “Шинээ юун түрүүнд төрөлхийн авьяастай хөгжимчин. Ховор заяах авьяас. Түүнийгээ үргэлж хөгжүүлж, чулуугаар юм бол өнгөлж, зүлгэж байдаг уйгагүй хөдөлмөрч. Байнга шинэ юм хийж байдаг. Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын морин хуурт зориулсан концертуудыг гайхалтай тоглосон. Шинээ байгаа учраас л морин хуурт зориулсан тийм том зохиолуудыг бичсэн гэж бодогдоод байдаг юм. Хүний нэр их учир, бэлгэдэлтэй ажээ. Аав нь хүүдээ маш өвөрмөц Шинэцог-Гени гэдэг нэр бодож олсон нь хүүгийнхээ ирээдүйн амьдралыг зурж гэж санадаг. Үнэхээр мэргэжилдээ genius болж чадсан. Одоо “Уухай” хамтлагт ороод цоо шинэ стилиэр тоглож эхэлсэн шүү дээ. Өөрийгөө болчихлоо гэж сэтгэл ханадаггүй мэргэжлийн шунал нь энэ хүнийг хөгжимчнийх нь хувьд байнга хөглөж, хөгжүүлж иржээ. Энэ “шунал” асар том амбицыг бий болгодог. Авьяас, амбицын галт бөмбөлөг шиг л хүн” хэмээн өгүүллээ.

Өөрийгөө нэгдүгээр морин хуурч гэдэгт итгэдэг, ур чадвараа батлан харуулах их хүслээр Морин хуурын чуулга, “Домог” зэрэг алдартай хамтлагт зохих цагтаа, тоглох ёстой бүтээлээ дэглэж, хаанаас хаа хүрэхээ соригч туурвилчийн замналаар удаахь буухиадаа нэгдсэн нь өдгөө монгол рок урсгалын “Уухай хамтлаг” юм. Түүний эрэл хайгуул дэлхийн шилдэг хийлчид, хуурчдын техникийг судлахаас эхэлж, яавал морин хуурыг сонгодог хуурууд, хийлээс анхи ондоо, яг л монгол морин хуураар нь эгшиглүүлэн тоглох вэ гэдэг ур ухааныг бүтээхэд оршдог аж. “Айраг амтагдаж, адуу янцгааж, гүү унагалж, хүлэг тарлах мэт”, “Салхи исгэрүүлэн давхих Сүрэнхорын хээр нь хө самсаа шархируулан эрчилсээр саруул талыг бөмбөрдөнө хө” хэмээн хуурч өөрөө Б.Шарав агсаны морин хуур, симфони найрал хөгжимд зориулсан концертоо тоглоод бичсэн нь бий. “Энэ бол тал нутаг, уртын дуу, морин төвөргөөн, фа минор, хуурын татлага. Дөрөвц, тавц. Хоёр хуураар тоглох”.

“Одоогоос арван хэдэн жилийн өмнө Морин хуурын чуулгатайгаа Японд очиж тоглосны дараа японы хэвлэлд ревью нийтлэл гарсныг Батчулуун багш бидэнд дуулгасан юм. Монголчуудын хөгжмөөс монгол үнэр амт бус сонгодог сонслоо гэсэн утгатай зүйл бичсэнийг багш “Энэ бол магтаал биш” гэж хэлж билээ. Нээрэн бид уудам тал нутагтаа морин дэл дээр дарцаглан цагаас цагт улбаалж удамшсан эрч хүчээ морин хуураараа л сонордуулан зарлах ёстой шүү дээ. Би ингэж бодоод тухайн үедээ модон цартай хуураа сонирхсон хүнд худалдаж орхисонсон”. 

“Шинэцог маш их дотоод эрч хүчтэй хөгжимчин. Хөгжимдөж байхдаа байдгаараа хөлөрчихдөг нь тэгж их эрчим шатаадаг хэрэг шүү дээ. Монголын хуурчид дунд төрсөн цоо шинэ өнгө төрх гэж би түүнийг хэлнэ. Энэ цагт сайн хуурч олон байдаг ч өгөгдсөн хэмжээнд яг тулгаж тоглоцгоодог. Жишээ нь, Н.Жигжиддорж гэхэд өгөгдөл нь өөр. Түүний хуруу бол гайхамшиг. Морин хуурын аль ч үсрэлтийг ядах юмгүй гүйцэтгэнэ. Өө сэвгүй цэмцгэр, жинхэнэ сонгодог тоглооч бол Жийгээ. Харин Д.Шинэцог-Гени эвдэж, хөгжмийг өөрийнхөөрөө тамгалж харуулдаг өвөрмөц тоглооч юм” гэж хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр тодорхойлж байна. Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр 2010 оны “Гоо марал” наадмын үеэр Д.Шинэцог-Генитэй гар барин танилцжээ. Морин хуурын таван концерт бичсэнээс Д.Шинэцог-Генийн хуураас нэг, гуравдугаар концерт нь анх олны хүртээл болж эгшиглэсэн бол тун удахгүй болох “Морин хуур мину-3” тоглолтоороо мөн түүний цоо шинэ бүтээлийг амилуулахад бэлэн болжээ. “Шинэцог миний концертуудыг тоглохдоо хөгжмийн зохиолчоос түүнд өгч байгаа каденцыг 200 хувь давуулан зохиомжилдог”.

Каденц. Энэ бол Д.Шинэцогийн генийг харуулдаг гол зүйл. Өөрийнхөөрөө зохиомжилж, ур чадвараа гайхуулдаг гол хэрэгсэл. Түүнийг гоц болгож байдаг гол туршлага. Бэлтгэл хийхдээ уран сэтгэмжээрээ элдэвлэн хөрөөдөх агшин бүрээ тэр бичиж авдаг. Дараа нь давтдаг. Тэгж түүний гэх каденцууд бэлтгэлийн байранд өнгөрүүлдэг урт хугацаануудад төрөн гардаг. “Суут Б.Шарав гуайн 1992 онд бичсэн концертод каденц зохиомжилсноо өөрт нь танилцуулахаар 2016 онд гэрт нь очиж билээ. Нэлээд өөрчилсөндөө зүрх алдасхийн орж байгаа юм. Гэтэл Шарав гуай сонсоод “Чи юу хийчихэв ээ” гэдэг байгаа. Тэгээд араас нь “Яг болж, яг ингэх хэрэгтэй” гэхэд нь л нэг уужуу амьсгаа авсан даа. Шарав гуай алив чиний каденцыг гээд хурдхан шиг хуулаад үлдэж билээ”.

Д.Шинэцог-Гени хөгжимчин хүний сэтгэлгээ, техник, штрих, хурд, гарын ур шавхсан хөгжмийн зохиол өөрөө бичихийг ихэд хүссэн. Тийн бодсоор “Уран сэтгэмж” хэмээх цувралаа бичиж, өнгөрсөн Цагаан сараар анх удаа олны хүртээл болгожээ.

Виртүс академийг санаачлагч, сэтгүүлч Р.Оюунжаргал “Д.Шинэцог-Генийн тайзнаа тоглохыг харахад судсаар нь цус биш хөгжим гүйж байх шиг санагддаг юм. Энэ хүн орчлонгоос тасарчихаад өөрийг нь сонсож буй агшин, орчныг мэдэхтэй, үгүйтэй бидний дунд байгаа, үгүй нь мэдэгдэхгүйд алсрав гэлтэй онгодтой тоглодог хуурч. Тэр бусдын зохиосныг бус, харин өөрөөсөө хар аяндаа эгшиг аялгуу ургуулаад байгаа юм шиг тийм чөлөөтэй, зоргоороо, зөнгөөрөө тоглодог. Тэр чинь бие, сэтгэл, мэдрэхүйгээрээ хөгжим-хүн л дээ” гэлээ.

Д.Шинэцог-Гени дэлхийн 50 гаруй улсад тоглож, түүний дотор Америк, Итали, Австри гээд алдартай театр, филармонийн тайзнаа морин хуураа эгшиглүүлснээс 2016 онд болсон хоёр тоглолтыг онцлон ярьлаа. Эрхүүгийн филармонид Ш.Өлзийбаярын морин хуурын гуравдугаар концертын 17 минут үргэлжилдэг каденцыг тоглож байхдаа тэнд ирсэн хүмүүс огт амьсгалахгүй байх шиг санагдсан тул тэднийг мэдрэхийн тулд дундуур нь зориуд арван хэдэн секунд түр зогсож хэсэг чимээгүй болгон зохиомжлон тогложээ. “Анхаарлаа тэгж амьсгалахгүй байна уу гэж санагдтал “аймшигтай” төвлөрүүлсэн танхимыг би өмнө нь мэдэрч байгаагүй юм билээ”. Энэ концертын дараа үзэгчид бүгд босоод гурван минутын турш тасралтгүй алга ташсан байна. Мөн 2016 онд Япон улсын Токио хотод Японы эрхэмсэг хатан хаан Мичико Шода төгөлдөр хуур, Д.Шинэцог-Гени морин хуураар хоршин С.Сенсанс “Хун”, Ф.Шубертийн “Үдшийн серенада” бүтээлүүдийг тоглох завшаан тохиожээ. “Морин хуурыг би мэдэрлээ. Та төгс эгшиглүүллээ. Морин хуур, төгөлдөр хууртай ингэж хоршихыг төсөөлөөгүй байлаа. Бид хоёрын гар нийллээ, баярлалаа” хэмээгээд хатан хаан Мичико түүнтэй гар барьжээ. “Хатан хаан олон жил төгөлдөр хуур тоглосон учраас техник ур чадвар сайтай, яг л өөрөө тоглохыг санал болгосон дээрх бүтээлүүд шигээ намуун хүн юм билээ. Энэ тоглолтын үеэр танхимд бичлэг хийхийг хориглосон учраас зөвхөн дурсамж үлджээ”. 

Одоо түүний гарч үзэхийг хүсдэг тайз хаана болохыг асуухад “Над мөрөөдлийн тайз гэхээсээ морин хуурын концертуудаа хамтарч тоглохыг хүсдэг оркеструуд бий. Энэ бол Берлиний филармони, Лондоны рояль оркестр” гэв.

***

Гэрэл зургийг Г.Ананд

Нэг хана нь тэр чигээрээ толь болсон өрөөнд тэр бэлтгэлээ хийх аж. Толинд харж тоглодоггүй ч тоглож тоглож нэг харна. “Бэлтгэл тольгүй бол яагаад ч юм болж өгдөггүй. Сонин байна уу?”. Энэ өрөөнд морин хуур, сандал, нот, нотны тавиур байна. 

“Өглөө зургаад босож цайлаад фитнесстээ явна. Тараад эндээ ирж морин хуурын бэлтгэл сургуулилалтаа хийнэ. Өдрийн хоолны дараа цаг гаруй хажуулж бөх гэгч нойрсоод авна. Өдрийн унтлагыг Бээжинд хоёр жил ажиллахдаа хятадуудаас сурсан юм. Тэгээд бэлтгэлээ үргэлжлүүлнэ. Орой 22 цагт нойрсоно”. Мэргэжлийн морин хуурчийн гэхээсээ хөгжмийн сургуулийн сурагчдын цагийн хуваарь шиг ийм дэглэмээр тоглолтгүй бүх өдрөө Д.Шинэцог-Гени ажиллаж амьдардаг. Түүн рүү утас цохиход авахгүй нь олонтаа. Тэр хуурдаж байдаг. Шаардлагатай бол тэр өөрөө эргүүлж залгана. Түүнтэй найзлахад морин хуур, энэ бэлтгэлийн хуваарь, тоглолтуудын дараа л тавигдах тул амьдралд учирсан олон нөхөрт ойлгогдоогүй өнгөрсөн байх талтай. “Тэд өөрсдөө холддог. Би бэлтгэлээ хийх ёстой, хөгжимд үргэлж бэлэн байх ёстой”.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
3
2024.03.12
Будапештын тэмдэглэл
санал болгох
1
14 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
12
0
0
1
1
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2023.04.30 192.82.86.97

гэхдээ юм асууя, өдрийн хуваарийг нь хараад гэр бүлдээ хэр цаг зарцуулдаг юм бол доо гэж бодогдов

0 Хариулах


Aguu 2023.04.25 192.82.83.14

Aguu huurch daa

0 Хариулах