UBLife Logo
Newsfeed

Марк Мэнсон: Шилдэг нь байх гэж хичээлгүй "дундаж" гэдгээ хүлээн зөвшөөр

Г.Сүрэн
Г.Сүрэн
Марк Мэнсон: Шилдэг нь байх гэж хичээлгүй "дундаж" гэдгээ хүлээн зөвшөөр

Битгий хичээ! Аз жаргалыг хайхаа боль! Шилдэг нь байх хэрэггүй! 

"Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг", "Бүх зүйл новш" зэрэг номын зохиолч, блоггер Марк Мэнсоны "Дундаж байхаа хүлцэх нь" шилдэг эсээг хүргэж байна. 

"Дундаж байхаа хүлцэх нь"

Нэгэн залууг төсөөлцгөөе. Тэр дэлхийд зартай чинээлэг хөрөнгөтөн, технологийн гоц ухаантан, уран бүтээлч, тамирчин бөгөөд яг л Зевс шиг царайлаг. Спорт машин унаж, хэдэн га газар эзэмшиж, "тасархай" охидтой болзож, жил бүр “Оны шилдэг залуу”-аар тодроод л… Тэр хэн бэ? 

Тэр бол бидний сайн таних Бэтмэн шүү дээ. Кино, зохиолын дүр. Бодит амьдрал дээр байхгүй төгс нэгэн. Гэтэл бид бэтмэн зэрэг төгс дүрийг бодит хүн болгон авч үзэж, түүн шиг байхыг хичээцгээдэг. Эсвэл яг тийм төгс охин/залууг хайцгаадаг. Европт луу хөнөөж гүнжийг авардаг тухай, Эртний Грек, Ромд бурхадтай нүцгэн гараараа тулалдан ялалт байгуулдаг баатар эрсийн уран зөгнөлт түүх шиг л сонсогдож байгаа биз?

Бид өөрийгөө болон бусдыг төгс баатруудтай харьцуулж өөрсдийгөө сул дорой, дутуу мэт мэдэрдэг. 

Энэ дэлхий дээр 7.2 тэрбум хүн байна. Дөнгөж 1000 гаруй нь л дэлхий даяар нөлөөтэй хүмүүс. Үлдсэн 7,199,999,000 нь яах вэ? Биднийг нас барсны дараа дэлхий ертөнцөд тийм ч гавьтай өөрчлөлт гарахгүй л болов уу. Үүнийг л хүлээн зөвшөөрчих. “Илүүг бүтээ, илүүг ав” гэж орилцгоох энэ нийгэмд дундаж, бусдаас гоц ялгаагүй байх нь хувь дээр.

Бид өөрсдийн чадах чинээгээр аль болох сайн руу тэмүүлэх хэрэгтэй ч өөрийгөө энгийн хүн, зарим зүйлийг чадахгүй байх нь хэвийн зүйл гэдгийг хүлээн зөвшөөрч, дарамтаас ангижрах хэрэгтэй.

МУРУЙ БАЙХ НЬ.

Зарим хүмүүс академик боловсрол эзэмших ур чадвартай, зарим нь биеийн дасгал хөдөлгөөндөө авьяастай, урлагийн мэдрэмжтэй гээд л хүмүүс өөр хоорондоо адилгүй. Ур чадвар, авьяасыг хичээл зүтгэлээр бий болгох боломжтой ч ихэнх хүмүүс зарим ур чадварт үүрд дундаж байсаар дуусдаг. Графикт дүрсэлсэн муруй хэсэг тун цөөн байдаг гэсэн үг.

Та бүх зүйлийг төгс хийдэг байх албагүй.

БИД БҮГД ИХЭНХ ЗҮЙЛД ДУНДАЖ.

Хүн бүрийн дутагдал, давуу тал өөр ч ихэнх хүмүүс дундаж байдгаараа ижилхэн. Жишээ нь, та ангидаа математикаараа хамгийн шилдэг нь бол ангиасаа өөр хүрээлэлд хамгийн муу эсвэл дундаж нь ч байх боломжтой. Тэгэхээр шилдэг нь байхын тулд биш, хийж буй зүйлээсээ таашаал авахын тулд л хичээл зүтгэл гаргах хэрэгтэй.

Бэтмэн хэзээ ч бий болохгүй. Учир нь тэрбумтан баячууд хувийн амьдралаа золиослон байж хөрөнгөө хуримтлуулдаг, гарамгай тамирчид инженерийн гоц ухаантай байх бараг л боломжгүй. 

Хүн бүр нэг зүйлдээ илүү бол өөр нэг зүйлдээ дутуу л байдаг. - Марк Мэнсон 

Бид бүгд л дундаж, байдаг л нэг, энгийн хүмүүс бөгөөд хэн ч тийм онцгой биш. Үүнтэй эвлэр. Тиймээс хүн өөрийн дур хүсэлтэй зүйлээ л хийж, таашаах ёстой биш гэж үү? Баримлын шавраар наадаж, зураг зурсан хүн бүхэн Пикассо, эсвэл Да Винчи болчихдоггүй. Юм сараачиж, үг холбосон хэн бүхэн Толстой болохгүй.

Хэвлэл мэдээллээр олонхоос ялгаатай маш цөөн хувийг л “онцгой” болгон харуулдаг. Гэтэл бодит байдал дээр ихэнх нь адилхан энгийн л хүмүүс.Бусдаас ялгаатай, онцгой нэгэн болох, өөрийгөө онцгой мэтээр мэдрэх  хэн бүхэнд таатай мэдрэмж төрүүлдэг. Улс төрчид, манлайлагчид, нийгмийн зүтгэлтнүүд бүгд л “Та бол онцгой”,”Таныг хэн ч орлож чадахгүй” гэцгээдэг дээ? Тэгээд бусдаас ялгарахгүй бол нэг л дутуу, бүтэлгүйтсэн ч юм шиг санагдана... Олон хүн өөрийн дундаж хүн гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс айдаг. Учир нь тэгвэл өөрийгөө дайчлахаа больж, хэзээ ч өсөж дэвжихгүй гэж боддог. Гэвч энэ бодол нь өөрөө аюултай юм. Бусдаас ялгарахын тулд, өөр байхын тулд бүхэл бүтэн амьдралаа зориулна гэдэг ямар өрөвдөлтэй вэ? Амьдарч ч чадахгүй нь шүү дээ.

Үргэлж л танаас илүү ухаалаг, танаас илүү царайлаг, “илүү хүн” байсаар байх болно.

Тиймээс энэ хүлээснээс өөрийгөө чөлөөлөхийн тулд дундаж гэдгээ, “хамгийн хамгийн нэгэн” байх албагүй гэдгээ аль болох эрт ухаарцгаая. Энгийнийг хүлээн зөвшөөрснөөр энгийнээр хайрлаж, энгийнээр талархаж, энгийн зүйлсээс ч таашаал, ханамжийг мэдэрч, талархаж, хайрлаж, энгийн л нэг байшиндаа, энгийн л цайгаа уугаад суух нь жаргалтай амар тайван гэдгийг та ойлгох болно.

Эх сурвалж: markmanson.com

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
5
0
0
0
1
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.