Өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлж буй Азийн физикийн олимпиадад 27 багийн 240 орчим сурагч, 60 гаруй чиглүүлэгч багш оролцож байна. Тус олимпиад энэ сарын 30-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.
Тус тэмцээнд оролцох Монголын сурагчдыг Монгол Улсын Их Сургууль болон Грийн сургуулийн багш нар дасгалжуулж байна. Олимпиадыг зохион байгуулагч орон хоёр баг бүрдүүлэн оролцох боломжтой байдаг. Энэ зарчмын дагуу 16 сурагчийн бүрэлдэхүүнтэйгээр хоёр баг олимпиадад эх орноо төлөөлөн оролцож байна. Сурагчдын хамгийн бага нь 2007 онд төрсөн бол багийн бүрэлдэхүүнд хоёр эмэгтэй сурагч багтаж байна.
Азийн физикийн олимпиадыг зохион байгуулахын тулд онолын болон туршилтын бодлогыг Монгол улсын багш, эрдэмтэд бие даан зохиож, бодлого дадлагад нийцүүлсэн хэмжилтийн багаж, тоног төхөөрөмжийг захиалгаар хийлгэж, бэлэн болгоод байна. Энэ иж бүрэн лабораторийг олимпиадын дараа Ерөнхий боловсролын сургуулиудад хуваарилах аж.
Азийн физикийн олимпиадыг анх 2000 онд санаачилж, Индонез улсад зохион байгуулж байв. Өнөө жил уг олимпиад 23 дахь удаагаа болж буй юм.
