Хайх зүйлээ бичнэ үү

23 мин

Б.Батзаяа: Хөгжим уран зохиолтой хурьцаж байгаа нөхцөлд ор дэвсгэр нь философи байвал зүгээр санагдсан


“Лонхонд байсан шүлгүүд” номоороо тэрээр утга зохиолд жинхэнэ шуугианыг тарьсан юм. Номын дэлгүүрүүдээр дууссан зурвасхан хугацаанд үнэ нь лавтай хоёр дахин өссөнийг санаж байна. Яруу найргийн номын хувьд энэ бол асар том амжилт. Үүнээс өмнө “Баяртай гуниг минь”/2010/, “Догдлолууд” /2012/ гээд хоёр ч түүвэр гаргасан билээ. Өдгөө эдгээр номыг хайгаад ч олдохгүй, гагц түүний үнэнч уншигчдын номын тавиурт л бий. Хүүрнэл зохиолын төрлөөр анх “Намаг” нэртэй өгүүллэг бичсэн нь түүнд 2017 оны “Тагтаа” утга зохиолын шагналыг авчирсан. Түүнийг ямар нэг “галзуу” зүйл туурвина гэдэгт итгэж найддаг, шинэ номыг нь үргэлж хүлээдэг уншигчдын олонх залуу хүмүүс байдаг. 

Саяхан уншигчдын мэдэлд шилжүүлсэн цоо шинэхэн туужийн түүврийг нь хэвлэгдсэн даруйд авч уншлаа. Чингээд номынх нь сүүлчийн хуудсыг хаамагц төрсөн халуун мэдрэмж дээрээ “Тарган муур”-ын тухай зохиолчтой хөөрөлдөв. Зохиолч, яруу найрагч Б.Батзаяатай ярилцсаныг хүлээн авна уу.


-“Тарган муур” туужид орчин үеийн залуусын амьдралын хэв маягийг тун үнэмшилтэйгээр бичжээ. Ийн бичихдээ тэдний сэтгэл зүйн зөрчил рүү өнгийсөн нь олзуурхмаар. Ер нь та өөрийн хамгийн сайн мэдэх зүйлийг бичдэг үү, эсвэл номын гол дүрийн эмэгтэй шиг зүүдээ буулгахыг хичээгч, магад гол дүрийн эрэгтэй шиг хэтэрхий төсөөлөн бодож бичдэг үү?

-Харин ч нэг мэдээд байна гэсэн зүйлээ л бичих гэж хичээдэг. Гэхдээ юу гээч, номын гол дүрийн эмэгтэй нэр ч үгүй, маш олон эмэгтэйн нэрийг өөртөө тээсэн дүр. Манай нэг найзын хүү бүх нэрсийг нь тоолж үзсэн гэсэн. Маа зүүдээ буулгаж, ойлгож чадахгүй явсаар зохиол дуусдаг. Яг бидэнтэй ижилхэн. Гээд бодохоор хамгийн сайн мэддэг зүйлээ бид тийм ч сайн мэддэггүй юм шиг. Ийм ээдрээтэй, зөрчилтэй байгаа нь бичихэд илүү сонирхолтой санагддаг. Харин эрэгтэй дүрийн хувьд энэ цаг үед элбэг тохиолдох, манай нийгмийн ялгаруулдаг бохир, угаадас дүүрэн урсгалын эсрэг талд зогсож буй дүр. Ямагт азгүй, авралгүй гэдгээ мэдсэн хэрнээ л итгэж, найдаж, амьдарсаар байдгаараа бидэнтэй адилхан. Хэн нэгнийг давтахгүйн тулд уран зохиол дахь ийм цөхөрч гүйцсэн мэдрэмжийг хөгжмөөр илэрхийлбэл дөхөм байх гэж бодсон.

-Та нэгэнтээ “Эр хүний сэтгэлийг морин хийлтэй зүйрлэж болно” гэж байсан. “Тарган муур” номын гол дүрийн хийлч эмэгтэйг эр хүний сэтгэлийн биежсэн дүр гэж ойлгож болох уу?

-Ер нь хүний бодол гэж их барьцгүй, байнга өөрчлөгддөг зүйл шиг байна. Тэгээд ч тэр үү, өнөө үед урлаг ямар нэг ойлголтыг шууд тулгахаа байчихсан шиг. Шинэ санаа, шинэ өнгө төрх, шинэ дүрийг санал болгож байгаа хэрнээ энэ дүрийг би ингэж бодож бичсэн учир чи уншихдаа чухам тэгж ойлгох ёстой гэх зэргээр хандах нь тэнэг хэрэг. Тэгэхээр хүн бүр өөр өөрийнхөөрөө ойлгож хүлээж авах эрх чөлөөг нээлттэй үлдээсэн нь дээр байх. Магадгүй миний бодож бичсэнээс илүү дээр байдлаар хэн нэгэнд уншигдаж болно шүү дээ. Тэгэхээр миний хувьд зуун уншигчийн сэтгэлгээ, ухамсрыг нэг хүний бодлоос дээгүүр тавих байна.

-Номын үйл явдалд нэлэнхүйдээ утга үгүй амьдралаасаа утга учрыг эрж хайх, хүмүүсийн дунд ч ганцаардагч хүний тухай өгүүлэх юм. Тэрхүү хайж буй зүйл нь магадгүй хайр. Гэвч жинхэнээсээ олчихвол түүнээсээ ч удалгүй залхаж мэдэх шиг санагдсан. Хүн гэдэг үнэхээр бүхнээс амархан уйдаж залхдаг юм гэж үү?

-Би амархан уйдаж залхдаг. Би бол хүн. Тэгэхээр хүн амархан уйдаж залхдаг болж таарч байна, зөв үү? Бид одоо амьдарч яваа нийгэм, цаг үеэ бүрэн дүүрэн таньж, нээн илэрхийлж чадахгүй. Тэгэхээр цаг ямагт л ойлгомжгүй, утга учиргүй зүйлстэй хутгалдаж түүнийгээ ямар нэг байдлаар бусдад илэрхийлэх, тайлбарлах замаар өөртөө нээж яваа юм болов уу. Өөрийгөө ч гүйцэт ойлгох аргагүй болчихоод байна шүү дээ. Яг ч бас утга учиргүйгээс утга учир хайх биш, утга учиргүйг хүлээж авах, утга учиргүй гэдэгтэй нь эвлэрэх гэж оролдож тэр оролдлогуудаасаа залхаж, ядарч байгаа тийм л цаг үе байна.

Философи гэдэг тийм айхтар гүн гүнзгий зүйл биш, жирийн амьдрал дунд хүү маань ч философидож л байдаг. Хүн ном уншихгүй, хөгжим сонсохгүй нэг, хоёр өдөр байж чадна. Харин философийн ямар нэг асуулттай таарахгүй нэг хононо гэж байхгүй. Бид бусдыг хэтэрхий өндрөөр үнэлж өөрсдийгөө дорд үздэгт л асуудал байгаа юм. Тэд бодохоор философи болоод бид бодохоор бодлын хар алдаа болно гэж байхгүй л дээ.

-“Тарган муур” номын бичлэгийн хэлбэр Даниил Хармсыг санагдуулам. Мөн туурвил зүйн ухамсрын урсгалыг ашигласан байдал, бодит амьдрал, төсөөлөл хоёрын хоорондох шилжилтүүд зэрэг нь өөр хэд хэдэн алдарт зохиолчдын бичлэгийн хэв маягийг ч санагдуулж магад. “Тарган муур” туужийг бичихэд орчуулгын уран зохиол танд нөлөөлсөн үү?

-Орчуулгын уран зохиолын нөлөө байлгүй яахав. Европ хоолны ресторан нээж байгаа хүн толгойгоо тогшиж өдөржин сууж байгаад хоол зохиогоод байдаггүй шүү дээ. Сайн багш, жор хэрэгтэй. Үүнтэй л адил. “Бусдад мэдрүүлэхийг хүсэж байгаа зүйлээ өөрөө маш хүчтэй мэдэрсэн байх хэрэгтэй” гэж Паганини хэлсэн байдаг. Товчхондоо энэ үгээр хариулж болно. Харин зүүд, совин, төсөөлөл, далд ухамсар нь хүн гээч цоожтой авдарны өөрийгөө нээх гол түлхүүр нь болохыг XIX зуунд олж нээсэн. Энэ нь уран зохиолд маш том дэвшил, ухамсрын урсгал гээч цоо шинэ бичлэгийн хэв маягийг авч ирсэн. Хүнд ойлгогдохгүй, үнэмших эцэсгүй зүйлийг одоо бүр мэдрүүлж болохоор боллоо.

Аа харин Хармсын тухайд бол Оросын авангард хүнд “гар”. Би өглөө, өдөр, орой Хармсыг уншиж суусаар байгаад “Тарган муур”-ыг бичсэн гэж хэлж үнэхээр чадахгүй. Гэхдээ Хармс шиг бичих гэж оролдож өөртөө дадлага хийж байсан. Хармс шиг, Гоголь шиг, Хэссэ шиг, Памук шиг барилаар бичиж үзэх нь сонирхолтой дадлага, туршлага болдог. Гэхдээ яг өөрийн зүйлээ бичих гээд суухаар тэдгээр дадлага сургуулилалт тийм ч их хэрэг болоод байдаггүй. Тэгэхээр Хармсыг илэрхийлж чадаж байсан арга барил Заяаг илэрхийлэхэд учир дутагдалтай гэсэн үг. Тэгээд ч ахин нэг Хармс бидэнд хэрэггүй шүү дээ. Тэр хүний илэрхийлэх арга үнэхээр гаж, өөр. Гэтэл Чуковский, Маршак энэ тэр мань эрийг хүүхдийн уран зохиолын түүчээ гэж тодорхойлсон байгаа юм даа. Ямар нэг бүтээлийг ийм тийм гэж тодорхойлох чинь ийм аймаар зүйл байгаа юм.

-Уран зохиол гагц зохиомол зүйл бус ямар нэг байдлаар бодит амьдралын тусгал гэдэгтэй та хэр санал нийлэх вэ?

-Зуун хувь санал нийлнэ. Хүний гараар бичигдсэн бүх бичвэрт бодит амьдралын тусгал байгаа. Энэ бол баталгаатай зүйл. Тэр бүү хэл хиймэл оюун ухаанаар бичлээ ч гэсэн хүнд уншигдах учир цаадах чинь хүний амьдралыг тусгах хэрэгтэйгээ мэднэ.

-Шүлэг бичихээс хүүрнэл зохиол бичих нь зохиолчоос илүү дадал, сахилга батыг шаардах нь бий. Та харин өөртөө бичих дадлыг хэрхэн бий болгов?

-Ёстой шившигтэй нь надад одоо болтол ямар ч дадал алга. Тийм дадал суух найдвар ч тун бага байна. Үнэхээр дадал хэрэгтэй. Хэн ч маргахгүй. Засрахгүй “алкаш” Буковскийд хүртэл оройд багц шар айраг барьж ороод зохиолоо бичих дадал байсан байхад надад л байдаггүй шүү. Үнэнээ л хэлье. Гэхдээ хөөрхий шөнөөр нэг муу найдвар өвөрлөөд сууна аа. Бүтэхгүй юм билээ. Ер нь маньд бичих байтугай амьдралын дадал ч гэчихээр юм алга дөө.

ЗурагТайлбар



-“Тарган муур” туужид философийн асуултуудын тухайд эргэцүүлж, түүнд олон талын хариулт өгөхийг хичээх өгүүлэмж олонтоо тааралддаг. Та туужаа бичихдээ яагаад философийн асуулт, асуудлууд руу яваад орчихов оо?

-Философийг уран зохиолоос салгах боломжгүй. Миний хамгийн дуртай зохиолчид Камю, Сартр, Достоевский, Кундера гээд бүгд л философич, сэтгэгч гэж хэлж болохоор хүмүүс. Уг нь философи гэдэг тийм айхтар гүн гүнзгий зүйл биш, жирийн амьдрал дунд хүү маань ч философидож л байдаг. Хүн ном уншихгүй, хөгжим сонсохгүй нэг, хоёр өдөр байж чадна. Харин философийн ямар нэг асуулттай таарахгүй нэг хононо гэж байхгүй. Хөгжим жимсний чанамал, уран зохиол цөцгийн тос байлаа гэхэд талх нь философи гэх юм уу. Бид бусдыг хэтэрхий өндрөөр үнэлж өөрсдийгөө дорд үздэгт л асуудал байгаа юм. Тэд бодохоор философи болоод бид бодохоор бодлын хар алдаа болно гэж байхгүй л дээ. Философийн асуулт гээд байгаа чинь яг үнэндээ өдөр тутам учирч байдаг асуултууд шүү дээ. Уран зохиолын бүх шидээвэр, мастерпис бүтээлүүд тэр чигтээ тиймэрхүү л философийн энгийн санаан дээр тогтож байдаг.

-Ер нь та сонгодог философичдын ном, сургаалиудтай ямар байдлаар холбоотой байдаг вэ?

-Уран зохиол, бусад номоор дамжуулж. Гэхдээ би сонгодог, амьдралын философид тийм талтай биш. Левинас илүү санагддаг. Одоо цагт жорлондоо философийн номгүй айл гэж байхгүй байх аа даа. Хэрвээ байхгүй бол UBH төвийн 11 давхарт очоорой. Тэнд бараг бүгд байгаа. Өнөө үед философийн ном бол хамгийн уншууртай хувь хүний хөгжлийн ном мөн биз дээ? Гарүна, Психологи, Непко, Монсудар, Тагтаа гээд олон хэвлэлийн газар философийн сайн номууд гаргаж байгаад талархаж явдгаа хэлье.

Дандаа сайхан бодол санаагаа цуглуулж байгаад хүүхдүүддээ, ойр тойрныхондоо зориулж бичиж болно л доо. Гэхдээ хайран цаг биз дээ. Хүнд ичгэвтэр нууц байх тусам хэн нэгэнд хэлмээр санагдаад байж суухад хэцүү болдог биз дээ, энэ чинь. Тэр чинь л ярихад, уншихад хамгийн амттай зүйл биш үү? Тэрнээс миний хан уулаа магтаж, хатан Туулдаа сүсэлж, эцэг эхээ гайхан биширсэн тухай 176 нүүр юм унших гуниг биз дээ?

-Философийн ном бол хамгийн уншууртай хувь хүний хөгжлийн ном гэдэгтэй санал нийлнэ. Гэхдээ хүмүүс философийн номыг ойлгоход төвөгтэй, уйтгартай дандаа л хүнд сэдвийн тухай бичсэн байдаг гэж үзээд худалдаж авддаггүй шүү дээ. Энэ магад орчуулгатай нь холбоотой байдаг юм болов уу?

-Худлаа солиорцгоож байгаа юм. Дээр үеийн Оросын балиар бор номуудыг бодвол хамаагүй хөнгөн, орчуулга сайтай, улам ойлгомжтой, энгийн болчихоод байхад. Амьдрал нь тэр чигтээ хүнд сэдвийн цуглуулга болчихсон, захын сэдэв нь хонины гулууз шиг 20-25 кг татаж байхад тахианы гуя шиг юм уншиж яах гээд байдаг туучийнууд вэ. Орчуулга үнэхээр тааруу “Заратустра ингэж хэлэв” гэх мэт ном байна л даа. Гэхдээ хэл усгүй над шиг хүнд бол францаар юмуу, германаар уншсанаас хамаагүй дээр л байдаг юм. Дээр миний дурдсан хэвлэлийн газруудаас 40 гаруй философийн ном гаргасан. Хориодыг нь уншихад хоёр л тааруу орчуулга таарсны нэг нь Монголын Психотроникийн хүрээлэнгээс гаргасан Ницшегийн “Заратустра ингэж хэлэв” гэж ном.

-Та хүний тухай бичихдээ юуг чухалчлан онцолдог вэ?

-Мэдрэмжийг нь. Тэр хүнд ямар мэдрэмж төрж байгааг нь. Зарим зохиолчдын дүр нь үйтэнхуар дээлтэй, үнэгэн лоовууз малгайтай, үсэндээ даруулгатай байхад миний дүрүүд шалдан л тууж яваа. Гэхдээ юу мэдэрч яваа нь харагдана. Дээр нь хоёр хүний сэтгэхүй, мэдрэмжийг зэрэг уншиж болохоор бичих гэж хичээсэн. Аль аль дүрийг нь нэгдүгээр биеэс, бас хоёрдугаар биеэс уншиж болно.

-Хүн таагүй мэдрэмжээ олон хүнд нээхээс хулчийдаг шүү дээ. Харин танд тийм ичгүүр төрөөгүй юу?

-Таагүй мэдрэмжээ харин ч гаргаж, хөнгөлж, тааламжтай сайхан мэдрэмжээ хадгалж үлдэхгүй юм уу? Яахав дандаа сайхан бодол санаагаа цуглуулж байгаад хүүхдүүддээ, ойр тойрныхондоо зориулж бичиж болно л доо. Гэхдээ хайран цаг биз дээ. Хүнд ичгэвтэр нууц байх тусам хэн нэгэнд хэлмээр санагдаад байж суухад хэцүү болдог биз дээ, энэ чинь. Тэр чинь л ярихад, уншихад хамгийн амттай зүйл биш үү? Тэрнээс миний хан уулаа магтаж, хатан Туулдаа сүсэлж, эцэг эхээ гайхан биширсэн тухай 176 нүүр юм унших гуниг биз дээ?

-“Тарган муур” туужид хөгжимтэй холбоотой мэдрэмжүүдийн тухай хэд хэдэн байдлаар, хөгжим тоглох, эсвэл сонсох үеийн эрчмийн тухайд маш үнэмшилтэйгээр хүүрнэдэг. Энэ нь таны хөгжмөөс авдаг мэдрэмжээ үгээр илэрхийлэх гэсэн оролдлого уу?

-Оролдлого байсан. Гэхдээ хөгжмөөс мэдэрсэн мэдрэмжээ бүрэн гүйцэт буулгаж чадаагүй. Би боддог юм. Уран зохиол, хөгжим, уран зураг, баримал гээд урлагийн салбар бүхэн нэг зүйлээс эхтэй. Эцэг нэгтэй, эсвэл эх нэгтэй ч юм уу. Гэхдээ надад яаж харагддаг вэ гэхээр нэг гэрт төрж өсчихөөд бүгд тусдаа зам мөрөө хөөгөөд явчихсан Кармазовын хөвүүд шиг харагддаг. Тэгээд би хөгжим, уран зохиол хоёрыг нийлүүлэх гэж оролдсон юм. Хөгжим уран зохиолтой хурьцаж байгаа нөхцөлд ор дэвсгэр нь философи байвал зүгээр санагдсан.

-Мөн туужийн нэг онцлог нь зүйрлэл, егөөдсөн өгүүлэмжээр баялаг байдал. Үүнийг би зохиолчийн өөрийнх нь зан төлвийн тусгал гэж бодсон. Та үүнтэй санал нийлэх үү?

-Нийлнэ ээ.

-Таныхаар хүний амьдралын утга учир юу юм бол, таны зохиолын гол дүрүүд ч энэ асуултын хариуг эрж хайдаг шүү дээ?

-Харин юу юм бол доо. Хамтдаа хайцгаая. Одоохондоо гол утга учир нь хайхад л оршиж байна даа. Хүний амьдралын утга учир бол өсгий юм гээд хэлчихвэл, ер нь юу ч гэж хэлсэн ойгүй тэнэг сонсогдоно шүү дээ.

Хэд хэдэн хүнд уншуулах гэж өгсөн ч нэг нь ч сэтгэгдэл хэлэлгүй таг чиг болсон. Мэдрэл муутай хүн байна гэж бодсон байх. Галсансүх ах харин “Шуушаа” гэж хэлээд, хоёр ном болговол зүгээр шүү гэж захьсан. Тэгж тэгж эргэлзээ жаахан арилж явтал уран барималч Огюст Роден манайд ирээд магнай дээр минь үнсээд “Хэрэв чи уран бүтээлч болох гэж байгаа бол тухайн цаг үеийнхээ нийтлэг үзэл санаанд таашаагдахгүй байх вий гэж эмээлгүй, бодсон санаснаа хийдэг бай” гэж хэлдэг юм байна.

-Утга зохиол судлаач Ц.Буянзаяа “Зохиолчийн хэлний ижилсэл гээч юм манайд хэтэрхий нийтлэг байдаг. Энэ хортой” гэж шүүмжилсэн байдаг. Гэвч яруу сайхнаар илэрхийлэх гэсэн бидний нийтлэг ойлголтоос өөрөөр бичихэд зохиолчоос ямар нэг байдлаар эр зориг шаарддаг уу?

-Ядаж байхад академик зүйл нэг их сайн мэдэхгүй. Мэдэхгүй зүйлээ ярьмааргүй байна. Зориг, золиосын тухайд бол ер юуг ч хийсэн зориг, золиос хэрэгтэй шүү дээ. Зүгээр марк цуглуулахад хүртэл санаанд оромгүй зориг, цаг хугацаа, золиос шаардана гэж мэд. Ижилсэл гэдгийг ямар нэг зүйлд өөрийгөө хамаатуулах гэж ойлговол Буянзаяа ахтай санал нэг байна. Улс үндэстэн, хэл соёлын ижилслээс өөр зүйлийн тухай ярьсан шиг байна. Бусдаас өөр сэтгэж, бусдаас өөрөөр илэрхийлэхэд буруу зүйлгүй гэж бодож байна. “Тарган муур” үүний нэг жишээ болж чадна. Одоо цагт хэн ч ингэж бичихгүй. Гээд бодохоор би ч бас тэрхүү ижилслийг багасгах гэж хичээж яваа болж таарч байна. Бүгд л үдэш бүр, ядаж өнжөөд нэг хийхсэн гэж хичээж, хүсэж явдаг зүйлээ бичихгүй байгаа нь үнэн шүү дээ. Манай үеийнхэн тийм үлбийсэн байж болохгүй биз дээ хэхэ.

-Та сая “Бүгд л үдэш бүр, ядаж өнжөөд нэг хийхсэн гэж хичээж, хүсэж явдаг зүйлээ бичихгүй байгаа нь үнэн” гэлээ. Тэгвэл танай үеийнхний хүүрнэл зохиол яагаад ийм нам гүм байгаа юм бол?

-Тэр яахав сексийн тухай хэлсэн юм. Манай үеийнхэн намын даалгавараар бичдэг, бичээд л байдаг, юу ч хамаагүй бичдэг, тэр болгоноо үсэг мөрөөр нь цохуулж, үнэлүүлж цалин бодуулж аваад сууж байдаг, хар залуугаасаа хойш төрийн халамжаар амьдраад сурчихсан сэхээтнүүдээс өөр л дөө. Бид хэлэндээ өнгөр суутал хэн нэгнийг долоогоогүй, бид өөрсдийн мөнчгөрөөрөө амьдардаг. Хүүхэд байхаасаа л хэн нэгний тусламж дэмжлэггүй амьдарч сурсан. Бидэнд хэн ч туслаагүй. Гэхдээ байна аа, бид залуус дүү нартаа туслах гэдэг, бидний ах эгч нарын бидэнд өгөөгүй боломжийг хойчийн залуустаа гаргаж өгөх гэж хичээдэг байхгүй юу. Монголд уран зохиол, яруу найрагч яаж хөгжиж байгаа нь нүдэн дээр ил байгаа биз дээ? Энэ бүх ажилд чинь цаг зав зарцуулагдана. Энийг уншаач, ингэж бичээч, сэтгүүлд хэвлүүлэх үү, номоо гаргах юм уу? Үнэхээр нэг тос даасан, сүүн сэтгэлтэй байгаа биз дээ? Тэрнээс гадна одоо л амьдрал ахуй цэгцэрч, үр хүүхэд өсөөд жоохон зав зай гарч байна шүү дээ. Хоёр ажил хийж, гурван хүүхэд өсгөж, завсар зайгаар нь орчуулгын номууд хэвлэж, дээр нь өөрийнхөө юмыг хийх чинь бас тийм амархан юм биш шүү. Гэхдээ би үеийнхнээ нам гүм байна гэж хэлэхгүй.

-Танд “Тарган муур” номоо хэвлүүлэхийн өмнө ямар нэгэн эргэлзээ төрсөн үү?

-Мэдээж. Ийм зохиол бичих гэж байгаагаа хэлтэл хүмүүс “Галзуурч, солиорч байна уу, айн чи” гэцгээсэн. Хатантөмөр, Үлэмжтөгс хоёр л “Гоё гоё” гэсэн. Тэр хоёр бас тийм ч эрүүл хүмүүс биш учир би эргэлзсээр л байсан. Хэд хэдэн хүнд уншуулах гэж өгсөн ч нэг нь ч сэтгэгдэл хэлэлгүй таг чиг болсон. Мэдрэл муутай хүн байна гэж бодсон байх. Галсансүх ах харин “Шуушаа” гэж хэлээд, хоёр ном болговол зүгээр шүү гэж захьсан. Тэгж тэгж эргэлзээ жаахан арилж явтал уран барималч Огюст Роден манайд ирээд магнай дээр минь үнсээд “Хэрэв чи уран бүтээлч болох гэж байгаа бол тухайн цаг үеийнхээ нийтлэг үзэл санаанд таашаагдахгүй байх вий гэж эмээлгүй, бодсон санаснаа хийдэг бай” гэж хэлдэг юм байна. Тэгээд л эргэлзэхээ байсан даа.

-“Итгэл найдвар хамгийн сүүлд мөхдөг”. А.Дюмагийн энэ үгийг зохиолын гол дүрийн залуу хэд хэдэнтээ дурддаг. Энэ үг танд яагаад тийм ойр санагддаг юм бэ, ямар нэгэн дурсамжтай холбоотой юу?

-Энэ үгийг аав маань үе үе хэлдэг байсан юм. Одоо ч олигтой үг амнаас нь гарахаа байж. Надад ч бас дажгүй үнэн үг шиг санагддаг. Бүх зүйл сөнөлөө, ингээд дууслаа гэж бодох үед харин ч эхэлж байх нь олонтаа. Хүн төрөлхтний баяр баясал хүлээх, найдах гэсэн хоёрхон үгэн дээр л тогтож байдаг гээд л. Анх аавын л үг юм байх гэж боддог байсан чинь Дюмагийн үг байна лээ.

-“Сүүлийн үед зохиолыг хэр дуулиан шуугиан тарьснаар нь сонгож унших хандлагатай болчихсон ч юм шиг санагддаг. Гэвч зохиол бичих нь дуулиан шуугиантай явдал мөн юм уу” гэж П.Майнбаяр ах нэгэнтээ асууж билээ. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Энэ ёстой уншигчийн л шийдэх хэрэг болов уу. Би жишээ нь Сэрээтэр гэж залуу МУИС-ийг хэрхэн онц дүнтэй төгсөж байгаа тухай 400 нүүр зохиол хэзээ ч уншихгүй. Харин Гунгаадорж гэж өнчин өрөөсөн залуу “Хүүгээ хэзээ ч эцгийн хайраар дутаахгүй” гэж бодож явсаар эцэстээ эхнэр хүүхдээ хаяад сайдын хүргэн болж байгаа тухай тууж байвал унших сэдэл төрнө. Хэрэв Гунгаадорж энэ бүхний дараа өмд рүүгээ толгойгоо шургуулсан байдалтай 16 хонож байгаа тухай бол эргэлзэх юмгүй шууд худалдаж авна. Тэгэхээр уншигчийн л асуудал. Харин процессын хувьд Май ахын үнэн. Бичих байтугай унших нь ч дуулиан шуугиантай үйл хэрэг биш.

ЗурагТайлбар




-Та тууждаа таних мэдэх хүний дүр, араншингаас ямар нэг хувь хүртээсэн зүйл бий юу?

-Хэхэ. Чи л болоод мэдэхгүйдээ асууж байгаа байх даа. Тийм дүр байгаа байгаа.

-“Агуу зохиолчид бүгдээрээ гаргууд хууран мэхлэгчид байдаг. Зохиолчийн доторх шидтэний чанар нь давамгайлаад ирэхээр л гарамгай зохиолч төрдөг юм даа” гэж Набоков хэлсэн шүү дээ. Та хүүрнэл зохиол, шүлэг найраг бичихдээ хэв маяг, хэлбэр бүтэц, уран төсөөллийг хэр чухалчилдаг вэ?

-Хэцүү асуулт байна. Уран төсөөллийг бол чухалчилдаг. Гэхдээ шүлгийн санаа орж ирдэгтэй яг адил хэлбэрийн санаа, цохилго ритм, бүтэц зэрэг нь ар араасаа орж ирдэг. Тэрнээс яг ийм бүтэцтэй, ийм маягаар бичнэ гэж урьдаас төлөвлөж үзээгүй.

Гуч орчим насны, багадаа хулчгар аймхай байсных уу нам гүмхэн, дээд зэргийн бүрэг, зожиг. Аяны хоёр цүнхтэйнхээ нэгт нь арваад ном, хэдэн ноорог цаас чихсэн байх ба элдэв шошго энд тэндгүй наасан нь тэнүүлч нэгэн гэдгийг нь илтгэх мэт. Даанч дэндүү ганцаардмал, хувь заяагаа хүлээн зөвшөөрч бууж өгсөн янзтай ч овжин ухаан нь дайсагнасан, ухаалаг харц нь итгэх боломжгүй хүн шиг андуу мэдрэмж төрүүлнэ. Аливаа асуудалд хөндий, хүйтэн хандах нь ёжилж, дорд үзэн шүүмжилсэндээ биш, үүнээс ч илүү асуудал, айдас, зовлонг даван гарах чадвартайгаа мэддэгийнх болов уу.

-Таны хувьд зохиол бичнэ гэдэг хэр таашаалтай ажил байдаг вэ?

-Уран зохиол надад хөөрхөн, хайр хүрэм царай зүстэй мөртлөө аймар муухай ааштай; увайгүй, ёс зүйгүй байтлаа халуун, зөөлөн сэтгэлтэй; хаа сайгүй ууж согтуурч, уйлж хашгичиж явдаг ч гэлээ үе үе дотор зуртал, мартах аргагүй үнэн үг хэлдэг хүүхэн шиг санагддаг. Тийм хүүхэнтэй гэртээ, ажлынхаа өрөөнд, гудманд хамт байх таашаалтай байдаг уу гэж чи асуулаа. Таашаалгүй бол юу гэж л ноцолдоод байх вэ дээ. Ямар нэг битүү санаа хааяа надад төрдөг юм. Тэр тухайгаа хүнд яриад ойлгуулчихад амархан хэрнээ яг өөрийнхөө мэдэрсэн шиг мэдрүүлэх хэцүү. Тэгэхээр чи тэр хүний тархинд яг тийм санаа суулгаж, яг тэр мэдрэмжийг түүнд төрүүлэх гэж байна гэж бодъё. Тэгээд судална, янз бүрээр туршиж үзнэ, нэг үг нэмнэ, нэг өгүүлбэр хасна. Өөр цоо шинэ өгүүлбэр аваачиж тавина. Алхимичийн ажил шиг сонирхолтой. Орой бүр нэг тийм лабораториос толгой нь дэлбэ үсэрчихсэн нэг хүн гарч ирээд тамхи асааж зогсдог гээд бодохоор инээдтэй, гоё байгаа биз дээ?

-Ер нь зохиолч гэж ямар хүнийг хэлэх вэ, та яагаад зохиол бичих замыг сонгосон юм бэ?

-Хүнсний бүтээгдэхүүн ашиглаж хоол хийдэг хүнийг тогооч гэнэ. Үгүй үгүй. Хүн бүхэн хоол хийж чадах боловч хоолыг урлаг болгон бүтээх чадвар эзэмшсэн тэр хүнийг л тогооч гэнэ. Яг үүн шиг үг гээч зүйлийг хүн бүр амьдралдаа өдөр тутам ашиглах авч, ямар нэг зүйл бичицгээдэг боловч түүгээр өмнө нь байгаагүй цоо шинэ зүйлийг, анхлан урлан бий болгогчийг зохиолч гэнэ. Тэгэхээр бүгд бичиж чадна. Гэхдээ бүгд зохиолч болж чадахгүй. Унших дуртай болохоор л тиймэрхүү зүйл бичмээр болоод, оролдож үзмээр санагдсан байх. Нэг сайн зохиолч араасаа хэдэн сайн зохиолчийг, бас төчнөөн муу зохиолчийг төрүүлдэг шиг байна.

-Та зохиол бичсэнийхээ дараа ямар мэдрэмжтэй үлддэг вэ?

-Сүртэй олон зохиол бичсэн биш дээ, хөөрхий. Дур тавьсан шиг хоосон, тайван мэдрэмж төрөх юм билээ.

-Та өөрийн дотоод хүнийг дүрслэн өгүүлж болох уу?

-Гуч орчим насны, багадаа хулчгар аймхай байсных уу нам гүмхэн, дээд зэргийн бүрэг, зожиг. Аяны хоёр цүнхтэйнхээ нэгт нь арваад ном, хэдэн ноорог цаас чихсэн байх ба элдэв шошго энд тэндгүй наасан нь тэнүүлч нэгэн гэдгийг нь илтгэх мэт. Даанч дэндүү ганцаардмал, хувь заяагаа хүлээн зөвшөөрч бууж өгсөн янзтай ч овжин ухаан нь дайсагнасан, ухаалаг харц нь итгэх боломжгүй хүн шиг андуу мэдрэмж төрүүлнэ. Аливаа асуудалд хөндий, хүйтэн хандах нь ёжилж, дорд үзэн шүүмжилсэндээ биш, үүнээс ч илүү асуудал, айдас, зовлонг даван гарах чадвартайгаа мэддэгийнх болов уу. Өөр нэг цүнхэнд нь архи, тамхи, янз бүрийн өвдөлтүүдийг хийж амсрыг нь үйсээр бөглөсөн хуруу шилнүүд, нэрс, шившигт нууц, цөөн түүх бичээтэй хэдэн салбагар дэвтэр, тайвшруулах эм, Queen  хамтлагийн CD, халуун ус дүүргэсэн онгоц, халууны шил, нойрны эм, Ницшегийн зурагтай ил захидал байх ба цүнхнийх нь амсраас үргэлж олс цухуйж байх аж. Шарх, сорви нь эдгэх байтугай элэгдэж хуучирсан харагдана. Хуруудынх нь өндөг шарлаж, нүднийх нь доогуур хөх туяа татжээ. Хэзээ мөдгүй унаад өгөх нь үү гэмээр харагдах мөртлөө хамаг бие нь халуу дүүгэн хөлрөхийг үзвэл дэвжээнд гарахад бэлэн болж халаалт нь ханасан тамирчин шиг ажээ.

-“Лонхонд байсан шүлгүүд” номоо хэвлүүлснээс хойш чамгүй олон жил өнгөрчээ. Сүүлийн үед шинэ шүлэг хэр их бичиж байна вэ, яруу найргийн төрлөөрх дараагийн номоо хэзээ гаргах вэ?

-Чамгүй олон шүлэг бичсэн. Сүүлийн түүврээсээ хойш “Сэтгэцийн асуудлууд” нэртэй яруу найргийн түүвэр боож бэлдээд, редактороор нь Энбос сууж, одоо чухам хэвлэхэд бэлэн болчихсон байж байна. Гэхдээ хэвлэлийн зардал нь хайран санагдаад, өөрийнхөө номын оронд өөр ном хэвлэхээр төлөвлөсөн. Баруун солгойгүй ном хэвлээд байх зардал мөнгө нь ч алга. Нуугаад яах вэ, яруу найргийн ном хэвлэх хэцүү. Үнэнийг хэлэхэд миний хэдэн галзуу солиотой шүлгийг уншиж байснаас “Төмөр сар”, Буковскийг, Коллинсыг уншиг дээ гэж бодох юм. Зардал нь байдаг бол олон л ном хэвлэмээр байна. Зөв хүний үйлдэл нүднээс  далд ч зөв л байх ёстой гэж бодох юм.

ЗурагТайлбар



Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
23 цагийн өмнө
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
2
Уржигдар
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
3
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
2
16
0
0
0
1
1

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин 2023.08.04 66.181.185.187

Сайхан зоргоороо, өөрийнхөөрөө лгайч шүү

0 Хариулах


zulaa 2023.08.03 192.82.64.248

Goy dulaan hunbe? Ooriigoo dureer ilerhiilj baigaa ug ni yg onojee. Er hun iim nasandaa ooriigoo buren duuren mederdeg baihnee gj bodloo

0 Хариулах


Зочин 2023.05.26 103.9.90.130

Харизматай, хошин шогийн мэдрэмжтэй, өөртөө итгэх итгэлтэй, хэнд ч юу ч тайлбарладггүй гоё хүн байна. Ийм зохиолч бүтээлч олон байгаасай

0 Хариулах