Австрийн Вена хотноо сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Монголын эмэгтэй шигшээ баг өчигдөр Америк болон Канадын багуудтай хэсгийн сүүлийн тоглолтоо хийлээ.
Тэд дэлхийн хошой аварга Америктэй тун ойролцоо өрсөлдөж, 21:18-аар хожигдов. Эл тоглолтод О.Хулан найман оноо, Б.Ариунцэцэг таван оноо, М.Цэрэнлхам гурван оноо, Ө.Индра хоёр оноо авч жигд тоглолоо.
Харин Америкийн багаас Хейли ван Лит хэмээх 21 настай залуу авьяастан, тус тоглолтод 11 оноог авсан юм. Тэрээр 2019 онд Монголд болсон 19 хүртэлх насны ДАШТ-ий Үнэ цэнтэй тоглогчоор тодорч, багийнхаа хамтаар алтан медаль хүртэж байв. ФИБА түүнийг сүүлийн хоёр ДАШТ-ий өмнө онцлох тоглогчоор нэрлээд буй юм.
Мөн өнгөрсөн жилийн ДАШТ-ий мөнгөн медаль Канадууд нуруугаар томорхсон тоглолтоороо илүүрхэн 21:9-өөр манай багийг хожлоо.
Монголын шигшээ баг тэмцээний эхний өдөр Унгар, Чехийн багуудад хожигдсон билээ. Улмаар энэ удаагийн ДАШТ-ийг хэсгийн шатнаас өндөрлүүлж байна.
Монголын эрэгтэй шигшээ баг өнөөдөр 20:00 цагаас Швейцарьтай, 21:25 цагаас Японтой хэсгийн сүүлийн тоглолтоо хийнэ. Аль нэгийг нь хожиход л хасагдах шатанд шалгарах боломжтой.