Хайх зүйлээ бичнэ үү

мин

НҮҮДЭЛЧДИЙН УХААН: Эргэлзээ, эргэцүүллийн цуглуулга

"Нүүдэлчдийн ухаан" төслийн үзэсгэлэн XI.18-XII.10 хооронд Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд гарна.


 

"Гэрэг" сэтгүүлийн №16 дугаарын "Үзэсгэлэн" буланд гарсан нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна

Урлаг бидэнд хариулт өгч, гарцыг заахаас илүүтэй эргэлзээ, бодрол, эргэцүүллийг төрүүлдэг гэлцдэг. Байгаль дэлхий, хүн, соёл иргэншил, тэдгээрийн харилцан холбоо гэж чухам юуг хэлээд байна вэ, хүн төрөлхтөн байгаль орчинтойгоо “зүй бус” харьцаж байгаа нь үнэн хэрэгтээ байгалийн өөрийнх нь үр дагавар уу, уламжлал, шинэчлэл гэж юу вэ, уламжлалаа алдалгүйгээр хэрхэн цааш хөгжих вэ ... Урлаг сонирхогч, иргэдэд эдгээр шийдэх гарцгүй асуултыг тавьж, дахин тунгаан бодох сэдлийг төрүүлэхүйц бүтээл туурвих нь “Nomad Spirit” буюу “Нүүдэлчдийн ухаан” төслийн нэг гол зорилго.

“Энэ төслийн хүрээнд бид хамтран нэг бүтээл хийхээр шийдсэн. Нэг нь дуу чимээ цуглуулж байхад нөгөө нь хог хаягдлын хөдөлгөөнт дүрсийг авч байх жишээтэй. Харин Ридвег бид хоёр асуудал, асуултыг эрж хайхад гол анхаарлаа хандуулсан. Бид Монголын хөдөө, орон нутгаар хийсэн судалгаа, аяллынхаа турш маш олон дүрс, дуу бичлэг, гэрэл зураг цуглууллаа. Бид үзэгчид, хүлээн авагчдад хариулт өгөхгүй. Яагаад гэвэл бид хариултыг нь мэдэхгүй шүү дээ. Харин тэдэнд харж, сонсож, мэдэрсний үндсэнд дахин бодож тунгаах орон зай үлдээх болно” хэмээн Бразилийн уран бүтээлч Маурисио Диас ярилаа. 

Үйл хөдлөлийн урлагийн “Нүүдэлчдийн ухаан” төслийг Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран зохион байгуулж буй. Хүний үйлдэл, ухамсар сэтгэлгээнээс үүдэж байгаль орчинд нүүрлэж буй асуудлуудыг дэвшүүлэн гаргахаас гадна Монголын залуу уран бүтээлчид олон улсын туршлагатай уран бүтээлчидтэй хамтран бүтээл туурвих, үзэл санаагаа солилцох зорилготой энэхүү төсөлд “Dias & Riedweg” нэрээр алдаршсан Бразилийн уран бүтээлч Маурисио Диас, Швейцарийн уран бүтээлч Вольтер Ридвег нар 90 гаруй уран бүтээлчээс сонгогдон оролцож буй.

Төслийн уран бүтээлчид ямар чиглэлээр уран бүтээлээ хийдэг, ямар улс үндэстний иргэн гэдгээсээ үл хамааран нэгджээ. “Уран бүтээлчдийг үзэл санааны хувьд нэгтгэж байдаг зүйл бол байгаль дэлхий. Бид бүгд нэг гараг дээр амьдарч буй, байгалийн нэг хэсэг. Биднийг хэн нэгэн зүсэж, маажвал өвдөнө шүү дээ. Газар дэлхий ч тэр өвдөлтийг мэдэрч байгаа. Хүмүүс нийгэмшээд ирэхээрээ байгалиасаа холдчихдог” хэмээн Ц.Даваажаргал, Э.Энхзаяа нар ярьж байна. Диас, Ридвег нар ч “Нүүдэлчдийн ухаан” төслийн хүрээнд хийсэн бүтээлээ аль болох олон улсад дэлгэн үзүүлэхийг хүсэж байгаагаа хуваалцсан юм. “Энэ бүхэн зөвхөн Монголын асуудал биш. Энэ бол бид бүгдийн асуудал” гэлээ.

Уран бүтээлчид арав хоногийн турш монголын хөдөө тал нутгаар явж, уул уурхай, хүний буруутай үйлдлээс болж сүйдсэн газруудтай танилцаж, тэр зуураа олон асуудлын талаар ярилцаж, маргаан, мэтгэлцээн өрнүүлж байсан нь төслийг баяжуулсан хэмээн тэд ярьсан. Монголын уран бүтээлчдээс Ц.Даваажаргал, С.Ганзүг, Г.Мөнхболор, Э.Энхзаяа, Ж.Болортүвшин нар сонгогдон төсөлд оролцож байгаа юм. Тэд “Нүүдэлчдийн ухаан” төслийн эцсийн бүтээлүүдийг арваннэгдүгээр сард Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд олны хүртээл болгохоор бэлтгэж буй. Ямар нэг шийдлийг тулган, шийдвэр гаргахыг шаардах нь “Нүүдэлчдийн ухаан” төслийн зорилго биш. Харин асуудлыг эрж олоод үзэгчдийг эргэлзээ, эргэцүүлэлд хөтлөх юм

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
1 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
1 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
47
16
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.