ZANDIARY: “Magnolian”-ы хөгжмийн аялал


  |     2016-10-23 14:42   |     1748
  2016-10-23 14:42   |     1748

“Magnolian” хамтлагийнхан өнгөрсөн сарын 30-наас энэ сарын 3 хүртэл үргэлжилсэн “Зандари” фестивальд оролцоод иржээ. Аяллынх нь тэмдэглэлийг тус хамтлагийн гишүүн Б.Дөлгөөний бичсэнээр хүргэж байна. “Зандари” нь БНСУ-ын хамгийн том инди фестиваль юм.

IX/29

Инчооны нисэх онгоцны буудалд газардсан нь

Би Хондэй дүүрэгт болох “Зандари” наадамд оролцохоор өмнөх өдөр нь хамтлагийн хамтрагч, найз охин Энхжинтэйгээ Сөүлд ирэв. Хүмүүс надад Хондэй бол залуусын соёлын цөм болсон газар гэж ярьж байсан нь үнэн байлаа. Донжтой хувцасласан, хиппи төрхтэй залуус гудамжаар алхална. Байдаг л нэг пүрэв гараг. Гудамж дагасан олон мянган мухлагийн зарим бараа явган замыг “эзлээстэй”. Бүгдийг нь үзье гэвэл барагдахааргүй байлаа. Хоол бүхэн нь харваас амттай буфетийг хараад нэгэнт бүгдийг нь амсаж чадахгүйгээс хойш дуршлаа дараад хараагүй царайлаад өнгөрөх шиг.

Тоглолтоо эхлүүлэхээс өмнө гитараа тохируулах хэрэгтэй байсан учраас Нагвон гэдэг газарт очлоо. Тэр нь дан хөгжмийн зэмсэг худалдаалдаг гурван давхар аварга дэлгүүр байв. Гитар, зэмсгийн хорхойтнууд энд л ясаа тавихыг хүснэ байх.

Нагвонд

Гитарыг минь эмчлэх хүн хайж танхимуудаар жаал эргэлдсэний эцэст дөрвөн метр өндөр ханаа олон эгнээ акустик гитараар чимсэн булангийн жижигхэн дэлгүүрт орлоо. Дэлгүүрийг ажиллуулдаг шингэн үстэй намхан эр сувдан цагаан шүдээ яралзуулан нөхөрсгөөр инээмсэглэв. Хар брюкэн өмдөн дээрээ ханцуйгуй цамц өмссөн тэр эр үзмэн ягаан гэрийн шаахай углажээ. Дэлгүүр нь ч, өөрөө ч харваас эрэлт багатай бололтой, аажимдаа хурдсах алхаатай энэ эрийг хараад яагаад ч юм итгэл төрөв. Тэр итгэл минь хоёрхон өдрийн хойно алдарсан л даа. Гэхдээ ямартай ч тэр мөчид гитараа гарт нь бариулаад эргийг нь чангалж, товчлууруудыг цэвэрлэхийг нь харж зогслоо. Удсан ч үгүй. Гитар маань тоглоход бэлэн болов. Одоо өөрсдийгөө бэлдэх үлдэх шив.

IX/30

“Зандари” фестивалийн уран бүтээлчдийн лаунжид

Эхний уулзалт хоёр цагаас фестивалийн уран бүтээлчдийн лаунжид товлогдсон байв. Энгийн нэг кафе ганцхан хоногийн дотор хүн битүү шавсан газар болсон байлаа. Наадмын зохион байгуулагч, ажилтнууд уран бүтээлчдийн ачааг цагт нь авчруулахаар сандчин гүйлгэнэ. Бид инди хөгжимчдийг дэмждэг “DoIndie” сайтын Дуёнтой уулзлаа. Найрсаг тэр бүсгүйтэй бид хоёр мөдхөн л нөхөрлөв. Шинэхэн танил маань бидний тоглохыг сонсоод таалагдсанаа хэлж, маргааш нь Кангол дэлгүүрт тоглуулах эрх бичиж өглөө. Наадмын турш бидэнд тусламж хэрэгтэй болох бүрт бид түүнтэй холбогдож байсан юм.

Уран бүтээлчдийн лаунжаас бугуйвч, үнэгүй кофе аваад гарч яваа нь

Уран бүтээлчдийн лаунжийн сайхан нь үнэгүй ундаа. Ус, кофе, шар айрагнаас хэчнээн бол хэчнээнийг хүссэнээрээ авч болох байсанд нэг л итгэж чадахгүй байлаа. Согтууруулах ундаа уухад хэтэрхий эрт байсан болохоор Энхжин бид хоёр кофе хийж аваад “Зандари”-гийн хурлын танхимд очив. Сургуулийн өрөө гэмээр танхимд суусан хүмүүс бүгд л солонгосоор ярьж байсан тул бид удалгүй гарлаа. Фестивалийн орчмоор хэсвэл дээр биз. “Evans” нэртэй лаунж, Кангол дэлгүүрээр жаал хэсэв.

Хондэй “Зандари”-г зохион байгуулахад төгс тохирсон газар байв. Энэ хэсгийг урьд нь Жандари гэж нэрлэдэг байсан гэж сонссоноо санаж байна. Хөгжим, соёл, хүмүүс, энерги гээд ийм том фестивальд хэрэгтэй бүх зүйл тэнд анхнаасаа байжээ. Зүгээр л багахан зохион байгуулаад нэгэн зүрх болж цохилсон хэрэг.  

Нээлтийн үдэшлэг уран бүтээлчдийн лаунжийн чанх доор байх MUV Hall-д болов. Дуу шингээх зориулалттай тоосгон арзгар хана, өндөр таазтай танхимын дөрөвний нэгийг эзлэхүйц том тайз заалны төгсгөлд байлаа. Рок шоунд бол чухам тохирсон танхим санж. Хөшиг, хэрэггүй чимэглэлгүй. Сандал, ширээ гээд байх юм байхгүй. Тэсэн ядан хүлээх хүмүүсээс өөр тэнд харц булаах юм байсангүй.

Кольт Силверс нээлтийн үеэр тоглож буй нь

Нээлтэд үзэгчдийг байлдан дагуулах чадвартай уран бүтээлчдийг сонгосон нь илт байлаа. Францаас ирсэн Кольт Силверс “Local Natives”-ийн стилиэр бөмбөрийн ганцаарчилсан тасархай тоглолт толилуулав. (Бөмбөрийн солотой дуу бичих хэрэгтэй юм байна)

Гадаа танхимаас дутахгүй эрч хүч буцалж байлаа. Шар айраг барьсан залуус тамхилах зуураа танил болж, хамтлагууд ч хүмүүсийн анхаарлыг дорхноо татаж байв. Зарим хамтлаг үүндээ бусдаасаа илт гаргуун байлаа.  “Colonel Mustard”, “Dijon 5” хамтлагууд бүгд шар өнгийн футболкаар жигдэрчээ. Нийлээд бараг 20 хүнтэй хоёр хамтлагийнхан бөөгнөрсөн үзэгчдийн дундаар зүсэн орох нь хөлбөмбөгийн баг мэт. Нээлтийн тоглолт өндөрлөхөд тэднийг хүн бүр мэддэг болсон байлаа. Үүнийг ч хүссэн биз.

“Billy Carter”-ийн гишүүн охин хамтлагийнхаа нэртэй баахан асаагуур авч иржээ. Хүн болгон тамхи татаж байсан гэхээр бусадтай холбоо тогтоож, яриа эхлүүлэх тун ч сайхан арга тэр байв. Тэгэхэд өөрсдийгөө сайн сурталчлах хэрэгтэй юм байна гэдгийг яс ойлгосон. Би ЗХУ-ын нисэгч Юрий Гагарины зурагтай футболка өмссөн нь хүмүүс, тэр дундаа Зүүн Европын уран бүтээлчдийн нүдэнд өртөж буйг ажиглав. Гэхдээ хараад л өнгөрч байлаа. Яах вэ, өнөөдөр эхний өдөр нь л юм чинь бусад уран бүтээлчтэй уулзах цаг зөндөө байна.

X/1

“Зандари”-гийн гол зорилго нь инди хөгжмийн төлөөлөгч, уран бүтээлчдийг уулзуулах. Ийм ч болохоор өглөө бүр бүгд уран бүтээлчдийн лаунжид хоёр цаг нетворкинг хийх учиртай байлаа. Тэр цагаар хүссэн хүнтэйгээ танилцаж болно. Сонсоход хялбархан байж магад. Гэхдээ нетворкинг гэдэг бас л амаргүй эд шүү дээ. Бааранд охинтой танилцах гэж байгаа мэт эвгүй байлаа. Юу гэж очих вэ? Танилцахыг хүссэн хүн маань бусадтай яриад байвал яах вэ? гээд л. Хүмүүс яг энэтэй тэрэнтэй уулзана гэж зориуд очиж байв. Харин би аль болохоор олон уран бүтээлчтэй танилцахаар хичээлээ.

Зүүн гар талаас: “The Lemons”-ийн гитарчин Энхтулга, “Primavera Sound”-ийг үүсгэн байгуулагч Альберто Гихарро, “Playtime” фестиваль, “Hi-Fi Media Group”-ийг үүсгэн байгуулагч Нацагдорж, тэгээд би!

Тэр дунд янз бүрийн хүмүүс байлаа. Зарим нь шууд л харилцмаар сэтгэгдэл төрүүлж байсан бол зарим нь анхнаасаа л хөндий санагдаж байв. Би авчирсан дискнүүдээ танилцсан хүмүүстээ өгсөн. Сонсох, эсэхийг нь хэн мэдэх вэ. Фестивалийн үеэр ямар нэг гэрээ байгуулахгүйгээ мэдэж байсан болохоор онц хүлээлт ч байсангүй. Дуу бичлэгийн гэрээ байгуулах бол дараа нь болох байв. Харин одоо бол хүмүүстэй танилцах цаг.

Кангол. Эх сурвалж: instagram.com/zandarifesta

Канголын дэлгүүрт шоу үзэхээр цугласан олон. Эх сурвалж: instagram.com/joonhyungp

Артистуудтай харилцах цаг дуусаж байтал Үүдээ ирлээ. Гитарчин маань өөр нислэгээр ирсэн учраас уулзаж амжаагүй байсан юм. Бид тоглох газар луугаа очлоо. Канголын гурван давхар цэвэрхэн засалтай дэлгүүрийн үүдэнд байх террас нь тайзны үүрэг гүйцэтгэдэг аж. Бид хөгжмөө дуугаргаж шалгаад өдрийн хоолондоо орохоор явлаа. Эргээд иртэл дэлгүүрийн гадаад талбайд “амьдрал буцалж” байв. “Billy Carter” тоглож байна. Үзэгчдийн зарим нь сандал, шатан дээр сууж, бусад нь зогсож харагдлаа.

Канголын дэлгүүрт тоглох үеэр. Эх сурвалж: instagram.com/joonhyungp

“Billy Carter” ч өндөрлөж, бидний ээлж ирлээ. Үзэгчдийн тал нь одож, үнэнч, бидний дуунуудыг мэдэх хэд нь үлдэв. Бид ч тоглож бүгд сэтгэл хангалуун өндөрлөсөн. Үзэгчид гудамжны урсгалд уусан алга болохуйд нэг швед эмэгтэй дискнээс маань худалдаж аваад Солонгост ирэхээсээ ч өмнө дуунуудыг маань сонсож байсан гэлээ. Сонсоод баярласан гэж жигтэйхэн.

Кангол дэлгүүрийн малгайтай Энхжин

Канголд тоглосныхоо төлөө бид тэндээс таван юм сонгож авах эрхтэй гэж бүртгүүлэх үед хэлсэн юм. Дуртайяа сонгохоор очтол бүр 10 эд хэрэглэл авч болно гэдэг байгаа. Бид ч бөөн баяр. Зул сарын баяраар дэлгүүр хэсэж яваа хүүхдүүд шиг. Канголын малгай алдартай учраас нэгийг ч атугай олж авах хэрэгтэй. Ингээд Үүдээ бид хоёр тус бүр гурав, Энхжин дөрвөн юм авлаа. Дэлгүүрээс бас гутал үнэгүй бэлэглэв. Тэндээс гараад явахдаа өөрсдийгөө рок од мэтээр сэтгэж байв аа.

Бид хувцас хэрэглэлээ буудалдаа орхиод Нагвон орохоор явлаа. Үүдээ гитараа тохируулах хэрэгтэй байсан юм. Нөгөө ах дээр очтол миний урьд нь төлснөөс хоёр дахин ихийг Үүдээгээс нэхэв. Бид ч ярьж байгаад үнийг нь буулгаж, янзлах зуур нь дэлгүүр хэсэж явтал Үүдээгийнхтэй ижилхэн гитартай дэлгүүр таарлаа. Бид ч нэг их юм бодсонгүй, нөгөө дэлгүүртээ эргээд иртэл өнөөх маань гитарынх нь хөглөгчийг хэтэрхий чанга мушгичихсан байв. Юу хийж байгаагаа ойлгож байгаа шинжгүй болохоор нь мөнгөө төлөөд гутрангүй гэгч нь дэлгүүрээс гарлаа.

Тэгээд нөгөө дэлгүүрт очтол миний төлснөөс хавьгүй бага үнээр тохируулга хийж байв. Тохируулга хийхдээ харваас сайн аж. Бид төлбөрөө хийх гэтэл дэлгүүрийн эзэн намайг хуурсныг ойлгосон бололтой авахгүй гэв. Таагүй өдрийг маань сайхан дурсамжтай болгосонд нь талархаж дискээ бэлэглэлээ. Түүний үйлдэл төлүүлэлгүй өнгөрөөсөн хэсэг мөнгөнөөс хавьгүй үнэтэй зүйл байсан юм. Ийм л зүйлс хүн төрөлхтөнд итгэх итгэлийг сэргээдэг. Тэр дэлгүүрийн нэр Guitar Shinwoo Musical Instrument (신우악기).          

                      X/2                                                              

Тоглолтын өдөр бороо асгарч байлаа. Гэвч гудамж даган бөөгнөрсөн олон борооны цув, шүхэртэйгээ иржээ. Бид үнэгүй гэхэд үнэхээр амттай кофеноосоо авахаар уран бүтээлчдийн лаунж руу явлаа. Үнэгүй болохоор ч тийм амттай санагдсан байж магад.

Хоёрхон цаг үлдсэн учраас бид бэлтгэлээ базаах хэрэгтэй байлаа. Бид бэлэн байсан ч бүрэн итгэлтэй байхын тулд заавал шалгах хэрэгтэй байв. Ингээд буудалдаа очиж, бороон дусал цонх “балбах” чимээн дор зөөлнөөр тоглож үзлээ. Аяар, аядуу дуунуудаа аминчлан сонсоход таатай байдаг юм. Одоо бусадтай хуваалцахад бэлэн боллоо.

Бид “Evans Lounge”-д очиход “Swiimers” нэртэй солонгос хамтлагийн тоглолт дуусах дөхөж байв. Шүгейз өнгө аястай аялгуу нь өрөөний өнцөг булан бүрийг дүүргэх шиг. Улаан V гитартай дуучин нь педалиудынхаа тусламжтайгаар биднийхээс олон дахин чангаар дуугаргаж байв. Тэд тайзан дээр биеэ маш даруухан авч явж, сонирхол татахаар онцгой юм хийх гэж оролдсонгүй. Дуунууд нь хоорондоо их адилхан, нэг аялгуу болоод уусчих шиг санагдана. Энэ нь хамтлагууд хөгжмөө шалгаж чадаагүйтэй холбоотой бололтой. Уг нь хожмоо интернэтээс сонсож үзэхэд маш сайн хийгдсэн дуунууд байв.

Танхим угтаа 100 хүнийх боловч тоглолтын үеэр 15 хүн л байв. “Swiimers” ийм цөөн хүнд тийм том тоглолт тавьсан гэхээр итгэмээргүй ч юм шиг. Гэхдээ үүнтэй зэрэгцээд өөр 11 газарт хамтлаг тоглож байгаа гэхээр хүн цөөн байсан нь аргагүй биз.

Тоглолтын өмнөх селфи

Бидний ээлж ирлээ. Бага ачаатай аялах гээд бид педаль авчраагүй тул “Swiimer”-ийнхнээс педаль, хөглөгч гээд хэд хэдэн хэрэгслийг нь гуйв. Дуучин нь хэрэгслүүдээ алдчихсан юм уу хэмээн асуув. Ичмээр нь, бид мартаагүй, зүгээр л авчраагүй юм. Би даруухан сет тоглохыг илүүд үздэг. Гэвч энэ удаад арай л даруу загначихсан бололтой.

Тоглолт аажуу эхлэв. Дууны инженер зэмсгүүдийг тохируулж бид ч бэлэн болов. Хоёр дахь дуунаас эхлээд би хэмнэлдээ орж, өөртөө итгэх итгэл нэмэгдээд ирлээ. “The Beach Song” дуугаа тоглоход ямагт таатай байдаг. Хүмүүст ч таатай байгаа нь мэдрэгдэж байв. Найман дуутай сет гэхээр урт санагдавч тайзан дээр тоглож байхад бол харвасан сум шиг л өнгөрчихнө. Нэг л мэдэхэд сүүлийн дуугаа дуулах болчихов. Бид шоугаа Энхжингийн ганцаараа дуулдаг “Someday” дуугаар төгсгөлөө. Би ер нь энэ дуугаар төгсгөх дуртай. Түргэн хэмнэлтэй болохоор хүмүүс гялс сэргээд ирнэ. Ингээд өндөр сэтгэгдэл үлдэнэ гэж боддог юм.

Фэйсбүүк лайв бичлэгийн зургууд. Бичлэгийг эндээс: https://www.facebook.com/magnolianmusic/videos

“Hi-Fi”-ийн Нацагдорж ах “The Lemons”-ийн гитарчинтай “Зандари”-г үзэхээр ирсэн юм. Тэд тоглолтыг маань үзэж фэйсбүүк лайв хийв. Тоглолтын бичлэгээ үзэх нь юун дээр алдаж, оносноо харах боломж байдаг. Боксын тамирчин тулааны бичлэгээ үздэг шиг. (Тайзан дээр эвтэйхэн ярьж сурах хэрэгтэй юм байна)

Бид Монголоос CD-г маань авсан хүмүүст өгнө гэж жижиг шилтэй архи авчирсан юм. Нэг монгол оюутан, солонгос эр, хөгжим шүүмжлэгч дискийг маань авсан учраас монгол архитай болоод буцлаа. Ингээд хэдэн долоо хоног бэлдсэн шоу маань өндөрлөж, фестивалиа тайван үзэж болохоор болов.

Тоглолтынхоо үдэш Хьендэй гудамжаар зугаалж буй нь

Франц хөгжмийн шөнө энэ өдөр тохиосон. Поп-панк урсгалаар дуулдаг “Colors in the Street” нэртэй хамтлаг бүгдийг бүжиглүүлж дөнгөв. Үзэгчдийг байлдан дагуулах чадварыг нь шагширч хоцорсон доо. Дуунуудыг нь хэзээ ч сонсож байгаагүй атал хэзээний танил санагдана. Магадгүй төрүүлсэн сэтгэгдэл нь танил байсан байх. Нэг мэдсэн шөнө болж, бид сунаж унатлаа ядарсан байлаа. Тоглолтууд дуусах яагаа ч үгүй байсан ч бид буудалдаа хариад хүүхэд шиг нойрсов.

X/3

Фестивалийн сүүлчийн өдөр. Бид уран бүтээлчдийн сүүлчийн уулзалтад очлоо.

“Radio Days”лоунж. Эх сурвалж: instagram.com/010radiodays

“Radio Days”-д барьсан бидний бэлэг. Эх сурвалж: https://www.facebook.com/profile.php?id=100012730547782

Дараа нь бид хөгжмийн дэлгүүр олохоор анд гарав. Бид пянзнууд нь тавиурт багтахгүй болохоор газраар нэг өрчихсөн “Metavox” гэж дэлгүүрт орлоо. Худалдагч нь хөгжмийн хорхойтон гэхээсээ илүү номын санчийг санагдуулахаар хүн байв. Бид пянз худалдаж аваад явж байтал “Radio Days” нэртэй дэлгүүр таарлаа. Нээгдээд сар ч болоогүй пянзны тохилог кафе байв. “Metavox” шиг том цуглуулгагүй ч эзэн нь маш найрсаг хүн байлаа. Би Майлс Дэвисийн шинэ цомог авах гэтэл тэр хуучин сайн цомог олж өгье гээд хайсан ч олсонгүй. Чанарын хувьд угтаа адилхан ч үнэ нь арай хямд байдаг аж. Би шинэ пянзыг аваад цомгоо бэлэглэлээ.

Европт ази хамтлагуудыг гаргах арга замуудыг эрэлхийлэх хурал энэ өдөр болох байв. Олон улсын төлөөлөгчид байгаа гэхээр англиар нь явагдах нь гэж ойлгоод очлоо. Тэнд “Focus Wales”-ийн Энди Жонстой ярилцсан юм. Фестивалиудтай холбоотой туршлагаасаа тэрбээр хуваалцлаа. Ирсний хэрэг гарав.

Фестивалийн дараах үдэшлэг баярын уур амьсгалтай байлаа. Гуравхан өдрийн өмнө бие биеэ таньдаггүй байсан уран бүтээлчид дотноор ярьж хөөрнө. Сүүлчийн үнэгүй шар айргаа ууж, “Colonel Mustard”, “Dijon 5”-ийн тоглохыг сонсов. 

X/4

Хьендэйн танил болсон гудамжаа орхин харих цаг болов. Өглөөхөн Сөүлд байсан бид үдэш нь найзуудтайгаа оройн хоол идэж суулаа. Улаанбаатар маань хэвэндээ, харин бид их өөрчлөгдсөн мэт санагдана. Хүмүүс аяллын маань тухай асууж, би энэ тэмдэглэлийн 10 секундын богино хувилбарыг ярьж өгнө. Энэ тэмдэглэл ч миний “Зандари”-д мэдэрснээ илэрхийлэхэд хүрэлцэхгүй юм.



Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зөвхөн АНАГААХЫН оюутнуудын л ойлгох 21 зүйл

Хэзээ ч сурч дуусахгүй, мөддөө төгсөхгүй мэргэжил сонгосон гэдгээ ухаарах мөч...

  2017-08-23 17:59

Сурч, мэдсэн зүйлийнхээ 90%-ийг санах ШИНЖЛЭХ УХААНААР ШАЛГАРСАН арга

Яагаад бидний зарим нь маш бага хугацаанд өндөр амжилтанд хүрч, өөр бусад нь насаараа нэг л зүйлээ мөрөөдсөөр суудаг юм бол?

  2017-08-23 16:54

Парисын урлагийн ертөнцийг шуугиулсан 15 эмэгтэй уран бүтээлч

Урлагт өөрчлөлт, шинэчлэл авчирсан гайхалтай бүсгүйчүүд.

  2017-08-23 12:56