Хайх зүйлээ бичнэ үү

“440Hz” нэвтрүүлгийн Даавка гэдэг нэр хэрэв танд танил санагдаж байвал Та гитар сонирхогчдын нэг байх нь.

“440Hz” нэвтрүүлгийн Даавка гэдэг нэр хэрэв танд танил санагдаж байвал Та гитар сонирхогчдын нэг байх нь. “Channel-11” телевиз, “DGL” сургалтын төв болон youtube цахим хуудсаар дамжуулан бүх насныханд гитарын сургалт явуулж, Монголын гитар сонирхогч мянга мянган залуусын хөгжмийн боловсролд тодорхой хувь нэмэр оруулж байгаа П.Даваацэрэнтэй ярилцлаа. Гитар сурах гарын авлага, сургалт байтугай youtube цахим хуудас бий болоогүй үед өөрийнхөө хүсэлд хөтлөгдөн хэрхэн гитар хөгжим тоглож сурч, нэгэн охинд сүүлчийн удаа хэлсэн үг нь хэрхэн биеллээ олсон түүх Таны сонирхлыг татна гэдэгт итгэлтэй байна.

-Та гитар хөгжмийг олон хүмүүст зааж, сургаж байгаа шүү дээ. Харин өөрийн тань хувьд энэ гайхалтай хөгжмийг анх хэзээнээс сонирхож, сурахаар шийдсэн бэ?

-Энэ талаар ярьвал нэлээд урт түүх болно оо. 1990-ээд оноос 2000 он хүртэл гитар хөгжмийг бүх хүн мартсан байсан. Гитар тоглодог нь ч ховор, үүрээд явж байгаа хүн ч харагддаггүй болчихсон үе. Тийм л үед гитар тоглож сурсан. Би дунд сургуулийнхаа сагсны шигшээд холбогчоор тоглодог байлаа. Шигшээгийнхэн бүгд өндөр байсан л даа. Наймдугаар ангид ордог жилээ би сайн өсөөгүй болохоор биеийн тамирын багш намайг шигшээгээс “киклчихсэн” юм. Тэгэхэд “За угаасаа сагсаар хоол олж идэх биш” гэж бодож билээ. Тэр намар урлагийн үзлэгт орж,  “And one” үзүүлбэрийг бүжигтэй хослуулсан номер хийгээд шилдэгээр шалгарсан юм. Тухайн үед дуу хөгжмийн багш маань шалгарсан хүүхдүүдтэйгээ хамт байгууллагуудаар явж тоглолт хийдэг байлаа. Нэг удаа тоглолтоор явж байгаад гитартай хүүхэдтэй танилцаж, анх гитар гэдгийг гартаа барьж үзсэн. Их сонирхолтой санагдсан. Тэр үед шигшээгээс гарчихсан болохоор өөр хийх ч юмгүй байж. Сига, PC, Playstation гээд компьютер тоглоом байсан ч сонирхдоггүй байлаа. Гитартай болж, сурах юмсан гэж бодож явсаар нэгэн өвөл өнгөрсөн. 2003 онд лав гитарын сургалт, гарын авлага, интернэт ч байгаагүй. Интернэт мэр сэр байсан л байх гэхдээ ихэнх айлууд ашигладаггүй байсан үе. Ямар ч байсан youtube байгаагүй. 

-Тэгээд яаж гитар сурсан хэрэг вэ. Сурахын тулд нэлээд урт зам туулсан бололтой. 

-Манай сургуулийн нөгөө ангийн банди гитартай, гитараа муухан тоглодог байсан юм. Түүнээс гитарыг нь 70 мянган төгрөгөөр авсан. Тухайн үед 70 мянган төгрөгийн гитар гэдэг аймаар үнэтэй л дээ. Одоо бодоход “марзан” гитар байж. Надад мөнгө байх биш. Аав, ээжээрээ л авахуулна шүү дээ. Тэгээд ээж дээр очоод учраа хэлсэн чинь “Чи яаж тоглож сурах юм бэ” гэж байна. “Мэдэхгүй. Ямар ч байсан сурна” гэж хариулахад ээж яагаад ч юм зөвшөөрчихөж билээ. Ямар азаар зөвшөөрсөн юм бүү мэд. Одоо бодоход ч гайхдаг. Ээжээр юм авахуулна гэдэг хэцүү. Пүүз авахуулах гэж “насыг бардаг” байсан чинь гитар авахуулъя гэхэд уриалгахан зөвшөөрсөн. Тухайн үед гитар зардаг дэлгүүр ч байгаагүй. “Total” байсан ч гитар зардаггүй байсан юм. “Цэцэг” төвд 2003 онд анх гитар худалддаг лангуу нээгдэж байсан. Яг анхны бараагаа татаж байсаныг нь би сайн санадаг. За тэгээд анхны гитараа ээжээр авахуулаад сурах гэхээр зааж өгөх хүн байдаггүй. Тэгээд л хавар болж, хичээл тарсан. Тэр үед манай ангийн 2 банди гитар тоглодог, гэр нь 120 мянгатад, манайх үйлдвэр комбинатад байлаа. Нөгөө хоёроор гитар заалгахаар болж, нэгнийд нь өглөө 10, 11 цагийн үед очно. Нэг нь гитартай, нөгөөх нь гитаргүй байсан болохоор миний гитарыг аваад хоёулаа нийлээд үдээс хойш 4 цаг хүртэл тоглоод суучихна. Би хажууд нь  дэмий л харахаас цаашгүй. Цаг ч хурдан өнгөрнө. Орой болж, нар буунгуут нөгөө 2 гадаа сагс тоглоно. Би бас хараад л сууж байдаг. Нэг мэдэхэд оройны 8, 9 цаг болно. Гитараа үүрээд гэр лүүгээ буцдаг. Яг бүтэн сар тэгж явсан. 

-Сар яваад юу ч сураагүй гэж үү?

-Тийм ээ. Юу ч зааж өгөөгүй. Гэхдээ харсаар байгаад ганц хоёр аккорд сурсан л даа. Нэг удаа гитараа үүрээд явж байтал манай байрны Мөнхөө “Хүүш чи гитар тоглодог юм уу” гэхээр нь сурах гэж байгаагаа хэллээ. Мөнхөө бага сага “юм” мэднэ л гэж байна. Тэгээд нэг нэгэндээ заахаар болж, нөгөө л хоёр гурван юмаа давтаж өдөржин орцны гадаа суудаг болсон. Гитар хөгтэй, үгүйг ч мэдэхгүй. Азаар тэр үед манай хажууд барилга дээр ажиллаж байсан ах оройд тарахаараа бид хоёр дээр ирж, гитар тоглодог боллоо. Мань хүн гитар тоглоод, дуулаад сууна. Мөнхөө бид 2 ээлжээр аккордуудаа цээжлээд, ахыг явахаар нийлүүлээд ая тоглодог болсон. Сүүлдээ найзууд нь ахыг дагаж ирээд бөөнөөрөө дуулна, зүгээргүй ганц, хоёр шил юм уучихаад ирдэг байж. Гитар тоглоод, дуулах нь ч янзтай. Тэд нар 70, 80-аад оны жинхэнэ орцны гитарчид байсан л даа. Нөгөө ах “Дөлгөөн нуурын хөвөө” дууг “аймаар” гоё дуулна, гитарын утсаа татаад л, янзтай шүү дээ. Тэр дуунд нь би бүр дурлаж билээ. 

Нэг өдөр Мөнхөөтэй явж байтал бас нэг ах тааралдаад миний гитараар тоглосон чинь яг нөгөө “Дөлгөөн нуурын хөвөө”-г дуулаад, Мөнхөө бид 2 аккордоо цээжлээд өнгөрсөн. Тэгээд гэртээ оройны 9 цагийн үед ирж, нөгөө цээжилсэн аккордоо хоёр өдрийн турш унтаж, амралгүй давтсан. Нээрэн шүү, дундуур нь ганц, хоёр удаа хоол, унд идсэн байх. Цээжилсэн ганцхан зүйлээ яг энэ 48 цагийн хугацаанд давтаад л байсан. Бүтэн 2 өдрийн турш нэг зүйлийг давтана гэдэг хүнээс их тэвчээр шаардана л даа. Өөр юу ч хийгээгүй. Тэгэхэд л би гитар хөгжимд жинхэнэ утгаараа дурлаж, суръя гэж чин үнэнээсээ бодсон юм шиг байна лээ. Өмнө нь сонирхол төдий л явж. Намайг гитар хөгжимд дурлуулж, сурах хүсэл эрмэлзэл төрүүлсэн болохоор тэр дуунд их дуртай. Тэгж л анх аккорд сурч, гитарыг мэддэг болсон доо. Зуны гурван сар ч өнгөрсөн. 

-Бүтэлгүй өвөл, хавар, дараа нь нэг дуу давтсан зун өнгөрч. Намар сургуульд орохдоо гитараа сайн тоглодог болсон биз дээ? 

-Хүнд ер нь зөв хор шар хэрэгтэй гэж боддог. Бүтэн сар яваад юу ч зааж өгөөгүй болохоор ч тэгсэн үү, 120-д амьдардаг нөгөө хоёроосоо илүү болно доо гэж бодож, зунжингаа гитараа тоглож, давтсан. Намар хичээл эхлэхэд тэр хоёроос хамаагүй илүү болсон байсан. Тэгээд дахиад л өөртэйгөө харьцуулах эсвэл яг энэ хүн шиг тоглодог болчих юмсан гэхээр хүнтэй танилцаж, өөртөө түвшин тавьж эхэлдэг юм билээ. Жишээлбэл  би анх “Дөлгөөн нуурын хөвөө”-г тоглоод сурчихвал л боллоо гэж бодсон чинь дахиад өөр дууны ая тоглож сурахыг хүссэн. Ер нь хөгжим тоглож сурч байгаа хэн ч тэгж хүсдэг юм билээ. Угаасаа хүмүүс өөрсдийгөө хөгжүүлэхийг бодолгүй яах вэ. Тэр үед гар утас, фэйсбүүк байсан биш, дэмий шахам зүйлд сатаарах орчин нөхцөл азаар таарсангүй. Гитар сонирхдог, тоглодог хүмүүсээр танилын хүрээгээ тэлсэн. 2004 онд Нисэхэд амьдардаг найз маань гитар тоглодог найзуудтайгаа намайг танилцууллаа. Тэд нар “Шүүдрийн дусал” нэртэй хамтлагтай байсан юм. Тэгээд намайг хамтлагтаа аваад, анх удаа хамтлагтай болсон доо. Бид долуулаа. Арзайсан олон “юм”. Юу ч хийдэг байсан юм, сайн санадаггүй юм аа. Тэр жилээ нэг нь “Жаал хүү” нэртэй дуу зохиогоод, тэрийгээ 2-3 сар бэлдэж байгаад, “Анхны алхам” тоглолтод орж байсан. Анх гарч ирж байгаа рок хамтлагуудын тоглолт “Баянзүрх палас”-т болсон юм даг. Тэгж яваад “Огторгуй” хамтлагийн ах нартай танилцаж, тэд нараас их зүйл сурсан. За тэгээд л үйлдвэр комбинат, Нисэхийн хооронд өвөл зун, өдөр шөнөгүй гутлын улаа элэгдтэл алхсан даа. Хүн тэгж л аливаа зүйлийг сурдаг юм билээ.  

-Тэгвэл “Бэрд” хамтлаг “Шүүдрийн дусал” хамтлагаас гаралтай байх нь ээ?

-Тийм ээ. “Шүүдрийн дусал” хамтлагт маань хүмүүс, орж гарч солигдож явсаар хүнгүй шахам болж, би ангийнхаа нэг хүүхдэд гитар заагаад хамтлагтаа авсан. Сүүлд тэр найз маань бөмбөрчин болж, 2 хүний бүрэлдэхүүнтэй “Бэрд” хамтлагаа 2010 онд байгуулсан түүхтэй.  

-“Бэрд” 2 гишүүнтэй гэж үү. Клипийг нь үзэхэд дөрөв, тавуулаа байсан шүү дээ. Хамгийн сүүлд 2 жилийн өмнө “Нисванис” хамтлагийн “Эсрэг утгаар нь” дууг дуулж, клипжүүлсэн байсан. Одоо тарчихсан юм уу?

-Хамтлаг үндсэн 2 гишүүнтэй. Нэг нь би, нөгөөх нь багын найз Ээбэ буюу Элбэгзаяа маань хамтлагийн бөмбөрчин, дуучин. Бид “Play time” ч юм уу бусад тоглолтод орохоороо өөр хамтлагийн найзуудаа гуйдаг байсан болохоор хүмүүс олуулаа гэж бодсон байх. Ээбэгийн хамтлагаас гадуурх ажил нь дийлдэхгүй, дуу хөгжимдөө зарцуулах цаг завгүй болоод хамтлаг тарсан. Гэхдээ хамтлаг тарж, уран бүтээл зогссон болохоос бидний нөхөрлөл хэвээрээ.      
 
-Сонсоод байх нь ээ, Танд гитар тоглохоос өөр ямар нэг ажил, үүрэг гэрийнхэн чинь өгдөггүй байсан ч юм шиг. Та ч айлын бага эсвэл эрх дураараа ганц хүүхэд үү?

-Би айлын бага. Хоёр эгчтэй. Бага эгч надаас 15, том нь 17 насаар эгч. Айлын бага ч гэсэн эрх биш. Яагаад гэхээр би хэнз хүүхэд. Ээжийн 37-ны жил дээр төрсөн юм. Хүний 30, 40 нас ид карьерынх нь үе шүү дээ. Ээж намайг 3 сар хүртэл хөхүүлээд, ажилдаа орсон юм билээ. Найман сар хүрэхэд яслид оруулсан гэсэн. Ээж маань их хариуцлагатай ч ажилтай байж. Тухайн үед 18 аймгийн “Зам трейст”-ийн ерөнхий нягтлан бодогч. Тийм болохоор дандаа оройтож ирнэ. Харин аав ажлаасаа гараад намайг 3 нас хүртэл өсгөөд ажилдаа буцаж орсон гэж ярьдаг. Аав маань эмзүйч, барилгын инженер, монгол хэлний багш гэсэн 3 мэргэжилтэй. Бүх мэргэжлээрээ ажилласан даа. Ээжийг байхгүйд аав гэрийнхээ бүх ажлыг хийдэг байлаа. Хүүхдээ харна, хоолоо хийнэ, гэрээ цэвэрлэнэ гээд л муухан эмэгтэйгээс хавь илүү хүн дээ, миний аав. Намайг гурван нас хүрэхэд бага эгч оюутан болж, том эгч тусдаа гарчихсан байсан. Багадаа ихэвчлэн гэртээ цоожлуулаад үлддэг байлаа. Бүгд хичээл ном, ажил төрөлтэй байсан болохоор хэн намайг харж, эрхлүүлэх вэ дээ. Ер нь багаасаа бие дааж өссөн. Тэглээ гээд муудсан зүйл байхгүй ээ. Намайг 4 нас хүрэхэд аав дугуй унахыг зааж өгсөн юм. Нэг удаа дугуйтай шавхай туулж яваад өмдөө завааруулаад аавдаа суран бүсээр 3 удаа ороолгуулж байснаа сайн санадаг. Тэр үеэс оймсоо угааж сурч, 6-7 настайдаа өмд, цамцаа угаадаг болсон. Гэрийн ажил хийлгүй яах вэ.

-Та урлагийн чиглэлээр сурсан уу. Дунд сургуулиа төгсөөд ямар сургуульд орсон бэ? 

-Би Нийслэлийн тэргүүний 18 дугаар дунд сургуулийг 2005 онд төгссөн. Түүнээс хойш нэлээд хэдэн сургуульд сурч, олон мэргэжилтэй болсон. Миний амьдралын сонирхолтой түүх байдаг юм. Би 2 дугаар ангид байхдаа аавтайгаа гадуур явж байгаад нэг их том цагаан барилгын өмнүүр алхаж билээ. Гоё санагдаад ааваас “Энэ юу юм бэ” гэж асуухад “Урлагийн хүмүүсийн сурдаг сургууль” гэж хариулснаас хойш гэрийнхэндээ дандаа “Би урлагийн хүмүүсийн том цагаан сургуульд сурна” гэдэг болсон. Гэхдээ гэрийнхэн урлагийн хүмүүс биш болоод ч тэр үү дэмжээгүй. Гитараа хобби болго л гэдэг байсан. Сонирхолтой нь, би СУИС-д сурсан л даа. Төгсөж чадалгүй дундаас нь орхиод гадаад руу явчихсан болохоос биш. 

-Дахиад л дураараа загнаж дээ?

-СУИС-д орохын тулд нэлээд юм болсон. Намайг дунд сургуулиа төгсөх үед ЭЕШ авдаггүй байлаа. Сонгосон сургуульдаа шалгалт өгөөд, тэнцвэл ордог байсан үе. Манайхан намайг МУИС, ШУТИС-т бүртгүүлж, шалгуулахаар боллоо. Ямар ч байсан хуульч, эсвэл инженер болгоно гээд. Тэгээд нийгмийн хичээлээ бэлдээд МУИС-д шалгалт өгсөн. Тэр үед би нууцаар СУИС-ийн жүжигчний ангид бүртгүүлчихсэн байсан ч 2 сургуулийн шалгалтын цаг давхцаад, ядаж аавтай явсан болохоор яах ч аргагүй МУИС-д шалгалт өгсөн. Тэгэхэд 200 гаруй хүүхдээс шалгалт авч 60 хүүхдээр шугам татахад нь би 58-д жагссан. Маргааш нь гомдлын мөр гээд СУИС дээр очоод багш нарт нь учраа хэлээд “Ямар ч хамаагүй ангид нь шалгалт өгье” гэж гуйхад “Хөгжим тоглож чадах уу” гэлээ “Чадна” л гэлээ. Азаар концертмэйстрийн ангид шалгалт өгөхийг зөвшөөрсөн. Удирдаач болно гэсэн үг л дээ.  Тэгээд шалгалтаа өгчихөөд гараад гитараа толгож байхыг талийгаач жүжигчин Билгүүн ах хараад надаар хэдэн ая  тоглуулснаа “Чи хөөрхөн тоглодог пацаан байна, юм дуулгана аа” гэж хэлж байсныг нь тод санадаг юм. Тэр үед СУИС-ийг төгсөж байсан үе нь байх. За тэгээд хариугаа харахаар болов оо. 132 хүүхэд шалгалт өгсөнөөс 11-ийг нь тэнцүүлсэн. Би тэгсэн юу ч бэлдээгүй, санамсаргүй шалгуулсан хэрнээ 2-т, Хөгжим бүжгийн коллеж төгссөн хүүхэд нэгт жагссан. Хүүхдүүд аав, ээжтэйгээ хамт хариугаа хараад тэнцсэн нь орилж, чарлаад бөөн баяр. Тэгсэн би ганцаархнаа байсан болохоор орилж чаддаггүй ээ. Дотроо баярлаад л өнгөрсөн дөө. Гэртээ ирээд юу ч хэлээгүй. Таг нуусан. Ямар ч байсан 2 сургуульд тэнцчихсэн болохоор санаа зовох зүйлгүй зуны 3 сар амарч билээ. Намар гурван өдөр хичээлд суусныхаа дараа аав, ээждээ үнэнээ хэлсэн. 

-МУИС-д тэнцсэн хүүгээ СУИС-д орсныг мэдээд аав, ээж нь ёстой л орилж, чарласан байлгүй дээ. Нуусан болохоор мэдээж уурласан, тийм үү?

-Сургуулийн төлбөр нэхээд байсан болохоор нуух арга байгаагүй. Тэгээд ээж, аавдаа үнэнээ хэлэхэд уурлаж, загнаагүй ээ. “Алдаг хүүхэд юм аа. Чи өөрөө шийдээд, тэгж амжилттай шалгалт өгсөн бол бид нар яах билээ” л гэсэн. Бага эгч маань хүртэл баяр хүргэж, төгөлдөр хуураар шагнасан. Гэхдээ их сургуульд орсон ч гитараа хаяагүй. 2005, 2006 онд “Play time” гадаа талбайд болдоггүй “Баянзүрх палас”-т өвөл болдог байсан. Есдүгээр сард бүтэн хичээлдээ суугаад 10, 11 дүгээр сард хамтлагийн бэлтгэлээ хийгээд хичээлдээ суугаагүй. Хажуугаар нь ажил хийнэ. Ер нь би 14 наснаасаа ажил хийж эхэлсэн. Ресепшин хийж, “PC” тоглоомын газар ажиллуулдаг байлаа. Оюутан болоод хичээлдээ явна. Хамтлагийн бэлтгэл хийнэ. Шөнө болохоор “PC” тоглоомын газраа хариуцаж хононо. Тэгээд гэрийн бараа харахаа больсон чинь манайхан намайг замаа алдах нь гэж санаа зовоод гадагшаа явуулсан. Явахгүй байж болох л байсан л даа. Сайндаа ч явсан юм биш, тухайн үед  гитараа ч орхиё, Монголоос ч холдъё гэж бодоход нөлөөлсөн хүн байсантай холбоотой. 

-Эмэгтэй хүнээс болсон болов уу гэж таамаглаж байна.

-Тийм ээ. Эмэгтэй хүнээс л болсон. Оюутан байхдаа үерхэж байсан охин маань надаар гитар заалгадаг байлаа. Нөгөө охин ч гитараа сайн сурлаа. Миний хувьд гитар заах нэрийн дор уулзах нь чухал байсан байхгүй юу. Нэг өдөр утас нэгжгүй болоод ярьж чаддаггүй, гэрт нь шууд яваад очлоо. Ээж нь хаалгаа нээснээ “Охин сургалтандаа явсан” гэхээр нь гайхаад буцсан. Маргааш нь найз охинтойгоо уулзсан чинь “Би гитарын сургалтанд явж байгаа” гэсэн. Тэгэхэд яагаад ч юм дотор “пал” гээд сэтгэл гутрах ч шиг болж билээ. Угаасаа чаддаг бүхнээ сэтгэлээсээ зааж байхад юу ч хэлэлгүй сургалтанд суусан болохоор дургүй хүрсэн байх. Тухайн үедээ бөөн юм болоод, маргалдаад салсан. Би тэр охинд хамгийн сүүлд “Ер нь би чамд анх гитар зааж өгсөн биз дээ. Сургалтанд яваад сурсан юм шиг яриад байх юм. Өнөөдөр чи намайг голж болно. Ирээдүйд чи намайг зурагт ч юм уу байж болох бүх зүйлээр хараарай. Хүмүүс надаар гитар заалгахыг хүсдэг тийм л хүн болно” гэж хэлээд дахиж уулзаагүй. Ирээдүйд юу болохыг мэдэхгүй байж шууд тэгээд л хэлчихсэн. Хэлсэн үгээ ч мартдаггүй юм. Тэр үедээ л бөөн юм болсноос биш одоо бодоход шохоорхол байж. Тэр үеийн үерхэл ч гэж юу байх вэ дээ. 

-Тэгээд ямар мэргэжлээр, хаана сурсан бэ?

-Тэр явдлаас болоод хөгжмөө хаяна гэсэн зорилгоор Сингапур явсан. Гурван жил орчим гитар тоглохгүйг хичээсэн ч хааяа ямар нэг байдлаар тоглох шаардлага гарна. Өрөөний залуу маань бас л гитар тоглодог байж таарсан. Энд ирэхийнхээ өмнө тэнд гитарын цагийн сургалтанд суусан юм. Их үнэтэй. Ганц хоёр удаа суугаад олигтой ч юм сураагүй. Тэгээд л гитар тоглох хүсэл минь “сэдэрсэн” дээ. Хүн дуртай зүйлээ хэзээ ч хаяж чаддаггүй юм билээ. Би тэнд Лондонд төвтэй Сингапурын Менежментийн их сургуульд зочид буудлын менежментээр 3 жил сураад коллежийн дипломтой төгссөн. Үргэлжлүүлж сурахаар болоод төв сургуульд элсэх шалгалт өгч, тэнцсэн. Тэгээд Монголдоо ирээд Англи руу явах болоход тухайн үед энд доллар олдоогүй. Сонин түүх байгаа биз. Яг 2009 оны 11 дүгээр сард бүх банкинд 2-3 долоо хоног ямар ч доллар байгаагүй юм аа. Тэгээд Англи явах маань талаар өнгөрсөн. Явж чадаагүй ч энд ирмэгцээ “Crystal city” байгууллагад зохион байгуулагчаар ажилд ороод удалгүй тушаал дэвшиж, менежер болоод жил орчим ажилласан. 2010 оны намар “Орхон” их сургуулийн англи хэлний багш, орчуулагчийн ангид орж, 2014 онд төгссөн. Их сургуулиа төгссөн жилдээ Удирдлагын академид элсээд 2 жил сурч, магистрын зэргээ энэ хавар хамгааллаа.

-Энэ их ажлын хажуугаар “440Hz” нэвтрүүлгээ цацаж эхэлжээ. Та өөрөө санаачилсан уу, хэн нэгэн санал тавьсан уу?

-Менежерээр жил орчим ажиллахад нэг л биш ээ. Уг нь хийж болохоор байсан ч ажилдаа сэтгэл ханамжгүй байсан. Тэр үед манай нэг найз телевизийн хүүхдийн нэвтрүүлгээр гитар заах санал тавихад нь эхлээд татгалзсан. Долоо хоногийн турш гуйгаад байхаар нь зөвшөөрөөд анхны гитарын хичээлээ 2010 онд NTV телевизийн “Beatle music” нэвтрүүлгээр заасан юм. Жүжигчин болох хүсэлтэй байсан болоод ч тэр үү, анхны дугаараас эхлээд л эвтэйхэн хөтлөөд, ямар ч сандралгүй гитараа заасан. Жил орчим заасны дараа “NTV” телевизийнхэн тусдаа бие даасан нэвтрүүлэг хийх санал тавьсан. Тэгээд 2011-2014 он хүртэл “440Hz” нэвтрүүлгийн season-1 хийгдсэн түүхтэй. Нийт 130 гаруй дугаараас HD форматтай 50 орчим дугаар бий. Тэдгээр дугааруудаа youtube-д оруулсан. Харин “440Hz” нэвтрүүлгийнхээ season-2-оо “Channel-11” телевизээр энэ жилээс зааж байгаа. Агуулгын хувьд өмнөхөөсөө илүү сайжирсан. Өмнө нь 4 жилийн турш заасан болохоор алдаа оноогоо нэлээд дүгнэсэн. Одоо алдаагаа давтахгүйгээр, хүмүүст илүү ойлгомжтой байдлаар нэвтрүүлгээ бэлдэж байна. Долоо хоногт 1 шинэ дугаар гарч байгаа. Анх “Дөлгөөн нуурын хөвөө”-г тоглож сурсаны дараа “Захиа” дууны барилтуудыг нь хайж, хүмүүсээс асууж байж жилийн хугацаанд бүрэн сурч байсан. Гэтэл одоо энэ дууны аяыг хэрхэн тоглохыг “440Hz” нэврүүлгээрээ 40 минутад л зааж байна даа. Гитар сурах хүсэлтэй хүмүүст одоо бүх зүйл нээлттэй болжээ. 

-Сургалтын төвөө хэзээ нээсэн бэ. Энэ хугацаанд нийт хэчнээн хүнд гитар хөгжим тоглохыг заав?

-2010 онд нээсэн. “Beatle music” нэвтрүүлэг цацагдсанаас хойш хүмүүс тасралтгүй холбогдож эхэлсэн. Эхний ээлжинд нэвтрүүлэг үздэг хүмүүст зориулж, уулзалт зохион байгуулсан ч яваандаа ачааллаа даахаа болиод “DGL” сургалтын төвөө нээсэн юм. Тухайн үед ямар ч туршлагагүй, заах арга барилаа олоогүй байсан болохоор хүмүүст санасандаа хүртэл зааж чадаагүйдээ одоо болтол харамсдаг. Хэрвээ тэр үед сурч байсан хүмүүсээс одоо зориод ирвэл чадах бүхий л зүйлээ үнэгүй зааж өгнө. Нийт 3200 гаруй хүний анкет байдаг юм. Зарим нь бүртгүүлээд суугаагүй хүмүүс ч байгаа л даа.

-Танд ер нь завсарлах, амрах үе гэж байдаг уу?
 
-Өнгөрсөн хугацаанд ер нь амраагүй. Надад амарна гэсэн ойлголт бараг байдаггүй. Ажил, сургууль гээд л. Ер нь насаараа сурлаа. Нэг мэдэхэд л өдөр өнгөрчихдөг. Миний хувьд 1 хоног 30 цагтай байсан бол бүх зүйл яг гоё таарна. 

-Гарын хэчнээн шавь бэлдсэн бэ. Гитараа мундаг сурсан шавь байгаа байх?

-Олон бий дээ. Надтай хамгийн ойр, байнгын холбоотой байдаг нь “Good boys”, “D&D”, охидын “Edelweiss” гээд хамтлаг байна. 

-Завгүй хүмүүсийн амьдрал заавал уйтгартай байх албагүй шүү дээ. Найз нөхөдтэйгөө уулзаж, наргиж цэнгэх цаг зав гаргадаг биз дээ?   

-Найз нөхөдтэйгөө уулзаж, цэвэр агаарт гарах, “paintball” тоглох, ууланд авирах үе байлгүй яах вэ. Харин наргиж, цэнгэх, уух асуудал байдаггүй. Яг үнэндээ би архи, пиво байтугай айраг ч уудаггүй. 

-Айраг ч уудаггүй гэж үү. Яагаад?

-Би Үйлдвэр комбинатад өссөн шүү дээ. Ер нь чанга газар л даа. Атаман ч ихтэй. Ахгүй болохоор өөрийнхөө амийг л авч явна. Хүмүүсийн пүүз байтугай өмссөн бүх хувцасыг тайлуулаад авдаг байсан үе. Тийм болохоор хүнд дээрэлхүүлэхгүйн тулд зодолдож сурна, ууж сурна гээд их юм болно оо. Нуулгүй хэлэхэд дунд ангидаа архи уусан. Тэгж байж “лаг” болно гэж боддог байж. Хүүхдийн гэнэн ухаан юм даа. Нэг удаа гэнэ алдаад бараг тасраад гэртээ орсон. Аав ор засах гэхэд нь “Үгүй ээ би өөрөө засна. Би зүгээр байна” гэж чанга яриад, шөнөжингөө бөөлжөөд бөөн л юм болсон. Аав, ээж 2 том өрөөндөө дуугүй зурагтаа үзэж байсныг сайн санадаг юм. Өглөө сэрэхэд аав нээх гоё бантан хийгээд, ширээн дээр “Минии хүү бантангаа идээд хичээлдээ явалгүй амарч өнжөөрэй” гэсэн захиа үлдээгээд явчихаж. Би бантангаа идэнгээ их зүйл ухаарсан. Орой нь тэр 2 ирээд надаас архины талаар юу ч асуугаагүй, загнаа ч үгүй. “Миний хүү бие нь зүгээр үү” гээд инээгээд, жуумалзаад бараг өмнөөс даапаалсан. Би тэр үед ичиж байгаагүйгээрээ өөрөөсөө ичээд байж, суух учраа олохгүй хачин юм болж билээ. Тэр өдрөөс хойш ганц ч уугаагүй. Эцэг, эхийн ухаан гэдэг агуу юм билээ. Хэрвээ тэр үед намайг загнаж, зодсон бол магадгүй уусан хэвээрээ байх ч юм бил үү. Тэр явдлаас хойш удалгүй хонхны баяр болоход ч уугаагүй, охидуудтайгаа уул руу гүйгээд, банди нараасаа зугтсан. Нөгөө “архичин гар” уухгүй байхаар ангийнхан ч тухайн үед гайхсан л байх. Огт архи, дарс хэрэглэхгүй байх нь эрүүл мэндэд муу болохоор 50 нас хүрээд багахан амсана гэж боддог. 

-Гитар тоглохоос гадна сноубордоор гулгадаг юм билээ. Хэзээнээс гулгаж эхэлсэн бэ?

-Сингагаас ирдэг жил “Skyresort” нээгдсэн. Тэр үед анх гулгаж байлаа. Экстрим спорт болохоор сонирхол татдаг юм аа. Гэхдээ дунд нь хөл, эгэм, гараа хугалж завсарласан. Аливаа зүйлийг сурахад зайлшгүй золиос шаардлагатай шүү дээ. Сноубордоор гулгахаас гадна ном унших дуртай. Ялангуяа түүхийн ном сонирхдог. Бас Пауло Коэльогийн “Алхимич”-ийг хэд ч уншсан уйддаггүй. Унших бүрт шинэ мэдрэмж төрдөг.

-Энэ намар Та Хөгжим бүжгийн коллежийн “Мэргэжлийн жааз гитарчин”-ий ангид элссэн тухайгаа фэйсбүүкдээ дурдсан байсан. Сонирхлоороо сурахаас илүүтэйгээр ямар нэгэн зорилготойгоор сурч байгаа байх. Нууц биш бол зорилгоосоо хуваалцахгүй юу?
 
-Мэдээж зорилго байлгүй яах вэ. Коллежоо 2.5 жил сураад төгсөнө. Гэхдээ өмнө нь 3 сургууль төгсчихсөн болохоор зарим хичээлээ хаалгаад, шалгалтаа урьдчилж өгч болох байх. Монголд хөгжмийн чиглэлээр хүүхдийг багаас нь бэлддэг ганцхан сургууль байдаг. Хөгжим бүжгийн коллеж мундаг сургууль л даа. Миний бодлоор аливаа зүйл өөрийн гэсэн цаг хугацаа, мөчлөгтэй байдаг. Хөгжим бүжгийн коллеж орос школтой. Харин одоо дэлхий глобалчлагдаж байгаа болохоор орос школоос арай өөр байдлаар европ чиглэлийн сургалтын арга барил хэрэгтэй юм шиг санагддаг. Жишээлбэл, нэг америк дээр очоод “За ля минороос эхэлнэ шүү” эсвэл нэг испани залууд “хэдүүлээ модуляци хийе” гэвэл тэр хүн ойлгохгүй шүү дээ. Зарим уншигчид “Энэ яасан доргио банди вэ” гэж бодож магадгүй. Гэхдээ надад нэг мөрөөдөл бий. Монголын хүүхдүүд ямар нэг байдлаар хөгжмийн боловсролтой байгаасай гэж хүсдэг. Тухайн хүүхэд заавал хөгжимчин болох албагүй. Гэхдээ хөгжмийн боловсрол хүнд суух, сонсох, тэвчээртэй байх, аливаа зүйлийг олон талаас нь харах, түүнд анализ хийх зэрэг маш их зүйлийг өгдөг. Хэрвээ хөгжмийн сургуультай болбол яг суръя гэсэн хүмүүст зааж, “чанартай” хүүхдүүд бэлдэнэ. Гэхдээ сонгодог чиглэлээр биш арай өөрөөр заана. Жишээлбэл, төгөлдөр хуур гэхэд л сонгодог байдлаар биш “band”-ын хэмжээнд эсвэл жаззын хэмжээнд хэрхэн тоглох талаас нь сургалтын хөтөлбөрөө зохионо гэж боддог. Мөрөөдөл болохоос биш ян тан болгоогүй байна л даа. Өмнө нь төгссөн мэргэжлийн чиглэлээрээ удирдах, багшлах, зохион байгуулах ур чадвар, онолоо сурсан. Харин одоо мэргэжлийн хөгжмийн боловсролтой гэдгээ гэрчлэхийн тулд зайлшгүй сурах  шаардлагатай болсон. Тийм болохоор сурч байна. 100, 200, 1000 жилийн дараа монголчуудын хөгжмийн боловсролд тодорхой хувь нэмэр оруулсан хүмүүсийн дунд П.Даваацэрэн гэх нэр байвал сайхан. Миний хичээл зүтгэлийн үр дүн ирээдүйд өгөөжөө өгөөсэй гэж мөрөөдөж байна.

-Их сайхан гэгээлэг мөрөөдөл байна. Заавал биелүүлээрэй. “DGL” гитарын сургалт БСШУСЯ-наас баталгаажуулсан сертификат олгохоор болсон. Энэ таалаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Манай сургалтын төв БСШУСЯ-аар сургалтын хөтөлбөрөө батлуулсан. Батлуулахдаа СУИС-ийн I, II курсийн хөгжмийн онол, ур чавдарын хөтөлбөртэй харьцуулж батлуулсан. Манайд 9 сараас дээш хугацаанд сурсан хүмүүс шалгалтаа өгөөд тэнцвэл  БСШУСЯ-наас баталгаажуулсан сертификат авна. Магадгүй манай сургалтын сертификаттай хүн СУИС-д орохоор болбол дүйцүүлсэн хичээлээ хаалгах боломжтой гэсэн үг.   
 
-Ер нь гитар тоглож сурахад юуг анхаарах хэрэгтэй вэ. Энэ хөгжмийг тоглож сурахаар зэхэж буй хүмүүст анхааруулах, ойлгуулах хэрэгтэй зөвлөгөө байгаа байх.  

-Хөгжмийг сайн эсвэл муу тоглодог хүн байж болно. Хамгийн гол нь тухайн хүн ямар хэмжээнд тоглохыг хүсч байгаагаас бүх зүйл шалтгаална. Бас сурч байгаа хөгжмөө хүндлэх хэрэгтэй. Сүүлийн үед сошиал сүлжээ хөгжих тусам хүмүүсийн хандлага их анзаарагдаж байна л даа. Ялангуяа 1990 оноос хойш төрсөн хүмүүс “Би гитарыг мундаг тоглодог. Энэ хүн сайн, тэр хүн муу тоглодог” гэдэг ч юм уу барьцамтгай эсвэл бусдыг доош нь хийж, өөрийгөө дөвийлгөх эрмэлзэлтэй байгаа нь харагддаг. Хөгжим бол хэн нэгнээс илүү гарч, бусдыг доромжлохын тулд сурдаг эд биш л дээ. Гэхдээ хэн нэгэнтэй өөрийгөө харьцуулах нь буруу гэсэн үг биш шүү. Хүн аливаа зүйлийг сурахад өөртөө цензур тавьж, хэн нэгэн хүн шиг мундаг болохын тулд хичээх, оролдох зайлшгүй шаардлага бий. Хамгийн гол нь хөгжим тоглоод түүнээсээ кайф авдаг, түүнийгээ хүнд хүргэж чадах нь чухал. Гитар бол оройгүй хөгжим. Эцсийг нь хүртэл сурна гэж хэзээ ч байхгүй. Би одоо ч сурсаар байгаа. Өөрийгөө “гитарчин” гэж хэлэхээс ч ичдэг. Тэгж хэлж ч чадахгүй. Гитарчин гэх нэрийг ард түмэн л өгнө. Жишээлбэл Өөжгий ахыг “Гитарчин Өөжгий” гэхгүй бол эвгүй сонсогдоно шүү дээ. Яагаад гэвэл ард түмэн Өөжгий ахад “гитарчин” хэмээх алдрыг өгсөн байхгүй юу. Хүлээн зөвшөөрөгдөж чадсан хүн. Харин өөр нэгэн “баачка” тайзан дээр би гитарчин гээд гараад ирвэл хэнд ч сонин биш.  

-Таныг найз бүсгүй эсвэл эхнэртэй болов уу гэж олон эмэгтэй сонирхож байгаа байх. Нэвтрүүлгийг нь үзээд өөрт тань дурласан бүсгүйчүүд байхыг ч үгүйсгэхгүй шүү дээ. 

-Гэр бүлийн талаар нууц хэвээр нь үлдээе. 

Түүний гитарын хичээлийг хүргэж байна.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.