Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

УИХ-ын сонгуулийн баатарлаг таван эмэгтэй

“Торгуулийн суман”-гийн бүсгүйчүүд хэр дайчид болохоо харуулж эхэллээ.


УИХ-ын сонгуулийн ялагдах магадлалтай тойргууддаа АН, МАН-ын удирдлага эмэгтэйчүүдээ харилцан “бэлэг” болгон сойсон тухай шүүмжлэл хэсэг шуугиад нэгэнт замхрав. Одоо бол “шаварт унасан шарын эзэн” хүчтэй гэгчээр тэдгээр хүүхнүүд улс төрд нэртэй нөлөөтэй, эсвэл тойргоо өмчлөөд авчихсан хүчтэй эрчүүдийн эсрэг тууштай өрсөлдсөөр байна. Сурталчилгааны хугацаа талаасаа өнгөрч, “торгуулийн суман”-гийн бүсгүйчүүд ч хэр дайчид болохоо харуулж эхэллээ.

Бямбасүрэнгийн ЭНХБАЙГАЛЬ

АН Төв аймгийн 28-р тойрогт Б.Энхбайгалийг дэвшүүлсэн нь Ерөнхий сайд Д.Бямбасүрэн гуайн охины хувьд улс төрийн сонгуулийн “бие халаалт” болж байна. Эл тойрогт АН-ын Б.Энхбайгал МАН-ын дарга М.Энхболдтой өрсөлдөж байгаа бөгөөд сонгуулийн дүн МАН-ын талд нэг суудал болж очих нь тодорхой тойрог юм. Гэхдээ энэ ялагдал Б.Энхбайгалд маш том хожил, үр дүнтэй сургууль болох нь гарцаагүй. Тэрбээр М.Энхболдыг ялж чадахгүйдээ шантарч хойш суулгүй, мөн ялархаж шударга бус үйлдэл гаргалгүй эмх цэгцтэй, тэгсэн мөртлөө өрсөлдөөнч байдлаар сурталчилгаагаа явуулсаар байгаа юм. Б.Энхбайгалийн хувьд сайн эцгийн нэр төрийг өөрийнхөө улс төрөөр өнгөлөн залгамжлах тууштай бодлого бий бол яг энэ тойрогтоо дараа, дараагийн сонгуульд ялах магадлал өндөр бий нь одооноос харагдаж эхэлсэн.  

Гочоосүрэнгийн БАЙГАЛМАА

Хан-Уул дүүргийн 56-р тойрогт Гочоосүрэн зааны охин Байгалмаа Монголын улс төрийн “хатуу самартай” учраа таарчээ. Энэ бол хорон бол хорон, шазруун бол шазруун, егзөр ч гэж жигтэйхэн, сонгуульд одоогоор унаж үзээгүй байгаа Ц.Нямдорж. Нямка улстөрч болсноосоо хойш анх удаа тойргоо сольсон нь төрөлх Увсдаа рейтинг тааруу болсонтой нь холбоотой гэдэг. 56-р тойрогт шилжиж ирсэн МАН-ын Ц.Нямдоржтой АН-ын туршлагатай улстөрчид дотроос эрсхэн үзчих зоригтой аавын хүү гараагүй юм. Харин Г.Байгалмаа энд хатуу шийдвэрээ гаргасан. Г.Байгалмаа, Ц.Нямдорж хоёрын өрсөлдөөнийг хүч тэнцүү гэж харж болохоор. Г.Байгалмаад Ц.Нямдоржийнх шиг сайн, муу туршлага байхгүй учраас хэлсэн л бол хүрэх чин сэтгэл, зорьсон л бол хийдэг эрч хүч нь шинэхнээрээ оргилж байгаа. Тэрбээр Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажиллах хугацаандаа төрийн албаны жинхэнэ менежер гэдгээ хангалттай харуулсан. “Барилгын Байгалаа” нэрийг нь хэрийн улстөрчдөд саймшраад байдаггүй хэрсүү нь дэндүү барилгын салбарынхан ганцхан түүнд л өгсөн байдаг. Тэгээд ч Ц.Нямдорж Увсын хүү, Увсын улстөрч гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн болохоос Хан-Уул дүүрэг бол түүний аархдаг тойрог нь ч биш, өдгөө түүнийг хүлээдэг байсан цаг хугацаа нь ч биш юм. 

Санжаадоржийн ОЮУНБИЛЭГ

Ёстой л “Ардын хүүхэд яагаад төрд гарч болдоггүй юм” гэсэн гэнэн хонгор санаанаас өөр зүйл МАН-ын нэр дэвшигч С.Оюунбилэгт үгүй. Тэрбээр УИХ-ын сонгуулийн 57-р тойрогт АН-ын Л.Болдтой өрсөлдөж байна. Гэтэл Л.Болд бол сүүлийн 10 жил 57-р тойрог байрлах Хан-Уул дүүргийг өөрийн улс төрийн түшиц газраа болгон бэлдчихсэн, эндээс дараалан хоёр сонгуульд ялсан “босоо” гишүүн. Түүнтэй эн тэнцүү өрсөлдөхийн тулд С.Оюунбилэгт одоо байгаа туршлага дээр дахиад хэд хэдэн сонгуульд ялж, ялагдах шаардлага гарах болов уу. Гэхдээ энэ удаагийн ялагдал нь түүний улс төрийн гарааг улам хүчтэй, шулуун болгох нь дамжиггүй. 

Мөнхөөгийн ОЮУНЧИМЭГ

МАН-аас дэвшсэн ММ-ийн М.Оюунчимэг АН-ын Гарьдхүүгийн Баярсайхантай 61-р тойрогт ана мана өрсөлдөж байна. Г.Баярсайханы хувьд яг энэ тойргоос улстөрч болсон хүн. Эндээс хоёр удаа сонгогдож, УИХ-д найман жил суусан. Харин М.Оюунчимэг энэ тойрогт байрлах үндэсний телевизээс ажил, амьдралын гараагаа эхлүүлж, олон нийтийн итгэлийг хүлээсэн сэтгүүлч болсон нь мөн л сонин тохиолдол. Хэрэв улс төрд шинэхэн М.Оюунчимэг улс төрд бурхи болж яваа Г.Баярсайханыг халз мэтгэлцээнд дуудвал тэдний хооронд ул суурьтай мэдлэг боловсрол, бодит мэдээлэлд түшиглэсэн байр суурийн зөрүү тод харагдах бөгөөд нөхцөл байдал сэтгүүлчийн талд илүүрхэх нь гарцаагүй.       

Бандихүүгийн УРГАМАЛЦЭЦЭГ

АН-ын Б.Ургамалцэцэг МАН-ын Д.Тэрбишдагва хоёр улс төрд хэн нь тууштай явснаараа шууд ялгарна. Д.Тэрбишдагва Сонгинохайрханы иргэдийн хатуу сонголт байсаар ирсэн ч өөрөө аль нэг намын үнэнч гишүүн, тулх зангараг нь хэзээ ч болж байсангүй. Түүний дэргэд Б.Ургамалцэцэг сонгуульд ялж үзээгүй, бизнес ч үгүй жирийн л нэг эмэгтэй боловч нам бүү хэл, нам доторх фракцаа ч сольж хутгаж явсангүй. Түүгээрээ бол Б.Ургамалцэцэг Д.Тэрбишдагвын хажууд яах аргагүй улстөрчийн төрхтэй. УИХ-ын сонгуульд, дандаа ялдаг тойрогт нь Д.Тэрбишдагватай өрсөлдөх амаргүй давааг Б.Ургамалцэцэг амжилттай туулахаар зоригложээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 минутын өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
1 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалтад хэрхэн өндөр оноо авах вэ?
3
1 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
санал болгох
1
3 минутын өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
1 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
5 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
22
47
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.