Н.Түвшинбаяр: Хөгшрөхөөрөө хамт амьдарчихгүй юу


  |     2016-03-19 20:37   |     17376
  2016-03-19 20:37   |     17376

Хөдөлмөрийн баатар, олимпийн алт, мөнгөн медальт Найдангийн Түвшинбаяр, жүдо бөхийн ОУХМ, улсын начин Эрдэнэбилэгийн Энхбат нарын нөхөрлөлийн түүхийг дэлгэж байна.

Н.Түвшинбаяр: Олимпийн эрхээс мултрахад нь уур хүрээд, цохичихмоор санагдсан

-Энхбат начин та хоёрын нөхөрлөл хэзээнээс эхэлсэн юм бэ?

-Энхбат Могодод төрж, өссөн болохоороо Могодынх гээд байдаг болохоос удам судраа хөөвөл Сайхан сумын хүн байгаа юм. Аав нь манай сумын хүн л дээ. Бид сум, сумандаа наймдугаар ангиа төгсөөд, есдүгээр ангид дэвшин суралцахаар би Сайхан сумаас, Энхбат Могод сумаас Булган аймгийн "Эрдмийн өргөө" сургуульд ирж байлаа.

-Нэг ангид уу?

-Нэг анги биш л дээ, зэргэлдээ ангид сурч байсан. Нэг үеийн барилдаж, ноцолддог хүүхдүүд болохоор танилцаж ядах юу байх вэ. Үеийнхэн дундаа бас ч гайгүй барилдчихдаг нь байсан болохоор тэмцээн уралдаанд хот хүрээ рүү хамт явсаар ойртож нөхөрлөсөн. Бид хоёрыг их спорт л холбож, нөхөрлүүлж дээ. Бас бидний нөхөрлөл, спортын замналд том нөлөө үзүүлсэн хүн бол “Авзага трейд” компанийн захирал П.Мэндбаяр ах юм шүү дээ. 10 жилийн сурагч байхад маань“Та хоёрыг компанийнхаа бөхөөр авлаа. Сар бүр 60 мянган төгрөгийн цалин өгнө. Та хоёр дунд сургуулиа төгсөөд над дээр ирээрэй” гэснээр бид бид цалинтай сурагч болж байлаа.

-Энхбат начин та хоёр хотод ирээд хамт амьдарч байсан гэдэг байх аа?

-2003 онд дунд сургуулиа төгсөөд намар нь би аав, ээжээрээ ч хүргүүлэлгүй, ганцаараа Мэндээ ахыгаа зорьж Улаанбаатарт ирсэн. Энхбатыг аав, ээж нь хүргэж ирсэн. Мэндээ ах биднийг 21-р хороололд дүүгийнхээ хажуу өрөөнд оруулснаас хойш 2007 он хүртэл хамт амьдарч, салшгүй найзууд болсон доо. 2008 оноос гэр бүлтэй болж, тусдаа амьдралтай болсон.

Мэндээ ахын дүүг бид "жижиг Мэндээ ах" гэж дуудна. Тэднийх нялх хүүхэдтэй. Дөнгөж хөдөөнөөс ирсэн эрэгтэй хүүхдүүд ямар олигтой байх вэ, орой үдэш дэмий тэнээд, шөнө орой болсон хойно очно. Тэр үедээ түүнийгээ мэдэхгүй л явсан болохоос одоо бодоход тэр айлыг их хүндрүүлж байсан даа.

-Жаргал, зовлонг нь үнэн сэтгэлээр хуваалцдаг, нэгэндээ чин сэтгэлээсээ ханддаг байж би энэ хүний найз гэж ам бардам хэлэх байх. Найзынхаа өмнөөс хамгийн их баярлаж байсан тань хэзээ вэ?

-Хотод орж ирэхдээ Энхбат сумын заан цолтой, би аймгийн начин цолтой байлаа. Энд тэндхийн том, жижиг барилдаануудад зодоглоно. Дөнгөж аравдугаар анги төгссөн жаахан хүүхэд чинь том цолтой, хашир туршлагатай бөхчүүдтэй таараад юу болох вэ дээ, нэгийн даваанд уначихна. Нэгдүгээр курс төгсөх хавар аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд Энхбат тэр үедээ их сайн барилдаж байсан аймгийн арслангуудыг хаяж, хоёр давахад нь мөн ч их баярлаж билээ.

Улсын наадамд тав давж, начин цол авахад нь, дараа нь начин цолоо батлахад нь бас их баярласан. Найзынхаа амжилтыг харах сайхан байдаг. Амжилт гаргаасай гэж хүсдэг.

-Тэгвэл өмнөөс нь харамссан үе?

-2012 оны олимпийн эрх авах хамгийн сүүлийн тэмцээн Азийн аварга шалгаруулах тэмцээн байсан шүү дээ. Тэгэхэд Энхбат 90 кг-д барилдаж байлаа. Ганц л ялчихвал олимпийн эрх авах гээд байдаг. Гэтэл Энхбат өөрөө тэрийгээ бодоод биеэ барьчихсан, хөдөлж чадахгүй байсаар Ираны бөхөд ялагдахад нь маш их харамссан. Манай хүн өөрөө ч их харамссан. Наадам, тэмцээнд найзыгаа барилдахыг харах хэцүү шүү дээ. Ялангуяа чухал, эгзэгтэй барилдаанд ялагдахыг нь харахад өөрөө ялагдсанаас дор санагддаг. 2012 оны Азийн аваргад олимпийн эрхээс мултрахад нь уур хүрээд, гарт юм тааралдвал Энхбатыг цохичихмоор санагдаж байж билээ.

Бид одоо гуч гарчихлаа. Барилдах хугацаа бага үлдэж байна гэсэн үг. Найзыгаа сайн бэлтгэл хийгээд 2-3 жил сайхан барилдаж, амжилт гаргаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Өөрт нь ч энэ талаар хэлсэн. Үндэсний бөхөөс өмнө жүдогоор бэлтгэл хийж байсан юм чинь түүгээрээ явбал яадаг юм бэ гэсэн санал тавиад л байгаа. Өөрөөсөө илүү найзыгаа бодох үе байх юм. Бэлтгэл сайн хийлгэж л тусална уу гэхээс өөр юугаар туслах вэ дээ. Гэр бүл, үр хүүхэдтэй хүмүүс бэлтгэл сургуулилалт гээд цаг наргүй явах хэцүү, найзыгаа ойлгож байна. Би Үндэсний шигшээ багийн тамирчин гэдгээрээ ар гэрээсээ чөлөөлөгдөж, үр хүүхэд, гэр оронгүй юм шиг явдаг болохоос бас хэцүү л дээ. Уг нь манай Энхбат бөхийнхөө хувьд мундаг, хэнээс ч дутахгүй.  Би  бэлтгэл дээр Энхбаттай жүдогоор барилдаад яагаад ч дийлдэггүй юм. Тэгээд өөр хүмүүстэй барилдахаараа би салгалж яваад ялчихдаг, Энхбат ялагдчихаад байдгийг гайхдаг юм. Жижигхэн юман дээр л алдаад байна. Олимпийн эрхээ авчихвал олимпод цөөхөн тамирчин өрсөлддөг учраас боломж байгаа шүү дээ. Одоо бид нэг жинд барилдаж байгаа. Энхбатыг өөдтөйхэн барилдаад өрсөлд гээд л байгаа.

-Найз тань таны амжилт гаргасан хоёр олимпод бэлтгэл хангагчаар тань явсан бил үү?

-Хоёр олимпод бид хоёр хамт орсон. 2008 онд Энхбат маань 81 кг-ын жинд олимпийн эрх авсан. Тэр үед Монголын жүдо бөхийн холбооноос 81 кг-ын жинд Нямхүү ахыг олимпод барилдуулахаар шийдэж, найз маань өөрийнхөө бэлтгэлийг орхиод надтай олимпийн бэлтгэлд гарч, миний бэлтгэл хангагчаар ажилласан. 2012 оны олимпод бас бэлтгэлийг маань хангасан.

Олимпийн хоёр медалийг авахад гол нөлөөлсөн хүн бол найз минь юм шүү дээ. Дасгалжуулагч нарын хажуугаар намайг бэлдэж, уяа сойлгыг минь тааруулсан. Ялангуяа 2012 оны олимпод бол бүр  ойр байсан. Олон жил нөхөрлөөд ирэхээр биe, биенийхээ юу бодож байгааг мэддэг болчихдог юм байна. Бие, биенийхээ юу хийх гээд байгаа, юу хүсээд байгааг хэлүүлэлтгүй ойлгодог. Тийм болохоор бэлтгэл хийхэд маш сайн хамтрагч болдог. Тэмцээнд ганц биеийн бэлтгэл бус, сэтгэл санааны бэлтгэл маш чухал. Энэ бүгдэд дандаа хамт байж тусалдаг найздаа баярлаж явдгаа танай сониноор дамжуулъя. Тамирчид бид чинь уран сайхан үггүй, бодож санаж явдгаа тэр бүр ил гаргаад байж чаддаггүй, дотогшоо хүмүүс шүү дээ. Энхбат бид хоёр бие биенээ найз минь гэж дуудсан нь ч цөөхөн байх. Дотроо бол хамгийн дотнын минь хүмүүсийн нэг шүү гэж бодсон хэрнээ ил гаргаж, хэлж яриад байх нь ховор юм.

-Үндэсний бөхөөр тунаж барилдаж байсан удаа бий юу. Найзтайгаа барилдах хэцүү юу?

-Бид хоёр том, жижиг барилдаанд олон удаа таарч байсан. Гэхдээ “Одоо би давъя, одоо чи дав” гэх яриа болж байгаагүй. 2007 оны наадмаар бид хоёр гурвын даваанд туначихсан. Тэр үед Энхбат үндэсний бөхөөр дагнаад барилдчихсан, надаас хамаагүй илүү байсан л даа. Би наадмын галд бэлтгэлд гараагүй, жүдогийн бэлтгэлд гарсан байсан юм. Наадмаар цол авъя гэж хичээгээгүй, хийморь сэргээх маягаар л гарч байсан юм. Энхбат давбал даваг,  би унавал харамсахгүй гэж бодсон ч үнэнээсээ барилдсан. Тэгтэл яагаад ч юм бэ, би Энхбатынхаа дээр нь уначихсан. Найз маань намайг цол аваг гээд дор минь уначихаагүй байгаа даа гэж боддог л юм. Ер нь найзууд хоорондоо барилдах хэцүү л дээ.

-Оюутны байранд орох гээд хөглөж явсан тухайгаа дурсаач?

-Бидний талийгаач багш, улсын начин П.Ганбаяр ах бид хоёрыг “Манайхтай ойрхон байр хөлслөөд бэлтгэл хийж бай” гэсэн юм. Тэгээд Дорнодын аймгийн арслан Батхуяг, Энхбат бид гурав 120 мянгатад нэг өрөө байр хөлсөлтөл бид гурав бэртэж гэмтээд болдоггүй. Би бэлтгэл дээрээ хөлөө гэмтээж, Энхбат байлдааны самбод орж байгаад гараа хугалаад, Батхуяг барилдаж байгаад хамраа чихүүлчихсэн. Тэгээд ер нь байр таарахгүй байна, өөр байр олъё гээд сургуультайгаа ойрхон Механик инженерийн сургуулийн оюутны дотуур байранд орох санаатай байрны багштай уулзаж, “Бид "Аварга" дээд сургуулийн оюутнууд байгаа юм. Хичээл тартал гурван сар байрандаа суулгаач” гэтэл “Нэг нь хазгар, нөгөөх нь гараа сойчихсон, гурав дахь нь хамар нь хавдчихсан, харваас бүтэхгүй нөхөд байна. Байнга зодоон хийдэг биз” гээд халгаадаггүй. Долоо хоног гуйж байж арай гэж байранд орлоо. Байранд орж байгаа сургаар Булганы аймгийн заан Мягмардорж найз маань ирэв. Дотуур байранд гаднын хүн оруулах биш, тэгээд ч гуйж гувшиж байж орсон хүмүүс чинь орсон өдрөө гаднаас хүн оруулъя гэлтэй биш гээд цонхоороо татлаа. Тэгсэн байрны багшийнх яг манай дор байж, Мийгааг татуулаад дээшээ гарч байгааг цонхоороо харчихсан байсан. Ингээд орсон өдрөө хөөгдсөн дөө.

-Оюутны байранд өлсөж байсан үе л тод дурсамж болж үлддэг шиг санагддаг?

-“Аварга” дээд сургуулийн байранд байхад “Авзага трейд” компани сургуулийн гуанзанд хоолны мөнгө өгчихдөг, бид хоёр гуанзнаас хооллодог байсан юм. Хавар хичээл тарж, бид хоёр наадмын бэлтгэлд гарна гээд үлдлээ. Сургуулийн гуанз амарчихсан, оюутнууд л болсон хойно мөнгөгүй. Тэгэхэд хэд хоног сүрхий өлссөн юмдаг. Энхбат янз бүрийн ногоо идэж чаддаггүй байснаа тэгж өлсөж байхдаа кимчи идэж сурсан юм шүү дээ. Бэлтгэлд гарахын хооронд гэрээсээ мөнгө нэхээд яах вэ гээд гүрийчихсэн, найз нөхдөөсөө аргалаад байдаг байлаа. Үүнийг ярьсан чинь ярихад жаахан эвгүй түүх санаанд орлоо. Ярьчихдаг юм уу.

-Гэм хоргүй бол ярьчих л даа.

-Бараг хулгай хийчихсэн юм аа. Нэг өдөр өлсөөд сууж байсан чинь одоо барилдаж байгаа аймгийн арслангуудын нэг бэлтгэл хийхээр манай өрөөгөөр орж ирлээ. “Хоолны мөнгө байна уу” гэтэл “Байхгүй, юу ч байхгүй. Байвал өгөлгүй яах вэ” гэчихээд манай өрөөнд хувцсаа солиод бэлтгэлийн танхим руу явлаа. Тэгэхээр нь “Энэ мөнгөгүй явна гэж байхгүй дээ” гээд халаасыг нь ухсан чинь арав гаруй мянган төгрөг гараад ирдэг юм. Янзыг нь үзэх санаатай “Энийг нуучих” гээд  Энхбатад өгчихлөө. Нөгөө нөхөр чинь бэлтгэлээсээ гарч ирээд хувцсаа өмсөөд гарч явснаа буцаж орж ирээд өрөө тойруулж жаал харж байгаад гараад явчихсан. Би асуухаар нь гаргаж өгье гэж бодож байсан чинь асуухгүй яваад өгсөн. Мөнгө байхгүй гэчихээд мөнгө алга болчихож гэлтэй биш, санаа нь зовсон юм байлгүй. Тэр мөнгөөр нь бид хоёр хоол аваад идчихсэн.

-Найзынхаа сайхан чанараас яриач?

-Энхбатыгаа магтаж болох бүх үгээр л магтмаар байна. Монгол эр хүн ямар байдаг вэ гэдгийг найзаасаа хардаг. Түшиг тулгууртай, ноён нуруутай. Юмыг дандаа сайнаар боддог. Шуналгүй. Ингээд ярихаар магтахаасаа илүү шүүмжилсэн болчих гээд байна л даа. Манай найз чинь өөрөө их сайхан гэгээн бодолтой, хүнд муу санаж, муу зүйл боддоггүй, гэнэн цайлган ч гэмээр хүн шүү дээ. Тэгээд хүн бүрийг өөр шигээ боддог. Тийм хүн чинь сул тал, алдаа гаргах нь их. Янз бүрийн хүмүүсийн нөлөөнд автчих  гээд байгаа юм шиг санагддаг. Найзыгаа хамгаалж бодоод тэгж санагддаг юм болов уу даа.

Хөдөөнөөс ирсэн хоёр хүү л явж байсан чинь хоёулаа гэр бүл зохиож, өнөр өтгөн болоод сайхан л байна. Өсөхбаяр заан бид гурав багаасаа найзалсан юм шүү дээ. Шинэ жил, баяр ёслолоор хэдэн гэр бүлээрээ хамт байдаг юм. Өсөхөө маань бид хоёрыг булагналаа гээд гомдчих вий дээ.

Гурван найз. Э.Энхбат, Н.Түвшинбаяр, М.Өсөхбаяр 

-Нас яваад ирэхээр найзууд бие биенээ бүр илүү санаж үгүйлдэг юм шиг. Та хоёр яах бол?

-Санаад болохгүй бол хөгшрөхөөрөө хамт амьдарчихгүй юу. Ямар сураагүй юм биш. Гэр бүлийнхэн маань ч найзууд юм чинь.

Э.Энхбат: “Бөх болж чадахгүй бол малчин болно” гэж ярьдаг байлаа

“Өөрийнхөө тухай ярих гэхээр үг эвлэдэггүй юм. Өөрийгөө магтаад байлтай биш, муулаад байлтай биш, үгийн ургүй хүн чинь хэцүү шүү дээ. Найзынхаа тухай ярих чинь харин зүгээр юм байна.”

-Түвшинбаяр аварга та хоёр хамт бүтээсэн нөхөрлөлийн түүхээ уншигчдад маань дэлгэж байгаад баярлалаа. Оюутан цаг, хамт амьдарч байсан үеийнхээ дурсамжаас дэлгээч?

-Бид зэргэлдээ сумынх. Аймгийн арван жилийн сургуульд ирээд Түвшээтэй танилцаж байлаа. 2000 оноос хойш нөхөрлөж байна. “Авзага”-ын Мэндээ ах бид хоёрыг дүүгийнхээ хажуу өрөөнд түр байлгаж, “Аварга” дээд сургуульд оруулж байлаа. Бид өрөөндөө хоол хийж иддэг байсан юм. Халуун тогоонд хоол хийж байгаад түлчихнэ. Хавиар нэг хиншүү хангинуулахаас эхлээд нялх хүүхэдтэй айлд хэцүү байсан байх аа. Одоо бид хажуудаа тийм хүмүүс байлгана гэж төсөөлөхөд ч хэцүү санагддаг юм. Тэндээсээ Төмөр замд, Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн урдхан байдаг Мэндээ ахын нэг өрөө байранд хэсэг амьдарсан.   Тэр үед их л том байр шиг санагддаг, бид хоёр тэнд хөлсөө гартал барилддаг байлаа. Сүүлд тэр байрыг маань гуанз болгочихсон. Саяхан бид хоёр “Гэртээ орж хоол идье” гээд орж хоол идсэн. Сайхан санагдаж байна билээ.

Хотод анх ирээд буруу автобусанд сууж төөрөхөөс эхлээд хөдөөнөөс ирсэн оюутнуудын туулдаг бүхнийг туулсан. Ийм амжилтанд хүрнэ гэж зүүдлээ ч үгүй явахдаа жаахан зүйлд шантарч “Хоёулаа бөх болж чадахгүй бол хөдөөгөө очоод малаа маллаад амьдарчихна даа” гэж ярьж явсан удаа бий. Түвшээ их ганган. Эгч нь Солонгосоос гоё хувцас өгч явуулна. Нэг өглөө манай хүн жигтэйхэн гангалчихсан, бид хоёр хичээлдээ явж байтал дээрээс нэг юм унах шиг боллоо. Тэгтэл Түвшээгийн дээрээс шувуу баачихсан. Шувууны сангас чинь их том байдаг юм билээ шүү дээ, энгэр нь тэр чигээрээ нялцгай цагаан юм болчихсон, “паа пий” гээд сүйд болж байлаа. Тэр их учиртай, аз амжилт зөгнөсөн явдал байж гэж одоо боддог.

Эргээд бодоход бид их азтай оюутнууд байж. “Аварга” дээд сургууль дотуур байргүй ч цөөхөн хүүхдэд өрөө гаргаж өгч, сургууль дотроо байрлуулж, хоол ундыг цаанаас нь дааж, бэлтгэл хийх бүх боломжоор хангаж байсан. Мөнхбаатар арслан, Жаргалсайхан гарьд, Гансүх начин, Түвшинбаяр бид тав нэг өрөөнд амьдардаг байлаа. Түвшээ бид хоёр сургуулийн байранд гурван жил шахам амьдарсан.

-Бөхийн сургуулийн оюутнууд хамгаалагчийн ажил хийдэг. Та хоёр ажил хийж байв уу?

-Үгүй. Биднийг аравдугаар ангид байхаас эхлээд П.Мэндбаяр ах сар бүр 60 мянган төгрөгийн цалин өгдөг болсон. Цалинтай оюутан байсан болохоор бас ч гайгүй байсан.

-Тэгвэл хангалуун оюутнууд байж ээ?

-Гэхдээ л оюутан юм чинь өлсөж, цангах үе байлгүй яах вэ. Цалингаа буунгуут орой бүр ундаа, зайрмаг авч тансаглаад дорхноо дуусгачихна. Бэлэн гоймон, дугуй талх хоёроор олон удаа өл залгуулсан. Тэр үед талх их амттай, том байсан шиг санагддаг. Нэг талхыг өчнөөн олуулаа хуваагаад идчихэж болдог л байсан даа. Гуанзанд орж ганц хуушуур захиалж идчихээд, кетчупыг нь аваад гарах зэргийн юм оюутны байранд амьдардаг эрэгтэй хүүхдүүдэд бүгдэд нь байдаг байх аа. Халбага, сэрээг ч ялгаагүй иймэрхүү маягаар “олж” л байлаа. Би хөдөөний хүүхэд болохоор ногоо идэх дургүй, ер иддэггүй байсан. Оюутан байхад нэг их өлсөж, Түвшээ бид хоёр хүн амьтнаас мөнгө зээлээд сургуулийн хойно байдаг гуанзнаас 20 бууз, 200 гр кимчи авч хувааж идсэнээс хойш кимчинд дуртай болсон. Өлсөж яваад идсэн хоол, ховрын юм л их амттай санагддаг, сэтгэлд үлддэг юм байна.

Бодоод байсан чинь eр нь Түвшээ намайг жимс, ногоонд оруулсан юм байна шүү дээ. Бид арван жилийн сурагч байхдаа Эрдэнэт рүү тэмцээнд очсон юм. Тэгсэн Түвшээ “Би чамд гоё юм идүүлж үзүүлнэ. Би дээр идэж үзсэн. Янзын гоё юм билээ” гээд нэг бөөрөнхий бор юм үзүүлж байна. Гоё нь юу л бол доо гэмээр царай муутай бор юм, идэж үзсэн үнэхээр гоё амттай байсан. Одоо би кивинд дуртай.

-Түвшинбаяр аваргынхаа олимпод оролцсон, анхны алтан медаль авсан талаар дурсаж яриагаа үргэлжлүүлье.

-Үүнийг ярихаас өмнө бидний хайрлаж, хүндэлдэг багш, улсын начин П.Ганбаяр ахыгаа дурсмаар байна. Хүүхдүүд хаашаа л бол хаашаа явчихад бэлэн үе байдаг шүү дээ. Тэр үед биднийг зааж, чиглүүлж, зөв тийш нь хөтөлсөн хүн бол П.Ганбаяр агсан. Биднийг гэрийнхээ ойрхон байранд оруулж, өглөө бүр дуудаж бэлтгэл хийлгэдэг байлаа. Өвлийн хүйтэнд ч хамаагүй, өглөө бүр 07.00 цагт босож бэлтгэл хийнэ. Бид хоёр Ганбаяр ахаас их айдаг, гадуур тэнэсэн ч заавал гэртээ ирж хонож, өглөө бэлтгэлдээ гардаг байлаа. Гэрт харих шаардлагагүй, хүүе хаая гэх хүнгүй бол ээж, ааваасаа хол байгаа хүүхдүүд тэнээд, янз бүрийн хүүхдүүдтэй нийлээд явчихыг хэн байг гэх вэ. Тэр хүн биднийг, ялангуяа намайг их зөв тийш нь чиглүүлж өгсөн.

Түвшээгийн Бээжингийн олимпод эхний тойрогтоо Японы бөхийг ялсан мэхийг П.Ганбаяр ах зааж өгсөн юм шүү дээ. Өглөө бүр хэдэн зуун удаа давтуулдаг байлаа. Ах маань “Түвшээгээ олимпийн аварга болохыг үзнэ” гэж дандаа ярьдаг байсан. Олимпийн өмнөхөн харамсалтайгаар нас барсан.

-2008 оны олимпоос Түвшээ аваргыг алт авах бүү хэл амжилт гаргана гэж найдсан хүн цөөхөн байсан шиг санагддаг. Түвшээ аварга ер нь өөрийгөө олимпоос медаль авна гэж бодож байсан болов уу?

-Багш нар л Түвшээд найдлага тавьж байснаас хүмүүс ийм сайн тамирчин гэж мэддэггүй байсан үе л дээ. Олимпийн бэлтгэлд Түвшээ Нүхтэд гарч, би бэлтгэлийг нь хангаж байсан. Тэгэхэд Түвшээ “Одоо очоод олимпийн аварга болчихвол яах вэ, бидний амьдрал ямар болох бол” гэж ярьдаг байлаа. “Олимпоос медаль авчихвал…” гэж ерөөсөө ярьдаггүй, аварга болчихвол л гэж ярьдаг, их том мөрөөдөлтэй байсан байгаа биз.

Олимпод орох тамирчид онгоцоор явж, биднийг бэлтгэлд нь тусал гээд араас нь галт тэргээр явуулсан юм. Галт тэргэнд явж байтал Түвшээгээс “Эхний тойрогт Японы Сүзүки, хоёрдугаар тойрогт Оросын бөх, түүнийг ялбал Солонгосын Чан Сонхутай барилдах юм байна” гэсэн мессеж ирлээ. Тухайн үед барилдаж байсан хамгийн хүчтэй, шилдэг тамирчидтай нэг  хэсэгт орчихсон байгаа юм. Тэгэхэд нь би “Түрүүлэхийн тулд бүгдтэй нь л барилдана шүү дээ. Хаана, хэзээ таарах нь сонин биш” гэж хариу бичиж байсан санагдаж байна.

-Олимпийн аваргатай боллоо гээд монголчууд бүгд хөөрч баярласан. Тэр үед яг хажууд нь байсан, тэр уур амьсгал, бүх зүйлийг бодитоор мэдэрч байгаа хүмүүст ямар байсан бэ?

-Эхний тойрогтоо Сүзүкиг нэг их зовлонгүй ялчихсан. Хоёрдугаар тойрогт барилдана гэж байсан орос нь Германы Бенжамин Берлатад ялагдаж, манай хүн Берлатаг амархан ялчихсан. Дараа нь солонгостой барилдахад их муудсан. Цаг дуусахад бараг ухаан алдчих гээд тэргэн дээр түрүүлээд орж ирсэн. Тэгж хамаг юмаа шавхаж барилдаж байж амжилтад хүрсэн дээ. Үзэж байгаа хүмүүст тэр таван минут богинохон хугацаа,  нэг их зовлонгүй барилдчихаж байгаа мэт санагдаж болно. Харин барилдаж байгаа тамирчин тэр таван минутад ямар их хүч, тэвчээр гаргадаг гэж санана. Багийн эмчээр ажиллаж байсан Энхээ ах спирттэй хөвөн үнэртүүлээд ч нэмэр болохгүй, Түвшээ их хүч гаргасандаа багтарч, амьсгаа нь давчдаад байж чадахгүй байсныг нь би нүдээрээ харж байлаа. Тэгээд хэсгийн аваргын төлөө Азербайжаны Мовлуд Миралиевтэй цаг сунгаж, маш хүнд барилдаан хийсэн. Бас л жигтэйхэн болчихсон орж ирсэн. Гадаа бороо орж байсан болохоор нойтон зүлгэн дээр хэвтэж арай жаахан онгойсон.

Алтан медалийн төлөө Казахстаны Асхат Житкиевтэй барилдах боллоо. Гэтэл Түвшээ бид хоёрыг нэг өрөөнд оруулаад, өрөөний хаалгыг багш дараад зогсчихов. Хааяа Тулга сайд л орж ирнэ, өөр хүн оруулахгүй. Түвшээ давчдаад байгаа бололтой газар хөрвөөх юм, ширээн доогуур орж суух юм. Юм ярих гэхээр тийм үед ярих зүйл олддоггүй юм билээ. Тэр үед яасныг мэдээгүй ч сүүлд дуулах нь ээ, Казахстаны хүмүүс манай багш нартай уулзаж, янз бүрийн яриа тохироо хийе гэсэн шиг байгаа юм. Казахстан бас олимпийн аваргатай болох гээд үзээд байна шүү дээ. Тэгээд манай багш нар Түвшээтэй янз бүрийн хүмүүс уулзаж элдэв юм яриад сэтгэл санааг нь хоёрдуулчих вий гэж болгоомжилж, хүнтэй уулзуулахгүй тусгаарлаж байгаад шууд татамид гаргасан. Барилдаан гурван цаг завсарласан, тэр хооронд Түвшээ сайхан ч сэргэсэн. Асхат Житкиевт өмнө нь ялагдаж байсан нь бас их нөлөөлсөн байх. Тэр казахыг тактикаар гоё ялсан шүү, тийм ээ. Асхат Житкиев барилдаж чадахгүй байсаар байгаад л ялагдсан. Би яг алтын төлөөх барилдааныг үзэгчдийн суудлаас үзэж чадаагүй. Мандаттай, үзэгчдийн суудлаас үзэх боломжтой байсан ч яагаад ч юм бэ, зүрх хүрээгүй. Насаа багш бид хоёр тамирчдын бэлтгэлийн өрөөнд зурагтаар үзсэн. Насаа багш уйлаад, чичрээд… Настай хүн сэтгэл нь хэт их хөдлөөд янз бүр болчих вий гэж санаа зовж байсан шүү.

Бээжингийн олимпийг монголчууд олуулаа үзсэнийг ч хэлэх үү, алтын төлөө барилдаад ялсан чинь тэнд хүмүүс эр эмгүй уйлалдаад бөөн юм болсон. Би өөрөө мандаттай, тамирчдынхаа мандатыг авч гараад тасалбаргүй монголчуудаа зөөж оруулах ажил хийж байлаа шүү дээ.

Олимпийн аварга болж ирчихээд хоёулаа машингүй, хүний машин гуйж унаад нутаг руугаа явъя гэж ярилцаад байж байтал Тулга сайд дуудав. Очсон чинь Монголын жүдо бөхийн холбооноос цагаан "Ланд 200" өгдөг юм байна. Хагартлаа баярлаад нутаг руугаа гарсан. Олон хүн хамт явсан. Их давхидаггүй, намбатай явдаг, найдвартай гээд надаар машинаа бариулахаар боллоо. Би өмнө нь "Ланд 200" унаж үзээгүй юм чинь. Машиндаа дасахгүй, олимпийн аваргыг авч яваа болохоор хашир, хариуцлагатай ч явж байгаа гэж жигтэйхэн. Эндээс их олуулаа цуваа үүсгээд явсан юм. Гэтэл би цуваанаасаа сугараад үлдчихнэ, нөгөө машинууд биднийг хүлээж зогсоод гүйцэж ирэхээр явна. Их удаан явсан. Тэгж найзынхаа буянаар "Ланд 200" гэдэг машиныг анх унаж үзэж байлаа.

Нутагтаа ирсэн хоёр

Аваргын "Аварга" наадам 

-2012 оны Лондонгийн олимпийн барилдаан анхны алтаас дутуугүй сэтгэл хөдөлгөж, бас монголчуудыг уйлуулсан?

-Ясны бөх гэж ямар байдгийг Түвшээгээсээ хардаг. Оюутан байхдаа л бэлтгэлийн төлөө төрчихсөн юм шиг байдаг байсан. Одоо ч хэвээрээ. 2008 оны олимпоос хөлдөө гэмтэл аваад, Америкт очиж эмчлүүлсэн шүү дээ. Тэгээд бэлтгэл хийгээгүй хэсэг завсарлаж, хүн бүр л найр наадамд урьж залаад хэсэг явсан. Тэгэхэд жин нь 125 кг хүрсэн шүү дээ. Би байсан бол тэр чигтээ л явчих байсан байх. Тэгэхэд манай хүн 25 кг-ыг нэг сарын дотор хаясан. 25 кг хасна гэдгийг үзээгүй хүмүүст үгээр тайлбарлаж ойлгуулах аргагүй. Дээд зэргийн тэвчээр, хөдөлмөр гаргаж байж сард 25 кг хасна шүү дээ. Тэгж их жин хасахаар ямар ч тамиргүй болчихдог. Тэр үедээ барилдаж ялагдаад ирэхэд нь сонин хэвлэлээр бас янз бүрээр бичсэн. Тэр үед шантарвал шантарч болох байсан. Гэтэл 2012 оны Лондонгийн олимпод оролцож, тэндээс мөнгөн медаль авч, нөгөө хөлөө өгсөн.

-Хөлөө гэмтээчихсэн байхад нь таны үүрч яваа зураг байдаг. Тэр үеийг эргэн дурсаач?

-2012 оны олимпод хэсгийн аваргын төлөө барилдаж байгаад хөлөө гэмтээсэн. Тэгэхэд найзыгаа ямар аугаа сэтгэл зүйтэй тамирчин бэ гэдгийг харсан. Хөлөө гэмтээчихээд бууж ирэхэд нь үүрээд явж байхад “Салчихсан байх аа наадах чинь, салчихсан байх аа” гээд л уйлаад байсан. Манай Түвшээ чинь их тэвчээртэй, баашгүй, баргийн юмыг тоодоггүй хүн шүү дээ. Тэгэхэд л уйлж байсан. Тэгээд алтын төлөө барилдана гэхэд нь “Одоо боль, мөнгөн медаль авчихлаа, болоо шүү дээ. Наад хөл чинь болохоо байчихаж. Бүр хөлгүй болвол яана” гэсэн чинь “Азаар дээр нь уначихвал яах юм бэ” гэж зүтгэсээр байгаад гарсан. Хөл нь санжигнаад хөдөлж болохгүй болчихсон байхад шүү дээ. Тэгээд Английн эмчээр боолгосон чинь буруу боогоод, гарч ирээд боолтыг нь авч хаяад, Цагаанбаатар, Түвшээ хоёр өөрсдөө боогоод гарсан. Олимпийн аваргын төлөө барилдаж байгаа Оросын бөх ч зүгээр нэг тохиолдлын хүн биш байж таарна. Өрөөсөн хөлгүй хүн түүнтэй яаж барилдах вэ дээ. Гараад ялагдсан. Дахиад олимпийн аварга болчих юмсан гэсэн хүсэл түүнд маш их байсан. Алтын дайтай мөнгө гэдэг чинь тэр шүү дээ. Монголд бүү хэл дэлхийд ч ховор амжилт. Тэр үед дэргэд нь байж, ямархуу байдалтай байсныг нь мэдэхийн хувьд олимпийн дараа “Түвшинбаяр Оросын бөхтэй тохиролцоо хийж, Путиний өмнө унаж өгсөн” гэсэн яриа гарахад их муухай санагдсан.

2012 оны Лондоны олимп. "Н.Түвшинбаяр аварга хүнд гэмтэл авсны дараа түүний багын найз, бэлтгэл хангагч, жүдо бөхийн ОУХМ, үндэсний бөхийн улсын начин Э.Энхбат үүрч оруулж ирлээ" гэсэн тайлбартайгаар нийтлэгдэж байв.

-Одоо Түвшээ аваргыг 2016 оны олимпод оролцох боломжтой гэж үзэж байгаа юм билээ?

-Түвшээ 2012 оны олимпийн дараа Америк руу эмчилгээнд явж, хөлдөө хагалгаа хийлгэсэн. Тэгээд 2008 онд бэлтгэлээ завсарласан шигээ завсарлаагүй, ирээд бэлтгэлээ үргэлжлүүлж, маш хурдан формдоо орсон. 2016 оны олимпод орох бололцоотой болчихсон, орно гээд бэлтгэлээ базааж байгаа. Маш том зорилготой, ясны бөх гэдгийг л дахин хэлмээр байна. Би түүний оронд байсан бол хоёр олимпоос медаль авчихлаа, одоо больё гээд л больчих байсан байх.

Түвшээ “Олимпод оролцож байгаа орнууд Монголоос судалгаа шинжилгээ, шинжлэх ухаан нь муу хөгжсөн, тамирчдынх нь бэлтгэл дутуу байна гэж байхгүй. Бүгд дээд цэгтээ хүртэл бэлдээд орж ирж байгаа. Тийм учраас сэтгэл зүйгээр илүү байж л эднийг ялна” гэж хэлдэг. Хэлж байгаа үг нь хүртэл цаанаа л нэг жинтэй шүү дээ. Сүүлд олж авсан боловсролоос илүү гэрийн хүмүүжил их чухал гэж боддог юм. Түвшээгийн аав, ээж нь мундаг хүмүүс байдаг юм.

-Олимпийн наадмын үеэр болсон өөр сонирхолтой, хүмүүст тэр бүр яриад байдаггүй зүйлээсээ хуваалцаач?

-Барилдааны таван минутын хугацаанд их юм болно шүү дээ. Тэр бүү хэл барилдахаар гарч явах замд олон юм болно. Биеэрээ барилдахаас өмнө сэтгэл зүйгээрээ барилдана. 2008 оны олимпод алтан медалийн төлөө барилдахдаа Казахстаны тамирчинд харуулж байгаад “All star”-ын витамин уугаад гарсан. Тэр нь улаан өнгөтэй, харахад сүртэй л дээ. Өрсөлдөгчөө сэтгэл зүйгээр нь буулгаж авна гэдэг чинь том ухаан шүү дээ. Олимпийн дараа Казахстаны тал хэл ам гаргаж, сэргээш байж магадгүй гэж савыг нь шинжилгээнд явуулсан гэсэн.

Чансаагаараа Дэлхийн аваргын дараа ордог Парисын Гранд сламд алтан медалийн төлөө Солонгосын бөхтэй барилдах болов. Тэгсэн манай хүн хаана ч хамаагүй байж байдаг, витамин гээд зараад байдаг шилтэй ундааны шошгыг нь хуулаад, “Гарч явахад нууж гаргаж өгөөрэй” гээд Болдоо багшийн цүнхэнд хийчихэж байгаа юм. Тэгээд өрсөлдөгчтэйгээ зэрэгцээд явж байхад нь жигтэйхэн нуугаад гаргаж өгсөн чинь манай хүн бас нууж уугаад, шилийг нь бушуухан буцааж өгөөд толгойгоо сэгсэрч, чичирч бариад сүйд болов. Тэгтэл солонгосчууд сүрхий сүрхий хараад, жив жув гээд сандралдаад явчихсан. Дөнгөж гарсан, бяртай байгаа хүн чинь ухасхийж барьж аваад хэд ширүүн сэгсрэнгүүт “Түрүүний уусан юм нь айхтар хүч тэнхээ оруулдаг юм байна” гээд л өрсөлдөгч нь сэтгэл зүйгээрээ яваад өгөх жишээтэй.

-Та хоёр олимпод найзынхаа бэлтгэл хангагчаар оролцсон. Тамирчин амжилт гаргахад бэлтгэл хангагч чухал нөлөөтэй гэж спортынхон ярьдаг?

-Би 2008, 2012 оны олимпод орох боломжтой байсан ч орж чадаагүй хүн дээ. Гэхдээ найзынхаа буянаар олимпийн хотхон дотор орж, олимпод оролцож байгаа тамирчин шиг явж, хоёуланг нь үзсэн. Түвшээгээ олимпийн аварга болоход нь өөрөө болсноос дутуугүй баярласан. Нэгэнт өөрөө олимпод барилдах боломжгүй юм чинь найзынхаа бэлтгэлийг хангалгүй яах вэ. Мэх давтахад нь сэтгэлээрээ хэд шидүүлчих юмсан гэж боддог. Хамгийн гол нь хийж байгаа зүйлдээ сэтгэлтэй л байх хэрэгтэй. Тэгэхгүй энэ юу юм бэ, би юу юм бэ гэсэн бодол баг хамт олон дотор байж болохгүй. Сэтгэл гаргасан юм шал өөр байдаг шүү дээ. Сэтгэлээсээ хийсэн хоол амттай болдог гэдэгтэй адил.

-Та хоёр одоо нэг жинд барилдаж байгаа байх аа. Хамгийн сүүлд ямар тэмцээн дээр таарав?

-БНХАУ-ын Чиндао хотод болдог жүдо бөхийн Гран при тэмцээнд бид хоёр таарсан. Тэгтэл Түвшээ орж ирээд “Миний гар болохоо байчихлаа. Чи барилд” гэж байна. Тэгэхээр нь би “Миний хөл өвдөөд байна. Би барилдахгүй, чи барилд” гэсэн чинь “Багш аа, энэ Энхбатыгаа хараач дээ, энэ чинь залхуураад байна” гэж багшид ховлоод… Найзыгаа ялчихаасай, медаль авчихаасай гэсэн бодол хоёуланд маань байгаад байгаа юм. Тэгээд хоорондоо барилдсан. Түвшээ намайг дэвжээн дээр гараад урдуур нь ороод унаад өгчих вий  гэж их айсан гэсэн.

-Хүүхэд байхаасаа өнөө хүртэл хамт байсан, бие биенийхээ бүх л зүйлийг мэддэг, бүх зүйлд хамт байсан, үнэхээр ховор сайхан найзууд юм аа?

-Бид хоёр олон жил нөхөрлөлөө. Одоо бол бие биенийхээ юу ярих гээд байгааг харцнаас нь ойлгоно гээд хэлчихэд буруудахгүй байх. Хүүхэд байхаасаа барилдаад өдий хүрчихсэн болохоор бие биенийхээ хаашаа хөдөлж, ямар мэх хийхийг бүгдийг нь мэднэ. Хоорондоо барилдахад их эвгүй, барилдаж болдоггүй. Бие биенээ мэх хийлгэдэггүй болохоор бид хоёр барьц сонгоогоор л давалцдаг. Манай найзууд биднийг хамт байхаараа шал өөр болчихдог гэдэг юм. Нийлэхээрээ найзуудыгаа шоолох, шоглох юман дээр их санаа нийлнэ. Манай жүдогийнхон хааяа завтай үедээ няслах шийтгэлтэйгээр хөзөр тоглодог юм. Тэгээд бид хоёр нөгөө хэдийгээ байнга нясалчихна. Манай Болдоо “Дух руугаа няслуулаад байсан чинь сүүлдээ дагз өвдсөн. Тархи хөдөлчихсөн байна” гэж байсан. Бид хоёр хоорондоо ярихгүй ч гэсэн ойлголцоод бусдыгаа хожчихдог болохоор манайхан бид хоёртой тоглохгүй, эсвэл та хоёр нэг хүний модоор тогло гэдэг юм. Тэгээд нэг хүний модоор хоёулаа тоглоно. Манай жүдогийнхон их сайхан хамт олон шүү дээ. Баг хамт олон, ар гэр, найз нөхөд бүх зүйл тэгширч байж амжилт гаргадаг байх. Амжилт гаргахад ар гэр гол нөлөөтэй. Түвшээгийн маань эхнэр сайн бүсгүй бий. Тэднийх хоёр хүү, нэг охинтой. Өөртөө том зорилго тавьчихсан хүн ар гэртээ цаг гаргаж, үр хүүхдүүдээ өсгөлцөөд байх зав чөлөөгүй бэлтгэл гээд л явна. Тэр бүх боломжийг бүрдүүлж, хүүхдүүдээ өсгөж, нөхрийнхөө санаа сэтгэлийг зовоохгүй ар гэрээ авч явна гэдэг том хөдөлмөр.

Бид хоёрыг сая гадаадад тэмцээнтэй явж байхад Түвшээгийн эхнэр, хүүхдүүд манайд ирж, манайхан зураг аваад явуулсан байсан. Түвшээгийн гурав (үүнээс хойш аваргынх дахин бүл нэмсэн), манай хоёр охин нийлээд таван тэрсхэн юм зэрэгцээд суусан чинь цэцэрлэг шиг харагдаж байна лээ шүү дээ. Саяхан л хоёулаа сахилгагүйтээд явж байсан, одоо гэр бүлийнхээ өмнө хариуцлага хүлээсэн аавууд болчихсон. Цаг хугацаа гэдэг хурдан өнгөрөх юм.

Улсын заан М.Өсөхбаяр бид нар гэр бүлээрээ сайхан нөхөрлөдөг. Шинэ жилийн эхний өдөр бид хэд гэр бүлээрээ Цэргийн амралтад очдог, Түвшээ өвлийн өвгөн болж хүүхдүүдэд бэлэг тараадаг уламжлалтай.

2015 оны нэгдүгээр сар


Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

3 сэтгэгдэлтэй

  • Зочин   [202.179.26.1]
      2017-11-24 10:49
    Ёстой жинхэнэ сайхан Монгол эрчүүд. Жинхэнэ эр хүний үлгэр дуурайлал. Эрчүүд ийм л сайхан байх хэрэгтэй. Би хэдийгээр эмэгтэй хүн ч гэлээ энэ ярилцлагыг үзээд үнэхээр сайхан сэтгэгдэл төрч бүр огшлоо ямар сайхан үнэнч нөхөрлөлтэй ,сайхан найзууд вэ гэж. . 2 сайхан тамирчиддаа гэр бүл , үр хүүхдүүдэд нь аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Хэдийгээр энэхшш ярилцлагыг их хожуу үзэж байгаа ч гэсэн маш сайхан санагдлаа. Түвшинбаяр аваргадаа, Энхбат начиндаа Спортын өндөр амжилт хүсье.

  • Зочин   [202.179.26.1]
      2017-11-24 10:49
    Ёстой жинхэнэ сайхан Монгол эрчүүд. Жинхэнэ эр хүний үлгэр дуурайлал. Эрчүүд ийм л сайхан байх хэрэгтэй. Би хэдийгээр эмэгтэй хүн ч гэлээ энэ ярилцлагыг үзээд үнэхээр сайхан сэтгэгдэл төрч бүр огшлоо ямар сайхан үнэнч нөхөрлөлтэй ,сайхан найзууд вэ гэж. . 2 сайхан тамирчиддаа гэр бүл , үр хүүхдүүдэд нь аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Хэдийгээр энэхшш ярилцлагыг их хожуу үзэж байгаа ч гэсэн маш сайхан санагдлаа. Түвшинбаяр аваргадаа, Энхбат начиндаа Спортын өндөр амжилт хүсье.

  • Yutr   [103.57.95.79]
      2017-11-18 05:41
    Wow yamar goy yariltslaga ve

Г.Занданшатар: Төрийн үйлчилгээг цахимжуулснаар авлига, хүнд суртал үгүй болно

Мэдээллийн технологийн бодлогын зөвлөл хуралдлаа.

  2017-12-15 04:06

Хотын дарга зочиддоо үндэсний брэндийг бэлэглэнэ

Нийслэлийн Инноваци хөгжлийн төвийг ашиглалтад оруулахаар зэхэж байна.

  2017-12-15 03:11

Ш.Анхмаа: Сүлд модны гэрэл асаах ёслол маргааш болно

Жил бүр Д.Сүхбаатарын талбайд “Сүлд модны гэрэл асаах ёслол”-ын арга хэмжээ болдог билээ.

  2017-12-14 11:13