Хайх зүйлээ бичнэ үү

13 мин

Зангаа хувиргаагүй Засагт ханы хөх харчууд

Санжийн Пүрэв: Их эд байгаа юм, цаадах чинь Сономын Лочин: Золиг чинь хардсан юм болов уу, арай ч үгүй баймаар юм


Өнгөрсөн зууны дунд үeийн үргэлжилсэн үгийн зохиолын томоохон төлөөлөгч, соёлын гавьяат зүтгэлтэн, Нацагдоржийн нэрэмжит шагналт Санжийн Пүрэв, Сономын Лочин нарыг “Андууд” буландаа урьж ярилцлага хийж байлаа. Тууж, өгүүллэг урлахдаа үг нь хаанаасаа ундардаг юм бол гэмээр хэрнээ өөрийнхөө тухай ярихаараа үгэндээ харам болчихдог дэндүү даруухан С.Пүрэв, “Паалантай төмөр, жонхуутай хавтсанд хууртахгүй” хэмээн даналзаж явсан, С.Эрдэнэ баавайг “20 банзал өгүүллэг бичсэн” гэж загнаж амжсан, хэлэмгий доломгой, хэнбэ гуайн өөдөөс ч хэг ёг хийчихэж чадах “тэрсүүд” С.Лочин нар нөхөрлөлийн түүхээ ийнхүү дэлгэсэн юм. Нэг голын усаар угаалгаж, ундаалж хүн болсон, нэг ангид сурч хүмүүжсэн, төрөөс хайрласан цол, уншигчдаас өгсөн шагнал нь  хүртэл адилхан хоёр зохиолч Засагт ханы хөх харчуудын төлөөлөл билээ. Харин С.Пүрэв баавайн бие сүүлийн үед тааруухан байгаа. Түүнд туслах хандивын аяныг зохиолч нөхөд нь өрнүүлж байна. Тиймээс түүнд болон түүний уншигчдад зориулан ярилцлагаа дахин нийтэлж байгаа юм.

Санжийн Пүрэв: Их эд байгаа юм, цаадах чинь

-С.Лочин гуай Та хоёр нэг нутаг усны улс. Сургуульд орохоосоо өмнө нэгнээ таньдаг байв уу?

-Тэгэлгүй яах вэ. Бид нэг голд төрж, өссөн болохоор хар нялхаасаа нэгнээ мэднэ. Дарвийн нурууныхан гэж бидний үeийн баахан тэрсхэн хүүхдүүд байлаа шүү дээ. 1940-өөд онд манай улсын хүн ам эрчимтэй өсөх маягтай болсон нь Хүрээ хийд тарж, лам нам хөдөөлж, эхнэр хүүхэд авсны буян гэж боддог юм.

-Та хоёрыг нэг ангийнхан гэж сонссон?

-Бид Дарви сумын бага сургуульд 1948 онд элсэж, дөрөвдүгээр ангиа дүүргээд, Тонхилд хамт очиж тавдугаар ангид орсон. Тонхил сум хуучин Засагт хан аймгийн Дайчин бэйсийн хошууны Усан зүйлийн хүрээний суурин дээр байгуулагдсан том сум шүү дээ. Төгрөг, Бугат, Дарви, Шарга гээд газар газрын хүүхдүүд Тонхилд очиж сурдаг байлаа. Лочин бид хоёр дотуур байранд хамт сууна. Дотуур байр гэдэг нь гэр шүү дээ. Лочин ном их уншдаг, орных нь ар талын ханын нүдэнд дандаа ном хавчуулаастай байдаг, их хичээнгүй хүү байв.

Тонхилд долоодугаар анги төгсөөд анги дэвшиж, аймаг руу явсан. Бид үг тонгоргож яриад сурчихсан, байнга тэгж ярьдаг байлаа. Гэтэл “Дарвийн хүүхдүүд хаанахынх нь мэдэгдэхгүй гадаад хэлээр яриад байна” гэж багшид матсан байж билээ. Би аймгийн сургуульд нэг жил суугаад хот руу явж, Лочин тэндээ аравдугаар анги төгсөөд МУИС-д орсон. Аймгийн сургуульд сурч байхдаа бид номын сангаас огт салдаггүй байлаа. Аймгийн номын сангийн эрхлэгч Лочинд их сайн. Номын фонддоо хүртэл оруулна шүү дээ. Ном их уншдаг байсан нь уран зохиолд шунан дурлаж, зохиолч болоход нөлөөлсөн байх.

-Нэг нутгаас төрсөн найз зохиолчдын цол, шагнал нь хүртэл адилхан байх нь бас л сонин тохиолдол байх?

-Хүйсийн говьд Дарвийнхан, Шаргынхан нийлж нутагладаг. Яг адилхан ажиллаж хөдөлмөрлөж, айл саахалт явсан өөр сумынхан Хөдөлмөрийн баатар болоод мандаад байдаг, манай сумаас Хөдөлмөрийн баатар төрдөггүй юм. Харин манай сум 13-14 гавьяаттай. Үүний ихэнх нь соёл, урлагийн салбарынх. Лочин бид хоёр бол Дарви сумаас төрсөн соёлын гавьяат зүтгэлтэн цолтой хоёр зохиолч. Соёлын гавьяат зүтгэлтэн, Нацагдоржийн нэрэмжит шагнал гээд авсан цол, шагнал нь хүртэл адилхан, дөрөө харшиж явдаг хоёр. Дарви сумаас төрсөн зохиолч гэвэл яалт ч үгүй бид хоёрыг нэрлэх байх. Бас бид Төрийн шагналт С.Дашдооров хэмээх аугаа хүний шавь.

-Найзынхаа зохиол бүтээлийг уншиж, санаа оноогоо хэлдэг л байлгүй. Шүүмжлэх, магтахын аль нь түлхүү байв?

-Лочин оюутан байхдаа 1960-аад оны сүүлчээр “Сэтгэлийн өнгө” романаа бичсэн. Бид гэр бүлтэй болоогүй, манайх Налайхад, Лочин Зайсангийн аманд гэр барьчихсан амьдарч байлаа. Нэгнийхээрээ их очно. Оюутан л болсон хойно, түлээ нүүрсээр тарчиг байсан юм болов уу, хүйтэн гэрт дээл нөмөрчихөөд зохиолоо уншиж суусан өдөр олон. Шүүмжилж байсан нь цөөхөн санагдана. Магтах талдаа л байж.

Лочин МУИС-ийн монгол хэлний анги төгссөн, орос хэл маш сайн эзэмшсэн хүн. Орчуулга сайхан хийнэ. Гарын үсэг, намтар судалдаг. Нацагдорж судлалаар Монголд толгой цохих эрдэмтэн гэдгийг олон нийт хүлээн зөвшөөрдөг. Үүнээс гадна маш олон судалгааны бүтээл туурвисан. Одоо Цэвээн Жамсрановын тухай ном бичиж байгаа гэнэ билээ. Их юм үзэж, судалсан, тун хөдөлмөрч хүн дээ. Хэнтэй ч, ямар ч сэдвээр хорин минут ярьчихна шүү, их эд байгаа юм, цаадах чинь.

-Та хоёр эсрэг, тэсрэг зан ааштай хүмүүс шиг санагддаг?

-Бид социалист нийгмийн бүтээгдэхүүн. Би Монголын радиод, Лочин Улсын хэвлэлийн газар улс төрийн номын рeдактороор олон жил ажилласан. Радиод ажиллаж байхдаа би Чeхэд амраад ирсэн хүүхдийн “Чeхийн амьтны хүрээлэнд байсан монгол адуу монгол хүн хараад янцгаасан” гэсэн яриаг радиогоор нэвтрүүлээд маргааш өглөө нь саарал байшинд дуудагдаж, үндэсний үзэл дэвэргэлээ хэмээн донгодуулж байлаа. Ийм нөхцөлд олон жил ажиллахаар хүн хэлэх ярихаа их боддог болдог юм байна. Би бол “Ингэж хэлж болохгүй байх, тэгж хэлж болохгүй байх” гэж их боддог. Лочин надаас илүү хатуу хяналттай ажил хийж байсан хэрнээ надаас ялгаатай нь хэнд ч, юу ч гэж хэлэхээсээ сийхгүй. Чөлөөтэй авна шүү дээ. Энэ бол чадалтай хүний хийдэг ажил. Чадал муутай хүн бол элдэв юм ярьж байгаад хэрэгт ордог байсан цаг шүү дээ.

-Тэгвэл Та хоёрт адилхан зан чанар бий юу?

-Бичиж туурвихад залхуурдаггүй хэрнээ гэр орны ажилд жаахан хойрго зан маань адилхан юм болов уу. Бид Москва руу Нийгмийн ухааны акадeмийн курст хамт явсан юм. Тэнд очоод байрандаа ороход цаанаас ганц данх өглөө. Бид данхандаа цай чанана, хоол ч хийнэ. Тогоо, сав авахаасаа залхуурсан хэрэг л дээ. Тэр хавийнхан биднийг их гайхаж ярьдаг байсан гэнэ билээ.

-Найзтайгаа хэр ойрхон уулзаж байна вэ?

-Уг нь Лочингийн, манайх их ойрхон байсан юм. Eрдөө замын урд, хойно байсан болохоор өдөр бүр шахам уулздаг, бид хоёрыг нийлээд алга болбол эхнэр хүүхдүүд хоорондоо утсаар яриад сураг ажиг тавьчихдаг байлаа. Манайхыг Гачууртад төвхнөснөөс хойш уулзах зай маань холдоод байна. Гэр холдсоноос гадна нас өтөлж, хөл гар муудсан болохоор тэр бүр хот руу орж, уулзаж учраад явж чадахаа байж, утсаар ярьчихаад л сууж байдаг болсон. Бид залуудаа нийлж хатуу ундаа зооглодог л байлаа. Дээхнэ үeд чинь уух газар олддоггүй их хэцүү байв шүү дээ. Одоогийнх шиг баар рeсторан элбэг байсан биш. Манай хөгшний сургуульд анги түгжүүлээд ууж байсан удаа ч бий. Одоо би уухаа больсон болохоор манай хүн жаал ганцаарддаг шиг байгаа юм. Бид одоо сархдын тухай ярихаа болиод “Чи миний тийм ном авсан, би чамд ийм ном өгсөн” гэсэн хэрүүл хааяахан хийчихээд л сууж байдаг болсон шүү дээ.

Биднийг ийн ярилцаж байтал зохиолчийн гэргий Д.Лхагвасүрэн гуай ярианд оролцож, “Манай Лочин сайн залуу шүү дээ” гэхэд Пүрэв гуай “Сайн өвгөн гээч” хэмээн инээд наргиа нэмэв. Лхагвасүрэн гуай “Гэр ойрхон байхад бид байнга нэгнийхээрээ орж гардаг, хүний өөрийнхийгөө мэдэхээ байчихсан байсан. Лочин их хүн чанар сайтай хүн. Пүрэв хойно сурч байхдаа намайг урьж аваачсан юм. Тэгэхэд Лочин надад юу авч явах, юу хэрэг болох талаар зөвлөгөө өгч, миний чeмоданыг бараг бэлдэж өгч билээ.

Залуу насны сайхан дурсамж бидэнд олон бий. Пүрэв бид хоёрыг нийлж байх үeд бид байнга хамт явдаг байлаа. Нэг орой манайх руу явж байгаад Лочингоо төмөр хашаанд өлгөчихөж билээ. Tойрч явахаасаа залхуурч, сургуулийн хашаа давцгаасан юм. Пүрэв бид хоёр хашааг давж, цаана нь буучихаад эргээд хартал мань хүн пальтоныхоо хормойгоор хашаанд өлгөгдчихсөн, дөрвөн мөчөө сарвагануулчихсан байж байсан. Бид хоёр нөгөөхөө салгаж авах бүү хэл элэг хөшөөд уначихсан. Дараа нь хүнд битгий хэлээрэй гэж байж билээ.

Анх нарийн хилэн гарч байхад хүүхнүүд олж авах юмсан гэж их сурагладаг байлаа. Лочингийн эхнэр бид хоёр бас ярьж байсан юм. Гэтэл Лочин нэг өдөр “Өнөөх чинь энэ мөн үү” гэсээр эрэгтэй хүүхдийн дүрэмт хувцас хийдэг савхан хилэн барьчихсан ирэв. Дэлгүүрт хилэн гарч байна гээд хүмүүс дугаарлаж байхаар нь зөндөө удаан дугаарлаж, ар өврийн хаалга хэрэглэж байж нэлээд хэдэн метрийг аваад ирсэн нь тэр байж. “Бидний сураглаад байгаа нарийн хилэн биш, бүдүүн хилэн байна” гэтэл “Чи юм оёдог хүн аргыг нь олоод хэрэглэ” гээд манайд орхиод явчихаар нь би хэдэн хүүхдэдээ өмд хийгээд өгчихсөн. Охид маань одоо “Эрэгтэй хүүхэд шиг өмд өмсүүлдэг байсан” гэдэг юм” хэмээн дурсав.

С.Лочин: Золиг чинь хардсан юм болов уу, арай ч үгүй баймаар юм

-Олон жил найзлахаар адилхан болчихдог юм уу. Пүрэв гуай Та хоёр их адилхан юм аа?

-Бид хоёрыг бага байхын л адилхан гэдэг байлаа. Бид сайнаар яривал садан төрөл хүмүүс шүү дээ.

-Пүрэв гуай багадаа ямар хүүхэд байв?

-Бид дунд сургуульд eсөн жил хамт сурсан. Тонхилын дунд сургуульд байхын л хөлбөмбөг сайн тоглодог, сонин хачин юм сэтгэж ярьдаг, сахилгагүй нөхөр байсан.

-Сонин хачин юм нь юу байх вэ?

-Хүний авьяас гэдэг сонин. Санаанд оромгүй хачин, хачин юм сэтгэж фантаазлаж, үлгэр домог шиг юм ярина. Зохиолч болох авьяас нь дөрөв, тавдугаар ангиас илэрч байсан нь тэр юм болов уу гэж боддог.

-Яруу найрагч Т.Очирхүү агсан, Пүрэв гуай, Та гурав Налайхад бужигнуулж явсан тухайгаа дурсаач?

-Пүрэв eсдүгээр ангиасаа Худалдааны тeхникумд явж, би аравдугаар ангиа төгсөөд Их сургуульд ирсэн юм. Тэр хооронд хэсэг холбоо тасраад 1964 онд Налайхад тааралдсанаас хойш хувь заяа биднийг холдуулсангүй дээ. Т.Очирхүү Дорноговийн Анагаахын дунд сургууль төгсөөд Налайхын Улаан загалмай нийгэмлэгт ирчихсэн, Пүрэв уурхайн эвлэлийн хороонд нягтлан бодогч, би уурхайн үйлдвэрчний хорооны дарга, намын хороонд зааварлагчаар ажиллаж байлаа. Хорин хэдтэй гурван залуу тэнд ёстой гялалзаж, уран бүтээлийг гялалзуулж байлаа. Нэгнээ ирлэж хурцалдаг, хөглөдөг байсан болохоор хэн хэн маань тэр жилүүдэд олон сайхан уран бүтээл туурвисан. Сайхан жилүүдийг Налайхад үдсэн дээ.

-Пүрэв гуайг эхнэртэйгээ дотносоход Та хувь нэмэр оруулж явав уу?

-Үгүй ээ, миний нэмэр ч юу байх вэ. Би Пүрэвийн эхнэрийг “Маршал Лхагвасүрэн” гэж дууддаг юм. Энэ хоёр маань Налайхын Эвлэлийн хороонд ажиллаж байхдаа танилцаж, дотноссон улс. Лхагвасүрэн Налайхдаа нэртэй онц сурлагатай охин байсан болохоор Эвлэлийн үүр сургуульд явуулалгүй татаад авчихсан юм билээ. Тэнд Пүрэвтэй танилцаж, гэр бүл болсон. Лхагвасүрэн сүүлд Багшийн дээдийн тооны анги төгссөн. Тоондоо сайн хүн болохоор Пүрэв, бид хоёрын дэргэд их ухаантай, том хүн гэж бодож хүндэлдэг юм шүү дээ. Арван жилдээ гайхагдаж байсан ангийн дарга, ухаантай хүүхэн Пүрэвийн авьяасыг олж харж ханилснаар нэг сайхан гэр бүл бий болж, Пүрэв маань насаараа л аз жаргалтай сайхан амьдарч байна.

Ингэхэд, залуу байхад болсон явдлыг ярьчихвал болох юм болов уу. Би хараахан гэр бүлтэй болоогүй байсан болохоор Пүрэв Лхагвасүрэнг эргүүлж байх үeд гурвуул хамт ийш тийш их явдаг байлаа. Нэг удаа Лхагвасүрэнгийн ахынд очихоор Төрхурах руу явсан юм. Пүрэв гэрэл зураг сонирхдог болохоор аппаратаа хүзүүндээ зүүчихсэн, зураг дараад явав. Би Лхагвасүрэнтэй хамт урд нь ороод алхаж явтал араас зураг дарчихсан байсан. Тэгээд дараа нь “Та хоёр суучихвал яасан юм бэ, их аятайхан хос болохоор харагдаж байна шүү дээ” гэж тоглоом шоглоом хийж байсан. Золиг чинь хардсан юм болов уу, арай ч хардана гэж баймааргүй юм.

-Та найзыгаа зохиолчийнх нь хувьд хэрхэн дүгнэдэг вэ?

-Би Пүрэвийн олон зохиолынх нь анхны уншигч болсон байх аа. 1967 онд “Цэрэг эрийн тууж”-аараа Санжийн Пүрэв гэж ийм зохиолч байна гэж өөрийгөө тунхагласан. Уг туужийг “Цог” сэтгүүлд гарангуут Д.Цэнд гуай шүүмж бичиж, “Сайн тууж болсон байна, нэрийг нь “Анхны хайрын тууж” гэсэн бол илүү онох байж” хэмээснээр утга зохиолд хүлээн зөвшөөрөгдсөнийг зарласан. Түүнээс хойш Пүрэв нэг ч муу тууж бичээгүй. Тууж бичсэн олон хүн бий. Гэхдээ Монголын тууж бичлэгийг “Цэрэг эрийн тууж”-аараа шинэ шатанд гаргаад, одоо хүртэл авч яваа хүн бол Пүрэв. Өгүүллэгээр ч гэсэн ярих юм байхгүй. Насаараа С.Эрдэнэ, П.Лувсанцэрэн хоёрын дараа ордог болохоос тэдэнтэй эн зэрэгцүүлж ярихад болохгүй юмгүй гэж би боддог. Манайд авьяастай хүмүүс л адлагддаг хойно. Пүрэвийг Төрийн шагналд хэд хэдэн удаа нэр дэвшүүлээд өгөөгүй юм. Төрөлхийн авьяастай, тэгсэн хэрнээ өөрийгөө магтаад, магтуулаад явдаггүй даруухан хүн шүү дээ. Даруу зан нэг талаараа чимэг боловч нөгөө талаар өөрийгөө дарж бүдэгрүүлэхэд нэмэр болдог шиг байна. Ялангуяа энэ нийгэмд өөрийгөө магтдаггүй хүн хол гишгэхгүй юм байна шүү дээ. Би хамт өсөж, өтөлж яваа ч гэлээ уран бүтээлчийнхээ хувьд Пүрэвийнхээ авьяаст атаархаж явдаг.

-Та хоёр Төрийн шагналт С.Дашдооровын шавь гэдэг. Хэзээнээс багш шавь бололцсон юм бэ?

-Бид 1965 оноос С.Дашдооров багшийнд очдог болсон. Багш “Миний багш С.Надмид байсан юм. Шавь гэвэл Ж.Лхагва, С.Пүрэв, С.Лочин гурав байлаа. Ж.Лхагватай маазарсаар байгаад найз болчихсон. С.Лочин, С.Пүрэв хоёр миний шавь” гэж хэлдэг байсан. Номд нь ч ингэж хэлсэн тухай нь байдаг. Энэ бол том хүндлэл юм даа

-Пүрэв гуай Гачууртад төвхнөсөн. Гэр холдсон болохоор ойр ойрхон уулзаад байж чадахгүй байна уу?

-Сэтгэл ойрхон байгаа цагт гэр хол ч байсан уулзъя гэвэл уулзчихна. Тэднийх Гачуурт руу нүүснээс хойш хөгшин бид хоёр хэд хэдэн удаа очсон. Очоод л согтчихно. Пүрэв уухаа больчихсон чинь уулзахад их урамгүй болчихоод байна. Хоёулаа адилхан байвал сайхан байдаг байхгүй юу. Нэг нь эрүүл, нэг нь халамцуу нүдээр биe биeэ харахаар ямар олигтой байх вэ дээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
2
10 цагийн өмнө
Криштиано Роналду цар тахлын үеийн цалингаа нөхөж авахаар заргалдаад яллаа
3
11 цагийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.