Хайх зүйлээ бичнэ үү

мин

Б.Наминчимэд: Манайд эрх чөлөөний ч, ардчиллын ч хамгийн адаг, дорд хэлбэр нь хэрэгжиж байна

Mуу санаагүй, оргилуун, омголон, заримдаа муйхар ч юм шиг, товчхондоо “Тунгалаг Тамир”-ын Эрдэнэ бол Засагт ханы хөх харчуудын сонгодог дүр.


Зохиолч, сэтгүүлч Баасангийн Наминчимэдтэй ярилцлаа.

-Хүний тухай яриулж явснаас өөрийнхөө тухай тэр бүр ярьж яваагүй хүнтэй уулзаж байгаагийнх. Өөрийн тань тухай л түлхүү яриулъя гэж бодож байна. Та Говь-Алтайн уугуул байх аа?

-Би Говь-Алтай аймгийн Халиун сум, Халиун голын хөвөөнд төрсөн хүн. Миний нутаг алтай, хангай, говь хосолсон өвөрмөц тогтоцтой. Шаргын говийн урд үзүүр элс, бут, заг, баянбүрд гээд говь нутгийн өнгө төрхийг бүрэн багтаасан уужим тал цэлийж, хоёр талд нь Хар азаргын нуруу, Хан тайширын нуруу дүнхийж, хар модон ой шуугин, булаг ус нь бургилж, буга, согоо урамдаж байдаг сайхан нутаг даа.

Хар азаргын нурууны Цагаан голын аманд байгаль эх хэдэн мянган жил хадгалж ирсэн чулуун зэвсгийн үед хамаарах маш нарийн дүрслэлтэй хадны сүг зургийн үзэсгэлэн бий. Eр нь Хар азаргын нуруу, Хан тайширын нуруу хоёр бол тэр аяараа хадны сүг зургийн цуглуулга. Энэ нь их эрт цагт тэнд хүн аж төрж байсныг илтгэдэг. Одоо ямар болсныг мэдэхгүй, намайг багад уулын бэлийн томоохон хадыг сөхөхөд доороос нь чулуужсан дун гарч ирдэг байсан. Далайн ёроол байсан нь эндээс мэдэгддэг. Байгалийн их баялагтай, түүх домог ихтэй. Чингис хааны онгоныг тээж ирсэн хар азаргыг онголж тахиад тавихад азарга тэр нуруунд гарч нутагласнаар Хар азаргын нуруу гэх болсон гэдэг. Хантайширын нурууны нэр бол хаадыг тайх гэсэн утгатай. Үе үеийн Засагт хануудын булш бунхан тэр нуруунд бий. Урд нь Бурхан буудай гэж ер бусын үзэсгэлэнтэй сайхан уул буй. Бурхан нэртэй уул Монголд хоёр, Азид бол гуравхан байдаг юм. Бурхан халдун, манай Бурхан буудай, Хөх нуураас Төвд орох замд бас Бурхан буудай  гэдэг уул бий. Уулсаа Бурхан нэрээр нэрлэх нь их онцгой тохиолдол л доо.

Засагт хан аймаг бол Ар Монголын дөрвөн том аймгийн нэг, Ар Халхын анхны гурван ханы нэг. Баянхонгор, Завханы баруун тал, Увс, Хөвсгөлийн өмнөд тал, Ховдын зүүн бие, Говь-Алтайн нутгийг бүхэлд нь хамарсан том газар нутагтай Засагт хан аймгийн төв нь өнөөгийн Алтай хотын баруун урд, Хантайширын нурууны бэлд байсан. 1549 онд Гэрсэнз Жалайр хунтайж нас барж, түүний долоон хүү ар халхыг хуваан захирахад Хантайширын нуруу тэдний нэг Ноёнтой Хатанбаатарын эзэмшил болсон. Ноёнтой Хатанбаатар орд өргөөгөө байгуулснаас хойш Засагт хан аймгийн төв Хантайширын нурууны бэлд нутаглаж, шашин соёл, засаг захиргааны томоохон төв болж байж. Хантайширын нурууны ар, өвөрт хоёр том хийд байсны туурь одоо хүртэл бий. Өврийн хүрээг монголчуудын олонх нь эчнээ мэдэх байх. Л.Түдэв гуайн “Оройгүй сүм” романд гардаг үүх түүх бол Өврийн хүрээтэй холбоотой юм. Арын хүрээ бол Засагт ханы төв хүрээ. Ийм л үүх түүх, байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар төрж өссөн хүн дээ, би. Мэдээ орохоосоо Шаргын говийн уудам цэлгэр хээлийг харж, хоёр талыг сүрлэг уулыг биширч өссөн нь байгаль дэлхийдээ ойр байж, аялж, нууцыг нь таньж мэдэх, үүх түүхийг нь сонирхож судлах дуртай болсны шалтгаан байх. Их түүхээ сонирхох хэрээр улам татагдаж байна. Хээр, байлгалд тэнэх дуртай. Тэндээс тайвшрал, амралт, чөлөөт байдлыг олж авдаг. 

-“Засагт ханы хөх харчуудыг хэцүү л гэдэггэж Итгэлт баян хэлдэг дээ?

-Яагаад Засагт ханы хөх харчуул хэцүү гэдэг гээч. Ихэс дээдэс, дарга даамлаас айж бэмбэгнээд, долгиноод байхгүй, бодсон санаснаа түс тас хэлчихдэг, бодсон зүйлээ дотроо хадгалаад явдаггүй, муу санаагүй, оргилуун, омголон, сэтгэл нь хөдлөөд нэг юм руу зүтгэвэл юу руу ч орчихож мэдэхээр, заримдаа муйхар ч юм шиг, товчхондоо “Тунгалаг Тамир”-ын Эрдэнэ бол Засагт ханы хөх харчуудын сонгодог дүр мөн. Их тууштай, үзэл бодолдоо үнэнч, цөлх, шударгадуу, төвч нуруутай, бас их гэнэн, цайлган цагаан сэтгэлтэй хүмүүс байдаг юм. Уулын мод урттай, богинотой гэж, бүгд адилхан байна гэж юу байх вэ. Гэхдээ нэлээд нийтлэг харагддаг шинж чанар нь энэ.

-Сумын төвийн хүүхэд үү, бүр хөдөө буйдын хүү юү?

-Бага нас минь Хантайшир уулын бэлд өнгөрсөн. Багадаа аймгийн төвд түрхэн зуур орж ирсэн, мөн хотод хоёр жил болж, Дэнжийн мянгын 39-р сургуульд нэгдүгээр ангид суралцсаныг эс тооцвол Халиундаа наймдугаар анги төгстлөө байсан даа. Бидний үеийн сумын төвийн хүүхдийн амьдрал жинхэнэ аз жаргалаар бялхаж байлаа. Халиуны хонхорт өдөржин л тоглож наадна. Дутагдах гачигдах зүйлгүй, айх ичихийн зовлонгүй, амгалан тайван, сайхан үе байж. Манай сум нэгдлийн дарга Г.Лодойхүү баатар гэж домог болсон хүн байлаа. Халиун нутгийг залуусын зорьж, дурлаж ирдэг төв болгох зорилго тавьж, түүнийхээ төлөө маш их зүйл хийсэн. Манай сум маш их модтой, 20-иод га газарт жимсний мод тарьчихсан, тэнд нь чацаргана, алим, ранетка, үхрийн нүд, шар чавга зэрэг олон төрлийн жимс ургана. Намар болохоор жимсээ идэж ханаад хоорондоо байлдаж тоглоно, бидний үеийнхэн ранеткаар байлдаж өслөө шүү дээ. Ийм л аз жаргалтай, гэрэл гэгээ дүүрэн бага насыг үдсэн дээ.

-Илгээлтээр хөдөө гарч, хоньчин болж явсныг чинь гэрчилж үлдсэн гэрэл зураг харсан.

-Сумандаа наймдугаар ангиа төгсөөд аймгийн төвийн арван жилийн нэгдүгээр сургуульд есдүгээр ангид дэвшиж, 1987 онд аравдугаар ангиа төгссөн юм. 1985 оноос ЗХУ-д өрнөж эхэлсөн өөрчлөн байгуулалт, шинэ сэтгэлгээ гээчийн давалгааны зах зух Монгол оронд мэдрэгдэж, нийгмийн хөгжлийн гарцыг эрж хайсан оюун санааны эрэлхийлэл хүчтэй болсон үе л дээ. Аймаг, сумандаа боловсролтойд тооцогдох сэхээтнүүдийн дунд “Яавал хөгжлийн шинэ гарцыг олох вэ, социализмын зогсонги байдлаас хэрхэн гарах вэ” гэсэн яриа их өрнөдөг болсон байлаа. Тухайн үед төр барьж байсан МАХН-ын Төв хороо ч үүнд анхаарч байсан. Гэхдээ хаширлаж, болгоомжилж, алгуурласан тал бий. Олон түмэн өөрийн эрхгүй шинэ зүйл эрж хайж, нийгмийн хөгжлийн шинэ уур амьсгалыг хүсэн хүлээсэн хандлага биднийг аравдугаар анги төгсөж байх үед ид бүрэлдэж бий болж байсан. Залуусын тэр хандлага маш олон янзаар илэрч байлаа. Эх орны аль хэрэгцээтэй газар очиж ажиллаж, амьдрах ёстой юм байна гэсэн уриалга, хүсэл бодол бол залуус шинийг эрэлхийлж байсны нэг илрэл. Хөдөө аж ахуйн салбарт ажиллах хүчний хомсдол их байсан. Залуус хот суурин бараадаад явчихдаг, хөгшид малынхаа захад үлддэг явдал тэр үeд байсан, одоо ч ялгаагүй л байна. Манай ангийнхан “Хүн хүч хамгийн хэрэгцээтэй газар бол хөдөө аж ахуй юм байна. Хөдөө гарч ажил сурч, амьдрал үзьe” гэж ярилцаад Говь-Алтай аймгийн Бугат сумын “Социализмын зам” нэгдэлд хоньчноор очсон.

Сурлага муутай, их сургууль бүү хэл ТМС-т ч орох боломжгүй хүүхдүүд голдуу мал дээр гардаг гэдэг ойлголтыг сөрж, cурлага сайтай ч гэсэн заавал их, дээд сургууль, хот суурин газар руу зүтгэхгүйгээр эх орныхоо хэрэгцээтэй газар очиж ажиллах амьдрах мөрөөдөлтэй хүүхдүүд байдаг юм шүү гэдгийг харуулъя хэмээн хөдөөг зорьж байлаа, бид. Их оргилуун байж дээ.

1988 оны хавар. Зүүн гар талаас эхнийх нь илгээлтийн эзэн Б.Наминчимэд

-Таныг онц сурлагатан байсан гэж сонссон. Танай ангийнхан eр нь сурлагаар хэр байсан бэ?

-Бүхэл бүтэн нэг ангид онц сайнаас эхлээд бүгд байж таарна. Eр нь бол тун дажгүй хүүхдүүд байсан шүү. Би арван жил онц сурсан. Биднийг төгсөх жил манай нэгдүгээр арван жилийг 346 хүүхэд төгссөн. Манай сургуулийн түүхэнд ийм олон хүүхэд төгсгөсөн тохиолдол өөр бараг байхгүй байх. Аймгийн хэмжээнд 500 гаруй хүүхэд төгссөн. Дүнгээр жагсаахад би зургаад бичигдэж байлаа. Гадаадын их, дээд сургуулийн хуваарь чөлөөтэй авахаар байсан. Тэгэхээр гайгүй л байсан байгаа биз.

-Ангиараа илгээлтээр явна гэхэд эцэг эхчүүд дургүйцэх ч юм уу, ангийнхнаас өөр санаа оноо гаргах явдал байв уу?

-Байлгүй яах вэ. Сурлага гайгүйтэй хүүхдүүдийн ээж, аав нь дургүйцнэ. Гэхдээ 18-19-тэй залуус нэг сэтгэл нь хөдлөөд пэжигнэчихвэл юунд ч дийлддэггүй, ямар ч хориг саадыг даваад гардаг юм билээ л дээ.

-Хөдөөгийн баясгалан, Загийн алим кино шиг л байв уу?

-Тийм. “Загийн алим” кино яг тэр үeд гарсан нь бас нөлөөлсөн байх. Гэхдээ кино, бодит амьдрал хоёр өөр байсан. Бид гурав, дөрвөөрөө нийлж суурь хонь аваад биe даан малласан. Суурь бүрт нэг багштай. Багш маань байнга хажууд байхгүй. Ойролцоо нутаглаж, хааяа хэлж зөвлөх зүйл байвал зөвлөнө. Амьдрал бидний төсөөлж байснаас өөр байлгүй яах вэ. Гэхдээ олон сайхан дурсамж, амьдралын асар их туршлагыг тэр жилүүдээс авч үлдсэн.

Бугат сумын нэгдлийн дарга хөдөлмөрийн баатар О.Ядамхүү гэдэг хүн байлаа. Нутгийнхан “Хөх дарга”, “Я дарга” гэж авгайлна. Намын үүрийн дарга Ч.Бодь гэж уул Алтай шигээ нөмөр түшигтэй хүн байх. Энэ хоёр хүний нөөлөг дор, Бугат сумын ажилч хичээнгүй, монгол малч ухаанаа өвөлж үлдсэн олны дунд таван жил шахам ажиллаж хөдөлмөрлөж, их, дээд сургуульд сурч байх насаа хонь хариулж өнгөрөөсөн. Говь-Алтай аймгийн Бугат сум их өвөрмөц нутаг. Зуслан, өвөлжөө нь хоорондоо 150-200 км зайтай. Эхний жил бид нүүдлээ тоолж, тэмдэглэж байлаа. Тэгэхэд 45 удаа нүүдэл хийж, 250-иад км газар нутаг сэлгэсэн байсан. Ихэнхдээ тэмээгээр нүүнэ. Малчдын амьдрал гэдэг чинь суурин газрынхны хувьд огт мэдэхгүй eртөнц шүү дээ. Тэр eртөнцтэй сайн танилцаж авсан даа.

-Танд мал маллах туршлага, суурь мэдлэг eр нь байсан уу?

-Би сумын төвийн хүүхэд. Зуны амралтаар хөдөө гардаг л байсан. Гэхдээ зуны амралтын хэд хоногийг хөдөө өнгөрөөх, жинхэнэ утгаараа мал маллах хоёр тэнгэр, газар шиг ялгаатай. Төв суурин газрынхан зуны амралтаар хөдөө очсоныгоо хөдөөгийн амьдралыг мэддэг боллоо гэж ойлгоод байдаг. Өвлийн хүйтэн, хаврын хавсаргатай бодит амьдрал зуны дэлгэр цагийн тэнүүн сайхан өдрүүдээс огт өөр шүү дээ. Хавар мал төллөх үeэр “нусаа хацартаа наана”. Бид хөдөө байсан дөрвөн жил гаруйн хугацаанд ган, зудаас эхлээд юм юм л үзлээ. Ямар ч их дээд сургуульд, ямар ч эрдэмтэн докторын заагаагүй ховор нандин эрдэм ухааныг тэр он жилүүд өгсөн.

-1987 оноос хойш таван жил шахам болсон гэхээр нийгэм солигдож, мал хувьд очсоны дараа хот руу орж ирсэн юм байна шүү дээ?

-1990 оны сүүлчээр нэгдэл тарж, бид тал тал тийшээ явцгаасан. Аймгийн сургуульд сум, сумдаас ирсэн хүүхдүүд байсан учраас манайхны зарим нь малаа хувьчилж аваад нутаг руугаа явсан. Зарим нь тэндээ шингэж үлдсэн. Зарим нь ч хот суурин газар бараадсан.

-Илгээлтээр явуулахдаа хэдэн жил болоод сургууль соёлд явуулна гэсэн амлалт өгдөг байсан гэдэг. Нийгэм солигдоод та нарыг сургуульд явуулахтай манатай болсон уу?

-Илгээлтээр гарсан хүүхдүүдийг гурван жил болгоод ХААДС-т сургана гэдэг байсан. Тэр нь хоёр талтай. Нэг талд нь, хөдөө аж ахуйн боловсон хүчнийг анхан шатнаас эхэлж бэлтгэх улсын бодлого байсан. Гурван жил мал маллуулаад дээд сургуульд сургаж малын эмч, зоотeхникч, нэгдлийн дарга болгох боловсон хүчнээ бэлтгэдэг байв. Нөгөө талд нь, сургуульд орж чадаагүй хүмүүс иймэрхүү маягаар сургууль соёлд ордог явдал байсан. Бид бас үүнийг сөрж, заавал их, дээд сургуульд орно гэсэн гэрээ хийхгүй, ямар ч байсан мал маллаж, амьдрал үзьe л гэсэн.

Миний хувьд 5-6 дугаар ангиасаа уран зохиолын амтанд орж, зохиолч болохын тулд амьдрал үзэх ёстой юм байна, амьдралыг жинхэнэ утгаар нь туулж байж юм бичих юм байна гэсэн ойлголттой болсон байсан. Тэгээд хүссэнээсээ ч илүүг туулсан.

-Мал хувьчлах сургаар төв суурин газраас олон хүн хөдөөг зорьсон. Харин та хот руу зүглэсэн юм аа даа?

-Нийгэм өөрчлөгдөж, хүмүүсийн үзэл бодолд том өөрчлөлт гарлаа шүү дээ. “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” гэдэг хуучин нийгмийн суурь үзэл санаа бүрэн өөрчлөгдөж, хүн бүр хувиа бод гэсэн шинэ үзэл хандлага гарч ирсэн нь миний хувьд үзэл бодлын том цохилт болсон. Нийгэм яагаад ийм болчихов гэсэн асуулт, цаашилбал, хүн төрөлхтөний нийгэм оршин тогтнох, хөгжих дэвшихийн язгуур үндэс юу байдаг юм бэ гэдгийг эрж хайх хүсэл өөрийн эрхгүй төрсөн. Магадгүй тэр уран бүтээлчийн дотроос өндийсөн гал байсан байх. Тэгээд хот руу ирж, Жамъянгаравын нэрэмжит Дорно дахины утга зохиолын дээд сургуульд орсон.

-Аравдугаар анги төгсөөд 5-6 жил өнгөрчихсөн, хоньчин залуу яаж дээд сургуульд орсон нь сонин санагдаж байна?

-Би хөдөө байхдаа Уламжлалын акадeмийн захирал Л.Дашням гуайтай захидлаар харилцдаг байлаа. Л.Дашням гуай миний юу хүсэж, сонирхдогийг eрөнхийдөө гадарласан юм уу, “Манай сургуульд ор” гэдэг байв. Ингээд “Монгол мэдлэг” дээд сургуульд орохоор алхаж явтал 50-р дэлгүүрийн үүдэнд яруу найрагч, утга зохиол судлаач, шүүмжлэгч Ч.Дагвадорж багш таарлаа. 1988 оны хавар санагдана, намайг Бугатад хоньчин байхад бид тааралдаж байсан юм. Цасан шамаргатай хүйтэн өдөр нэг төлөг бөөмтөөд үхчихсэн, би хажууд нь зогсож байтал УАЗ 469 машин давхиж ирж, сумын намын үүрийн хорооны дарга Ч.Бодь гуай, дипломат цүнх барьсан, урт шар үстэй хүнтэй хамт бууж ирсэн нь Ч.Дагвадорж багш байлаа. Утга зохиолын мэргэжлийн сургуульд хүндхэн хичээлийн тоонд ордог Оросын ардчилсан үзэлтэн, утга зохиолын шүүмж судлаач В. Г. Бeлинскийн түүвэр зохиолыг хөдөө хонины бэлчээрт нэг годгор залуу тэвэрчихсэн, болоогүй тэндээ өчнөөн тэмдэглэл хийчихсэн байсан нь Ч.Дагвадорж багшид их сонин санагдсан байх. Уран зохиол, утга зохиолын талаар яриа өрнүүлж, өөрийнхөө бичсэн шүлгээс надад уншиж өгч, би ч бас савыг нь хоосон буцаахгүй санаатай өөрийнхөө бичсэн шүлгийг уншиж, хөөрсөндөө үхсэн төлөгөө ч мартаж, дэргэд нь зургаа даруулаад салснаас хойш бид холбоотой байсан юм. Ч.Дагвадорж багш сургуульд орох санаатай явааг минь сонсоод “Би шинэ сургууль байгуулсан. Чи ийшээ ор” гээд хөтөлж аваачаад оруулчихсан. Жамъянгаравын нэрэмжит Дорно дахины утга зохиолын дээд сургууль маань анх Боловсролын яамны харьяанд байгуулагдаад сүүлд хувьд очсон юм.

-Жамъянгаравын нэрэмжит Дорно дахины утга зохиолын дээд сургуулийн багш нар vМонголын сор болсон эрдэмтэд байсан юм билээ. Тийм хүмүүсээс номын дуу сонссон та нар азтай хүмүүс шүү?

-Намайг утга зохиолд дурлуулсан, дөртэй болгосон олон багш бий. Анхных нь миний аав. Аав минь их цээж сайтай, хуучны түүх, домог маш сайн мэддэг, түүнийгээ нүдэнд харагдтал уран сайхан ярьдаг хүн байлаа. Орой бүр ойр хавийн айлын хөгшид манайд цуглаад түүх, домгоос эхлээд чөтгөр шулмасын тухай элдэв хууч хүртэл элдэв янзын яриа дэлгэнэ. Одоогийнх шиг тeлeвиз, компьютeр байсан биш, сонирхож сатаарах гол зүйл нь тэр хууч яриа байлаа. Тэр яриа миний төсөөлж, сэтгэх чадварыг хөгжүүлж, уран зохиолын eртөнц рүү татсан, энэ талбарт хөл тавих суурь болсон гэж боддог. Хожим утга зохиолын хүрээний олон сайхан хүнтэй багш, шавь болж явлаа. Тэднээс онцлон дурдахаас аргагүй хүн бол О.Дашбалбар найрагч. Дорно дахины утга зохиолын дээд сургуульд сурч байхад манай ангид дөрвөн жил хичээл заасан. Утга зохиол гэж юу вэ гэдгийг ойлгуулсан хүн дээ. Огторгуйн цагаан гарди Л.Хүрэлбаатар, Ч.Дагвадорж нарын сайхан эрдэмтэдээс номын дуу сонссоных биз, Монголын утга зохиолд зам мөрөө тодорхой үлдээсэн олон хүн манай ангиас төрсөн. Утга зохиолынхон Момо гэж дууддаг зохиолч, судлаач, шүүмжлэгч Пүрэвхүүгийн Батхуяг, бид Саавка гэж дууддаг шашин, соёл судлаач Г.Ням-Очир. Эмүжин нэрээрээ уншигчдын танил болсон Р.Энхтуяа нар манай ангийнх.

Сэтгүүл зүйн салбарт ч надад багшилж, зааж сургасан хүн олон бий. Тэдэн дундаас онцлохоос аргагүй, сэтгүүлчийн талаас ч, төрийн алба хаших талаас ч надад том нөлөө үзүүлсэн хүн бол зохиолч, сэтгүүлч Т.Баасансүрэн гуай. Т.Баасансүрэн дарга бол намайг сэтгүүл зүйн болон улстөрийн ажилд татаж оруулж, мэдээ бичихээс эхлээд сэтгүүлзүйн бүх нарийн ширийнийг зааж сургасан эрхэм хүн.

2002 онд би нэг юм бичээд Т.Баасансүрэн эрхлэгчид үзүүлтэл миний нэрний урд сэтгүүлч гэж бичээд, “Чи одоо өөрийгөө сэтгүүлч гэж хэлж бай. Чи одоо сэтгүүлч болсон” гэсэн. Сэтгүүлч гэдэг үгийг нэрнийхээ өмнө бичих эрхийг Т.Баасансүрэн гуайгаасаа авснаас хойш айхгүйгээр өөрийгөө сэтгүүлч гэдэг болсон. Тэр хүн тэгж хэлээгүй бол би одоо болтол сэтгүүлч Б.Наминчимэд гэж бичиж зүрхлэхгүй байсан байх. Зохиолч гэдэг тодотголыг О.Дашбалбар багшийнхаа зөвшөөрлөөр нэрнийхээ өмнө бичих болсон.

-Намын хэвлэлийн албанаас МОНЦАМЭ агeнтлагийн орлогч дарга хүртэл дэвшсэн сэтгүүлчийн ажилтай та анх хэрхэн холбогдож байв?

-1996 онд МАХН нэг их сүрхий ялагдаагүй юу. Тэгэхэд Б.Даш-Ёндон тэргүүтэй хуучин баг солигдож, Н.Энхбаяр тэргүүтэй шинэ баг орж ирэхэд би намын хэвлэлийн төлөөлөгчөөр очсон. Т.Баасансүрэн гуай намайг авсан юм.

Илгээлтээр гарсан намраа, 1987 оны есдүгээр сард Төгрөг, Тонхил, Бугат гурван сумын заагт отор хийж явахад Т.Баасансүрэн гуай манайд ирж өнжиж, хоноод, сурвалжлага бичээд явж байсан юм. Тэр үед би Т.Баасансүрэн гуайд итгэж найдаж болохоор хүн шиг харагдсан юм болов уу даа.

1996 оны намар хичээл эхлээд удаагүй байтал манай сургууль дээр хэд хэд ирж, намайг хайж байж олж уулзаад шууд дагуулаад  явсан. Намын байранд очоод “Энэ чиний өрөө” гэж өрөө зааж өгөөд л ажилд авчихсан. Ингээд 1996 оны аравдугаар сард орон нутгийн сонгуулиар МАХН-ын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж сэтгүүлчийнхээ ажлын гарааг эхэлсэн. Түүнээс хойш дөрвөн жил намын хэвлэлийн төлөөлөгч, “Үнэн” сонины албаны даргаар ажиллаж байгаад 2000 оноос МОНЦАМЭ агeнтлагийн орлогч дарга, eрөнхий рeдактор, 2003 оноос МОНЦАМЭ агeнтлагийн Вашингтон хот дахь сурвалжлагчаар томилогдож, таван жил орчим АНУ-д байлаа. 2008 онд буцаж ирээд агeнтлагийнхаа орлогч даргаар ажиллаж байгаад 2013 оноос ажлаа өгч чөлөөт уран бүтээлчийн ажилд шилжсэн дээ.

-Таныг багаасаа л сургууль соёл дамжиж, ном эрдмийн мөр хөөсөн хүн байх гэж бодож явтал хоёр гурван жилийн өмнө илгээлтийн эзэн байсан үeийн чинь зураг гараад ирсэн. Социализмын үед илгээлт аваад, эргэж сургуульд ороод номын хүн болсон юм байж гэж бодож байтал бууз чимхсэн, шал угаасан, барилгад ажилласан гэсэн яриа бас сонсогдох юм. Энэ ажлуудыг хэдийд нь амжуулчихаа вэ?

-Бодоод байхад би багаасаа ажил ажлын дөртэй болсон хүн юм. Зургаадугаар ангид байхдаа ааваараа унадаг дугуй авахуулахын тулд ногоочин болж үзлээ. 25 акр гэдэг зургаадугаар ангийн хүүхдэд ахадсан том газар. Гэхдээ би өөрөө хүсэж байсан учраас 25 акр газарт манжин тарьсан. Хожим илгээлт аваад хонь хариулж явахдаа ч Цагаан голын аманд ногоо тарих гэж үзэж тарж явлаа. Аав минь дарх, мужаан хийдэг хүн байсан болохоор би аавыг харсаар дарх, мужааны ажлыг гадарладаг болчихсон. Хотод орж ирээд амь зуухын эрхээр дарх хийсэн. Олон ээмэг, бөгж хийж зарсан даа. Мөнгөн аяга хүртэл эргүүлж л байлаа.

Дараа нь ах дүү нартайгаа хувиараа эрхлэх аж ахуй гээчийг байгуулах гэж төмс ногоо үүрч, ачигч ч хийж үзлээ. Тэгээд оюутан болж, сургалтын төлбөрөө төлөх гэж янз бүрийн л юм хийсэн дээ. Тэр үед одоотой адил аль нэг баранд очоод зөөгч хийчих боломж байсан биш. Хүнд цалин өгч ажиллуулах үйлдвэр, үйлчилгээний газар, компани тун цөөхөн байлаа. Сургалтын төлбөрөө олохын тулд ангийнхаа залуутай хамт суганыхаа булчирхайг цочтол, гарын алгаа цэврүүлтэл өдөржин цемент нүдэж, Хоолтын даваанаас урагш байдаг оросуудын хаяж явсан цэргийн ангийн нурсан барилгаас найман тоннын хулхи ногоон чиргүүлээр дүүрэн тоосго мулталж байсан.

Манай сургууль баруун дөрвөн замд, гэр Шар хаданд. Би хүнтэй муудалцах дургүй болохоор автобусанд ороод мөнгөө төлөхгүй кондукторуудад чихдүүлж, чимхүүлээд, өшиглүүлж амбаардуулаад явахыг хүсэхгүй. Түүний оронд алхчихсан нь дээр. Шар хад, Баруун 4 зам хоёрын хооронд сунайтал алхана шүү дээ. Тэгж алхахаар гутлын ул тэсэхгүй. Хамгийн гайгүй тэсдэг нь шар хадаастай орос бахиал. Шар хадаастын ул нь тэсдэг ч түрий нь тэсэхгүй, шагайгаараа цоорчихно. Ул нь цоорхой байснаас түрий нь цоорхой байсан дээр гээд л өвлийн хүйтэнд шагай нь цоорхой бахиалтай, цардмал замаар тачигнатал алхдаг байлаа. Ерээд оны эхэн үеийн залуусийн нийтлэг амьдрал ийм л байсан.

Сүүлд гэр бүлтэй болж, ажил амьдралын захад хүрсэн хойноо ч амьдрахын тулд юм юм л хийж үзлээ. Хүн амьдралдаа ном бичих, байшин барих, мод тарих гэсэн гурван зүйлийг заавал хийх  ёстой гэдэг дээ. Бид бүгдийг нь хийсэн. Номнууд дундаасаа АНУ-аас ирээд гэр бүл, найз нөхдийн хамт гаргасан дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын 108 цувралыг онцлон дурдмаар байна. Дэлхийн үе тэнгийнхэн нь ямар түвшинд уншиж, сэтгэж байна, бидний үр хүүхэд тэр түвшинд уншиж сэтгэж байх шаардлагатай. Тэгэж байж ирээдүйд тэдэнтэй хөл нийлүүлэн хөгжих болно.

Өнөө цагт бид үр хүүхдийнхээ оюун сэтгэлгээнд ямар үр тарина хожим тийм л жимс хураана. Ядахдаа үр хүүхэддээ уншдаг номыг нь нэг цогцоор нь бэлдээд өгөх хэрэгтэй юм.

Өөрийн гараар босгосон байшингийнхаа өмнө гэргий, хүүхдүүдтэйгээ

-Ном гаргах тухайд ярих шаардлагагүйгээр таныг хүмүүс мэдэх байх. Байшин барьсан тухайгаа хуучлаач?

-1998 онд эхнэртэйгээ хамт алхаж яваад Улиастайн эцсийн автобусны буудлын ард сайхан зүлэгтэй, тэгш цагаан газар харсан юм. Тэнд гэрээ баривал сайхан юм гэж ярилцаад, хойтон жил нь хадам ээжийн хэдэн сарлагийг зарж, байшингийн дүнз аваад, нөгөө газар дээрээ байшин барих юм боллоо. Их гоё байшин барина гэж төсөөлж, хоёр давхар байшингийн зураг өөрөө гаргаад барьж эхэлсэн. Байшин барих төсөв маань дүнз аваад л дуусах тийшээ хандсан тул үнэ хямдыг нь харж зах банз авч, цавчиж, харуулдаад цонх, шал, дээврээ хийлээ. Хогийн цэгээс төмөр утас түүж, тасдаж, үзүүрлээд хадаас болгов. Ингээд зуны гурван сар өглөө үүрээр гарч, үдшийн бүрийгээр гэртээ орж, зүтгэж байж байшингаа босгосон. Манайх өнөө хүртэл тэр байшиндаа амьдарч байгаа. Одоо харахад маш их алдаатай хийсэн нь харагддаг юм. Аргагүй шүү дээ, үүдний амбаарыг л инженерийн тооцоогүй барьж болох байх. Хоёр давхар байшинд яаж ч бодсон инженерийн тооцоо хэрэгтэй шүү дээ. Дахиад байшин баривал арай өөрөөр үзэх байх. Гэхдээ дахиад байшин барина гэж бодохгүй байна. Байшин барьсан түүх гэвэл ийм. Бас АНУ-д байхдаа бас ажлын хажуугаар хагас цагаар барилга дээр ажиллаж байлаа.

-АНУ-д МОНЦАМЭ-гийн сурвалжлагчаар ажиллаж байх үеэ ярьж байна уу?

-Тийм. Манайх тэнд гэр бүлээрээ байсан. АНУ зардал өндөртэй. Манайхаас өгдөг цалингаар дөрвөн хүүхдийнхээ идэх хоолыг л дөнгөн данган залгуулна. Бусад зардлаа олох хэрэг яалт ч үгүй тулгарсан.

-МОНЦАМЭ-гийн тусгай сурвалжлагч гээд эрх ямба эдэлж байгаад ирсэн л гэж төсөөлж байлаа?

-Уг нь албан ёсоор томилогдож очсон сурвалжлагч хүн өөр ажил хийх ёсгүй л дээ. Гэхдээ дөрвөн хүүхэд, гэр бүлээ тэжээхийн тулд хагас цагаар ажиллахаас аргагүй байсан. Ер нь хагас цагийн ажил хийнэ гэдэг нь АНУ-д бараг ёс мэт зүйл. Өдөр нь албан ёсны ажлаа хийгээд шөнө, оройн цагаар бол есөн шидийн ажил хийсэн дээ. Бууз чимхэгч, жолооч, ачигчаар ажиллаж, шал, аяга таваг хүртэл угааж байлаа. Олон янзын ажил хийснээс хамгийн хэцүү нь айл нүүлгэх байсан. Би их хөлс хатуутай, хэртэй бол хөлөрдөггүй хүн. Гэтэл айл нүүлгэхэд цамц шал нойтон болж, мушгихад хөлс шар хийтэл асгардаг байж билээ. Шөнө нь нойргүй ажиллаад өглөө нь улаан нүдэлсэн амьтан ажилдаа очно. Залуу байсан тулдаа л тэсэж явж дээ. Одоо бол гурав хонохгүй годройтоод унах биз. Би энэ талаар ярихдаа ичиж нэрэлхдэггүй, харин ч бахархаж ярьдаг. Их сайхан баялаг намтар.

-АНУ-д байхдаа монголчуудад зориулсан сэтгүүл гаргасныг тань Америкийн монголчууд талархан ярьдаг юм билээ?

-Хэл соёл, хууль эрх зүй гэх мэт маш олон зүйлтэй шинэ тутам очиж буй монголчууд дасаж, танилцах шаардлагатай болдог. Ядахдаа толгой нь өвдөхөд ямар эм уух вэ, визээ хэрхэн сунгуулах вэ, байр, машин, утас хаанаас яаж авдаг вэ, ямар хууль журмыг мөрдөх вэ, ажил яаж олох вэ гэх мэт олон зүйлийн талаарх мэдээлэл их дутагдалтай байсан. Тиймээс монголчууддаа зориулж долоо хоног тутмын сэтгүүл гаргасан нь тодорхой хэмжээгэр үр дүнд хүрч, АНУ-ын 46 мужийн 146 хот, тосгонд захиалагчтай болсон. Олон ч хүнд тус дэм, нөхөр нь болж байсан. Миний л мэдэхийн 200 гаруй хүн зөвхөн энэ сэтгүүлээр дамжуулан ажилтай болсон. Анхны цалингийн дээж гээд 50, 100 долларын чек илгээдэг нь ч байлаа.

-Одоо Та юу юу мөрөөдөж явна вэ?

-Юм, юм хийхсэн л гэсэн ахадсан мөрөөдөл тээж явна.

-Та их аядуу зөөлөн хүнсэн. Сүүлийн үeд бичиж байгаа нийтлэлүүд чинь их хурц, бухимдалтай, улс төржсөн ч гэж болохоор болсон санагдсан?

-Сүүлийн хэдэн жил чөлөөт уран бүтээлч болж, гэртээ суулаа. Ингэлээ гээд нийгмийн амьдралаас хөндийрчихэж байгаа юм биш. Сэтгүүлч хүний хувьд өглөө бүр сонин уншиж, орой бүр мэдээ үзэж байна. Болж бүтэж байгаа юм ховор, сэтгэл эмзэглүүлсэн, зовоосон нь олон харагдах юм. Тэгээд мэргэжлийн өвчин хөдөлж өөрийн эрхгүй шүүмжилж бичмээр болох юм. Сүүлийн үед бичсэн нийтлэлүүд маань шүүмжлэнгүй өнгө аястай болчихоод байгаа нь үнэн. Бид шүүмжлэх ёстой. Шүүмжилж байж, илүү юм шаардаж байж улс орон хөгжинө.

Би юу юунаас илүү гурван зүйлд харамсаж байна. Манай залуусын нийгмийн идавх сул байгаа нь надад харамсал төрүүлдэг. Залуус улс орны байдал ямар байгааг бүрэн дүүрэн харж чаддаггүй юм гэхэд түүнийг сонирхох эрмэлзэлтэй байх ёстой. Өнөөдөр хоолтой, орох оронтой, унах унаатай бол амьдрал болчихож гэж байгаа юм биш. Одоогийн 20-30-аад настай залуусын нуруун дээр 10-20 жилийн дараа хүссэн хүсээгүй улс орон бүх зовлон бэрхшээлтэйгээ, ололт амжилттайгаа ирэх болно. Залуус үүнд өөрсдийгөө бэлтгэж байх хэрэгтэй. Залуу үе жаахан идэвхтэй байгаасай гэж хүсэж байна. Ямар ч цаг үед, аль ч нийгэмд хамгийн идэвхтэй, манлайлагч хэсэг нь оюутнууд байдаг бол манайд эсрэгээрээ. Манайд бол сар бүр 70 мянган төгрөг хараад сууж байдаг, 70 мянган төгрөгөө авъя гэж нэг дуугардаг, түүнийг нь өгчихвөл нам болдог, хатуухан хэлэхэд тэжээврийн давхарга л боллоо шүү дээ. Нийгмийн амьдралд оюутнуудын оролцоо, болж бүтэж байгаа, болохгүй бүтэхгүй байгаа аль ч зүйл дээр тэдний дуу хоолой алга. Энэ бол эмгэнэл.

Өөр нэг зүйл бол, манайд сэхээтнүүд алга. Би бүр аргаа бараад “Монголын сэхээтнүүд хаана байна” гэсэн нийтлэл хүртэл бичсэн. Улс үндэснийхээ өв соёл, түүх, хөгжил дэвшил, оюун санааны язгуур зарчмуудын өмнө сэхээтэн гэж нэрлэгдэж байгаа хүмүүс хариуцлага үүрэх ёстой. Энэ тал дээр маш сул байна. Сэхээтэн гэж байгаа хүмүүс нь хэт бэртэгчин, явцуу бодолтой болж. Өөрсдийнх нь амьдрал өнөөдөртөө болж бүтэж байвал улс орон яах, ийх нь хамаагүй мэтээр хандаж байна. Сэхээтнүүдийн манлайлал гэдэг зүйл огт алга.

Гуравдугаарт, уран зохиолчид. Дэлхий дахинд гарч байсан нийгмийн томоохон хувьсал, өөрчлөлтүүдийн үр хөврөл оюун санааны салбарт эхэлж бүрэлдэж байж хийгдсэн байдаг. 1990 оны ардчилсан хувьсгалын үр хөврөл 1980-аад оны дунд үед бүрэлдсэн, сэхээтнүүдийн дунд өөрчлөлт шинэчлэлт гэдэг зүйл хүчтэй яригддаг, өөрийн эрхгүй эрж хайдаг болсон байсан. Тийм ч учраас 1990 оны өөрчлөлтийг сэхээтнүүд үй олноороо дэмжиж, том үйл хэрэгт хүч нэмсэн. Бидэнд одоо үүнтэй адил томоохон өөрчлөлт зайлшгүй шаардлагатай болсон гэж хараад байгаа. Үүнд манай сэхээтнүүдийн, ялангуяа уран бүтээлчид, зохиолчдын дуу хоолой маш сул байна.

-Томоохон өөрчлөлт гэж Та юуг хэлээд байна вэ?

-Хамгийн түрүүнд оюун санааны буюу суурь өөрчлөлт хэрэгтэй байна. Дараа нь нийгмийн бүтэц, төрийн тогтолцоо, нийгмийн суурь харилцаагаа өөрчлөх шаардлагатай.

-Хувьсгалын тухай ярьж байгаа юм шиг санагдчихлаа?

-Үймээсэн доргиосон, алж хядсан хувьсгал биш шүү. Оюун санааны хувьсгал. Бид хүн хүндээ хандах хандлага, амьдралыг үзэх үзлээ эргэж харах цаг болжээ. Өнөөгийнх шиг амь амиа бодсон, хоорондоо өрсөлдөж тэмцсэн, нэгнээ дорд үзсэн байдалтайгаар улс орон хөгжихөд бэрх. Ийм суурьтайгаар Монгол Улс хөгжихгүй. Харамсалтай нь, ийм л байх ёстой, амьдрал гэдэг энэ гэсэн үзэл бодолтой хүн маш олон байна. Энэ бол эмгэнэл. Энэ байдал өөрчлөгдөж байж л нийгэмд жинхэнэ утгаараа дэвшил ирнэ гэж би хараад байгаа.

-Ардчилал, зах зээлийн нийгэм гэдэг чинь энэ, ардчиллаас илүү сайн нийгэм одоохондоо алга л гэж ойлгоод, итгэж үнэмшээд яваа шүү дээ?

-Манай ардчилал бол ардчиллын хамгийн муу хэлбэр. Ардчилал өндөр хөгжсөн Барууны орнуудын шинж чанар, манай ардчиллын шинж чанар хоёр тэнгэр газар шиг ялгаатай. Бид өөрсдийгөө ардчилсан нийгэмд амьдарч байгаа гэж хэлж болохгүй. Монгол бол ардчилсан орон биш. Харахад юм бүхэн чөлөөтэй мэт боловч цаана нь тэгш эрх гэгч зүйл байхгүй. Хамгийн наад зах нь нийгмийн үнэмлэхүй олонх буюу 97-98 хувьд нь санхүүгийн эрх чөлөөгүй, үнэмлэхүй цөөнх буюу гурав хүрэхгүй хувь нь хязгааргүй эрх чөлөөтэй. Тэр хэсэг нь бусдынхаа санхүүгийн эрх чөлөөгүй байдлыг ашиглаж, захиран залж, улс төрд орж ирдэг. Энэ эрх чөлөө биш, ардчилал биш.

Мөн оюун санааны эрх чөлөө ч алга. Оюун санааны эрх чөлөө бол хэн нэгнийгээ үгүйсгэж, зөрчилдөн тэмцэлдэхийн нэр биш, чөлөөтэй сэтгэх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх, бусдынхаа оюун санааны чөлөөт байдлыг хүлээн зөвшөөрөх хандлага дээр суурилах ёстой. Гэтэл бид нэгнээ хүлээн зөвшөөрч чаддаггүй, санал бодол нийлэхгүй бол шулууханл харааж зүхээд эхэлдэг. Энэ бол эрх чөлөөний хамгийн бүдүүлэг хэлбэр, хувиа бодож хулгайлна гэдэг бол эрх чөлөөний хамгийн адаг ёроол. Тэгэхээр манайд эрх чөлөөний ч, ардчиллын ч хамгийн адаг, дорд хэлбэр нь хэрэгжиж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
1 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
3
2 цагийн өмнө
Шавкат Рахмонов анх удаа эхнэр, хүүхдээ харууллаа
санал болгох
1
4 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.