Хайх зүйлээ бичнэ үү

28 мин

Д.Доржпүрэв: Монголын эрчим хүчний салбар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах өдөр ойрхон ирсэн

15 тэрбум метр куб шатдаг хий манай өмнөд бүсийн нүүрсний давхаргад байгаа нь тогтоогдсон


Эрчим хүчний  бүрэн хараат бус нэг ч улс байхгүй

Эрчим хүчний сайдын зөвлөх Д.Доржпүрэвтэй Монголын эрчим хүчний салбарт сүүлийн дөрвөн жилд хийгдсэн томоохон ажлууд болон хэрэгжиж буй төслүүдийн талаар ярилцлаа.

-Та шинэчлэлийн Засгийн газрын үед Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан. Харин энэ Засгийн үед Эрчим хүчний сайдын зөвлөхийн алба хашиж байна.  Өнгөрсөн дөрвөн жилд эрчим хүчний салбар анх удаа алдагдалгүй ажилласан гэгдэж буй. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эрчим хүчний салбарт ямар дорвитой өөрчлөлт гарсан бэ?

-Юуны өмнө уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. Шинэчлэлийн Засгийн газрын үед эрчим хүчний салбарт үнэхээронцгой анхаарсан. Эрчим хүчний салбар үйлдвэрлэх, дамжуулах, түгээх гэсэн гурван хэсгээс бүрддэг. Энэ гурав дээр уул уурхайн салбараас нүүрсний уурхай нэмэгддэг. Тэгэхээр нүүрсний уурхайн асуудлуудаас эхлээд зарим зүйлийг ярих ёстой болов уу. Өмнөх 20-иод жилд нүүрсний уурхайд хөрөнгө оруулалт хийж байсан ч үнийг тогтвортой нэмэгдүүлэх, алдагдал бага гаргах тал дээр барих бодлого дулимаг явж ирсэн байдаг. Шинэчлэлийн Засгийн газрын үед үүнд үе шаттайгаар  анхаарч, үнэ нэмэх ажлыг зохион байгуулсны хүчинд үр дүнд хүрсэн. Мөн алдагдлыг бууруулах үүд хаалга нээгдсэн. Үүний үндсэн дээр уул уурхайн салбарын асуудал зах зээлийнхээ горим руу орсон гэж болно. Эрчим хүч үйлдвэрлэх тал дээр бол одоо байгаа хуулийн хүрээнд эрчим хүч маань дулаан, цахилгааны гэсэн хоёр хэсгээс бүрдэж байна. Дулаан үйлдвэрлэдэг гол станциуд бол дулааны цахилгаан станц II, III, IV, Дархан, Эрдэнэт, Дорнод, Өмнөговь, Ухаа-худгийн дулааны цахилгаан станц. Үүнээс гадна аймгуудын дулааны үйлдвэрүүд, Амгалангийн дулааны цахилгаан станц, сумдад дулаан үйлдвэрлэдэг уурын зуухнууд, дулааны цэгүүд нэмэгдэнэ. Бид эдгээрийн үйл ажиллагааг эхлээд сайжруулахыг зорьсон. Тухайлбал, Улаанбаатарын хувьд ДЦС III, IV-т өргөтгөл хийсэн. ДЦС III-т 50 мегаваттын цахилгааны эрчим хүч үйлдвэрлэх өргөтгөл барьсан.  Үүнийг дагаад 100 мегаваттын дулааны эрчим хүчийг хослон үйлдвэрлэх боломж нээгдсэн. ДЦС IV-ын цахилгаан эрчим хүчний чадлыг 123 мегаваттаар нэмсэн. Үүнийг дагаад 250 мегаваттын дулааны эрчим хүчийг хослон үйлдвэрлэж байна. Мөн 300 мегаваттын хүчин чадалтай Амгалангийн дулааны цахилгаан станцыг ашиглалтад оруулсан. Ингэснээр Улаанбаатарын зүүн бүсийн дулааны эрчим хүчний хангалт сайжирсан. Эдгээрээс гадна эрчим хүчний олон төсөл батлагдаж, зарим нь хэрэгжээд явж байна. Тодруулбал, олон жил яригдаж байгаа ДЦС-V-ыг нийслэлийн зүүн хаяанд байгуулахаар шийдвэрлэсэн. Мөн Багануурын уурхайд суурилсан 700 мегаваттын хүчин чадалтай ДЦС байгуулахаар Концессын гэрээ хийгдээд явж байна. Түүнчлэн Дарханы ДЦС-ын хүчин чадлыг 35 мегаваттаар нэмэгдүүлэх ажил өмнөх Засгийн газрын үеэс хэрэгжиж, өнөөдөр төгсгөлийн шатандаа явж байна. Уг төсөл удааширсан шалтгаан нь өргөтгөл хийхээр хариуцаж авсан Оросын компанийн эзэд нь өөрчлөгдсөн, санхүүгийн чадамж муудсан зэргээс шалтгаантай. Мөн Эрдэнэтийн ДЦС-ын хүчин чадлыг 35 мегаваттаар нэмэгдүүлэхээр Шинэчлэлийн Засгийн газрын үед ТЭЗҮ-г боловсруулаад, Шийдлийн Засгийн газрын үед шийдээд,Концессын гэрээ байгуулаад, гүйцэтгэгч нь шалгарчихсан явж байна. Энэ өргөтгөлийг хийснээр Монгол Улсын хойд бүсийн дулаан, цахилгаанд нэлээд ахиц гарах юм.

15 тэрбум метр куб шатдаг хий манай өмнөд бүсийн нүүрсний давхаргад байгаа нь тогтоогдсон

-Эрчим хүчний хүчин чадлыг нэмэх цөөнгүй төсөл хэрэгжиж байгаа ч доголдол байсаар байгаа. Үүнийг хэвийн болгох тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Бидний анхаарах ёстой зүүн, баруун, өмнөд гэсэн гол бүсүүдэд эрчим хүчний доголдол байнга шахуу гардаг. Үүнийг арилгахын тулд нэн даруй нэмэлт ажлуудыг хийх шаардлагатай. Энэ утгаараа Дорнодын ДЦС-ын хүчин чадлыг 100 мегаваттаар нэмэх төсөл 2008-2012 оны үед гараад хэрэгжиж чадаагүй. Тэндэхийн эрчим хүчний хүчин чадлыг сайжруулснаар тус бүс нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ ялангуяа газрын тосны үйлдвэрлэл түлхүү хөгжих боломж харьцангуй нэмэгдэх юм. Дотоод эрчим хүчээ сайжруулж байж Монгол Улс дотооддоо нефьт бүтээгдэхүүн олборлох, ашиглах, дотоодын үр ашиг нэмэгдэх боломж илүү нээлттэй болох юм. Өнөөдрийн байдлаар Дорнодын бүсэд ОХУ, БНХАУ-аас эрчим хүч өндөр үнээр импортолж байгаа. Гаднаас худалдаж авч байгаа эрчим хүчээ дотооддоо үйлдвэрлэж байсан бол бид хямд өртөгөөр эрчим хүч хэрэглэж, бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна цаашдын олон эх үүсвэртэй болох байсан. Гэвч санхүүжилтийн асуудлаас болоод өргөтгөл барих ажил түр саатаад байна.

-Өмнөд бүсийн эрчим хүчийг нэмэх тал дээр хийгдэж буй ажлаас дурдаач?

-Өмнөд бүсэд хэд хэдэн ДЦС барих төсөл байгаа. Хамгийн онцлог нь Таван толгойн ДЦС. Үүнийг яагаад онцолж ярих ёстой вэ гэхээр Оюутолгой төсөлтэй холбоотойгоор төслийн эрчим хүчний эрэлт хэрэгцээг дотоодын эх үүсвэрээс хангах асуудал нэн тэргүүнд тавигдана.

 Би Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байх үедээ голдуу үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн найдвартай ажиллагаа, горим хангалтыг хариуцаж ажилладаг байсан. Тухайн үед ч, одоо ч Оюутолгой төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой БНХАУ-аас авч байгаа импортын эрчим хүч асар их. Мөн харьцангуй өндөр үнэтэй. Гэтэл бид экспортод гаргаж чадахгүй байгаа нүүрсний эх үүсвэрээ зөв ашиглаад, ус бага зарцуулдаг эсвэл саарал ус ашигладаг технологиор 450 мегаваттын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барилаа гэхэд 5-6 жилийн хугацаанд өртөгөө нөхөх боломжтой. Энэ төсөл хэрэгжихгүй байгаа шалтгаан нь төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд, санхүүжүүлэгч олдохгүй байна. Гэхдээ бид зөвхөн нүүрсэнд тулгуурласан эрчим хүчний салбар биш нүүрсэн дотор байдаг шатдаг хийн асуудлыг анхаарч үзэх ёстой. Дэд сайдаар ажиллаж байх үедээ нүүрсний давхаргын метан хий буюу шатдаг хийн асуудлыг УИХ, Засгийн газар, Ажлын хэсгийнхэнд олон удаа тавьж байсан. Тухайн үед судалж байсан АНУ-ын зарим судалгааны компанийн дүнгээр 15 триллион метр куб шатдаг хий манай өмнөд бүсийн нүүрсний давхаргад байгаа нь тогтоогдсон. Үүнийг өнөөдрийн эрчим хүч үйлдвэрлэж байгаа хэмжээндээ тааруулаад үзвэл Монгол Улсын өнөөдөр үйлдвэрлэж байгаа 1000 гаруй мегаватт цахилгаан, эрчим хүчийг 40-50 жилийн хугацаанд үйлдвэрлэх эх үүсвэр болох юм. Метан хий нь хог хаягдал байхгүй, байгальд ээлтэй. Нөгөө талаар нүүрсний ил уурхай ажиллуулж байх үед энэ шатамхай хий өөрөө агаарт дэгддэг. Агаарт их хэмжээгээр дэгдсэнээр озоны цоорол үүсгэдэг, байгаль орчинд сөрөг нөлөө ихтэй юм. Хэрвээ Дэлхийн байгаль хамгаалах сан тэргүүтэй байгаль хамгаалах чиглэлийн бусад олон нийтийн байгууллага манай нүүрсний уурхайнууд дээр ажиллаад метан хийнд анхаарал тавихгүй байна гэх шалтгаанаар торгууль тавих, хариуцлага нэхэхийг үгүйсгэх аргагүй. Тиймээс бид нүүрсээ ухаж олборлохоос өмнө нүүрсэнд байгаа метан хийг яах вэ, хэрхэн зөв зохистой ашиглах вэ гэдэгт анхаарах нь чухал. Ингэснээр эрчим хүчний салбар хоёр эх үүсвэртэй болох боломжтой юм. Энэ бидний ярьдаг эдийн засгаа солонгоруулах, байгаа боломжоо бүрэн ашиглахтай зүй ёсоор нийцнэ гэж боддог.

-Баруун бүсийн тухайд?

-Баруун бүсийн эрчим хүчний салбарт дэвшилттэй зүйлүүд бий. Монгол Улсад өмнө нь байгаагүй усан цахилгаан станц хоёрыг байгуулаад байна. Тодруулбал, Тайшир, Дөргөний усан цахилгаан станцууд. Шинэчлэлийн Засгийн газрын үед энэ хоёр усан цахилгаан станцыг төвийн бүсийн эрчим хүчний системтэй зэрэгцээ холбох ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн. Өмнө нь энэ хоёр усан цахилгаан станц баруун бүсийн хэмжээндээ л эрчим хүч түгээж, үлдсэн хэсгийг нь дизель генератораар хангадаг байсан. Энэ нь өөрөө өртөг өндөртэй. Тиймээс дизель генераторуудыг эрчим хүч үйлдвэрлэх ажлаас нь хамгийн түрүүнд салгаж, нөөцөд авсан. Улмаар бид баруун бүсийн бүх аймгаа төвийн бүстэйгээ холбож, импортоор авдаг эрчим хүчний асуудалд байнга анхаарал тавьсны үр дүнд импортын хэмжээг багасгасан. Ингэснээр эрчим хүчинд зарцуулагдах төсвөөс гадагшаа урсах урсгалыг тодорхой хэмжээгээр хумьсан. Одоо баруун бүсэд хэрэгтэй байгаа нэг зүйл нь дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэх, баруун бүсийн нүүрсний эх үүсвэрт суурилсан тогтвортой ажиллагаатай станц байгуулах. Үүнийг Концессын гэрээгээр Улаангом хотын ойролцоо байгуулахаар ажиллаж байгаа юм билээ. Үүнээс гадна “Тэлмэний ДЦС”-ийн төсөл хэрэгжиж байх ёстой ч эдийн засгийн хямралтай холбоотойгоор ажил нь эхлээгүй байна. Ингээд цогцоор нь аваад үзвэл Монгол Улсын эрчим хүчний салбар бие даах чадвартай болж эхэлж байна. Нөгөө талаар бид бие даасан эрчим хүчийг ямар суурь, давуу байдал бий болгож, авч үлдэх вэ гэвэл Монгол Улсад аливаа төрлийн үйлдвэрлэл, томоохон төсөл хэрэгжүүлэхэд өөрсдийн эрчим хүчээр хангаж чаддаг, тэр нь гаднын эрчим хүчний үнэтэй өрсөлдөх чадвартай байх ёстой. Ингэж чадвал үйлдвэрлэл хөгжиж, монголчууд ажилтай болох үүд хаалгыг нээнэ гэсэн гол зорилтыг бид тавьсан.

Эгийн гол, Шүрэнгийн цахилгаан станцыг барих ажлыг яаравчлуулах нь Монгол Улсад ашигтай

-Эгийн голын, Шүрэнгийн цахилгаан станцуудыг барих ажил ямар шатандаа явж байгаа вэ?

-Монгол Улсын хувьд эрчим хүч хоногийн 24 цагт тогтвортой, нэг хэмжээнд байдаггүй, байнгын хэлбэлзэлтэй байдаг. Тухайлбал, айл өрхүүдийн эрчим хүчний ачаалал өглөө ажилдаа явахаас нь өмнө нэмэгдэж, явсных нь дараа буурч, орой асар их нэмэгддэг ч гэдэг юм уу. Тэгэхээр энэ ачааллыг хэвийн хэмжээнд хүлээж авах, хаах асуудал бол манай эрчим хүчний салбарын тулгамдсан асуудлын нэг. Үүнийг шийдвэрлэх зорилгоор Эрчим хүчний яам Шинэчлэлийн Засгийн газрын үед Эгийн голын усан цахилгаан станц, Шүрэнгийн усан цахилгааны станц гэх хоёр том төслийг дахин сэргээсэн. Гэхдээ энэ хоёр эх үүсвэрийг байгуулахад хамгийн том саад болж байгаа зүйл бий. Нэгдүгээрт, дотоодын байгаль хамгаалагч гэсэн нэртэй эх оронч бус хүмүүсийн зарим үйлдлээс болж хойшилж байгаа. Эгийн гол Сэлэнгэ мөрөнд цутгаад цааш Байгаль далайд цутгадагтай холбоотой асуудал байнга үүсч ирсэн. Юу гэхээр байгаль хамгаалагч нэртэй тэдгээр иргэд ОХУ, НҮБ, ЮНЕСКО руу Эгийн голын усан цахилгаан станц барьж байгальд хор хөнөөл учруулах нь гэж захидал бичдэг. Гэтэл бодит байдал дээр Монголын эрчим хүчний салбарын өрсөлдөх чадварыг улам дортгодог. Үнэн чанартаа Монголоос урсаад гарч байгаа ус Байгаль далайд сэлбэдэг, Байгаль далайгаас гол мөрөн болж цааш урсах явцад нь оросууд 11 усан цахилгаан станц барьж байгуулсан байдаг. Одоо ч мөн хамгийн том усан цахилгаан станц гээд хоёр гегаваттын чадалтайг барьж байна. Дэд сайд байхдаа Монгол Улс, ОХУ болоод Монгол Улс БНХАУ хоорондын Засгийн газрын комисст хоёуланд нь ажиллаж байсан. Бид хойд хөрштэйгээ зөв уялдаа холбоотой, хэн хэнийхээ эрх ашгийг хүндэлж ажиллавал энэ хоёр усан цахилгаан станцыг байгуулах боломж байгаа. Энэ хоёр станцын аль нэгийг эхлүүлж чадвал цаашдаа Сэлэнгэ мөрөнд суурилсан таван том усан цахилгаан станц барих боломжтой. Анхны хөрөнгө оруулалт нь өндөр байдаг ч урт хугацаанд ашгаа өгдөг, тогтвортой, найдвартай эрчим хүч хийгээд эдийн засгийн үр өгөөжтэй байх юм. Үүнээс гадна бид байгаагаа зөв зохистойгоор ашиглах, нөгөө талаар ирээдүйд цэвэр ус эрчим хүчнээс илүү үнэ цэнэтэй болно гэдгийг мартаж болохгүй. Энэ ч үүднээс Эгийн голын усан цахилгаан станцын хүчин чадлыг 300 мегаватт болтол нь нэмэгдүүлж, ТЭЗҮ-г нь батлуулсан. Эндээс бид усан цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний бодлогыг төрийн хэмжээнд хийх ёстой байсан. Төрийн бодлого болгохын тулд Эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт хийсэн. Үүний үр дүнд эрчим хүчний ямар суурь нь эрчим хүчний үйлдвэрлэлээс гарч байгаа юм, аль хэсэг нь сэргээгдэх эрчим хүчнээс хэрэглэж байгаа вэ гэдгийг харж мэдэж байх боломжийг Эрчим хүчний тухай шинэ хуульд оруулж өгсөн.

Эрчим хүчний хууль тогтоомж, төрийн бодлоготой холбоотой бас нэг хийж чадсан зүйл нь Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийг бид батлуулж чадсан. Энэ хуулийн төслийг би хоёр жил гаруй хугацаанд ахалж ажилласны дүнд эрчим хүчийг либеральчлах, олон хүний оролцоотой байх боломжийг нээх тал дээр анхаарсан. Энэ нь эргээд нэгдүгээрт, төрийн зүгээс эрчим хүчний томоохон байгууллагад оруулдаг хөрөнгө оруулалтыг төсвийн биш, олон талын хөрөнгө оруулалт орох боломжийг нээж байгаа юм. Ингэснээр өрсөлдөөн бий болно. Хоёрдугаарт, хэрэглэгч өөрөө эрчим хүч хэмнэх шинэ техник, технологийг нэвтрүүлэх боломжууд нь төрөөс баримтлах татварын болоод бусад таатай орчныг бүрдүүлэх суурь нь болж өгч байгаагаараа ач холбогдолтой.

-Бараг хориод жил гар хүрээгүй байсан нийслэл, аймаг, орон нутгийн ДЦС, уурын зуухнуудыг сүүлийн дөрвөн жилд өргөтгөөд, шинэчлээд өгчээ. Харин эрчим хүчийг өөр ямар эх үүсвэрээс авч болох вэ гэдэгт дэлхий нийтийн чиг хандлага сэргээгдэх эрчим хүчийг нэрлэж байна. Манайх ч сэргээгдэх эрчим хүчийг чухалчилж байна. Таныг дэд сайд байхад сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр ямар томоохон төслүүд хэрэгжиж эхэлсэн бэ?

-Эрчим хүчийг ямар ч эх үүсвэрээс бий болгож болдгийг сүүлийн үеийн асар хурдацтай хөгжиж буй техник, технологи харуулж байна. Энэ дундаас сэргээгдэх эрчим хүчний асуудлыг авч үзвэл өнөөдрийн байдлаар бид өөрийн гэсэн технологигүй байна. Тийм учраас өртөг өндөртэй гаднын технологи авахаас өөр аргагүй болдог. Үйлдвэрлэсэн эрчим хүчийг нь хэрэглэгчдэдээ өгье гэхээр хөрөнгө оруулалтын орчныг хамгаалсан үнэ тариф нь өнөөдөр бидэнд элбэг байдаг эх үүсвэрүүдэд суурилсан эрчим хүч үйлдвэрлэх технологиос гурав дахин өндөр байдаг. Үнийн зөрүүг хэрэглэгчид л төлөх болно. Тиймээс эрчим хүчний эх үүсвэрийн тал дээр бодлоготой хандах ёстой. Өнөөдөр төрийн бодлогын хувьд сэргээгдэх эрчим хүчийг 2020 он гэхэд 30 хувь болгож нэмэгдүүлнэ гэж байгаа. Гэхдээ багцын 30 хувь нь сэргээгдэх эрчим хүч боллоо гэхэд үнэ тарифын 40-50 хувийн зөрүү гарна. Үүнийг хэрэглэгчдэд хүндрэлгүйгээр яаж зохицуулах вэ гэдэг өөрөө асуудал. Нэвтрүүлэхэд асуудал байхгүй. Гол нь өртөг өндөр. Зарим хүн асуудалд санаа хуваагддаг. Миний хувьд нэг л байр суурьтай байхыг хичээдэг. Зарим хүн нүүрсийг эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглахгүй байх нь зүйтэй гэж үздэг бол миний хувьд ашиглах нь зүйтэй. Монголын хувьд нүүрс элбэг байгаа л бол түүнийг ашиглах хэрэгтэй. Гэхдээ ямар технологиор, байгальд ээлтэйгээр, бага зардлаар ахиу ашиглах вэ, эдийн засаг болоод иргэдэд таатай, ашигтай байх вэ гэдэгт л анхаарах хэрэгтэй.

-1960-аад оны дундуур тухайн үеийн ЗХУ-ын судлаачид Монголд усан цахилгаан станц барих боломжтой гэсэн судалгаа хийж байсан байдаг. Манайх одоогоор эрчим хүчний хэрэглээний арав орчим хувийг гадаадаас авч байна. Үүнийг багасгахад сэргээгдэх эрчим хүчний оролцоо хэд байх ёстой вэ. Ямар саад байна вэ?

-Сэргээгдэх эрчим хүчийг зорилтот бүлэгт хүргэхэд хэдхэн гол хүчин зүйл бий. Нэгдүгээрт, энэ төсөл үр ашигтай байх ёстой. Яагаад гэхээр сэргээгдэх эрчим хүчний чиглэлд барагтай Засгийн газар хөрөнгө оруулдаггүй. Богино хугацаанд эдийн засгийн өгөөж өгч, зардлаа олоход үнэ тарифын бодлого л яригдана. Дээр хэлсэнчлэн хэрэглэгч суурь үнэ, сэргээгдэх эрчим хүчний ногоон тариф хэд ирж байгааг харж чаддаг болсон. Иймээс хэрэглэгчдээс үнэ тарифын саналыг байнга асууж байж зохистой харилцаанд аваачна. Өөрөөр хэлбэл, эргэх холбоотой, хоёр талын мэдээлэлтэй байж нэмэгдүүлнэ гэж боддог. Нөгөө талаар сэргээгдэх эрчим хүчинд ус, нар, салхи, био масс хамаарна. Монгол Улсын усны эрчим хүчний нөөц 5.5 гегаватт гээд 1960-аад онд Зөвлөлтийн судалгааныхан гаргаад өгчихсөн. Үүнийг залуу боловсон хүчнүүдээрээ дахин шалгуулж, судалгаа хийлгэхэд зургаан гегаватт хүртэл байх боломжтой гэсэн тооцоо гарсан. Тиймээс сэргээгдэх эрчим хүчний алийг нь түрүүлж хөгжүүлэх юм бэ гэдгийнхээ дарааллыг тогтоох нь зүйтэй юм болов уу. Нэгдүгээрт, усны эрчим хүчийг илүүтэй ашиглах хэрэгтэй. Үр дүнд нь Монгол Улсад байгаа цэвэр усны нөөцүүд илүү олон болно.

-Сүүлийн жилүүдэд хийсэн томоохон бүтээн байгуулалтуудын нэг яах аргагүй  Амгалан дулааны станц мөн. Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр зарим технологийг буруу хийсэн, бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа зэрэг шүүмж гарч байгаа. Энэ станц төлөвлөж байснаараа баригдаж чадсан уу?

-Амгалангийн дулааны станц бол зөвхөн нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр. Анх ТЭЗҮ-ийг боловсруулж байх явцад мэргэжилтнүүдийн зүгээс хэд хэдэн асуулт байсан. Уур үйлдвэрлэх зуух тавиад цахилгааны генератор тавих талаар яригдаж байсан юм. Гэхдээ тухайн үеийн хөрөнгийн байдлаас шалтгаалаад дулааны станцаар нь ажиллуулъя гэсэн шийдэл гарсан. Хэрэгжээд дууссан энэ төсөл зураг төслийнхөө хүрээнд ажлууд нь бүрэн хийгдсэн. Харин ажиллагааны явцад алдаа дутагдал гарна. Яагаад гэхээр машин техник, тоног төхөөрөмж өөрөө ажиллаж байгаа мэргэжилтний дадлага, туршлагаас ихээхэн хамаардаг. Нөгөө талаас энэ үйлдвэр шинээр нэвтэрч байгаа учраас угсралт, үйлдвэрлэлийн явцад жижиг сажиг алдаа гардаг. Гэхдээ үүнийг гүйцэтгэгч компани тодорхой хугацаанд засаж, янзлаад хэвийн үйл ажиллагаанд оруулдаг.

Бөөрөлжүүтийн цахилгаан станц бол нэгдсэн сүлжээнд холбогдох эх үүсвэрүүдийн нэг

-Эрчим хүчний тасралтгүй өсөж байгаа эрэлт хэрэгцээг хангахын тулд нүүрсний орд газруудаа түшиглэсэн томоохон цахилгаан станцууд баригдахаар яригдаж байна. Тухайлбал, Төв аймаг Бөөрөлжүүтийн цахилгаан станц барих гэж байна. Уг станцыг барьвал төвийн бүсийн цаашдаа Монгол Улсын эрчим хүчний хэрэгцээг хангахад дорвитой хувь нэмэр үзүүлнэ гэж үзэж байгаа. Энэ талаар?

-Монгол Улсад хэрэгжиж буй эрчим хүчний томоохон төсөл нэлээд бий. Энэ дотор Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөл том төслүүдийн тоонд орно. Төслүүд 600 мегаваттаас эхлээд 3.3 гегаваттын хүчин чадалтай байх хүртлээ ТЭЗҮ-ээ батлуулсан байдаг. Монгол Улсад эрчим хүчний нэгдсэн систем гэж бий. Энэ нь хаа байгаагаас үл хамаараад эрчим хүчийг хаана ч үйлдвэрлэсэн хэрэглэгчид хүргэх боломж Монгол Улсад байгаа гэсэн үг. Монгол Улсын эрчим хүчний мастер төлөвлөгөөг Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хийлгэсэн. Дэд сайдаар ажиллаж байхад мастер төлөвлөгөөтэй холбоотой бүх уулзалт, ажилд оролцож байлаа. Эндээс эрчим хүч зам харгуйтай адил юм аа. Тэгэхээр ОХУ-д үйлдвэрлэсэн эрчим хүчийг БНХАУ дахь эрчим хүчний дутагдалтай тал руу явуулъя гэж байгаа бол Монгол Улсаар дамжина. Тэгвэл Монгол Улсад үйлдвэрлэсэн эрчим хүчийг тэр шугам, замаар нэвтрүүлэх ёстой. Нөгөө талаараа Монгол Улсын нүүрсний эх үүсвэрүүд байршлын хувьд зүүн өмнөд, төвийн, баруун бүсэд хуваагддаг. Эрчим хүчний нүүрсний нөөц төв, өмнөд болон баруун бүсийн зарим хэсэгт бий. Тэгэхээр эдгээрийг хооронд нь зөв холбохын тулд бид “Инээмсэглэсэн Монгол” гэсэн шугам зураг гаргасан. Тодруулбал, Монгол Улсын зүүнээс баруун бүс хүртэл өндөр хүчин чадлын эрчим хүчний шугамтай. Тэр шугамаа дагасан босоо тэнхлэгийн хоёр шугам байх ёстой. Энэ хоёр шугамын тусламжтайгаар Монгол, Орос, Хятад гурав эрчим хүчний нэгдсэн систем бий болгоод, энэ нь бие биенээ нөхөх, илүү үр ашигтай байхаар холбоё гэсэн зорилт тавьсан. Бөөрөлжүүтийн цахилгаан станц бол энэ нэгдсэн том сүлжээнд холбогдох эх үүсвэрүүдийн нэг байх ёстой. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хүргэх замаа сайн, өргөн болгож чадахгүй бол хэчнээн олон төсөл байгаад нарийн зам дээр түгжирнэ, үр өгөөж муутай байна. Үүнээс үүдээд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ зарж чадаагүй хөрөнгө оруулагчид иргэд, хэрэглэгчдэд асуудал үүсгэнэ. Тиймээс бид бүх эрсдэлийг урьдчилан харж, хэрэглэгчдийн боломжид тааруулан залуурдаж, шинэ гарц олж байх үүрэгтэй.

-Хөрш орнуудтай эрчим хүчний харилцан экспорт хийх ажил хэр урагштай явж байгаа вэ?

-Эрчим хүч бол хил залгаа улс орнуудтайгаа хамт яригддаг зүйл. Тийм ч учраасаль ч улс орон эрчим хүчний аюулгүй байдалдаа анхаарал тавьдаг. Хоёр хөршийн эрчим хүчний хэрэгцээний асуудалтай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Засгийн газар хоорондын комиссын гишүүнээр ажилладаг байсан тухай дээр хэлсэн. Бидний тавьсан том зорилго юу юм бэ гэхээр экспорт, импортын ерөнхий хэлэлцээрийг байгуулъя. Боломж гараад ирэх үед манай боломжтой, танай эрэлттэй цагт бид ч мөн та нарт эрчим хүч өгье. Харилцан үр ашигтай, боломжтой хувилбаруудыг ярилцъя гэсэн. Үр дүнд нь хоёр улсын Засгийн газартай эрчим хүчний экспорт, импортын ерөнхий хэлэцээрийн ажлуудыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар гэрээнд зурагдах агууламж, хоёр талын хүсэл, боломжийн талаар аль аль талаасаа эцсийн шатандаа ирчихээд байна. Өөрөөр хэлбэл, энэ Засгийн газрын үед шийдэгдэж амжихгүй бол ирэх Засгийн хамгийн эхний томоохон ажил энэ байх болов уу. Тиймээс холбогдох хүмүүс илүү анхаарал тавиасай гэж хүсэж байгаа. Учир нь Шивээ-Овоогийн уурхайд өмнө нь зургаан гегаваттын хүчин чадалтай, нүүрсний эх үүсвэртэй цахилгаан станц барьж, үйлдвэрлэсэн эрчим хүчийг нь Хятадад экспортлох төсөл яригдаж байсан. Энэ ажлыг дахин сэргээж байгаа. Үүнтэй адил бид коксжих биш бусад эх үүсвэрийг хэрхэн яаж ашиглах вэ, монголчууд ажиллаад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг экспортлох нь чухал.

Бид эрчим хүчний томоохон үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийг хийж чадахгүй байгаа ч түүхий эд хангалттай байна. Гол нь энэ давуу байдлаа зөв ашиглах хэрэгтэй. Гаднын хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй. Өөрсдөөсөө хамаарах бүгдийг хийж чадвал томоохон бүх төсөл амжилттай хэрэгжих, үр өгөөжөө өгөх боломж байгаа. Нэг зүйлийг анхаарах ёстой. Аль аль улс нь техник болон технологийн, санхүү эдийн засгийн хувьд хүчирхэг. Гэхдээ тэндэнд өөрсдийнх нь байгаль орчинд хор хохирол учруулдаг олон ижиг үйлдвэрүүд нь хаагдаад, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлсэн нэртэйгээр явж байх зорилго хэн хэнд нь байгаа. Энэ ашиг сонирхол дээр нь бид тулгуурлаад улсынхаа эдийн засгийг илүү том хөрөнгө оруулалтаар хангах боломжтой юм байна гэж би хардаг.

Сэргээгдэх эрчим хүчний нөөц Монголд асар их байгаа нь үнэн. Гэхдээ сөрөг зүйл байгаа

-Нар салхины нөөц Монголд хэр их юм бэ. Засгийн газраас сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр орж ирж байгаа техник, тоног төхөөрөмжид хөнгөлөлт үзүүлдэг. Гэтэл сэргээгдэх эрчим хүчний чиглэл төдийлэн үр дүнд хүрэхгүй байна. Энэ ямар учиртай вэ. Мөн V цахилгаан станцын төслийг хэзээ эхлүүлж, дуусгах вэ. Энэ төсөл хэрэгжих боломжтой юу?

-Эрчим хүчний төслүүд дээр сэргээгдэх эрчим хүчний чиглэл дэлхий нийтэд давамгай хувь эзэлж байгаа. Тиймээс Монгол Улсын Засгийн газар ч сэргээгдэх эрчим хүчинд шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслийг гаалийн татваргүй байлгая гэж байгаа. Энэ нь гэхдээ нийт үнийн 15.5 хувийн хөнгөлөлтийн л асуудал. Гэтэл шинэ тоног, хэрэгслүүд гарч ирэх бүртээ шинэ үнэтэй болж байдаг. Хэдэн жилийн өмнөхийг бодвол сэргээгдэх эрчим хүчний техник хэрэгслүүдийн үнэ хямдарсан. Үйлдвэрлэгчид, шинжээчид одоогийн үнэ ханшийг хамгийн доод үнэ гэж байгаа. Тэгэхээр энэ төрлийн техник, тоног төхөөрөмжийн үнэ одоо байгаагаас хямдрахгүй байх гэсэн санаа. Манай нөхцөлд хамгийн хямд зардалтай байж болох эх үүсвэр нь уснаас бусад, био буюу малын болон ургамлын гаралтай түүхий эдээр хийдгээс гадна нар, салхи орно.  Нар, салхины эх үүсвэр Монголын хувьд хангалттай. Бид боломжоо ашиглаад нарны цахилгаан станц барих юм бол БНХАУ-ын эрчим хүчийг бүрэн хангах хэмжээнд очно. Бидэнд ийм их хэмжээний нөөц байгаа нь үнэн. Гэхдээ аливаа шийдэл бүрийн ард сөрөг тал байдаг. Тухайлбал, бид нарны цахилгаан станц баръя. Тэгэхэд нарны хавтанцаруудыг тавих хэрэгтэй болно. Хавтанцаруудыг тавихад доор нь байгаа хөрс нар харахгүй. Энэ тохиолдолд  наргүй, харанхуй орчинд ургадаг ургамал, амьтад бий болно. Энэ нь эргээд байгаль орчинд нөлөөлнө. Салхины хувьд ч адил. Салхин цахилгаан станцыг хамгийн их салхитай, салхины урсгалтай газарт барьдаг. БНХАУ гэхэд өнөөдөр 32 гегаваттын чадалтай салхин цахилгаан станцууд барьчихсан, заримыг нь ашиглахгүй байна. Яагаад ашиглахгүй байгаа вэ гэхээр тухайн бүс нутагт байгаль, ургамлын бүтцэд өөрчлөлт ордог.

Том төслүүд эхлүүлчихээд алиныг нь ч хийж чадахгүй байна гэж байх шиг байна. Боломжит, хийж болох, үнэ тарифын хувьд тохиромжтой зэрэг төслүүдийг эхлүүлээд явж байгаа. Харин ДЦС-V-ын хувьд ганцхан асуудлыг шийдэж чадахгүй гацчихаад байгаа. Тэр нь үйлдвэрлэсэн эрчим хүчнийхээ нэг кВт-ын үнийг Монгол Улс хүлээн зөвшөөрч болохооргүй үнийн дүнтэй хэлчихээд байгаа учраас хэрэгжүүлж чадахгүй байна. Түүнээс биш бүх хууль эрх зүйн үндэслэл, гэрээ байгуулагдчихсан. Төрд хүн ажиллаж л байгаа бол иргэдээ л бодох ёстой. Тиймээс энэ үнийн дүнг надтай ижил эсэргүүцэж байгаа төрийн албатуудын зөв. Нөгөө талд хөрөнгө оруулагчид энэ нөхцлийг ойлгоод өөрсдийнхөө хувьд хүлээн зөвшөөрч болохоор тэр хэмжээнд үнэ тарифаа буулгаад хоёр талаасаа тохиролцоонд хүрвэл энэ төсөл хэрэгжихэд бэлэн байгаа.

-Монголчууд хэзээ гаднаас эрчим хүч авахаа болих вэ?

-Эрчим хүчний хувьд бүрэн хараат бус нэг ч улс байхгүй. ОХУ-ын хувьд эрчим хүчний олон эх үүсвэртэй, олон сонголттой ч мөн л хараат. Тодруулбал, бүс нутгууд нь нутаг дэвсгэрээсээ хамаараад зэргэлдээ байгаа улс орондоо заримдаа эрчим хүч өгнө, заримдаа авдаг зарчмаар явдаг. Өөрөөр хэлбэл, экспорт, импортын ерөнхий хэлэлцээртэй адил. Дэлхийн аль ч улс орон эрчим хүчний хувьд бүрэн хараат бус болохгүй байх. Бүгд тодорхой хамааралтай байх нь ойлгомжтой. Харин яг дотооддоо асуудлаа бүрэн шийдэх хэмжээнд хүрэхэд бид ойрхон байгаа. Гэхдээ бүр ойрхон болгох ямар арга зам, ажлыг хайх ёстой вэ гэхээр хөрөнгө оруулалт хийх гээд байгаа тэр хүмүүсийн хүсэл зорилго, санаачилгыг өөрсөд рүүгээ сайн татах ёстой. Үүний үндэс нь бидний шинэчилсэн Эрчим хүчний тухай хууль, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль. Эрчим хүчийг хэмнэснээрээ бид шинээр цахилгаан станц барихад нэг мегаваттыг нь нэг, хоёр сая ам.доллар гэх мэтээр зардал гаргахгүйгээр харьцангуй бага өртгөөр асар их эрчим хүч хэмнэх боломж бидэнд бий. Хэмнэсэн эрчим хүч бидний бас нэг нөөц болно. Бид эрчим хүчний техник хэрэгслийн үйлдвэрлэгч, патент эзэмшигч болж хараахан чадаагүй байна. Оюун ухаан, чадамжийн хувьд манай инженер, техникчид, мэргэжилтнүүд дэлхийн хэмжээнд хүрсэн. Эрчим хүчний дэд сайд байх үедээ миний санаачилсан гол ажлын нэг бол оюуны өмчийг урамшуулж байх явдал. Эрчим хүчийг хэмнэхийн тулд, үйлдвэрлэхийн тулд, иргэдэд хүргэхийн тулд хамгийн зөв шийдэл юу байна вэ, шинэ техник, технологийг бий болгож, нэвтрүүлж чадаж байгаа хүмүүсийг бид оюуных нь хувьд үнэлж, урамшуулж эхэлсэн. Энэ нь бидний дараа дараагийн хөгжлийн, шинийг санаачлагч, технологи гаргагчдыг төрүүлэх суурь, шат дамжлага болно гэж харсан.

-Сэргээгдэх эрчим хүч өртөг өндөртэй гэлээ. Манай орны  хувьд нөөц нь их учраас илүү өргөн хүрээнд нэвтрүүлэх нь ашигтай биш үү?

-Сэргээгдэх эрчим хүчний хувьд  нар, салхины нөөцийн тухай л бид яриад байна. Тэгвэл бид нар, салхины эрчим хүчийг хэрхэн хадгалах вэ. Өдрийн хэчнээн цагт нь нар мандаж, салхи салхилдаг вэ. Түүнийг хадгалахын тулд нэмэлт тоног, төхөөрөмж, хөрөнгө хэрэгтэй. Нэмэлт хөрөнгө оруулалт хийхгүйгээр үйлдвэрлэсэн даруйд нь ашиглая гэхээр цаг хугацааны хувьд хэрэглээтэйгээ зохицож өгдөггүй. Энэ утгаараа сэргээгдэх эрчим хүчний өртөг аль ч улсад өндөр байдаг. Найдвартай болгох гэж зорих тусам л хөрөнгө оруулалт нэмэгдээд байдаг. Монголд 50 мегаваттын Салхитын Салхин цахилгаан станц байна. Тус станцын хувьд 21:00-03:00 цаг хүртэл салхи идэвхждэг. Энэ хугацаанд үйлдвэрлэл нь боломжийн хэмжээнд явагддаг. Гэтэл манайхны үйлдвэрлэл шөнө бараг байдаггүй. Үйлдвэрлэсэн эрчим хүчийг нь авч чаддаггүй. Авахаар боллоо гэхэд ОХУ-тай зэрэгцээ эрчим хүчний шугамаа ажиллуулдагийнхаа хувьд нөгөө өндөр үнээр үйлдвэрлэсэн эрчим хүчээ ОХУ-д хямд үнээр гаргах болж таардаг. Ингээд алдагдалтай наймаа хийх болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өөрсдөдөө хэрэгтэй үед Оросоос эрчим хүч үнэтэй авдаг. Хэрэггүй үед өөрсдөө өндөр үнээр эрчим хүч үйлдвэрлэчихдэг. Түүнийгээ Оросод хямд үнээр өгдөг. Ямар ч тэнэг хүн ийм наймаа хийхгүй. Хийж болохгүй наймаа шүү дээ. Тийм учраас сэргээгдэх эрчим хүчийг бид 20-30 хувьд  хүргэж болно. Гол нь хэрэглээ нь үйлдвэрлэлтэйгээ цаг хугацааны хувьд таарч байх ёстой. Мөн үнэ төлбөрийнх нь хэмжээ хэрэглэгчдэд очсон байх хэрэгтэй. Цаад утгаараа эдийн засгийн хувьд хувь хүн хүчирхэг болж чадаж байж бид байгаль орчноо хамгаалдаг улс болж чадна гэсэн үг.

Сэргээгдэх эрчим хүчний хувьд бидний хэрэгжүүлж байсан “Азийн супер сүлжээ” гэх мэт томоохон төсөл байдаг. Үүнд БНХАУ, ОХУ, БНСУ, Япон, Монгол хамтарсан. Сэргээгдэх эрчим хүчний нэгдсэн сүлжээ бий болгоод түгээе гэсэн төсөл юм. Үүгээрээ Зүүн хойд Азийн улс орнуудын эрчим хүчний бүс нутгийг хангая гэсэн зорилготой байсан. Сэргээгдэх эрчим хүчний хувьд бүс нутгуудыг холбож байж бидний яриад байгаа цаг хугацааны зөрүүг арай сонголттой, өргөн орон зайд аваачдаг. Дэд сайд байхдаа Дэлхийн банкны сэргээгдэх эрчим хүчний төлөөлөгчидтэй уулзахдаа нэг санал тавьж байсан. Монгол Улсын говь, нарны эрчим хүчний хамгийн том орон зай бол өмнөд бүсдээ байна. БНХАУ-ынх хойд, Казахстаных зүүн бүсдээ цаашлаад Узбекстан, Иран,Ирак, Саудын Араб гээд явна. Энэ бүс нутаг цагийн бүсийн хувьд 8-9 цагийн бүтэн орон зайг эзэмшиж байна. Энд байгаа эрчим хүчний нийт балансыг аваад үзэхээр 300-гаад гегаваттын чадал бүхий маш том эрчим хүчний нөөц байна. Энд төсөл хэрэгжүүлбэл ямар вэ гэсэн санал тавьж байсан юм. Одоо энэ асуудалд эрчим хүчний төслүүдийг авч явдаг томоохон байгууллагууд яаж хандаж байгаа вэ гэхээр “Боломжийн ажил. Гэхдээ эрсдэлтэй. Бүс нутгийн улс төрийн тогтвортой, тогтворгүй байдлаас хамаараад нэгдсэн хэмжээнд явахад эрсдэлтэй” гэдэг. Сэргээгдэх эрчим хүч хаана хөгжих вэ гэхээр тус бүс нутаг улс төрийн хувьд тогтвортой байж л илүү сайн хөгжинө.

-Сүүлийн үед газрын дулаанаас эрчим хүч гаргаж байгаа төсөл хэрэгжиж эхэлсэн. Төв аймгийн зарим суманд энэ төсөл хэрэгжиж байгаа юм байна. Үүнд зарцуулагдах хөрөнгө болоод үр дүнтэй эсэх талаар мэдээлэл өгөөч?

-Газрын гүний дулааныг ашиглах арга бол шинэ хувилбаруудын нэг. Энэ төслийг Төв аймгийн Зуунмод хотын Зүүндэлгэр багт сургуулийн дулааны асуудлыг шийдвэрлэх зорилгоор өмнөх Засгийн газрын үед шийдвэрлээд одоо хэрэгжээд явж байгаа. Аливаа эх үүсвэрээр бид дулаан цахилгааны хэрэглээг хангаж болно. Гэхдээ байшин, барилга нь онгорхой цоорхойтой, гаргасан дулааныг нь гадагшаа алдаад байвал тэр төсөл үр ашиггүй. Бид үйлдвэрлэснийгээ үр ашигтай ашиглахын тулд тус сургуульд нэмэлтээр засвар, дулаалга хийсэн. Үр дүн сайн. Өртөг зардлын хувьд шинэ эрчим хүчнүүдийн суурийг тавьснаас бага ч нүүрстүлсэнээс арай өндөр. Давуу тал нь байгаль орчинд ээлтэй, цэвэрхэн, таатай. Сайн технологи олон бий. Бид хэрэгжүүлээд туршиж үзээд явж байна. Дотоодын эрчим хүчээ бүрэн хангах боломж, нөхцөл ойрхон ирсэн.

-Ярилцсанд баярлалаа.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
7 минутын өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалтад хэрхэн өндөр оноо авах вэ?
2
1 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
1 цагийн өмнө
Хаврын ядаргаанаас хэрхэн бултах вэ?
санал болгох
1
1 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
2
4 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
Өчигдөр
Playlist: Цасан шуурганаар сонсоход хамгийн тохиромжтой 11 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.