Хайх зүйлээ бичнэ үү

13 мин

Д.Болортуяа: “Seaberry”-гээ гоо сайхан, эрүүл мэндийн салбарын “Apple” болгох зорилготой

"Би “Seaberry” компаниа эрүүл мэнд, гоо сайхны салбар дахь “Apple” болгох зорилготой ажиллаж байгаа гэдгээ хэлэхэд надад маш их урам өгсөн"


“Seaberry” компанийн захирал Д.Болортуяатай ярилцлаа. 

-“EY Strategic Growth Forum” оролцоод ирсэн гэсэн. Энэ том арга хэмжээг зорихдоо өөртөө ямар зорилго тээж явав, түүнээ биелүүлж чадав уу?

-Энэ бол Монголын бизнес эрхлэгчдэд нээгдсэн маш том хаалга, маш том боломж гэж харж байгаа. “Ernst & Young” дэлхий даяар 16 бизнес эрхлэгч шалгаруулаад, бүтэн жилийн турш бизнес тусалж, Дэлхийн банк, “Apple”, “Alibaba” зэрэг томоохон компаниуд сурган, бүх талаар нь дэмжих юм. Жишээ нь, “Growing beyond the border” хөтөлбөрийн хүрээнд гадаадын зах зээлд гарах боломжийг нээж өгнө. Бид энэ арга хэмжээний үеэр “Apple”-ийг үүсгэн байгуулагчдын нэг Стив Возняктай уулзсан. Түүнд би “Seaberry” компаниа эрүүл мэнд, гоо сайхны салбар дахь “Apple” болгох зорилготой ажиллаж байгаа гэдгээ хэлэхэд надад маш их урам өгсөн. “Маш сайхан санаа. Эрүүл мэндийн салбарыг IT, өндөр технологитой холбосноор хүмүүст улам илүү хурдан хүрнэ” гэж тэр хэлсэн. Тэр бас манай үйлчлүүлэгч болж байгаа.

-Хөөх, үнэн гэж үү?

-Тийм ээ. Стив Возняк илүүдэл жинтэй, байнга нь хөлс нь цувдаг гэдгээ хэлсэн. Энэ бол энергиэ тогтмол алдаж буйн тод жишээ. Тэр “Seaberry”-гийн S-Gen (Seaberry Generation) машинаар эмчилгээ хийлгэнэ. 

-Тэгвэл Монголд ирэх нь ээ.

-Түүнийг Монголд ирээрэй гэж урьсан, тэр зөвшөөрсөн хариу өгсөн. Яг хэзээ гэдгийг харин одоогоор тохироогүй байгаа.

-Та шалгарсан 16 хүмүүсээсээ цор ганцаараа Стив Вознякийн нэрийн хуудсыг авсан гэж уншсан юм байна.

-Стив Возняк бидэн дундаас нэгтэй нь л бизнесийн холбоо тогтооно гээд, ганцхан нэрийн хуудастай ирсэн гэдгээ хэлсэн. Тэр одоо надад бий. Стив үүнийхээ өмнө “Чи миний нэрийг хуудсыг авах эрхтэй хүн гэж өөрийгөө бодож байна уу” гэж асуухад нь би “Би таны бодож байгаагаас ч илүү үүнийг хүртэх эрхтэй” гэж хэлсэн (инээв). Одоо энэ миний азын карт болсон шүү.

-Баяр хүргэе. Сайхан хэрэг байна. Эрүүл мэнд, гоо сайхны салбарыг өндөр технологитой хослуулна гэдэг Монголд төдийгүй дэлхийд шинэ хандлага шүү дээ.

-Технологи хүссэн хүсээгүй бидний амьдралын салшгүй нэг хэсэг болсон шигээ ирээдүйд бүх зүйл үүнтэй ямар нэг байдлаар холбогдох тусмаа амжилттай байна гэдэг нь тодорхой. “Энэ бол ирээдүйн бизнес” гэж Стив Возняк хэлж, бидэнд урам өгч байсан.

-“Seaberry”-гийн гол түүхий эд чацаргана. Яагаад чухам энэ жимсийг ашиглах болов. Санаа анх төрсөн цэг рүү эхлээд очъё гэж бодлоо.

-Бусад монгол хүүхдийн л адил багадаа чацаргана идэж, ханиад хүрэхээрээ шүүсийг нь ууж байсан боловч ид шидийг нь мэддэггүй байв. Би 15-тайдаа АНУ-ыг зориод, тэндээ гоо сайхны салбарт есөн жил ажилласан. Нэг удаа аавтайгаа ярьж байтал “Чи наанаа Америк компани л баяжуулаад байх юм. Энд, Монголдоо ирж ажиллавал яадаг юм” гээд “Чацаргана гэж маш их амин дэмтэй, эрүүл мэнд, гоо сайхан туйлын хэрэгтэй жимс байна. Үүгээр юм хийгээч” гэсэн. Аав маань 2008 оноос эхлэн чацарганын аж ахуй эрхэлсэн хүн. Тэгээд л аавтайгаа ярьж дуусмагц интернэтээр чацарганын тухай хайж үзээд үнэхээр гайхсан. Маш их амин дэмтэй, супер жимс гэдгийг нь мэдээд чацарганаар ямар нэг юм хийж болох юм байна гэсэн бодол төрсөн. 

-Интернэтээр мэдээллийг нь харж гайхаж байснаас одоогийн ийм хэмжээний компани болгоод, бүтээгдэхүүнүүд гаргах хүртэл туулсан зам, адал явдал их сонирхол татаж байна.

-Сонирхолтой, бас яг үнэндээ амаргүй байсан шүү. Би АНУ-д гоо сайхны бизнест есөн жил ажиллахдаа маркетинг хийдэг байснаас биш бүтээдэхүүн хийж үзээгүй. Монголд чацарганыг судалсан олон судалгаа байсан ч яг ямар бүтээгдэхүүн гаргах вэ гэдгээ эхэндээ олоогүй л дээ. Тиймээс эхлээд гаднын ноу-хау авчрах ёстой гэж бодсон. Монголын чацарганад 190 гаруй төрлийн витамин, омега 6, омега 7, омега 9 байдаг гэдэг нь үнэхээр үнэн үү гэдгийг баттай мэдэхийн тулд Сингапурын “Pacific Lab” компанид судлуулж, 100 грамм монгол чацарганын тосонд ямар ямар бодис байна вэ, бусад оронд ургадаг чацарганаас ямар ялгаатайг харьцуулж үзэхэд үнэхээр бүх талаараа хавь илүү байсан.

Яагаад гэвэл Монголын хөрс органик, эрдэс сайтай. Дээр нь цаг агаарын эрс тэрс уур амьсгалд ургадаг болохоор хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ нь илүү, хүчтэй. Ингээд бид монгол чацарганаар эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр болсон. АНУ-ын Hofstra-ийн их сургуультай хамтран төсөл боловсруулж, ямар зах зээлд гаргаж болох вэ, тэгэхийн тулд хаана үйлдвэрлэсэн байх вэ гэдгээс эхлээд бүх зүйлээ нарийн судалсан. Ер нь ямар нэг бизнес эрхлэхийн тулд судалгаа, ложистик их чухал. Бизнестээ сэтгэлийн хөөрлөөр биш, хэр сайн төлөвлөгөө, судалгаатай байна, тэр хэрээр амжилт олдог. Азийн зах зээлд гэхэд Солонгост үйлдвэрлэсэн гоо сайхны бүтээгдэхүүн хамгийн сайн зарагддаг. Зөвхөн Хятадад л гэхэд жилд 578 тэрбум ам.долларын БНСУ-ын гоо сайхны бүтээгдэхүүн эргэлддэг. Бид бүтээгдэхүүнээ БНСУ-д үйлдвэрлээд, эхний ээлжинд энэ зах зээлийн хоёр хувийг эзэлье гэж зорьсон. Харин АНУ, Европын зах зээлд гаргах бүтээгдэхүүнээ Охайо мужид үйлдвэрлэж байгаа.

Зарим хүн биднээс яагаад Монголд үйлдвэрээ байгуулаагүй юм бэ гэж асуудаг. Монгол бренд юм бол Монголдоо байгаач гэдэг. Гэтэл дэлхийн гоо сайхны зах зээлд “Made in Mongolia” гэсэн шошго тренд болоогүй. Бизнес бүр өөрийн гэсэн онцлогтой. Жишээ нь, манай ноолуур байлаа гэхэд гаднын зах зээлд Монголынх гэх тусмаа үнэ хүрч, хүмүүсийн сонирхлыг татна. Гоо сайхны салбар бол их эмзэг. Тэгэхээр тэр чигээрээ ложистикийн бизнес болж таарч байна. 

-Бизнесийн зах зээлд “Seaberry” гэх нэр шинэ хэвээр. Гэхдээ богино хугацаанд маш их амжилт олж, ялангуяа гадаадын зах зээлд хандсан алхмууд зоригтой хийж буйн гол нууц юу бол?

-Хамгийн том хүч бол харилцаа, бас сүлжээ. Бизнест ч тэр, хувийн амьдралд ч тэр энэ хоёр маш чухал үүрэгтэй. Олон сүлжээтэй байх тусам тэр хүмүүсээрээ дамжуулаад бизнесээ өргөжүүлээд, боломжоо нэмээд явна. Америкт гоо сайхны салбарт олон жил ажиллахдаа миний бүтээсэн гол зүйл бол сүлжээтэй болсон маань шүү дээ. Тэр болоод манай багийнхан бидний амжилтын хамгийн том хүч.

-Одоо бол дэлхийн гурван улсад үйлдвэртэй, АНУ, Герман, Франц зэрэг 12 оронд салбар дэлгүүртэй том компани болжээ. Гуравхан жилийн доторх үр дүн гэхэд энэ гайхалтай үзүүлэлт. Та компанийнхаа ирээдүйн таван жилийг юу гэж хардаг вэ?

 -Бидний гол зорилго бол монгол бүтээгдэхүүнийг гадаадын зах зээлд гаргах. Бүр цаашлаад Солонгосын “Самсунг”, Хятадын “Алибаба”, Америкийн “Apple” гэдэг шиг улсынхаа эдийн засгийн чирж явдаг, олон мянган хүнийг ажлын байраар хангасан том компани болох зорилготой. Одоо бол бид дөнгөж эхэлж байна, хийх, суралцах зүйлс маш их байна.

-Эхний ээлжинд Хятадын зах зээлийн хоёр хувийг эзлэх зорилготой байгаа гэж хэлж байсан. Энэ зорилгодоо хэр ойрхон явна вэ?

-Зорилгоо бодит байдал болгохоор ид ажиллаж байна даа. Сая Шанхайд гоо сайхан, эрүүл мэндийн экспод оролцоод ирсэн. Хятад хүмүүс манай бүтээгдэхүүнийг маш сайнаар хүлээж авсан. Жишээ нь, манай S-GEN машин тунгалагын булчирхайны цэвэрлэгээ хийдэг. Энэ нь хүний эрүүл мэндэд ямар чухал болохыг тэд бүгд мэдэж байсан. Эхний захиалга, бизнесийн гэрээнүүдээ хийгээд л явж байна даа.

-Чацаргана бол дэлхий нийтээрээ мэддэг, тийм түгээмэл жимс биш шүү дээ. “Seaberry” бүтээгдэхүүнээ зарахын тулд чацаргана гэх жимсийг бас давхар сурталчлах хэрэг гарч байна уу.

-Чацарганаар бүтээгдэхүүн хийдэг компаниуд байдаг л даа. Гэхдээ монгол чацаргана тэр бүхнээс өөр, илүү өндөр чанартай, илүү экзотик, натураль гэдгийг одоо ч гэсэн сурталчлаад явж байгаа.

-Та чацарганын тухай анх интернэтээс хайж үзээд алмайрч байсан шиг тань бусад хүмүүс монгол чацарганын ач тус, амин дэмийг мэдээд ямар хариу үзүүлдэг вэ?

-Тэд үнэхээр гайхдаг. Надтай уулзаж, тухай нь сонсоод адилхан “Goolge”-ддэг байгаа юм л даа (инээв). Тэгээд эргэж ярьдаг. Заримдаа надад чацаргана жимс биднийг хөтлөөд яваа юм шиг, хүмүүсийг над руу авчраад байгаа юм шиг санагддаг. Яагаад гэвэл зарим уулзсан хүн “Би өнөөдөр яг чацарганы тухай мэдээлэл уншиж байлаа. Тэгээд одоо чамтай таардаг сонин юм аа” гэх зэргээр ярьдаг. Монголд очих юмсан, жимсийг нь амталж, жүүсийг нь ууж үзэх юмсан гэдэг.

Ер нь Монголоос гарсан юм бүхэн гаднынханд экзотик байдаг шүү дээ. Бид их азтай хүмүүс. Дэлхийн хаана ч очсон хайрлагдаж байдаг, онцгой санагдаж, анхаарлын төвд ордог.

-Та АНУ-д ямар мэргэжлээр сургуулиа төгссөн бэ? 

-Би бакалавраа бүтээцийн инженер, магистраа олон улсын худалдаагаар хамгаалсан.

-Тэгээд л шууд “Smile World Inc”-д орсон уу?

-Би төгсөөд өөрийн гэсэн гоо сайхны брендийг бий болгоод, Монголдоо очиж зарна гэж бодож байсан. Тэгээд АНУ-даа хоёрт ордог гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Smile World Inc” компани дээр очсон. Эднийх “Chanel”, “L’Occitane”-аас эхлээд бүхий л томоохон гоо сайхны брендийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Тэнд очоод санамсаргүй захиралтай нь таараад, өөрийн санаагаа хэлтэл намайг оройн хоолонд урьж, зөндөө ярилцсан. Үүний Сиэтл руу нүүгээд удаагүй байтал тэр хүн надруу яриад “Чамд гоо сайхны салбарт ажилласан туршлага байхгүй. Тиймээс шууд зориглоод бренд хийнэ гэдэг хэцүү. Манайх дэргэдээ “Keyline” гээд шинэ компани нээж байгаа. Чи энд ажилла, энэ бол чамд олдох маш том боломж” гэж хэлсэн. Бодож үзээд, “Яагаад болохгүй гэж” гээд л орсон. Тэнд би есөн жил ажиллахдаа маш их зүйл сурсан. Яагаад гэвэл цоо шинэ компаний маркетингт эхнээс нь оролцоод, хийгээд явсан. Анх жилийн 500 мянган ам.долларын орлоготой компани хэдхэн жилийн дотор цэвэр орлого нь 17 тэрбум хүртлээ томорсон. Энэ зуур хэцүү зүйлс зөндөө байсан. Маркетингийн асар их зардал гаргачихаад үр дүн нь түүндээ хүрэхгүй үе ч бий. Тэр үед “Keyline”-ийнхаа бүтээгдэхүүнийг би өөрөө гартаа барьчихаад “Энийг одоо хэн авах юм бэ?” гэж бодож байсан ч тохиолдол байна. Гэхдээ юм гэдэг учиртай, зөв төлөвлөж, зах зээлээ сайн судалбал болдог гэдгийг эндээс харсан. 

-Таныг есөн жилийн дараа өөрийн бизнесээ эхлүүлэхээр гарахад захирал чинь юу гэж хүлээж авсан бэ?

-Яг үнэндээ ерөөсөө дуртай байгаагүй. Намайг есөн жил сургасан болохоор би тэр компанийн үнэ цэнийн нэг хэсэг болчихсон байгаа шүү дээ. Ажлаас гаргахгүй гэж зөндөө үзээд дийлээгүй. Одоо бол харин яаж хамтрах уу? гээд л их ойрхон байдаг.

-Тэнд ажилласан тань зөвхөн Монголд гэлтгүй, анхнаасаа дэлхийн зах зээлд гарах гэсэн том зорилготой эхлэх зориг өгч, тийм үү?

-Тийм гэж хэлж болно. Би тэнд байхдаа долоо хоногт хоёр удаа өөр орон, эсвэл өөр муж руу явж бүтээгдэхүүн зардаг, миний амьдрал бүхэлдээ агаарт өнгөрсөн. Тэгж явахдаа маш олон танил, их сүлжээтэй болсон. Одоо энд тэндхийн экспод очиход ихэнх нь таньдаг, мэддэг хүмүүс “Чи өөрийн бизнесээ эхэлчихсэн үү” гээд л уриалгахан угтдаг.

-Таны амьдралд хамгийн их нөлөө үзүүлсэн хүн хэн бэ?

-Манай аав. Надад бага байхаас л их олон гайхалтай түүх ярьж өгдөг байсан. Аав, ээж хоёр маань үргэлж дээшээ харж яв, сэргэлэн бай, битгий хамрынхаа үзүүрийг хар, илүү холыг харж, өргөн сэтгэ гэхчлэн хэлдэг байсан нь одоо ч амьдралд минь хэрэг болдог доо.

Бизнесийн талаас гэвэл Роберт Кийосаки надад их нөлөөлсөн. “Баян аав, ядуу аав” гээд ном байдаг даа. Тэр номонд ажлаа хийгээд явдаг энгийн аав, бизнесмен аав хоёрын бодож, сэтгэж байгаагийн ялгааг маш сайн гаргаж өгсөн. Хүн чинь ер нь бодлоороо амьтан шүү дээ. Би чадна аа л гэвэл яаж хийгээд чаддаг. Чадахгүй гээд хойш суувал ерөөсөө бүтдэггүй байх жишээтэй. Жишээ нь, манай захирал надад тэр том ажлын байрыг санал болгоход “Би Монголоос ирсэн жаахан охин юу чадах вэ” гээд суусан бол юу ч үгүй л хоцрох байсан. Би чадна, би юугаараа дутмаг юм, адилхан Америк боловсрол эзэмшсэн гэж бодоод л орж байлаа.

Бас Америкийн тэрбумтан Уоррен Баффетийг нэрлэж болно. Тэр хүн амжилтын үндэс бол хайр гэдгийг мэддэг, энэ тухай байнга ярьдаг. Бизнесмен хүний амжилтын үндэс бол ерөөсөө л хайр. Юу чамайг жаргалтай болгож байна вэ, тэрийгээ хий, тэрийгээ бод. Бас бусдадаа сайнаар нөлөөлөх хэрэгтэй. Чиний хийж байгаа зүйлээс болж дэргэдэх хүн чинь жаргалтай болж байвал энэ л жинхэнэ амжилт.

-Таныг дэргэдээ гурван ч сан ажиллуулдаг гэж сонссон юм байна. Уоррен Баффетийн санааг бага ч гэлтгүй гүйцэлдүүлж яваа юм байна даа.

-Бид “Seaberry” судалгаа хөгжлийн сангаараа дамжуулаад энэ жил 10 хүүхдэд сургалтын төлбөрийг тэтгэлэх олгохоор болсон. Үүнээс гадна “Seaberry consulting”-аараа шинээр эхэлж буй старт-ап компаниудад бизнесээ эхлүүлэхэд нь туслах, гадаадын зах зээлд гарахад нь дэмжлэг үзүүлэх, бизнесүүдтэй холбох, хөрөнгө оруулалт босгоход нь туслах ажил хийх гэж байгаа. Цаашдаа нийгэмдээ чиглэсэн маш олон ажил хийх санаа байгаа. Тэрний тулд эхлээд бид өөрсдөө амжилттай, үлгэр жишээч байх ёстой.

-Чацарганаас гадна аньс, нэрс гэхчлэн Монголын онцлогтой жимснүүд байна. Тэдгээрийн бренд болгоод явах бодол бий юү?

-Чацарганыг Хөвсгөлийн зэрлэг нэрстэй холиод цай гаргасан. Бас аньс, нэрс, чацарганаар шоколад хийсэн. Энэчлэн Монголын экзотик бүтээгдэхүүнийг гадаадын зах зээлд гаргая гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

-Энэ асуултыг хамгийн сүүлд асууя гэж бодож байлаа. Та “Keyline”-д байхдаа “Энэ бүтээгдэхүүнийг хэн хэрэглэх вэ дээ” гэж эргэлзэж хүртэл байсан гэсэн. Одоо харин “Seaberry”-гийнхээ бүтээгдэхүүнийг ийм эргэлзээгүйгээр өөрөө хэрэглэдэг үү?

-100 хувь. Энэ өөрийн юм учраас “Би байсан бол яах вэ” гэж бодож бүхнийг хийдэг. Би өөрийгөө хуурахгүй, тийм учраас манай бүтээгдэхүүн ч гэсэн бусдыг хуурахгүй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
2
12 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
12 цагийн өмнө
Кисэносатогийн дэвжээг хураах уу?
санал болгох
1
18 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
39
35
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Эсен 2019.08.12 46.244.29.144

Бүгдээрээ сайн уу! Би бол Эсен, одоо Улаанбаатарт амьдардаг. Би одоо хоёр хүүхэдтэй бэлэвсэн эхнэр бөгөөд долоодугаар сард санхүүгийн байдал хүндэрсэн тул төлбөрөө дахин боловсруулж, төлөх шаардлагатай болсон. Би хувийн болон корпорацийн аль алиных нь зээлийн байгууллагуудаас зээл авахыг хичээсэн боловч хэзээ ч амжилтанд хүрээгүй бөгөөд ихэнх банкууд миний зээлээс татгалзсан. Гэхдээ бурхан надад таалагдсан шиг, надад 80,000 долларын зээл олгосон, хувийн бизнес эрхэлдэг хувийн зээлдүүлэгчдийн хамтран ажилласан хоршооны талаар танилцуулж байсан. Өнөөдөр би бизнес эрхэлдэг, хүүхдүүд маань яг одоо сайн байгаа. Барьцаа хөрөнгөгүй зээлийн баталгаат хугацаа байхгүй, зээлийн хүүгүй, барьцаагүй, ердөө 2% -ийн хүүтэй, эргэн төлөлтийн төлөвлөгөө, хуваарьтай холбоотой аливаа фирмтэй холбоо барьж лавлах хэрэгтэй. Ноён Данте Паолатай имэйлээр: [email protected] Тэр холбоо барина уу. Ийм зүйл хийж байгаа гэдгээ мэдэхгүй байгаа ч одоо маш их баяртай байгаа. Би хүмүүст түүний тухай илүү ихийг мэдэхийг хүсч, бас Бурхан түүнийг илүү адислахыг хүсч байна. Та түүнтэй имэйлээр холбоо барьж болно: [email protected] хаягаар түргэн чатлах эсвэл whatsapp / +35677926593 Баярлалаа Эсен

0 Хариулах