Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

Л.Мөнхбаясгалан: Үнэнээ хэлэхэд би өөрийнхөө нөлөөнөөс айдаг

"Би сүүлийн хоёр, гурван жил хэтэрхий их эрх чөлөөтэй явлаа. Хэлье гэснээ хэлж, урья гэсэн зочноо урьж, ямар ч цензургүй ярилцаж чаддаг байлаа. Үүний минь шанг надад барилаа гэж бодож байна"



“Цензургүй яриа”, “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан уржигдар АНУ-ыг зорих нислэгээсээ дөрвөн цагийн өмнө өөрт нь эрүүгийн хэрэг үүсгэснийг мэдэв. Ийнхүү офшорт нэр холбогдсон монголчуудын талаар баримт цуглуулахаар Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн байгууллагыг зорих ажил нь саатжээ. Л.Мөнхбаясгалантай ярилцсанаа хүргэе.  

-Цагдаагаас утсаар ярьсан нь гэнэтийн явдал байсан уу, аль эсвэл шалгаж байгаа талаар мэдээлэлтэй байв уу?  

-Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газраас уржигдар 20 цагийн үед гэнэт утсаар дуудсан. Би 00 цагт нислэгтэй байсан учраас амжихын тулд цагдаа руу шуурхай очсон. Тэнд очоод л эрүүгийн хэрэг үүсгэснийг, хилээр гарах эрхгүй болсноо мэдсэн. Өмнө нь надаас нэг сарын өмнө тодруулга авч байсан л даа. Тэгэхэд эрүүгийн хэрэг үүсгээгүй, зүгээр надаас асууж тодруулах зүйл байсан юм. Уржигдрын тухайд би ямар ч байцаалт, мэдүүлэг өгөөгүй. Өмгөөлөгч авах хэрэгтэй гээд гарсан. 

-Эрүүгийн хэрэг үүсгэсэн үндэслэлээ тэд юу гэж тайлбарласан бэ?

-2013 онд би өөрийн байгуулсан пиар компаниараа МИАТ компанид зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр 40 сая төгрөгийн гэрээ байгуулж ажилласан юм. Үүнийг Эрүүгийн хуулийн 148.4 буюу залилангийн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж сэжиглээд эрүү үүсгэлээ гэсэн. 

-Танд МИАТ-тай хамтарч ажиллахдаа гаргасан байж болох ямар нэг алдаа дутагдал юу билээ гэх айдас, эсвэл эргэлзээ төрж байна уу?

-За үгүй дээ, энэ бол ерөөсөө л шалтаг. Би сүүлийн хоёр, гурван жил хэтэрхий их эрх чөлөөтэй явлаа. Хэлье гэснээ хэлж, урья гэсэн зочноо урьж, ямар ч цензургүй ярилцаж чаддаг байлаа. Үүний минь шанг надад барилаа гэж бодож байна. Ер нь хэвлэлийн эрх чөлөөний төлөө өндөр үнэ төлдөг. Төлөх ч ёстой. Төлнө. Хэвлэлийн эрх чөлөөг юунд ч тээглэлгүй зоригтойгоор эдэлж чадсаныхаа хариуг би заавал төлнө. Бидний нөгөө яриад байдаг хэвлэлийн эрх чөлөө ядаж ирээдүйд бий болох ёстой. Тэгвэл золиос нь би болог. Би даана аа.

Ер нь хэвлэлийн эрх чөлөөний төлөө өндөр үнэ төлдөг. Төлөх ч ёстой. Төлнө. Хэвлэлийн эрх чөлөөг юунд ч тээглэлгүй зоригтойгоор эдэлж чадсаныхаа хариуг би заавал төлнө.

-Тэр 40 сая төгрөгийн зарцуулалт нь баримтаар бий юү?

-Гурван жилийн өмнөх явдал учраас архив шүүх шаардлагатай болж байна. Тэр үед би “Улс төрийн тойм” сонины ерөнхий эрхлэгч байсан учраас манай сониноор нэлээд сурталчилгаа явсан. Баримтаа бүрдүүлээд гэм буруугүй гэдгээ нотлох боломжтой байлгүй дээ.  

-Сүүлийн үед нийгэмд, улс төрд “зохион байгуулалттай” гэсэн хаягтай үйл явдлууд өрнөх боллоо. 148.4 гэдэг зүйл ангийг үг, үсгээр нь унших юм бол бас л “зохион байгуулалттай бүлэглэл”, “онц аюултай гэмт хэрэг” гэхчлэн тодорхойлсон байх юм.

-Би бас гайхаад л сууж байна. Намайг Х.Баттулга, А.Гансүх нарын бүлэглэлтэй хамаатуулахын тулд ухаж ухаж ийм л юм олж. Энэ нь залилангийн гэмт хэрэг дундаа хамгийн хүнд, онц ноцтой зүйл анги, бүр 10-15 жилийн хорих ялтай нь шүү дээ. Сэтгүүлчдийг дуугүй болгох, айлгах гэсэн дарамт шахалт болгож над дээр хэрэглэж байх шиг. 

-Та С1 сувагт нэвтрүүлгээ нийлүүлж, тэндээс цалинждаг. Энэ телевиз Х.Баттулгын өмчлөлд байдаг учраас “Женко”-гийн багийн сэтгүүлч гэдэг нэр хоч Танаас салдаггүй. Та үүнд ямар тайлбар хэлэх вэ?

-“Хоёрдугаар суваг” телевизээс гараад би олон телевизэд хамтарч ажиллах санал тавьсан. Тэгэхэд “Цензургүй яриа” олны хүртээл болоод эхэлчихсэн, “Цензургүй сурвалжлага”-ын маань санаа цаасан дээр байлаа. Надад хамгийн боломжийн хариу хэлсэн телевиз С1 л байсан учраас би очсон. Ер нь намайг хаана ч ажилласан хэн нэг улстөрчтэй заавал харддаг нь ёс шиг юм. “Өдрийн сонин”-д байхад Ц.Элбэгдоржийнх гэдэг байлаа, “Улс төрийн тойм”-оо нээхэд ард нь Сү.Батболд байна аа л гэсэн. Энэ удаа “Женко”. Үнэндээ тэр надад юу ч заахгүй.

-УИХ-ын сонгууль болоход нэг сарын л хугацаа үлдсэн байна. Таны улс төрийн үзэл бодол, байр суурь нэвтрүүлгүүдэд тань хэр тусаж байгаа гэж үзэж байна вэ?   

-Би ардчиллыг дэмждэг сэтгүүлч. Хүн болгоны үнэнийг мэдэх эрх бол миний итгэж үнэмшдэг цорын ганц ардчилал. Би ямар ч нам, ямар ч улстөрчөөс үл хамааран ардчиллын зарчмаар ажилладаг. Далд зүйл, худал, хуйвалдааныг олны эрх ашгийн төлөө илчлэх нь сэтгүүлчдийн үүрэг шүү дээ. Дэлхийн улс орнууд, ялангуяа сэтгүүлчид Панамын баримтаар нэр нь зарлагдсан улстөрчдийн тухай судалж төнхөж байна. Гэтэл яагаад Монголын төрийн өндөр, дээд албан тушаалтнуудын нэр дурайтал гарч ирчихээд байхад бид л жишим ч үгүй сууж байх гэж. Би лав цензургүй байж чадна. Офшорын сэдвээр нэг нэвтрүүлэг цацчихлаа. Хоёр дахь цувралаа удахгүй цацна гэж найдаж байна. Дээхнэ үед мафийн ч билүү, авлигын сүлжээ гээд дуулиан тарьсан цуврал нийтлэгдэж байсан шүү дээ. Одоо яг тийм офшорын бүлэглэлийн тор шинээр татагдсан гэдгийг би олж тогтоосон. Энэ сүлжээний зургийг гаргаж тавихыг хичээж байна.

Монголын төрийн өндөр, дээд албан тушаалтнуудын нэр дурайтал гарч ирчихээд байхад бид л жишим ч үгүй сууж байх гэж. Би лав цензургүй байж чадна. 

-Эхний нэвтрүүлгийн төгсгөлд Та дараагийн дугаарт онцлох хүмүүсийнхээ нэрсийг зарласан. Одоо Та дахиад нэрлэхгүй юү?

-Сү.Батболд, С.Баяр түүний охид, Ж.Оюунгэрэл, Б.Давааням, түүний охид, Д.Цогтбаатар. Надад баримтууд нь байгаа. Гэхдээ би хоёр дахь цувралаараа эрэн сурвалжлах сэтгүүл зүйд илүү том алхая гэж чин сэтгэлээсээ зорьсон юм аа. Даанч явж чадсангүй. Цагдаа намайг Америкаас эргээд ирэхэд шалгаж болох л байсан. Би хоёр нялх хүүхдээ хаячихаад оргон зайлахгүй шүү дээ. Ер нь би Монголоос өөр газар амьдрах гэж хэзээ ч дурлахгүй ээ. Миний хүүхдүүд ч үеийн үедээ эх орондоо сайхан амьдраг. Харин би тэдэндээ илүү сайн нийгмийг бүтээхийн төлөө сэтгүүлчийн зүгээс өөрийн хийж чадах боломжтой бүхнийг хийнэ. Яг үнэндээ дээр нэр дурдсан хүмүүс цагдаад нөлөөлсөн, тэд намайг саатуулсан гэж үзэж байна. Би уг нь юу ч болсон бай, үүнд тэрний нөлөө орсон гэх ч юм уу, энэний цаана тэр байна гэх мэтийн яриа хөөрөөнд дургүй. Гэхдээ энэ удаа ингэж хэлэхээс өөр аргагүй тун адармаатай нөхцөл бий боллоо.

-Америк руу 100 сая төгрөг авч явахаар зэхэж байсан юм уу?

-Америк яваад ирэхэд тийм их мөнгө шаардлагагүй гэдгийг захын хүн хэлээд өгнө дөө. Энэ мэт үлгэр үргэлжлэх л байх. Цагдаа мэдээлэл өгнө. “Энэ Мөнхбаясгалан болбоос маш аймаар хүн” гээд л...  

-Сү.Батболд, С.Баярцогт нартай 2008 оны сонгуулиар маш ойр ажиллаж байсан сэтгүүлч бол Та шүү дээ. Одоо тэдний талаарх бодол нэлээд өөрчлөгджээ дээ?

-Офшорт холбогдсон нэрсийг хараад байхад би бүгдтэй нь дажгүй харилцаатай. Гэлээ гээд офшорт данстай байгааг нь мэдээлэхгүй, энэ талаар ярихгүй өнгөрвөл сэтгүүлч гэж яваад яах юм бэ. Гол нь бодитой, ултай хандах хэрэгтэй. Кёкүшюүзан Д.Батбаяр ЭЦГ өөрийг нь шалгаад офшорт холбоогүй гэдгийг нь тогтоогоод өглөө гээд худлаа яриад л явна. Манай ЭЦГ тогтоож чадахгүй шүү дээ. Ингэж бие биенээ хуурч яах юм бэ. Одоо нөгөө “Женко” Х.Баттулгын чинь нэр хүртэл холбогдсон мэдээлэл саяхнаас сошиалд явж л байна лээ. Би сурвалжилна гэж бодож байгаа. Энэ офшор гэдэг юм Монголын сэтгүүл зүйд том чимээ, том дохио боллоо гэж хүлээж авах хэрэгтэй. 

-Олон улсын сэтгүүлчдийн нийгэмлэгээс баримт авахгүйгээр хоёр дахь цуврал гарах боломжгүй юу?

-Хоёр дахь нэвтрүүлэг бараг бэлэн болсон. Би баримтаа нэмье, нотлох баримтаа илүү зузаатгая, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн жинтэй бүтээл туурвия, нэр төртэй ажиллая гэж тус нийгэмлэг рүү хандаж байгаа юм. Би сэтгүүлчээр сурч төгсөхдөө дипломын ажлаа эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээр бичиж байлаа. Би сэтгүүл зүйн эрэн сурвалжлах төрөлд дэндүү дуртай л даа. Миний төрөлх араншинд ойр ч юм шиг байгаа юм. Сонинд байхдаа надад боломж гарах бүрт би эрэн сурвалжлах чиглэлээр бичихийг боддог байсан.  

Энэ миний өөрийгөө өмгөөлж байгаа сүүлчийн ярилцлага ч байж магадгүй. Хэрэв намайг хорьвол амьд гарч иртлээ би юу ч ярихгүй. 

-Эдгээр нэвтрүүлгийг бэлтгэх явцад ямар нэг дарамт шахалт ирсэн үү?  

-Маш олон хүн ярьсан. “Орхичих оо хө”, “Аюултай юмаар битгий оролд”, “Удахгүй чамайг баривчлах нь тодорхой болсон гэнэ” гэхчлэн янз бүрийн ятгалга ирсэн. Би эхлээд итгэхгүй байсан. Одоо бол юу ч болж мэдэх юм байна гэдгийг ойлголоо. Энэ миний өөрийгөө өмгөөлж байгаа сүүлчийн ярилцлага ч байж магадгүй. Хэрэв намайг хорьвол амьд гарч иртлээ би юу ч ярихгүй. 

-Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэг нийт 165 сэтгүүлч гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Тэгэхээр Баясаа маань 166 дахь гишүүн нь болох байжээ гэж ойлгож болох уу?

-Тэд дэх, эд дэх гэж хэлж мэдэхгүй юм. С1 телевизээр дамжуулан Вашингтонд төвтэй олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгийн гишүүн болж, Монгол дахь төлөөлөгч нь байх хүсэлт тавьсан. Энэ нийгэмлэгтэй хамтын ажиллагаа тогтоосноор офшорт бүртгэлтэй манай улстөрчдийн баримтыг авах боломж надад байсан юм. Хэрэв тэдгээр баримт Монголд ирсэн бол манайд тогтсон увайгүй улс төрийг илчлэх маш том нотолгоо болох байлаа. Гэхдээ юм үүгээр дуусаж байгаа юм биш, бидэнд юу тохиолдсон талаар Вашингтон руу дахиж хандана. Юу гээч, би АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй ярилцлага хийхээр төлөвлөж байгаа. Ж.Керри дэлхийн томоохон улстөрчдөөс офшорын талаар хамгийн их хөндөж байгаа хүн. Тиймээс түүнээс ярилцлага авах хэрэгтэй.  

-Сонгуулиар хэвлэл мэдээллийн байгууллагууд төлбөртэй, захиалгатай нийтлэл, нэвтрүүлгүүд бэлтгэдэг. Та одоо аль нэг нам, улстөрчдийн сонгуулийн ажилд оролцож байгаа юу?

-Ёстой үгүй. Би хоёр сарын өмнө нийтэд ил зарласан шүү дээ. “Элэг нэгтэн” санд маань хандив өргөсөн улстөрчдөд сонгуулиар үнэ төлбөргүй ажиллана аа гэж. Гэвч нэг ч нам, улстөрч, бие даагч “Элэг нэгтэн” хэмээх сайн үйлсийн аянд маань оролцоогүй. Тиймээс би сонгуулийн захиалгат нэвтрүүлэг огт хийгээгүй, хийхгүй.

-УИХ-ын сонгуульд нэр дэвших бодол байв уу?

-Энэ тэнэг нэр дэвших үйл явц нь хурдан дуусч, намайг авраасай билээ. “Цензургүй яриа-Хавдрын эсрэг” аян зохион байгуулж төсөвт дутсан 4.8 тэрбумыг суулгууллаа, сая НИТХ-аар нэг тэрбумыг шийдүүллээ, Мүүн гэж дэлхийд хориотой гаж урсгал Монголд нэвтэрснийг нийгэмд илчиллээ, талийгаач Т.Лхагвасүмбэрэл гэж ямар залуу байсныг монголчууд андахгүй болж, Тос, Тосон Бумбын нурууг төрийн тусгай хамгаалалтад авахаар боллоо. Хэрвээ би УИХ-ын гишүүн болчихвол сэтгүүлчээр ажиллаад амжуулсан эдгээр ажлынхаа нэгийг нь ч бүтээж чадахгүй. Тиймээс миний одоогийн энэ орон зай надад маш үнэ цэнтэй, нийгэмд хэн нэг улстөрчөөс илүү нөлөөтэй юм. Би заримдаа өөрийнхөө бусдад үзүүлж байгаа нөлөөнөөс айдаг, Энхцэцэг ээ. Үнэнээ хэлэхэд би хэтэрхий нөлөөтэй болчихож. Хэрэв би буруу бодвол, хазгай гишгэвэл... гэж бодохоос ч цочдог.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
2
1 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
2 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
2 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
29
27
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.