Хайх зүйлээ бичнэ үү

Тим Коп: Морины ааш аягийг тэвчиж сурвал хүнтэй ойлголцож сурна гэж монгол хүн надад хэлж байсан

“Энэ бүх аялал хэзээ, хаана хүрч дуусахыг би мэдэхгүй. Гэхдээ миний мэдэж байгаа цорын ганц зүйл бол, зогсолтгүй яваад л байх”


Эртээ урьдын цагт Австралийн буйд хөдөө өссөн, нэг газар нэг их удаж түвдэггүй хүү байж гэнэ. Хэзээ ч очиж байгаагүй хэрнээ цэлмэг хөх тэнгэрийн дорх цэлгэр уудам талаас өөр юу ч үгүй газрыг нүдээр үзэж, биеэр туулах хүсэл хаанаас нь ч  юм оргилоод ер амар суулгахгүй. Сүнс хэзээ ч бие лугаа бөхдөггүй, нэгээс нөгөөд орогнон үүрд оршдог гэж итгэдэг тэр хүү урьд Европыг дайлаар морьдож байсан монгол цэргийн сүнс дотор нь бий бөгөөд тэр сүнс эх нутгаа эргэх гэж хатгаж, ергөөд ер тогтдоггүй гэдэгт итгэдэг байжээ.
Тэр сүнсний зарааллаар Монголд нэг удаа ирэхдээ морь унахыг сурж аваад, тэнд хоёр дахиа хүрэхдээ тун жигтэй төлөвлөгөө боловсруулан очиж гэнэ. Монголоос Унгар хүртэлх хол замыг машинаар бус мориор туулж, дорноос өрнийн зүг довтолгож нэг үзье гэж санасан нь энэ. Морины нуруун дээр гурван жил хагасыг өнгөрөөн, өрнөд хүрч очихдоо тэр хэдийнэ урьд үзээгүй, мэдээгүйнхээ хил хязгаарыг давж, орчлон ертөнцийн тухайн түм буман асуултын хариуг олсон гэдэг. Энэхүү аяллаар тэр өрнийг ч, дорныг ч өөртөө шинээр нээсэндээ, энэ зуур өөрийгөө ч бас олж таньсандаа ихэд бахдана. +54 хэм хүрч халдаг говиор дайрч, -52 болж гэсгээдэг өндөр уулсыг давж, байгалийн олон янзын ааш аяг, үзэсгэлэн төрхийг ажих зуур аяны майхандаа, морины нуруун дээр эсвэл түүдэг галын дэргэд суугаад тэмдэглэл хөтлөхөө тэр хэзээ ч мартаж байгаагүй.

Энэ л тэмдэглэлүүд нь түүнийг дэлхий даяар алдартай аялагч болгож, явсан зам, үзсэн түүхийг нь хуваалцах гэж шимтэн хүлээдэг олон зуун хүнийг өөртөө татжээ. Хэрэн бадарчилж, хорвоо ертөнцийг гайхамшигийг нээх зуур аав нь машины ослоор өөд болж, найз бүсгүй нь өөр нэгнийг даган одсон ч тэр зогссонгүй. “Australian Geographic” сэтгүүл түүнийг “Adventurer of the Year” хэмээн өргөмжилсөн ч бас ханасангүй. Харин “Энэ бүх аялал хэзээ, хаана хүрч дуусахыг би мэдэхгүй. Гэхдээ миний мэдэж байгаа цорын ганц зүйл бол, зогсолтгүй яваад л байх” гэж хэлсэн юм. Үлгэрийн мэт олон сайхан газрыг өөрийн биеэр үзэж, туулсан тэр амар сайхандаа жаргаж, алжаан суухыг хэзээ ч боддоггүй шиг энэ бяцхан түүхийн эзэн Тим Копыг хоёр жилийн өмнө Монголд ирээд буцахад нь саатан хөөрөлдсөн ярилцлагаа танд толилуулахыг хүлээж түвдэлгүй дор сийрүүллээ, болгооно уу.

-Юу таныг нэг газар удаан байлгахыг тэвчихгүй, дотроос чинь хатгаад байна вэ?

-Хүнийг таних хүсэл. Хүнээр дамжуулан тухайн улсын соёл, түүхийг мэдэх нь миний аяллын хамгийн чухал нэг зорилго. Ямар ч мундаг түүхийн ном уншихаас илүү ихийг энэ зуур мэдэж авна. Ахиж хэзээ ч уулзахгүй байж мэдэх хэн нэгэнтэй, урьтаж ер болзоогүй газар таарч, танилцах үргэлж гэнэтийн бөгөөд сайхан дурсамж үлдээдэг. Үүргэвчээ үүрээд гэрээсээ гарахдаа би хэнтэй уулзаж, юу үзэхээ мэддэггүй. Гэхдээ ямар нэг гайхалтай учрал, сэтгэл татам зүйлийг үзнэ гэдэгтээ ямагт итгэлтэй байдаг. Аялахын сайхан нь энэ. Энэ зуур дэлхий ертөнцийн тухай маш олон зүйлийг мэдэж, амьдралыг харах өнцөг ч өөрчлөгдөнө.

-Энэ бүхний эхлэл рүү очвол, хаанаас та аяллынхаа гараа эхэлж байв? 

-Ахлах сургуулиа төгсөөд уг нь би хуулийн чиглэлээр суръя гэж шийдсэн юм. Би Австралийн хөдөө, фермийн дэргэд өссөн. Барагтай л бол хот газар явдаггүй, явсан ч удаан байж чаддагүй байсан. Тэгсэн нэг өдөр Англи явах боломж гараад, тэнд би гурван сар ажилласан. Хөдөө өссөн надад Англи орон харь гариг шиг л цочир сонин, санагдаж билээ. Гурван сарын дараа ажлаасаа гарч, цуглуулсан мөнгөөрөө унадаг дугуй худалдаж аваад Ирланд, Шотланд, Босни, Серби, Болгар гээд л явсан. Багадаа зохиолч болно гэж боддог, юм бичдэг хүүхэд байсан болохоор явсан газрын сонин, сайхан зүйлсийг уйгагүй бичнэ. Энэ миний анхны аялал байлаа.

Тэгж байгаад Австрали руугаа буцаж, хуулийн чиглэлээр суралцаж эхэлсэн ч зургаан сарын дараа хаясан. Финланд руу явж, тэнд хөтчийн сургалтад суучихаад, Сибирээс Бээжин хүрэх аяллын багт нэгдэж, анх удаа Монголд ирж байлаа. Өөрийн нутаг болон Монголын хөдөөгийн амьдралын тухай ижил болон ондоо зүйлсийг хамгийн түрүүнд ажигласан. Австралид эндхийн адил өндөр уулс, ногоон байгаль байдаг ч ихэнх нь фермерүүдийн өмч болохоор хамаагүй явж болдоггүй. Харин Монголд хүсвэл хаашаа ч очиж болдог нь надад таалагдсан. Харин би хөдөө өссөн, хотын хэмнэлд дургүй болохоор Улаанбаатарыг тухлаж үзээгүй. Магадгүй би хотод өссөн бол хэзээ ч ингэж аялахгүй, бас Монголд ирэхгүй байсан байх.

-Монголоос Унгар хүртэл мориор аялах санаа хэзээ таньд төрөв. Нүүдэлчдийн жимээр яваад өрнө хүрэхэд урьд харсан, үзсэн тань өөр санагдах юм уу?

-Энэ аяллаар би хэд хэдэн юм ажиглаж, анзааръя гэж бодсон. Нэгдүгээрт нүүдэлчдийн аж амьдрал, оюун сэтгэхүйг мэдэхийн тулд эхлээд морийг ойлгох ёстой юм шиг санагдсан. Хоёрт, ихэнх хүн Европоос энд ирдэг бол, би эндээс Европ руу аялахыг сонгосон. Ийн явах зуур нүүдэлчдийн нүдээр өрнийг харна, тэр нь сонин содон байна гэж тооцож, түүндээ ч хүрсэн. Аяллынхаа турш Казахстан, Украйн, Унгарыг дайрч, тэнд нүүдэлчин соёлоос үлдсэн юм юу байна, байвал тэр нь хэрхэн өөрчлөгдөн, хувьссан болохыг бас анзаарсан.

-Гурван жил хагас морины нуруун дээр явахдаа Монголын тухай юу олж, мэдсэн бэ. Бидний ахуй амьдрал, оюун сэтгэхүйг таних зорилгодоо хүрч чадсан гэж бодож байна уу?

-Хэрэндээ л маш олон зүйлийг ойлгосон. Ялангуяа морийг. Олон зууны турш хүн байдгаа гээж, байгаагүйгээ нээж төсөөлөшгүй ихээр өөрчлөгдсөн байхад морь ер хувьсаагүй өдийг хүрсэн байна шүү дээ. Морь үргэлж ус, өвс хайж байдагтай адил морь унасан хүн ч гэсэн аяндаа үүнийг харж, хайдаг болно. Тэгмэгц би өөрийн эрхгүй хорвоо ертөнцийг морь нүдээр харж эхэлсэн. Морь надад хорвоо ертөнцийн талаар маш өөр ойлголт төрүүлснээс гадна надаас холдсон зүйл буюу байгальтай хэрхэн уялдан амьдрахыг заасан юм. Харин нүүдэлчин хүмүүс аль эртнээс үүнийг таньж, ухаарсан учраас өнөөдрийг хүртэл морио түшин, байгалиа дээдлэн зохицож байгаа байх. Нэг монгол малчин надад “Морины ааш, аягийг тэвчиж сурвал хүнтэй ойлголцож сурна” гэж хэлж байсан. Үүний адил би мориор дамжуулан энэ бүхнийг олж мэдсэн юм аа.

-Та аяллынхаа турш хоёр ч удаа морио алдаж байсан гэсэн. Эзгүй хээр явгарч үлдэхэд юу бодогдож байсан бэ?

-Монгол элс гэдэг газрын ойролцоо, Хар хорин руу мориор гурван өдөр яваад хүрэх газар нэг орой бид үдэлсэн юм. Тэгэхэд би найз бүсгүйтэйгээ хамт аялаж байсан. Говийн үдэш, эргэн тойрон нам гүм, дээр түмэн одод түгээд би диваажинд байна уу даа гэсэн шүү юм бодоод унтахаар хэвтсэн. Надад морь худалдсан хүн “Чи болгоомжтой байх хэрэгтэй шүү. Эзгүй хээр явгарч үлдэх шиг муу юм байхгүй” гэж хэлсэн ч нэг их тоогоогүй. Гэтэл шөнийн хоёр цагийн үед яалт ч үгүй хүмүүсийн яриа, морины чимээ холдох шиг сонсогдоод гарч хартал нэг морь алга. Би тэгэхэд гурван морьтой явсан юм. Чөдөр, ногт гээд юу ч үлдээлгүй цөмийг нь тоночихсон. Би ч сандраад Э.Цэрэн рүү ярьтал “Монголд чи өглөө болохоос өмнө асуудлаа шийдэхгүй бол өдөр ямар ч нэмэргүй болно шүү” гэж хэлсэн.

Маргааш нь хэсэг адуу тууж явсан нутгийн малчинтай таарахад тэдгээрийн дунд миний морь байхыг шууд хараад л таньсан. Тэр хүн надад морио сайн чөдөрлөхгүй яасан юм гэж хэлээд, надаас юу ч авалгүй буцаагаад өгсөн. Хэн авсныг нь мэдэж чадаагүй ч морио эргүүлэн авсан нь үнэхээр азтай хэрэг. Дараа нь ахиад морио алдсан ч буцааж олж чадаагүй.

Та хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж асан улсууд, бас Монгол мэтийн нүүдэлчин ахуйтай, эсвэл урьд ийм байсан, хөгжил буурай орнуудаар ихэвчлэн аялжээ. Юу нь таныг татдаг юм. Мөн өнөөгийн бидний хөгжил хэмээн нэрлэж, хот газруудыг тоосгоор бүтээж байгаа үйл явцыг та юу гэж хардаг вэ?

-Ахиад л морь ярих хэрэг гарах нь. Морь унаж яваа хүн моринд нь тохиромжтой газрыг эрж байдаг. Морины хувьд диваажин бол Монгол. Хаашаа ч дураар давхих өргөн уудам, өвс, ус элбэг газар болохоор тэр. Харин морь хэзээ ч хот газарт дасахгүй. Замын хөдөлгөөн, агаарын бохирдол, дуу чимээ, яарсан хэмнэл зэрэг нь моринд яав ч тохирохгүй. Түүний хувьд энэ бол диваажин биш там. Миний хувьд ч ялгаагүй. Нэг орос хүн надад “Хамгийн аюултай амьтан бол хоёр хөлтэй чоно” гэж хэлж байсан. Хотод ийм чононууд олон байдаг.

Украйнд явж байхад нэг фермер намайг гэртээ урьсан. Тэдний мориний зүчээтэй. Тэгтэл аяллын турш тал хээрээр давхисан миний морьд тийшээ орохгүй байсан. Аргагүй шүү дээ, энэ бол тэдний хувьд шорон. Үзэгдэх орчин, эрх чөлөө энд байхгүйн дээр өдөрт гурван удаа ус, өвс дөхүүлнэ. Тэр мөчид хот гэдэг өчнөөн олон шоронгууд нийлсэн газар юм даа гэж бодсон. Гэтэл үүнийг бид хөгжил гэж нэрлээд байдаг нь сонин.

-Та өөрийгөө нэг газар удаан байх дургүй хүн гэж хэлж байсан. Нэг газар хэр удахаараа та уйдаж эхэлдэг вэ?

-Хаашаа ч явсан би хоног, хугацаа төлөвлөх дургүй. Үзэх гэснээ үзэж, хүмүүстэй нь уулзаж, ойлголцох хүртлээ л байдаг. Гэвч надаас шалтгаалахгүй саад өчнөөн бий. Жишээ нь, Казахстанд явж байхад морь маань гэмтээд тэнд би гурван сар байх хэрэгтэй болсон. Мөн ус, өвсгүй газраар явбал үүнийг олох хүртлээ зогсохгүй яваад байхаас өөр аргагүй.

-Байгалийн ямар үзэгдэл таны сэтгэлийг илүүтэй хөдөлгөдөг вэ?

-Би өвөлд дуртай. Тэр дундаа Монгол болон Казахстаных шиг догшин өвөлд. Тэсгэлгүй хүйтэрч, цасаар шуурч айлгадаг мөртлөө хүнийг хүчтэй байлгаж, сэргээж байдагт нь дуртай.

-Монголчууд уул бүхэн савдагтай, юм бүхэн сүнстэй байдаг гэж итгэдэг. Та хөдөө, хээр явж байх зуураа сонин, жигтэй зүйлтэй хэр олон таарч байв?

-Байгалийн араншин л надад жигтэй санагддаг. Өчигдөрхөн цэлмэг тэнгэр, гайхалтай өнгөө харуулж байснаа маргааш шуурга тавьж, хатуурхана. Байгаль амьд бөгөөд хүн шиг олон ааш, аягтай байдаг нь энэ байх. Ингээд харахад нэг бөөрөнхий дэлхий мөртлөө зарим хэсэг нь цул элс, нөгөө нь нэлэнхүй ус, бас хад асгатай хахир уул, цэцэг навчтай нуга ч таарна. Яг л янз бүрийн хүн шиг. Олон газар очиж, олон хүнтэй уулзаж байхад нүүдэлчин хүмүүсээс би их зүйл ажигласан. Хүсвэл тэд хүйтэн хөндий байж чадна. Тэгснээ сайн таниад ирэхээр зочломтгой, найрсаг болно. Нэг төв биш хоёр туйл л эсрэгцэж байдаг гэж би бодсон. Яг л нүүдэлчдийн хувьд чоно эрхэмлэх шүтээн бөгөөд заналт дайсан нь болдог шиг.

Сонин гэвэл Казахстанд байхдаа би зургаан сарын турш нэг л зүүд зүүдэлдэг байсан. Шөнийн хоёр цагийн үед буурал толгойтой тэр хөгшин эр миний морийг авах гэж байна гэж. Тэгсэн хэрнээ зүүдэндээ түүнийг харахаар учиргүй тайван байдаг. Харин сэрэхэд хамаг бие чичирчихсэн, заримдаа гараа учиргүй атгачихсан байна. Нутгийн хүнд хэлэхэд чи булшны хажууд унтжээ гэсэн. Казахстанчууд хөдөө хээр явахдаа булшны хажууд унтвал сайн гэж үздэг бөгөөд унтаж байх зуур чинь сүнс нь чамайг манадаг гэж итгэдэг юм билээ.

-Олон газраад аялаад ирэхээр хүнд хувийн хориг цээрүүд байхгүй болдог байх. Одоо та булшны хажууд торохгүй унтаж зүрхэлдэг болсноос эхлээд урьд цагаан хоолтон байснаа болих хүртэл.

-Цагаан хоолтон байгаад болих эхэн үедээ хэцүү байсаан. Өглөө зоогийн ширээн дээр морины юм уу, тэмээний толгой байхыг харах. Эсвэл хонины гэдэс дотор, ямааны чих, нүд ч юм уу. Гэвч хэрэв олон хоног өндөр уул дамнан яваад, нутгийн айлтай таарч, чанасан мах харвал цагаан хоолтон байсан ч учиргүй баярлана. Гайхаж цочирдсон олон үйл явдалтай таарч байлаа. Баруунд морьтой айл байдаг ч түүнийгээ алж идэж зүрхлэхгүй. Тэгсэн Казахстанд явж байгаад өөрийн нүдээр морь нядалж, махыг нь чанаж байхыг хараад тухайн үед ой гутсан. “Энэ морь сайн нөхөр чинь болж, олон хол замыг хамт туулсан байхад түүнийг алж иднэ гэдэг ямар ичмээр хэрэг вэ” гэж бодож байлаа. Хожим энэ бол зүй тогтол болохыг ойлгосон. Морь үхэхдээ хүртэл эзэндээ хоол болж, тусалж байна шүү дээ.

Миний өнөө хэр хариуг нь олоогүй асуулт бол морь зөвхөн ус ууж, өвс иддэг байтал яагаад ийм хүчтэй, хурдтай, тэнхээтэй байдаг вэ гэж. Хэрэв хариуг нь олвол би буцаад цагаан хоолтон болж ч магадгүй (инээв).

-Та онгоцоор, машинаар, дугуйгаар, явган, тэр ч бүү хэл морь, тэмээгээр хүртэл аялж байсан. Одоо таньд сансарын хөлгөөр сар руу аялах л үлдсэн мэт санагдаж байна. Энэ тухай хэзээ нэгэн цагт бодож байв уу?

-Би яг л эрт үеийн хүмүүс шиг мориор, тэмээгээр эсвэл явган аялах дуртай. Тэрнээс биш техник голлосон аяллыг хүсдэггүй. Жишээ нь, би Монголоос Унгар руу онгоцоор долоон цаг нисээд л хүрчихнэ. Гэвч энэ зуур би юу үзэж харах вэ? Долоо хоног машинаар яваад л хүрчихнэ. Бас л хангалтгүй. Харин мориор явбал аяллын турш байгалийн гайхамшгийн эд эс бүхнийг харж, үзэж, үнэрлэж, мэдэрч чадна. Энэ л намайг татдаг.

-Буддын шашинд аливаа зүйл нэгээс нөгөө төрөл дамждаг гэдэг. Энэ ч бас нэг төрлийн аялал мэт. Та үхлийн дараах амьдрал, сүнсний аяллын талаар юу гэж боддог вэ?

-Сүнс аль тэртээгээс биеэс бие дамжиж байдаг болохоос биш хүн шиг шинээр мэндэлдэггүй гэж би боддог. Юм бүхэн өөрийн гэсэн сүнстэй шүү дээ.

Эрт үеийн аялагчид шинэ улс, эх газруудыг нээж дэлхийн түүхэнд үнэлэшгүй их гавъяа байгуулсан байдаг. Харин өнөө цагийн аялагчид бидний оршин буй нийгэмд юу өгч, ямар гавъяа байгуулдаг юм бэ?

-Хүмүүс байгалийг атгандаа оруулж, хоорондоо маш их ойртсон. Хүсвэл эндээс хэдхэн цагийн дараа би Европт оччихож чадна. Гэвч дэлхий асар уудмын адилаар бидний таньж мэдээгүй зүйлс өчнөөн бий. Хүмүүсийг, соёлыг таньж мэдэх хүсэл хэзээ ч зогсохгүй. Өнөө цагийн аялагчид хоорондоо туршлага, мэдээлэл солилцож хүмүүсийг аяллын сайханд уриалан дуудаж байна. Энэ нэг том хувь нэмэр мөн болов уу.

-Аяллынхаа турш та олон сайхан газар очиж байсан нь мэдээж. Энд л нэг тухлаад, ахиж хаашаа ч явахаа болье гэж хэзээ нэгэн цагт бодож байв уу?

-Алтайн нуруунд анх очоод бүх амьдралынхаа турш биш ч нэг жил ч болтугай байх юмсан гэж мөрөөдсөн. Гэвч бодит байдал дээр бол энэ бүтэшгүй хэрэг. Учир нь тэнд тэсгим хүйтэн ноёлох бөгөөд миний очиж үзэх ёстой олон сайхан газар, дуусгаагүй аяллууд минь намайг үргэлж яаруулж байдаг. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
8 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
8 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
8
49
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.