Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Айшолпан: Кинонд өөр хүний биш өөрийнхөө дүрийг бүтээсэн болохоор амар байсан

“Eagle Huntress” кино аравдугаар сараас АНУ-ын кино театруудаар гарч эхэлнэ.


Баян-Өлгий аймагт болсон Бүргэдийн баярын үеэр 78 эрэгтэй бүргэдчинг 13-хан настай бяцхан охин тэргүүлсэн тухай мэдээ дэлхий нийтийг гайхшруулж байсан нь гурван жилийн өмнө. Тэр үед Израйлын гэрэл зурагчин Ашер Свиденский охины гэрэл зургийг дэлхийн томоохон хэвлэлүүдэд илгээснээр Айшолпан “дэлхийн хүн” болох эхлэл тавигдсан билээ. Тэгвэл Ашер Свиденский болон найруулагч Отто Беллээр ахлуулсан кино зургийн багийнхан хоёр жил хагасын өмнө Монголд ирж Айшолпаны тухай баримтат кино хийх ажлыг эхлүүлсэн юм. Тэр үеэс хойш 10 гаруй удаа монголд ирж бодит зураг авалтуудыг хийсэн “Eagle Huntress” буюу “Бүргэдийн анчин охин” киног энэ оны нэгдүгээр сард “Sundance” кино наадам дээр анх удаа олны хүртээл болгож байлаа. Харин одоо тус киног цөөнгүй олон улсын нэртэй кино наадмууд хүлээж байна. “Eagle Huntress” кино аравдугаар сараас АНУ-ын кино театруудаар гарч эхлэх аж. Ингээд Айшолпан охиныг хилийн чанадыг зорихоос өмнө уулзаж, хэсэг зуур ярилцсанаа хүргэе.

Гэрэл зургийг Жон Фийли

Чиний тухай кино хийх санал аваад ямар сэтгэгдэл төрсөн бэ, шууд зөвшөөрсөн үү?

Шууд зөвшөөрсөн. Их гоё санагдсан.

Киноны санал хэр их ирж байна?

Санал их ирж байгаа. Удахгүй нэг хүүхэлдэйн кинонд тоглож магадгүй. “Ice age” хүүхэлдэйн киноны найруулагч миний тухай хүүхэлдэй хийхээр төлөвлөж байгаа гэсэн.

Чи Казакын хосгүй соёл, уламжлал, цаашлаад Монгол Улсыг дэлхийн нийтийн анхааралд оруулж чадсан. Ингэснээр бүргэдийн баярыг үзэж, чамтай уулзах гэж гаднаас их олон  Сүүлийн гурван жилийн хугацаанд танай гэр бүлд ямар өөрчлөлт гарсан бэ?

Тэр үеэс хойш манайд зуны цагт жуулчид тасралтгүй ирдэг болсон. Тийм болохоор манай гэрийн мөнгө, санхүүгийн байдал сайжирсан гэж хэлж болно. Бас бүргэдийн ангаар дамжуулан төрсөн нутагаа сурталчилж байгаа болохоор хүмүүс бидэнд их талархаж, хүндэтгэлтэй хандаж байгаад баяртай байна.

Тэгвэл хувь хүний талаас ямар өөрчлөлт гарав?

Би урьд нь их дуу багатай, ичимхий охин байсан. Харин олон хүнтэй уулзаж, танилцсанаар бага зэрэг нээлттэй болж байгаа. Бас гаднын олон жуулчинтай уулзаж, ярилцдаг болохоор англи хэлний мэдлэг ч дээшилж байгаа.

Чи бол үеэс үед дамжин ирсэн бүргэдийн ан хийдэг цорын ганц охин. Харин сүүлийн жилүүдэд чамаас урам зориг авч, бүргэдийн анчин болохоор хичээллэж байгаа охид байна уу?

Баян-Өлгийд есөн настай жоохон охин бүргэдчин болно гэж ярьж байсан. Ер нь зарим охидууд бүргэдийн ан хийж сурахыг их хүсдэг болсон байна лээ. Манай ангийн найзууд надаар их бахархаж, бас бүргэдийн ан хийж сурмаар байна гэж ярьдаг.

Гэрэл зургийг Жон Фийли

Эрчүүдийн хувьд ч хэцүүхэн даваа байдаг бүргэдийн ангаар анх яагаад суралцахаар болов. Дөнгөж сурж байхад хамгийн хэцүү зүйл юу байсан бэ?

Манай аав, аавын аав, өвөөгийн маань аав гээд бүгд үе дамжсан бүргэдийн анчид. Бид бүгд багаасаа л бүргэдтэй хамт өссөн. Бас намайг бүргэдэд дуртай болохоор  10 настай байхаас аав маань ан хийхийг зааж эхэлсэн юм. Гурван сард төрсөн бүргэдийн дэгдээхийг долоон сард үүрнээс нь авч, гурван сар сургаж, 10 сард нас биед хүрэхээр нь анд гаргана. Нэг сурчихсан бүргэд наймаас, арван жилийн турш ан хийж чадна. Нас биед хүрсэн бүргэд найман кг жинтэй байдаг болохоор их хүч, бяр шаардагдана. Бас өвлийн цагт -40 градусын хүйтэнд өндөрлөг газраар бүргэдээ нуруун дээрээ суулгаад авч явдаг болохоор заримдаа их тэвчээр шаарддаг юм.

Одоогоор хэдэн бүргэд сургасан бэ?

Хоёр бүргэд сургасан.

Гаднынхан чамаас юуг их сонирхон асуудаг вэ?

Надаас бүргэдийн тухай их асуудаг. Чи яагаад бүргэд сонирхох болсон бэ, бүргэдийн хоолыг ямар дэглэмээр өгдөг вэ, анд сургахдаа юуг анхаарах вэ гэсэн асуултуудыг үргэлж асууна.

Энэ оны нэгдүгээр сард “Sundance кино фестиваль дээр “Eagle Huntress киног хамгийн анх гаргасан. Тэр үеэр киног хүмүүс хэрхэн хүлээн авч байв?

Нью-Йоркт киногоо үзүүлсэний дараа жоохон хүүхдүүд кинон дээр гарч байгаа зүйлсийн тухай надаас маш их асуулт асууж байсан. Зарим хүмүүс киног бодитой, баримтат кино гэж итгэхгүй, уран сайхны хэтрүүлэг, жүжиглэлт орсон гэж бодсон юм шиг байна лээ.

Кинон дээр 2013 онд чамайг 78 бүргэдчингээс тэргүүлж, ялагч болсон хэсгийн зураг авалтыг яаж авсан юм бэ?

Киноны зураг авалтыг хоёр жил, хагас авсан. 2014 оны Бүргэдийн баярын үеэр тэр хэсгийн зураг авалтыг хийсэн.

Кино зураг авалтуудын үеэр хэцүү зүйл юу байв. Зарим үед жүжиглэх шаардлага гарч байв уу?

Бүх зүйл бодитой болохоор огт жүжиглэх шаардлага гараагүй. Өөр хүний дүрд биш өөрийнхөө дүрд тоглож байгаа болохоор амар байсан. Тийм болохоор илүү амар байсан. Харин зураг авалтуудын үеэр бид мал, ахуйгаа бүгдийг хамаатныхаа ах дүүст даатгаж үлдээсэн. Зураг авалтын явц их сонирхолтой юм билээ. Кино багийнхан нэг удаагийн зураг авалт хийхдээ долоо, найм хоног байрладаг байсан.

Гэрэл зургийг Жон Фийли

Цорын ганц бүргэдчин охины тухай түүх бол бүх зохиолч, найруулагчдын анхаарлыг татах сэдэв. Хэрвээ цаашид өөр олон санал ирвэл тоглох үгүйгээ яаж шийдэх вэ?

“Eagle Huntress” киноны найруулагч Отто Белл намайг 18 нас хүртэл энэ шийдвэрүүдийг гаргахаар болсон.

Том болоод ямар мэргэжил эзэмших вэ?

Би арванхоёрдугаар ангиа төгсөөд АНУ-руу явж сурах төлөвлөгөөтэй байгаа. Ээж маань бие муутай.Тэнд эмч мэргэжил эзэмшээд ээжийгээ эмчилж, эрүүл саруул болгоно оо.

Тэгвэл бүргэдийн ангаа орхих юм уу?

Дүү нартаа бүргэдийн ан хийхийг зааж, өвлүүлж үлдээх болно.

Киноны трейлэрийг эндээс үзнэ үү.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
2
15 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
16 цагийн өмнө
Кисэносатогийн дэвжээг хураах уу?
санал болгох
1
21 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
35
22
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.