Ц.Цэвээнхэрлэн: “Байгаль орчны сэдвээ чамд өглөө шүү” гэсэн Бал эрхлэгчийн маань үг дахин сонсогдох шиг болсон
Анх “Өнөөдөр” сонинд орчихоод өглөөний шуурхай дээр энэ хүний гал цогтой, халуун эрч хүчийг мэдэрч, сүрдэж байсан маань мэдрэгдэж, бас “Цэвээнхэрлэн байгаль орчноор бич, миний сэдвийг чи авна шүү” гэж байсан тэр дуу хоолой нь дахин сонсогдох шиг болсон
Монголын сэтгүүл зүйн нэрт төлөөлөгч Ц.Балдорж агсаны нэрэмжит тэргүүн шагналын эзэн болж, бүтээл нь оны шилдгээр шалгарсан, “Засгийн газрын мэдээ” сонины I орлогч эрхлэгч Цэвээндолгорын Цэвээнхэрлэнтэй ярилцлаа.
-Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог “Балдорж шагнал” гардуулах ёслол таны хувьд шинэ юм биш. Олон удаа оролцож, шилдэг 10-т шалгарч байсан. Энэ жил өөртөө, өөрийнхөө бүтээлүүдэд хэр итгэлтэй байсан бэ?
-“Балдорж шагнал” манай сэтгүүлчдийн зорьж оролцдог, жилийн турш бүтээлээ сойдог шалгуур өндөртэй уралдаан. Би энэ жил мэдээж байгаль орчны сэдвээрээ дагнаж, тэр дундаа сурвалжлагын төрлөөр өрсөлдье гэж шийдсэн. Өөртөө итгэлтэй байсан гэж хэлэхгүй ч, нэг их доогуур орохгүй болов уу гэж итгэж байсан. Гэхдээ “Өнөөдөр” сонины маань 20 жилийн ой, дээр нь найм дахь удаагийн бэлгэдэлт жил түрүүлчихвэл сайхан даа гэж горьдож, бас догдолж байсан нь үнэн. Яагаад гэвэл “Өнөөдөр” гэх их айлын 20 жилийн түүхийн 14-т нь би энэ сониноор овоглосон.
-Тэгвэл үнэхээр сайхан хэрэг болж, та хүлээлтдээ хүрчээ. Яг Ерөнхийлөгч тайзнаа гараад, дугтуй задлаад таны нэрийг дуудах мөчид ямар санагдаж байв?
-Бал эрхлэгч маань л нүдэнд харагдсан даа. Анх “Өнөөдөр” сонинд орчихоод өглөөний шуурхай дээр энэ хүний гал цогтой, халуун эрч хүчийг мэдэрч, сүрдэж байсан маань мэдрэгдэж, бас “Цэвээнхэрлэн байгаль орчноор бич, миний сэдвийг чи авна шүү” гэж байсан тэр дуу хоолой нь дахин сонсогдох шиг болсон.
-Тэгээд л та хүүхэд шиг уйлчихсан байх нь ээ?
-Өөрийн эрхгүй л огшоод явчихсан шүү. Уг нь тайз руу гарахдаа “Жаахан хүүхэд шиг учиргүй уйлаад унах вий” гэж бодсон ч яг үг хэлэх болсон чинь нулимс урсаад, бас тэгэхэд зааланд сууж байсан хүмүүсийг хартал уйлах нь уйлаад, нулимсаа арчих нь арчиж байхыг хараад тэсээгүй ээ. Би өөрөө сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүн болохоор нэг огшиж аваад л дотор онгойсон.
-Шагнал гардаад үг хэлэхдээ та “Байгаль орчны төрлөөр дагнан бичих хэцүү. Сэтгүүлчээс маш их зориг, тэвчээр шаарддаг” гэж хэлсэн. Тэрхүү тэвчээрийг олон жилийн турш гаргаж, дааж яваагаар тань бахархаж байна. Ингэхэд та яаж яваад байгаль орчны сэдэвтэй холбогдсон юм бэ?
-Байгаль бид хоёр багаасаа л ойр байсан. Аймгийн төв, хот газрын хүүхдүүд нэг тийм эрлийз байдаг шүү дээ. Азаар аав маань намайг анд явсан ч, загасчлахаар явсан ч дагуулж явдаг, хүүхэд насныхаа гэрэлт он жилүүдийг хөдөө, байгальд өнгөрүүлсэн болохоор тэр. Тэгээд “Өнөөдөр” сонинд ороод удаагүй байхад талийгаач Болороо эрхлэгч маань надад байгаль орчны хурал сурвалжлах даалгавар өгөөд явуулж байсан. Дараагийн маань сурвалжлага бас Байгалийн түүхийн музейгээс байлаа. Бодоод байхад өөрөө сурвалжлага хийх болохоороо дандаа байгаль орчинтой холбоотой юм шүүрээд авчихдаг байж. Тэрийг Ц.Балдорж эрхлэгч анзаарч, энэ ер нь байгальд элэгтэй юм байна гэж бодож намайг чиглүүлсэн болов уу. Тэрнээс биш намайг их мундаг сэтгүүлч байна гээд л шууд хариуцуулаагүй нь ойлгомжтой. Энэ үнэлэмж, итгэл намайг байгаль орчны сэдвээр дагнан бичихэд гол нөлөө үзүүлсэн.
-“Өнөөдөр” сонины 20 жилийн ой тохиож байгаа юм чинь хоёулаа дурсамж ярья. “Өнөөдөр”-өөр овоглодог хүн бүрийн анх энэ сонинд орсон түүх адал явдлаар дүүрэн байдаг санагддаг. Таных ямар байв?
-“Хэвлэлийн хүрээлэн” төгсөх болоход 14 хоног хэвлэл мэдээллийн байгууллагад дадлага хийх болсон. Манай багш нар өдөр тутмын сонинд дадлага хийх зүгээр, сониноор дамжсан хүн сайн сэтгүүлч болж, суурь нь зөв тавигддаг гэдэг байсан л даа. Тэгэхэд надад “Өдрийн сонин”, “Өнөөдөр” гэсэн хоёр сонголт байсан. Яагаад ч юм “Өнөөдөр” нь илүү ойр, гоё санагдаад сонгосон доо. Тэр үед маниус юугаа мэдэх вэ дээ. Ороод л суулаа, эхний өдөр юугаа ч мэдэхгүй ангайсаар байгаад таарсан. Тэгээд Байгаль орчны яамны нэг том арга хэмжээг сурвалжлах үүрэг аваад гарлаа. Халуун зун байсныг ч хэлэх үү, би гэж хүн десант эрээн шорт, ногоон майктай, пүүз жийчихсэн хачин нөхөр өнөө яамны хурлын танхим руу очдог юм байгаа биз дээ. Яамны үүдэнд сууж байсан хүнд “Өнөөдөр” сониноос явж байна гэж хэлэхэд над руу муухай харж билээ. Тэр харцаар дамжуулж “Өнөөдөр”, өдөр тутмын сонин надад өндөр босгоо тогтоож байлаа.
-Та анх сэтгүүлчээс тэс өөр мэргэжилтэй болохыг хүсэж байсан тухай сонсож байсан юм байна. Кино билүү?
-Би кино найруулагч болох мөрөөдөлтэй байсан. Харин аав, ээж маань намайг эмч болгоно гэдэг байлаа. Тэр үеийн хүүхдүүд шударгаар, шууд ээж аавдаа эсэргүүцлээ хэлж чадахгүй, даруухан байж дээ. Хэдий хэлж, эсэргүүцэж чадахгүй боловч “Хэзээ ч эмч болохгүй” гэж дотроо боддог байлаа. Ээж маань насаараа хүүхдийн эмч хийсэн хүн. Манайд хүмүүс орж ирнэ, гудамжаар ээжтэй явахад дандаа л өвчин зовлон ярина, тэр бүхэн надад түвэгтэй, ядаргаатай санагддаг. Одоо бол тийм биш л дээ, эмч шиг сайхан мэргэжил хаана байх вэ. Тэгээд эмч болох дургүй, кино найруулагч болсон юм байхгүй байж байтал Хэнтийд шинэ телевиз нээгдээд, анхны нэвтрүүлэгчээр нь ажилд орсон.
-Арван жилээ төгссөн хүүхэд тэгээд шууд яваад орчихсон хэрэг үү?
-Тийм. Тэндээс л сэтгүүлч болох зам маань нээгдсэн. Хамт ажилладаг сэтгүүлч эгч маань “Чи ер нь сэтгүүлч бол. Хэвлэлийн хүрээлэнд ор” гэсэн. Тэгээд л зам шулуудсан даа.
-Монголын хэвлэлүүд гаднынхыг бодвол цөөхөн сэтгүүлчтэй, тэр хэрээр нэг сэдвээр дагнаад явах боломж харьцангуй бага. Харин та бол байгаль орчноор тэр чигтээ дагнасан сэтгүүлч. Уул уурхай эрчээ авсан энэ үед байгаль орчин байнга л “ганцаардаж” байдаг учраас шууд оноогоогүй ч том үүрэг, хариуцлага байдаг байх, тийм үү?
-Дахиад л Бал эрхлэгчийнхээ үгийг эш татахыг хүсэж байна. “Ашиг хонжоо харж бус, алс ирээдүйгээ бодож байгаль орчноо хайрлая” гэж эрхлэгч маань хэлсэн байдаг. Байгаль орчны асуудал эдийн засаг, бизнесийн ашиг сонирхолтой дандаа л зөрчилддөг. Уул уурхай, дэд бүтэц, томоохон төсөл хөтөлбөрийн цаана үргэлж байгаль орчныг золих хэрэг гардаг. Хэдийгээр Монгол хөгжих ёстой, эрдэс баялгийн нөөцөө түшиж урагшлах нь үнэн боловч дагаад гарах эрсдэл юу вэ, байгалиа хамгаалах, газар нутгаа сүйтгэхгүйгээр ашиглах боломж юу вэ гэдгийг үргэлж сануулж байхгүй бол болдоггүй. Байгаль орчны сэтгүүлчийн хувьд хааяа “За за, тэртээ тэргүй дийлэхгүй юм байна” гэж бодож, шантрах үе гардаг ч үүрэг, хариуцлага гэж бий. Ийм эрсдэл байна, байгалиа сүйтгэхгүйгээр ашиглах тийм боломж бий хэмээн мэргэжлийн хүмүүсийн дуу хоолойг хүргэх, бизнесийнхэн, иргэд, шийдвэр гаргах түвшний хүмүүст байгалиа хамгаалахыг сурталчлах том үүрэг байна шүү дээ.
-Одоо байгаль орчны сэдэв эргээд бизнесийн нэг том хэрэгсэл болчихлоо. Байгаль хамгаалах нэрийдлээр хүмүүсийг шантаажилдаг, гаднын төсөл хөтөлбөрөөс мөнгө гувчуулдаг бүлэг “хамгаалагч”, “сэтгүүлч” бий болж буйг та хамгийн сайн мэдэх хүний хувьд юу гэж боддог вэ?
-Дэлхий даяар байгаль орчны сэдэв моодонд ороод эхэллээ. Байгаль орчин, эко системтэй холбогдолгүй сэдэв, салбар гэж байхгүй учраас аргагүй. Миний хувьд 16 жил энэ сэдвээр бичиж байна. Энэ зуур байгаль орчноор бизнес хийдэг олон хүнийг харсан. Зөвхөн байгаль орчны гэх 700 гаруй төрийн бус байгууллага байна. Цөөн хэдийг эс тооцвол дийлэнх нь хоорондоо нэгдэж чаддаггүй, өөр ашиг сонирхолтой газар байдаг нь нууц биш. Байгаль орчныг хамгаалах чиглэлээр гадаадын олон төсөл, хөтөлбөр орж ирж байгааг далимдуулан хэдэн төгрөг олчих зорилготой, түүгээрээ мэргэшсэн хүмүүс олон болсон нь харамсалтай. Миний бодлоор олон улсын төсөл, хөтөлбөрийг илүү үр ашигтай болгох, түүнд хяналт тавих цаг болсон. Байгаль хамгаална гэдэг хүнээс их сэтгэл шаарддаг.
-Та өөрөөсөө хүртэл мөнгө гаргаад сурвалжлага, нэвтрүүлэг бэлтгэж байсныг мэдэх юм байна.
-Тийм юм байлгүй яахав. Сүүлийн хэдэн жил би байгаль орчны цуврал баримтат кинон дээр ажиллаж байгаа. Маш бага төсөвтэй, дандаа хөдөө гадаа, хол явдаг, олон хүний хүчээр бүтдэг учраас зардал их гардаг. Зарим хүн үүнийг ойлгохгүй, намайг байгаль орчны төсөл аваад сайхан зугаалах юм аа л гээд байдаг (инээв).
-Байгаль орчны нөгөө талд дандаа эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүс зогсдог учраас үгээ хүргэхийн тулд сэтгүүлч “том” байх хэрэг гарна. Байгаль орчны сайд болсон хүн ажлаа аваад хамгийн түрүүнд Ц.Цэвээнхэрлэнтэй уулздаг гэж хүмүүс хошигнож байхыг сонссон. Гэхдээ бас үнэний ор байдаг л байх даа.
-Өөрийгөө тийм, ийм гэх нь хаашаа юм бэ дээ. Хүн ичээгээд хаячихлаа (инээв). Учиргүй мундаг биш ч гэсэн салбарынхан, сайд болсон хүмүүс байгаль орчны сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэн гэдгээр маань мэддэгт баярладаг. Хүн нэг юмандаа эзэн болоод, түүндээ үнэнч байвал үр дүн гардаг гэдэг дээ.
-Таны олон нийтлэл, сурвалжлага нийгэм үр нөлөөгөө үзүүлж байсан. Энэ дундаас байгаль, Цэвээнээ хоёрын хамгийн том ялалт гэвэл та юуг нэрлэх вэ?
-Нэг санаанаас гардаггүй нь их хэмжээний мод Хятад руу экспортлох гэж байсан Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгож байсан маань. 2005 он бил үү дээ. Үүнийгээ би байгальд хийсэн их том буян гэж боддог. Бас усан цахилгаан станцын асуудлыг хөндөж, олон цуврал нэвтрүүлэг хийсэн. Энэ бол Орос, Монгол Улсын хамтарсан маш том төсөл. Би энэ сэдвээр маш их баримт цуглуулж, уйгагүй бичсэн. Алдаатай, факт дутуу юм хийсэн бол шүүхэд дуудагдах байсан байх. Гэхдээ миний нийтлэлүүдэд алдаа гараагүй.
Би огт эсэргүүцэж, хөлдүү илжиг мэтээр зүтгээгүй. Усан цахилгаан станц барилаа гэхэд ийм ийм эрсдэл тооцох ёстой, төсөв хөрөнгөөр барилаа гэхэд гаднын жишиг нь ийм байна, үр ашиг нь ийм байна гээд эдийн засгийн тооцоо судалгаатай дэлгэсэн болохоор ард түмэн, салбарын олон хүнд цэгцтэй ойлголт өгсөн болов уу. УЦС-ын асуудалд эрдэмтэн судлаачид, ард түмэн эрсэдлээ тооцох ёстой гэдэг дээр хатуу зогссон. Энэ асуудал шийдэгдэхэд би бага ч гэсэн нөлөөлсөн гэж боддог.
-Одоо та шинэ редакцид ажиллаж байна. Цаг, мөч өнгөрөх тусам юм өөрчлөгдөж, мэдээллийн энэ их давалгаан дунд уншигч байтугай, хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрөө хэрхэн оршин тогтнож, дасан зохицох вэ гэдэг дээр том асуултын тэмдэг тавигдсан үед бид ажиллаж байна. Цаг үеийн энэ өөрчлөлт, шинэ давалгаанд танай редакц ямар тактик баримталж байна вэ?
-Цаасан хэвлэлийн зах зээл өдөр өдрөөр хумигдаж байна. Хүмүүс том юм уншихаа байж, уншигчид завгүй бас залхуу болж. Нийгмийн сүлжээ, интернетийн энэ их хурдыг цаасан хэвлэл гүйцэхгүй, мөдхөн устаж үгүй болно гэж нэг хэсэг ярьдаг байсан нь арай намжаад, хэвлэлүүд хэрхэн дасан зохицох вэ гэдгээ ойлгож ирж байна. Мэдээж зах зээл хумигдана, цөөхөн хэвлэл үлдэнэ. Гэхдээ цаасан хэвлэл, сонин, сэтгүүл бол хүн төрөлхтний соёлын нэг том хэсэг, боловсролтой хүмүүсийн байнгын хэрэглээ хэвээр байгаад итгэлтэй байдаг. Бид одоогийн энэ “залхуу”, цаг завгүй, сонирхол нь байнга өөрчлөгдөж байдаг уншигчийн хэмнэлд хэрхэн дасан зохицох, хэрэгцээ шаардлагад нь яаж нийцэх вэ гэдгээ ярилцаж, сайт, нийгмийн сүлжээнд байдаггүй даацтай нийтлэл, ул суурийг нь олж гаргасан чухал мэдээллийг бэлтгэх тал дээр ажиллаж байна.
-Хамт олон удирдаад, хүмүүсийн өмнөөс хариуцлага хүлээгээд эхлэхээр хувь сэтгүүлчийн тань ажил хойш тавигдах тохиолдол гарч байна уу?
-Мэдээж өдөр тутмын сонины орлогч эрхлэгч хийнэ гэдэг цаг завгүй байх нь ойлгомжтой. Үнэнийг хэлэхэд хааяа болимоор, залхмаар санагддаг. Гэхдээ ажлаа зохицуулаад, өөрөө бичээд явах боломж бий. Энэ ажлыг аваад одоо хоёр жил болж байна. Хэрэв би дарга гээд өрөөндөө суугаад байсан бол өнөөдөр энэ шагналыг авахгүй байсан байх. Хөдөө орон нутаг руу томилолтоор явж, олон хоног зорьж сурвалжлагуудаа хийгээд л явна. Манай удирдлагын зүгээс ямар ч асуудалгүй дэмжиж, цаг гаргах боломж олгож байгаад талархдаг. Би өдөр тутмын мэдээ, сурвалжлаганд гүйхгүй байгаа ч байгаль орчны сэдвээр бичихдээ хэзээд цаг, зав гаргаж байгаа.
-Таныг шагнал гардахад танхим даяар халуун баяр хүргэж байхыг харсан. Мэдээж хүн бүр танд баяр, талархлын үг хэлсэн нь лав. Энэ дундаас зүрх, сэтгэлд тань хамгийн их хүрсэн нь юу байв?
-Хацраа хорстол үнсүүлсэн дээ. Эмэгтэйчүүд нь уруулын будгаараа хацар “будаад”, эрчүүд нь сахлаараа час, часхийтэл хатгаад л... (инээв). Тэр дундаас онцгойлон Х.Цэвлээ гуайн хэлсэн үг их сайхан санагдсан. “Би чиний юмыг уншиж байгаагүй. Гэхдээ энэ хүмүүс чамайг их мундаг гэж ярьж байна. Олон хүнээс ингэж сонссоныг бодоход шагнал нүдээ олжээ. Энэ хүндтэй шагналыг авна гэдэг чиний ирээдүйн замналд маш том суурь үнэлэмж болно шүү. Миний дүү үүнийг хүндэлж, нэр хүндийг нь цааш өргөж яваарай” гэж хэлсэн.
-Одоо хүртэл зарим нь таныг “Өнөөдөр”-ийн Цэвээнээ гэдэг. Та сониноосоо яагаад гарсан юм бэ?
-Би “Өнөөдөр” сонинд 14 жил ажиллаад, шинэ он гаргаад гарсан. Ер нь нэг хөдөлгөөн хийе, өөрчлөлт хийж үзье гэж бодсон л доо. Тэр үед баримтат кинон дээр ажиллаад эхэлсэн, ер нь телевизээр дагная гэсэн бодол байсан. Үүнтэй давхцаад ETV телевизийн захирлаар Ц.Энхбат ах очоод, таарах болгондоо л “Цэвээнээ чи сонинд ажиллаж болсон. Одоо хөдөлгөөн хий. Телевизийн салбарт ор” гэдэг. Тэгээд л эрхлэгч нартаа хэлэхэд намайг сайн ойлгосон. Гарсан шалтгаан бол энэ.
-Гэтэл одоо та буцаад л сониныхоо халуун тогоонд ажиллаж байна.
-ETV-д ороод нэвтрүүлэг хийж эхэлсэн л дээ. Тухайн үед бараг бүхий л телевиз хаалгаа барихад тулж, хэцүүдэж эхэлсэн. Телевизийн нэвтрүүлэг хийе гэхээр төсөв хөрөнгө байхгүй, редакцаас бие даагаад санхүүжүүлэх боломжгүй болсон. Байгаль орчны нэвтрүүлэг хийж байж хот дотор, өрөөн дотор хүн авчраад ярьж болохгүй шүү дээ. Заавал хөдөө гадаа очно, эрэн сурвалжилна. Тэгээд л “За больё, бүтэхгүй юм байна. Өөрийн гэсэн студитэй байж л мөрөөдлөө биелүүлэх юм байна” гэдгээ ойлгоод телевизээс гарсан. Ингээд удаагүй байтал Дэлхийн зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгээс холбогдож, нэг төсөл дээр ажиллаад өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Тэнд сайхан завтай, зайтай, тааваараа жаргаж байтал С.Батбаатар эрхлэгч ярьсан даа. “Та ингэж зугаалахгүй ээ, “Засгийн газрын мэдээ” гэдэг сонин байгуулж байна. Энд ир” гэсэн. 2014 оны арваннэгдүгээр сард энд ирсэн.
-Халуун залуу насны тань хамаг дурсамж үлдсэн болохоор “Өнөөдөр” сониноо одоо санагалздаг уу?
-Үнэнийг хэлэхэд “Өнөөдөр” сонинд байхдаа би их эрхэлж байжээ. Бал эрхлэгч маань надад байгаль орчны сэдвээ өглөө гэснээс хойш хөдөө гадаа явах, уран бүтээлийн чөлөө авах зэргийг ойлгодог, ямар нэг цензур, элдэв асуудалгүй байж. Шүр эрхлэгч, Нандиа эрхлэгч, С.Батбаатар эрхлэгч бүгд л намайг ойлгож, дэмждэг байсан. Дараа нь өөр газар орж, бүх юман дээр энэ ч болохгүй, тэр ч болохгүй гэх юм уу, эсвэл хөдлөх болгонд мөнгө яригдаад эхлэхэд л эрхэлж явснаа ойлгосон доо. Үнэнийг хэлэхэд “Өнөөдөр” рүүгээ уйлаад гүймээр үе өнгөрсөн хугацаанд байсан. Гэхдээ үзэх ёстой юмаа үзэх хэрэгтэй, надад бас зорьсон зүйл бий шүү дээ.
-Цэвээнхэрлэнтэй найз байна гэдэг таны нөхөртэй найз байхын нэр шүү дээ. Таны найдвартай ар тал байдаг, үргэлж дэмждэг, сэтгүүлчийн ажлын цаг наргүйг ойлгодог хүн шиг санагддаг.
-Надад цаанаасаа ийм сайхан хүн заяасан юм уу даа. Би өчнөөн хоногоор хөдөө гадаа явна, ихэвчлэн эрчүүдтэй гараад туучихна (инээв). Миний хань нэг удаа хардаж үзээгүй. Үнэнийг хэлэхэд эмэгтэй, эзэгтэй гэдэг нэрийг би өөртөө зүүх эрх маань бага гэж боддог. Би дургүйдээ, эсвэл залхуудаа биш л дээ. Яалт ч үгүй ажил маань ийм. Олон хоногоор хүүхдүүдээ орхиод явахад нөхөр маань л бүх асуудлыг шийднэ. Өглөө гараад, орой харихдаа хийсэн хоолыг нь заримдаа голох жишээтэй.
Манай том хоёрдугаар анги, бага цэцэрлэгт. Би жилдээ нэг юм уу, хоёр удаа л хүүхдээ авдаг байх. Миний хань л бүхнийг зохицуулдаг. Одоо чамаас авахуулаад, манай найзууд бүгд Дэмбээг сайн танина, сайхан найзална. Би багыгаа гаргачихаад хоёр сар болоод ажилдаа ороход манай нөхөр хүүхдээ хардаг байсан. Ойролцоо төрсөн найз хүүхнүүд хүүхэд, шуухадтай холбоотой юм асуухаар нь “Би мэдэхгүй ээ, Дэмбээтэй ярь” гэнэ шүү дээ. Манай хүн “Өө тэр нь ийм, ингэхээр тэгдэг, тэр чинь тэнд байна лээ” гээд бүгдийг нь хэлээд өгнө (инээв).
-Таныг шагнал авсны дараа Дэмбээ ах фэйсбүүкт их сайхан үгс бичсэн байна лээ. Танаас дутахгүй л баярлаж, хөөрсөн байх даа.
-Манай хүн ХӨСҮТ-ийн хамгаалалтын албаны дарга. Тэгэхэд ажил дээрээ, ажлынхантайгаа шууд нэвтрүүлэг үзэж байсан юм байна лээ. Би шагнал гардаад, уйлсан чинь манай хүн дагаад уйлчихаж. Хажууд нь байсан хүмүүс “За дарга аа, одоо тайвшир, тайвшир” гээд жаахан хүүхэд аргадаж байгаа шиг л юм болсон гэсэн. Салхи шиг хүн шүү дээ. Хэдэн өдөр л надаас дутуугүй баяртай хүн явна.
-Та ч бас сэтгэлийн хөдөлгөөнтэй, нээлттэй, үргэлж залуу явдаг хүн. Энэ их эрч хүч хаанаас гараад байдаг юм бэ?
-Манай аав их хөгжилтэй, хошин зантай, хөдөлгөөнтэй хүн байсан. “Буржгар Цэвээнээ” гэхээр Налайхынхан андахгүй. Их залуудаа бурхан болсон доо. Аавын тэр зан надад өвлөгдсөн болов уу.
Хүн нэг л амьдарна шүү дээ. Надад энэ ч болохгүй, тэр ч болохгүй гэсэн хүлээс байдаггүй. Үзэх ёстойгоо үзээд, инээж ханиагаад, баясаж цэнгээд, амьдралаас авах таашаал бүхнийг авч, мэдрэх юмсан гэж боддог. Хүн өөртөө хэтэрхий өндөр цензур тавьж, хэн намайг юу гэчих бол гээд мод шиг номхон зогсоод яах юм.
-Ийм л хүн дээ. Ингэхэд та кино найруулагч болох хүслээ бараг биелүүлсэн юм биш үү. Таны “Гарц” баримтат кино "Тэнгис"-т нээлтээ хийж, бас алтны талаарх цуврал тань “Улаанбаатар кино наадам”-ын шилдэг баримтат киногоор шалгарч байсныг санаж байна.
-Нэг талаар биелүүлж л яваа юм байна. Би яваандаа байгаль орчны сэдэвтэй уран сайхны кино хийнэ гээд зохиолыг нь бодчихсон байгаа. Нэрийг нь ч олчихсон. Тэгж байгаад болзоо нь таарахаар сууна аа.
-Одоо та ямар сэдвээр нийтлэл, сурвалжлага бичихээр төлөвлөж байгаа вэ?
-Урт нэртэй хуулийн хүрээнд тусгай хамгаалалтанд авсан газрууд хориг эргээд тавигдсан байгаа. Алт гэдэг эрдэс байгалийн аль л үзэсгэлэнтэй, гол мөрний хамгийн гоё хэсэгт нуугддаг учраас түүнийг олборлохын тулд байгаль орчныг сүйдлэх том хохирол бий. Урт нэртэй хуулийн өөрчлөлтүүдийг барьж авна.
Манай сэтгүүлчид ч бас энэ сэдвээр мэдээ, нийтлэл бичээсэй гэж хүсэж байна. Мөн “Ченж төлөвлөгөөний золиос” цувралаа үргэлжлүүлнэ. Газрын чийгийг барьж байдаг өнгөт чулуу яаж урагшаа хилээр гарч, тэнд хаана очиж байгаа мөрөөр сурвалжлага хийх төлөвлөгөө байна.
-Ажилд нь амжилт хүсье. Гайхалтай хурц нийтлэлүүдээр тань, бас байгаль, Цэвээнээ хоёрын олон ялалтын мэдээтэй эргэн уулзахын ерөөл тавья.
-Баярлалаа.