Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

ӨӨР ТҮҮХ

Энэ бол тамирчин болохоор зориглосон бяцхан охины мятрашгүй түүх


 

Хөөрхөн Сумъяатай уулзлаа. Түүнтэй уулзахаас бүр өмнө, наймдугаар сарын 8-ны тэр өдрөөс хойш түүний тухай бодохдоо, ярихдаа “Хөөрхөн Сумъяа” гэмээр санагддаг болчихсон юм. Жүдогийн шигшээ баг төдийгүй Монголын баг тамирчдын нүүрийг монголчуудын өмнө тахалсан, тэр ч бүү хэл Монгол Улсын нүүрийг дэлхийд тахалсан энэ жаахан бүсгүйгээр бахархаж хайрласан, өхөөрдөж өөриймссөн бодлын минь үр юм уу даа. 

Болзсон газарт ирснээ мэдэгдэхэд нь тосож авахаар гараад, холхноос түүнийг мөн үү, биш үү хэмээн багахан эргэлзсэнээ нуугаад яах вэ. Биед эвтэйхэн өмд, цамц өмсөж, үйсэн ултай шаахай өшиглөсөн, аранз мөрөвчилсөн түүнийг би холоос дунд сургуулийн охин гэж харсан юм. Өмнө нь уулзаж байгаагүй болохоор олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин бүсгүйг арай том биетэй, нэг л сүрдмээр хүн байх гэж төсөөлж байсан хэрэг л дээ. Дэлхийн шилдэг жүдоч, олимпийн аварга, “чоно” хочит япон бөхийг хориодхон секундэд ялсан, бидний магнайг хагартал баярлуулж, огшоож, уйлуулсан олимпийн медальт Баатар маань ийм жаахан охин байж. Ийм л жаахан охин биднийг тэгтэл баярлуулж, огшоож, эх орныхоо нэрийг олимпийн дэвжээнээ дуудуулж, төрийн далбаагаа Риогийн тэнгэрт мандуулсан аж.

Увс аймгийн Баруунтуруун суманд 1991 онд төрсөн гэх албаны маягийн намтрыг нь түр хойш тавиад, жүдогийн спортод дурласан тухай нь сонирхлоо. Гар хуруу эвдрэхээс эхлээд алхаа гишгээ эршүүд болно хэмээцгээж, охид бүсгүйчүүдийн тойрч зугтах нь холгүй байдаг, эцэг, эхчүүд ч охин хүүхэд дэмий хэмээн хойш суудаг энэ спортод тэр хэний ч зөвлөгөө, шахалтгүйгээр, өөрийн зөнгөөр татагджээ. Арваадхан настай жаахан охин “Би бөхийн секцэнд ормоор байна” гэхэд ээж нь дургүйцэж, аав нь “Миний охин арай балчир байна” хэмээн эелдгээр татгалзсанаас хойш хоёр жил уйгагүй гуйж байж аавыгаа зөвшөөрүүлсэн аж. Бөхөд дуртай, бас ч багадаа барилдаж ноцолдож явсны хувьд Доржсүрэн гуай охиноо бөхийн спортод чин сэтгэлээсээ тэмүүлж буйг нь мэдэрч, дэмжихээр шийдсэн нь охины хувьд ч, эцэг эхийн хувьд ч зөв шийдвэр байж, монголчуудын хувьд азтай хэрэг болжээ.

Цаг уурын эрс тэс уур амьсгалтай газар төрж, өссөнийг нь гэрчлэх улаахан хацартай, биеийн тамирын улаан хослолтой жаахан охин аавдаа хөтлүүлэн бэлтгэлийн танхимд орохдоо бушуухан л барилдахыг хүссэн гэдэг. Жүдоги (жүдогийн өмсгөл)-гүй болохоор ч тэр үү, түүнийг эхний хэд хоног барилдуулсангүй. Жүдогийн үндсэн дасгал болох хөл тавилтыг давтаад цонхны тавцан түшээд зогсож байхдаа “Хурдхан л барилдах юмсан” гэж боддог байсан улаан хослолтой охин удалгүй үеийнхэнтэйгээ барилдаж эхлэв. Тэгэхэд жүдоги гэдэг гадаад дотоод явсан хүн л олж ирдэг, үнэ өртөг нь ч бага биш “тансаг хэрэглээ” байсан болохоор Сумъяа хоёр, гурван жил өөрийн гэсэн өмсгөлгүй, тэмцээнд оролцохдоо эгч нарын өмсгөлийг гуйж өмсөөд явдаг охин байж. Энэ тухайгаа ярихдаа “Эхний амжилтуудаа гаргатлаа би эгч нарынхаа жүдогиг гуйж өмссөн. Хүний жүдоги гуйхад бас их авьяас орно оо” хэмээгээд инээмсэглэв.

Түүнтэй ярилцаж суухад тун ухаалаг, хэрсүү, зорилгоо гүнээ ухамсарласан, хүрэх оргилоо тодорхойлсон, өөртөө итгэлтэй, цаанаа л нэг өөр бүсгүй гэдэг нь мэдрэгдэнэ. Бүр багаасаа л ийм охин байж. Аав, ээж нь хүүхдүүддээ гэрийнхээ ажлыг хуваарилж өгдөг бөгөөд Сумъяа хичээлээ тарж ирээд оногдсон ажлаа хийчихээд секцэндээ явах ёстой. Зургаан хүүхэдтэй айлын ууган охин болохоор ихэвчлэн оройн хоол бэлтгэх ажилд томилогдоно. Найман ам бүлийн хоол бэлдэнэ гэдэг жаал охинд бүү хэл ээжүүдэд тийм амар ажил бил үү дээ. Гурил элдлээ гэхэд 6-7 дугуйгаас наашгүй. Цагтаа амжихын тулд нэг дугуй гурилыг нэг минутанд элдэх ёстой гэж өөртөө тушаагаад цаг тавьж, секундийн зүүтэй уралддаг байсан гэнэ. Бэлтгэлээсээ хоцорно гэдэг түүний хувьд хүнд асуудал, тасална гэдэг бүр байж болохгүй зүйл байжээ.

2000-аад оны эхэн үе, тэгээд хөдөөнөөс орж ирээд бүрэн төвхнөж, байр сууриа олоогүй айлын амьдрал ямар л элбэг хангалуун байгаа аж. Спортын төв ордонд анх дагуулж очихдоо аав нь “Миний охин бэлтгэлээ л сайн хийгээрэй. Аав нь охиноо автобусны мөнгөөр таслахгүй ээ” хэмээн амласнаараа 50-ийн ундаа, 80-ын гөөхий, автобусны мөнгө таслахгүйг хичээнэ. Аавынх нь дугуй засварын өдрийн орлого гэр бүлийнхээ өдрийн хэрэгцээнээс илүү гарахгүй үе таарна. Тийм үед "Дөлгөөн нуур"-ын арын хорооллоос Спортын төв ордон руу гүйнэ.

Ийм л амьдралаас төрсөн жүдоч 25 насандаа, Монгол Улсад 25 дахь олимпийн мөнгөн медалийг авчирчээ. Тэр бол олимпоос медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй жүдоч.

Түүнийг тун хэрсүү гэж дээр би хэлсэн дээ. Таван дүүтэй, айлын том охины үүрэг хариуцлага ямар ихийг тэр эрт ойлгосон. Аав, ээждээ нэмэр болохын тулд аавынхаа дугуй засварын газрын хажууд машин угаадаг байсан тухай нь мэдэх хүн цөөн биз. Тэр тухайгаа, “Дөлгөөн нуур", 32-ын тойргийн хавиар явахад алчуураараа даллаад зам дагуу зогсож байдаг хүүхэд олон байсан даа. Тэдний нэг нь би шүү дээ” хэмээн цагаахан инээмсэглэл цацруулан дурссан. Ийм л энгийн амьдрал зарим хүнд сэтгэгдэл төрүүлэхгүй байж болох ч өөр нэгний хувьд онцгой сэтгэгдэл төрүүлэх түүхүүд амьдралыг баялаг, өнгө будаг дүүрэн, сонирхолтой болгодог билээ. XXI зууны хорин хэдэн настнуудын дунд Сумъяа тун ч баялаг, сонирхолтой амьдралтай бүсгүй аж. 

Тэр хатуу төлөвлөгөөтэй, цуцашгүй, өөртөө үнэнч нэгэн. Арван хэдэн настайдаа бөхийн секцэнд орсноосоо хойш зуны амралт, хөдөө гадаа зугаалах гэдгийг “мартсан”. Амжилтад хүрэх л гэж тэр. Долоо хоногийн зургаан өдөр идэх, унтахаас бусад үеийг бэлтгэлийн танхимд өнгөрүүлдэг түүнд хоёр хоногоос илүү бэлтгэл хийхгүй өнжвөл бүх бэлтгэл нь үгүй болж, бүхнийг дахин эхлүүлэх юм шиг санагддаг тул бэлтгэл таслахаас үнэн сэтгэлээсээ “айдаг” гэсэн. Өглөө цайгаа уугаад бэлтгэлдээ очно. Өдрийн хоолоо идэж, хэсэг амарч сэргээд үдээс хойших бэлтгэлээ хийнэ. Тэгээд оройн хоолоо идээд унтана. Өндөр ачаалалтай бэлтгэл хийдэг тул амралт, нойр маш чухал. Амрах цагаа, эсвэл бэлтгэл хийх цагаа автобусанд үрэхгүйн тулд Спортын төв ордны ойролцоо байр түрээсэлж, арван хэдтэйдээ төрсөн гэрээсээ гарсан гэж байгаа.

“Тамирчин хүний хамгийн гол өрсөлдөгч бол өөрөө. Өөрийгөө ялан дийлээгүй хүн бусдыг дийлэхгүй” гэж тэр хэлэх дуртай. Энэ үгийг гүйлгэж уншаад өнгөрөхөд нэг их анхаарал татахгүй, хаа нэгтэй, хэн нэгэн хэлж л байдаг үг шиг санагдаж магад. Гэхдээ түүний хувьд энэ үг бүхий л эд, эс, мах цусаараа ойлгож, мэдэрдэг, хамгийн чухал үг нь гэдгийг ярилцаж суухдаа ойлгосон. Өөрийгөө ялна гэдэг жижигхэн зүйлээс эхэлж, том үр дүнд хүргэдэг аж. Наад захын жишээ нь, олимпод оролцохоор бэлтгэлээ базааж байхдаа Сумъяа “Олимп дуустал интернэтэд орж, сошиалиар тэнэхгүй” гэж өөртөө үүрэг болгоод, үүнийгээ яг биелүүлсэн гэнэ. Биднийг энд тамирчдаасаа медаль нэхээд, тэднийгээ магтаж, муулаад бужигнаж байхад Сумъяа тэнд тэр бүхнээс ангид, дуу сонсоод сууж байсан гэсэн үг.

Жүдогийн шигшээ баг монголчуудыг медалийн өнгө голдог болгосон. Тэднийг барилдаж эхлэх өдрөөс эхлээд л бид алтан медаль хүлээсэн. Энэ хүлээлт, харамсал миний сэтгэлд өнөөг хүртэл торсоор байсан тул өөдөөсөө хараад сууж байгаа охиноос олимпийн алтан медаль нэхэх мэт “Силватай хийсэн барилдааныг шүүгчид хааш нь ч эргүүлж болохоор байсан уу” гээд асууж орхилоо. “Дүрэмд барьцтай үед хөлд гар хүрч болно гэж заасан байдаг. Гараар хөлд мэх хийх бол хориотой. Гэтэл тэр барилдаанд барьцтай хэрнээ тохойгоороо тахимдаад мэх хийчихсэн. Яг ийм тохиолдлыг яах талаар нарийвчилж заагаагүй. Хуулийн цоорхой гэдэг шиг дүрмийн цоорхой юм даа. Тэгээд та ойлгож байгаа биз дээ, хэний дэвжээн дээр хэнтэй барилдаж байгаа билээ дээ. Тэр өдөр хүртэл Бразил алтан  медальгүй байсан... Спорт, тэр тусмаа жүдо маш нарийн дэг жаягтай. Шүүгчийн шийдвэрийг хүндэтгэлтэй хүлээж авах ёстой. Би тэр дэвжээн дээр ялагдсан. Одоо яриад байх зүйл байхгүй. Тэр барилдаанаас “Ийм зүйл бас ирж болох юм байна шүү” гэдэг маш том сургамж авсан” гээд л инээмсэглэж сууна.

“Нээрэн, чиний тухай кино хийсэн байна билээ” гэхэд, “Тийм ээ. Миний амьдралаас сэдэвлэж хийсэн ч уран сайхны кино учраас бага сага хэтрүүлэг, уран сайхны дүрслэл бий шүү. Тэр кинонд гол дүрийн охин мешокууд дээр өрсөлдөгчдийнхөө нэрийг бичиж наагаад “Чамайг ингэж ялна” гээд мэх давтдаг юм байна л даа. Тэгэхдээ Японы Каори Мацумотогийн нэрийг бичсэн мешокийг яг нөгөө олимпод ялсан шиг үүрч шиддэг гэсэн. Киноны ажил өнгөрсөн жилээс эхэлж, олимпоос өмнө зургийг нь аваад дууссан байсан шүү дээ. Гэтэл тийм сонин давхцал гарсан гэж кино багийнхан хэлж байна билээ” хэмээн нууц задалсныг би бас задалчихъя” гэлээ. 

“Тамирчид өрсөлдөгчөө сэтгэл зүйгээр нь буулгаж авах гэж янз бүрийн дүр төрх үзүүлж, ааш авир гаргадаг. Чи ер тэгэхгүй юм” гэхэд “Би чинь их даруухан, тайван хүн шүү дээ. Тийм юм гаргая гэсэн ч надаас гарахгүй байх аа” гээд нөгөө л дөлгөөхөн төрхөөрөө инээж суух.

Хүссэн амжилтаа гаргаж, зорилгоо биелүүлсэн хүний хувьд түүний нэн тэргүүнд хийхийг хүсэж байгаа зүйл нь долоо хоног хөдөө амрах. Өндөр ачаалалтай их бэлтгэлээ түр хойш тавьж, бие болон сэтгэлийн “ачаа”-гаа буулгаж орхиод, өөрийг нь чиглэсэн реакц, магтаал сайшаал, уулзалт, хүлээн авалтаас түрхэн холдож, шувуу жиргэж, мод шуугихаас өөр чимээгүй буйдхан газар долоо хоног амрахыг хамгийн ихээр хүсэж байна гэсэн. Тэгээд дараа жилийн дэлхийн аваргын бэлтгэлдээ орно. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
12 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
13 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
19 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.