Хайх зүйлээ бичнэ үү

12 мин

А.Баярцэцэг: Би ямар нэг том зүйл бүтээхээр орчлонд ирсэн шиг санагддаг

Энэ оны “Miss World” тэмцээнд Алтангэрэлийн Баярцэцэг Монголоо төлөөлөхөөр болж, өнгөрсөн бямба гарагт үндэсний ялагчийн титмээ гардсан. Боловсролын түвшингээрээ А.Баярцэцэг Монголын бүх миссээс илүү байж мэднэ. Түүнтэй удахгүй болох тэмцээний тухай болон хувь хүнийх нь үзэл баримтлал, уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.


Энэ оны “Miss World” тэмцээнд Алтангэрэлийн Баярцэцэг Монголоо төлөөлөхөөр болж, өнгөрсөн бямба гарагт үндэсний ялагчийн титмээ гардсан. А.Баярцэцэг өнгөрсөн жилийн “Miss World Mongolia” тэмцээнд “Зорилго бүхий гоо сайхан” тодотголтойгоор тэргүүн дэд миссээр шалгарсан юм. Австри улсад болсон Эх дэлхийн миссийн тэмцээнд тэрбээр шилдэг 16-д шалгарч, чансаагаараа хоёрдугаарт бичигдэж байв. Маркетинг, олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэгтэй тэрбээр “Марко Поло” тэргүүтэй цуврал, уран сайхны бүрэн болон богино хэмжээний кинонд дүр бүтээсэн туршлагатай. Боловсролын түвшингээрээ А.Баярцэцэг Монголын бүх миссээс илүү байж мэднэ. Түүнтэй удахгүй болох тэмцээний тухай болон хувь хүнийх нь үзэл баримтлал, уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

-Ярилцлагаа удахгүй болох тэмцээний тухай асуултаар эхлүүлье. Ер нь “Miss World”, “Miss Earth”  гээд хоёр том тэмцээн байх шиг байна. Хоорондоо юугаараа чухам өөр байдаг юм бол? 

-“Miss Earth”-ийн зорилго нь байгаль орчныг хамгаалах үйлсэд дэлхий дахиныг уриалахад чиглэдэг бол “Miss World” хүмүүнлэгийн ажил, тэр дундаа өнчин, ядуу хүүхдүүдэд туслах хандлагаараа онцлог. Бас хамгийн олон шалгаруулалттай, дэлхийд хамгийн удаан зохиогдож байгаа гоо бүсгүйн тэмцээн.

-Та үнэхээр сайхан харагддаг. Гэхдээ хүн өөрийгөө бусдаас хавьгүй илүү таньж мэдсэн байдаг болохоор энэ өнцгөөс өөрийгөө харж, тэмцээний өмнө энгийн үед байдгаасаа илүү хичээж, нэлээд бэлтгэл хийдэг байх. Таны санааг зовоож байгаа шалгаруулалт аль нь вэ?

-Санаа зовоож байгаа нь гэвэл мультимедиа буюу интернэтэд авсан хандалтаар шалгаруулдаг тэмцээн байна. Индонез, Энэтхэг л гэхэд Монголоос хавьгүй олон хүнтэй. Тэндээс гурван сая хүн санал өглөө гэхэд бидний ялах боломж маш бага болно гэсэн үг. Гэхдээ энэ жилээс зөвхөн тооны үзүүлэлт бус, контентийн чанараар нь илүү дүгнэх хэрэгтэй гэж үзэж байгаа юм билээ. Тэгэхээр давгүй өрсөлдөж чадах болов уу гэж бодож байгаа. Цаг хугацааны хувьд хэцүү, шахуу шалгаруулалтын нэг. (“Miss Earth”-ийн видео нь шилдэг дөрөвт шалгарч, 210 мянга гаруй хандалт авсан)

-“Miss Earth”-ийн видеоноос хэр өөр байх вэ?

-“Miss Earth”-ийн видео таван минутын хугацаатай. Эх орондоо тулгараад байгаа экологийн асуудлыг шийдвэрлэхийн тулд юу хийж чадахаа харуулах хэрэгтэй байдаг . Харин “Miss World”-ийнх ердөө 1.5 минут байх ёстой. 90 секундын богинохон хугацаанд эх орноо, өөрийгөө сурталчлаад, хүмүүнлэгийн ажлаа амжилттай танилцуулна гэдэг үнэхээр амаргүй юм байна. Видеогоо хийхдээ Монголоо сурталчлах тал дээр голчлон анхаарч байгаа.

-Нүүдлийн соёл бол манай улсыг сурталчлахад заавал харуулах ёстой онцлог мөн. Гэвч манай улсын гадаадад хандсан маркетингад өөр чиглэлүүд дутагдаах байх шиг. Маркетингаар мэргэшсэн хүний хувьд Монголыг өөрөөр яаж сурталчлах хэрэгтэй гэж боддог вэ?

-Гаднынхан мэдээж Монголыг нүүдэлчин гэдгээр нь илүү мэддэг. Гэхдээ орчин цагийн монгол залуус энэ имижийн гадуур орхигдоод байна. Улаанбаатар маань сүүлийн 100 жилд, харьцангуй богино хугацаанд яаж өөрчлөгдсөн билээ. Залуусын боловсролын түвшин жилээс жилд өсөж, даяарчлагдаж, дэлхийн иргэд болж байна. Монгол хүний ухаан, оюуны потенциалаа сурталчлах боломжтой.

-Та өмнө нь олон улсын томоохон хоёр ч тэмцээнд оролцсон. Хэлний мэдлэг хэр нөлөөлдөг вэ?

-Хэл асар нөлөөтэй. Өөрийгөө илэрхийлэх, улсаа сурталчлах гол зэвсэг шүү дээ. Хэлний мэдлэг оноонд нөлөөлөхөөсөө илүүтэйгээр тухайн хүний оролцоо, ерөнхий performance-д нөлөөлнө. Нөгөө талаас, хүн ярьж байгаа хэлээрээ сэтгэдэг гэдэг. Тэгэхээр би англиар тэдгээр улсын мисс, шүүгчтэй харилцаж байхдаа тэдэнтэй нэг түвшинд сэтгэж байна гэсэн үг шүү дээ.

-Сүүлийн үед гоо бүсгүйн тэмцээнийг шүүмжлэх болсон. Бүсгүйчүүд царайлаг, гоё биетэй байх ёстой зэрэг эмэгтэй хүний гоо сайхны тухай хэвшмэл, сексист ойлголтыг сурталчилж байна гэж. Та миссийн тэмцээнд оролцоод ажиглаж байхад тэр хандлага хэр өөрчлөгдөж байна?

-Энэ тал дээр “Miss World” давуу талтай гэж бодож байгаа. Бүх тэмцээнд эмэгтэй хүний гадаад үзэмжийг чухалчилсан бикини шалгаруулалт байдаг. Гэтэл хоёр жилийн өмнө Индонезид болсон Дэлхийн миссийн тэмцээний үеэр ерөнхий зохион байгуулагч Жулиа Морли “Бидэнд хэн нарийхан бэлхүүстэй, том цээжтэй нь хамаагүй. Бүсгүйд юу бодогдож байна, түүний зүрх сэтгэл бусдын төлөө юу хийхийг хүсэж, тэмүүлж байна, мөрөөдөл нь юу вэ гэдэг хамгийн их сонирхол татдаг. Бид харахыг бус, сонсохыг хүсэж байна” гэж ярилцлага өгсөн байсан. Ийм ч учраас албан ёсны бикини гэх албан шалгаруулалтаа болиод “resort wear” буюу далайн эргийн гоо үзэсгэлэн гэж шалгаруулалт гаргасан байна лээ. Өмнөх жилүүдийн миссүүдээс сонссоноор бол, “Miss World”-ийн шалгаруулалтын гол хэмжүүр нь хүмүүнлэгийн ажил. Гадаад гэхээсээ илүү дотоод гоо сайханд анхаарлаа хандуулдаг гэсэн үг.

-Монголоо сурталчлахаас гадна яг хувь хүнийхээ хувьд энэ тэмцээнээс юу хүлээж байна вэ? Яагаад дахин дахин оролцох сэдэл төрөв?

-“Miss International” тэмцээнд 2012 онд ороход анхны тэмцээн байсан учраас туршлага дутаж, хангалттай сайн оролцож чадаагүй. Тайзнаас буухад ялагдлын амт гэх юм уу даа, тийм зүйл мэдрэгдсэн. Монголоо үүнээс илүү сурталчилж болох байсан шүү дээ гэж бодогдсон. Энэ л гол хөшүүрэг болсон доо. Харин өнгөрсөн жил “Miss Earth” тэмцээнд явахдаа амжилт зөвхөн титмээр хэмжигдэхгүй юм байна гэдгийг сайн ойлгосон. Монголчууд, гаднын хүмүүст ямар сэтгэгдэл үлдээж байгаа нь асар чухал. Сэтгэлийн ялагч, титмийн ялагч гэх ойлголтууд өөр юм билээ. Эко-видео маань гарч байхад таних, танихгүй олон хүн Монголд очиж үзмээр байна хэмээн надад хандаж байсан. “Miss World”-ийн финалыг гурван сая хүн үздэг. Тэгээд энэ бол эх орноо сурталчлах том платформ гэдэг утгаар нь оролцож, сүүлчийн удаа миссийн тэмцээнд явж байгаа маань энэ.

-Та олон улсын тэмцээнд оролцож, гадаадад суралцаж, амьдарч, өөр өөр орчинд олон орны хүмүүстэй танилцаж, нөхөрлөж, харилцаж байсан. Ингээд ажиглахад тэр дундаас тодорч харагдсан монголчуудын үнэлүүштэй чанар, засууштай сул тал, ялгамжит чанар нь юу байсан бэ?

-Ер нь газар үзэж, нүд тайлахаар хүний амьдралыг үзэх үзэл тэлэгддэг гэж боддог. Юманд учир зүггүй шүүмжлэлтэй хандахаа больж, илүү ажиглаж, бусдын мөн чанарыг ойлгох чадвар сайжирдаг юм шиг. Аливааг хойшлуулсаар эцэст нь хийдэг, тэрэндээ маш их стресстдэг нь монголчуудын засууштай гол чанар болов уу. Бусад олон орны хүмүүсийг ажиглаж байхад, цагийн юмыг цагт нь сайтар төлөвлөж байгаад хийдэг. Гаднынхны дунд ховор, манайхны онцлог гэвэл аливаад сэтгэлээрээ ханддаг чанар байх. Итгэмтгий, нэг итгэсэн хүндээ үнэхээр сэтгэлээсээ хандаж, нөхөрлөж чаддаг, уужуу тайван хүмүүс.

-Таны хамгийн сайн, үнэт чанар?

-Миний ноён нуруу. Яагаад гэвэл, хүн ноён нуруугаараа бат тулж зогсох учиртай гэж боддог. Амьдралд сайн, муу олон шийдвэр гаргах болдог шүү дээ. Урлагийн хүний хувьд тэр тусмаа хэн байх ёстой, мөн чанараа, жанжин шугамаасаа хазайхгүй байхад онцгойлон анхаарах ёстой. Өнөөдөр надад ашигтай байж болох шийдвэр хувь хүний мөн чанартай минь зөрчилдөж байвал ерөөсөө л гаргахгүй байхыг хичээдэг.

-Тэр ноён нурууг бэхжүүлж, тогтоож байдаг зүйл нь ёс зүйн хэм хэмжээ гэхэд буруудахгүй байх. Таны хувьд хэзээ ч зөрчиж болохгүй ёс зүйн хэм хэмжээ юу вэ?

-Өвөө, ээжийн маань зааж сургасан хүмүүжил. Хүн, зөв хүн байх чиг баримжаагаа алдахгүй байх явдал.

-Ээжийн тань хэлдэг гол сургаал?

-Ээж маань багш хүн болохоор байнга өндөр шаардлага тавьдаг. Багаасаа шахуулж сурсан даа. Хүн өөрийн потенциалаа мэдэж байгаа бол тултал, төгс хийх хэрэгтэй гэж хэлдэг. “Чиний потенциалыг мэдэхгүйсэн бол ингэж шахахгүй байсан” гэж ирээд л (инээв). Ийм ч учраас хийж байгаа зүйлээ тултал нь хийх гэж хичээдэг. Гэхдээ бүх зүйлийг бус, чадах зүйлээ л шүү дээ.

-Энэ сургаалийг амьдрал дээрээ хэрэгжүүлэхэд хөтөлсөн, эргэлтийн цэг болсон үе хэзээ байсан бэ?

-Юм болгоныг чаддаг, их юм мэддэг шиг санагдсан хэсэг үе байсан. Англи, испаниар ярьчихдаг, мэргэжлээрээ сайн сурдаг гэж бардамнах үе гэх юм уу даа. Гэхдээ хүн сурч дуусдаггүйг, надад мэдэхгүй зүйл олон байгааг өөрөө олж мэдсэн тэр үедээ л тэр өсөлтийг мэдэрсэн. Эргэлтийн цэг гэвэл тэр л байх.

-Та аяллын блог хөтөлдөг шүү дээ. Аяллаас хамгийн өндөр сэтгэгдэл үлдээсэн, дахин дахин очмоор санагддаг улс аль нь вэ?

-Итали. Миний хамгийн дуртай хот бол Ром. Европ руу явах болгондоо тийшээ дандаа очно. Мөнхийн хотын алдартай “Fontana di Trevi” буюу Треви усан оргилуур луу нуруугаа харуулж зоос шидсэн хүн дахиж заавал ирдэг гэлцдэг. Би очих болгондоо тэгж зоос шиддэг (инээв). Гудамжаар нь алхахаар цаг хугацаагаар аялж байгаа мэт сэтгэгдэл төрдөг юм.

-Таныг “Марко Поло”-гийн тухай ном орчуулан гаргах гэж байгаа гэж сонссон. Та “Big 4” гэгддэг миссийн том дөрвөн тэмцээний гурав дахид нь оролцох гэж байна (үлдсэн нэг нь болох “Miss Universe”-д монголчууд оролцдоггүй). Энэ талаараа ном гаргая гэж боддог уу? Энэ хугацаанд санхүүжилт, логистикийн чирэгдэлгүйгээр хэрэгжүүлэх боломжтой олон хүмүүнлэгийн төслийн талаар олж мэдсэн байх.

-Тэр талаар ном гаргах бодол одоохондоо алга. Харин аяллын талаар ном бичих бодол бий. Хүн аль нэг улс оронд очоод дурсгалт газруудыг нь үзээд өнгөрөх бус, оюун санаагаараа тухайн газартайгаа холбогдох хэрэгтэй гэсэн санаа надад байдаг юм л даа. Тэгээд яг энэ санаандаа хөтлөгдөөд бичвэл аятайхан ном болчих болов уу гэсэн бодол байна.

-Ээжээс өөр танд гүн нөлөө үзүүлсэн, урам зориг өгдөг хүн гэвэл?

-Бодит хүн гэхээсээ илүү ном, кино. Зарим тохиолдолд ганцхан уулзсан хүний ганц үгийг өөртөө тусгаад, урам зориг төрөх нь элбэг. Би 10 жилээ төгсөхдөө Пауло Коэльогийн “Алхимич” номыг уншаад, Сантьягог өөрийгөө гэж төсөөлөөд, Египетээс алт олох аяллыг нь өөрийнхөө жүжигчин болох мөрөөдөлтэй холбож, болно бүтнэ гэсэн итгэлээр өөрийгөө цэнэглэдэг байсан.

-Яагаад жүжигчин болъё гэж шийдэв?

-Бага байхаасаа найруулагч болохыг хүсдэг байсан. Их дэврүүн хүсэл мөрөөдөлтэй хүүхэд байлаа. Би ямар нэг том зүйл бүтээхээр орчлонд ирсэн шиг санагддаг. Мэргэжлээрээ (маркетинг) суралцаж төгссөн ч сэтгэлийн дуудлага бол яалт ч үгүй урлаг гэдгийг ойлгосон. Маркетер хүн толгойгоороо ажилладаг бол би зүрх сэтгэлээ “ажиллуулмаар” санагдсан.  Бас л “Алхимич” номын нөлөө дөө (инээв).

-Одоо тэгээд урлагийн хүн болох гэж үү?

-Тэгнэ ээ. Чадна гэсэн итгэл төрж байна.

-Эзэмшсэн мэргэжил тань хэр тус болж байна?

-Тус бололгүй яах вэ. Маркетинг их ид шидтэй мэргэжил. Юу ч хийсэн маркетинг хэрэг болдог. Миссийн тэмцээнд л гэхэд хувийн маркетинг, багийн маркетинг, бүр улсын маркетинг хэрэг болж байна. Жүжигчин хүн өөрийнхөө маркетингийг сайн хийх хэрэгтэй. Зөвхөн сурталчлаад хангалтгүй. SWAT шинжилгээ хийнэ гэж ярьдаг шүү дээ. Онолынхоо мэдлэгийг ашиглах боломж өдөр бүр гардаг. Өнөөдрийн Баярцэцэг гэдэг хүний сул тал нь юу юм, тэрийгээ яаж давуу тал болгох вэ гэх жишээтэй. 1, 5 жилийн төлөвлөгөөгөө гаргахад их хэрэгтэй.

-Өнөөдрийн Баярцэцэг гэдэг хүний сул тал нь юу вэ?

-Төгс хийх гээд улайраад, санасандаа хүртэл хийж чадахгүй бол сэтгэлээр унадаг нь сул тал юм болов уу.

-Гэхдээ нөгөө талаас давуу тал юм байна.

-Тийм шүү. Ээжийн маань сургаалаас улбаатай юм даа.

-Та өөрийгөө “Earth warrior” гэдэг. Нүүдэлчин Монголыг өөртөө шингээхийн сацуу орчин цагтай хөл нийлүүлнэ гэх санаа юм болов уу. “Нүүдэлчин” гэдэг бидний “identity” буюу ялгамжит чанараас гадна бид бүгдийг нэгтгэх ямар чанар байх ёстой гэж боддог вэ? Олон монгол“талын монголчууд” тодорхойлолтод багтахаа больсон шүү дээ. Бид ямар ялгамжит чанар үүсгэх хэрэгтэй бол?

-Эв нэгдэл гэдэг “identity” үүсгэмээр байна. Угаас энэ тал дээрээ л дутмаг байдаг шүү дээ. Хувь хүн талаас нь аваад үзвэл би ч мундаг, чи ч мундаг гээд л олон чадварлаг хүн бий. Багийн ажиллагаа муутай. Олимпод л гэхэд ганцаарчилсан төрлөөр л амжилт гаргадаг шүү дээ. “Тамын тогооны үлгэр”-ээсээ бүгд гармаар байна. Монгол Улсад үндэсний эв нэгдэл хэрэгтэй байна гэж боддог. Тийм ч учраас энэ жил “Miss World Mongolia”-гийн уриагаа “Нэг дэлхий. Нэг мөрөөдөл. Дэлхийн мисст хамтдаа” гэж гаргасан. Жилд ганцхан болдог энэ тэмцээнд ч гэсэн Монгол гэдэг улс, бид бүгдээрээ оролцож байгаа учраас дэмжээрэй гэж хүсье. 

Тэмцээн ирэх сарын 26-нд эхэлж, арванхоёрдугаар сарын 18-нд финалын шалгаруулалтаар дуусна. Явцын тухайд, шүүгчид тэмцээний турш явагдах 10-аад тэмцээний онооны нийлбэрээр шилдэг 20 бүсгүйг шалгаруулж, хагас шигшээд оруулдаг. Үүний дараа шилдэг 10 миссийг шалгаруулж, оноог нь тэглэнэ. Тэднээс алхаа, гоёлын даашинз зэрэг тайзны үзүүлбэрээр шилдэг тавыг шалгаруулдаг бол эцсийн шат нь асуулт хариулт.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Хаврын улиралд л ойлгох зовлонгууд: "Хавар хайр ирдэггүй, сайр л ирдэг"
2
1 цагийн өмнө
Бээжингийн олон улсын автомашины үзэсгэлэнд юу үзүүлэв?
3
16 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.