Хайх зүйлээ бичнэ үү

Төрийн дээд шагнал тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгийн эзэн МУГЖ, дуурийн дуулаач Г.Ариунбаатарын багш МУГЖ, профессор, СУИС-ийн багш О.Ичинхорлоотой ярилцахаар гэрт нь очлоо. Яагаад ч юм Дуурийн театрт яваад орсон мэт сэтгэгдэл төрснийг нуух юун. Чамин хийцтэй, сийлбэр бүхий төгөлдөр хуур нь бараг 100 жилийн настай нандин эд аж. Түүнтэй дуурийн урлагийн тухай, шавь нарынх нь тухай ярилцсанаа хүргэе. 


Монголын дуурийн урлагийн алтан үеийнхний хүсэл биелсэн


-Юуны өмнө таны шавь Монгол Улсын төрийн дээд одонгоор шагнуулсанд баяр хүргэе. Монголд энэ урлагийг хөгжүүлэхэд таны хувь нэмэр маш их байсан. Одоо ч эрдэм, мэдлэгээ түмний хүүхдэд заасаар байгаа. Та энэ урлагтай анх хэрхэн холбогдож байв. Түүхээсээ хуваалцахгүй юу?

-Би долдугаар ангиа төгсөөд, дөнгөж 15 настай Улсын Ардын Дуу Бүжгийн чуулгад контрабасчингаар зургаан сар дагалдан хийж байгаад Болгар улс руу явсан. Төрийн соёрхолт зохиолч Ч.Лодойдамба гуайн санаачлагаар Дуурийн театр байгуулагдахаар болж, анхны дуурийн дуучдаа бэлтгэхээр Болгар Улсын Хөгжмийн дээд сургуульд сургахаар болсон юм. Тэгээд АЖ Жаргалсайхан, АЖ Жамъянжав, хөгжмийн зохиолч, Вальсийн хаан Түмэнжаргал болон Борхүү, Гомбосүрэн, Дашцэрэн зэрэг ах, эгч нартайгаа улаан хацартай, жаахан охин Болгар луу явж, 6 жил сурсан. Тэнд Италийн бельканто сургалтаар хичээллэсэн. Болгарын дуурийн дуулаачид тэр үед нэрд гарсан байсан л даа. “Ла Скала” театрт олон болгар гоцлол дуучид байсан. Миний багш төгөлдөр хуурч, Добри Спирасеевски надад дуулах эрдмийг үнэхээр сайн эзэмшүүлжээ. Ийм сайхан аз завшаан тохиолдолж, эрдэм мэдлэгтэй болсондоо баярлаж, миний амьдралын утга учир гэж боддог. Би 56 жил дуурийн урлагийг хөгжүүлэхийн төлөө зүтгэжээ.

-Олон жил энэхүү урлагийн дунд ажиллаж, амьдарч байгаа хүний хувьд дуурийн урлагийн онцлогийг юу гэж тодорхойлох вэ. Монголд хэрхэн дуурийн урлаг үүсч хөгжсөн бэ? 

-Дуурийн урлаг бол олон зуун жилийн өмнөөс хөгжиж ирсэн соёлт хүн төрөлхтний урлаг юм даа. Хүний сэтгэлгээ, оюуны цар хүрээг хөгжүүлдэг нь энэ урлагийн онцлог. Бүжиг, жүжиг, хөгжим зэрэг бүх төрлийн урлагийн цогц нийлбэрээр дуурийн урлаг бүтдэг. Энэ урлаг Монгол Улсад 50-иад жил хөгжиж байна. Энэ хугацаанд Монголын төр засаг, ард түмэн, үе үеийн сэхээтнүүд бүгд дуурийг хөгжүүлэхэд анхаарсаар ирлээ. МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Хайдав багш маань анх 1964 онд дуурийн урлагийн сургуулийн суурийг тавьж, дуурийн театрын дэргэдэх студи байгуулсанд туйлын их баяртай явдаг. Энэ сайхан урлагийг түмний хүүхдэд зааж, сургадаг мэргэжлийн сайхан сургуультай болж, олон сайхан дуурийн дуулаач мэндлэн дэлхийн хэмжээнд эх орныхоо нэрийг мандуулж явааг харах сайхан байна. Дуурийн урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан миний хамтран зүтгэгчид, ах эгч нар, Монголын анхны дуурийн дуулаачид болох МУ-ын Ардын жүжигчин алтан гургалдай, дуурийн хатан хаан  Аюушийн Загдсүрэн, МУГЖ, профессор Д.Баадайжав, Төрийн шагналт, АЖ,  Зууны манлай дуурийн дуулаач Х.Уртнасан, Хөдөлмөрийн баатар, АЖ Ц.Пүрэвдорж, МУГЖ Д.Банди, МУГЖ, профессор М.Найдалмаа зэрэг дурдаад байвал маш олон хүний ач буянаар Монголын дуурийн урлаг өдий зэрэгтэй явж байгааг онцлон хэлмээр байна. Мөн АЖ А.Долгор, МУГЖ Б.Цэцгээ, МУГЖ Д.Ганхуяг, МУГЖ Ц.Ерөө, МУГЖ Д.Дашиймаа, Бүрэнжаргал болон сургуулийн маань бүх төгөлдөр хуурч, концертмейстерүүдийн хичээл зүтгэлийн шим юм даа.

-Та бүхний ач буянаар олон сайхан чадварлаг шавь төрөн гарч, дэлхийд зөвшөөрөгдсөн дуурийн дуучид болж байна шүү дээ.

-Тэгэлгүй яах вэ. Бидний шавь нар дэлхийд танигдан гарч ирж байгаад би хязгааргүй их баяртай байна. Тэр тусмаа дээр дурдсан хүмүүстэй мөр зэрэгцэн ажиллаад 56 жилийг үдсэн надад эдгээр хүмүүсийн хүсэл мөрөөдлийг биелүүлэн сонгодог урлагийн олимп гэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанд миний шавь түрүүлж, Гран при шагналтан болсонд баярлаад хэлэх ч үг олдохгүй нь. Маш урт хугацааны хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр шимээр өдий зэрэгт хүрч байгаа юм шүү дээ. Хүмүүс бол зөвхөн дуулаад л болчихдог гэж ойлгодог. Гэтэл дуурь дуулна гэдэг хүнээс олон талын авхаалж самбаа, итали, франц, орос гээд олон гадаад хэлний мэдлэг, чадвар шаарддаг. Тийм ч болохоор дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн дуурийн дуучин болно гэдэг их бэрх. 


Ариука их хошин хүн шүү дээ, заримдаа над руу согтуу хүн болж ярина

-Та Ариунбаатартай ямар сэжмээр холбогдож, багш шавийн барилдлагатай болж байсан бэ? 

-Ариука маань сургуулиасаа завсардаад 3 жилийн дараа 2009 онд эчнээ ангид орж ирсэн. Эчнээгийнхэн өвөл нэг сар, хавар нэг сар сураад шалгалтаа өгөөд төгсдөг юм л даа. Тэгээд 2009 оны өвлийн семестрээр би хэдэн багштай цуг шалгалтын комисст байлаа. Гэтэл нэг их өндөр нуруутай, хоолой сайтай хүүхэд орж ирээд шалгуулахад нь би шууд загнаж билээ. “Хэн гэдэг, хаанаас гараад ирэв. Багш чинь хэн бэ. Чамайг хараа ч үгүй, мэдэх ч үгүй юм байна” гэхэд удирдсан багш байхгүй, сургуулиасаа завсардсан тухайгаа тайлбарласан. Би тухайн үед “Чамд дэлхийн хэмжээнд дуулах авьяас байгаа боловч яг одоо юу ч алга. Учир зүгээ олоогүй явна. Би дүн тавьж чадахгүй. Бусад багш нар дүн тавих байлгүй” гээд гаргасан. Хоёр өдрийн дараа Ариунбаатар над дээр ирээд “Багш аа та намайг шавиа болгооч. Би таны хэлсэн болгоныг биелүүлнэ ээ” гээд хүрээд ирдэг байгаа. Би зөвшөөрсөн л дөө. Гэхдээ би Ариукад “Төгссөн ч энэ сургуулиас явахгүй шүү. Хоёр жилийн магистрантурт орж, Чайковскийн уралдаанд бэлдэнэ. Өдөр бүр 15 цаг гэхэд энд ирж бэлтгэлээ хийх ёстой гэсэн болзол тавихад “Тэгье” гэсэн. Ингэж л бид хоёр багш, шавь болсон. Тэгээд их сонин, шалгалт өгөх үед нь ийм сайхан хүүхэд яагаад хаягдчихав даа. Хурдан багштай болоод хичээл номоо хийгээсэй. Над дээр хүрээд ирдэггүй юм байх даа гэж бодож билээ. 

-Шавь тань 2011 онд М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуулаачдын XXIV уралдааны тэргүүн байрыг аваад ирэхэд та гэмтэлтэй байсан ч өндөр өсгийт өмсөөд, гоёж очсон гэдэг. Энэ удаад таны шавь МУ-ын тэргүүн дээд “Чингис хаан” одонгоор энгэрээ мялаалгалаа. Тэр агшинд танд юу бодогдож байв?

-Миний заасан эрдмийг ус, агаар мэт өөртөө шингээж, хамтрагчдын минь хүсэл мөрөөдлийг биелүүлж, сургууль болон улсынхаа нэр хүндийг мандуулж байгаа нь үнэхээр гайхамшигтай. Ариука маань шагнуулаад зогсож байхад нүдэнд баярын нулимс мэлтэлзээд их сайхан байлаа. Монгол Улсын төр засаг хүүгийн минь хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон төрийн өндөрлөгүүд дуурийн урлагийг хүндэтгэн, шагнал гардууллаа шүү дээ. Ерөнхийлөгч маань дуурийн урлагийн талаар маш сайхан ярьсан. Үүний дунд миний нэрийг онцгойлон хэлж, баяр хүргэсэнд хязгааргүй баярлаж сууна. Амьд явсны минь хэрэг бүтлээ. Энэ хүү хөдөөгийн сайхан малчны хүүхэд. Монгол хүний ухаан, хүч тэнхээ, оюуны соёл, уламжлал тэр дундаа цөөхөн жил хөгжиж байгаа Монголын дуурийн урлагийг дэлхийн тайзнаа тамгалах мэтээр гялалзан гарч ирсэнд багшийн хувьд, энэ урлагт бүх амьдралаа зориулсан хүний хувьд баярласандаа хэлэх ч үг олдохгүй байна. Би энэ хүүхдийг өөрийнхөө мах цусны тасархай мэт хайрлаж, хүндэлдэг юм. Яагаад гэхээр миний хатуу чанга ажиллаж байсан гарын аяыг дааж, миний мэддэг чаддаг зүйлсийг тууштай сурч, олон жил ажилласан хөдөлмөрийн минь үр шимийг надад харуулсан. Глинкийн нэрэмжит олон улсын наадамд тэргүүн байр эзлээд ирэхэд нь өндөр өсгийт өмссөн минь түүхтэй юм шүү дээ.

-Энэ түүхээ бидэнтэй хуваалцахгүй юу?

-Глинкийн уралдаанд оролцохоор болж, Ариукаг Фигарогийн арийн нотыг хоёр сар бэлдээд надад шалгуул гээд өгсөн. Тэгээд нэг өдөр над дээр ирээд, шалгуулав аа. Сонсоод л дотор жигтэйхэн болоод эхэлсэн. Өөрийн мэдэлгүй босоод, нулимс асгарчихсан. Тэгэхэд л би, насны эцэст хүсэл минь биелэх нь гэж бодоод санаа амарч билээ. Одоо ерөөсөө л өвдөж, зовохгүйхэн шиг байж байгаад уралдаандаа амжилттай оролцохын төлөө зүтгэнэ гэж шийдсэн. Ариунбаатар Москва руу 11 дүгээр сарын сүүлчээр явж, 12 дугаар сард шалгаруулалтдаа орох байсан юм. Гэтэл би 7 дугаар сарын сүүлчээр халтираад нуруугаа гэмтээж, эмнэлэгт хэвтэх шаардлагатай болсон. Би хэвтээд өгвөл уралдаанд бэлдэх бидний ажил талаар өнгөрөх байсан учраас эмнэлэгт ч хэвтээгүй. Би таягаа тулаад л боссон. Бид хоёр манайд өдөр шөнөгүй бэлдсэн дээ. Тэгээд Ариукаг явахад миний бие ч тааруу байсан. Ариукадаа “Ямар ч байсан миний хүү Фигарогийн аригаар “цаас” авна. Амжилттай оролцоод ирвэл багш нь энэ хоёр суга таягаа хаяад, өсгийтэй гутал өмсөөд онгоцны буудал дээр тосно шүү” гэж амласан юм. Тэгсэн Ариука “Хүү нь “цаас” авахгүй ээ, түрүүлнэ” гэж хэлээд явж билээ.  

Энэ уралдаан чинь маш хатуу. Бага зэргийн алдахад л хонх цохиод тайзнаас буулгадаг. Би хүүгээ явсны дараа нойр хүрдэггүй ээ. 7 өдөр унтаж чадаагүй. Дуулах ари нь бараг 9 минут болохоор энэ хугацаанд сандраад алдчихвал энэ хүүхэд дахиж дуурь дуулахаа болих вий дээ гэж үнэхээр их айсан. Тэгээд л долоон бурхандаа сүүгээ өргөөд, байнга залбирч байсан даа. Анх удаа уралдаанд орохоор явсан нь тэр. Уралдаан эхлээд 4 өдрийн дараа Ариука залгаад өөдөөс марзаганаад салахгүй юм. Цаадах чинь их алиа хошин зантай хүүхэд, заримдаа согтуу хүн болж над руу залгахыг яана. Би гол зүйлээ сонсох гэж яараад байдаг.  Тэгтэл “Хүү нь байлдан дагуулалт хийчихлээ. Намайг дуулж дуусмагц үзэгчид, шүүгчид бүгд баяр хүргэж, сэтгэгдэл өндөр байлаа. Ерөнхий шүүгч өөрийн биеэр ирж надад баяр хүргэсэн. Гэхдээ миний дараа 100 гаруй хүн байна. Тэдэн дундаас мундаг хүмүүс зөндөө гарна. Та тайван байгаарай” гэж ярьсан. Би тэгээд л ямар ч байсан “цаас” авч ирэх нь гэж бодоод амласандаа хүрэхийн тулд таягаа хаяж, гэртээ туфли өмсөж бага багаар алхаж 10 гаруй хоног бэлдсэн юм. Хүү минь 89-т гарч дуулсан. Азын сайхан тоо ч сугалсан. Тэгээд Ариунбаатарыгаа тосохоор болж, сургуулиас нисэх рүү явахдаа таягаа үлдээгээ туфли өмсөхөд АЖ Дашпэлжээ багш “Та таягаа аваач ээ” гэхээр нь “Ариунбаатар минь түрүүлээд ирж байна шүү дээ. Би яаж таягтай явах юм. Таягаа авахгүй” гэж хэлээд амалсандаа хүрч, хүүгээ тоссон доо.


Нялх амьтан байж сүрхий сүжигтэй, шүншигтэй, хийморьлог байгаа нь их сайхан.

-Та Ариунбаатарыг Глинкийн нэрэмжит уралдаанд бэлдэхдээ олон жил хадгалсан нотоо өгч бэлдүүлсэн гэсэн. Энэ ямар нот байсан юм бэ? 

-Энэ уралдаан бол Ариунбаатарыг өнөөдрийн амжилтанд хүрэх суурь болж, өөрийгөө нээх боломж олгохын зэрэгцээ түүнд урам зориг хайрласан юм. Глинкийн нэрэмжит уралдаанд тэргүүн байр авахдаа дуулсан Италийн хөгжмийн зохиолч Россиний “Фигарогийн хурим” дуурийн Фигарогийн ариг /Каватина Фигаро/ Ариунбаатар их хичээж бэлдсэн дээ. Ний нуугүй хэлэхэд, тэр үед Ариука маань ари, романс дуулж байгаагүй, симфони оркестртэй ч дуулж үзээгүй байсан юм шүү дээ. 

Миний багш Гончигсумлаа гуай намайг багш болоход “За, чи олон сайхан дуучин төрүүлээрэй. Би Баянхонгор аймгийн хүн. Баянхонгороос агуу дуучин гаргана шүү” гээд уут дүүрэн нот бэлэглэж байсан. Тэр үед би 30 нас ч хүрээгүй, багш болох бэлтгэлгүй, нот цуглуулж чадаагүй байсан болохоор жигтэйхэн их баярлаж билээ. Энэ нот дунд Фигарогийн ари байсан юм. Энэ арийн нотыг би 30 жил хадгалсан. Багшлаад 10, 20, 30 жил болоход энэ ариг дуулчихмаар хүн нэг л гарч ирэхгүй байсан. Дэлхийн түүхэнд Фигарогийн ариг гайхалтай дуулсан хуруу дарам цөөхөн хүн бий. Гэтэл энэ ариг Ариунбаатар дуулсны дараа Оросын судлаачид “Энэ залуу дэлхийд ганцаараа Фигарогийн ариг дууллаа” гэж бичсэн байна билээ. Үүнийг уншаад суухад надад үгээр илэрхийлэхийн аргагүй баяр баясал, хүч тэнхээ өгсөн дөө. Хүү минь Фигарогоо бэлдэж байхдаа хөдөө очиж, мандах нарнаар дуулсан нь санаанаас ер гардаггүй юм. 

-Сонирхолтой юм. Хаана очиж дуулсан юм бэ?

-Тухайн үед Ариунбаатар Цагдаагийн “Сүлд” чуулгад ажилладаг байсан шүү дээ. Би “Сүлд” чуулгын удирдлагуудтай уулзаж, Гаваасүрэн хурандаатай ч ярьсан. “Энэ хүүхэдтэй би өдөр бүр 15 цагаас хойш сургууль дээр бэлтгэл хийнэ. Хөдөө, гадаа ийш тийшээ тоглолтоор явуулахгүй шүү” гэж учраа хэлсэн. Тэд ч бүх боломжоор хангаж өгсөн, хөөрхий. Нэг өдөр шавь маань “Багш аа, би гурван хоногийн чөлөө авъя. “Их газрын чулуу” руу дарга нарын жолоочоор яваад ирье” гэхээр нь хоолойгоо гамнаарай гээд зөвшөөрлөө. Тэгсэн сүүлд сонсох нь ээ тэнд очиж, ургахын улаан нарнаар Фигарогийн аригаа дуулахаар явсан байгаа юм даа. Мандах нарнаар цагдаа хувцастай залуу дэлхийн алдарт дуурь дуулахыг сонссон жуулчид их гайхсан гэсэн. Тийм мундаг ариг говьд, байгалийн тайзан дээр дуулж, хүмүүсийг баярлуулсан юм билээ. Хүний зорилго гэдэг ийм л агуу байгаа юм. Ийм зорилго маш ховор. Тийм учраас энэ хүүгийн хүслийн нар мандаж яваа юм болов уу гэж би боддог. Нялх амьтан байж сүрхий сүжигтэй, шүншигтэй, хийморьлог байгаа нь их сайхан. Ер нь залуу хүмүүс өөрсдийгөө ингэж цэцэглүүлж, өөртөө урам зориг өгч байх хэрэгтэй шүү.

-Та Гончигсумлаа багшийнхаа захиасыг биелүүлж чадсан уу. Баянхонгор аймгаас мундаг дуурийн дуучин төрөв үү?

-Би багшийнхаа мөрөөдлийг биелүүлсэн гэж боддог. Надад өгсөн нотны хэргийг ч гаргалаа. Баянхонгорын маш чадалтай дуурийн дуучин байна шүү дээ. Миний шавь “Ану хатан” киноны гол дүр Отгонжаргал гайхалтай сайхан дуучин. Одоо Итали, Францаар явж, хэлний мэдлэгээ сайжруулж байгаа. Удахгүй ирнэ. 

-Шавь бүр нь өөр өөрийн онцлогтой байдаг байх. Ариунбаатарын бусдаас ялгардаг онцлог юу вэ?

-Надад мундаг шавь олон бий. Багш нь 100 гаруй шавьтай. Жишээлбэл, 22 дуурийн гол дүрд дуулсан Оюунчулуун, МУГЖ Н.Амаржаргал, МУГЖ Ж.Алтанцэцэг, Гантулга, “Айда” дуурийн гол дүр Түмэндэмбэрэл, Гомбо-Очир, Батсайхан, Чулуунбаатар, Мөнхтөр, Отгонжаргал маань байна. Миний бас нэг бахархалт шавь Ж.Болормаа маань Вашингтон хотын Урлагийн сургуульд дуурийн дуулаачийн ангид багшилж байгаа. 2009 онд шилдэг уран бүтээлчийн шагнал авсан. Тэндэхийн бага ангийн хүүхдүүдэд хөгжмийн хичээл заах төсөл нь хоёр жилийн өмнө шалгарч, хэрэгжээд эхэлчихсэн. Одоо төслийн дагуу олон улсын хүүхдийн дуу заадаг юм билээ. “Чигчий чинээ биш ээ” дууг заадаг гэсэн шүү дээ. Заримынх нь нэрийг дурдаагүй бол багшийгаа уучлаарай. Шавь нар маань бүгд өөр өөрийн онцлогтой. Ариунбаатар маань зохиолын дуучин болно гэдэг байсан. Гэтэл энэ хүүхдийн авхаалж самбаа, дуулахдаа илэрхийлдэг сэтгэл хөдлөл, сонсгол, цэвэрхэн хэллэг, хүч чадал болон өөртөө итгэлтэй байдал их онцгой. Яг дуурийн дуулаачид байх ёстой чадвар юм. Өвөрмөц мэдрэмжтэй хүү.

-Багшийн зүгээс харахад түүнд сул тал байдаг л байх даа?

-Харахад сайхан ханагар залуу ч цаанаа бол жаахан хүүхэд шиг шүү дээ. Нөгөө мундаг 23 насандаа МУГЖ болчихсон хүн чинь сургууль дээрээ оюутнуудтай ноцолдоод л явна. Дуулж мөнгөтэй болохоороо нэг их хуушуур, бууз, ундаа энэ тэр авч ирээд хавийн амьтан цуглуулаад өгнө. Би болохоор дуурийн дуучин, МУГЖ, Глинкийн нэрэмжит наадмын тэргүүн байрыг авчихсан болохоор нь эрхэмсэг, намбатай байлгах гэж үзнэ ээ. Гэхдээ энэ бол сайхан чанар. Тэр нь ч өөрт нь зохидог. Бас аливаа хийж байгаа зүйлдээ биеэ ч хайрлалгүй бүх зүрх, сэтгэлээ зориулдаг юм. Мэргэжлийн үүднээс бол ингэх нь буруу. Яг үнэндээ би энэ хүүхдээс сул чанар олж хардаггүй. Дээр хэлсэн миний сул гээд байгаа чанарууд бол бусдад таалагддаг л юм. Шавь минь хаа ч байсан надтай үргэлж утсаар ярьж, баярласан сэтгэлээ байнга илэрхийлдэг. Миний зүрх муу болохоор Ариука санаа нь зовж явдаг юм уу,  “Шавь нар нь нийлж байгаад багшийгаа алтан зүрхтэй болгоно” л гэдэг юм. 
  
-Ариунбаатар сонгодог урлагийн олимп гэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит XV уралдаанд өнгөрсөн онд оролцож, Гран при шагналын эзэн болсон. Энэ уралдаанд оролцож, байр эзлэх нь багш, шавь хоёрын цорын ганц зорилго байсан шүү дээ. Ариунбаатарыг Гран при авна гэж бодож байсан уу?

-Гран при авна гэж бодоогүй л дээ. Тэгж худлаа ярихгүй. Ямартай ч бэлдсэн хүний хувьд тэргүүн байр авна гэдэгт итгэлтэй байсан. Анх сургууль төгсөхөд нь л бид хоёр Чайковскийд байр эзэлнэ гэсэн зорилго тавьсан юм чинь. Хүүгээ явахад нь “Амараа ах нь яваад II байр эзэлсэн. Миний хүү Монголынхоо энэ байрыг алдаж болохгүй шүү” гээд 10000 төгрөг өгсөн. Тэгсэн Ариука “Багшаа юун II байр вэ. I байр авах гээд явж байхад даа” гэж билээ. Би шавиа уралдаанд явах бүрт нь 10 мянган төгрөг өгдөг юм. Гүррагчаа гуайг сансарт нисэхээр явахад нь ээж Ичинхорлоо нь үнсээд 10 төгрөг өгч байсан юм гэнэ лээ. Түүн шиг Ариунбаатарыгаа дуурийн сансарт нисэх гэж байгаа юм чинь гээд л 10 мянган төгрөг өгдөг уламжлалтай. 

Хагартлаа баярлана гэдэг их сайхан юм билээ. Одоо эргээд төсөөлөх гэхээр тэр үед юу мэдэрснээ ойлгодоггүй


-Энэ уралдаанд олон жилийн дараа дуурийн дуучин Гран при шагнал авсан гэсэн. Өмнө нь ямар дуучин Гран приг авсан бэ?

-П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанд 20 жилийн өмнө Оросын дуурийн дуулаач Ольга Бородина гэж эмэгтэй гран при шагналыг авсан байдаг. Гэтэл 20 жилийн дараа буюу 2015 онд МУГЖ, маш залуу дуучин Ганбаатарын Ариунбаатар гэж миний хайртай, алтан шавь маань түрүүлсэнд би бүр хязгааргүй баярлаж сууна даа.

Сүүлчийн шатанд Ариунбаатар маань Орос, Хятад, Солонгосын маш чадварлаг дуурийн дуулаачтай өрсөлдсөн. Хамгийн сүүлд дуулахаар гарч ирэхэд шавийн минь өнгө, үзэсгэлэн, хөл гар, жавхаа хийморь, инээмсэглэж байгаа төрх нь ямар тэнгэрлэг байв аа, бурхан минь. Тэгээд “Трубадур” дуурийн Ди Луна ариг дуулахад монгол хүн ийм байдаг юм байна гэж бодоод л их сонин болсон. Миний дотор гэнэтхэн хатаад ч байгаа юм шиг, тэр үед би юу мэдэрснээ одоо төсөөлж бодоод ч ойлгодоггүй юм. Хагартлаа баярлана гэдэг их сайхан юм билээ.  

Өнөөдөр бид Монголын дуурийн дуулаачийн дэг, сургалт ямар байдгийг дэлхийд таниулж чадлаа. Монголын дуурийн урлаг бие даасан, мундаг сургалттай болсныг харуулсан. Ариунбаатарыг Глинкийн олон улсын наадамд дуулахад нь л хүмүүс “Энэ хаанахын ямар сургалтаар ингэж сурав, итали, оросын сургалт биш байна”  гэж гайхаж байсан юм билээ. Дараа нь би интернэтээс ч энэ талаар уншсан. Шавь минь ч гадаадад дуулаад явахад хаана, ямар сургалтаар сурсныг нь асуудаг гэсэн. Түүнээс гадна Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааныг зохион байгуулсан, дэлхийн сонгодог хөгжмийн удирдаач Валерий Гергиев Ариукаг маш сайн сургалттай хүүхэд байна гэж тоосон гэсэн. Нийт 14 орны шүүгч санал нэгтэйгээр гран при шагналыг олгосон юм билээ. Гэхдээ энэ бол зөвхөн бид хоёрын гавьяа биш. Энэ сургалтын төлөө зүтгэсэн олон сайхан багш, сурган хүмүүжүүлэгчдийн хөдөлмөрийн гавьяа. Глинки болон Чайковскийн нэрэмжит уралдааны хооронд Ариунбаатар маань М.Магомаевийн нэрэмжит уралдаан болон Буриадад зохиогддог “Байкал” уралдаанд оролцож, тэргүүн байр хүртсэн. Энэ бэлтгэл нь ч нөлөөлсөн байх.

-Зарим хүмүүс сайн дуучнаа гадаадын театр луу явуулсанд таатай ханддаггүй юм билээ. Ариунбаатар улсынхаа Дуурийн театрт ажиллаад, эх орондоо амьдрах боломж байгаагүй юу?

-Глинкийн нэрэмжит уралдааны дараа Ариунбаатар Дуурийн театрт орох боломжтой байсан. Дуурийн театр ч авах байсан байх. Гэхдээ бид хоёрт “Сүлд” чуулгадаа ажиллаж байгаад Чайковскийн уралдаанд орох ганц зорилго байсан л даа. Тэгж байтал “Сүлд” чуулга тараад, ажилгүй болсон. Энэ чуулгын ихэнх уран бүтээлч нь Филармонид орчихсон, тэндээс ч Ариукад санал тавьсан юм билээ. Тэгээд надтай зөвлөлдөөд филармонид ажиллахаар болсон юм. 

Чайковскийн уралдаанд явахаас нь өмнө бид ярилцаж байгаад 2014 оны өвөл Ариунбаатар, Батсайхан, Отгонжаргал нараа гол дүр болгож “Тоска” дуурийг тоглохоор болсон ч Ариука маань ажлаар Буриад руу явахаар болоод чадаагүй. Тухайн үед би Ариукаг Дуурийн театраас урих байх гэж битүүхэн бодсон л доо. Яагаад гэхээр би шавь нараа том дуурийн гол дүрд дуулуулж, чадварыг нь харуулж байж Дуурийн театрт гоцлол дуучин болгодог. Гэтэл Филармоныхон Буриадад тоглохоор болоод явахад Ариукаг маань тэндээс шууд урьсан юм билээ. Тэгээд тэдний талтай ярилцаж, уралдаанд орох тухайгаа хэлээд Дарима Линховоин багшид бүх нот хөгжмөө сонсгосон. Ноднин 4 дүгээр сард Буриадад “Тоска” дуурийн Скарпиад дуулсныхаа дараа Чайковскийн уралдаанд орж гран при авсан даа. Үүний дараа Мариинский театраас урьж, дуулуулахаар болсон. Нөхцөл байдал нь ингээд таарчихсан. Гэхдээ Ариунбаатарыг Глинкийн наадмаас ирсний дараа Дуурийн театраас урьж болох байсан. Хэрвээ урьсан бол тэнд ажиллах л байсан. Үнэндээ бид тухайн үед өөрсдөө очоод санал тавих боломж байсан ч Чайковскийн уралдаанаа бодоод хөөцөлдөөгүй юм. Хүмүүс Дуурийн театрыг урьж дуулуулахгүй яав гэж янз бүрийн юм ярьдаг. Би Дуурийнхаа театрыг хэзээ ч буруутгахгүй. 

-Танаас нэг зүйлийг асуухгүй байж чадахгүй нь. Та 70 нас хүрч яваа гэхэд үнэхээр толиотой, сайхан харагдаж байна. Ямар нэгэн нууц жор байна уу?

-Нууц жор байхгүй ээ. Миний хүүхдүүд намайг сайхан асарч, сэтгэл санааг минь амгалан тайван байлгаж байна. Гадаад, дотоодод байгаа шавь нар минь үргэлж надад санаа тавьж, эрүүл мэндэд сайн гэсэн витамин, эм тариа хүртэл явуулах юм. Хүүхдүүдийнхээ буянаар л багш нь өдий зэрэгтэй сайхан амьдарч байна даа. Дээрээс нь урлагийн хүн бол байнга биеэ зөв авч явж, сайн тордох ёстой. Энүүхэнд дэлгүүр гарахдаа ч нүүрээ будаж, үсээ янзлаад л гарна. Урлагийн хүн түмний нүдэнд нунж дорой, муухай харагдах учиргүй.

-Таны цаашдын ажил хөдөлмөрт өндрөөс өндөр амжилт хүсье. Урт насалж удаан жаргаарай. Ариунбаатарын жимээр дараагийн олон сайхан чадварлаг дуурийн дуулаачид төрнө гэдэгт итгэлтэй байна. 

-Та бүхэнд баярлалаа.

 

 

 


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Оюундэлгэр 2021.02.07 172.69.252.151

Багшид нь АРДЫН БАГШ цолыг даруйхан өгөхийг төр засгийн сонорт хүргэе.Шаь нар нь дэмжээрэй.

0 Хариулах