Хайх зүйлээ бичнэ үү

15 мин

Тэр сүүлчийн Далай лам уу?

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нд New York Times энэ асуултыг асууж байв.


Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нд New York Times-д нийтлэгдсэн "Тэр сүүлчийн Далай лам уу?" нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.

Зургаадугаар сарын нэгэн бороотой ням гарагт Гластобуригийн наадмаар 100.000 гаруй хүмүүс “Төрсөн өдрийн” тоглолт үзэхээр дайран орцгоов. Тайзан дээр Данзанжамц буюу XIV Далай лам хажуудаа буй Патти Смитийн гараас атгаад төрсөн өдрийн том гэгчийн бялуун дээрх цор ганц лааг үлээнэ. Далай лам тайзнаас буун хувцас солих өрөөнд орж ирэхэд түүнийг хүлээн суусан төвд ламын хамтаар би яарангуй босоход тэрбээр “Суу, суу” хэмээлээ. Гластобуригийн наадмын үеэр авсан нүцгэн эрэгтэй, эмэгтэй үзэгчдийн хар цагаан зургийг Далай лам олж харав. Тэрбээр над руу хандан  “Суугаад, гэрэл зургийг таалан үзнэ үү” гэж хэлэв. Удалгүй тэр төвд ламтай түргэн, эрчимтэй аялга бүхий төвд хэлээр ярилцаж эхэллээ.

Өөрийгөө “жирийн нэгэн буддист лам” хэмээн тодорхойлох түүний 80 жилийн амьдралын замнал  шашин, энтертайнмент болон геополитикийн хачирхалтай уялдаа бүхий төрхтэйгээр идэвхтэй өрнөсөн. Есөн настай Далай лам АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Делано Рузвельтээс “Patek Phillipe” брэндийн бугуйн цаг бэлгэнд авч буйг, Рассел Брэндийн ширүүн сахлаас зулгаан дэггүйтэж буйг, Цагаан ордонд АНУ-ын Ерөнхийлөгч, хүү Жорж Буштай чин сэтгэлээсээ инээж буйг, эсвэл “Apple” компанийн “Өөрөөр сэтгэцгээе” сурталчилгаа зэргийг хуучны гэрэл зургаас олж харах боломжтой. Далай ламын “Өөрөөр сэтгэцгээе” сурталчилгаа нь түүнийг Берлиний хана нурахаас есдүгээр сарын 11-ний террорист халдлага хүртэлх хугацааны глобалчлалын эхэн үеийн нүүр царай болж байсны тод илрэл юм.

ЭРЭЛЧ

Далай ламыг нас барсны дараа Хятад дахь 6.0 сая төвд түмний хувь заяа хэрхэх нь тодорхойгүй байна. Хэдийгээр Хятадын Коммунист Нам шашнаас ангид албан ёсны байр суурь баримталдаг боловч Далай ламыг нас барсны дараа дараагийн Далай ламын дүрийг тодруулахад анхаарал хандуулах нь ойлгомжтой. Хятадын Коммунист Намын үзэл суртал, заавар чиглэлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг Төвдийн дараагийн удирдлага Хятадын эрх мэдлийг Төвдийн нутаг дэвсгэрт бэхжүүлэхийн төлөө ажиллах болно. Харин нөгөө талд Төвдөөс дайжсан хүчирхэг 150.000 хүнтэй Төвдийн нэгдэл бий. Уг нэгдлийг ерөнхийд нь Далай лам нэгтгэн зангидах боловч дотоод задрал нь улам нэмэгдэж байна.

Төвдийн яруу найрагч, идэвхтэн Дэнзэн Зундуй Далай ламын баримталж буй тактиктай санал нийлэхгүйн дээр түүний идэвхгүй байдал нь Төвдийн ард түмний дунд хоосон орон зайг үүсгэнэ гэж үзсэн. Харин Далай ламын дүү болох Дэнзэн Чойгэл “ Түүнийг насан эцэслэхэд бидний тэмцэл бүрмөсөн дуусах болно” гэж тодотгон хэлсэн юм.

ТӨВД

Төвдийн тусгаарлагдмал болон өрөвдөлтэй нөхцөл байдлын үүссэн шалтгаан нь түүхийн хувьд авч үзвэл өргөн ойлголт юм. 1951 оны эцсээр хуучны Европын орнуудын колони байсан Ази, Африкийн улс орнууд өөрсдийн үндэстэн улсыг байгуулж эхлэх үеэр Хятадын ардын чөлөөлөх арми Төвдийг эзлэн авсан. Удалгүй Төвд дэх Далай ламын өргөө болох Потала ордонд Мао Зэдуны үлэмж том хөрөг заларсан.

XIII Далай лам Төвдийн өндөрлөгийн тэн хагасыг хамарсан (Францын газар нутгийг хоёр дахин нийлүүлсэнтэй тэнцэхүйц) захиргаадалтын болон татварын тогтолцоо бүхий улс төрийн эрх мэдэлтэй байсан. Гэвч Хятадын коммунистууд Төвдийг эх газрын Хятадын бүрэлдэхүүн хэсэг байсан урт хугацааны уламжлалтай хэмээн үзэж байв. Бодит байдал дээр Төвд болон Хятадын эзэнт гүрний хооронд нарийн төвөгтэй, өөрчлөмтгий харилцаа олон зууны турш оршсоор ирсэн юм. 1950-аад оны эхээр идэр залуу XIV Далай ламын Төвдийн тусгаар тогтнолыг зарлах оролдлого нь бүтэлгүйтсэн билээ. Тухайн үед тусгаар тогтнолоо тунхаглах зорилгоор бусад орны дэмжлэгийг мөн авч чадаагүй. Их Британийн дэглэмээс салаад удаагүй байсан Төвдийн Ази дахь хамгийн том хөрш орон болох Энэтхэг Хятадтай найрсаг харилцааг хөгжүүлэхийг зорьж, АНУ Солонгосын хойгийн дайны асуудалд бүх анхаарлаа хандуулж байсан үе. Далай лам Хятадад дагаар орох шийдвэрийг гаргаж, Төвд Хятадын нэг хэсэг болов. Хариуд нь Төвд автономит буюу өөртөө засаглах эрхтэй үлдэж, Далай лам хязгаарлагдмал эрх бүхий Төвдийн ард түмний удирдагчаар үлдсэн юм. Тэрбээр  1954 онд Хятадад айлчлан Мао Зэдунтай уулзахад хятадуудын тодорхойлсноор нийгмийн шударга ёс, тэгш эрхийн үзлийг хүчээр тулгасан байна. Хятадын “феодалын боолчлол”-ийг үндсээр нь устгах хөтөлбөр Төвдийн ард түмний зэвүүцлийг хүргэсний улмаас 1956 онд Төвдийн зүүн хэсэгт зэвсэгт мөргөлдөөн дэгдсэн юм. Тухайн үед АНУ-ын Тагнуулын төв  газар Төвдийг Коммунист Хятадын эсрэг нөөц төлөвлөгөө болгон ашиглах боломжтой гэж үзсэн. Далай ламын хоёр дахь ах болох Гяало Тондуп Төвдийн тэмцэгчдийг АНУ-ын Колорадо муж болон бусад газруудад сургахад оролцсон. Гэвч тэдгээр эрх чөлөөний төлөө тэмцэгч дайчдыг бараг бүгдийг нь баривчлан хөнөөсөн юм. Гяало Тондуп энэ явдалд одоог хүртэл АНУ-ыг Хятадтай “асуудлыг дэвэргэсэн” гэж буруутгасаар байдаг. 1959 онд Хятадын зүгээс Төвдийн ард түмнийг хэрцгийгээр хөнөөх явдал эрчимжсэн нь Лхаст Хятадын эсрэг тэмцлийг өрнүүлэхэд хүргэсэн ч мөн бүтэлгүйтэж, үр дүнд нь Далай лам Төвдөөс зугтахаас өөр аргагүйд хүрсэн. Далай лам Хималайн уулсын аюултай замыг туулан Энэтхэгт очиж дүрвэгсдийн засгийн газрыг байгуулав. Хэдийгээр Далай ламын очсон Энэтхэг нутаг буддизмын өлгий нутаг гэдэг утгаар түүнийг таатай хүлээн авсан хэдий ч Энэтхэгийн удирдагчид асуудалд хянуур хандаж байлаа. Тухайлбал, Энэтхэгийн Ерөнхий сайд Жавахарлал Неру Хятадын удирдагчидтай найрамдалт харилцааг бий болгохыг зорьж байсан учраас Далай ламын Төвдийн тусгаар тогтнолыг сэргээх төлөвлөгөө мөрөөдөл болон үлдсэн юм. АНУ-ын хувьд мөн адил 1970-аад оны эхээр Ерөнхийлөгч Ричард Никсон болон түүний зөвлөх Хенри Киссенжэр нар Хятадтай харилцаа тогтоож эхэлж байсан тул АНУ-ын тагнуулын төв газар Төвдийн дүрвэгсдийн засгийн газарт үзүүлэх дэмжлэгээ зогсоосон билээ. Хожим Тяньанмэний талбайн хядлагын дараа Барууны дэмжлэг эрчимжсэн боловч удаан үргэлжилсэнгүй.

Төвдийн эх нутагт олон зүйлс эрс өөрчлөгдсөн. Хятадын түрэмгийллээс өмнө Далай ламын удирдаж байсан нутгийг Төвдийн автономит нутаг болгосон. Үүнээс гадна 6.0 сая төвд иргэн Хятадын бусад мужуудад амьдарч байна. Хятадын удирдлага Төвдийн нийгмийг өөрчлөх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. 1995 онд Хятад нэгэн хүүг өөрсдөө сонгон дараагийн Банчин лам хэмээн өргөмжилсөн. Мөн түүнчлэн Төвдийн шашны удирдагчдыг өөрсдийн тааллаар сонгох тогтолцоог бий болгосон.

Хятадын засгийн газрын хөрөнгө оруулалт, мөнгөн тэтгэмжийн дэмжлэгтэйгээр Төвдийн дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл Хятадын үзүүлэлтээс илүү байгаа хэмээн Хятадын удирдлагууд үзэж байгаа юм. Тухайлбал, Хятадын засгийн газраас Төвдөд зам, гүүр, сургууль барьж, цахилгаантай болгох ажлыг хийж гүйцэтгэсэн. Сүүлийн жилүүдэд Төвдийн өндөрлөгийг Хятадын зүүн эрэгтэй төмөр замаар холбосон. Гэвч энэхүү төсөл нь олон сөрөг үр дагаврыг араасаа дагуулсан билээ. Индус, Брахмапутра, Мекон, Салви мөрөн, голууд болон Хөх, Шар тэнгист цутгадаг Төвдийн өндөрлөгийн мөсөн гол дэлхийн дулаарлын улмаас хайлж, олон сая иргэдийн амьдралд аюултай нөхцөл байдлыг үүсгээд байна. Төвдийн Лхас хотод өдгөө Хятадын караоке бар, массажны газар, мөрийтэй тоглоом зэрэг газар олноор үйл ажиллагаа явуулж байгаа. Төвдийн эдийн засгийн өсөлт бодит байдал дээр нүүдэлчин төвд иргэдийг бэлчээрээс нь холдуулж, Хан үндэстэн хятад цагаачдын шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлж, хот суурин газар, хөдөө нутгийн ялгаатай тэгш бус байдлыг бий болгоод байна.

ГЭР

Далай лам Дарамсалагийн захын дүүрэгт, уулын оройд байрлах харуул хамгаалалт сайтай өргөөнд амьдардаг. Түүний унтаж амарч, бясалгал хийдэг хоёр давхар байшинд ихэнх тохиолдолд нэвтрэхийг зөвшөөрдөггүй. Тэндээс Далай лам өмнөд хэсэгт орших Канграгийн хөндий болон хойд хэсгийн Хималайн оргилын гайхалтай харагдах орчныг таашаан аждагийг таамаглаж болохуйц хялбар байх болов уу. Угтан авах энгийн тохижилттой хэсэгт Далай лам зочдыг хүлээн авч уулздаг бөгөөд хамгаалалтын хэсгээр нэвтрэх шаардлагатай болдог. Энэтхэгийн засгийн газар Далай ламын өргөөнд гаднын болон дотоодын террорист халдлага болохоос сэргийлэн, дээд зэргийн харуул хамгаалалтаар хангадаг. Далай лам туслахууд болон орчуулагчдын хамтаар гарч ирэх хүртэл хэсэг хугацаанд хүлээх шаардлагатай болдог.

Миний бие Далай ламтай 1985 онд буюу Нобелийн энх тайвны шагналыг хүртэхээс нь 4 жилийн өмнө Хойд Энэтхэгийн Бодигаяа хотод анх уулзаж байлаа. Тухайн үед тэр цугласан цөөн хүмүүст хандан гайхалтай эрч хүчтэйгээр тэмдэглэл харалгүй өдөржин ярьж, буддизмын ер бусын сургаалыг Буддагийн гэгээрсэн гэх газар айлдаж байсан юм. Далай ламтай анх уулзсанаас 30 жилийн дараа дахин уулзах боломж надад 2014 оны 05-р сард тохиосон. Түүний ухаан санаа саруул хэвээр, бусдын яриаг анхааралтай сонсон, сандал дээрээ өнгийн сууж ярьж байв. Түүнээс Төвдийн буддист лам нарын амиа золиосолж буй үйлдлийн талаар асуухад тэрбээр гунигтай царайлан “Цөхрөнгөө барж буй явдал” гэж хариулсан юм. Тэр “Амиа золиосолж буй лам нарын үйлдэл нь Хятадыг үзэн ядахтай хамааралгүй ба тэд өөрсдийн амийг золихдоо өрөөл бусдын амийг хөнөөж чадах боловч лам нар хүчирхийлэлд уриалан дууддаггүй. Миний сэтгэлийг хамгийн ихээр зовоож буй асуудал бол Төвдийн соёлыг хэрхэн хадгалж үлдэх вэ гэсэн асуудал болоод байна” хэмээн ярив. Далай лам үргэлжлүүлэн “Би шинэчлэлтийн эсрэг байр суурь баримтлаагүй. Төвд-Хятадыг холбосон төмөр замын жишээг авч үзье. Энэ төмөр зам Төвдийн ард түмэнд олон талаар ашигтай байж болно. Гагцхүү Хятадын засгийн газар ямар зорилгод хүрэхийн тулд төмөр зам барив гэдэг нь чухал асуудал болоод байна. Магадгүй энэтхэгчүүдийн зүрхэнд шар ус хуруулахын тулд ч юм бил үү” гэж хэлээд инээв.

ХОЁР НАС

Дээрхийн гэгээн XIV Далай лам Төвдийн зүүн хойд хэсгийн Амдо мужид Ламо Дондовын тариачин гэр бүлд мэндэлжээ. 1937 онд буюу XIII Далай лам насан эцэслэсний дараа түүний хойд дүрийг тодруулах үүрэг бүхий лам нар Данзанжамцыг хоёр настай байхад нь Далай ламаар тодруулсан. Шавар чулуун байшингаас Потала ордонд заларсан тэрбээр Хятадын чөлөөлөх арми Төвд рүү халдан довтлоход улс төрийн эрх мэдлээ хараахан гартаа оруулж амжаагүй байлаа. 1950-60-аад оны үед коммунистууд Буддын сүм, хийдийг сүйтгэн, хэдэн зуун мянган төвдийн амийг хөнөөж байсан гэсэн тооцоо бий. Тэдний харгис хэрцгий үйлдэл одоогийн Исламын хэт даврагсадтай зүйрлэж болохоор үр дагаврыг авчирч байжээ. Далай ламын “Би бусадтай л адил жирийн хүн” гэсэн утга бүхий яриа олон нийтэд зориулсан айлдваруудад нь олон давтагддаг. “Төвдийн ард түмэн намайг  нэгэн төрлийн гайхамшигт хүч чадалтай гэж үздэг ч энэ нь утгагүй зүйл юм. Хэрэв би амьд бурхан юм бол яагаад өөрийн өвдгийг эмчилчихэж чадахгүй байгаа юм бэ” гэж надтай ярилцах үеэрээ хэлсэн удаатай. 2015 оны 12-р сард Ром хотод болсон Нобелийн шагналтнуудын уулзалтын үеэр тэрбээр өөрт буй байгалиас заяагаагүй чадварын талаар ярьсан юм. Ром хотын захирагч Далай ламаас “Цагийн зөрүүнээс үүдэлтэй өөрчлөлтийг та мэдэрч байна уу” гэж асуухад тэрбээр “Би өөрийн оюун бодлыг сайтар амрааж сурсан. Дэлхийн олон орноор зорчиход цагийн зөрүүний асуудал үүсдэггүй” гэж хэлэв. Учир нь тэр оройн 19 цагт унтаж, шөнийн 03 цагт бясалгал хийхээр сэрдэг байна.

Далай лам өөртэй нь ярилцаж буй хүмүүстэй дотно байдал бий болгох чадварыг сайтар эзэмшжээ. Ингэхдээ ихэвчлэн ярилцаж буй хүмүүсээ гайхашруулж, егөөддөг. Өнгөрсөн намар Принстоны их сургуульд шашнаас ангид ёс зүйн талаар Далай лам лекц уншсан. Оюутнууд болон ажилтнуудыг оролцуулан 4000 гаруй хүн цуглаад байв. Тэрбээр яриан дундуураа хошигнож байсан ба түүнийг яриаг сонсохоор ирсэн хүмүүс түүний бодлогошронгуй болон хөгжилтэй ярианы огцом шилжилтэд төдийлэн дасахгүй байлаа. Нэгэн оюутан “Аз жаргалын үндэс нь юу вэ” гэсэн асуулт асуув. Далай лам хариуд нь “Мөнгө! Секс!”  гэж хариулаад инээв. Дараа нь “Хедж сангийн талаар та ямар бодолтой байдаг вэ” гэж асуув. Далай лам “Би мэдэхгүй байна” гэсэн гурван үгээр хариулт өгөв. Тэрбээр цааш үргэлжлүүлэн “ Би энэ асуултад хариулахын тулд юуны өмнө хедж санд нэг жил ажиллах болно “ гэж хэлсний дараа эгзгийг нь тааруулан “Өндөр цалинтайгаар шүү” хэмээн нэмж хэлэв.

 

ДАЛАЙ ЛАМ БА ХЯТАД

Далай лам эрсдэл гарган Хятадын талтай харилцан ойлголцоход бэлэн буй боловч Хятадын тал зөвшилцөх сонирхол багатай байдаг. Учир нь Төвдийн нутаг зэс, цайр, төмрийн хүдэр зэрэг байгалийн баялаг ихтэй төдийгүй Хятадын цөмийн пуужингийн хэд хэдэн бааз Төвдөд байрладаг тул Хятадын хувьд эрх мэдлээр дутмаг шашны удирдагчтай харилцан тохиролцоход дэндүү ач холбогдол өндөртэй газар нутаг юм. Төвдөөс дүрвэн гарсан шашны цөөнх Энэтхэг иргэншилтэй болохоос татгалзан хэдэн хэсэг болон хуваагдаж, Европ болон Хойд Америкт шилжин суурьшсан. Төвдөөс дүрвэн гарсан иргэдийн зарим хэсэг нь Далай ламыг Төвдийн тусгаар тогтнолын төлөө биш, Хятадын автономит хэсэг болгосон шийдвэрийг удаан хугацаанд шүүмжилсээр ирсэн. Далай ламыг хаа явсан газар нь бөмбөр нүдсэн эсэргүүцэгчид дагаж явдаг. Тэд “Хуурамч Далай лам, худал ярихаа зогсоо” гэж орилон эсэргүүцлээ илэрхийлдэг. Эдгээр тэмцэгчид нь Олон улсын Шүгдэн нийгэмлэгт харьяалагддаг бөгөөд Далай ламыг “Дорж шүгдэн” сахиус тахин шүтэхийг болиулсан хэмээн буруутгадаг.

Далай лам болон Хятадын засгийн газар хоорондын албан ёсны яриа хэлэлцээрт 2001 онд ахиц гарсан хэдий ч 2010 он хүртэл тодорхой өөрчлөлт орсонгүй. Албан бус байдлаар ихэвчлэн Далай ламын зүгээс яриа хэлэлцээр өрнүүлж байгаагийн хамгийн том илрэл нь Хятад дахь Вутай ууланд мөргөлийн аян хийх хүсэлтээ илэрхийлсэн явдал юм. Энэ нь Төвдийн ард түмний дунд Далай лам Төвдөд байнга оршин суух боломж үүсгэх эхлэл тавигдаж байна гэсэн найдварыг төрүүлж байна. Далай ламын дүү хэлэхдээ “Бид эх нутагтаа заавал буцаж очих ёстой. Тийм учраас би түүнд эрүүл байх ёстойг нь сануулдаг” гэж хэлсэн юм. Харин Хятадын тал Далай ламыг Төвдөд буцаан ирүүлэхээс илүүтэйгээр Дарамсалад насан эцэслэхийг нь хүлээж байна.

Арван жилийн өмнө миний бие “Нью Йорк таймс” сэтгүүлд хэвлүүлэх нийтлэлийн судалгааны ажлаар Дарамсалад очоод байсан юм. Далай ламын удирдлага дор байх хүсэлгүй, Төвдийн тусгаар тогтнолын төлөө ухуулан сурталчлах ажил хийдэг 35.000 гишүүнтэй “Төвдийн залуучуудын нэгдэл” байгууллагын төлөөлөлтэй уулзаж ярилцсан. Залуучуудын тус нэгдлийн алдартай идэвхтэн нь яруу найрагч Дэнзэн Зундуй байлаа. Тэр Хятадын Ерөнхий сайдыг Энэтхэгт айлчлах үеэр жагсаал зохион байгуулсны улмаас Энэтхэгийн нутаг дэвсгэрээр зорчих эрхээ хасуулжээ. Тэрбээр  “Яагаад хэн нэгэн өөрсдийн хүч тамирыг тусгаар тогнолын төлөө үр ашиггүй зарцуулах ёстой гэж?” гэж хэлсэн ба түүний үзэж буйгаар Төвдийн тусгаар тогтнолыг тунхаглана гэдэг боломжгүй зүйл болсон аж.

2015 оны хоёрдугаар сард Швейцарийн Базел хотод Далай ламын олон нийтэд зориулсан чөлөөт ярилцлага зохион байгуулагдсан. Олон мянган хүн цугласны дотор төвд иргэд ирсэн байснаас гадна дийлэнх хэсгийг европчууд эзэлж байлаа. Тайзан дээр Далай лам болон  костюман дээр төвд хадаг зүүсэн нь хачирхалтай харагдах Базел хотын дарга зэрэгцэн суусан байв. Далай лам яриагаа эхлүүлэхэд миний хувьд урьд өмнө нь сонсож байсан санаанууд давтагдаж байв. Тэр “Шинэ зуунд энх тайвны төлөө тэмцэх нь залуу үеэс ихээхэн хамааралтай. Хэрвээ залуу үе үүнд эргэлзэж байвал энх тайван байдлын талаар “мартах хэрэгтэй”. Миний үе бол XX зуун байсан. Бидний цаг үе дуусгавар болсон. Баяртай гэж хэлэх цаг нь болжээ” гэв.

Нийтлэлийн эхэнд дурдсан үйл явдлыг үргэлжлүүлэн хүүрнэхэд Далай лам өөрт нь зориулсан төрсөн өдрийн бялууг зүсэхийг хүлээх зуураа Патти Смит болон түүний хөгжимчдийн тоглолтыг сонирхож байлаа. Патти Смит дууныхаа төгсгөлд “Манай үеийн хамгийн гайхалтай зэвсэг” хэмээн гитараа дээш өргөөд хэмхэлж орхисон талаар маргааш нь би мэдээнээс уншсан юм. Намайг энэ мэдээг уншиж байх зуур Далай лам Лондон руу явж байсан бол гурав хоногийн дараа өөр нэгэн найз болох Жорж Буштай төрсөн өдрөө тэмдэглэж байлаа. Далай лам “Хэдийгээр Жорж Бушийн бодлогод миний сэтгэл зовнидог ч би түүнд хайртай” гэж хэлсэн юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
12 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
12 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
47
44
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.