Хайх зүйлээ бичнэ үү

Энэ удаа түүнтэй шаазан урлаачийнх нь хувиар уулзаж ярилцлаа.

Хадаа ахтай хэзээ, хэрхэн танилцсанаа тодорхой санадаггүй юм. Сүлжмэлийн үйлдвэрийн дөрөвдүгээр давхарт байсан хуучин урланд нь түүний гэргий Дариа эгч бид гурав элдвийг хүүрнэлдсээр харуй бүрий болсныг хэзээ хойно анзаардаг байж билээ. Түүний урлангаас хачин содон зүйл үнэртдэгсэн. Цонхны тавцангаар өрөөтэй олон төрлийн цэцгийн анхилуун сайхан нь гуаш, будаг, баримлын шаврын эхүүн гэмээр үнэртэй холилдсон тийм жигтэй үнэр л дээ. Энэ удаа түүнтэй шаазан урлаачийнх нь хувиар уулзаж ярилцлаа. 

“Шүхэрч Буниа” -гаар дипломоо онцсайн дүнтэй хамгаалсан


-Тав, зургаан жилийн өмнө Таны урлангаар ороход нэг хэмжээтэй бурхад жирийтэл өрөөтэй байдагсан. Сонин юм, тэгэхэд нэг ч шаазан бүтээл байгаагүй. Тэр үед та шаазангаар бүтээл хийдэггүй байсан юм уу? 

-Хийлгүй яах вэ, чи л мэдээгүй байхгүй юу. Жилдээ цөөхөн тооны шаазан бүтээл хийж, ихэвчлэн эх зохиодог байсан үе. Миний хуучин урланд ихэвчлэн бурхан байсан л даа. Ах нь Дүрслэх урлагийн дунд сургуулийг 1993 онд төгссөнөөсөө хойш шаазан урлалаа орхиогүй. Түүнээс хойш хийсэн жижиг сажиг бүтээл зөндөө бий. Зарим нь ч үрэгдээд алга болсон.

-Та хэзээнээс шаазан урлал сонирхож, хийхээр зорьсон бэ. Хэн нэгэн нөлөөлсөн л байх?

-Би дөнгөж 15 настайдаа Дүрслэх урлагийн дунд сургуульд орсон л доо. Манай багш Гочоогийн Сэрээтэр гэж Чехословакийн Урлагийн дээд сургуулийг керамикч, багшаар төгссөн мундаг хүн байлаа. Г.Сэрээтэр багш маань хоёр жилийн өмнө өөд болсон доо, хөөрхий. Өөрийн гэсэн арга барилтай, хатуу дэг жаягтай багш. Тэр үед манай анги нийт 15 хүүхэдтэй байсан. Багш бидэнд жил гаруйн хугацаанд ерөнхий онол, дадлага заасныхаа дараа цаашид хөгжих боломжтой чиглэлүүдийг хүн тус бүрт зааж өгсөн юм. Ажиглаад л байсан юм билээ. Багш надад “Чи шаазангийн чиглэлээр ажиллавал ирээдүйтэй юм байна. Энэ чиглэлээр эх зохион бүтээгч болбол яг тохирно” гээд тэр чиглэлээр сургаж, судалгаа хийлгүүлдэг байлаа. Ингээд 4 жил сурч, дипломоо шаазан урлалаар хамгаалсан. “Шүхэрч Буниа” сэдэвтэй бүтээл маань онцсайн дүн авч байлаа.  Намайг сургуулиа төгссөн 1993 онд нийгэм эмх замбараагүй, үйлдвэрүүд хүнд байсан учраас шаазангийн үйлдвэр ажилд авахгүй байсан юм. Тэгээд л бие дааж, уран бүтээлээ хийхээр шийдсэн. Шаазан урлалын зэрэгцээ металл цутгуур, керамикийн баримал, уран зураг гээд бүх төрлөөр ажилласан даа. Нэг хэсэг эдийн засаг хямарч шаазангийн түүхий эд олдохгүй, хүмүүс ч сонирхохоо больсон ч би шаазан урлалаа орхиогүй. Сүүлийн 5-6 жил бүр эрчимтэй хийж, энэ урлалыг олон улсын хэмжээнд таниулж, хөгжүүлэх хүсэл өвөрлөөд явж байна. 

-Одоо тэр “Шүхэрч Буниа” хаана байдаг вэ?

-”Шүхэрч Буниа” маань сургуулийн фондонд хадгалагдсан ч алга болчихсон юм. Аз болж нэг хүн айлд байгааг нь мэдээд надад хэлж, гурван жилийн өмнө буцааж олсон доо. Өөрийнхөө бүтээлийг 250 мянган төгрөгөөр худалдаж авсан гээд л бод.  

-Та “Монгол шаазангийн гайхамшиг” үзэсгэлэнгээ ирэх даваа гарагт нээхээр болсон. Энэ удаа Таны үзэсгэлэнгийн онцлог юу байх бол?

-Миний шаазан урлалын хоёр дахь үзэсгэлэн. Өмнөх үзэсгэлэнгээрээ Өндөр гэгээн Занабазарын хийцийг шаазангаар хэрхэн урлахыг ард түмэндээ харуулсан. Энэ удаа Монголын урлаг, ёс заншил, өдөр тутмын ахуй, соёлыг харуулсан шаазан бүтээлүүдээ үзэсгэлэндээ дэлгэнэ. Тэр дундаа бүжиг, дуу, хөгжимтэй холбоотой бүтээл зонхилно. Жишээлбэл, ардын бүжигчид, дуучид болон хөгжимчдийг дүрсэлсэн цуврал бүтээл нэлээд байгаа. Мөн “Монгол хатан”, “Саальчин бүсгүй” зэрэг нийт 40 орчим шаазан бүтээлээ танилцуулна.

-Эдгээр бүтээлээ хэр удаан хугацаанд урласан бэ. Ер нь нэг бүтээл урлахад хэр их хугацаа шаардагддаг вэ?

-Өмнө гаргасан үзэсгэлэнгээс хойш хийсэн шаазан бүтээлүүд л дээ. Ерөнхийдөө 10 сарын хугацаанд урласан юм байна. Сардаа нэг юм уу, сайндаа л хоёр шаазангийн эх зохиодог. Нэг бүтээлийг хийхэд хэд хэдэн удаагийн шаталтанд оруулж байж бэлэн болгодог юм. Жишээлбэл,  будаг тавиагүй шаазанг хоёр удаа шатаана. Эхлээд 5 цаг шатаагаад хонуулж, хөргөснийхөө дараа пааландаад дахиж 12 цаг шатаадаг. Түүний дараа өнгөөр будаж, 3 цаг шатаагаад, хамгийн сүүлд алтдаад дахин шатаана. Ер нь хамгийн багадаа 4 удаа шатаадаг. Шатаахаас өмнө зургаа гаргана, эх зохионо, хэв авна гээд маш олон дамжлагатай учраас хэдий хэр хугацаа шаардлагатай нь ойлгомжтой. Удаан шатаадаг болохоор зуух маш их цахилгаан иднэ. Тиймээс Германаас бага цахилгаан иддэг, гэрийн нөхцөлд ашиглах боломжтой зуух авчирсан.

-Таны шаазангуудаас хамгийн их онгод, ур, хөдөлмөр, хугацаа шаардсан нь ямар бүтээл вэ? 

-Дипломын ажлын бүтээлээ хамгийн удаан урласан. Бүтэн жилийн турш хийгээд л, нураагаад л, эвдээд л, дахиж бүр эхнээс нь хийгээд л. “Шүхэрч Буниа”-гаа хийж байхдаа асар их туршлага хуримтлуулж, их зүйлийг биеэрээ мэдэрсэн дээ. Зохиолоо уншиж, сэтгэлдээ дүрийг нь буулгах, түүнийгээ зурах, загвараа гаргах, хэвээ авах, шавраа шатаах гээд л бүхнийг яг өөрөө гардаж хийхэд их зүйл сурдаг юм билээ.

Намайг ойлгож, дэмждэг ханьтайдаа баярлаж явдаг

-Хүмүүс таны үзэсгэлэнг үзээд юуг ойлгоосой гэж хүсдэг вэ?

-Монголчууд шаазан урлаж чаддаг байсан боловч одоо чадахаа больсон, устчихлаа гэж ярьдаг хүмүүс байдаг. Харин би үзэсгэлэнгээрээ бид одоо ч шаазангаа урладаг, чаддаг, энэ чиглэлийн мэргэжилтэн байгаа гэдгийг л харуулахыг хүсдэг юм. Шаазан урлалын анхны үзэсгэлэн гарахад хүмүүс их баяртай хүлээж авсан. Урам ч их авсан даа.

-Таны эхнэр Б.Дарьсүрэн уран бүтээлч хүн шүү дээ. Та хоёр нийлж бүтээл хийсэн үү?

-Дариа маань хааяа загвар гаргана. Ганцаараа дийлэхгүй зүйлдээ эхнэрээсээ тусламж авдаг. Бид хоёулаа уран бүтээлч болохоор намайг сайн ойлгодог л доо. Хэрвээ ингэж ойлгож, тусладаггүй байсан бол юун 40, 50 бүтээл хийх манатай. Хэдхэн ширхэгийг ч хийж чадахгүй шүү дээ. Намайг ойлгож, дэмждэг ханьтайдаа баярлаж явдаг.  

-Таны үзэсгэлэнг Оросын хэвлэлд онцолсон гэж сонссон юм байна.

-Аан тийм. Оросын asia.ru сайтынхан ирж сонирхсон. Монголд шаазан урлал дахин сэргэлээ гэж тэд мэдээлсэн байна лээ. Эх загвар гаргаж, бүтээл хийнэ гэдэг Монголд шаазан урлал сэргэж, хөгжиж байгааг баталж байгаа юм л даа. Хэчнээн сайхан техник технологи байлаа гээд эх загваргүй бол хэцүү. 

-Гадаадад үзэсгэлэнгээ гаргах бодол байдаг уу?

-Тийм бодол байгаа. Гэхдээ бас л цаг хугацаа шаардлагатай л даа. Аяндаа шаазан урлал хийдэг монгол хүн байдаг юм байна гэж танигдвал үзэсгэлэнгээ гаргана даа.

-Шавар, паалан зэрэг түүхий эд нь манай улсад хэр элбэг байдаг вэ?

-Хуучин шаазангийн үйлдвэр байхад шавар болон өнгө өнгийн паалан аль аль нь манайд байсан. 1990-ээд оны өмч хувьчлалаас болоод шаазангийн үйлдвэргүй болсон шүү дээ. Яг үнэнийг хэлэхэд 21 аймагт шаврын ордууд бий. Гагцхүү шавар олборлох, зөөж тээвэрлэх, боловсруулах зэрэг дэд бүтцийн асуудал шийдэгдээгүй. Бараг л уул уурхайн хэмжээний томоохон асуудал. Уран бүтээлчид хөдөөгүүр явж, шавраа судалж үзсэн. Зарим газраас шавар авчирч, боловсруулаад бүтээл хийдэг. Шавар чинь дотроо маш олон химийн найрлагатай. Хэрвээ зарим химийн элемент дутвал түүнийг нь гаднаас авчирч холих шаардлага гардаг юм. Хуучин шаврын үйлдвэр ч тийм л байсан. Тэр үед Украинаас авчирсан түүхий эдтэй хольдог байж билээ. Тэгж байж жинхэнэ шаазангийн шавар гаргадаг байлаа.

Одоо бол би Герман, Англиас тусгай бодис авч, шавартайгаа холиод гурил шиг маш нарийн наанги шороо буюу олон улсын хэллэгээр каолин шороо гаргаж уран баримлын чиглэлийн жинхэнэ гоё шаазан гаргадаг. Интернэтээр захиалчихад л сарын дараа ирчихдэг юм. Хамгийн гол нь тэндээс жинхэнэ уран бүтээлчдэд зориулсан маш нарийн бүтээл урлахад зориулсан сайн чанарын шавар болон бодис ирдэг л дээ. Монголоос бол ихэвчлэн Өмнөговь, Дорноговийн шавар хэрэглэдэг.   

-Манай улсад шаазан урлалын хөгжил хэзээнээс эхлэлтэй вэ?

-Монголд шаазангийн үйлдвэрлэл, шаазангийн урлаг үүссэн түүхээс сөхвөл 1973 онд шаазангийн үйлдвэртэй болсон үе юм уу даа. Гэхдээ тэр үед урлагийн чиглэлээр бус ахуйн чиглэлийн эдлэл, хэрэглэл, цөөхөн тооны бэлэг дурсгалын шаазан хийдэг байсан. Урлагийн бүтээл хийе гэсэн ч түүхий эд нь тохиромжгүй байсан үе. Хүмүүс Юань гүрний үеийн алдартай хөх шаазангийн үеэс эхтэй гэж ярьдаг ч үүнийг албан ёсны гэхэд хэцүү. Учир нь тэр шаазан нь Монголд биш Хятадад байсан байхгүй юу. 

-Хятад шаазан дэлхийд маш алдартай. Манайх шаазан урлалаа дэлхийд таниулах боломж бий юү. Үүний тулд бид юуг анхаарах ёстой вэ?

-Манайд түүхий эд, техник технологи нь ороод ирэхэд бүх төрлийн бүтээгдэхүүн хийх боломж байгаа. Жишээлбэл, Солонгосын “Хьюндэй” компани гадаадаас бүх түүхий эдээ авдаг ч дэлхийд машин үйлдвэрлэлээрээ эхний тавд орж, улсдаа асар их хэмжээний валют оруулж байна. Үүнтэй адил монголчууд гайхамшигтай шаазан бүтээл урлаж, дэлхийн зах зээлд гаргавал амжилт олох бололцоотой. Гэхдээ сав суулга, аяга таваг зэрэг өдөр тутмын эдлэл биш урлаг талаас нь бүтээл хийвэл амжилт олох байх. Шаазангийн үйлдвэрлэлтэй болсон ч ашиг олохгүй л болов уу. Яагаад гэвэл манайд хятад, солонгос, япон, орос, сүүлд бүр америк шаазан эдлэлүүд орж ирж байгаа. Тэгэхээр тэдэнтэй өрсөлдөнө гэж байхаар урлаг талаас нь хөгжүүлж, цөөн тооны шаазан бүтээл урласан нь дээр гэж боддог. Бид монгол хүний ертөнцийг үзэх гоо зүй, сэтгэлгээ, урлагийг шаазангаар хэрхэн илэрхийлж болохыг л харуулах хэрэгтэй. 

Цав цагаан шаазангаар цав цагаан сэтгэлтэй хүн бүтээл хийдэг гэж ойлгож болно

-Өнгөрсөн нэгдүгээр сард шаазан урлалын анхны үзэсгэлэнгээ гаргасны дараа Таны амьдралд ямар өөрчлөлтүүд гарсан бэ? 

-Олон хүн ирсэн. Шаазан урлалд сургаад өгөөч гэсэн. Би тэр бүрт заах боломж байхгүй шүү дээ. Материал, түүхий эд болон цаг хугацаа шаардлагатай. Тийм болохоор одоохондоо сургалт явуулах боломжгүй байна. Ойрын хугацаанд уран бүтээлээ хийнэ. Түүхий эдээ гадаадаас авдаг болохоор санасныхаа зоргоор хэрэглэж, хүмүүст заах бололцоо хомс байна. Би байтугай сургууль нь ч хүүхдүүдээ будаг шунх, түүхий эдээр хангаж чадахгүй байна шүү дээ. Ер нь амар эд биш байхгүй юу. Яваандаа хүмүүс монгол үндэснийхээ урлалыг сонирхоод, улсын маань эдийн засаг сайжирч, цаг хугацааны тохироо нь бүрдэхээр өөрийн чаддаг зүйлээ бусдад заах хүсэл байгаа.

Керамик урлалаар чадварлаг залуус бэлтгэгдэж л байна. Гагцхүү энэ чиглэлээр тууштай ажиллаж, шаазан урлалыг хөгжүүлэх хүсэл өвөрлөсөн хүн цөөхөн. Би бол сэтгэлээсээ л үүнийгээ хийдэг. Дуртай юм чинь. Төгссөнөөсөө хойш хийсээр байгаад энэ хэмжээнд хүрсэн. Одоо төгсөж байгаа хүүхдүүдэд энэ чиглэлээр явах хэцүү л дээ. Би яах вэ тухайн үед сайн багш, сайн мэргэжилтнүүдийн дунд байлаа, шаазангийн үйлдвэрт хагас жил ажиллаад үзчихсэн болохоор туршлага ч бий. 

-Манай их, дээд сургуулиудад шаазан урлаач бэлддэг анги байдаг уу? 

-Яг шаазан урлаачаар бэлддэггүй. Гэхдээ Дүрслэх урлагийн дунд сургуулийн залгамж халаа болсон  СУИС-ийн харьяа Дүрслэх, дизайн урлагийн сургуульд Керамик, ваар урлалын анги байдаг. Керамик гэдэг нь олон улсын нэршил. Энэ нь дотроо уран сайхны керамик, хэрэглээний керамик, шаазан урлал гээд задардаг. Үндсэн ойлголт, онол практикийг нь бүгдийг заана. Гэвч оюутнууд төгсөөд цаашаа энэ чиглэлээрээ ажиллах газар байхгүй. Жишээлбэл, Шаазангийн үйлдвэр, Төв аймгийн Керамикийн үйлдвэр, Толгойтын Тоосгоны завод, Урчуудын эвлэлийн дэргэдэх керамик урлалын төв гээд бүгд байхгүй болсон. Заримыг нь эргэж сэргээх тухай яригддаг ч гэсэн цаг хугацаа шаардлагатай байх. Нураасан зүйлийг эргэж босгоход ямар их цаг хугацаа ордог билээ дээ. Бие дааж шаазан урлал хийхэд ч хүндрэлтэй. 

-Урландаа суугаад л дан ганц уран бүтээлээ туурвихад эдийн засгийн хувьд бэрхшээлтэй л байх. Эдийн засгийн асуудлаа хэрхэн шийддэг вэ. Байнгын худалдан авагчтай юу?

-Хүмүүсийн захиалгаар эх загвар бүтээдэг л дээ. Ганц шаазан гэлтгүй металл цутгуур зэрэг төрөл бүрийн эх зохионо. Занабазар хийцийн арга барил эзэмшсэн хүн ховор. Энэ л миний санхүүгийн асуудлаа зохицуулдаг гол зүйл юм даа. Хажуугаар нь шаазан бүтээлээ урлана. Шаазан цуглуулдаг хүмүүс ч олширч байгаа болохоор миний бүтээлээс санаанд нь нийцвэл худалдаад л авдаг.

-Нууц биш бол Та нэг ширхэг шаазан бүтээлээ хэдээр үнэлдэг вэ?    

-Доод тал нь 300 мянга. Эх загвараасаа шалтгаалаад өөр. Яагаад гэвэл нэг бүтээл гаргахын тулд маш олон шат дамжлагатай л даа. Тэр бүгдийг гар аргаар хийнэ шүү дээ. Жишээлбэл, шаазангийн үйлдвэрт олон зураач байдаг. Нэг нь нүд зурж байхад, нөгөөх нь хөмсөг, уруул зурна гээд бүгд шат дамжлагатай. Зарим хүн ойлгохгүй л юм билээ. Айргийн хул урлаад, дээр нь гоё зураад маш их ажиллагаа орсон бүтээлээ сонирхсон хүмүүст хамгийн багаар үнэлээд 500 мянга гэхэд л “Наадах чинь их дэлгүүрт 70, 80 мянгатай л байдаг биз дээ” гэх жишээний. Зовлон их бий. Би урлагийн бүтээл хийж байгаа болохоос хэдэн мянгаар нь хэвлэн олшруулдаг үйлдвэрлэл явуулаагүй л байхгүй юу. Өнгөрсөн удаагийн үзэсгэлэнгийн үеэр хүмүүс шаазангийн үйлдвэрлэлтэй холбоотой асуулт залхтал асуусан. Сүүлдээ бүр өөрт минь хүртэл би гэдэг хүн урлагийн бүтээл хийсэн ч юм шиг, үйлдвэрлэл эрхэлчихсэн ч юм шиг сэтгэгдэл төртөл асуусан даа.

-Хэрвээ Танд гадаадаас ажиллах санал тавьбал яах вэ. Явах уу?

-Тийм урилга авсан шүү дээ. Ноднин Хятадаас Шаазангийн төв үйлдвэртээ эх зохиогчоор ажиллуулах санал тавьсан. Ая тухтай, гэр бүлээрээ ажиллаж, амьдрах нөхцлийг хангаж өгье л гэсэн. Гэхдээ энэ миний сонирхсон зүйл биш болохоор татгалзсан. Эндээ ажиллаад, монгол шаазан урлалаа олон улсад таниулах хэтийн зорилго надад бий.  

-Ер нь шаазан урлаач хүн нарийн чимхлүүр эдээр оролддог учраас ур чадвар шаардах нь мэдээж. Харин урлаач ямар зан чанартай байж гэмээнэ бүтээлээ төгс гүйцэтгэдэг вэ?  

-Шаазан урлаач бол маш гэгээлэг, тэвчээртэй, баяр баясгалантай, бүтээлдээ зүрх сэтгэлээ зориулсан тийм л хүн байх хэрэгтэй. Цав цагаан шаазангаар цав цагаан сэтгэлтэй хүн бүтээл хийдэг гэж ойлгож болно. Шаазан их сонин шүү дээ. Хагарч эвдрэх нь амархан, их эмзэг. Ийм зүйлээр бүтээл хийдэг хүний сэтгэл, ур чадвар ч нарийн чимхлүүр, нягт нямбай байдаг. 

-Бэлэн болсон бүтээлээ эцсийн мөчид харах тэр агшин Танд ямар мэдрэмж төрүүлдэг вэ?

-Шаазангаа хамгийн сүүлчийн дамжлагад оруулж шатаасны дараа зуухны тагийг нь онгойлгох тэр агшинд амьдралын минь бүх зүйл шийдэгдэж байгаа юм шиг сэтгэгдэл төрж, догдолдог. Хэдэн өдөр хараад л суумаар санагддаг. Хэрвээ тааламжгүй бол дахиад л хийдэг. Яагаад гэвэл миний гараас төгс бүтээл гарах ёстой. 

-Таны бүтээлүүд оюуны өмчийн эрхтэй юү. Эх загвараа хулгайд алдахаас эхлээд уран бүтээлчдэд  асуудал их тулгардаг шүү дээ.

-Бодсон зүйл их байна. Үзэсгэлэнгээ гаргасны дараа бүтээлүүдээ патентжуулах төлөвлөгөөтэй байгаа. Миний зарим бүтээлийг худалдаачид дамлаж зарсан тохиолдол байдаг л юм билээ.

-Уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Монголын шаазан урлалыг дэлхийд таниулах хэтийн зорилго нь биелэлээ олно гэдэгт итгэлтэй байна.

-Баярлалаа.

Түүний бүтээлээс танилцуулж байна

 


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.