Хайх зүйлээ бичнэ үү

ӨМӨЗО-ны Хөххотоос Монголд ирж суралцаж байгаа Д.Тэнгистэй ярилцлаа.

Аавынхаа зөвлөгөөг даган, өөрийн хүсэл зорилгод тэмүүлэн ӨМӨЗО-ны Хөххотоос Монголд ирж суралцаж байгаа Д.Тэнгистэй ярилцлаа. Түүний Монголд анх ирсэн тухай дурсамж болон хэтийн зорилго, хоёр орны хэл, соёлын ялгааны тухай сонирхолтой яриа өрнүүлснийг хүлээн авна уу. Тэрбээр “Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг 32-т шалгарч, гайхалтай үзүүлбэр үзүүлснийг уншигч та санаж байгаа байх.

-“Авьяаслаг монголчууд” шоуны хагас шигшээд шалгарч, гайхалтай үзүүлбэр үзүүлсэнд баяр хүргэе. Яагаад энэ шоунд орохоор болсон бэ. Хэн нэгэн ятгасан уу?

-“Авьяаслаг монголчууд” шоунд оролцсон минь морин хуураа залуучуудын сонсох дуртай хөгжмийн нэг болгох зорилготой байлаа. Тийм ч учраас би жазз, рок хөгжмийг морин хууртай хослуулсан. Харин тэр үзүүлбэр намайг хагас шигшээд оруулж чадсанд маш их баяртай байгаа. Хэдий би шоуг энэ шатнаас орхих болсон ч надад олдсон боломжуудад маш их талархаж байна.

-Хагас финалд үзүүлсэн үзүүлбэрээ 100 хувь хийж чадсан уу. Үзүүлбэртээ хэр сэтгэл хангалуун байсан бэ?

-Сандарсныг эс тооцвол гайгүй үзүүлсэн байхаа. Үнэндээ үзүүлбэрээ өөрийнхөө төлөвлөж бодсон шигээ үзүүлж чадаагүй. Мэргэжлийн хүмүүст бол яалт ч үгүй дутуу, дулимаг санагдах болов уу. Дууны сонголт дээр нэлээд удсан бас морин хуур маань тэмцээний өмнө хагарч, эвдрээд дуу нь шингэрээд сонин болчихсон. Уг нь миний хуур сүрлэг, өтгөн дуутай. Тэнцэж чадаагүйд минь нөлөөлсөн хамгийн том зүйл нь энэ байсан. Маш олон хүн тусалж, дэмжиж байхад тэнцэж чадаагүйдээ харамссан шүү.

-Тус шоуг Өвөрмонголд хэр мэддэг вэ. Тэндээс санал өгсөн үү. Санал өгөх боломж байдаг уу?

-Wechat-аас харахад бараг Өвөрмонголын бүх залуус мэдсэн байна лээ. Сүүлд хагас финалд үзүүлбэрээ үзүүлэхээс цагийн өмнө хөтлөгч Мандуул ахтай тааралдсан чинь “Өвөрмонголоос улсын сериал хийгээд санал явуулах боломж байж магадгүй туршаад үзээч” гэхээр нь бүх найзуудтайгаа холбогдоод хэлсэн. Тэгсэн цагийн дараа Wechat-аар Хөххот болон бусад газрын их сургуулиудын пэйжээр намайг дэмжээрэй гэсэн постоор дүүрсэн байсан. Хараад маш их баярласан. Гэхдээ эндхийн систем нь олон улсаас санал авдаггүй юм байна лээ. Тэндээс нэг ч санал авч чадаагүй гэсэн үг. Хэрвээ тэндээс санал авсан бол нэгээр гарч ирсэн байж магадгүй. Бодоод байхад санал аваагүй нь ч болсон. Яагаад гэхээр шударга бус болж мэднэ. Гэсэн ч намайг энд маш олон хүн дэмжиж, урмын үг хайрласан болохоор би баяртай байгаа.

-Чиний хоолойны өнгө зөөлөн, сонсоглонтой юм билээ. Хүмүүс Buble-гийн дүү ч гэж нэрлэсэн шүү дээ. Сургууль дээр нь дууны хичээл ордог уу. Дуулах чадвараа хэрхэн сайжруулж, бэлддэг вэ?

-Дуулах тал дээр би нэлээд түүхий. Жил гаруйн өмнөөс л бэлдэж байгаа. “Nature sound” сургалтын төвийн Мөнгөнсүх багш дээр хичээллэж, төгссөн. Одоо ч гэсэн багшаасаа зөвлөгөө авдаг.  

-Үзэгчийн зүгээс “Авьяаслаг монголчууд” шоуны финалд хэнийг түрүүлээсэй гэж хүсэж байгаа вэ?

-Дуучдыг л нэлээд дэмжиж байгаа. Тэр дундаа Энх-Эрдэнэ, Ихэрсувд нарыг дэмждэг. Тэдний дуундаа зориулж байгаа сэтгэл, хандлага мундаг шүү дээ. Ихэрсувдын талаар интернэтэд нэлээд шүүмжлэлтэй хандсан. Гэхдээ Ихэрсувдын дотоод ертөнц маш онцгой. Хэрвээ шоунд түрүүлбэл Монголд шинэ содон урсгал гаргах байх гэж боддог. Мөн финалд тэнцээгүй ч Анххүү, Dream big хамтлаг гайхамшигтай санагддаг. Гэхдээ биднийг гаднаас нь харахад өрсөлдөгч хэдий ч хамтдаа энэ бүх хугацаанд бэлдэж ирсэн учраас бүгдэд нь чин сэтгэлээсээ амжилт хүсмээр байна.
 
-Хүмүүс чамайг морин хуураа мундаг тоглож байна гэж байсан. Харахад нэг нот дараад байх шиг хэрнээ давхар өнгө сонсогдох шиг санагдсан. Мэргэжлийн үүднээс тайлбарлавал энэ ямар учиртай юм бэ?

-Би морин хуур тоглоод олон жил болж байна. Сайн хуурч болохын тулд хичээж байгаа. Хүн болгонд өөрийн гэсэн өнгө бий. Энэ талаар морин хуурчид бүгд мэднэ. Жишээлбэл, 10 морин хуурчийг нэг морин хуураар тоглуулахад түүнээс 10 өөр өнгө гардаг. Хүний мэдрэмж хөгжим дээр 100 хувь харагддаг. Шинжлэх ухаан талаас нь яаж батласныг нь мэдэхгүй юм. Хэн илүү хичээж давтана, түүний хөгжим тоглох техник сайн байна гэсэн үг. Харин хэдэн сар, жил давтлаа ч хөгжмөө дуугаргах хувь хүний өнгө хэзээ ч өөрчлөгддөггүй.

-ӨМӨЗО-нд бидний сайн мэдэх Чи.Булаг, Батбаяр гээд л алдартай морин хуурч байдаг шүү дээ. Тэнд хөгжмийн сургалт нь хэр байдаг вэ?

-Ардын жүжигчин, Төрийн шагналт Г.Жамъян багш бол Монголын шинэ цагийн морин хуур хөгжмийн үндэслэлийг тавьсан мундаг хүн.  Жамъян багшаар Чи.Булаг, Ц.Батчулуун, Ё.Батбаяр, Ч.Батсайхан гээд мундаг багш нар маань хичээл заалгаж, нутаг нутагтаа очоод морин хуурыг маш өндөр түвшинд хөгжүүлсэн. Сүүлийн үед Өвөрмонголд улсаас монгол соёл, урлагийг хөгжүүлэхэд их анхаарч байгаа болохоор морин хуурын сургалтын систем нь илүү нарийн болж, маш өндөр түвшинд хүрсэн.

-Айлын хэддэх хүүхэд вэ. Гэр бүлээ танилцуулна уу?

-Би айлын ганц хүүхэд. Аавыг маань Донров гэдэг. Зүүн Монголын Найман хошуу нутгийн хүн бий. Дунд сургуулийн математик, физикийн багш. Ээжийг минь Сэцэн гэдэг, Их тал нутгийн хүн. Ээж минь дуулж, хөөмийлдөг байсан. Одоо бол онгоцны компанид газрын хяналтын ажилтан.

-Монголд ирэх болсон түүхээсээ хуваалцахгүй юу. Анх хэдэн онд ирж байсан бэ?

-Би Хөххотын “Монгол” дунд сургуульд долдугаар ангиа төгсөөд, 2007 оны наймдугаар сард анх Монголд ирсэн. Тэр үед дөнгөж 14 настай байсан болохоор аавтайгаа цуг ирж байлаа. “Хөгжим бүжгийн коллеж”-д төгөлдөр хуурын ангид шалгалт өгч тэнцээд зургадугаар ангид орж байсан. Уг нь коллежид тэр тусмаа төгөлдөр хуурын ангид нэгдүгээр ангиасаа эхлэн сурах ёстой ч надад аз таараад дунд ангиас нь эхлээд орсон. Энд ирэхээсээ өмнө Монголд очоод энгийн арван жилийн сургуульд сурч, хувиараа төгөлдөр хуурын багштай болохоор төлөвлөж байсан ч тэнд хүмүүс “Монголд 70 жилийн түүхтэй “Хөгжим бүжгийн коллеж” гэж мундаг сургууль байдаг гэнэ. Тэр сургуулиас урлагийн мундаг хүмүүс гардаг гэж байна. Хэрвээ чи тэр сургуульд сурч чадвал ирээдүйд чинь хэрэгтэй” гэж хэлэхээр нь юу ч гэсэн очиж шалгуулъя гэж бодсон. Тухайн үед мэргэжлийн чиглэлийн шалгалтаас гадна ерөнхий эрдмийн бүх хичээлээр шалгалт өгөөд үзтэл тэнцчихсэн. Гэхдээ төгөлдөр хуурын ангидаа нэг жил сураад, морин хуурын анги руу шилжсэн.

-Яагаад ангиа солихоор болов?

-Хамт сурч байсан хүүхдүүд төгөлдөр хуураа маш сайн тоглож байсан. Надаас дүү хүүхдүүд Итали, Франц гэх мэт олон улсын тэмцээнд яваад тэргүүн байр эзлээд л ирнэ. Би тэдэнтэй өөрийгөө харьцуулахад доогуур санагдсан. Давтаж, хичээллэхдээ ч гүйцэхгүй байсан. Яахав толоод байвал эн тэнцэж чадах ч цаашдаа гадаадын төгөлдөр хуурчдаас илүү гарч чадах үгүйдээ эргэлзсэн. “Алтан ураг” хамтлаг анх гарч ирсэн үе л дээ. Тэгэхэд морин хуурыг би арай өөр түвшинд харж, сонирхож эхэлсэн. Тэгээд ч үндэсний хөгжмөө мэргэжлийн түвшинд зааж байгаад ч баярласан юм. Тэгээд л ангиа сольсон. Аав, ээж ч зөвшөөрсөн. Тэд маань миний гаргасан шийдвэрт хэзээ ч эргэлзэлгүйгээр, намайг үргэлж дэмждэг. Хэдийгээр хүүхэд нь ч гэсэн миний үзэл бодлыг хүндэлж, том хүн шиг хандаж байсанд нь баярладаг.  

-Улаанбаатарт яагаад сурахаар болсон бэ. Ямар нэгэн зүйл нөлөөлсөн байх?

-Би багадаа олон төгөлдөр хуурын багштай байсан ч Оюунтуяа багш минь мундаг хүн байсан. Халх хүн л дээ. Тэр үед багшийн заадаг ая, сонсдог хөгжим нь бусдаас өөр, онцгой санагддаг байлаа. Тэгэхэд л Монголд очиж сурах хүсэл төрсөн. Би тэнд байхдаа монгол дуучид, хамтлагийн хуурцаг цуглуулж, их сонсдог байсан. Тухайн үед Хурд, Харанга хамтлагийн хуурцагнаас гадна хип хоп дуунууд жинхэнэ моодонд орж байсан юм. Хэрвээ Монгол руу явбал энэ хүмүүстэй тааралдаж, дууг нь сонсох нь дээ гэж л боддог байлаа. Хөгжимд сонирхолтойг минь аав анзаарсан юм шиг байна билээ. Монголд хөгжмийн чиглэлээр сургах саналыг аав анх тавьж, гэр бүлээрээ хэлэлцэж байгаад наашаа ирэхээр болсон. Ямар ч төсөөлөлгүй хүүхэд вагонд суугаад, аавыгаа дагаад энд ирж байлаа.

-Тухайн үед чамаас өөр хүүхэд ирж байсан уу?

-Оюутан ах, эгч нар л байсан. Миний үеийн хүүхдүүд огт байгаагүй. Тийм болохоор багш нар маань ч элгэмсэг хүлээж авсан.

-Ээж хүн хүүхдүүддээ үргэлж санаа тавьж, ганц шалбарахаас нь хүртэл эмээдэг улс. Тэр тусмаа насанд ч хүрээгүй ганц хүүгээ хол газар явуулахад ээжид нь хэцүү л байсан байх даа?

-Би хүүхэд байсан болохоор хөөрүү сэтгэлээр л хандаж байж. Гэтэл хамаатан садан ч байхгүй газарт, аав ээжээсээ хол явж сурна гэдэг хэнд ч хэцүү. Сургуулийн төлбөр ч эндхийн жирийн хүүхдүүдийнхээс хэд дахин өндөр. Асуудлууд байсан л даа. Ээж маань эхэндээ санаа нь зовоод явуулах дургүй байсан. Гэхдээ хүүгийнхээ ирээдүйг бодоод явуулахаар шийдсэн байх. Ээж хамт ирэх боломжгүй байсан учраас “Миний хүү хүмүүстэй эвтэй байгаарай. Хоолоо битгий голоорой. Биеэ сайн бодоорой” гээд л ээж хүн бүрийн захидагийг хэлж, сануулаад явуулсан. Аавын хувьд нэлээд хатуу байр суурьтай байсан. Надад “Хэрвээ чи урлагийн хүн болмоор байвал Монголд л оч. Тэнд жинхэнэ урлаг байгаа” гэсэн. Тэгж хэлсэн үгэнд нь би одоо болтол баярладаг. Тэр үгнээс нь болж л энд ирсэн.

Анх Замын-Үүд дээр ирээд л монгол хоолонд дассан. Бүр дурласан

-Ирээд хоол, ундандаа хэрхэн дассан бэ. Хэцүү байсан уу?

-Тэр их гоё оо. Анх Замын-Үүд дээр ирээд л монгол хоолонд дассан. Бүр дурласан. Анх удаа гуляш идэхэд амттай байсан болохоор бүтэн порцоор хоёр удаа идсэн гээд боддоо. Тэгээд вагонд хүмүүс махаар дайлахаар нь идчихээд хажууд нь байсан мөстэй ус уугаад биеэ хямраагаад, энд ходоодоо өвтгөж ирсэн. Монгол бүх хоолонд дуртай. Би ногоо иддэггүй. Биенд сайн болохоор сүүлийн үед идэх гэж хичээж байгаа. Манай гэрийн хоол ч монгол хоолтой төстэй, ихэвчлэн махан хоол хийдэг.

-Багадаа өвөө, эмээ дээрээ хэр их очдог байсан бэ?

-Манай аавын ээж аав буюу өвөө, эмээ хоёр маань Найман хошуунд Адуу ус гэдэг газар амьдардаг хүмүүс байлаа. Өвөөг Асхан, эмээг Хавасцэцэг гэдэг. Аав маань эхээс наймуулаа.Дээрээ хоёр эгчтэй айлын том хүү болохоор нутгаасаа гарч, олон газраар явсан болохоор өвөө эмээтэйгээ удаан байж чадаагүй.Харин ээж эхээсээ дөрвүүл. Хоёр ах, нэг эгчтэй айлын бага охин. Хэрвээ өвөө, эмээ минь илүү урт насалсан бол би удам судрынхаа тухай илүү их түүх мэдэх байж дээ гэж харамсдаг.Өвөө маань 73, эмээ 80 нас хүрээд намайг энд ирснээс хойш өөд болсон.

-Тэнгис ер нь хэдэн үеийн удмаа мэддэг вэ. Удамд нь ээжээс нь өөр урлагийн хүн байдаг уу?

-Бараг дээшээ зургаан үеийн удмаа мэднэ. Манай өвөөгийн аав дөрвөн чихтэй монгол хуур тоглодог хүн байсан юм билээ. Хошуу вангийн хажууд хөгжмөө тоглодог байж. Тухайн үедээ манай удмынх ногоон жинстэй байсан. Ногоон жинстэй удам төр засгийн асуудалд оролцдоггүй ч эрх мэдэл, хүндэтгэлтэй хүмүүсийн тоонд ордог. Олон зарц дагуултай айл байсан гэдэг. Малаа хүртэл ширхэгээр нь биш хотгороор /уул, даваа гүвээний дундах хэсэг/ тоолдог байж. Тэгээд хувьсгалаас хойш бүх ноёд, жанжингуудын эд хөрөнгийг хурааж, бүх хүн эрх тэгш байх ёстой гэсэн үүднээс хэргэм зэргийг нь хураасан юм билээ. Тэгээд элэнц өвөө хувьсгалын үед зарц, дагуулууддаа малаа хувааж өгөөд, тал тал тийшээ тарцгаасан юм билээ. Түүнээс хойш ургийн бичигтээ хэн зарц, ноён байсныгаа нуусан гэдэг.

Манай удам Мухлайгийн хойчис болох шарнууд овгийнх. Ээж маань боржгон овгийн хавт хасарын удмын хүн. Ээжийн маань удамд Сэнхэ-рэнчин буюу Хорчин Чин Хан Ван гээд алдартай баатар байсан юм билээ. Эрт үеэс л шарнууд овгийнхон боржгон овгоос эхнэр авах давуу эрхтэй байсан. Учир нь ээжийн тал боржгоны гол угсаатан болохоор улаан жинстэй байсан. Энэ нь хамгийн дээд хүндэтгэлтэй удам гэсэн үг. Эрт дээр үед шарнууд овгийнхон боржгон овгийн хааныг дайснаас аварч байсан болохоор манай удамд ногоон жинс өгч, боржгон овгоос бэр буулгах эрх өгсөн түүхтэй. Ногоон жинс нь одоо хүртэл аавын нутагт хадгалагдсан байдаг. Тийм болохоор манай үе үеийн удмын эрчүүд дандаа боржгон овгоос эхнэр авсан байдаг.

-Тэгэхээр чи ч гэсэн боржгон удмаас эхнэр авах ёстой гэсэн үг үү. Хайр сэтгэлийг хорих боломжгүй шүү дээ. Өөр удмын эсвэл харь орны бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болбол яах вэ?

-Одоо 21 дүгээр зуун. Хүн төрөлхтөн цаг үеэ дагадаг шүү дээ. Миний эхнэр заавал боржгон удмын хүн байх ёстой гэсэн зүйл байхгүй. Ямар ч хүн байж болно. Хамгийн гол нь бие биенийгээ ойлгоод, сэтгэлтэй болбол улс үндэстний хязгаар тогтоохгүй. Аав, ээж минь ч надтай адил бодолтой байдаг.

-Чи халх аялгаар сайн ярих юм. Яаж ингэж ярьж сурсан бэ. Энд анх ирээд аялганаасаа болоод “онигоонд” орох, шоолуулах тохиолдол байсан уу?

-Онигоонд орох үе байсан. Гэхдээ одоо яг тэр, энэ гээд хэлэхээр тодорхой санахгүй байна. Өвөрмонголчууд бараг 30-40-өөд аялгаар ярьдаг. Манай нутгийн аялга увсынхантай төстэй. Гэхдээ аав, ээж хоёр өөр нутгийнх, би бас өөр газар төрсөн болохоор надад тогтсон аялга гэж байхгүй. Энд тэнд очихоороо нийлмэл аялгатай ярьдаг. Тийм болохоор энд ирэхэд миний аялга нэг их зөрж байгаагүй. Найзууд маань ч мэддэг. Аялга тал дээр асуудалгүй. Харин бид нар монгол бичгийнхээ дагуу ярьдаг болохоор орос нэр үг хэлж, ярихад л онигоонд ордог байсан. Оюутны байранд нэг нэгнээсээ гуйх, асуух зүйл их гарна. Анх скоч, шархны лентийг юу гэж хэлдэгийг нь мэдэхгүй байж байгаад хүн асуухаар нь өгөөгүй юм. Тэгсэн надад байсныг нь мэдчихээд нөгөө асуусан хүүхэд гомдоод бөөн юм болж л байсан.

-Өвөрмонголчууд зайрмагийг “мөсөн мөлжүүр”, бялууг “насан баярын боов”, хөхөвчийг “мөрнөөс дэмжигч” гэж нэрлэдэг гэсэн ойлголт энд байдаг. Тэнд яг ингэж нэрлэдэг юм уу?

-Энэ тал дээр хүмүүс буруу ойлголттой байдаг. Өвөрмонголчууд тэгж ярьдаггүй. Манай хошин шогийнхон соёлын ялгааг гаргах гэж л сэдсэн зүйл байх. Сүүлийн жилүүдэд хошин урлагийнхан энэ тал дээр уучлалт гуйсан байна лээ.

-Анх энд ирэхэд хүүхдүүд дээрэлхэх, сүрдүүлэх үе байсан уу?

-Надтай адилхан хөдөө, гадаанаас олон хүүхэд ирж сурч байсан учраас дээрэлхэх, өдөх үе байсан. Намайг хятад хүн гэж ойлгох хандлага ч байсан л даа. Тэгэх нь ч аргагүй, орон нутгаас, олон газраас хүүхдүүд цугласан болохоор соёл, боловсролын хувьд ч адилгүй байсан биз. Гэхдээ тэр нь надад нэг их сүртэй дарамт болоод хэцүүдсэн зүйл байгаагүй. Би ач холбогдол өгдөггүй байсан. Зодоон, цохион хийх нь хамгийн болхи, бүдүүлэг арга гэж боддог. Ангидаа бол бие биенийгээ өдөх, хоргоох асуудал байгаагүй. Яагаад гэхээр манайх коллектив сайтай анги.

-Сургуульд сурахаар анх энд ирэхэд ар, өвөрмонгол хүүхдүүд хэр ялгаатай санагдсан бэ?

-Тэнд манай гэр бүлийнхэн олон газар амьдарч байсан. Тэгэхэд дандаа монгол сургуулиа сонгож, сурч байсан болохоор ерөнхий хүүхдүүдийн ааш зан адилхан. Бүгд монгол хүүхдүүд болохоор төстэй санагдсан байж магадгүй. Ялгаатай зүйл нь тэнд сургалтын систем нь маш хүнд. Сурахгүй л бол ирээдүйд амьдрал байхгүй, хэн ч биш болно гэсэн бодолтой байдаг. Харин энд харьцангуй чөлөөтэй байсан. Ганц сурснаар бүх зүйл хэмжигдэхгүй өөр олон зүйл хамаатай гэдэг үүднээс ханддаг юм шиг санагдсан. Ер нь нэлээд европ хэв маягийн, чөлөөт байдалтай санагдсан даа. Гэхдээ манай “Хөгжим бүжгийн коллеж” бол мэргэжлийн хичээл заахаас гадна ерөнхий эрдмийн хичээл давхар ордог учраас бид нарт чөлөөт цаг хомс.

-“Монголд амьдрахад ямар байна вэ” гэсэн Чимгээ шүүгчийн асуултанд “Маш гоё” гэж хариулсан. Энд амьдрахад юу нь таалагддаг вэ?

-Хүмүүс нь сэтгэл сайтай санагддаг. Хоёр нүүр гаргадаггүй. Хүнд итгэл, сэтгэлээ зориулж чаддаг юм шиг санагддаг. Тийм болохоор энд амьдрах сайхан.

-Хувь хүний үүднээс монголчуудад түүх уламжлалын болон бичиг, соёлын хувьд анхаараасай гэж боддог зүйл байдаг уу?

-Миний бодлоор энд ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар анги хүртэл нь монгол бичгээ заагаасай гэж боддог. Яагаад гэвэл монгол бичиг гайхамшигтай бичиг шүү дээ. Жишээлбэл, лекц орж байлаа гэхэд хэрвээ монгол бичгээр бичвэл багшийн яриатай зэрэгцээд л дуусдаг тийм л түргэн бичлэг. Бас монгол цусаар нэгдсэн ахан дүүсээ бүгдийг нь ойлгодог байгаасай. Бид эрт үеэсээ нэг цустай, нэг их гүрэн байсан болохоор үүнийг ойлгоосой гэж боддог. Энд хувьсгалаас хойш ихэнх хүмүүс боржгон ч юм уу өөр овгоор өөрсдийгөө овголсон юм шиг байна лээ. Тийм болохоор түүхээ сайн судлаад өөрсдийнхөө жинхэнэ ураг, овгийг таньж мэдээсэй гэсэн бодол ч байдаг. Гэхдээ энэ бүгд миний хувийн л бодол шүү.

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ. Хобби нь юу вэ?

-Би олон хоббитой. Усанд сэлэх, хөлбөмбөг тоглох гэх мэт спортод дуртай. Уг нь сагс тоглодог байсан ч гар бэртэх аюултай учраас сургуулийн дүрмийн дагуу тоглохоо больсон. Мөн компьютерийн программ, техник хангамжийг их сонирхож, судалдаг. Хэрвээ энд ирээгүй байсан бол урд компьютерийн чиглэлээр сурах байсан болов уу. Мэдээж дуу, хөгжим их сонсдог. Хүний сонирхдог хөгжмийн урсгал хувьсаж, өөрчлөгддөг юм байна. Одоо ихэвчлэн жазз, классик урсгалын дуу, хөгжим сонсдог. Ер нь 80-аад оны үеийн дуучдыг сонсох дуртай. Никитон, Франк Синатра, Рэй Чарлез, Элвис Пресли, Нэт Кин Коле нарт дуртай.

-Тэнгисийн хэтийн зорилго юу вэ. Мэдээж сайн уран бүтээлээр эргээд үзэгчидтэй уулзах байх?

-Би одоо төгсөх курсийн оюутан. Тийм болохоор эхлээд хичээлдээ анхаарлаа хандуулна. Яваандаа чанартай уран бүтээл хийх бодолтой байгаа. Багаасаа үүний төлөө сурч, өдий хүрсэн болохоор туйлын зорилго минь уран бүтээлч болох.

-Цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Цаг зав гарган сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа.

-Баярлалаа. "Монгол HD" телевизийн Дууны найруулагч С.Буянтөгс ах болон Найруулагч, гитарчин Т.Мөнх-Оргил ах нартаа маш их баярлалаа. Намайг дэмждэг, урам зориг өгдөг хүн бүхэнд талархснаа илэрхийлье. Хичээх болно оо.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
37
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.