Хайх зүйлээ бичнэ үү

16 мин

Монгол нохой, тэмээтэй, бас гарын ааруултай Элчин сайд хатагтай К.Арнолд

Ярилцсаар цаг хэрхэн өнгөрснийг анзаараагүй байтал нэг мэдэхнээ товлосон хугацаа дуусчээ. Элчин сайд хатагтай ямар ч асуултад хариулахаас татгалзахгүй, бас “бөөрөнхийлөөд өнгөрөөчихгүй”, дипломатч хүн гэмээргүй шулуухан хариулна.


“UB.life” Их Британиас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Кэтрин Арнолдтой ярилцлаа. “Саяхан би гэртээ зочид хүлээн авсан юм. Хивсээ хуйлаад хураачихсан чинь шал цэлийгээд нэг л эл хуль болчихож” гэсээр К.Арнолд намайг угтлаа. Хэзээний л инээмсэглэл тодруулсан төрхөөрөө. Кэмбриж, Ноттингэмийн их сургуулийн бакалавр, хоёр ч магистрын зэрэгтэй, басхүү харьцангуй залуудаа Элчин сайдын алба хашиж яваа нэгэн.  

Ярилцсаар цаг хэрхэн өнгөрснийг анзаараагүй байтал нэг мэдэхнээ товлосон хугацаа дуусчээ. Элчин сайд хатагтай ямар ч асуултад хариулахаас татгалзахгүй, бас “бөөрөнхийлөөд өнгөрөөчихгүй”, дипломатч хүн гэмээргүй шулуухан хариулна. Гэхдээ хариултынх нь өнгө аяс, боловсон байдал хийгээд хошин шогийн өндөр мэдрэмж нь өөртөө итгэлтэй, чадварлаг дипломатч гэдгийг нь илтгэж байлаа.

-Нийтлэлчээр ажиллаж байсан намтар тань миний сонирхлыг маш их татаж байна. Тиймээс ярилцлагаа Таны сэтгүүлч явсан тэр үеийг эргэн дурсахаас эхэлмээр байна л даа?

-Тэр цагаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Сэтгүүлчээр ажиллаж эхлэхээс өмнө би санхүүгийн салбарт ажилладаг байлаа. Аятайхан ажил, би өөрөө дуртай ч байсан. Гэхдээ сэтгэл хангалуун байхад нэг зүйл дутуу ч юм шиг мэдрэмж үе үе хатгаастай. Тэгээд ажлаасаа гараад хэзээний л хорхойссоор ирсэн сэтгүүл зүй рүү урвачихсан. Сонин, телевизэд сэтгүүлчээр ажиллаж эхлээд удаагүй байтал нэг сэтгүүлч найз маань намайг Багдадад сонин гаргах гэж байгаа хүнтэй танилцуулж билээ. Тэгээд би сониноо гаргахад нь туслахаар шийдэж, Ойрхи Дорнодын тухай бичиж эхэлсэн.

-Зоримог хэрэг байна даа. Та тэгээд Ойрхи Дорнодод хэр удсан бэ?

-Би Ойрхи Дорнодод чөлөөт сэтгүүлчээр гурван жил ажилласан.  Улс төр, нийгмийн мэдээ гэхээсээ аяллын тухай түлхүү бичдэг байлаа. Дараа нь оюутны амьдрал руугаа буцаж, магистрын зэргээ ч хамгааллаа. Тэгээд Гадаад, хамтын нөхөрлөлийн орнуудын хэрэг эрхэлсэн яаманд орсон. Дипломатч болсныхоо дараа дахиад л Ойрхи Дорноддоо ажилласан. Афганистан, Иран, Ирак, Оманд томилогдоод тэр л дээ.

-Та нийтлэлчийн хувьд, басхүү нэлээд сайн уншигч, судлаачийнхаа хувьд орчин цагийн уншигчдын талаар ямар бодолтой явдаг вэ?

-Ер нь ямар нэг зүйлд дургүйцэхээсээ өмнө судалж үзэх зарчим нийгмийн аль ч салбарт хамаатай. Гэвч орчин цагийн хүмүүст тийм зав олдохгүй бололтой. Бид мэдээллээ товч, хурц, гарчиг хөөсөн маягаар авч байна. Энэ нь мэдээллийг өнгөц хүлээж авахад нөлөөлж байгаа юм. Мэдээллийг авчихаад хойшоо сууж тунгаахын оронд хамгийн түрүүнд төрсөн бодлоороо хэлэлцэж эхэлдэг нь нийтлэг үзэгдэл болсон байна.  

-Мэдээллээ голчлон хаанаас авдаг вэ?

-“The Guardian”, “The Times” гэхчлэн Их Британийн томоохон хэвлэлүүдийг уншдаг. Британичуудаа төлөөлөн ажилладаг учраас иргэдийн үзэл бодолд нөлөөлж байгаа хамаг л мэдээллийг аль болохоор их унших хэрэгтэй. Бас орчин үеийн “жишгээр” фэйсбүүкээс мэдээлэл авдаг. Санал нийлэхгүйгээ мэдэж байгаа зүйлсийг заавал уншдаг. Түгжрэлд зогсож байхдаа цаг ашиглаж, сонин сэтгүүл эргүүлдэг.

-Ямар хөгжим сонсдог вэ?

-Голдуу сонгодог хөгжим сонсдог. Дуурьт их дуртай учраас ДБЭТ-т ойр ойрхон очдог. Гайхалтай дуучидтай шүү, Монголын театр. Өнгөрсөн жил Их Британийн соёлын өдөрлөгөөр гавьяат жүжигчин Э.Амартүвшинтэй “The Phantom of the Opera” мюзиклийн дуэт дуулах завшаан тохиосон. Бага байхаасаа л дуулъя гэж мөрөөддөг байсан. Монголд үлдсэн мартагдашгүй дурсамжуудын минь нэг энэ юм даа.

-Хөөх, тэгвэл Та сайн дуулдаг байх нь ээ?

-Дуулдаг байсан. Хоолойгоо гэмтээгээд больсон юм. Их сургуульдаа найрал дуучны тэтгэлэг (choral scholarship) авч сурсан. Найрал дууны тэтгэлэгтэй оюутнууд долоо хоногт дор хаяж 14 цаг дуулна. Зөндөө CD бичүүлж байлаа.

-Хамгийн дуртай хөгжмийн зохиолч?

-И.С.Бахыг нэрлэнэ дээ. Найрал дуунд бид голчлон барокко, Сэргэн мандалтын үеийн хөгжим тоглодог байсан. Хамгийн дуртай нь гэвэл “Матфейн дуулал”.

Энэ түүний номын цуглуулгын багахан хэсэг нь. Лондон дахь гэрт нь "маш олон ном байгаа" гэлээ. 

-Дуртай зохиолчийн тухайд?

-У.Шекспир гэж юун түрүүнд хэлэх ёстой. Жон Милтон байна. Британи биш гэвэл Ф.М.Достоевский, Альбер Камюг нэрлэнэ. Хааяа детектив уншина аа, бас.

-Яг одоо ямар ном уншиж байна?

-Исабель Альендегийн “Сүнсний байшин”-г уншиж байгаа.

-Та Азитай гүн холбоотой юм байна. Бага насаа Шри Ланкад өнгөрүүлсэн шүү дээ. Буцаж очсон уу? Очих төлөвлөгөө бий юу?

-Тийм шүү. Хүүхэд ахуйдаа Шри Ланкад амьдарсан. Явснаасаа хойш буцаж очоогүй л байгаа. Би нэг бол удаан амьдрахаар очно, үгүй бол огт очихгүй байх. Шри Ланк миний хувьд маш чухал газар. Амьдралынхаа нэгээхэн чухал үеийг тэнд өнгөрөөсөн болохоор хоёр дахь гэр минь юм. Зүгээр л амралтаараа хэд хоночихоод ирвэл сэтгэл хоргодоод харамсалтай байна шүү дээ. Ажиллахаар бол дуртайяа явахсан.

-Шри Ланкад өнгөрүүлсэн жилүүд таны зан төлөв, сонирхолд хэр нөлөөлсөн бэ?

-Тэнд байгаагүйсэн бол ямархуу хүн байх байснаа төсөөлж чадахгүй байгаа учраас яг ингэж нөлөөлсөн гээд хэлэхэд хэцүү юм. Тэнд үнэхээр гайхалтай ахуй болоод цаг мөчүүдийг үзэж өнгөрүүлж билээ. Би их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Гадаа тоглоод л өнжих санаатай. Мод руу авирна, мориор давхина. Над шиг тийм хүүхдүүдэд Шри Ланка хамгийн тохиромжтой газар. Жилийн турш дулаахан байдаг болохоор Их Британи, Монголд байгаа шиг хүйтний улиралд гэртээ бүгэх шаардлага ч байхгүй.

-Ямар сургуульд сурдаг байв?

-Би хоорондоо нэлээд ялгаатай хоёр сургууль дамжсан. Шри ланк сургууль надад дэг журамтай ажиллахыг сургасан гэж боддог. Ерөнхийдөө Азийн сургуулиуд сурагчдаа орой болтол хичээллүүлж, гэрийн даалгавар их өгдгөөрөө нийтлэг шүү дээ. Гэтэл барууны сургалт ондоо. Дараа нь би Шри Ланкад байдаг америк сургуульд орсон. Мэдээж тэс өөр орчин угтана шүү дээ. Тэнд хүүхдүүдэд нийгмийн идэвхтэй байхыг уриалдаг байлаа. 12 настай байхдаа би зааны тугалнуудад сүү цуглуулах зорилготой бүтэн жилийн төсөл хэрэгжүүлж билээ.

-Тэр үед Танд яагаад заавал зааны тугалд туслах санаа төрсөн юм бэ?  

-Тэндхийн зааны асрамжийн газар алдартай л даа. Тугалнуудад нь тэжээл ямагт дутагддаг. Бид багшийнхаа заавраар байгаль орчны ямар нэг ажил хэрэгжүүлэх ёстой байсан юм. Би өмнөхөн нь эцэг эхтэйгээ зааны асрамжийн газарт очихдоо зааны бяцхан тугалнуудыг хараад хайр хүрч, туслахыг хүссэн. Яг хэдэн кг хуурай сүү цуглуулснаа санахгүй байна. Лав л ачааны тэрэг дүүрэн сүү хүргэж өгсөн юм даг (Инээв).

-Та монгол нохойтой шүү дээ. Өөр амьтан тэжээдэг үү?

-Одоохондоо Вэста маань л байна даа. Би Вэстагаа өнгөрсөн жилийн өдийд авч тэжээсэн. Энд ирсний дараахан юм даа, морь унахаар очдог газраа анх түүнийгээ олж харсан юм. Вэста маань их хөөрхөн зантай, сайхан ч зүстэй. Сэтгэл татагдсан ч мууртай болно гэж бодож байсан болохоор тухайн үедээ авч тэжээгээгүй. Англид би харьцангуй жижигхэн сууцанд амьдардаг болохоор энд нохой тэжээлээ гэхэд буцахдаа нохойгоо авч харихад тохиромжгүй гэж бодоод. Гэтэл дараагийн удаа морь унахаар очтол жижиг биетэй ноход хөлдчихсөн, Вэста аймаар эцчихсэн байсан. Одоо тэр 18 кг жинтэй. Тэгэхэд 7 кг гаруйхан байсан шүү. Тэр маягаараа бол хэдхэн хоноод эцэслэх нь тодорхой байсан учраас орхиод явж чадаагүй. Шуудайлаад, гадуур нь дээлээр боогоод авч ирсэн дээ. Эндээс буцахдаа Вэстатайгаа харина. Манай ээж Лондоноос урагшаа байдаг Уайт арал дээр том цэцэрлэгтэй байшинд амьдардаг болохоор тэнд дажгүй идээшчих байх.

-Аав, ээж хоёр тань ямар мэргэжилтэй хүмүүс вэ?

-Аав маань хүмүүнлэгийн байгууллагад ажилладаг байсан. Олон орноор аялдаг байсны дээр тэр үед хоёулаа карьер хөөнө гэдэг амаргүй хэрэг байсан учраас ээж ажилладаггүй байсан. Аав далайчдын эрхийг хамгаалах ажил хийдэг байсан. Аавыг ажиллаж байх үед далайчдын эрх нэн хязгаарлагдмал байлаа. Хөлөг онгоц живж байлаа гэж бодъё. Тийм нөхцөлд онгоц боомтод ирвэл тухайн орон далайчдын аюулгүй байдалд анхаарч, хариуцахаар журамласан байдаг. Иймд улс орнууд заримдаа живж буй онгоцыг боомтдоо оруулахгүй гэнэ. Аав улс орнуудтай хэлэлцээ хийж, бүх зардлыг нь байгууллагаасаа даах нөхцөлтэйгөөр боомтод нь оруулах гэх мэт ажил хийдэг байсан. Аав маань өнгөрсөн жил бурхан болсон. Өндөр насалсан даа.

-Ээж тань юу хийдэг вэ?

-Ээж маань уран зохиол, урлагт хайртай хүн. Сайн дурын ажлуудад их оролцоно.  Концерт үзэж, уран зохиолын бүлгэмд явдаг. Урьд нь аавыг байхад над дээр барагтаа л ирж чаддаггүй байсан. Харин одоо харьцангуй ойр ойрхон зочилдог болоод байгаа. Саяхан ирж сар байж байгаад буцсан. Өнгөрсөн шинэ жилээр бас сар болсон.

-Хижаб (толгойны алчуур) өмсөж дасахад хэцүү байсан уу? Ямар хижаб зүүдэг байв?

-Зүүхэд хэцүү байгаагүй ээ. Ээж алчуураа эрүүн доороо уячихдаг байсан. Би 1960-аад оны кино одуудынх шиг алчуур зүүнэ. Сулхан зүүгээд мөрөн дээгүүрээ унжуулчихдаг. Гэхдээ зарим оронд тэгж сул зүүдэггүй байсан. Йеменд байхад үсээ огт ил гаргаж болохгүй бол Иранд урд хэсэг нь ил байхыг хүлээн зөвшөөрдөг.

Тэрбээр Ойрхи Дорнодоос цөөнгүй зураг авчирчээ. Дэргэд нь зургаа авахуулсан бүтээл афганистан уран бүтээлч Абдул Насер Савабигийнх. 

-Ойрхи Дорнодын бүх оронд очиж үзсэн үү?

-Хойд Африкийн хэсгээр нь бараг аялаагүй. Жаахан байхад Египетэд хэсэг амьдарсан, Тунист амралтаараа очиж байсан. Марокко, Ливи, Алжирт огт очиж байгаагүй.

-Очих төлөвлөгөө бий юү?

-Ээждээ Марокког үзүүлнэ гэж боддог. Гэхдээ одоохондоо амралт гарвал Монголоор аялсан нь дээр гэж бодож байна. Танай орон үнэхээр уудам бас үзэсгэлэнтэй. Монголоор аялахад нэлээд цаг ордог учраас үзэхийг хүссэн газар бүртээ очъё гэвэл Марокко явах цаг гарахгүй байх.

-Ээжийгээ Монголд зунаар авчирвал аятай бус уу?

-Өнгөрсөн жилийн шинэ жилээр ирэхэд нь дараа зун ирээрэй гэж хэлсэн л дээ. Энэ жил аравдугаар сард ирэхдээ хавьгүй дулаахан байна гэж төсөөлсөн юм шиг байна лээ (Инээв). Дараагийн удаа заавал зун ирнэ гэж амалсан.

-Дипломатч нар харьцангуй хожуу тэтгэвэртээ гардаг шүү дээ. Та хэдтэйдээ суух бол?  

-Намайг анх гадаад хэргийн алба эрхэлж эхлэхэд эмэгтэйчүүд 60 настайдаа тэтгэвэртээ гардаг байсныг 65 болгож өөрчилсөн байсан. Одоо 67 болгосон байгаа. Цаашид нэмэгдэхийг үгүйсгэхгүй.

-Энэ тухай ярихад эрт байна л даа. Гэхдээ тэтгэвэртээ суухаар ингэнэ тэгнэ гэж бодсон зүйл байгаа юу. Магадгүй кафе нээх ч юм уу?

-Кафе, ресторан нээх хүсэлтэй найз олон бий шүү. Тэгвэл ч сонирхолтой л доо. Гэхдээ надад бол тохирохгүй байх. Одоогийн хийж байгаагаасаа тэс өөр зүйл хийх болбол ямар нэг хүмүүнлэгийн ажил хийнэ гэж бодож байна. Хүүхэд, амьтадтай холбоотой төсөл хэрэгжүүлэх ч юм уу. Би амьдралын боломж муутай хүүхдүүдэд зайрмаг хүргэж өгдөг ажил хийнэ гэж мөрөөддөг байлаа. Шри Ланкад намайг амьдарч байхад (1980-аад онд) цаг төрийн байдал тогтворгүй байсан. Бараа бүтээгдэхүүний сонголт бага байлаа. Тухайн үед баяраар ч юм уу, хааяахан тэр бүр олдоод байдаггүй зүйл авахаараа бөөн баяр болдог байснаа санадаг юм. Зайрмаг тэдгээрийн нэг. Ойрхи Дорнодод амьдарч байхад ч хүнсний ногоо гэх мэт өдөр тутмын бүтээгдэхүүнүүд л байсан болохоос чихэр, амттан бараг байдаггүй, олоход маш хэцүү байсан. Тэгээд ганц ширхэг зайрмаг ямар их баяр хөөр авчирдгийг мэдэрч, ерөөсөө л хүүхдүүдэд зайрмаг хүргэх тухай боддогсон. Энэ магадгүй надад төрж байсан хамгийн утгагүй санаа байх (инээв).

-Монголд ирээд сурсан хамгийн сонирхолтой зүйл гэвэл?

-Хэчнээн ихийг мэдэж, сурч байгаагаа үгээр илэрхийлшгүй. Монгол соёл уламжлал, хөгжим, урлаг, хоолны талаар маш ихийг мэдэж байна. Тэмээ унаж сурлаа. Саяхан ааруул хийж сурсан. Миний гарын ааруул амттай биш ээ, даанч (Инээв). Гэхдээ би бяслаг хийх дуртай болохоор ааруул хийж суръя гэж бодоод. Тэгээд нэг малчныд байхдаа гэрийн эзэгтэйгээс заагаад өгөөч гэж гуйсан. Миний монгол хэл тийм ч сайнгүй л дээ. Гэхдээ ойр зуурхан сэдвээр бол ярьчихна аа.

-Цагаан идээнд дуртай юу?

-Би тарганд дуртай. Ааруулын сайхныг хараахан таниагүй л байна. Анх амсаад гайхаж байсан. Чихэрлэг ч биш, исгэлэн ч биш, их өвөрмөц амттай шүү. Хэдий чинээ иднэ, төдий чинээ дуртай болохоор юм билээ.

-Айраг уудаг уу? Хиллари Клинтон Монголд ирэхдээ айраг ууж үзээд “Ил тавиад долоо хоносон йогурт шиг санагдсан” гэж ярьсан. Харин Танд ямар санагдсан бэ?

-Аягалаад өгвөл уудаг. Би ер нь спиртийн төрлийн бүтээгдэхүүн бага хэрэглэдэг л дээ. Шар айраг л гэхэд огт уудаггүй. Гэхдээ Монголд ирээд архи амсаж үзээд таалагдсан. Урьд нь ууж үзээгүй, таалагдахгүй байх гэж боддог байсан. Саяхан гэртээ харихдаа гурван төрлийн архи аваачиж найзууддаа бэлэглэсэн. Европт водка трэнд болж байгаа. Монгол Улс архины экспортоо нэмэгдүүлэх боломжтой гэж боддог.

-Та хэр даадаг вэ?

-Яасан сүрхий асуулт вэ (Инээв). Ямар ч байсан үдшийн зоогийг аятайхан даагаад гарчихна аа. Гэхдээ үнэнийг хэлэхэд би орой болтол сууж уугаад байдаггүй л дээ.

К.Арнолдын гэрийн зочны өрөөний гол дүр британи зураач Майкл Солын "Transparent Azure IV" нэртэй гайхалтай бүтээл. 

-Монголд ирээд шинээр сурсан зүйлсийн тухай яриандаа эргээд оръё. Та математик, зөрчлийн түүх, философиор мэргэшсэн шүү дээ. Буддизмын тухай судлах цаг гарсан уу?

-Хичээж байгаа. Гандангаас гадна хэд хэдэн сүмд очиж, лам нартай уулзсан. Буддын гүн ухаан миний сонирхлыг их татдаг. Би оюутны амьдралынхаа олон цагийг шашны судалгаанд зориулсан. Философиор зэрэг хамгаалахдаа голчлон шашны философийг судалсан. Ингэхдээ Ислам, Христийн шашинд гол анхаарлаа хандуулдаг байлаа. Би Шри Ланкад өссөнөө хэлсэн шүү дээ. Тэгэхээр буддизмын тухай ерөнхийд нь мэднэ л дээ. Гэхдээ Монголд байдаг шарын шашин бол миний судалж байснаас өөр урсгал.

-Дахин сурах төлөвлөгөө бий юү?

-Докторын зэрэг хамгаалах төлөвлөгөө бий. Чиглэлийн хувьд олон улсын харилцаа, философи хавьцаа л байх болов уу. Уран зохиол судлалаар ч явж магадгүй.

-Жилд дунджаар хэд хоног амардаг вэ?

-Уг нь би албан ёсоор зургаан долоо хоног амрах ёстой. Гэхдээ энэ жил дөрвөн долоо хоног амарсан.

-Юу хийж амрав?

-Сүүлийн амралтаараа Говь-Алтайд очсон. Тэнд байхдаа Английн хавтгай хамгаалах сангаас санхүүждэг хавтгай үржүүлгийн газарт очоод, тэндээсээ тэмээ унаж Ээж уулыг тойрсон тав хоногийн аялал хийсэн. Гайхамшигтай байсан шүү. Үнэхээр үзэсгэлэнтэй, анир чимээгүй, цэлгэр сайхан газар. Ээж уул дээгүүр нар мандах үед тэнгэрийн хаяа ямар сайхан харагдсан гээч. Би тэмээнд их хайртай. Өнгөрсөн жил надад тэмээ бэлэглэсэн юм. Ойрхи Дорнодод тэмээтэй аялал хийж байсан Уилфред Тесижер гээд алдартай британи аялагч бий. Түүний нэрээр Уилфред гэж нэрлэсэн. Энэ зун Уилфредтэй долоо хоног “зугаалсан” даа.

-Элчин сайдын хувьд аливаа олон улс, улс төрийн асуудлаар хувийн үзэл бодлоо илэрхийлэх эрх байдаг уу?

-Байлгүй яах вэ. Гэхдээ Элчин сайдын хувиар хийж байгаа ажилдаа итгэлтэй байдаг учир хувийн үзэл бодол зөрөх нь ховор. Хүн хийж байгаа зүйлдээ итгэхгүй бол бусдад ч итгүүлж чадахгүй. Дипломатч бол төрийн ажилтан. Хатан хаанаас гадна ард түмэндээ зүтгэдэг гэсэн үг. Бид сайн бодлого боловсруулж, түүнийгээ тайлбарлаж ойлгуулах үүрэгтэй. Хэрэв төр бодлогоо товчоор тодорхойлон тайлбарлаж чадахгүй байгаа бол тэр бодлогыг нь муу гэж үзэж болно гэж ярьдаг шүү дээ.

-Таны ажил, албан хаагчийн үүрэг хувийн үзэл бодол, үнэт зүйлтэй тань зөрчилдөх тохиолдол байдаг уу?

-Дипломатчаар ажиллахад аливаа асуудлыг гүн гүнзгий ойлгох шаардлагатай болдог. Цаг зарцуулж, асуудлын зангилаа юунд байгааг, яагаад ийм бодлого хэрэгжүүлэх болсон бэ гэдгийг анхаарч судалж үзэхэд бүх зүйл аяндаа ойлгогдоод ирдэг. Би Гадаад яаманд ажиллах хугацаандаа шалтгаан, шаардлагыг нь ойлгоогүй, дэмжихийг хүсээгүй бодлоготой тулгарч байгаагүй юм байна. Ийм л зарчмаар ажилладаг учраас миний үзэл бодол хувийн, хувьсгалын гэж ялгагдаад байдаггүй.

-Дэлхий даяар газар авч байгаа популист хандлага британичуудад хэрхэн нөлөөлж байна гэж харж байна вэ?

-Би Их Британид амьдраагүй жил хагас болж байна. Эсрэгээрээ монгол худалдагч, таксины монгол жолоочтой өдөр бүр харилцаж байгаа. Тэгэхээр британичууд яг юу мэдэрч байгааг хэлэхэд хэцүү юм. Ийм хандлага нэмэгдэж байгаа нь түрүүн хэлсэнчлэн мэдээлэл хүлээн авч байгаа хэлбэртэй их холбоотой. Гэхдээ орчин үед хүмүүс ийм болчихлоо, энэ тэр буруутай гэж ярих нь утгагүй. Ийм нөхцөлд хүн бүр аль болохоор их судалгаатай, олон өнцгийг багтаасан мэдээлэл авахыг хичээх хэрэгтэй. Олон нийтийн сүлжээ хүчээ авч, хувьсгал явагдаж байгаатай бүгд л санал нийлэх биз. Би ардчилалд чин сэтгэлээсээ итгэдэг. Сонгуулийн системийг өөрчлөх, эсэхийг британичууд цугаараа шийдсэн. Шотландын тусгаар тогтнол, Брексит гээд л иргэдийн дуу хоолойг сонсгоход чиглэсэн ийм арга барил зөв гэж боддог. Иргэдийнхээ саналыг харгалзахгүй байгаа нийгэм хожим хүнд асуудалтай тулгарна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Түүхэн хүмүүс яг үнэндээ ямар харагддаг байсан бэ?
2
2 цагийн өмнө
Орос, энэтхэг гишүүнтэй К-Поп хамтлаг X:IN ОХУ-д тоглолт хийнэ
3
2 цагийн өмнө
Тайзны нэр нь тэдний жинхэнэ нэртэй ямар ч холбоогүй РОК одууд
санал болгох
1
3 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
23 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.