Хайх зүйлээ бичнэ үү

Аав, ээждээ цаг хугацааг дэмий өнгөрүүлээгүйгээ нотолж, орчин цагийн залуус дэлхийн тайзнаа эн зэрэгцэх авьяастай гэдгийг баталж чадсан Б.Шижирбаттай ярилцлаа

Аав, ээждээ цаг хугацааг дэмий өнгөрүүлээгүйгээ нотолж, орчин цагийн залуус дэлхийн тайзнаа эн зэрэгцэх авьяастай гэдгийг баталж чадсан Б.Шижирбаттай ярилцлаа. Тэр эхлээд хорвоог орхисон найздаа хүндэтгэл үзүүлэх сэтгэлээр түр орхиод байсан бүжгээ дахин дэглэж тайзнаа гарсан нь түүнийг дэлхийн тавцанд гаргах жим болсон ч байж мэдэх юм. Өөрөө өөртөө “тэмцэл” зарлаад ялагч болохын төлөө зүтгэхээр шийдсэн түүнтэй өнгөрсөн болоод ирээдүйн тухай, ялагдах мөчийн сонин, жигтэй мэдрэмжийнх нь талаар илэн далангүй ярилцсанаа хүргэж байна. “Авьяаслаг монголчууд” шоуны дараа өгсөн Б.Шижирбатын анхны ярилцлагыг хүлээн авна уу.

-Хүн бүхэн ямар нэгэн зорилгоор “Авьяаслаг монголчууд” шоунд оролцдог байх. Харин Таны орох болсон шалтгаан онцгой санагдсан шүү. Найзынхаа гэгээн дурсгалд зориулж шоунд оролцохыг нь хараад олон хүний сэтгэлд хүндэтгэл төрснийг Та мэдэрсэн байх?

-Нэр хүндийн төлөө ч юм уу ямар нэгэн ашиг сонирхлын төлөө шоунд ороогүй. Зөвхөн найздаа зориулж л хийж чаддаг зүйлээ хүмүүст үзүүлэхийг зорьсон. Яагаад гэхээр манай найз ноднин аравдугаар сард нас барахад бид нар түүнийхээ араас хийж болох зүйлсийн талаар бодож, байж сууж чадахгүй байсан юм. Найздаа зориулж дуу зохиож, шивээс хийлгэж, гэрэлт зул хөөргөх зэргээр дор бүрнээ ямар нэг зүйл хийсэн. Тэгээд миний зүгээс хийж чадах зүйлээ бодож байгаад “Авьяаслаг монголчууд” шоунд орохоор шийдсэн юм. “Авьяаслаг монголчууд” шоуны тайзан дээр гарах боломж тэр бүр олдохгүй шүү дээ. Яг жилийн өмнө шоунд орохоор бүртгүүлчихээд гурав, дөрөвдүгээр сар хүртэл ямар үзүүлбэр үзүүлэхээ бодож, аяа сонгож эхэлсэн. Бараг 50 гаруй ая цуглуулаад дараа нь дахиж сонсоод сэтгэлд хүрсэн аяа сонгосон. Сонгох ая маань темптэй байж болохгүй учраас сайн бодож, дахин дахин шалгаж байж сонгосон л доо. Тухайн үед надад лед дэлгэц байгаагүй болохоор бэлдэж чадахгүй байсан. Бодсон үзүүлбэрээ хийх гэхээр заавал лед дэлгэцтэй байж, түүнтэйгээ харьцаж хийхгүй бол болохгүй байсан л даа. Тэгээд нэг удаа зурагтаа үзэж байтал  гэнэт лед дэлгэцээ зурагтаар орлуулж болох санаа төрсөн. Гэхдээ бүтэн биеэрээ бүжиглэх боломжгүй байсан учраас ямар ч байсан гарын хөдөлгөөнтэй хосуулахад зурагт тохиромжтой санагдсан юм.

-Нөхөрлөлийнхөө үнэ цэнийг харуулж, илэрхийлж чадсан болохоор найзынх нь аав ээж, ах дүүс нь Танд маш их баярласан байх даа. Найзынхаа тухай дурсамжаасаа хуваалцаач?

-Анх хамтлаг байгуулагдахад 2008 онд найзуудын найзаар холбогдож танилцаж билээ. Бидэнд олон сайхан дурсамж бий. Танилцаж байснаа огт мартдаггүй юм. Хамтлаг байгуулагдаад, бүжгээ бэлдэхээр зааландаа цуглаж байхад анх танилцаж байлаа. Найзыг маань Батхүлэг гэдэг. Бид нар “Huge” гэж нэрлэдэг байсан. Яагаад гэхээр найз маань уужуу сэтгэлтэй, аливаа зүйлийг сайн ойлгож, зөвлөдөг залуу байсан л даа. Үглэхгүй хэрнээ харж, ажиглаж байгаад л эвтэйхнээр бусдадаа болж, бүтэхгүй байгааг нь ойлгуулдаг, тийм үг үнэ цэнэтэй байдагсан. Танилцаж байх үед хамтлагийн ахлагч маань ганцаараа машинтай байсан болохоор найм есүүлээ юм чинь хуруудаад ялагдсан нь “хонины хонхор” луу ордог байлаа. Ер нь бид нар ганц, хоёроороо биш үргэлж бөөнөөрөө уулздаг. Уулзахаараа нэг нэгнийгээ “хийж”, дандаа л марзагналддаг байсан. Тэр дундаа талийгаач найз маань, Чой, Санжаа гурав биенийгээ аймаар “явуулна”, бид нар сонсоод үхтлээ инээдэг байж билээ. Одоо бодоход сайхан дурсамж. Хүн харахад хэрүүл хийж байгаа юм шиг л санагддаг байсан байх. 

-Найзынхаа дурсгалд зориулж “Авьяаслаг монголчууд” шоуны тайзан дээр гарахдаа  шилдэг наймд үлдэнэ гэж бодсон уу?

-Ер нь 100 хувь итгэлтэй байгаагүй ч горьдлого байсан. Бусад оролцогчийг бодвол миний “зэвсэг” арай содон байсан болохоор өөртөө найдлага тавьсан. 

-Танай хамтлаг байгуулагдаад нэлээд олон жил болсон юм билээ. Хамтлагийнхаа талаар танилцуулахгүй юу. Нийт хэдэн гишүүнтэй вэ?

-“Панк энд Реп” хамтлагийн маань 9 жилийн ой энэ онд тохиож байгаа. Анх 2007 онд “crew” маань байгуулагдсан түүхтэй. Хамтлагийн ахлагч Тэнүүн, Санжаатай ярилцаж байгаад хамтлаг байгуулахаар болсон. Хамтлаг маань найман гишүүнтэй. Уг нь панк, реп бол хоёр өөр урсгал ч арга билиг гэдэг шиг тэнцвэрийг нь хадгалж, орчин үеийн бүжгийн урлагийг таниулах зорилгоор байгуулагдсан. 2010 онд “Mongolia’s best dance crew” бүжгийн тэмцээнд оролцсоноос хойш манай хамтлагийг хүмүүс сайн мэддэг болсон. Өмнө нь 2008, 2009 онуудад “Одод болох хүслэн”, “Best of the best” гэх зэрэг тэмцээнүүдэд оролцдог байлаа.  Тэмцээний дараа маш олон хүүхэд бүжиг сонирхож, заалгуулах хүсэлт тавьсан. Эхний удаагийн бүртгэлээр бараг 100 хүүхэд ирж, бүжиг заалгуулахад бусад бүжгийн сургалтын багш нар их гайхаж билээ. Одоо тухайн үед бүжиг заалгуулж байсан хуурай дүү олон бий. 

-Цаашдаа хамтлагаараа уран бүтээл хийх үү, эсвэл Та ганцаарчилсан уран бүтээл хийхээр төлөвлөж байна уу?

-Манай хамтлаг гурав, дөрвөн жилийн өмнөөс бүжиглэхээ больсон. Дөрөв нь салаад “Панк энд Реп” нэрээрээ дууны хамтлаг болоод гоё дуунууд гаргаад уран бүтээлээ хийж байгаа. Би болохоор багшилж байгаад жилийн өмнөөс графикчаар ажилласан. Ажлын дараа үзүүлбэрээ бэлдэхээр их ядардаг болохоор есдүгээр сард ажлаасаа гарсан. Шоундаа бүх хүчээ дайчилж, оролцохоор шийдсэн нь тэр. 

Би гурван эрэгтэй дүүтэй. Шижирбат, Шижирболд, Шижирбаяр, Шижирбилэг гэсэн дөрвөн Шижирээ байна даа.

-Шижирбат Улаанбаатарын уугуул уу. Эцэг эхээс хэдүүлээ вэ?

-Тийм ээ, би Улаанбаатарт төрсөн. Аавыг маань Г.Баттулга гэдэг. Дорноговь аймгийн хүн. Хувиараа бизнес эрхэлдэг. Ээжийг З.Оюунгэрэл гэдэг. Увс аймгийн хүн, нягтлан бодогчоор ажилладаг. Би гурван эрэгтэй дүүтэй. Шижирбат, Шижирболд, Шижирбаяр, Шижирбилэг гэсэн дөрвөн Шижирээ байна даа. Хамгийн бага нь гурван ойтой. Айлын том болохоор зөв ч бай, буруу ч бай бүх хариуцлага над дээр ирдэг. Тийм болохоор хариуцлагаа ухамсарлаж амьдардаг. Гэрт ямар нэгэн гэм буруутай зүйл болбол намайг л загнана, надад л алганы амт үзүүлнэ. Багаасаа тэгж л өссөн. Гэхдээ энэ нь хүчирхийлэл биш шүү дээ. Буруугаар ойлгов оо.  

-Хэзээнээс бүжгийн урлагийг сонирхож, бүжиглэж эхэлсэн бэ?

-Аравдугаар ангиа төгсөөд “Найрамдал” зусланд амарч байсан юм. Тэр үед бүжгийн тэмцээн болох гээд би бүжгийн видео үзчихээд ганц, хоёр хөдөлгөөн хийж байсныг багш харснаа “Чи тэмцээнд орно шүү” гэхэд л анх зорин байж бүжиг сурсан. Тэгээд биеийн хэсэгчилсэн хөдөлгөөн хийсэн маань тухайн үедээ л шуугиан тарьж, тэрнээс хойш бүжиглэдэг болсон. 

-Урлагийн мэдрэмжтэй, бүжгийн авьяастай залуу яагаад СУИС-ийг биш МУИС-ийн Компьютер график дизайны анги сонгосон нь хүмүүст сонирхолтой байгаа болов уу?

-Уг нь бүжгээрээ сурах талаар бодсон л доо. Ахлах ангиа төгсдөг жилээ видеонд хорхойссон. Гадаадад кино, клипийг яаж хийж байгаа нь сонирхолтой байсан юм. Хэрвээ график хийгээд сурчихвал юуг ч хийж чадах юм шиг санагдсан. Би “Шинэ Монгол” сургуулийг төгссөн. Багш маань тухайн үед “Танайд хоноё” нэвтрүүлэг шиг дүрс бичлэг хийх хэрэгтэй байна гээд надаар хийлгүүлсэн юм. Өмнө нь нэг ч удаа бичлэг оролдож байгаагүй мөртлөө шууд windows-ийн “movie maker” дээр видеогоо өрж эхэлсэн. Дутуу дулимаг юм ихтэй, ядаргаатай программ шүү дээ. Тэгсэн ч гэсэн сонирхол татаад, гоё гэдгийг нь мэдэрчихсэн. Тэгээд л МУИС-д орохоор болсон. Бүжиглэх нас богино байдаг болохоор тэр талаар ч бас бодож байгаад л ерөөсөө графикаар суръя гэж шийдсэн дээ.    

-Бүжиг, график хоёр бол тус тусдаа маш өндөр хэмжээнд хүртлээ хөгжчихсөн урлаг. Энэ хоёр урлагийг хослуулах санаа хэзээ төрсөн бэ?

-2012 он гэж л боддог. “MBDC” тэмцээний дараа хамтлагийн ахлагч Тэнүүн маань соло бүжгээр видео хийж эхэлсэн. Би график талаас нь хариуцаж видеог нь хийж, монтажилдаг байлаа. Тэгээд бичлэгээ янзалж байх явцад л график, бүжиг хоёроо хослуулах санаа төрсөн. Бас дөрөвдүгээр курстээ ангийн ажлаар өөртэйгөө шатар тоглодог график видео хийж байхдаа хүн хувилах аргыг сурч дараа нь түүнийгээ ашигладаг болсон. Жишээлбэл гурван өөр бичлэг хийгээд түүнийгээ нийлүүлж, дунд нь жижигхэн эффект оруулдаг болсон. Тэр үе л олонд сая үзүүлсэн бүжгийн эхлэл тавигдсан байх. Бас би хар багын марио, сига зэрэг компьютер их тоглодог байсан. Одоо ч утсаар дүүрэн тоглоомын аппликэйшн бий. Төрөл бүрийн компьютер тоглоомуудад дуртай. Хэдийгээр тоглоомонд цаг хугацаа их зарцуулдаг нь миний сул тал ч гэсэн үүнийгээ давуу тал болгохоор хичээсэн. Яагаад гэвэл компьютер тоглоомонд тактикын хувьд ч цаг ашиглалт маш нарийн. Энэ цаг ашиглалт нь миний үзүүлбэрийн маш чухал хэсэг. Бас тоглоомын баатрууд “skill” хийхэд ямар эффект, өнгө ялгарч, түүнд өртөгсдөд хэрхэн нөлөөлж байгааг нь мэдэрчихсэн болохоор дараа нь төсөөлөөд уран бүтээлдээ ашиглахад хялбар санагддаг. Ард нь тохирох ая ч төсөөлөлд шууд буудаг. 

“Энэ намайг дууриагаад бүжиглэчихлээ. Зөрүүд хог шүү” гээд л бахархсан аястай хэлэхэд нь баярласан

-Хагас финалын үзүүлбэрийн чинь дараа аав, ээж нь хүүгээрээ маш их бахархаж байгаа харагдсан. Дөрвөн хүүгийнхээ томыг бүжигт цаг заваа бараад байхыг аав, ээж чинь анх дэмжсэн нь юу л бол?

-Аав, ээждээ зориулсан үзүүлбэрээ үзүүлэхэд хүмүүсийн сэтгэлд тэгтлээ хүрнэ гэж төсөөлөөгүй. Хүний сэтгэлд хүрсэн үзүүлбэр хийсэн болохоор сайхан санагдсан. Анххүүгийн нэгдүгээр шатны үзүүлбэрийг үзчихээд ээж “Хүмүүс аав, ээждээ зориулаад л үзүүлбэр хийгээд байх юм. Чи ер нь бид хоёрт зориулж юм хийж байна уу” гэж асуусан. Тэр үед аль хэдийнэ үзүүлбэрээ бэлдээд эхэлчихсэн, сюрприз болгох гэж байсан болохоор тийм гээд хариулж чадахгүй, толгойгоо сэгсэрсэн. Тэгэхэд ээж маань “Муу хүүхэд” гэж билээ /инээв/. Аав, ээж хоёр өмнө нь намайг бүжиглэхийг хүлээн зөвшөөрч, дэмжиж байгаагүй. Харин шоунд орсноор намайг ойлгож эхэлсэн, бүр дэмжсэн гээч. Би ч аав, ээждээ бүжиглэснээрээ хэзээ ч цаг хугацааг дэмий өнгөрүүлээгүйгээ харуулж чадсан болов уу. Аав маань залуудаа бас бүжиглэж байгаад больсон гэсэн. Тийм болохоор өмнө нь “Аав нь бүжиглэснээрээ юунд ч хүрээгүй” гэж намайг ухуулдаг байсан ч хагас шигшээгийн дараа “Энэ намайг дууриагаад бүжиглэчихлээ. Зөрүүд хог шүү” гээд л цаанаа нэг бахархсан аястай хэлэхэд нь би их баярласан.  

-Үзүүлбэрийнхээ дараа “Амьдралд минь тохиолдсон хүнд хэцүү үед уур, уцаараар биш хүүгээ гэсэн сэтгэлээр тусалж, дэмжсэн аав, ээждээ баярласнаа илэрхийлж зориуллаа” гэж хэлсэн. Тэр “хүнд хэцүү үе” гэдэг нь хэзээ тохиолдож байсан бэ?

-Би гуравдугаар курстээ бүтэн хоёр семестр хичээлээ хаяад, олон шалгалтад унасан. Намайг сургахын тулд аав, ээж минь хөлс хүчээ шавхаж л сургалтын төлбөрийг барагдуулж байгаа шүү дээ. Хайран цаг хугацаа, хөрөнгө мөнгө. Сайн талаас нь харвал бараг миний ирээдүйн амжилтын төлбөр байж таарлаа л даа. Аав, ээж минь надад маш их итгэж, намайг үнэлдэг. Итгэдэг хүү нь төгсөх дөрөвдүгээр курсээсээ улирсанд аав, ээж маань гайхсан л даа. Яагаад гэхээр арван жилд байхдаа улсын болон дүүргийн математик, физикийн олимпиадад оролцож медаль авдаг хүүхэд байлаа. Гэхдээ хүү нь одоо ч гэсэн та хоёрынхоо  итгэлийг алдахгүйг хичээж явна.

-Үзүүлбэр үзүүлэхээсээ бэлдэх нь ярвигтай байх. Олон төрлийн дүрс бичлэг үзэж, “youtube” цахим хуудсаас нэлээд судалгаа хийсэн байх. Үзүүлбэрийнхээ санааг хэрхэн олдог вэ?

-Хүмүүс “Youtube”-ээс шууд “copy, paste” хийсэн гэж буруу ойлгож магадгүй. Ер нь маш олон бичлэг үзэж хүмүүс юу хийж байгааг судална, дагаж хөдөлж туршина. Хамгийн гол нь өөрийнхөө санааг хэрхэн үзүүлбэр болгохоо бодно шүү дээ. Би ер нь цээжлэхдээ муу. Тийм болохоор хүний бүжгийг цээжлээд хуулбарлаж чадах ч үгүй. Өмнө нь хийсэн болон шоунд үзүүлсэн бүжгээ рефлекс болтлоо л давтаж, бэлдэж байж өөрийн болгосон. Утасны дугаарыг хүртэл цээжилдэггүй болохоор хурууныхаа хөдөлгөөнөөр л санаж, залгадаг.  

Манай хамтлаг байгуулагдах үед “street” буюу гудамжны бүжгийн багш гэж байдаггүй байсан болохоор яалт ч үгүй бид нар youtube-ээс бүжгийн хөдөлгөөнүүдээ сурдаг л байсан. Өөрсдөө бүжгээ дэглэж чадахгүй шүү дээ. Тэгээд нэг нэгнийгээ хараад болж бүтэхгүй байгааг нь зааж, зааварлаад л бүжиглэдэг байсан. Өөрөөр хэлбэл бие биедээ багш нь болдог гэсэн үг. Бид нар “America’s best dance crew” шоуны ялагч Jabbawockeez хамтлагийн бүжгийн хөдөлгөөнийг сурч, тэднээс “inspiration” их авдаг байлаа. 

 

-Финалын үзүүлбэртээ сэтгэл хангалуун байгаа юу. Төлөвлөгөө, бодит байдал хоёр нь 100 хувь нийлж, үзүүлбэрээ бүрэн хэмжээнд хийж чадсан уу?

-Сүүлчийн шатанд чадахаараа гүрийсэн. Цаг хугацаа давчуу байлаа. Хэдийгээр үзүүлбэрээ үзүүлсэн ч үнэндээ 50 хувьтай байсан гэж болно. Илүү цаг байсан бол чимэглэлийн зүйлүүдээ анхаарах байсан. Гэхдээ үзүүлбэрээ дуусгахад тусалсан маш олон хүний хичээл зүтгэл шингэсэн. Нэг зураач ах маань зурсан хээнүүдээ өгсөн, хувцсыг минь манай найзын компани урлаж өгсөн. Бас нэг ах маань толгойдоо зүүсэн оройвчийг хийж өгсөн. Мөн хувцсан дээрх гэрлүүдийг хадам аав маань хийж өгсөн. Манай хадам аав “Робокон”-д шүүгч хийж байсан электрон, цахилгааны чиглэлийн мэргэжилтэй хүн бий. Нэрсийг нь хэлээд баярласнаа илэрхийлмээр байгаа ч сурталчилгаа шиг болчих юм болов уу гэж бодоод хэлсэнгүй шүү, ойлгоорой. 

-“Авьяаслаг монголчууд” шоуны ялагчийг зарлах мөчид ямар сэтгэгдэл төрсөн бэ. Тэгэхэд тайзан дээр хоёулхнаа үлдсэн та хоёр бүү хэл, зурагтаа ширтээд сууж байсан бүх хүний зүрх хүчтэй дэлсэж байлаа. Тэр эгзэгтэй, эргэлзээтэй мөчийг Та юу гэж тодорхойлох вэ? 

-Надад ялагч болно гэсэн бардам итгэл байгаагүй. Ядаж байхад хоёр, гурван хоног цурам ч хийгээгүй болохоор маш их ядарчихсан, эмоци гаргах ямар ч тэнхэлгүй байсан л даа. Гэхдээ хүмүүсийн хандлагыг харахад түрүүлж магадгүй гэсэн горьдлого төрчихөөд байснаа үгүйсгэхгүй. Горьдоно гэдэг чинь ёстой жинхэнэ “хөх хавдтал” авдаг юм байна лээ дээ. Зааланд байсан хүмүүс “Шижирээ” гээд л хашгирахад маш их урам авдаг юм билээ. Эцсийг нь хүртэл яваад үзүүр, түрүүнд тунана гэдэг хэцүү шүү дээ. Яг л хамтлагаараа “MBDC” бүжгийн шоунд ороод хоёрдугаар байр эзэлсэнтэй адилхан байсан л даа. Манай хэд ч дор бүрнээ шоконд орсон гэсэн. Орсон тэмцээн бүртээ дандаа хоёрдугаар байр эзэлдэг юм, их сонин. 

Таны асуугаад байгаа яг тэр эгзэгтэй, хамгийн сүүлийн мөчид ялагчийг  “Энх-Эрдэнэ” гэж зарлахад “slowmotion”-дсон юм шиг цаг хугацаа удаашраад л, дээрээс цацсан шар саанууд агаарт тэр чигтээ тогтчихсон. Би бүр шоконд ороод, дотор зурж байгаа юм шиг л санагдсан. Хүмүүсийн яриа хүртэл алсраад л. Тэгээд хажуу тийшээ харсан чинь Энх-Эрдэнийн гар над руу чиглээд, харц тулгарахад л түүний ялалтыг хүлээн зөвшөөрсөн. Угаасаа Энх-Эрдэнийн пэйж дээр хүмүүсийн санал өндөр байсан. Би тасархай байсан ч юм биш шүү дээ. Тухайн үед хүмүүст бүх зүйл хурдан болоод өнгөрсөн байх, харин надад маш удаан санагдсан. Үхэхийн өмнө амьдралын бүх мөч зурайгаад өнгөрдөг гэдэг шиг анх удаа тийм сонин мэдрэмж төрсөн. Гунихрах, баярлах, ялагдах, хүлээн зөвшөөрөх бүх мэдрэмж нэг дор төвлөрсөн дөө. Миний хувьд онцгой, нандин зүйлсийг мэдрэхийг амьдралын утга учир гэж боддог. Жишээлбэл, хүүхэдтэй болох, аав ээждээ ачлалыг нь хариулах, “оддын өвчнөөр” өвчлөх, түүнээсээ ангижрах, сул талаа хүлээн зөвшөөрөх гэх мэт олон нандин мэдрэмж бий. Үүнтэй адил ялагдаад түүнийгээ хүлээн зөвшөөрч, гар барих агшинд бүх биеэр цахилгаан гүйдэл гүйх шиг санагдсан. Энэ бол маш онцгой мэдрэмж байсан учраас алтан авдарт хийгээд хадгалмаар мэдрэмж байсан шүү. Одоо өөрөө өөртөө тэмцээн зарлана. Тэгээд түүнийхээ ялагч болохын төлөө зүтгэнэ. 

Хүмүүс үүнийг зөвхөн хөдөлмөр гэсэн утгаар харж байгаа нь өрөөсгөл санагдаж байгаа

-Өнгөрсөн ням гарагт хүмүүс хоёр тал болж, хуваагдсан. Зарим хүмүүс Таны үзүүлбэрийг авьяас биш хөдөлмөр гэж үнэлсэн. Энэ тал дээр Таны бодол ямар байгаа вэ?

-Бүжгийн хөдөлгөөн, график хоёрын цаг төлөвлөлт нарийн учраас хэцүү л дээ. Хүмүүс үүнийг зөвхөн хөдөлмөр гэсэн утгаар харж байгаа нь өрөөсгөл санагдаж байгаа. Хэчнээн хөдөлмөрлөсөн ч ийм хэмжээний үзүүлбэр гарахгүй байхыг үгүйсгэхгүй. Онгирсон юм шиг санагдах вий дээ. Гэхдээ энэ дунд ядаж нэг хувийн авьяас байгаа л гэж бодож байна. Яах вэ, надад маш олон сул тал бий. Эдгээр сул талаа давуу тал болгож чадсан гэж боддог. Сүүлийн үзүүлбэр дээр өөрийгөө долоо хувилаад тэдгээр нь бүгд өөр хөдөлгөөн хийдэг. Энэ нь бас хамтлагаа дурсаж хийсэн хөдөлгөөн. Бид нар тэмцээнд орохдоо тэр хөдөлгөөнийг хийж байсан юм. Хамгийн гол нь нэгээс нөгөө рүү шилжих хөдөлгөөнөө эвдэж бүжиглэхээр хэцүү л дээ. Яагаад гэхээр нэг хөдөлгөөн гаргах үед биед маань рефлекс болчихдог учраас дараагийн бүжгээ хийхийн тулд өмнөх хөдөлгөөнөө эвдэж байгаатай л адил. Бас үзүүлбэрийг маань үзээд гадаадынхан хийчихсэн гэсэн байр сууриас хандсан хүмүүс ч байсан. Гэхдээ би түүнд нь баяртай байгаа. Гадаадад хийж байгаа зүйлийг би хийчихлээ л гэж ойлгож байгаа. Тэр дундаа Бейонсегийн үзүүлбэртэй жишиж ярихад нь бүр баярласан. Бейонсегийн ард бүхэл бүтэн баг ажиллаж байгаа шүү дээ. Гэтэл би энэ бүхнийг ганцаараа хийж байгаа болохоор харьцуулж ярьж байгаа нь магтаал шиг санагдсан. 

-Үзэгчийн байр сууриас “Авьяаслаг монголчууд” шоуны оролцогчдоос хэний үзүүлбэр хамгийн их таалагдсан бэ?

-Анхны шалгаруулалтаар бүгд цуглаад тайзан дээр гарах номероо хүлээж байхад хүмүүсийг хараад үнэхээр биширсэн. Боломжийн үзүүлбэр бэлдэж ирсэн хэрнээ л тэднийг хараад сүрдсэн шүү. Сүүлчийн шатанд Ууган-Эрдэнийн үзүүлбэр маш сайн байсан. Яагаад гэхээр би үггүй хэрнээ хүмүүсийг уйлуулж чаддаг бүтээлд дуртай. Бүжиглэдэг болохоор ч тэгж санагддаг байж магадгүй. Ялангуяа “Wall-E” хүүхэлдэйн кинонд хоёр роботын үйл хөдлөлөөр хайр сэтгэлийг маш гоё илэрхийлсэн байдаг. Үзсэнийхээ дараа бодолд автаад “Pixar”-д ажиллаж үзэхсэн гэж мөрөөдөөд л, “inspiration” аваад үнэхээр сайхан байсан.  

-Шоунд оролцсоноор амьдралд нь нэгэн шинэ хуудас нэмсэн байх. Оролцогч дундаас хэр олон найзтай болсон бэ?

-Хагас финалд нэг группэд хамт орсон хүмүүстэйгээ маш сайхан дотно болсон. Ёстой жинхэнэ “Зуз” болсон шүү. Зарим нь миний төлөө саналаа өгчихсөн байх жишээний. Үнэхээр сайхан дурсамж. Харин сүүлчийн шатныхантайгаа сайн дотносож чадаагүй. Яагаад гэвэл графикаа хийх гээд өөр өрөөнд, компьютертэй ноцолдсоор байгаад таарсан. Нөгөө хэд маань ч гайхсан байх. 

-Зарим хүн олны танил болж, хүмүүсээр хүрээлүүлэх үед “Оддын өвчин” тусч, биеэ тоон хөөрч эхэлдэг гэдэг. Одоо Таныг Монголд танихгүй хүн бараг байхгүй. Хүндлэл, магтаал, шагнал урамшуулалд хөл алдахгүйн тулд яах вэ?

-Би тэр үеийг дайраад гарчихсан гэж боддог. Анх бүжиглэж эхлэхэд намайг сонирхох, тойрон хүрээлэх хүмүүс олширч, би өөртөө бардаж ааш зан эвдэрсэн шиг байгаа юм. Тэр үед хуучин сургуулийн найзууд маань урлагийн үзлэгт орох гээд надаар бүжиг заалгуулсан. Би заах үедээ сэтгэлээсээ хандаж байна гэж бодсон ч нөгөө хэдийгээ маазраад байхаар нь загнаад бараг зодоон болох шахсан. Нэг найз маань дагуулж гараад “Чи одоо явсан нь дээр байх аа” гэхэд л “Би юу хийчих вэ дээ, хэзээнээс ийм болчихсон юм бол” гэж бодоод газар доогуур ортлоо ичсэн. Үнэхээр намайг гэсэн сэтгэлээр болохгүйг минь хэлээд өгөх найз байсан болохоор алдаагаа ухаарсан даа. Одоо бол аль болох хүмүүсийн урмыг хугалахгүйг л хичээнэ дээ. Надад тусалсан болон нэгжээ дуустал намайг дэмжсэн олон хүмүүс байгаа болохоор тэр сэтгэлийг нь сэвтээхгүй юмсан.

“Шэтгэл, жүлх” нь юм даа

-Олон нийтийн анхаарлын төвд орсноор бүсгүйчүүдийн сэтгэлийг нэлээд татаж байх шиг. Энэ нь хосын харилцаанд сөргөөр нөлөөлж байгаа юу?

-Сөргөөр нөлөөлсөн зүйл ерөөсөө байхгүй. Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй бүгд маш сайхан хандаж байгаа. Яагаад гэхээр би зөвхөн эмэгтэйчүүдийг өөртөө татах гэж үзүүлбэрээ хийгээгүй шүү дээ. 

-Нууц биш бол эхнэрээ танилцуулна уу?

-Бид хоёр хараахан гэрлээгүй ч хамт амьдарч байгаа. Хадам аав, ээж минь ч намайг хүүгээ гээд хүлээн зөвшөөрчихсөн. Би чинь Эрдэнэтийн хүргэн шүү дээ. Эхнэрийг маань Оюун-Эрдэнэ гэдэг. Бид хоёр ижилхэн мэргэжилтэй. Намайг тавдугаар курст байхад эхнэр маань нэгдүгээр курс байсан. Хэрвээ нэг хэсэг хичээлээ орхиогүй байсан бол эхнэртэйгээ тааралдахгүй л байсан байх. Улирсан нь алдаа мэт боловч эргээд надад ололт болсон юм шиг санагддаг. Эхнэртэйгээ сургуулийнхаа компьютерийн лабораторид танилцаж байлаа. Компьютерт нь инстолл суулгаж өгч байсан юм. Танилцсанаас хойш нэг их удалгүй эхнэр минь болох хүн мөн байна гэсэн бат итгэл төрсөн. Бидний гурван жилийн ой удахгүй болно. Бид анх арванхоёрдугаар сарын 26-нд болзож байсан. Түүнийгээ ойн өдрөө гэж тооцдог. 

-Эхнэрийнх нь ямар зан чанар сэтгэлийг тань татсан бэ?

-“Шэтгэл, жүлх” нь юм даа /инээв/. Намайг юу хийдгээр минь биш хэн бэ гэдгээр нь хайрласан бүсгүй. Өмнө нь олон охидтой уулзаж байсан ч түүнийг минь гүйцэхээр хүн байгаагүй. Ер нь би охидтой танилцах, утасных дугаарыг асуух зэрэгт ичих ч юм уу сандардаггүй байсан. Харин эхнэрээсээ анх дугаарыг нь асуух гэхэд зориг хүрэхгүй, юу гэж хэлэхээ мэдэхгүй тэвдсэн шүү. Бадмаараг гээд найз маань хүртэл намайг хэзээ ийм болчихов гээд л гайхаж билээ. 

-Хэзээ аав болохоор төлөвлөж байгаа вэ?

-Бид хоёрт ярьж, төлөвлөсөн зүйл байгаа. Хүүхэдтэй болохын тулд амьдралын баталгаа чухал шүү дээ. Аав болох арай болоогүй. Эхлээд гадаадад сурч, боловсорч байгаад л аав болно доо. Жаахан оройтох л байх. 

-Таны хувьд амжилтын үндэс юу вэ?

-Наруто хүүхэлдэйн кинон дээр өөртэйгөө тулалддаг нэг анги байдаг юм. Өөрийнхөө дотор хүнтэйгээ тулалдаж байгаад сүүлдээ хэн хэнийгээ хүлээн зөвшөөрч тэврэлддэг юм. Хүн үүнтэй адил өөрийнхөө давуу болон сул талыг хүлээн зөвшөөрч тэр дундаас жинхэнэ өөрийгөө олох нь амжилтын үндэс юм болов уу. Надад ч гэсэн зожиг, дуу муутай зэрэг маш олон сул тал байдаг. Энэ сул талаа хүлээн зөвшөөрч, давуу тал болгохыг хичээдэг. Магадгүй зарим хүмүүс хүүхэлдэйн кино үздэг юм уу гэж гайхаж магадгүй “Наруто”-гийн зохиол нь “deep” шүү дээ. Гүн утга агуулгатай, гайхалтай санагддаг. 

-Хагас финалын үзүүлбэрийг чинь гадаадын томоохон цахим хуудсууд онцолж, дэлхий даяар хүмүүс үзсэн. Түүнчлэн Голландын DJ, хөгжмийн продюсер Сэм Фэлт болон бусад олон газраас хамтран ажиллах санал ирсэн гэсэн. Цаашдаа тэдэнтэй хамтран ажиллах бодол бий юү?

-Мэдээж гадаад руу явах сонирхолтой байгаа. Хаана тайзны маш гоё тоглолт болохоор байна, тийшээ л явах бодолтой байна. Голландын DJ Сэм Фэлт миний пэйж дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа бичсэн байсан. Бас Энэтхэг, Америк, Герман, Британи, Голланд, Швейцарь болон өөр олон улсаас хамтран ажиллах санал ирсэн. Шоугаа дууссаны дараа холбогдъё гэсэн хариу илгээсэн. Гэхдээ тэдгээр санал үнэн эсэхийг нь би тодорхой мэдэхгүй шүү дээ. Энэ асуудлыг “Монгол HD” телевизийнхэнтэй ярилцаж байгаад шийднэ.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
15
33
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.