Хайх зүйлээ бичнэ үү

18 мин

2 настай Туана Инжу охин эх эцгээсээ салаад Монголд ганцаараа үлдэх нь. Яагаад ийм зүйл болчихов оо?


Истанбул хотын захирагчийг сонгох сонгууль дууссаны дараа “Туркийн ардчилал амьд хэвээр байна” гэсэн нийтлэл “Foreign Policy” сэтгүүлийн цахим хуудаст нийтлэгдсэнийг дэлхий даяар оршин суугаа туркууд, ялангуяа Эрдоаны дарангуйллыг эсэргүүцэгчид баярлан хүлээж авчээ. Тэдний нэг нь Баян-Өлгий дэх “Эмпати” сургуулийн турк багш Исхак Илык. Эх орноосоо хол, сүүлийн дөрвөн жил хөл тавиагүй боловч энэ сонгуулийн дүн түүнд шууд болоод шууд бус олон талаар нөлөөлөх учраас тэр 8000 км-ийн цаанаас сонгуулийн дүнд санаа зовнин суув. 

Энэ сонгууль Турк улсыг дарангуйлалд хөтөлж буй АК нам, түүний удирдагч, Төрийн тэргүүн Эрдоаны хүч нөлөө ямар хэмжээнд байна вэ, Туркт ардчилал амь тасрах уу гэдэг олон асуултын хариу болно гаднын хэвлэлүүдэд бичсэн байв. Хоёр өдрийн өмнө явагдсан сонгуульд сөрөг хүчин Republican People’s party намаас нэр дэвшигч Экрэм Имамоглу 54%-ийн саналаар ялсан нь ардчилал, эрх чөлөөг хүсч, дарангуйллыг сөрөн олон сая туркуудын магнайг тэнийлгэж, сайн цаг дахин ирэхийн итгэл найдвар болсон аж. 

Экрэм Имамоглу Истанбул хотын захирагчийн сонгуульд хоёр дахиа ялж байгаа нь энэ. Өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд сонгууль болж, Экрэм Имамоглу эрх баригч АК намын нэр дэвшигч, Ерөнхий сайд асан Бинали Елдиримыг ялсан боловч энэ үр дүн Эрдоанд таалагдаагүй. Улмаар сонгууль будилаантай болсон гэх шалтгаанаар дахин сонгууль явуулсан юм. “Будилаантай болсон гэдэг нь АК нам ялаагүйг л хэлж байгаа хэрэг” хэмээн Исхак Илык хэлээд “Өнгөрсөн удаа дөрвөн түвшний сонгууль зэрэг явагдсан. Хот, дүүрэг, хороо, нэгжийн захирагчийг сонгохоор хүмүүс 4 нэр дугуйлж, саналын хайрцагт хийсэн. Эрх баригч нам бүгдэд нь ялагдсан. Хамгийн инээдтэй нь тэд дүүрэг, хороо, нэгжийн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрсөн хэрнээ, зөвхөн Истанбул хотын захирагчийн сонгуулийн дүнг будлиантай гэж үзсэн. Учир нь Истанбулыг алдвал тэд Туркийг алдах эрсдэлтэй болохоор тэр” гэв. 

Хэдийгээр хэрэг явдал хүслээр нь болсон ч Исхак Илыкийн санаа амрах болоогүй. Санаа амрах гэдэг үг ч энд тохирохгүй нь, жинхэнэ айдас хүйдэс түүнд болоод гэр бүлд нь, гуравхан настай охиных нь хувь заяанд бодитоор тулаад байгааг ямар үг бүрэн дүүрэн илэрхийлэх бол оо? Бяцхан охин нь эцэг эхээсээ салж, харгалзах хэн ч үгүйгээр Монголд ганцаар үлдэх хувь тавилан нүүрлэсэнд Р.Т.Эрдоан ямар холбоотой вэ? 

***

2016 оны долдугаар сарын 15 Исхак Илыкийн хувь амьдралынх нь эгэл жирийн өдрүүдийн нэг байв. Баян-Өлгийн “Улаанбаатар Эмпати” сургуульд бусдын адил амралт эхэлсэн байсан бөгөөд Исхак турк багш, казах найз хоёрынхоо хамт Дэлүүн сум руу загасчлахаар явав. Харин энэ зуур хаа хол буй төрөлх нутаг, Турк орон нь тэмцэл үймээний чимээнд түчигнэж байлаа. 

Нэг хүний ноёрхол, Р.Т.Эрдоан, түүний институцыг эсрэгүүцсэн жагсаал, төрийн эргэлтэнд хувирсан боловч бүтэлгүйтсэн гэж зарим нь хэлдэг. Энэ үйл явдлын талаар жинхэнэ оролдлого байсан, эсвэл сөрөг хүчнээ намнах жүжиг байсан гэх зэргээр одоог хүртэл маргалддаг ч энэхүү эмх замбараагүй байдлын улмаас 251 хүн амиа алдаж, 2100 хүн бэртсэн байдаг. Гэвч дараа өдрөөс нь төрийн эргэлтэнд оролцсон, зохион байгуулсан нэрийдлээр үй олноор нь буюу 40000 хүн баривчилсны дотор 10000 цэрэг, 2745 шүүгч, 15000 багш багтжээ. Эрх баригчид төрийн эргэлтийн зохион байгуулагчаар АНУ-д амьдардаг санваартан Фетулла Гуленийг нэрлэж, гагцхүү түүнтэй холбоотой гэх үндэслэлээр 160 мянган хүнийг ажлаас нь халж, 77 мянган хүнийг баривчлав. Улмаар 1999 оноос хойш АНУ-д амьдарч байгаа Гуленийг шилжүүлэн өгөхийг Америкийн талаас шаардахдаа нотлох баримт гаргаж өгч чадаагүй. Нотлох баримтгүй гүтгэлэгт АНУ-ын тал хариу үзүүлээгүй. 

Харин нотлох баримттай зүйл нь гэвэл 2013 онд Истанбулын “Gezi” паркад болсон жагсаалын дараа Эрдоаныг Гүлен шүүмжилж, улмаар Эрдоаны гэр бүл, хамаатнуудын авлига, хээл хахуулын хэргүүд нотлох баримттайгаар чөлөөт хэвлэлүүдэд гарсанд Эрдоан илтэд дургүйцэн, өс зангидсан гэдэг. 

Дэлүүн суманд амраад, буцах замд гар утасны сүлжээ ормогц эхнэрээс нь баахан дуудлага ирсэнд сандран хариу залгахдаа Исхак Илык эх оронд нь юу болоод байгаагийн сургийг анхлан дуулжээ. “Мэдээж энэ мэдээг бид цочирдон хүлээж авсан. Хурдхан гэр рүүгээ яарч, эхнэрээ тайвшруулаад тэнд болж буй мэдээ, мэдээллийг сонсож, гэр бүлийнхэнтэйгээ утсаар холбогдож юу болоод байгааг тодруулсан. Хэрэг явдал цаашдаа иймдээ хүрчихнэ гэж бодоогүйн адил эх орноосоо гараад олон жил болсон, энд гэмгүй багш хийгээд явж буй надад, миний гэр бүлд энэхүү шударга бус явдлын сүүдэр тусна гэж ерөөсөө бодоогүй” хэмээн Исхак Илык ярив. 

Түүний дээрх ярианаас “Шударга бус явдлын сүүдэр надад, миний гэр бүлд тусна гэж бодоогүй” гэдгийг тодруулъя. 

Исхак Илык 2012 онд Туркийн Нежметтин Эрбакан их сургуулийг англи хэлний багш мэргэжлээр төгсөөд, Монголд ирж “Мон Турк”, одоогийнхоор “Улаанбаатар Эмпати” сургуульд багшлахаар ирсэн. Өөрийнх нь хэлснээр Туркийн Чорум аймгийн Мэжитөчүү тосгоны залуу хөдөө орон нутагт ажиллаж, хүүхдүүдэд англи хэл заахын хэрэг тусыг мэдэхийн сацуу амьдрах орчин нь ч өссөн төрсөнтэй нь ойрхон, монгол турк хүмүүс хоорондоо ойлголцож, биенээ хүлээж авах нь сайны учир үргэлжлүүлэн Баян-Өлгийн салбар сургуульд ажилласан. Саяхныг хүртэл сэтгэл амар, санаа зовох зүйлгүй, эхнэр хүүхдийнхээ хамт багшийн ажлаа хийж байтал 2019 дөрөвдүгээр сард өөрийнх нь визийг хүчингүй болгосныг мэджээ. 

Гадаад паспортын хугацаа 2022 онд дуусах байтал ямар үндэслэлээр паспорт нь хүчингүй болсныг мэдсэнгүй. Учир нь түүнд хэрэг түвэгт орооцолдсон, бослого үймээн зохион байгуулсан, оролцсон гэх ямар ч түүх, нотлох баримт сэлт үгүй бөгөөд бүр тодруулбал, Туркэд төрийн эргэлт болсон тэр өдөр өөрийн ажиллаж амьдарч байх Монгол Улсын Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд монгол найзуудтайгаа амралтаараа загасчилж байсан багш хүн. Өнөөдрийг хүртэл түүнд ямар нэг хэрэг тохсон бичиг, шүүх цагдаагийн тогтоомж, сануулга ирж байгаагүй. “Гадаад паспорт цуцлах хүсэлт интерполоор дамжин ирдэг. Гэмт хэрэг хийсэн, оролцсон, сэжиглэгдэж буй нотлох баримтад үндэслэгдэж энэ бүхэн хууль журмын дагуу явах ёстой байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл надад тийм юм үгүй. Тийм байтал 2022 онд дуусах ёстой гадаад паспортыг маань хүчингүй болгох бичиг үйлдэж. Бослого гарснаас хойш Туркийн талаас гадаадад ажиллаж, амьдарч буй 200000 гаруй хүний паспортыг цуцласан гэх мэдээ авсан. Гэвч энэ бүхэн баттай, ноттой агаад үндэслэлгүй, хэлмэгдүүлэлт явж байгаа гэж үзээд интерпол Туркээс орж ирэх мэдээллийн урсгалыг хаасан гэсэн” хэмээн Исхак Илык хэлэв. 

Энэ бүхний зангилаа явсаар Монгол дахь Туркийн Элчин сайдын яам болон тэдний оролцоотой тусгай ажиллагааны тухай өмнөх таагүй хэрэг явдалтай яах аргагүй холбогдоно. 

Улаанбаатар дахь Турк сургуулийн багш Вейсел Акчайг 2018 оны долдугаар сарын 27-ны өдрийн 09:51 цагт Сүхбаатар дүүргийн II хорооны нутаг дэвсгэрээс үл таних хүмүүс мөнгөлөг өнгийн “Toyota Alphard” маркийн автомашинд суулган хүчээр авч явсан хэрэг гарсныг бид сайн санаж байгаа. Бүр Туркийн тусгай үүргийн онгоц Буянт-Ухаа дахь нисэх онгоцны буудалд буугаад байсны зураг, бичлэг нь интернэтээс дүүрэн олдоно. Одоо хэр нь ямар шалтгаанаар, юу болоод өнгөрсөн бэ гэдгийн тайлбар тодорхойгүй энэ үйл явдал монголчуудын тэмцэл, шаардлагын ачаар нааштай эргэж, Вейсел Акчайг Монголд авч үлдсэн билээ. Харин одоо дахин нэг турк багш, Исхак Илыкийн хувь заяа Монголд тун чиг бүрхэг болоод байна. 

Энэ жил Монгол, Турк улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болж буй. Мөн Монгол дахь Туркийн Элчин сайдын яам 2016 оны төрийн эргэлттэй холбоотойгоор энд ажиллаж, амьдарч буй турк багш нартай учир шалтгаан, баримт нотолгоогүй дайсагнаж эхэлсний гурван жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд Элчин сайд, яамны бүрэлдэхүүн солигдохдоо энд буй турк багш нартай харилцах харилцаагаа ч өөрчилжээ. 

“Улаанбаатар Эмпати” салбар сургуулиуд хоёр орны найрсаг харилцааны хамгийн том бэлгэдэл болж ирсэн. Би Монголд ирж багшлаад долоо дахь жилдээ болж байна. Энэ хугацаанд Туркээс өндөр дээд албан тушаалтан ирэхдээ, Элчин сайд солигдохдоо манай сургуулиудаар заавал ирдэг, баяр хүргэж, амжилт хүсээд явдаг байсан. Тэр ч бүү хэл бид Элчингийнхэнтэйгээ байнга уулзаж, спорт өдөрлөгүүд зохиож, бидэнд санаа тавьдаг байсан. Гэвч 2016 оноос хойш бүх зүйл өөрчлөгдсөн” гэж Исхак Илык ярьлаа. Бүх зүйл өөрчлөгдөн, дордсоныг Исхакийн 2017 онд мэндэлсэн бяцхан охинд нь төрсний гэрчилгээ гаргаж өгөөгүйгээр л жишээлж болно. 

***

Энд та Исхак Илыкийн охин Туана Инжугийн төрсний гэрчилгээг харж байна. Регистерийн дугаар бичигдэх хэсэгт урт хар зураас байгааг ч бас анзаараарай. 

Охин энд төрсөн ч Монголын иргэн биш учраас хүн амын бүртгэлд орохгүй. Жам ёсоор бол дээрх бичгийг Монгол дахь Туркийн Элчин сайдын яаманд үзүүлэн охиныхоо төрсний гэрчилгээг авч, Туркийн иргэнээр бүртгэх учиртай. Гэвч тэд хоёр жилийн хугацаанд бичиг гаргаж өгсөнгүй. Туана Инжу охин хоёр жилийн турш дэлхий дээр хаанахын ч харьяалалгүй амьдарсан гэсэн үг! 

Энэ бол байж болшгүй үйл явдал. Үүнээс үүдэн ноцтой асуудал ч үүсч болохоор байсныг Исхак Илык уйлан байж надад өгүүлсэн билээ. “Охин минь бидэнд бурханаас ирсэн бэлэг. Эхнэр бид хоёр анхны хүүхдээ хэвлийдээ алдаж байсан. Улмаар эхнэрийн маань биеийн байдлаас болоод маш хүндрэлтэй төрөх үйл явц болж, миний охин тэмцэж байж эх дэлхийд, бид хоёрын хайр сэтгэлийн бэлгэдэл болж бурханаас ирсэн юм. Таван сартайдаа охин маань дизентери өвчний оноштойгоор, Улаанбаатар хот руу яаралтай очиж, эмчлүүлэх болсон. Бид яаралтай онгоцоор нисэх болоход охин маань төрсний гэрчилгээгүй, Монголоос олгосон гэрчилгээ регистерийн дугааргүй байсан учраас охинд маань тасалбар бичих боломжгүй гэдгийг хэлсэн. Тавхан сартай, дээр нь өвчтэй охиноо 1700 км-ийг машинаар туулан хот руу авчрах нь үхэл эрсэн хэрэг. Азаар билетийн кассын ажилчид бидний учир байдлыг ойлгож, тасалбар бичиж өгснөөр охины амь аврагдаж байсан. Хэдий муу зүйл тохиолдоогүй ч гэсэн аав хүний хувьд би маш их гутарч, маш их гомдсон. Миний охин хүний орчлонд ирээд хоёр жил болсон боловч яг л сүнс сүүдэр шиг, энэ гэж гэрчлэх, иргэн гэж нотлуулах бичиг баримтгүй явж ирсэн” гэж хэлээд Исхак асгартал уйлсан. 

Монгол дахь Туркийн элчин сайдын яам өөрийнх нь гадаад пасспортыг ямар ч шалтгаангүй цуцалсны дээр охинд нь төрсний гэрчилгээ өгсөнгүй. Бүгд найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам нь сүүлийн 4 жил Эмпати сургуулийн турк багш нар, тэдгээрийн гэр бүлийнхэнд Турк төрийнхөө ямар ч үйлчилгээг үзүүлээгүй юм.  Аргагүй эрхэнд тэр самбаа гарган хөөцөлдөж байж, итгэмжлэл гаргуулан өмгөөлөгчөөрөө дамжуулж Туркээс охиндоо бичиг баримтыг энэ оны нэгдүгээр сард арайхийж гаргуулж чаджээ. 

***

Туана Инжу охин сая нэг ингэж дэлхий дээр бүргэлтэй хүн болж чадсан нь тэр. Туана гэдэг нь туркээр “хүч чадал” гэсэн утгатай үг аж. 

“Охиноо анх хэвлийдээ олсноо төрийн эргэлт болдог тэр өдөр би мэдсэн. Туркэд болж буй үйл явдлыг сонсоод сэтгэл үймэрчихсэн, дээр нь нөхөр хөдөө явсан болохоор бүр хэцүү. Тэр өдөр дотор муухайрч, толгой эргээд бие нэг л эвгүй байхаар нь сая дуулсан мэдээнээс болж бие муудав уу, эсвэл ахиад жирэмсэн болсон биш байгаа гэхчлэн элдвийг бодсон. Хоёр дахь таамаг маань зөв байж, үнэхээр л би жирэмсэн болсон гэдгээ тэгэхэд мэдсэн” хэмээн охины ээж Муневвер Илык хэлээд “Өмнө нь хэвлийдээ үрээ алдаад итгэл найдваргүй, зориг тэмүүлэлгүй хэцүүхэн байхад охин маань энэ дэлхийн хамгийн том баяр, аз жаргал, бас амьдрах, тэмцэх хүч болж ирсэн учраас бид Туана гэдэг нэрийг сонгосон” гэв. 

Харин Инжу гэдэг нь “сувд” гэсэн утгатай. Туркийн төрийн эргэлт хил хязгаар, хэмжээ дамжаагаа алдаж, турк сургуулийн багш нарыг хулгайлахыг хулгайлж, бичиг баримт цуцлахыг нь цуцлан эх орон руу нь албадан явуулж эхэлснээс гадна энд, Монгод Вэйсел багшийг хулгайлахыг завдсан нь аюулын харанга болж, Монголд ажиллаж байсан турк багш нар цөм явцгаасан. Хүний нутагт хөл хүнд, харж хандах хүнгүй хэцүүдэж байх үед нь бүхий л цаг хугацаанд асарч, хажуу дэргэд нь байсан казак эмэгтэйгээс нэр хайрлахыг хүсэхэд “Инжу” нэрийг өгсөн гэдэг. 

“Манайхаар орж гарах турк багш нар явцгааж, хашаан дахь нохой, тэжээвэр шувуутайгаа бид тав л өдрийг бардаг болсон. Вейсел Акчай багшийн хэрэг явлаас хойш бид гадуур хамаагүй явахаа ч больсон. Охин маань хамт тоглох найзгүй, бид хоёроос өөр хүний бараа бараг хардаггүй. Эх орондоо очих аргагүй болсон учраас хоёр талын эцэг эх, хамаатан садантайгаа охиноо уулзуулж чадаагүй. Бид видео дуудлага хийж л холбогддог. 

Миний охин их найрсаг, сайхан сэтгэлтэй хүүхэд. Хэдий биеэр уулзаж учирч үзээгүй ч гэсэн интернэтээр холбогдоод, видео дуудлага хийгээд “Энэ бол чиний эмээ, энэ бол чиний өвөө” гэж хэлэхээр утасны дэлгэц очоод л үнсдэг... (уйлав). Охин минь миний талын анхны зээ, эхнэрийн минь гэр бүлийнх хувьд анхны ач нь юм шүү дээ...” гэж Исхак Илык хэлээд охиноо үнсэв. Аав ээж нь биечлэн уулзаагүй, тэврээгүй, үнсээгүй зээ охиноо зүүдэллээ гэхийг сонсох түүнд хамгаас хэцүү байдгийг тэр хэлж байлаа. 

Ээж аав нь “энд” гээд хуруугаа хацартаа хүргэмэгц тэр тоолонд үнсээд, бяцхан гараараа тэврэхийг нь харж суухдаа хэнд ч гэмгүй энэ жаалхан хүүхэд хүртэл улс төр, утгагүй хардалтын золиос болсныг төсөөлөх надад ч хэцүү байлаа. Учир нь түүнд Монгол дахь Туркийн Элчин сайдын яам гадаад паспорт гаргаж өгөхгүй байгаа. Үүнээс гадна... Хамгийн эмгэнэлтэй нь энэ гэр бүлийн гурван гишүүн эргэж уулзахгүй салахад хүрээд байна. 

  • Исхак Илыкийн Монголд оршин суух зөвшөөрөл энэ сарын 30-наар буюу 2019.06.30-нд дуусгавар болж байгаа. Туркийн тал түүнийг 2022 онд дуусах гадаад паспортыг хилсээр, бас хууль бусаар буюу тодорхой шалтгаангүйгээр хүчингүйд тооцсоноос болж дээрх хугацаа дуусмагц Турк руу албадан хүргэгдэнэ. Хилсээр буцаагдсан олон мянган багш нарын адил тэр шоронд орох нь бараг тодорхой. 
  • Исхакийн эхнэр Муневвер Илыкийн Монголд оршин суух зөвшөөрөл мөн адил энэ сарын 30-наар буюу 2019.06.30-нд дуусгавар болно. Түүний гадаад паспортыг цуцлаагүй болохоор Туркийн иргэн визгүй зорчиж болох аль ч улс руу явж болно. Харин Монголд оршин суух зөвшөөрөл сунгагдахгүй учраас тэр үлдэж болохгүй. 
  • Харин хоёр настай Туана Инжу охинд гадаад паспорт олгохгүй байгаагийн улмаас тэр Монголоос гарч чадахгүй. Тэр энд ганцаар үлдэнэ. 

Энэ гэр бүлийн хувь заяа ийм нэгэн эмгэнэлтэй салаа зам дээр ирчихээд байна! 

Ийм хувь заяа тулахад манай талынхан оролцоогүй гэх баталгаа үгүй. 2016 оны сүүлээр Турк-Монголын Парламентын Найрамдлын бүлгэмийн дарга Мехмет Эрдоган Монголд ирэхдээ урьд өмнө үзэгдэж сонсогдоогүй их хэмжээний буцалтгүй тусламж амлаж, олон бүтээн байгуулалт хийх тухай яриад буцахдаа Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Турк сургуулиудын үйл ажиллагааг зогсоохыг хүссэн тухай мэдээлэл “Өнөөдөр” сонинд гарч байв. Мөн үүний дараахан болсон Вейсел Акчайг хулгайлах ажиллагаанд Монголын хууль, хүчний байгууллага хамтарсан уу, яагаад тусгай үүргийн онгоц Монголын хилээр нэвтэрсэн бэ гэдгийн хариу ч тодорхой болоогүй билээ. 

Туркийн Засгийн газар үндэслэлгүйгээр иргэдээ гадаад улсаас хулгайлж, нотолгоогүйгээр бичиг баримтыг нь хууль бусаар цуцалсан мэдэгдэл дураар гаргаж байгаа нь зөвхөн Монголд болж буй явдал биш. Дээр дурдсанчлан 200000 гаруй жишээ бий. Бичиг баримтын зөрчилгүй, хэрэг түвэгт орооцолдсон ямар ч түүх намтаргүй, хугацаа нь дуусах болоогүй гадаад паспортыг зөвхөн Монгол дахь Туркийн Элчин сайдын яамны нотолгоо, үндэслэлгүй цуцласан гэх бичигт баригдан хилээр гаргахгүй байгаа нь ямар учир шалтгаантай гэх вэ? Угтаа баримт нотолгоогүй бичгээр бид ажилладаггүй, Монгол Улс өөрийн гэсэн хуультай, ардчилсан, тусгаар улс гэж үзээд энэ гэр бүлийг гаргаж болно. Бид Вейсел Акчай багшийг аварч үлдэж чадсан шигээ энэ гэр бүлийг аврах боломжтой. 

Вейсел Акчай өдгөө Монголоос явсан. Түүний гадаад паспортыг мөн хүчингүйд тооцсон байсан аж. “Вэйсел Акчайг хилээр гаргахгүй байх шалтгаан байхгүй” гэсэн бичиг прокуророос ирсний дагуу цуцалсан” хэмээн тухайн үед Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн мэдэгдэж байсан билээ. 

***

“Яг одоо хууль журмын дагуу таны болоод танай гэр бүлийн хүсч буй зүйл юу вэ?” гэж намайг асуухад “Хэрэв ийм хэрэг явдал болоогүй бол бид Монголд үлдэх байсан. Энд би 7 жил ажиллаж, олон шавь нартай болсон. Залуухан намайг халуун дотноор хүлээн авсан Монгол орныг би эх оронтойгоо адилхан үздэг. Тав, арван жил болоод буцна гэдэг ч юм уу тийм төлөвлөгөө надад байгаагүй. Би эх орондоо амралтаараа, шаардлагатай үед очоод, гэхдээ энд гэр бүлээрээ ажиллаж, амьдрах байсан. Гэвч бидний санаснаар бүх зүйл болсонгүй. Тийм учраас одоогийн нөхцөл байдалд бидний хүсч буй зүйл гэр бүлээрээ, хамтдаа өөр улс руу явахыг хүсч байна. Түрүүн хэлсэнчлэн Элчин сайдын яамнаас ийм гэх үндэслэл, тийм гэх нотолгоогүйгээр гадаад паспортыг маань цуцалсанд үндэслэн Монголын хилээр бид хамтдаа гарч чадахгүйд хүрчихээд байгааг монголчууд, Монголын холбогдох байгууллагууд ойлгож, хүлээж аваад бидний хүн ёсоор, нэр төртэйгөөр явуулахыг хүсч байна. Эх орон минь надад хилс хэрэг тохож, ялд унагаж, намайг болон хоёрхон настай охинд маань гэмт хэрэгтэн шиг, ялтан шиг хандаж байгаа ч Монгол Улс бидэндтэй хүний ёсоор хандаж, эндээс элэг бүтэн, гэр бүлээрээ гарахад минь туслаасай гэж хүсч байна. Турк улсын иргэд визгүй зорчдог олон улс бий. Бид гэр бүлээрээ тэдгээрийн аль нэг рүү дүрвэхээс өөр аргагүй тийм л хэцүү байдалд байгаа” гэсэн юм. 

Одоо тэд Баян-Өлгийгөөс Улаанбаатар хотод ирээд байгаа. Хэрэг явдал хэрхэхийг мэдэхгүй энэ гэр бүл бяцхан охиноо тэврээд Монголын тал Вейсел Акчай багшийг авч үлдэж, мөн бичиг баримтыг нь шалтгаангүй, хууль бусаар цуцалсныг хэрэгсэхгүйгээр гаргасантай адилхан азтай хувь тавилан тохиож, гэр бүлэээрээ эндээс явах азтай хувь тавилан тохиогоосой гэж залбираад сууж байна. 

“Хэзээ нэгэн цагт эх оронд минь сайхан цаг ирж, хууль, шударга ёс үйлчилдэг цаг ирэхэд би Элчин сайд болон биднийг хавчин гадуурхсан, хэлмэгдүүлсэн бүхэнтэй шүүхдэнэ. Хоёрхон настай охиныг минь хүртэл гэмт хэрэгтэн шиг үзсэн энэ муухай хэргийг би хэзээ ч уучлахгүй”. 

***

Тэд одоогоор Монголын Хүний эрхийн комисс, Гадаад хэргийн яам, Хууль зүйн яам, болон Гадаадын иргэн харьяатын газруудад учир байдлаа хэлж, хүсэлт гаргасан боловч өдийг хүртэл ямар нэгэн шийдвэр гараагүй байна. Мөн НҮБ-д хүсэлт тавьсны дагуу паспортыг цуцалсан 8 багш болон гэр бүлийн гишүүдэд нь “Asylum seeker certificate” олгож, дээр нэр нь дурдагдсан эрх бүхий байгуулагуудад эдгээр 8 хүнийг Турк улсад хүлээлгэн өгөхгүй байх талаар албан хүсэлт, шаардлагыг хүргүүлээд байгаа аж.

ЗурагТайлбар





“Asylum seeker certificate” нь НҮБ-ын хамгаалалтад байгааг илэрхийлдэг, олон улсад хүчин төгөлдөр маш чухал бичиг баримт юм. Монгол Улс хүний эрх, эрх чөлөө дээдэлдэг, НҮБ-аас гаргасан хүний эрхийн акт, олон улсын гэрээ, конвенцийг хүлээн зөвшөөрдөг орон гэж бодож явдаг учраас би болон бидний 8 багшийг Турк улсад хүлээлгэн өгөхгүй гэдэгт итгэж байгаа” гэж Исхак Илык хэлсэн билээ. 

холбоотой мэдээ
1
2019.11.13
“Нар мандахаас өмнө” гурвал бүтээлд бид хэрхэн тоглосон бэ
2
2019.11.04
Хүн-хулгана, хүн-гахай, хүн-сармагчин буюу генетик инженерчлэлийн гэрэл, сүүдэр
3
2019.08.21
Холдох тусмаа гэрэлтэнэ
санал болгох
1
2 цагийн өмнө
Интернетээр шүүмжлүүлснийхээ дараа киноны дүрээ дахин бүтээж, шинэ трейлер цацжээ
2
2 цагийн өмнө
Хоёр өөр амьдралыг нэг зурагт багтаасан "хамгийн хүчирхэг" 24 гэрэл зураг
3
3 өдрийн өмнө
Энэ 7 хоногийн ТРЭНД сэдвүүдийн тухай ХӨГЖИЛТЭЙ 8 пост, meme

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
2
2
3
265
9
9
4