Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Агаарын бохирдлын хохирогчид ийн ярьж байна

Агаарын бохирдлын хохирогчид нь ихэвчлэн хүүхдүүд байх ба ховор бас холын санагддаг байсан түнхний мултрал тэргүүт өвчнүүд нэмэгдсэн байгааг ээж, аавуудын яриа батална


Утааны эсрэг ээж, аавуудын жагсаал Сүхбаатарын талбайд боллоо. Агаарын бохирдлын хохирогчид нь ихэвчлэн хүүхдүүд байх ба ховор бас холын санагддаг байсан түнхний мултрал тэргүүт өвчнүүд нэмэгдсэн байгааг доорх ярианууд батална. Дэргэд минь тоглох жаахан үрс ховор, хол санагддаг байсан аймшигт өвчнүүдээр байнга өвдөх болжээ. 

Г.Хонгорзул: Бензин тосоо үрж, хотоос гарч байж агаар амьсгалдаг хотод амьдармааргүй байна

Миний охин 2009 оны 12 дугаар сарын 31-нд төрсөн. Төрөхийн өмнөх гурван сард утаагаар амьсгалсан гэсэн үг. Ингээд манай хүүхэд түнхний мултралтай төрсөн. Үндсэн шалтгаан нь утаа, агаарын бохирдолтой холбоотой дутуу хөгжил гэж эмч нар тайлбарласан. Миний охин одоо 7 настай боловч, нэгдүгээр ангид сурдаг. 

Түнхний мултралтай учраас үеийн хүүхдүүдээс нэг жилийн хойно цэцэрлэгт орсон. Мөн л сургуульд хожимдож орж байна. Гэртээ байсан учраас хэл ярианы хөгжил бусад хүүхдээс хоцорсон байна. Тиймээс утааны эсрэг жагсаалд оролцохоор шийдсэн. 

Хүүхдээ агаарт гаргахын тулд долоо хоногт хоёр удаа хотоос гадагшаа гардаг. Бензин тосоо үрж, хотоос гарч байж агаар амьсгалдаг хотод амьдармааргүй байна шүү дээ. 

Он гарснаас хойш 435 хүүхэд хатгалгаа тусч нас барсан гэсэн мэдээг сая сонслоо. Миний хүүхэд ч тэдэнтэй ижил өвдөөд байж байх байсан болов уу гэж бодохоор сэтгэл эмзэглээд, гол зурж байна. Баруун хойноос чигтэй ирж буй утааг, тэнд байгаа айлуудыг нүүлгэх эсвэл орон сууцжуулах ямар нэг шийдэлд хүрээсэй гэж бодож байна. 

Г.Хонгорзул, 30 настай, нэг охинтой ээж 

Б.Пэрэнлэйдамба: Гэрт хүртэл маш их утаатай байдаг учраас хоолой хорсоод, унтаж чаддаггүй 

Манай гэр Сонгинохайрхан дүүргийн “Содон” хороололд байдаг юм. Тав болон гурван настай хоёр хүүхэдтэй. Хүүхдүүдийн ханиад томуу нь хатгалгаа болсон хүндрэл хараахан алга. Гэхдээ утаанаас болж хоолой нь хорсоод ханиалгаад байдаг. Манай тэр хавийнхан сайн мэднэ дээ. Гэрт хүртэл утаа орж ирдэг. Заримдаа миний ч хоолой хорсож, ханиалгаад унтаж чаддаггүй.  
Манай тойргоос Э.Хулан буюу УИХ-ын дарга М.Энхболдын охин иргэдийн төлөөлөгч болсон. Ц.Сандуй бас манай тойргийнх шүү дээ. Тэд яагаад Сонгинохайрхан дүүрэгт амьдарч болдоггүй юм бэ? Хэрвээ манай гэрийн ойролцоо хүүхдүүдтэйгээ долоо хоног амьдарвал бидний зовлонг түвэггүй ойлгох байх. 

Б.Пэрэнлэйдамба, 27 настай, хоёр хүүхдийн аав

 

Г.Амаржаргалан: Хожим яаж ээж болно доо гэж санаа зовдог 

Нярайн эндэгдлийн тухай аймшигтай статистик мэдээг сонсоод хожим яаж ээж болно доо гэж санаа зовсон. Нөхөрт гарч, хүүхэдтэй болж амжаагүй байгаа ч Улаанбаатарын утаа энэ чигээр үргэлжилбэл эрүүл амьдрах баталгаа үнэхээр алга.  

Миний хувьд утаанаас болж харшилтай болсон. Хоолой аргаж, ханиалгадаг. Бас арьс их эмзэг, хуурай болсон. 

Г.Амаржаргалан, 22 настай


Д.Цолмон: Эрчим хүчний тарифын хөнгөлөлтийг 08.00 цаг хүртэл сунгавал хүүхдүүд хичээлдээ явахад утаа багасна

Манай ач, зээ хоёр цэцэрлэгт явдаг. Утаанаас л болдог байх. Ханиад салахгүй тусах юм аа. Цэцэрлэгийн анги нь 70 хүүхэдтэй гэсэн. Дан ганц утаа ч гэлтгүй цэцэрлэгийн ачаалал асар их байгаагаас болж хүүхдүүд ханиад, хатгалгаа их тусдаг болов уу. 

Миний бодлоор өглөөний 06.00 цаг хүртэл хямдруулдаг эрчим хүчний тарифын хугацааг 08.00 цаг болгомоор санагддаг юм. Үүрээр босоод л айлууд гал түлэх цагт мөнөөх цахилгааны хөнгөлөлт байхгүй болчихдог шүү дээ.

Д.Цолмон, 56 настай эмээ. Нэг ач, нэг зээтэй


Д.Доржманлай: Бронхиттой учраас яалт ч үгүй шүлсээ гудамжинд хаядаг. Үүнээсээ их ичдэг

Би өдийг хүртэл тамхи татаж яваагүй ээ. Манай гэр Баянбүрдийн урд байдаг юм. Ингэж хэлэхээр ямар их утаатай газарт амьдардгийг минь Та ойлгож байгаа байх. Утаанаас болж би бронхиттой болсон. Өвөлжингөө л ханиалгаад, цэр гардаг. 

Үнэндээ гэрийнхээ гадаа, амьдарч буй хотдоо, гудамжинд шүлсээ хаяхыг хэн ч хүсэхгүй. Бронхиттой учраас яалт ч үгүй нус, шүлсээ гудамжинд хаядаг. Үүнээсээ их ичдэг. 
Надаар ч зогсохгүй гурван настай манай хүүхэд бронхиттой болсон. Бид хоёр байнга шахуу утлагын аппратад эм хийж утуулдаг. 

Гэртээ утлагын аппарат авъя гэж төлөвлөсөн юм. Тэгтэл хямралаас болж ам.долларын ханш чангараад, мөнөөх утлагын аппарат нь өмнөх жилээс 200 мянган төгрөгөөр үнэтэй болсон байна билээ. Одоо хүртэл утлагын аппратаа авч чадаагүй л байна. 

Дүүргийн эмнэлэгт очиж утлага хийлгүүлдэг. Гэхдээ ачаалал нь дийлдэхгүй олон хүнтэй байдаг юм. Хувийн эмнэлэгт 10 мянган төгрөгөөр нэг удаагийн утлага хийдэг. 

Д.Доржманлай,  34 настай, хоёр хүүхдийн аав 


Б.Хүрэлээ: Хүүхдүүдийн цэцэрлэг, сургуулийн цагийг өөрчлөхгүй бол хамгийн хортой үед хичээлдээ явж байна 

Манай гэр 100 айлд байдаг учраас маш их утаатай нөхцөлд амьдарч байна. Эхнэр бид хоёр архи, тамхи хэрэглэдэггүй. Гэтэл миний охин төрөхдөө л гуравдугаар зэргийн түнхний мултралтай төрсөн. Үндсэн шалтгаан нь ерөөсөө л утаа. 

Үүнээс гадна намраас хойш ханиадгүй байсан үе алга. Хамгийн ихдээ долоо хоног л ханиадгүй байдаг. Нус нь гоожсоор байгаад гаймориттай болох шинжтэй байна. 

Хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгийн цагийг өөрчлөх хэрэгтэй санагддаг. Үүрээр айлууд гал түлж эхэлдэг. Харин утаа агаарт цацагдаж байгаа тэр үед хүүхдүүд цэцэрлэг, сургуульдаа явж байна. 

Б.Хүрэлээ, 38 настай, нэг хүүхдийн аав

Ч.Энхбаяр: Намайг залуу байхад тонустай жирэмсэн эмэгтэй тийм ч олон байгаагүй санагддаг 

Манай гэр бидний нэрлэж заншсанаар 3, 4 дүгээр хороололд байдаг юм. Манай хороолол битүү утаатай. Би энэ сард БНСУ-ын Сөүл хотод байж байгаад гэртээ ирсэн юм. Гэртээ ирсэн эхний шөнө унтаж чадахгүй, хоолой хорсоод хэцүү байсан шүү. 

Манай ажлын эмэгтэйчүүд жирэмсэн болсныхоо дараа бүгд л тонустай болчихлоо гэж хэлдэг. Намайг залуу байхад тонустай жирэмсэн эмэгтэй тийм ч олон байгаагүй санагддаг. Утаанаас л болоод тонус өгч, дутуу төрөх эрсдэлтэй болдог юм шиг байна билээ. 

Үнэндээ гаднын орнууд шиг цаг нарийн баримталдаг метротой болчихвол Багануур эсвэл Налайх руу нүүмээр санагддаг. Хотын төв хэсэгт бүгд шавснаас болж, утаа гамшиг болж байна гэж боддог. 

Ч.Энхбаяр, 47 настай, хоёр хүүхдийн аав 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.10.24
Фото сурвалжлага: Shiseido-гийн нүүр будалтын бүтээгдэхүүн дахин төрж ТЭСРЭЛТ ХИЙЛЭЭ
2
2018.10.24
Монголын дээд боловсролын салбарт япончууд 5 ТЭРБУМ төгрөгийн буцалтгүй тусламж үзүүллээ
3
2018.10.04
Оюуны ялгаатай хөгжилтэй хүмүүс ажилладаг кофе шоп нээгджээ
санал болгох
1
6 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
46
34
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.