Хайх зүйлээ бичнэ үү

“Ягаан дэвтэр” нь дуусчихсан гурван сартай хүүхэд хүртэл байгаа тухай О.Ундрам хэлж байна. Хүүхдээ өвдсөн үед өрхийн эмнэлэг рүү бариад гүйдэг 50 орчим хуудастай “Ягаан дэвтэр” эмчийн гарын үсэгтэй эмийн жороор дүүрсэн байна гэдэг...

“Би гурван хүүхэдтэй ээж хүн. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд миний хүүхдүүд 10 удаа эмнэлэгт хэвтэж, бухимдал, цөхрөл дээд цэгтээ тулсан. Ээж нь ямар арчаагүй юм бэ гэхээс илүүтэй хүүхдүүдийн уушиг антибиотик тарихгүй л бол сэхэл авахаа больж, дархлаагүй болсон байгааг Та бүхэн анхаарах хэрэгтэй байна” гэж ярих энэ эмэгтэйг О.Ундрам гэдэг. Тэрбээр Сүхбаатарын талбайд өнөөдөр болсон “Утааны эсрэг ээж, аавууд”-ын жагсаалыг зохион байгуулагчдын нэг юм. 

О.Ундрам энэ сарын 18-нд өөрт тохиолдсон дээрх гунигт түүхээ фейсбүүк хуудастаа хуваалцаж, жагсаал зохион байгуулах саналаа бичжээ. Тэгтэл хоёр өдрийн дотор мөнөөх постыг 12 мянган хүн шэйрлэж, хуваалцсан байна. “Надтай ижил бодолтой, адил зовлонтой олон мянган ээж, аав байгааг ойлгосон” гэж тэр хэлсэн юм. 

-Хатгалгаа туссан хүүхдийн тоо эрс өсөж, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байгаа тухай хаа сайгүй ярьж байна. Та хүүхдээ тэврээд олон удаа эмнэлэгт хэвтжээ. Эмнэлгүүдийн бодит дүр төрх ямар байна вэ? 

-Хамгийн сүүлд энэ сарын дундуур хүүхдээ сахиж, Эх нялхаст эмнэлэгт хэвтлээ. Хүчил төрөгчийн аппарат хүүхэддээ зүүлгэх тийм ч хүсмээр юм биш. Үнэндээ Эх нялхас болон дүүргийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байна шүү дээ.

Намайг аравдугаар сард хүүхэдтэйгээ эмнэлэгт хэвтэхэд корридорт шалан дээр хэвтүүлж байсан юм. Харин одоо шалнаас шат руу шилжсэн байна билээ. Үүгээр ч зогсохгүй нэг орыг дөрвөн хүүхэд хувааж хэвтдэг гээд бод доо. Хүүхдээ сахиж байгаа эцэг, эхчүүд 10-20 минутын зайтай ээлжилж шалан дээр унтаж байна. 

Гэхдээ эмч нар болон манай эрүүл мэндийн салбарынхан шуурхай, сайн ажиллаж байгааг хэлэх хэрэгтэй байх. Анагаахын оюутнуудаар туслуулахаас эхлээд резидент эмч нар ч ажиллаж байна билээ. Мөн тэтгэвэрт суусан настай эмч нарыг ч гэрээс нь авчирсан байгаа харагдсан. 

-Хүүхдээ сахиж байнга эмнэлэгт хэвтэхийн хүндрэлтэй тал нь юу вэ? 
-Санхүүгийн талд нэлээд хүндрэлтэй шүү дээ. Эм, тарианы үнэ өндөр. Мөн хүүхдээ сахиж эмнэлэгт хэвтэж байгаа учраас цалин мөнгө ч байхгүй болдог. Давхар давхар санхүүгийн хүндрэлд өртдөг гэсэн үг. Нөгөө талаас хүүхдүүдийн өвчлөл нэмэгдэж, тэднийг гэртээ харж байгаа хүний тоо олшрох тусам ажлын бүтээмж тэр хэрээр буурч байгааг бүгдээрээ харж байгаа байх. 

-Та олон удаа эмнэлэгт хүүхдээ сахиж хэвтжээ. Дунджаар нэг удаа эмнэлэгт хэвтэхэд хэчнээн төгрөгийн зардал гардаг вэ? 

-Нэг хүүхдийг долоо хоног эмнэлэгт хэвтүүлэхэд дунджаар 300 мянган төгрөгийн зардал гардаг. Гэртээ харьсны дараа ч үргэлжлүүлэн эмчилгээ хийдэг юм. Дархлал сэргээх бэлдмэлээс эхлээд дунджаар 80 мянган төгрөг эм, тарианд дахин зарцуулдаг. 

Мөн хүүхэдтэйгээ эмнэлгээр явсан ээжүүд өөрсдөө ч хатгаа тусах нь элбэг байдаг нь ажиглагдсан. Дахиад л эм авна. Ингээд нэг хүүхэд хатгаа тусахад 500 гаруй мянган төгрөгөөр эмчлүүлж байна гэсэн үг. Манайх шиг олон хүүхэдтэй айл бие биенээсээ ханиад авах нь элбэг учраас байнга л ханиад дунд амьдарч байна.

Дашрамд хэлэхэд,  Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил 40 мянган хүүхэд эмнэлэгт хэвтэж, эмчлүүлсэн тухай статистик байдаг юм билээ. Тэгэхээр аав, ээжүүд өнгөрсөн онд дунджаар 76 тэрбум төгрөгөөр үр хүүхдээ эмчлүүлсэн байх нь. 

-Холбооныхон Засгийн газарт шаардлага хүргүүлсэн үү. Та бүхэн утааг багасгах ямар шийдэл санал болгож байгаа вэ? 

-Жагсаал болох сургаар хэд хэдэн шийдвэр Засгийн газраас авч эхэлсэн байна билээ. Гэхдээ бидэнтэй холбоо бариагүй ээ. Бид ч Засгийн газарт хандаагүй байна. “Утааны эсрэг аав, ээжүүд”-ийн жагсаал болох сургаар биднийг хардаж эхэлсэн. Тиймээс шийдэл санал болгож чадахгүй. 

-Яагаад?

-Улстөрчдийн зохион байгуулж буй жагсаал гэж яриад, хардаад байгаа учраас бид Засгийн газарт шийдвэрлэх санал хэлэхээ больсон. Зөвхөн агаарын бохирдлыг эсэргүүцэж байгаа тухай шаардлага хүргүүлэхээр болсон. 

-Утааны эсрэг өөр ажил хийх үү?

-Утааны эсрэг жагсаал зохион байгуулахаас өмнө ээжүүдээс “Ягаан дэвтэр”-ийн судалгаа авсан юм. Нярай буюу 0-оос нэг ой зургаан сартай 46 хүүхдийн “Ягаан дэвтэр” надад байна. Энэ хүүхдүүдийн “Ягаан дэвтэр” нь эм бичсээр байгаад бүх хуудас нь дуусчихсан байна билээ. “Ягаан дэвтэр” нь дуусчихсан гурван сартай хүүхэд хүртэл байна шүү дээ. Энэ хүүхэд цаашдаа яаж амьдрах талаар төсөөлөл ч надад алга. 

-Ямар аймшигтай хэрэг вэ. “Ягаан дэвтэр” 50 орчим хуудастай биз дээ? 

-Тийм.

-Бага насны хүүхдүүдийг агаарын бохирдлоос хэрхэн хамгаалах тухай зөвлөгөө төдийлэн байдаггүй. Холбооноос энэ талаар ажил хийх үү?

-Манай холбоо цаашдаа хоёроос гурван жилийн төлөвлөгөө гаргаад, үе шаттай ажиллахаар болсон. Зөвлөгөө, мэдээлэл өгнө байх.    


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
45
40
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.