Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Амьдралоги: Хачин жигтэй хүүхэн


“Андрологи” гэв үү хэмээн эндүү сонсогдож мэдэх нэртэй нэгэн кино нээлтээ хийлээ. Уг киноны нэр уг нь “Амьдралоги” юм, яг ийм үг монгол хэлний санд огт байхгүй ч амьдрал судлал, амьдралын хичээл гэж ойлгож болох. Энэ киног үзээд амьдралын хоёрдугаар хагасын тухай, залуу нас, дунд үеийн тухай хөнгөн инээдтэйгээр эргэцүүлж бодох ч,  Монголын орчин цагийн кино дэлгэцэнд яах аргагүй “ундралоги” хэмээх нэгэн судлагдахуун буй болжээ гэх хүчтэй сэтгэгдэл төрөв. “Амьдралоги” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Г.Ундармаа энэ удаа ажилдаа өмсдөг ганц ээлжийн хувцастай, гангалахаараа өмсөх юм маруухан, будаж шунхаддаг ч үгүй, тэгсэн атлаа өөртөө болон эр нөхөртөө эр бар нэгэн эмэгтэйн дүрийг бүтээлээ. Монголын бараг айл болгонд нэгийн зэрэг байж л байдаг 40 гаруй насны бүсгүй. Энэ эмэгтэй бол эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо голлодог Монголын нийгмийн өдөр тутмын амьдралын гол дүр учраас үзэгчдэд ээж, эгч, магадгүй эхнэр шиг нь танил дотно, басхүү улиг домог мэт санагдах тул энгийн, эсвэл яльгүй чадвар дутмаг жүжиглэлтээр амьдруулбал маш уйтгартай ч болж мэдэх “осолтой” баатар байлаа. Тиймээс Г.Ундармаагийн нүүр хувирал, сэтгэл зүйн драм илэрхийлэл, хөдөлгөөний эвсэл, мэдээж түүний нэрийн хуудас болсон хошин өнгө аяс “Амьдралоги” киноны гол дүрийг өөр нүдээр шимтэн сонирхох чимэг болов.          

Г.Ундармаагийн эрхэлдэг “U Film” кино продакшны дөрөв дэх бүтээл эзэгтэйгээ “нүцгэлэх” сайхан оролдлого хийжээ. “Сингл лэйдиз” цувралаар танигдсан ганц бие, элит хороололд амьдардаг, ганган машинтай, гоё оффис, моодны ресторанаар эргэлдэгч дэгжин нь дэндсэн хатагтайг “Амьдралоги” кино автобусан унаатай, ажил-гэр гэсэн цомхон маршрутаар аялагч, тэгээд цонхонд нь шантгар хамраа наачихаад хээвнэг гиюүрдэг, самбарын урд зогсоод чанга дуугаар хичээлээ заадаг багш болгов. Ундармаа багш ээж, нөхөр, охинтойгоо амьдардаг. Гэр бүл салах өргөдлийг нь хэлэлцээд, эвлэрэх хугацаа олгохоор шийдвэрлэж буй шүүх хурлаас кино эхэлнэ. Энэ шийдвэр арга саамгүй, элдэв зангүй “уйтгартай” нөхөрт нь баярын мэдээ шиг сонсогдож, харин түүнээс залхсан Ундармаа хамаг үрчлээсээ атируулан уурсах нь тэр. Ундармаагийн нөхөр Сэтгэлсайхан эрдэм шинжилгээний ажилтан бөгөөд сүүлийн 18 жилийг нэг л туршилтан дээрээ гацан өнгөрүүлж, байдаг цалингаа үүндээ л барж буй бүтэлгүй амьтан. Уг нь тэр 20 жилийн өмнө их сургуулиа улаан дипломтой төгсчихсөн, сэгсийсэн үстэй, зодолдож байгаа хоёрыг салгахаар ноцолдоход тэр үс нь айхтар хүчтэй сэгсэлзэх бөгөөд чухам ийм л шалтгаанаар Ундармаа анхны харцаар учиргүй дурласан сайхан залуу явсым. Даанч... 20 жил өнгөрчихсөн, амьдрал нь хоёрдугаар үеийн адармаат хямралд идэгдчихсэн. Бас лабориторио дэлбэлчихээд ажлаасаа халагдсан. Ундармаагийн оронд хэн ч түүнтэй хамт амьдарсан салчихмаар санагдах л байсан. Болоогүй ээ, ажил хайж яваад орой нь орж ирэхдээ яг ажилд орчихсон юм шиг халзан толгойтой нүүрээ дүүргэн ярзайтал инээгээд ороод ирэхийг яана. Хүлээсэн хүний уур хүрнэ биз дээ.

Сэтгэлсайхан нэг юм шинэ ажил олтол тэр нь эхнэрийн багшилдаг сургуулийн хамгаалалтын алба байх бөгөөд хоёул ганц бие царайлна. Сургуулийн захирал эмэгтэйд 90-ээд оны Монголын театрын хамгийн халуухан бүсгүй болох жүжигчин О.Энхтуул тоглосон бөгөөд хараахан хань ижлээ олоогүй энэ бүсгүйн харцыг бүтэлгүй нөхөр Сэтгэлсайхан булааж, юу юугүй салах гэж байсан Ундармаа багшийн сэтгэл мэдрэл, эрч хүчийг нэгмөсөн шавхана даа. Хачин жигтэй хүүхэн болчихно.

Г.Ундармааг “Амьдралоги”-оос хараарай, тэр 45 насандаа яг л 15 настай охин шиг яаж тийм гэнэн томоогүй, адтай, жигтэй хачин байж чаддаг юм. Сургуулийн хонгилоор дурласан хөвгүүнийхээ гараас хөтлөөд амьдралын хоёрдугаар хагасын хямралаасаа зугтаж, дээр дээр үсрэн хаашаа ч хамаагүй гүймээр санагдтал... Г.Ундармаа “Амьдралоги” киногоороо өөрт буй бүхнээ бүрэн харуулаагүй бөгөөд гагцхүү түүнийг сонирхох үзэгчдийн дуран дээр гал л нэмлээ. Монголын кино урлагт жүжигчнийхээ хувьд домог болох бүрэн боломж түүнд байгааг урлаг судлаачид, кино зохиолчид, найруулагчид олзуурхан шимтэж буйд эргэлзэх хэрэггүй байх. Түүнийг дахин дахин шинээр нээх, авьяас мэдрэмжийг нь сорчлон олборлох бүтээлүүд олон төрөх болтугай.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
21 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
3
21 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
санал болгох
1
23 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
29
15
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.