Авторын булан: 1$-ийн уурхайн сэргэн мандалт ба Тавантолгой
Тэгтэл Тавантолгой мөнөөх мөрөөдлийн, мөнхийн 267 километр урт төмөр замынхаа учрыг олоогүй л явна
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Stanmore coal” гэх компани бий. Тэд өнгөрсөн жил Австралийн “Исаак плайнс”-ын коксжих нүүрсний уурхайг ердөө 1 австрали доллараар худалдан авчээ. Металлургийн буюу хатуу коксжих нүүрсний нөөцтэй ордыг төмөр зам, үйлдвэр гээд бүхий л дэд бүтэцтэй нь ганцхан доллараар авсан гээд бод доо. Асар их баялаг ч байж мэдэхээр энэ уурхайг “Stanmore coal”-д ганцхан доллараар зарсан зоригтон бол бидний эчнээ танил, Тавантолгойд хөрөнгө оруулахаар “Mongolian mining corporation”-той түншилж, Засгийн газартай хэлэлцээ хийж явсан Японы “Sumitomo Corporation” юм. Тэд өөрийн хамтрагч, уул уурхайн гигант “Vale”-тай нийлж ганц доллараар коксжих нүүрсний ордоо зарсан байна. Өнгөрсөн жил нүүрс үнс болсны хамгийн тод баримт энэ. Тавантолгойг мөнөөх “мөнхийн” 267 километрийн урт төмөр замтай нь ганц доллараар зарж байна гээд Та төсөөл дөө. Аймар байгаа биз.
Хөрөнгө оруулалтын энэ шийдвэрийг нүүрс үнс болсон тэр цагт шинжээчид юу гэж дүгнэхээ ойлгохгүй, олон л байр суурь илэрхийлж байв. Үнэндээ ердөө ганц доллараар төмөр зам тэргүүтэй дэд бүтэцтэй нь цуг коксжих нүүрсний уурхайг худалдаад авчихсан хэрэг биш л дээ. Гэрээнд зааснаар “Stanmore coal” компани Австралийн “Исаак плайнс”-ын коксжих нүүрсний уурхайн 32 сая австрали долларын өртөгтэй нөхөн сэргээлтийн ажлыг хийх үүрэг хүлээжээ. Үүнээс гадна мөнөөх уурхайн үйл ажиллагааг зогсоогоод хоёр жил болсон байж.
Харин БНХАУ-ын зах зээлд коксжих нүүрсний үнэ тэнгэрт хадахтай зэрэгцээд “Stanmore coal” компани тамга атгажээ. Хатуу коксжих нүүрсний үнэ өчигдрийн байдлаар БНХАУ-ын боомтод 210 ам.долларт хүрсэн байна. Харин “Stanmore coal” эл уурхайг худалдан авч байх цагт нүүрсний үнэ 70 ам.доллартай тэнцэж байсан юм.
Угтаа бидэнд ч бас тамга атгах боломж байсаар байгааг одоо өрнөж буй улс төр, эдийн засгийн хүрээнд өрнөж буй халуун үйл явдлуудаас ажиглах боломжтой. Нэг талд Жэнко Баттулгыг хэдийнэ шалгаж эхэлсэн бол нөгөө талд “Mongolian mining corporation” бондын бүтцээ амжилттай шинэчилж, дефолт зарлаагүй гэдгээ мэдэгдлээ. Үр дүнд нь өдөр бүр тус компанийн хувьцаа Хонконгийн хөрөнгийн биржид чангарч байна.
Тамга атгах хамгийн том аз нь Тавантолгойн газар нутгийн байрлал гэдгийг шинжээчид ч хэлдэг. Тив алгассан Австралийн “Исаак плайнс”-ын уурхайг бодоход Тавантолгойн коксжих нүүрсний орд зах зээлтэйгээ саахалт айлын зайнд амьдарч байна. Ийнхүү шид нь бүрдэж буй Тавантолгойг хэзээ мөдгүй хөдөлгөж мэдэх юм.