Хайх зүйлээ бичнэ үү

мин

Авторын булан: Хүүш ээ, ам.долларынхаа ханшийг буулгаач ээ!

Хэдэн сарын өмнөөс л “Яана аа, ам.долларын ханш 2500 давчих вий дээ” хэмээн айж байсан хүмүүс одоо “Хүүшээ, 3000 ч энүүхэнд юм биш үү” гэцгээж байна. Нээрэн бид ийм аймшигтай юм үзэх юм гэж үү?


 

Ам.долларын ханш 2600 төгрөгийн босго давлаа. Ханш ийм болно гэж эдийн засагчид, Засгийн газар, тэр байтугай Монголбанкны зүгээс ч ямар нэг таамаг гараагүй. Зах зээлд нөлөөлөх учраас угаасаа ч тийм таамаг гаргаж болохгүй. Харин ард иргэд хар зөнгөөрөө ийм юм болохыг, ханш энэ хүрээд ч тогтохгүйг хэн нэгнээр хэлүүлэлтгүй мэдэж байлаа. Тэр нь ч бас алдсангүй.

Хэдэн сарын өмнөөс л “Яана аа, ам.долларын ханш 2500 давчих вий дээ” хэмээн айж байсан хүмүүс одоо “Хүүшээ, 3000 ч энүүхэнд юм биш үү” гэцгээж байна. Нээрэн бид ийм аймшигтай юм үзэх юм гэж үү? Шуудхан гол яриандаа оръё. Ам.долларын ханш буурах магадлал бий юү, ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа вэ, ханш 3000 хүрэх нь хэр бодитой вэ? Эдгээр асуултад хариулт болох үйл явдал, мэдэгдэл юу байна вэ.

Хүнд нөхцөл

Ам.долларын эсрэг ханш нь хамгийн их суларсан валютаар тодорсон төгрөгийн нөхцөл байдал маш хүнд байна. Ганц өнөөдрийн хувьд л гэхэд үдээс өмнөхөн арилжааны банкуудад 2480-2484 төгрөгөөр зарагдаж байсан ам. доллар 13.00 цагийн үед огцом өсч, 2560-2570 төгрөгт хүрэв. Түүнчлэн 14.30 цагийн үеэс эхлэн банкууд ам.доллар зарахаа бүрмөсөн зогсоосон нь дайран дээр давс нэмлээ. Иргэдийн өргөнөөр үйлчлүүлдэг “Найман шарга” валютын зах дээр ам.долларын худалдан авалт өнөө өглөөнөөс эрчимжсээр арилжааны банкууд доллар зарахаа зогсоох үест олдоц нь ч маш муу болсон бөгөөд нэг ам.долларын ханш 2600 төгрөгөөс давжээ. 

ОУВС

Засгийн газрын хуралдааны үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Бид ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Хурдлахгүй бол бид маш их цаг алдаж байна” хэмээн хэлсэн. Өнгөрсөн долоо хоногт ОУВС-гийн төлөөлөгчид Монголоос буцаж “Шийдвэр гаргах түвшний хүмүүстэй маш үр дүнтэй уулзалт хийсэн” хэмээн мэдэгдэл гаргасан. Манай улсын хувьд гадаадын хөрөнгө оруулалтыг ихээр оруулж, гадаад валютын нөөцөө нэмэх гол зорилготой байгаа. “Энэ сарын сүүлч гэхэд ОУВС-тай хийх тохироо бараг болчих болов уу” хэмээн Ц.Мөнх-Оргил ярьжээ. Улмаар ирэх оны нэг, хоёрдугаар сард хөтөлбөр хэрэгжиж эхлэх боломжтой аж. Хэрэв ОУВС орж ирвэл Монгол бусад эх үүсвэрээс санхүүгийн тусламж авах боломжгүй болно хэмээн зарим хүн ярьж байгаа ч, боломж хэвээр үлдэнэ гэдгийг мөн тэр нэмж хэлжээ.

Гэхдээ одоогоор хэдий хэрийн зээл, ямар нөхцөлтэйгоор авах вэ гэдэг нь тодорхойгүй байгаа. Хэрэв энэ зээл бүтвэл ам.долларын ханш тодорхой хэмжээгээр буурах нь дамжиггүй.

Ерөнхий сайдын зөвлөгөө

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сангийн сайдад өчигдөр дараах үүргүүдийг өгсөн.  

-Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын Элчин сайдын яамдыг визийн хураамжаа Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгтээр авдаг болох,

-Арилжааны банкуудыг  Монголбанкны  зарласан ханшаас өндөр үнээр валют арилжиж байгаад зохицуулалт хийж болох эсэхийг судлах,

-Валютын хадгаламж, валютын зээлийн үйл ажиллагаанд зохицуулалт хийж, Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг өсгөх ямар боломж байгааг судалж, шаардлагатай бол холбогдох шийдвэрийн төслийг боловсруулж танилцуулахыг Сангийн сайдад үүрэг болгоод байгаа.

Монголбанкны ерөнхийлөгчийн тайлбар

Мөнгөний бодлого хэрэгжүүлэхдээ зах зээлд суурилсан хэрэгслүүдийг голлон ашиглана хэмээсэн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан саяхан дараах мэдэгдлийг хийсэн юм.

“Ханш дээр тулгарч байгаа өнөөгийн дарамт нь Монгол Улсыг чиглэх гадаад валютын урсгал саарсан, улсын төсөв ихээхэн хэмжээний алдагдалтай байгаа болон гадаад өртэй шууд холбоотой. Ямар ч улс орон дор хаяж гурван сарын импортыг санхүүжүүлэх валютын нөөцтэй байх ёстой. Одоо бидэнд байгаа валютын нөөц яг энэхүү минимум шаардлагыг хангаж байгаа.

Өнөөгийн нөхцөлд төгрөгийн ханшаа хамгаалахын тулд бодлогын хүүг цаашид нэмэгдүүлэх боломж шавхагдсан байна. Эдийн засгийн суурь хүчин зүйл муудаж буй нөхцөлд төгрөгийн ханшаа дан ганц интервэнцийн аргаар хамгаалах нь валютын нөөцийг шавхах эрсдэлтэй. Уг нь валютын ханшийг зохицуулах интервенцийн бус олон арга байгааг бид дутуу ашиглаж иржээ. Тухайлбал, валютын захын дэд бүтцийг хөгжүүлэх, оролцогчдын мэдээллийн тэгш бус байдлыг арилгах, бирж байгаалах зэрэг олон арга бий”

Хэнд хамаатай вэ?

Импортоос шууд хамааралтай улсын хувьд ам.долларын ханшийг ийн алдах нь хамгийн том аюул. “Хүүш ээ, ам.долларынхаа ханшийг буулгаач ээ!” хэмээн иргэд бухимдаж байна. Гэвч энэ сануулга, анхааруулга хэний чихэнд хүрэх ёстой вэ?

Засгийн газар ОУВС, Хятадаас авах зээл хоёрын яг алиныг нь сонгох оо эртхэн шийдэж ажил хэрэг болговол, валютын нөөц шавхагдах дөхсөн энэ үед Монголбанк маш хянуур бодлоготой ажиллавал, гадаадын хөрөнгө оруулалтыг татах талаар ажиллавал, том төслүүдээ явуулбал, арилжааны банкууд үнэ хий хөөрөгдөхгүй байвал ам.долларын ханш буурахад ашигтай. Гол нь маш богино хугацаанд, тун ухаалаг шийдэл гаргахгүй бол нөхцөл байдал аюулын ирмэгт хэдийнэ тулжээ.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
13 цагийн өмнө
QUIZ: Та шүдний талаар хэр мэдлэгтэй вэ?
3
14 цагийн өмнө
Г.Доницетийн "ДУРЛАЛЫН УНДАА" хошин дуурийг үзэх 5 шалтгаан
санал болгох
1
18 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
42
36
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.