Хайх зүйлээ бичнэ үү

мин

Хуульчлагдсан тонуул Монголын санхүүгийн системд шүглэжээ №1

Дотоодын зах зээлд арилжиж буй ЗГҮЦ-ны хүүгийн төлбөрт татвар төлөгчид 1.57 их наяд төгрөг төлснийг уншигч Та хараахан мэдээгүй байгаа. Яагаад гэвэл дотоодын зах зээлд гаргаж буй бондын мэдээллийг албаныхан зориудаар бүдэгрүүлж, хууль тогтоомжийн дагуу арилжааны банкууд хүүгийн түвшинг хэт өндөр тогтоож байгааг хаацайлан хамгаалж байна.


 


“Хууль нэг хүнийг эдийн засгийн гэмт хэрэг үйлдүүлэлгүй, нөгөө хүний хүч хөдөлмөрөөр амиа зогоохыг тэтгээд байвал тэр хуульчлагдсан тонуул мөн” Фредерик Бастиа 

 

Монголын эдийн засгийг онц ноцтойгоор хүндрүүлсний буруутан нь “Чингис”-ээс угшилтай гадаад бондууд болох тухай сүртэй мэдээлэл нийгэмд тархжээ. Монгол Улс гадаад зах зээлээс хамааралтай өрийн дарамтад орсон тухай дээрх мэдээллийн сүр дор дотоодын зах зээлд хуульчлагдсан тонуул газар авч байна. Хууль тогтоомж, дүрэм журмын халхавч дор Засгийн газрын дотоодын үнэт цаастай холбоотой мэдээ манан будан болон замхарч байна. Дэлхийд байхгүй өндөр хүүгээр ЗГҮЦ-ыг дотоодын зах зээлд арилжин, мөнөөхөө хууль тогтоомжоор халхавчлан, татвар төлөгчдийн мөнгийг хүүлж буй.   

Өнгөрсөн гурван жилд дотоодын зах зээлд арилжиж буй Засгийн газрын үнэт цаасны хүүгийн төлбөрт татвар төлөгчид 1.57 их наяд төгрөг төлснийг уншигч та хараахан мэдээгүй байгаа. Яагаад гэвэл дотоодын зах зээлд гаргаж буй бондын мэдээллийг албаныхан  зориудаар бүдэгрүүлж байгаа учраас олон нийтийн энэ тухай мэдэх боломж хаагдаад байгаа юм. 

Өнгөрсөн гурван жилд дотоодын зах зээлд арилжсан Засгийн газрын бондын хүүгийн төлбөрт татвар төлөгчдийн мөнгөнөөс нийлбэр дүнгээр 1.57 их наяд төгрөг төлөх бололтой. Доорх графикт байгаа мэдээлэл нь Төсвийн гүйцэтгэлийн мэдээний Дотоод зээлийн үйлчилгээний төлбөрт туссан дүн юм.

 


Үнэндээ Ч.Сайханбилэгийн Засгийн газраас эхэлж дотоодын зах зээлд эрчимтэйгээр бонд гаргаснаас хойш хоёр жил хэдийнэ өнгөрчээ. Гэхдээ энэ хугацаанд Сангийн яамнаас мөнөөх бондтой холбоотой өрийн тойм өдий болтол гаргасангүй. 

Харьцуулалт

1.57 их наяд төгрөг - Шаргал туяатай 10 мянгатын дэвсгэртийг нэг сая төгрөг болгон багцлахад 1.2 см-ийн өргөнтэй болдог гэж банкны теллер танил маань хэлсэн. Тэгвэл 1.57 их наяд төгрөгийг газарт зулаад тавибал 18.8 километрийн урт болно. Сүхбаатарын талбайгаас “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүрнэ гэсэн үг. 


Энэ мөнгөөр эмч, багш тэргүүтэй төсвийн байгууллагын ажилтнуудын 10 сарын цалинг тавьж дөнгөнө. 


Нөгөө талаас дээрх 1.57 их наяд төгрөгийг арилжааны банкууд болон олон нийт сүүлчийн гурван жилд улсын төсвөөс хүүлсэн байгааг харуулж байна. Төсвийн мөнгийг энэ мэтчилэн хүүлдэг бусармаг алхам цаашдаа ч газар авч, 1.57 их наяд төгрөг гэх тоо үржих хүрдээр өсөж ч мэдэх нөхцөлтэй Улсын төсөв нүүр тулаад байна. 

Арилжааны банкуудыг мөнгө хүүллээ гэж буруутгаж байгаа нь Засгийн газрын бондын хүү олон улсын жишгээс бараг 10 дахин өндөр байгаатай холбоотой юм. Хамгийн гол нь хүүг арилжааны банкууд тогтоож байна. Санхүүгийн зах зээлийн гажуудлаас болж арилжааны банк тэргүүтэй хэсэг бүлэг хүн хуулийн дагуу улсын төсвийг их наядаар хэмжигдэх мөнгөөр тонож байна. 


1.57 их наяд төгрөг хуульчлагдсан тонуул гэдгийг батлах 3 баримт 

“Хуульчлагдсан тонуулыг тэр даруй устга. Үгүй бол систем болтлоо хөгжинө” гэж тэртээх XIX зууны нэрт эдийн засагч Ф.Бастиа анхааруулжээ. Энэ сануулга 200 жилийн дараах Монголд үнэ цэнээ алдсангүй. Бөмбөрцгийн түүхэнд хуульчлагдсан тонуулыг бэртэгчин, зальт этгээдүүд олон зууны турш хийж ирсэн ба зүсээ хувилгадаггүй түүхийн давтамж Монголын санхүүгийн системд нэвтэрсэн нь энэ. Засгийн газрын дотоодын бондыг ашиглаж, хуульчлагдсан тонуул хийж буйг дараах гурван баримт батлаад өгнө. 

Монголд арилжааны 13 банк үйл ажиллагаа явуулдаг. Харин бондын арилжаанд тэдний цөөнх оролцож, хүүгийн түвшин тогтоож байна. Эдийн засгийн онолын түвшинд яривал, хүүгийн түвшинг зах зээл тогтоох учиртай. Манай хууль тогтоомжийн дагуу 50-иас дээш оролцогчтой байвал зах зээл гэж үздэг. Гэхдээ Засгийн газрын 2014 оны 371 дүгээр тогтоолын дагуу Монголбанкаар дамжуулан арилжааны банкууд хүүг өөрсдөө тогтоодог. 

Засгийн газрын бондын арилжаанд оролцохоор саналаа ирүүлсэн банкуудын хүүгийн түвшинг харгалзан арилжаа явагдах бүрт хүү тогтож байгааг Сангийн яам болон Монголбанкны цахим хуудсаас хараарай. 

Засгийн газрын үнэт цаасны өгөөжийн муруй буюу хүүгийн түвшинг Монголбанк Сангийн яамтайгаа хамтраад танилцуулах учиртай. Хэдэн хувийн хүүг арилжааны банкууд болон хөрөнгийн биржээр дамжин гарсан бондод төлж буй ерөнхий тоог танилцуулгаас харж болно. 

Тэгтэл тэд төгрөгийн өгөөжийн муруйг танилцуулах хэсэгт жилд хамгийн багадаа 25 мянган ам.доллар төлж үздэг “Bloomberg” терминалын рекламыг байршуулжээ. Чөтгөрийн нүдийг гурилаар хуурна гэдэг ЭНЭ

Мөн л онолын дагуу яривал хүүгийн түвшин нь инфляци+өгөөж гэх зарчмаар тогтдог. Тэгтэл дефляцитай Монгол Улсад бондын хүүгийн түвшин хамгийн  багадаа 14 орчим хувьтай тэнцэж байна. Үүнээс дээш 15, 16 хувьд ч хүрдэг.


Харьцуулахад, Швейцарын Засгийн газрын бондын хүү хасах утгатай бол өрийн хямралд өртсөн Грекийнх 7.9 хувьтай тэнцэж байна (Урт хугацаат бонд)


Гэхдээ 14 орчим хувь гэх тоог мэдэж авахын тулд Та Монголбанк, Сангийн яамны цахим хуудаст байршуулсан үнэт цаасны борлуулалттай холбоотой долоо хоног тутмын үй олон мэдээллийг шүүж үзэх шаардлагатай тулна. Бондтой холбоотой мэдээллийг бүдгэрүүлж, олон салаа замаар мэдээлэл түгээж байгаа нэрийн дор учир нь олдохгүй жанхуу болгожээ. Үүнд дүгнэлт хийх бүрэн эрхийг мэргэн уншигч танд үлдээе. 

Үнэндээ татвар төлөгчид их наядаар тоологдох хүүгийн төлбөр арилжааны банкуудад төлж байгаа хэрнээ тоймлож, багцалсан мэдээлэл авах боломж алга. Энэ нь Засгийн газрын дотоод бондын нийлбэр дүн бидний барагцаалж буйгаас их болсонтой холбоотой ч байж мэднэ. 

Том тооны араас хөөцөлдөж, зөвхөн том үнийн дүн л дуулиан дагуулах болсон энэ нийгэмд Сангийн яам жижиг арилжаа тасралтгүй хийж, олны анхаарлыг өөр зүгт хандуулж байна. Үүгээр ч зогсохгүй Засгийн газрын 2014 оны 371 дүгээр тогтоолд бондтой холбоотой тойм бэлдэх тухай ганц ч заалт байдаггүй юм билээ. Мэдээллийн эрин зуунд ажиллаж буй Сангийн яам Засгийн газрын үнэт цаасны тухай мэдээллийг багцалж тоймлохгүй байгаагаас болж, олон нийтийн анхаарлын гадна татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжиж буй асар их хэмжээний наймаа үлдэж байна. 

Хамгийн сүүлд Сангийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 2-ны тушаалын дагуу Засгийн газрын бондын арилжаатай холбоотой бүх мэдээллийг нэгтгэж, тоймлож байх үүргийг Сангийн яам хүлээсэн байдаг. Гэхдээ энэ тогтоол ажил хэрэг болсонгүй. 2013 оны өрийн тоймоос хойш ганц ч тоймтой мэдээ тус яамны сайтад тавигдаагүй байна. Тэгэхээр Ч.Сайханбилэгийн гарын үсэгтэй тогтоолоор баталгаажиж, дотоодын зах зээлд гаргаж эхэлсэн бондтой холбоотой тоймтой мэдээ байхгүй гэсэн үг. 

Үр дүнд нь татвар төлөгчдийн халааснаас их наяд төгрөгөөр хэмжигдэх мөнгө сул чөлөөтэй урсан гарч, хүүгийн орлого цөөн хүний халаасанд хууль тогтоомж, дүрэм журмаар халхавчлан орж байгаа нь Ф.Бастиагийн томъёолсон хуульчлагдсан тонуулын Монгол хувилбар болж байгаа юм. Хуульчлагдсан тонуул Монголын санхүүгийн системд шүглэжээ. 


(Үргэлжлэл бий)

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
2
1 цагийн өмнө
Шавкат Рахмонов анх удаа эхнэр, хүүхдээ харууллаа
3
2 цагийн өмнө
Франк Чамизо ДБНХ-г шүүмжиллээ
санал болгох
1
3 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
7
29
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.