Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

УРЛАГ “ОРШУУЛАХ” ГАЗАР

Гялгар уутаар хулдсан агуу бүтээлүүд цээрлэл хүртэж буй мэт харагдана


 

“Агуу бүтээлүүд агуулахын мухарт” цуврал

Улаанбаатар хотын төв хэсэгт байршилтай Уран зургийн галерейн нэрийг англиар “Mongolian National Modern Art Gallery” гэнэ. Соёлын төв өргөөний  зүүн жигүүрийг эзлэх энэ газарт 1921 оноос хойших Монголын уран зургийн суут бүтээлүүд байгаа учраас тэр. Иймэрхүү төсөөлөл үзэсгэлэнгийн танхимаар орж гардаг нэгний толгойд зурсхан буудаг байж болох юм. Бодит байдал дээр эндэхийг Монголын орчин үеийн уран зургийн агуу бүтээлүүдийн “оршуулга” гэлтэй.  

“Уран зургийн сан хөмрөгт сан хөмрөгчөөс өөр хүн нэвтрэх хатуу хориотой”. Ийм хариуг долоо хоногийн өмнө галерейн ажилтнууд бидэнд дуулгасан юм. Улсын ямар ч байгууллага энэ мэтийн хариултаар ам таглахдаа гаршсан ч Уран зургийн галерейн сан хөмрөг онцгой обьект учраас үүнийг ойлгоход тийм ч хэцүү байсангүй. Яаманд өргөдөл бичиж, долоо хоногийн дараа зөвшөөрсөн хариугаа аваад сан хөмрөгт хөл тавилаа.

Гурван давхрын зүүн дээд булан дахь “Зураасан зураг”-ийн сан хөмрөг зургаан ам метр орчим талбайтай ч 2880 зураг хадгалдаг. Номын тавиур шиг тавцан дээр давхарлан өрсөн зураасан зургуудын доор гурван литрийн хуванцар саванд ус хийж тавьсан нь чийгшүүлэх “багаж” нь. “Бид өөрсдөө л гар аргаар чийгшүүлж байгаа нь энэ” хэмээн Бүртгэл мэдээллийн санч Үржиндулам зовнингуй хэллээ.  

Дүрслэх урлагийн музейгээс салснаас хойших 25 жилийн хугацаанд Монголын уран зургийн галерей сан хөмрөгтөө 4000 гаруй бүтээлтэй болжээ. Үүний 10 хувийг буюу 400 орчим бүтээлийг сан хөмрөгөө баяжуулах зорилгоор худалдан авсан байдаг. Анх 1998 онд Гэгээрлийн яамны сайдын 180 дугаар тогтоолоор 1.5 сая төгрөгөөр долоон бүтээл авч эхлүүлсэн улсын сан хөмрөгт бүтээл худалдан авах ажиллагаанд 2013 оныг хүртэл 433 орчим сая төгрөг улсаас зарцуулжээ. 2006 онд хамгийн бага буюу 1,350,000 төгрөгийн бүтээл авсан бол хамгийн их мөнгийг 2013 онд (66 сая төгрөг) зарцуулжээ. Улсын төсөвтэй харьцуулахад асар өчүүхэн энэ тоо агуулахад хадгалаад мартахад дэндүү томдоно. Дээр нь бүхэл бүтэн улсын орчин үеийн уран зургийг төлөөлөх агуу бүтээлүүд уг тооны үнэ цэнийг хэд дахин өсгөх аж.  

Бид ажилчдын хэлснээр хамгийн сайн шаардлага хангасан хэсэг рүү явж байна. Нэг давхрын зүүн жигүүрт байрлах энэ хэсэгт уран зургийн 2400 бүтээл хадгалагдаж байгаа. Будаг, тоосны үнэр шингэсэн сан хөмрөгийн таван хэсэгт агаарын даралт, чийгшил хэмжигч байрлуулж, мөн л хуванцар савтай ус тавьсан харагдана. Биднийг орох үед Хятадад үйлдвэрлэсэн тэдгээр багаж дээр чийгшил 18, агаарын даралт дунджаар 21 градусаар хэмжигдэж байлаа. Уг нь өнөөдрийн байдлаар галерей, музейд мөрдөж буй MNS 5634  дугаарын стандартаар гэрэлтүүлэг 50-200 люкс, дулаан 15-18 градус, чийгшил 50-55 хувь байх ёстой. “Бид стандарт хангасан багажаар тоноглох саналаа яаманд мөн ч олон удаа гаргасан. Мөнгө байхгүй гэсэн хариу л ирдэг. Үнэндээ Стандарт хэмжилзүйн газраар баталгаажуулчих ч мөнгө алга. Өөрсдөө л бүх зүйлээ чадахынхаа хэрээр шийдээд л явж байна” хэмээн сан хөмрөгч С.Мягмарсүрэн арга тасарсан байртай хэлэв.  

Соёлын төв өргөөний нүсэр агааржуулалтын хоолой дээгүүр нь өнгөрөх энэ газрыг эрсдэлээс хол гэвэл үнэмшил муутай сонсогдоно. 2008 оны үймээнээр хэд хэдэн зураг гэмтэж, дараа жил нь бидний зогсож буй яг энэ сан хөмрөгт гал гарч 101 бүтээл ор мөргүй шатчихжээ. Галын шалтгааныг “Гэрлээ унтраагаагүйгээс болсон” гэж дүгнэсэн талаар ажилчид хэлсэн.  “Бас Их тэнгэрийн ам руу явсан 34 бүтээл манайх дээр бүртгэлтэй ч одоо болтол эргэж ирээгүй” хэмээн С.Мягмарсүрэн хэлэв. Наяад оны сүүлчээр  Дүрслэх урлагийн музейгээс Их тэнгэрийн ам руу авч явсан 34 бүтээл одоо ч Уран зургийн галерейд данстай. Гэтэл өнөөх сураггүй болсон бүтээлүүд  “Хатан туул” зочид буудлын хананд өлгөөтэй байдаг сураг бий.

Алдарт Б.Шаравын “Ленин”, Г.Одонгийн “Ажлын дараа”, О.Цэвэгжавын “Азарганы ноцолдоон” гээд суут бүтээлүүдийн чимээ аниргүйг эвдсэндээ гэмших мэт бид сэмхэн ар араасаа цувран гарч, дараагийн хэсгийг чиглэв. “Урлагийн бүтээл бол үзэгчдэд зориулсан зүйл болохоос ямар нэг харанхуй өрөөнд хийгээд мартдаг хог биш” гэж хожим нь П.Даваапил надад тун оновчтой хэлсэн билээ. МУИС-ийн багш тэрбээр улсын санд худалдан авсан бүтээлүүдийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж буй нэгэн.

Дээрх үг зоорийн давхар дахь сийлбэрийн хэсэгт ороход улам биежлээ. Ховхорч унасан тайзны завсраар нүсэр халаалтын шугам цухуйх ийм зоорийн давхарт айлууд ихэвчлэн хэрэглэхгүй эд бараагаа хураадаг атал энд орчин үеийн урлагийн бүтээлүүдийг хадгалж буй. Чийгшил нь ердөө 8.5, дулаан 0 градусыг зааж байгаа газар шүү дээ. Том гялгар уутаар хучиж хамгаалсан мод, төмөр, гипсэн баримлууд харанхуйд гэсгээгдэгсэд мэт харагдана. “Нэг нь л гэхэд 150-180 кг жинтэй баримлуудыг зааланд гаргачихаад, дараагийн бүтээлүүд ирэхээр дээш доош нь зөөнө гэдэг үнэхээр хүнд. Хэрэв алдаад хагалчихвал өөрсдөө л хариуцлагаа хүлээнэ шүү дээ. Тэгээд ч ердөө хоёрхон эрэгтэй ажилчинтай. Гипсэн бүтээлүүдийг хүрлээр бүрье гэх санаа гаргасан ч бас шийдэж өгөөгүй” хэмээн сан хөмрөгчийн хэлснээс аргагүйдсэн байдал илт. Эндэхийн “эзэд” үзэсгэлэнгийн танхимаас гаралгүй хэдэн жилийг өнгөрүүлэх нь ч энүүхэнд.

Ийм гунигтай дүр төрхийн эргэн тойронд хувийн галерейнууд үүд хаалгаа нээж, цуглуулагчид ч олширсоор байгаа. Цуглуулагчдын дийлэнх нь төрийн дээд албан тушаалтан байдаг нь ч нууц биш. Монгол Улсын гэх тодотголтой ганц Уран зургийн галерей ийм нунж дорой, гоо сайхны “оршуулга” мэт оршдогийн шалтгаан ч тэр биз. Энэ зун зохион байгуулагдсан Ази, Европын дээд хэмжээний уулзалтын хөтөлбөрт ч Уран зургийн галерей ганцаараа багтаагүй. Түрээсийн байртай, дээр нь төрийн өндөр албан тушаалтнуудын цуглуулга, хувийн галерей тэр орон зайг нь эзэлчихсэн учраас тэр. “Ингээд зориулалтын бус орчин хадгалаад байвал сан хөмрөгт бүтээлээ өгдөг уран бүтээлч ч үгүй болно. Үүний оронд сургалт, судалгааны эргэлтэд оруулж, олон нийтийн боловсролд ашиглах хэрэгтэй” хэмээн П.Даваапилийн хэлсэн нь үнэн. Ажилчид ч шилдэг бүтээлийн чансаа жилээс жилд муудаж буйг батлан хэлсэн юм.

Эдийн засаг хямарч байна. Гэхдээ сайжрах өдөр ирж л таарна. Харин урлагт дахин бүтээх гэсэн ойлголт байдаггүй. Энэ зарчим ч урлагийг үнэ цэнэтэй болгодог биз. Уран зургийн галерей ийн нунж дорой, төрийн анхаарлаас гадна, түрээсийн байранд сууна. Байр барьж гийгүүлэхгүй ч нөхцөлийг нь сайжруулж, менежмэнт хийх шаардлага хоолой дээр нь тулж ирснийг анзаарах хэрэгтэй.

Мягмарсүрэн Зураасан зургийн сан хөмрөгийн үүдэнд хураасан нарийн төмөр лүү зааж “Энүүгээр бид өөрсдөө тавиураа хийнэ. Гадаадын урлагийн галерейнууд гүйдэг замтай байдаг юм билээ. Манайх харин Хүүхдийн номын сангийн хуучин тавиурыг л ашиглаж байгаа” хэмээн бидэн рүү харж, санаа зовсон байдалтай инээмсэглэлээ.

 

 
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
16 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
3
17 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
санал болгох
1
18 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
37
37
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.