Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Ад мөрийн цэнхэр гортиг

Хүмүүсийн харилцааны хамгийн чухал орчин болох нийгмийн сүлжээ үзэн ядалт, хараал зүхлээр дүүрэн “үхлийн хөндий” болов.


Өглөө бүр компьютерээ асааж, нийгмийн сүлжээгээ шалгах бүртээ ямар нэг зүйлээс халширч буйгаа анзаарах болов. Найз нөхөд, ажлын хамтрагчид, мэдээ мэдээлэл гээд бүхнийг хурууны ганцхан хөдөлгөөнөөр олж болох энэ цэнхэр гортиг заримдаа итгэл бөхөх газар болж хувирдаг. Аллага таллага, увайгүй үйлдэл, харгислал хэрцгийлэл, хамгийн гол нь хэн нэгнийг юу ч бодохгүйгээр үхтэл нь үзэн ядаж, хараан зүхэх олонх энд бий.

Шинэ долоо хоногийн өглөө компьютерээ асаагаад хэзээ ч эвлэрч боломжгүй зүйлтэй нүүр тулах нь тэр. “Хүүхдээ шил архиар солино гээд явж байна”. Хүний санаанд багтамгүй явдал. Нимгэн даавуунд ороосон бяцхан охиныг сугавчилсан өвгөний зураг. Уурласан эможи дараад хурдхан өнгөрөөв. Архинд донтогсдыг үзэн ядах ч багадах нь. Тэр үед надад үнэхээр ийм сэтгэгдэл төрсөн юм. Харамсалтай нь энэ явдлаас 24 цагийн дараа өвгөний гэр бүлийнхэн Цагдаагийн газартай хамтран мэдэгдэл хийж, бүх мэдээлэл хуурамч болохыг олонд илчиллээ. Уурлах ч хэцүү, инээх хэцүү гэдэг л энэ байх. Долоон сартай зээгээ салхилуулж явсан О.Доржсүрэн гуайн зургийг зөвшөөрөлгүй аваад твиттерт цацчихаж. Нийгмийн сүлжээнд олны анхаарлыг татах гэсэн мэргэн санааны цаана жирийн нэг настан, төрүүлж өсгөсөн үр хүүхдүүд нь нүүрээ шаран байж үгийн мууг сонслоо. “Энэ мэдээллээс болоод таньдаг мэддэг хүмүүс, хамаатан садан байнга утасдаж байна” хэмээн охин нь хоолой зангируулан ярина.

Цагдаагийн газраас өгсөн мэдээллээр, ийм хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлээр хэрэг үүсгэн, 3-9 сая төгрөгөөр торгон, гурван сар хүртэлх хугацаагаар хорих ёстой. “Харамсалтай нь бусдыг гүтгэн доромжилсон хүн нь нийгмийн сүлжээний од болдог шүү дээ. Олонх үүнийг нь зөв зүйтэй зүйл мэтээр хүлээн авдаг” хэмээн 25 настай Т. Цэлмэг ярьж байна. БСШУЯ-ны газрын дарга эмэгтэйг Мүүний шашинтан хэмээн муутгасан цэнхэр үст хатагтай фэйсбүүк, твиттерт асар олон шүтэн бишрэгчтэй. Олон хүнд таалагдсан түүний Мүүнийг үзэн ядах давалгаа жирийн ээж, эгч, дүү, охин Насанбаярын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн. Түүнийхээр бол Насанбаяр гэгч нь Монголын боловсролын салбар дахь Мүүний амилсан бүрэлбаа юм байх. Даанч тэмцэл нь Насанбаяраасаа давж чадаагүй нь харамсалтай. Өнгөрөгч хавар Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл нийгмийн сүлжээнд нэр, зүсээ нууж, бусдыг харлуулагсдыг “лалар” хэмээн нэрийдэх санал гаргаад, улстөрчдөөс санхүүждэг 6000 орчим хүн бий хэмээн зарлаж байв. Ийн бодвол цахим зандалчдын хэрэг хуулиас нэгэнт хальчихсан ажээ.

Нийгмийн сүлжээнд бусдыг гүтгэн доромжилсон цуурхал хэрхэн тархдагийг энгийн зүйлтэй жишээд үзье. Хэрэв та зуны өглөө эртлэн босож үзсэн бол шувууд хэрхэн сэрдгийг анзаарсан байх. Түрүүлж сэрсэн хэсэг нь агаарт эргэлдэн шулганалдаж, тэр дуунаар ньүлдсэн хэсэг нь сэрээд амьд ертөнцийн хуулийг даган идэш тэжээлийн эрэлд гардаг. Энэ бол сүрэглэн амьдрах байгалийн хууль. Нийгмийн сүлжээний гүтгэлэг ч энэ маягаар тардаг. Үзэл бодол, хувийн өш хонзонгоо авах, эсвэл олны анхаарал татахыг хүссэн увайгүй үгийг хэрэглэгчид асар хурдтай тараадаг. “Нийгмийн сүлжээнд тархсан мэдээлэл ам алдвал барьж болдоггүй гэдэг шиг асар хурдан тархаж байгаа нь гол асуудал болоод байна” хэмээн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Б.Цогтбаатар хэлж байна. Харин “New York Times” сонин нийгмийн сүлжээний хэрэглэгчид хүлээн авч буй мэдээллийнхээ цаана ямар эх сурвалж, баталгаа байгааг анзаардаггүйгээрээ хэвлэл уншигчдаас ялгаатай хэмээн онцолжээ.

Сүүлийн дөрвөн жилд 92 сурагч, сэтгэл гутрал, хүчирхийлэл, дарамт шахалт, гадуурхлаас болж амиа хорлох замыг сонгожээ. Албаны хүний ярьснаар, “Гадуурхлын олон хэлбэр байдаг ч олон нийтэд хурдан хүрдэг, хүссэн үедээ үйлдэж болдог, өргөн цар хүрээтэй нь цахим гадуурхал” аж. Бидний цаг зуурын зугаа болгож буй инээдэм өөр нэгний сэтгэлд мөддөө арилахгүй шарх, эмзэглэл үлдээж буй. Нийгмийн сүлжээ хэрэглэгчид энэ зун, намрыг “Үүрийнтуяа стайл”, “Аав аа, намайг ашиглаач”, “Анужиндах” зэрэг элэглэлээр барлаа.

Тэр бүх доромжлол, элэглэл, нүүрээ нуусан басамжлал хүрэх цэгт бидний л адил нэгэн зүрх цохилон буй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
QUIZ: Та шүдний талаар хэр мэдлэгтэй вэ?
2
2 цагийн өмнө
Г.Доницетийн "ДУРЛАЛЫН УНДАА" хошин дуурийг үзэх 5 шалтгаан
3
3 цагийн өмнө
Харьковын телевизийн цамхаг Оросын пуужингийн цохилтод өртөж уналаа
санал болгох
1
5 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
4
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.