Хайх зүйлээ бичнэ үү

мин

Авторын булан: Хэлд ороогүй Богд мину



Далай лам аравдугаар Богдын тухайд “Богд Монголд мэндэлсэн шинж тэмдэг илэрсэн. Хүүхэд балчир байгаа учраас одоохондоо нийтэд зарлах шаардлагагүй болов уу. Гурав, дөрөв, таван нас хүрэхэд нь бодолцох хэрэгтэй. Жаахан хүүхдийг сэнтийд залах хэцүү” хэмээн өгүүлэв. Үүнээс үзэхэд Монгол оронд аравдугаар Богд хэдийн мэндэлсэн нь тодорхой болсон бөгөөд өдгөө 1-2 настай хүүхэд гэдгийг Далай лам мэдэгдэлдээ хоёргүй утгаар хэллээ. Богд гэгээн эр хүйсэнд хувилсаар ирсэн тул аравдугаар Богд маань дэндүү нялхаараа балчирхан хүү Монголын уудам нутгийн нэгэнтээ торниж байгаа нь ойлгомжтой. 

Далай ламын мэдээлэл өнөөдөр цацагдсанаас хойш “Хэний хүүхэд Богдод залрах бол” гэсэн таамаг Монголын цахим ертөнцөд ид уралдаж байна. Аравдугаар Богдыг яагаад ч юм, жир айлд бус, нэр бүхий томоохон улстөрчийн гэр бүлд төрсөн гэх яриа хөөрөө гарчээ. 

XIV Далай лам ийнхүү ес дэх удаагийн айлчлалаараа аравдугаар Богд Монголд мэндэлснийг зарласан бол түүний удаах айлчлал Богдыг ширээнд нь залах ганц зорилгыг агуулах нь энэ удаа маргаангүй болж байна. Өөрийнх нь айлдсанаар, жаалхүүг гурав, дөрөв, таван нас хүрэх үест гэж тооцвол Далай ламын айлчлал ойрын гурван жилийн дотор болж, Богд гэгээн Жибзундамба хутагтын аравдугаар дүрийн хувилгаан хүүг Монголын Бурхан шашны тэргүүний сэнтийд залах аж.

Монголын лам хуврагуудын дунд Богд мөн, бишийн маргаан дэгдэж, сүм хийдүүдийн удирдлагууд улаан, шарыг тунаруулан шүүхийн хаалга татацгааж явлаа.

Монгол орон 2012 онд 87 жилийн дараа Богд гэгээнтэй болсон саяхны түүхийг бид мэднэ. Төвдөд төрж, хожим Энэтхэгт суурьшаад байсан Жамбалнамдолчойжижалцан бээр 90 дөхсөн сүүдэртээ манай улсын иргэний үнэмлэхийг өвөртөлж, Монголын Бурхан шашны тэргүүнээр заларсан. Энэ үйл явдал ариун дагшин, ёслол төгөлдөр байх шашны уламжлалд хөтлөгдөөгүйгээр үл барам Монголын лам хуврагуудын дунд Богд мөн, бишийн маргаан дэгдэж, сүм хийдүүдийн удирдлагууд улаан, шарыг тунаруулан шүүхийн хаалга татацгааж явлаа. “Их хүрээ” хийдийн тэргүүн хамба З.Санждорж тэргүүтэй зарим хийдийн нэр бүхий хамба нар Гандантэгчинлин хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамцыг Монголын Бурхан шашны тэргүүний суудлаа IX Богдод шилжүүлэн өгөхдөө өөрсдийнх нь саналыг үл хэрэгссэн, үүгээрээ хууль дүрэм зөрчсөн хэмээн шүүхэд өгч байв. Монгол дахь Буддын сүм хийдийн хамбууд Далай лам хийгээд Богд гэгээнтэй холбоотой бүхий л явдалд сүсэг бишрэлт хүмүүсийн сэтгэлд сэв суулган, өөр зуураа хэмлэлдэх болсон нь Далай ламын энэ удаагийн айлчлалын өмнө олноо дахин ил болсон билээ. Тиймээс аравдугаар Богдыг залах үйл явц хийгээд Далай ламын удаах айлчлал мөн тийм хэл ам дагуулах нь гарцаагүй.  

Есдүгээр Богд Жамбалнамдолчойжижалцан болбоос Богд гэгээн Жибзундамба хутагтын есдүгээр дүрийн хувилгаан мөн гэдэгт монголчууд яагаад ч юм итгэсэн. Далай лам “мөн” гэж хэлсэн учраас л шууд итгэсэн болов уу. Харин аравдугаар Богдод тэрхүү 3-5 насны жаалыг залах үест юу гээчийн эх адаггүй хэрүүл маргаан болох бол хэмээн төсөөлөхөд хэцүүхэн дүр зураг бууж байна. Зүй нь XXI зуунд амьдрагсдын хувьд хутагт хувилгаадыг мухар сүсгээр бишрэхээсээ шинжлэх ухаанчаар хандах нь хүн төрөлхтний эрин үеийн шаардлага байлтай. Гэтэл нүглийг тэвчиж, буяныг хичээдэг хийгээд Дээрхийн гэгээн Далай ламыг хүндэтгэдэг л бол түүний “мөн” гэж оношилсон хэн ч гэлээ маниусын адил мах цусанд төрсөн жир хүн бус, харин хувилсан гэгээнтэн Богд хэмээн хар аяндаа сүсэглэх шаардлагатай болж байна. Эндээс л Монгол дахь хамбуудын хагарал эхтэй болов уу. Хамбууд хагаралдаж байгаа нь хэдэн лам нарын хувийн асуудал биш болж байна. Тэд улс төр, гадаад харилцааны эмзэг сэдвээр оролдож байгаа нь мөн л анхаарлын гадна үлдээж боломгүй томоохон “гал” юм.

Ийнхүү “галаар” эс наадан, Х Богд маань яг одоо юу хийж байгааг таах гэж оролдъё. 1-2 настай жаалууд бүгд хөлд орчихсон байгаа. Хаа сайгүй гүйгээд л, элдвийг заан шулганаад л. Харин Богд маань хэлд хараахан ороогүй ч байж мэднэ, хэрэв дөнгөж ойтой бол шүү дээ. Хоёр нас хүрчихсэн бол аль хэдийн мөөмнөөсөө гарчихсан болов уу, яагаа бол доо. Монгол ээжүүд ялангуяа эрэгтэй хүүхдээ гурав хүртэл нь хөхүүлбэл өсгөлүүн эр болно гэлцдэг тул манай Богд мөөмөө хөхөөстэй ч явж байж мэдэх л юм. За, тэгээд “хоёр насны синдром” гэж айхтар эд бий. Энэ нь 2-3 настнуудад түгээмэл ажиглагддаг “Би”-гийн өвчин бөгөөд хүүхдүүд өөрийгөө энэ хорвоод зарлан тунхаглах, хүлээн зөвшөөрүүлэх бүхий л оролдлогоо зөрүүдлэн, уйлж бархиран илэрхийлдэг “муу” зан юм. Богд маань үүнийг тойроогүй, дайрч л өснө дөө. Тиймээс энэ үед юун Богдод залрах манатай. Хэрийн бэрхшээлийг бэрхэд үл хэрэгсэгч Далай лам хүртэл “Жаахан хүүхдийг сэнтийд залах хэцүү” гэж айлдсан байна шүү дээ. Ирээдүйн Богд минь энх тунх өсөх болтугай.

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
2
4 цагийн өмнө
Монголын багууд 3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын эхний тоглолтдоо хожлоо
3
5 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
санал болгох
1
8 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
9
20
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.