Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Авторын булан: У.Хүрэлсүх ба хоёрдугаар ээлж



Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдаад хараахан хагас жилийн нүүр бүтэн үзэж амжаагүй байгаа тул огцруулах банга, зэмийн алиныг ч хүртээгүй явна. Гэхдээ оршил нь хэдийн тавигдаж эхлээ юү гэж үзэж болох хэд хэдэн шалтгаан бий болж амжжээ. Нэгдүгээрт, Ж.Эрдэнэбатын танхим оршин тогтноход хүнд болсон гэх ойлголтыг төрүүлэх үг, өгүүлбэрүүдийг түүний Засгийн газрыг бүрдүүлсэн эрх баригч МАН-ын гишүүд, тэр бүү хэл сайд нарын зүгээс унагах боллоо. Ч.Улаан бол эдийн засаг, санхүү мэддэг МАН-ын хамгийн туршлагатай гишүүн. Засгийн газар өнгөрсөн зургаан сарын хугацааг зөвхөн төлөвлөгөө хийсээр эдийн засаг сэргэх боломжтой хайран 18 сараас гуравны нэгийг нь цаас цоохорлон дэмий алдчихлаа гэж тэрбээр халаглав. Засгийн газар үнэхээр мэлхий шиг удаан, дээр нь өөртөө итгэлгүй ажиллаж байгаа нь үнэн.     

Сангийн сайд, Эрүүл мэндийн сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайд зэрэг Засгийн газрын дөрвөн гишүүнийг тааруу ажиллаж байгаа тухай хэвлэлийн мэдээллүүд гарч, эдгээр сайдыг огцруулах сураг ч тархаад амжлаа. Хөрс нь хоёрдугаар ээлжинд “хоолондоо” орох гэж дугаарласан Ардын намын зарим улстөрчийн хүсэлт, Засгийн газраас удтал дуншиж гарсан эдийн засгийг сэргээх хөтөлбөрт урам хугарсан иргэдийн дургүйцэл болж байгаа юм. 

 Харин одоо Ардын намын хоёрдугаар ээлж Засгийн эрхэнд ирэхээр бэлтгэж байгаа бол энэ үйл явцыг У.Хүрэлсүхээс өөр удирдах хүн МАН-д үгүй юм. Зарим хэвлэл Сү.Батболд У.Хүрэлсүхийн гараар Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах мэтээр таамаглаж байгаа нь ташаа ойлголт болов уу. Сү.Батболдын фракц харьцангуй цөөхүүл боловч энэ Засгийн газрын үед Д.Зоригтоос бусад бүхий л гишүүнээ хариуцлагатай албан тушаалд суулгаж, өөрсдийн жин нөлөөг өсгөж чадсан билээ. Гэтэл У.Хүрэлсүхийн “цэргүүд” сайд нарын танхимд болон яамд, төрийн өмчит томоохон үйлдвэрүүдийн удирдлагад гурав, хоёроос хэтрэхгүй цөөхүүлээ томилогдоод байна.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг саяхан телевизийн ярилцлагад орохдоо “Манай намд Засгийн газрын гишүүдийг хооронд нь хагалан бутаргах гэж яс хаядаг УИХ-ын гишүүд байхыг үгүйсгэхгүй” хэмээн өгүүлэв. Түүнийг ийн хэлэх болсон шалтгаан нь Шадар сайд У.Хүрэлсүх байлаа. Онцгой комиссын хуралдааны үеэр У.Хүрэлсүх Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт даалгасан ажлыг ОБЕГ-ын дарга Т.Бадралд шилжүүлэхдээ “Төрийн сайд чадахгүй бол бригадын генерал шийдэг” хэмээн уурсаж буй бичлэг цахим сүлжээгээр цахилгаан шиг хурдлав. Ийнхүү Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон бусад нэр бүхий сайд нарыг албан тушаалаас нь огцруулах тухай сураг бодитой мэтээр эрчимжээд байна. 

Шадар сайд У.Хүрэлсүх Улсын онцгой байдлын хуралдаанд таван минут хоцорч ирсэн хотын дарга Су.Батболдыг ч хяргачих дөхөв. Су.Батболд шиг бүх насаараа УИХ-ын гишүүн явсан, хүнд загнуулж үзээгүй шахам хүнд аж ахуй хөтлөх, тэр дундаа У.Хүрэлсүх шиг жанжнаар шууд удирдуулдаг Онцгой комиссын хуралд ажил тайлагнана гэдэг бол жинхэнэ зуд. “Батболд оо, эрт босож сур. Хот таван минутад бүү хэл аравхан секундэд шатсан түүх байдаг юм шүү” гэж сүрдүүлэв. Үнэндээ У.Хүрэлсүх бол хатуу чанга дэгийг эрхэмлэгч цэргийн хүн. Түүн шиг Шадар сайдгүй бол амгалан тайван дүр төрхтэй Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хувьд Монгол Улсын гүйцэтгэх засаглалыг авч явах нь битгий хэл ганц өвлийн хүндрэлийг давж чадахгүй нь үнэн.

У.Хүрэлсүх бол МАН дотор “залуусын” хэмээн нэрлэгддэг жижиг биш фракцыг үндэслэгч. Арваад жилийн өмнө хүчээ авсан түүний фракц өдгөө залуу болон дунд насныхныг эгнээндээ нэгтгэх болсон. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан тэрбээр УИХ-ын 2016 оны сонгуульд өрсөлдөөгүй боловч Шадар сайдын албанд томилогдсон. Харин одоо Ардын намын хоёрдугаар ээлж Засгийн эрхэнд ирэхээр бэлтгэж байгаа бол энэ үйл явцыг У.Хүрэлсүхээс өөр удирдах хүн МАН-д үгүй юм. Зарим хэвлэл Сү.Батболд У.Хүрэлсүхийн гараар Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах мэтээр таамаглаж байгаа нь ташаа ойлголт болов уу. Сү.Батболдын фракц харьцангуй цөөхүүл боловч энэ Засгийн газрын үед Д.Зоригтоос бусад бүхий л гишүүнээ хариуцлагатай албан тушаалд суулгаж, өөрсдийн жин нөлөөг өсгөж чадсан билээ. Гэтэл У.Хүрэлсүхийн “цэргүүд” сайд нарын танхимд болон яамд, төрийн өмчит томоохон үйлдвэрүүдийн удирдлагад гурав, хоёроос хэтрэхгүй цөөхүүлээ томилогдоод байна.

2017 он бол Ерөнхийлөгчийн сонгуулийн жил. МАН-аас тус намын дарга бөгөөд УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин нар нэр дэвших эрхийн төлөө нам дотроо өөр хоорондоо өрсөлдөх магадлал бий. Хэрэв М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуулийн мандат өвөртөлбөл МАН-ын даргын төлөөх өрсөлдөөнд хамгийн түрүүнд У.Хүрэлсүх нэр дэвших нь гарцаагүй. Түүнтэй Ж.Эрдэнэбат, Сү.Батболд, Ж.Энхбаяр нар хүч үзэж мэдэх юм. МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн штабыг хэн удирдах вэ гэсэн асуулт МАН-ын дараагийн даргын нэрийг тодруулахад нөлөөлж таарна. Тиймээс Ж.Эрдэнэбат, Сү.Батболд, Ж.Энхбаяр нараас У.Хүрэлсүх нь Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчийн гарт ялалтыг атгуулах цорын ганц магадлал болов уу. 

Нэгэн цагт С.Баяр намын дарга болмогцоо М.Энхболдоос Ерөнхий сайдын албыг нь ч авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн шиг У.Хүрэлсүх МАН-ын дарга болбол Ж.Эрдэнэбатаас Засгийн газраа авах нь гарцаагүй. Тиймээс Ардын намын хоёрдугаар ээлж хоолонд орохдоо л орж таарах болов уу. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гартал энэ тухай яриа эртдэхээс гадна эрсдэлтэйд тооцогдох нь дамжиггүй.   

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
4 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
6 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
12 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
6
12
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.