Авторын булан: Н.Алтанхуяг, Х.Баттулгын адил зовлон ба АН-ын дөрвөн фракцын нэгдэл


Image Б.Энхцэцэг       1386

Ардчилсан намын лидерүүд эргэн нэгдэхээс өөр аргагүй цэг дээр зогсоцгоож байна. Хувь заяаны эрхээр ч гэх үү, учирсан зовлонгийнхоо ижлээр ч гэх үү, Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёр энэ өдрүүдэд нэгэн зорилготой болжээ. “Женко” Х.Баттулгын гэгддэг Тавантолгойн төмөр замын санхүүжилтийн хэрэг прокурорт шилжсэн бол, АТГ Н.Алтанхуягийг боловсролын салбарт зарлагдсан тендерийн хэрэгт сэжигтнээр татаж, үүнээс хэдхэн хоногийн өмнө төрсөн дүүг нь цагдан хорьсон. Хоёр эрхмийн уурлаж бухимдах, үзэн ядах цор ганц шалтгаан нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болоод байгаа учир тэд хоёр биенийхээ зовлон шаналлыг хэн хүнээс илүү ойлгох болов.   

Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёр эвдрэлцэж явсан нь ч саяхных. 2012-2013 онд Н.Алтанхуяг Ерөнхий сайд, Х.Баттулга түүний танхимд сайд байсан билээ. Тэр үеэс эл хоёр эрхмийн зөрчил хурцдаж, Н.Алтанхуягийн Засгийн газар огцорч тус тусын зан, замаа хөөсөн нь ердөө хоёр жилийн өмнөх явдал. Гэвч улс төрийн тойрог тэднийг дахин уулзуулж, харин энэ удаа тэд тэврэлдэн уулзлаа. Ц.Элбэгдоржоос Н.Алтанхуяг болон түүний найз нөхөд, гэр бүлд амсуулж байгаа бэрхшээлийг Х.Баттулгын баг бие сэтгэлээрээ амссан учраас тэд нэгнийгээ түшихээр шийджээ. Энэхүү нөхөрлөл, түншлэлийн үзүүрт өс бий.

Арванхоёрдугаар сарын 6-нд хуралдах АН-ын их хурлын өмнө тус намын томоохон фракц болох Н.Алтанхуягийн “Алтангадас”, Х.Баттулгын “МоАХ” нэг баг болох нь тодорхой болжээ. “Алтангадасыг” “Фортуна” Н.Батбаяр, Д.Эрдэнэбатын тэргүүлж буй МҮДН, МоАХ-г З.Энхболдын “Шонхор” дагах нь ойлгомжтой хэрэг билээ. Тэд өмнө нь шуудайд хийсэн үхрийн эвэр мэт эвцэлдэж өгдөггүй байсан бол ийнхүү АН дахь хүчний тэнцвэр дээрх дөрвөн фракцын нэгдлээр Н.Алтанхуяг, Х.Баттулга нарыг дэмжин эвлэрээд байна. АН-ын гунигт лидерүүдийн зовлонгийн нэгээхэн хэсэг нь Хөгжлийн банкнаас гаргасан зээлийн асуудлаар цагдаагийнханд ороогдоод буй “Фортуна” Н.Батбаяр мөн. Тэрбээр Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёрын энэхүү эвлэрэл нэгдлийг зузаатгаж буй гурав дахь бэлгэ тэмдэг юм. 

АТГ-ын үүдэнд сэтгүүлчдэд хандсан Н.Алтанхуягийн үгэндээ, тэрбээр өөрийгөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарласнаас болж одоогийн Төрийн тэргүүн Ц.Элбэгдоржийн дургүйцлийг төрүүлж, ийнхүү гэмт хэргийн сэжигтэн болж байгаагаа үгүйсгээгүй юм. Ц.Элбэгдоржийн хувьд хууль сахиулах байгууллагуудад нөлөөтэй албан тушаалынхаа бядаар дараагийн Ерөнхийлөгч хэн байх зурхайг зурчих гээд байгаа мэт ойлголт олон нийтэд төрөх боллоо. Хэрэв АТГ гэм бурууг нь хөдөлбөргүй баримттай тогтоовол Төрийн тэргүүний сунгаанд өрсөлдөх Н.Алтанхуягийн зорилго талаар болох нь дамжиггүй. 

АН дахь зарим эх сурвалжийн өгүүлж байгаагаар, Н.Алтанхуяг Х.Баттулгын зуучлалаар “Женко”-гийн анд бөгөөд МАХН-ын дарга Н.Энхбаяртай харилцаж эхэлсэн гэх. Н.Энхбаярын ялтай байх хугацаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хуулийн хугацаанд дуусахгүй байх товыг прокуророос зааж өгөөд байгаа нь мөн л энэ өдрүүдийн шинэ мэдээлэл юм. Ийнхүү Ц.Элбэгдоржоос болж зовсон, шаналсан дөрвөн гар нэг ширээнд суулаа. Эндээс МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр тодрох магадлалтай. Н.Алтанхуяг МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болсон тохиолдолд Ц.Элбэгдорж түүнийг тайван орхиж болох. 


Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.


Үзэл бодол | Туйлшралд туйлдсан Монгол

"Хүн бүр гоё хувцаслах, гоё машин барих зэргээр гадаад хэлбэртээ анхаарснаасаа болоод Монголыг, монгол хүнийг юу хосгүй, дахин давтагдашгүй болгосныг мартчихаж"

Ub.life

Авторын булан | Падлий

Ж.Тэгшжаргал

Их уншсан