Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

Цуврал: Төвдөд ор суух Монгол ба аймаар үг

Эцэс төгсгөлгүй жүжгийн цорын ганц гол дүр III


 

Хэдийнэ ная гарсан Далай лам Данзанжамц Монголын өвлийн 20 хэм хол давсан хүйтнийг ч үл ажиран айлчилсан нь бидэнд хоёр үзүүрт үр дагаврыг үлдээлээ. Хятадын нэгдүгээр зэргийн дайсан хэмээх тодотголтой түүний айлчлалыг БНХАУ-ын захиргаа тун дурамжхан хүлээж авсан бол Монголын шашны тэргүүн X дугаар Богдыг тодруулна гэсэн цуурхал нийгмийн сүлжээнд дуулиан тарилаа. Дуулианы хүрээнд Монголын хэвлэлүүд Далай лам болон X Богдыг тойрсон цөөнгүй нийтлэл бэлтгэсэн нь Богдын хойд дүрийг улс төрийн ураг төрлөөс тодруулах нь гэсэн хардлагыг дэвэргэсэн юм. Харин энэхүү нийтлэлд XIV Далай ламын айлчлал, X Богдыг тодруулах үйлсийн цаадах Буддын шашин байх уу, үгүй юу, эсвэл Хятадынх болох уу гэсэн асар том тэмцлийн талаар өгүүлэх болно. Бид өмнө нь “Эцэс төгсгөлгүй жүжгийн цорын ганц гол дүр”, “Эзэнт гүрний амьгүй ураг” нийтлэлээрээ Хятад Улс эзэнт гүрний түүхийг хэрхэн өөриймшүүлж байгаа тухай ярьсан бол энэ удаа Буддын шашинд суурилсан гурав дахь эсрэгцлийн талаар бичлээ.

Даардаггүй Далай лам

Дарамсала хотын захын дүүргийн өндөрлөг хэсэгт, 20 гаруй  градусын дулаанд амьдардаг түүнийг Улаанбаатар хотод буух үеэр агаарын хэм - 25 градусыг зааж байлаа. Маргааш нь задгай талбайд лагай намжир хэмээх шашны өмсгөлтэйгөө сүсэгтнүүдтэй уулзаж буй түүний зураг олон нийтийн сүлжээнд цацагдахад “Далай лам даардаггүй юм уу” гэсэн яриа анх гарчээ. Түүний даарахгүй байгаа шалтгааныг дийлэнх хүн номын хүч чадалтай холбон ойлгосон ч 48 цагийн дараа тэрбээр Монголын хүйтнийг яагаад тэсвэрлэх ёстойгоо үг, үйлдлээрээ тодорхой болгосон юм. Зөвхөн Төвдөд зургаан сая сүсэгтэнтэй, дэлхийн хүн амын долоон хувь нь шүтдэг Буддын шашин цаашид яах вэ гэсэн эргэлтийн цэг дээр ирээд байхад шашны хамгийн том мяндагтан, Төвдийн үзэл санааны удирдагч хүйтнээс халширна гэдэг хэтэрхий жижиг хэрэг. Тэр өөрөө ингэж хэлээгүй ч үг, үйлдлээс нь тодорхой мэдрэгдэж байв.

Далай ламыг Монголд айлчлах тухай мэдээлэл цацагдсанаас гурван цагийн дараа Гандантэгчэнлин хийдээс X Богдыг тодруулах ямар нэг үйл ажиллагаа хөтөлбөрт багтаагүй хэмээн няцаасан ч хоёр өдрийн дараа Далай лам “X Богд одоохондоо нялх байна. Гурван нас хүрэхээр нь энэ талаар тодорхой мэдээлнэ” гээдхэв.   

Таван жилийн өмнө улс төрийн эрхээ бүрэн “тайлж”, Хятадын тааллаар сонгогдсон эрх баригчдад эрх мэдлээ шилжүүлсэн тэрбээр “Надад одоо улс төрийн эрх мэдэл байхгүй, зөвхөн шашин номыг дэлгэрүүлэх ажлаа үргэлжлүүлж байна” хэмээн хүлээн зөвшөөрсөн. Хэдийнэ Далай ламын мэдлээс гарсан Төвдийн эрх чөлөө, Хятадын хяналтад бүрэн орох аюул тулгараад байгаа Буддын шашны уламжлал Далай ламыг дүн өвлөөр Монголд авчирсанд эргэлзэх зүйл үгүй. Гэвч энэ бүхэн 100 гаруй жилийн өмнөөс эхэлжээ.

Хуваа, дараа нь захир

Төвдийг шашнаар хагалан бутаргах мэргэн санаагаа Хятадын удирдагчид бодож олсон яг тэр үед Монголд Үндэсний эрх чөлөөний хувьсгал өрнөж, Богд Жавзундамбыг хаан ширээнээ залж байв. Энэ бол 100 гаруй жилийн тэртээх явдал. Буддын шашинд суурилан, Хятадын Засгийн газраас найруулсан энэхүү жүжгийн гол дүр нь Өвөр Монголын Жанжаа хутагт, Төвдөөс цөлөгдсөн IX Банчин лам байсан бол туслах дүр нь XIII Богд Жавзундамба байсан түүхтэй.

1911 оны арванхоёрдугаар сард монголчууд XIII Богд Жавзундамбаар толгойлуулан, халхаар төвлөсөн Монгол Улсаа дахин сэргээж, Чингийн төрөөс тусгаарласан нь Монголыг хязгаар нутгаа хэмээх санаагаа орхиогүй асан Хятадад санамсаргүй цохилт байж. Тиймээс ч Монголын шашин, төрийн хамгийн том тэргүүн болсон Жавзундамбын хүч нөлөөтэй тэмцэхийн тулд Хятадын Засгийн газар шашны мяндагтнуудыг гол дүрээ болгосны эхнийх нь Өвөр Монголын Жанжаа хутагт байжээ.

Ганьсугийн Монгоруудын дунд төрсөн хорин нэгэн настай Жанжаа хутагт  дөрөвхөн сарын өмнө Ерөнхийлөгч суугаад байсан Юань Шикайтай уулзсан эхний өдрөө “Буддын шашны бүх урсгалыг адилхан хамгаалахыг хүсч, Монгол болон Төвдийн асуудлыг шашнаар зохицуулж болно” гэснийг Холмес Уэлч “Хятад дахь буддизмын сэргэлт” бүтээлдээ дурдсан байдаг. Хутагтын үнэ цэнийг зөвшөөрсөн Юань Шикай түүнд “Төгс ерөөлт, Наран гэрэлт Улсын их багш” цол олгоод, эрдэм чадал, төрд оруулж буй хувь нэмрийнх нь шанд жилийн 10 мянган юаний цалин өгөхөөр тогтжээ.

Шашны эрх мэдлээ хадгалахын тулд Жанжаа хутагтын гаргасан энэхүү үйлдлийг  “Буддын шашинтай оронд үндэсний үзэл сэргэх үед үндэстэндээ үнэнч байх, эсвэл шашиндаа үнэнч байх сонголт үүсэж, тус тусын шашны хүрээгээ хадгалахын тулд зөрчилддөг” гэсэн антропологич У.Булагийн дүгнэлтээр тайлж болно.

Юанийг өнгөрснөөс хэдхэн өдрийн дараа Хятадын шинэ Ерөнхий сайд Дуань Чируй Жанжаагийн цалинг нэг мянган юаниар нэмж, Цэргийн яамнаас түүний бие хамгаалалтад зориулж морьт цэрэг хуваарилсан гэдэг. Үүнийг Хятадын түүхч Ши Мяожоу “Гэвч энэ бол Монголын тусгаар тогтнолыг цуцалсан 1915 оны гурван талт гэрээний дараа 1916 оны долдугаар сарын 8-нд Жавзундамба хутагтын “Ар Монголын Богд Жавзундамба хутагт хаан” нэрийг авч хаяхад Жанжаа хутагтын зүтгэсний шан байв” гэжээ. Гурван жилийн дараа хятадууд Монголын автономитыг устгахаар санаархахад “Монголыг Хятадын захиргаанд орохыг ятгах шарын шашны төлөөлөгчөөр Жанжаа хутаг тавигдсан нь тохиолдлын хэрэг биш байлаа.

Монголчуудын Буддын шашинд суурилсан үндэсний үзлийг задлан бутаргахад ганц Жанжаа хутагт хангалтгүй болох үед XIII Далай ламын шашны шинэчлэлийг эсэргүүцэн Төвдөөс зугтсан IX Банчин Богд гарч ирлээ. Далай ламын “орлогч”, хойд дүрийг нас биед хүрэх зэрэг эгзэгтэй үед шашны түр тэргүүнээр суух эрхтэй шашны хоёрдогч мяндагтан тэрээр Хятадын шидсэн дэгээг тун ч овжин үмхсэн юм.

Цөллөгийнхөө ихэнх хугацааг Хятадын Засгийн газрын дэмжлэгээр Өвөрмонголд өнгөрүүлсэн Банчин Бээжингийн бослогын улмаас үүссэн, Дуань Чижуйн толгойлсон шинэ түр Засгийн газартай холбоо тогтоожээ. Дуань олон монгол язгууртныг Жанжаа хутагтын хамт Тайюань руу явуулж Банчинг найрсгаар тосуулах мөч Монголоос Зөвлөлтийн цэрэг гарах үетэй давхацжээ. Бээжинд Дуань Чижуйтай уулзах үеэрээ Банчин “Ар Монгол бол Хятадын газар нутаг. Одоо Оросын арми гарсан тул Ар Монголыг буцаан авах аятай цаг бүрдэв. Манай улсаас Ар Монголыг бүрэн эрхшээх баталгааг хангахын тулд Оросын Элчин сайд Лев Карахантай даруй уулз” хэмээсэн нь Хан Шинфү, Зян Кэфү нарын “БНХАУ-ын тоолол” өгүүлэлд бий.

Тус оны наймдугаар сард Банчинд Жанжаа хутагтын нэгэн адил “Шударга ёсыг дэлгэрүүлэгч, Ертөнцийг аврагч” дөрвөн үсэгт цолыг албан ёсоор олгож, алтан тавган дээр буулгасан гэрчилгээ, алтан тамгыг шинэ цолны хамт гардуулсан байна. Тэр үед Өвөрмонголд Банчин Богдын нэр сүр илт өсөж, түүнд мөргөхөөр очигсод хэдэн арав, зуу, мянгаараа бүлэглэн ирдэг байсныг доктор Кристофер Этвүүд судалгаандаа дурдсан нь бий.

Монголын тусгаар тогтнол, эвлэлдэн нэгдсэн үндэсний үзлийн эсрэг хутагт лам нарыг эсрэгцүүлсэн энэхүү аргыг У.Булаг “Хуваа, захир” гэсэн зарчим дээр суурилсан гэдэг. Хутагт ламаар хагалан бутаргах хоёр дахь жүжгээ Хятадууд Төвд дээр туршихаар шийдсэн нь 1990 онд Далай ламын X Банчин Богдоор тодруулаад байсан зургаан настай хүүг хулгайлсан явдал байв. Төвдөөс тодруулсан Банчин Богд сураг алдарсны дараа буюу 1995 онд Хятадын Засгийн газраас өргөмжилсөн Банчин Богд 2012 онд олны өмнө гарч “Хятадын ард түмний эв нэгдэл, амар амгалангийн төлөө ажиллахаа” олон нийтийн сувгаар амласан билээ.

Хятад Улс өөрсдийн бүтээсэн тоглоомын Банчин Богдоор Далай ламыг орлуулахаар махарч буй нь олон үйлдлээс харагдаж байгаа. Далай ламын дараагийн дүр тодрох эсэх нь ч эргэлзээтэй, тодорлоо ч Хятадын санаа бодлыг хэрэгжүүлэгчдийн гараар тодрох учраас Төвд дэх эрх чөлөөний тэмцэл, Далай ламын толгойлж буй гэлэгвагийн урсгал үүнтэй цуг төгсгөл болох нь цаг хугацааны л асуудал. Тэр үед Буддын шашны хоёр дахь том төв хэмээн өөрсдийгөө өргөмжлөх дуртай Монгол Улс Буддын шашинтнуудын итгэл найдварын газар, Шүгдэн нийгэмлэгт түшиглэсэн, Банчин ламаар толгойлуулсан Хятадын буддизмын эсрэг зогсох хүч болно. Үүний тулд л …

Хамгийн аймаар үг

Ингэхийн тулд Монголын шашны тэргүүн X Богд аль болох хурдан тодрох ёстой. Төвд дэх шашны эрх мэдэл нь хүч тамиртай нь хамт алсарч буйг Далай лам өөрөө хэлсэн. Монгол дахь айлчлалынхаа үеэр тэр танхим дүүрэн цугласан сүсэгтний өмнө “Төвдийн шашин, соёлыг уруудан доройтуулахгүй байх, түүний орчныг хамгаалж явах үүргээ би үхэн үхтлээ биелүүлэх болно” хэмээн хэлснийхээ араас залган “Монгол, Төвдийн хувьд 3000 жилийн өмнөөс холбоотой, барилдлагатай байсан ард түмэн. Төвдийн шашин дэлгэрэхээс өмнө ч бид холбоотой байсан болов уу. Хүний төрлөөр нь аваад үзвэл монгол хүүхэд төрөхдөө хондлой дээрээ хөх төлбөтэй төрдөг шиг төвд хүүхдүүд ч тийм толботой төрдөг. Бид үүгээрээ адилхан” хэмээн илт тал зассан үгсийг унагасан нь санаандгүй хэрэг биш.

Далай лам одоо 1950-иад оны эхээр Төвдийн тусгаар тогтнолын төлөө тэмцэж байсан үеийнх шигээ биш болжээ. Түүнд одоо тэмцлээс илүүтэй хойд дүр, Буддын шашны ирээдүйн талаар санаа зовних нь чухал байгаа. Түүний дүү Дэнзэн Чойгэлийн “New York Times” сонинд ярьсанчлан  “Түүнийг насан эцэслэхэд тэдний тэмцэл бүрмөсөн дуусаж” ч магадгүй.

Хэдийгээр Хятадын Коммунист Нам шашнаас ангид албан ёсны байр суурь баримталдаг ч Далай ламыг нас барсны дараа хойд дүрийг нь тодруулахад ихэд анхаарах нь ойлгомжтой. ХКН-ын үзэл суртал, заавар чиглэлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг Төвдийн дараагийн удирдлага Хятадын эрх мэдлийг Төвдийн нутаг дэвсгэрт бэхжүүлэхийн төлөө ажиллах болно. Түүний дараагийн дүр тодорлоо ч Банчин ламын дор зэрэг доошлон суухыг үгүйсгэх газаргүй. Тэрээр “Банчин Богд одоогоор хоёр болчихоод байгаа. Магадгүй ирээдүйд Далай лам ч хоёр болж магадгүй” гээд инээсэн нь хошин наргиа гэхээсээ айдсаа нуух арга шиг санагдсан.

Энэ эгзэгтэй үед Буддын шашны хоёр дахь том төв болсон Монгол Улс Далай ламыг дагагсдын авралын цэг болох болно. Ингэхийн тулд Монгол дахь Буддын шашны хагарлыг дарж, X Богдыг тодруулах нь Далай ламын юун түрүүнд хийх ёстой ажил.

Нийтлэлч Ө.Гонгор “IX Богдын дараах Монголын Буддын шашин” нийтлэлдээ Монголын Буддын шашныг “Гүрдаваа ринбүүчигийн шавь нар”, “Ажа ринбүүчигийн бүлэглэл”, “Гандантэгчэнлин болон Дарамсалагийн бүлэглэл”, “Бусад буюу монгол бүлэглэл” хэмээх дөрвөн хэсэгт хуваасан байна. Далай ламын айлчлалыг анх олон нийтэд мэдээлж, эсэргүүцсэн хүн нь Их Хүрээ хийдийн хамба, Монголын бурханы шашны шинэ төвийн тэргүүн З.Санддорж. Далай ламын холбоотнууд буюу Дарамасалад суралцагчдын бүлэглэлийг эсэргүүцдэг тэрбээр Далай ламын энэ үйлдэл урд хөршид таалагдахгүй гэж хамгийн түрүүнд дуугарсан нь Шүгдэнгийн талын хүн гэсэн зэмлэлийг олон нийтээс авчээ. Монголын шашны хагарлыг дарах арга нь X Богд байсан бол одоо нэгэнт оройтсоныг дээрх үйлдэл баталчихлаа.

Энэ үед X Богд тодорч, Монгол Улс Буддын шашны гол цэг болбол тэр үед “Монгол Буддын шашны хоёр дахь том төв” хамгийн аймаар үг болж хувирах билээ.












 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Монголын багууд 3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын эхний тоглолтдоо хожлоо
2
2 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
3
2 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
санал болгох
1
4 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
20
43
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.