Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

ГЭРЭГ: 2016 оны Монголын нөлөө бүхий 50 хүн - Ч.НОМИН

Нөлөөллийг сайн, муу гэж цэгнэх аргагүй. Эерэг болон сөрөг талаар Монгол, монголчуудын амьдралд энэ жил хэн хамгийн их нөлөө үзүүлсэн хүмүүсийг "Гэрэг" нэрлэж байна.


 

Эрхлэгчийн үг

Цаг хугацааг жинлэж үзсэний дараа л үр дүн нь мэдрэгддэг гэсэн суутны үг бий. 2016 он урьд урьдынхаас жинтэй, олон үйл явдал давхацсан жил байсныг одоо л бүрэн дүүрэн харах сөхөөтэй болов. Монголын нийгэмд, жир хүмүүсийн амьдралд нөлөө үзүүлсэн 50 хүнийг нэрлэх дугаарынхаа төлөвлөгөөг гаргах үедээ бид тийм ч итгэлтэй байгаагүй. Учир нь гурван сая хүн амтай Монгол Улсаас 50 нөлөө бүхий хүн тодрох боломжтой юу гэсэн асуулттай улгарч байлаа. Гэвч бидний төсөөлснөөс олон хүн нөлөө бүхий болохыг санал асуулгын дараа мэдсэн юм.

Нөлөөлөл сайн сайхан хэн нэгнийг шагнах, тодруулах үйл ажиллагаа биш, харин сайн, муу, эерэг, сөрөг аль ч талаараа бидний амьдралд нөлөө үзүүлж, олны анхаарлыг хамгийн ихээр өөртөө татаж, хийсэн үйлдэл, бүтээсэн зүйлээрээ өөрийн эрхгүй эргэн харахад хүргэсэн хүмүүсийн дүр. Редакцийн зүгээс санал болгосон 60 хүний мэдээллийг бид долоо хоногийн хугацаанд “Ub.life” сайт дээр байрлуулж, “дэмжинэ”, “дэмжихгүй” гэсэн хоёр агуулгаар санал хураасан. Санал асуулгад давхардсан тоогоор 38371 санал ирснийг редакцийн саналтай нэгтгэн 2016 оны Монголын нөлөө бүхий 50 хүнийг онцоллоо. Монголыг дэлхий дахинд шинээр гаргаж танилцуулсан 15 настай бүргэдийн анчин охиноос эхлээд тэмээ хөлөглөн алс буйд нутгийн хүүхдүүдэд ном уншуулахаар гарсан 75 настай зохиолч хүртэлх 50 хүнийг яагаад онцолсноо тодруулахын тулд “Бүтээгч”, “Ялагч”, “Бэлгэдэл”, “Улстөрчид”, “Дуулиан” гэсэн таван хэсэгт хувааж, хүн тус бүрт нөлөө бүхий байсныг хөрөг нийтлэлээр гаргахыг хичээлээ.

Бид Барууны хэвлэл мэдээлэл, редакци нөлөө бүхий хүний жагсаалтыг хэрхэн гаргадаг тэр зарчмаар ажиллахыг хичээсэн. Тиймээс хүмүүсийн хөргийг редакциас томилогдсон аль нэг сэтгүүлч биш олны танил, тухайн салбар, эсвэл тэс өөр салбарын хүнээр бичүүлэхийг зорьсон юм. Бидний саналыг хүлээн авч автораар оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан Г.Уянга, Ардын уран зохиолч Д.Цоодол, Төрийн шагналт зохиолч Д.Төрбат, яруу найрагч Ц.Хулан, олимпийн медальт тамирчин Г.Ням-Очир, хүндийг өргөлтийн тамирчин Н.Баярмаа болон “Unread.today” сайтын хамт олон, бусад автордаа чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье.

ЧИНБАТЫН НОМИН, "Монгол ТВ"-ийн захирал

Алсын хараа

Хэвлэл мэдээлэл, хүлээн авагч гэсэн үгс хоцрогдож медиа салбар, мэдээллийн “хэрэглэгч” гэсэн шинэ нэр томъёо нэн шаардлагатай болсон үед тэр шинэ өнгө төрхийг Монголд бүтээж чадсан. Тэдний багийнхан медиа бол хов жив биш, телевиз бол улаан булан биш гэдгийг ёс зүйтэй, чанартай контентоор олон нийтэд мэдрүүлэв. 
Телевизийн салбарт хоёр тэрбум төг­рөгийн хөрөнгө оруу­лал­таар шоу эхлүүлсэн нь гайхалтай бас зоригтой алхам байлаа. Гэхдээ зориг гэдэг үгийн нэг талд тэнэглэл гэсэн үг дагах нь түгээмэл. Харин нөгөө талд нь итгэлтэй байдал бас бий. Тэгвэл Ч.Номингийн баг зоригтой эхлүүлсэн төслөө итгэлтэй, хариуцлагатай дуусгаж чадсаныг бид бэлхнээ харж байна. Хүмүүс гэр бүлээрээ, нийгмээрээ нэгэн сэдвийг “эргүүлж, тойруулан” ярилцах тэр зүг чигийг тэдний багийнхан тодорхойлов. Энэ бол медиагийн хүч. 

Цаашлаад энэ хүч нийгмийн бүхий л салбарт нөлөөлж өөрчлөлтийн эх болох учиртай. Медиа дандаа хөгжилтэй, үргэлж зугаатай, хэзээд миний талд байдаггүй. Харин шинэ бүхний түрүүнд, үнэний талд хурц, дайчин зогсдог. Ийм л медиаг бий болгож бас төлөвшүүлэх алсын хараа нь түүнийг “Монголын телевизүүдийн чуулган” зохион бай­гуулж, Хэвлэлийн зөвлөлд үүрэг гүйцэт­гэхэд нь хөтөлдөг болов уу. Энэ цаг үед юу ч хийсэн шинэ, ямар ч өөрчлөлтөд бэлэн байдал нь Монголын нийгмийг сонирхолтой болгодог гэж би хувьдаа итгэдэг. Ялангуяа, медиа болон бүтээлч үйлдвэрлэлийн энэ салбарт ихийг хийх орон зай бий. Тэр бүхний эхлэлийг итгэлтэй тавьсан Ч.Номин, түүний багийнхнаас илүү ихийг хүлээж байна. 

Хөрөг бичсэн Ж.Хулан нь “Eagle News” телевизийн Ерөнхий продюссер 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
2
6 цагийн өмнө
Монголын багууд 3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын эхний тоглолтдоо хожлоо
3
7 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
3
29
0
0
0
0
0