Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

ГЭРЭГ: 2016 оны Монголын нөлөө бүхий 50 хүн - Г.АРИУНБААТАР

Нөлөөллийг сайн, муу гэж цэгнэх аргагүй. Эерэг болон сөрөг талаар Монгол, монголчуудын амьдралд энэ жил хэн хамгийн их нөлөө үзүүлсэн хүмүүсийг "Гэрэг" нэрлэж байна.


 

Эрхлэгчийн үг

Цаг хугацааг жинлэж үзсэний дараа л үр дүн нь мэдрэгддэг гэсэн суутны үг бий. 2016 он урьд урьдынхаас жинтэй, олон үйл явдал давхацсан жил байсныг одоо л бүрэн дүүрэн харах сөхөөтэй болов. Монголын нийгэмд, жир хүмүүсийн амьдралд нөлөө үзүүлсэн 50 хүнийг нэрлэх дугаарынхаа төлөвлөгөөг гаргах үедээ бид тийм ч итгэлтэй байгаагүй. Учир нь гурван сая хүн амтай Монгол Улсаас 50 нөлөө бүхий хүн тодрох боломжтой юу гэсэн асуулттай улгарч байлаа. Гэвч бидний төсөөлснөөс олон хүн нөлөө бүхий болохыг санал асуулгын дараа мэдсэн юм.

Нөлөөлөл сайн сайхан хэн нэгнийг шагнах, тодруулах үйл ажиллагаа биш, харин сайн, муу, эерэг, сөрөг аль ч талаараа бидний амьдралд нөлөө үзүүлж, олны анхаарлыг хамгийн ихээр өөртөө татаж, хийсэн үйлдэл, бүтээсэн зүйлээрээ өөрийн эрхгүй эргэн харахад хүргэсэн хүмүүсийн дүр. Редакцийн зүгээс санал болгосон 60 хүний мэдээллийг бид долоо хоногийн хугацаанд “Ub.life” сайт дээр байрлуулж, “дэмжинэ”, “дэмжихгүй” гэсэн хоёр агуулгаар санал хураасан. Санал асуулгад давхардсан тоогоор 38371 санал ирснийг редакцийн саналтай нэгтгэн 2016 оны Монголын нөлөө бүхий 50 хүнийг онцоллоо. Монголыг дэлхий дахинд шинээр гаргаж танилцуулсан 15 настай бүргэдийн анчин охиноос эхлээд тэмээ хөлөглөн алс буйд нутгийн хүүхдүүдэд ном уншуулахаар гарсан 75 настай зохиолч хүртэлх 50 хүнийг яагаад онцолсноо тодруулахын тулд “Бүтээгч”, “Ялагч”, “Бэлгэдэл”, “Улстөрчид”, “Дуулиан” гэсэн таван хэсэгт хувааж, хүн тус бүрт нөлөө бүхий байсныг хөрөг нийтлэлээр гаргахыг хичээлээ.

Бид Барууны хэвлэл мэдээлэл, редакци нөлөө бүхий хүний жагсаалтыг хэрхэн гаргадаг тэр зарчмаар ажиллахыг хичээсэн. Тиймээс хүмүүсийн хөргийг редакциас томилогдсон аль нэг сэтгүүлч биш олны танил, тухайн салбар, эсвэл тэс өөр салбарын хүнээр бичүүлэхийг зорьсон юм. Бидний саналыг хүлээн авч автораар оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан Г.Уянга, Ардын уран зохиолч Д.Цоодол, Төрийн шагналт зохиолч Д.Төрбат, яруу найрагч Ц.Хулан, олимпийн медальт тамирчин Г.Ням-Очир, хүндийг өргөлтийн тамирчин Н.Баярмаа болон “Unread.today” сайтын хамт олон, бусад автордаа чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье.

ГАНБААТАРЫН АРИУНБААТАР, дуучин
Оргил тийш 
 
 

Хүн төрөлхтний соёлын үнэт өв-сонгодог урлагт амжилт гаргах нь амаргүй даваа гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой. Тэр тусмаа олон зуун, олон үе дамжиж түүний оргил өөд мацсан мэргэжлийн домогт олон уран бүтээлчдээс шалгарч тэргүүнд нь зогсоно гэдэг бол хосгүй. Эгэл борог амьдралтай малчны гэрт төрж өссөн монгол хүү ийм амжилтад хүрсэн нь яах аргагүй манай үндэсний бахархал. Энэ бахархлын эзэн бол Ганбаатарын Ариунбаатар юм.  

 
Г.Ариунбаатар бол жирийн монгол залуу. Гэхдээ энэ залуу дэлхийн сонгодог урлагийн хүсэмжит өргөө – Мариинский театрын гоцлол дуучин. Глинкийн олон улсын дуурийн дуу дуулаачдын түрүү. Чайковскийн хөгжмийн наадмын дуулаачийн тэргүүн байр. Уг наадмын бүх төрлөөс сонгож ганцхан хүнд олгодог Гран при шагналыг эзэмшигч юм. Би Ариунбаатарын оролцсон өөр олон уралдаан, амжилтын тухай энд дурдахаас азнахаар шийдлээ. Харин бөмбөрцгийн сонгодгуудын их олимп болох Чайковскийн наадмаас онцолж энд нэг зүйлийг хэлье. 
 
Уг наадмыг дэлхий шүүж суудгийг, дэлхийн сонгодог урлагийн тэргүүн шүүгчид бөмбөрцгийн өнцөг булан бүрээс шүүж үнэлгээ өгдгийг л энд оцлох гэсэн юм. Сонгодог урлагийн их замд өөрийн мөртэй, нэртэй 30 орчим орны итгэмжилсэн мэргэжилтнүүд, шүүгчид уг наадамд оролцогчдын үзүүлбэрийг нутаг нутагтаа тольдож, хянаж, үнэлгээ өгдөг. Тэдгээр бүх үнэлгээнээс тэргүүн байрын эзэн, Гран при шагналтан тодордог. Энэ бол Чайковскийн Хөгжмийн их наадмын онцлог. Ийм шүүлтүүр дундаас Монгол малчны хүү тэргүүн шагналыг нь өргөсөөр гарч ирэх нь өөрөө гайхамшиг юм.
 
Дуурийн дуу дуулаачдын тэргүүн шагналуудыг ээлж дараа­лан эзэм­дэж яваа Г.Ариун­баа­тарт мон­гол хүнд л заяах сай­хан чанар бий. Ариун­баатар Монголдоо үнэхээр хайр­тай залуу. Тэр бол монгол амьтай, хөдөө амьтай хүн. Тэр багадаа голын урсгал харж дуулах дуртай байжээ. Монголоороо бахархах нь Ариунбаатарын дээд бахархал юм. Тэр Монголынхоо байгалийг шүтдэг. Тэр Монголынхоо сонгодгуудыг шүтдэг. Монголынхоо сонгодог урлагийн ахмад үеийг, өнөөгийн уран бүтээлчдийг, хамтран бүтээж, бие биенээ ирлэдэг найз нөхдөө шүтдэг.
 
Амжилттай яваа олон монгол залуугийн адилаар би Г.Ариунбаатарын тухай мэдээг сонордон хардаг бас сонирхдог. Г.Ариунбаатарын тайз бол Мариинскийгээс гадна Бакингэмийн ордон, Нью-Йоркийн Метрополитан театр, алдарт Карнеги,  Москвагийн их театр гээд сар өдрөөр нэмэгдсээр байгаа. 
Сонгодог урлагийн оройд хэмжээ үгүй гэж ярилцдаг. Оргилд нь ойртох тусам орой нь, тэргүүн нь цаашлаад байдаг юм гэсэн. Тэр олон театрын тайз, уралдаан бол Ариунбаатарын хувьд ойртох тусам өндөрсөөд байдаг оргилтой адил мэт. 
 
Дэлхийд чимэг болсон хүн явъя гэвэл Монголдоо, гэртээ, хамт олондоо чимэг болж яв. Их хөдөлмөрлө. Зорилготой бай, тууштай бай, бусдыг хүндэтгэ. Энэ жирийн үнэнийг л Ариунбаатар дагажээ.
Дуучин Ариунбаатар нэгэнтээ хэлсэн байдаг. “Надад дутуу юм байхгүй” гэж. Би үнэн гэж боддог. Байгаль хүн бүрт тэгш заяадаг. Эсвэл байгалаас хүн бүр тэгш заяатай төрдөг. Харин зарим нь тэр бэлгийг дутуу тэтгэдэг байх. Ариунбаатарын амжилтын иж бүрдлийг “Авьяас, мэдрэмж, гүйцэтгэл” гэж тодорхойлсныг би уншсан. Харин тэр бүхний холбоос нь, хөдөлгөгч хүч нь Ариунбаатарын өөрийнх нь хөдөлмөр, хүмүүжил, зорилго юм.
 
Ариунбаатар бол Монголын сонгодгуудыг дуулах дуртай. “Монголын дуучин Ариунбаатар” гэж дуудуулах дуртай. Дэлхийн оргил дуучидтай өрсөлдөж “Монгол браво” гэж шуугиулах дуртай. 

Г.Ариунбаатар бол ийм л дуучин, ийм л залуу. 

Хөрөг бичсэн Ц.Элбэгдорж нь Монгол Улсын Ерөнхийлөгч  

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Монголын багууд 3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын эхний тоглолтдоо хожлоо
2
2 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
3
3 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
санал болгох
1
5 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
40
46
0
0
0
0
0