Хайх зүйлээ бичнэ үү

мин

ГЭРЭГ: 2016 оны Монголын нөлөө бүхий 50 хүн - Х.БАТТУЛГА

Нөлөөллийг сайн, муу гэж цэгнэх аргагүй. Эерэг болон сөрөг талаар Монгол, монголчуудын амьдралд энэ жил хэн хамгийн их нөлөө үзүүлсэн хүмүүсийг "Гэрэг" нэрлэж байна.


Эрхлэгчийн үг

Цаг хугацааг жинлэж үзсэний дараа л үр дүн нь мэдрэгддэг гэсэн суутны үг бий. 2016 он урьд урьдынхаас жинтэй, олон үйл явдал давхацсан жил байсныг одоо л бүрэн дүүрэн харах сөхөөтэй болов. Монголын нийгэмд, жир хүмүүсийн амьдралд нөлөө үзүүлсэн 50 хүнийг нэрлэх дугаарынхаа төлөвлөгөөг гаргах үедээ бид тийм ч итгэлтэй байгаагүй. Учир нь гурван сая хүн амтай Монгол Улсаас 50 нөлөө бүхий хүн тодрох боломжтой юу гэсэн асуулттай улгарч байлаа. Гэвч бидний төсөөлснөөс олон хүн нөлөө бүхий болохыг санал асуулгын дараа мэдсэн юм.

Нөлөөлөл сайн сайхан хэн нэгнийг шагнах, тодруулах үйл ажиллагаа биш, харин сайн, муу, эерэг, сөрөг аль ч талаараа бидний амьдралд нөлөө үзүүлж, олны анхаарлыг хамгийн ихээр өөртөө татаж, хийсэн үйлдэл, бүтээсэн зүйлээрээ өөрийн эрхгүй эргэн харахад хүргэсэн хүмүүсийн дүр. Редакцийн зүгээс санал болгосон 60 хүний мэдээллийг бид долоо хоногийн хугацаанд “Ub.life” сайт дээр байрлуулж, “дэмжинэ”, “дэмжихгүй” гэсэн хоёр агуулгаар санал хураасан. Санал асуулгад давхардсан тоогоор 38371 санал ирснийг редакцийн саналтай нэгтгэн 2016 оны Монголын нөлөө бүхий 50 хүнийг онцоллоо. Монголыг дэлхий дахинд шинээр гаргаж танилцуулсан 15 настай бүргэдийн анчин охиноос эхлээд тэмээ хөлөглөн алс буйд нутгийн хүүхдүүдэд ном уншуулахаар гарсан 75 настай зохиолч хүртэлх 50 хүнийг яагаад онцолсноо тодруулахын тулд “Бүтээгч”, “Ялагч”, “Бэлгэдэл”, “Улстөрчид”, “Дуулиан” гэсэн таван хэсэгт хувааж, хүн тус бүрт нөлөө бүхий байсныг хөрөг нийтлэлээр гаргахыг хичээлээ.

Бид Барууны хэвлэл мэдээлэл, редакци нөлөө бүхий хүний жагсаалтыг хэрхэн гаргадаг тэр зарчмаар ажиллахыг хичээсэн. Тиймээс хүмүүсийн хөргийг редакциас томилогдсон аль нэг сэтгүүлч биш олны танил, тухайн салбар, эсвэл тэс өөр салбарын хүнээр бичүүлэхийг зорьсон юм. Бидний саналыг хүлээн авч автораар оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан Г.Уянга, Ардын уран зохиолч Д.Цоодол, Төрийн шагналт зохиолч Д.Төрбат, яруу найрагч Ц.Хулан, олимпийн медальт тамирчин Г.Ням-Очир, хүндийг өргөлтийн тамирчин Н.Баярмаа болон “Unread.today” сайтын хамт олон, бусад автордаа чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье.

ХАЛТМААГИЙН БАТТУЛГА, улстөрч

"Бүтээхүйн эрэлчин"

Х.Баттулга бол жинхэнэ өөдрөг бадрангуй уран бүтээлч. Энэ чанар нь ч бидний нөхөрлөх шалтгаан болдог. Түүний санаачилж бүтээсэн, тусалж оролцсон бүхэн тухайлбал Чингисийн морьт хөшөө, 44 жил хүлээсэн Олимпын аварга, Экологийн жишиг хот байгуулах Их майдар төсөл, Монгол Тулгатны 100 эрхэм, Хүннүчүүд олон улсын хэмжээнд худалдаа соёлын харилцааатай байсныг бүрэн нотолсон “Гол мод -2” археологийн судалгаа  зэрэг ажлууд нь Монгол хүний бахархал, монголчуудын  оюун санааны дээдлэх эрхэм зүйлсийг сэргээх, сэрээх агуулга, зорилготой байдаг.  Энэ бүх ажил, төслүүд санаанд багтамгүй байдаг учраас эхлэл үедээ бүтэхгүй мэт санагдаж, шүүмжлүүлдэг байсныг бид бүгдээрээ мэднэ дээ. Өнөөдөр энэ бүгд  энгийн, хэзээний л байсан  мэт бодитой оршиж байна.

Дэлхийг прагматикаар бамбай хийдэг уйтан хөлдүү хулчгарууд биш мөрөөдөмтгий, цог жавхлант, оргилуун уран бүтээлчид өөрчилсөөр ирсэн түүхтэй. Бидний монголчуудад тулгарсан хямралын хүнд үеэс оргилуун тэмүүлэлтэй мөрөөдөмтгий бүтээлч хүмүүс л  аварч гаргана гэдэгт би итгэдэг. 
Уран бүтээлчид борог амьдралд нухчуулсан хүн бүрийн дотор зүүрмэглэн мартагддаг гоозүйн мэдрэмжийг сэрээх эрэлд мөнхөд хатаж явдаг юм. Аялгуу, уран зураг, зохиол бүтээлээс сайн сайхныг нь хүмүүс мэдэрч алмайрах тэр гайхамшиг нь гоозүйн эрэл хайгуулын утга учир билээ. 
Улстөр бол бүх хүмүүс тэгш эрх, ижил боломжтой байж, нийтээрээ аз жар­гал­тай хамтран амьдрах амьдралыг хэрхэн  хүртээх вэ гэдэг нэгэн төрлийн сэт­гэхүйн урлаг гэж уран бүтээлчид бид ойл­годог. Тэгэхээр сайн улс төрч байх гэдэг бол соргог мэдрэмжтэй уран бүтээлч байх явдалтай агаар нэг юм. 

Хүннүгийн дүрслэл чимэглэлийн урлаг, XIII зууны болд төмрийн боловсруулалт,  XVII зууны Занабазарын хийц бүтээлийн бурхад нь  хүн төрөлхтний нийтлэг гоозүйн дээд хэмжүүр буюу төгс зохицлыг олж чадсанаар  хэдэн зууныг илээсэн ч биднийг одоо хэр алмайруулсан хэвээр байна. Ф.М.Достоевский "Гоо зүй ертөн­цийг аварна" гэж хэлэхдээ зөвхөн ямар нэг харагдах төрх, гялгар гялт­гар юмыг хэлээгүй гэж би боддог. Хүн төрлийг авсан бүхэнд гоо зүйн мэд­рэмж бий. Хүн болгоны дотор байгаа тэр гоо зүй сэрвэл ертөнцөд ямар нэгэн сайхан зүйл болохыг ухаарч мэдэрч хэлсэн гэж боддог.

Гоо зүй нь дотроо тэнцвэр, ёс зүй  зэрэг  хүний нийгмийн амь болсон олон зүйлийг  агуулсан асар том ойлголт болно. Ямар ч үндэсний нийтлэг эрхэмлэх хэм хэмжүүр бол соёлдоо хадгалагдан уламжлагддаг. Он цагийн явцад манж, интернационализмын нөлөөг залган глобалчлал, мөнгөнд шүтсэн харилцаа бидний язгуур соёлд нөлөөлснөөр монголчуудын “цогт эрдэнэ”  бүдгэрэн мартагдаж байна. Тухайн улс үндэстэн үндэснийхээ нийтлэг гоо зүй, нийтлэг эрхэмлэх зүйлс- цогт эрдэнээ  олж ойлгож хамгаалж ажил амьдралдаа баримталж чадсанаар төрт улс болон цэцэглэн хөгждөг жамтай. Энэ  ямар эрхэм зүйл болохыг урлагийн салбарынхан болон инженерүүд их соргог мэдэрдэг. Тиймдээ ч урлаг нийгмээсээ түрүүлэн сэтгэж, нийгмээ соён гэгээрүүлсээр ирсэн ч байх.
Миний хувьд Х. Баттулга бол Монгол үндэстнийхээ гоозүйг сэрээх эрэлд гарсан хүн гэж боддог. Зураачийн авьяас мэдрэмж нь ч улстөрд орж  монголчуудын сэргэн мандах замыг хайлгахад хүргэсэн ч байж болно. Тэр бас  монголчуудынхаа сэргэн мандах гоозүйн эрэлд хамт явах “сэрсэн хүмүүс”-ийг  хайж яваа хүн.

Хөрөг бичсэн Б.Баатар нь “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг бүтээгч,

“Hero Entertainment”-ийн захирал 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
2
14 цагийн өмнө
Криштиано Роналду цар тахлын үеийн цалингаа нөхөж авахаар заргалдаад яллаа
3
16 цагийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
5
49
0
0
0
0
0