Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

ГЭРЭГ: 2016 оны Монголын нөлөө бүхий 50 хүн - Н.АЙШОЛПАН

Нөлөөллийг сайн, муу гэж цэгнэх аргагүй. Эерэг болон сөрөг талаар Монгол, монголчуудын амьдралд энэ жил хэн хамгийн их нөлөө үзүүлсэн хүмүүсийг "Гэрэг" нэрлэж байна.


 

Эрхлэгчийн үг

Цаг хугацааг жинлэж үзсэний дараа л үр дүн нь мэдрэгддэг гэсэн суутны үг бий. 2016 он урьд урьдынхаас жинтэй, олон үйл явдал давхацсан жил байсныг одоо л бүрэн дүүрэн харах сөхөөтэй болов. Монголын нийгэмд, жир хүмүүсийн амьдралд нөлөө үзүүлсэн 50 хүнийг нэрлэх дугаарынхаа төлөвлөгөөг гаргах үедээ бид тийм ч итгэлтэй байгаагүй. Учир нь гурван сая хүн амтай Монгол Улсаас 50 нөлөө бүхий хүн тодрох боломжтой юу гэсэн асуулттай улгарч байлаа. Гэвч бидний төсөөлснөөс олон хүн нөлөө бүхий болохыг санал асуулгын дараа мэдсэн юм.

Нөлөөлөл сайн сайхан хэн нэгнийг шагнах, тодруулах үйл ажиллагаа биш, харин сайн, муу, эерэг, сөрөг аль ч талаараа бидний амьдралд нөлөө үзүүлж, олны анхаарлыг хамгийн ихээр өөртөө татаж, хийсэн үйлдэл, бүтээсэн зүйлээрээ өөрийн эрхгүй эргэн харахад хүргэсэн хүмүүсийн дүр. Редакцийн зүгээс санал болгосон 60 хүний мэдээллийг бид долоо хоногийн хугацаанд “Ub.life” сайт дээр байрлуулж, “дэмжинэ”, “дэмжихгүй” гэсэн хоёр агуулгаар санал хураасан. Санал асуулгад давхардсан тоогоор 38371 санал ирснийг редакцийн саналтай нэгтгэн 2016 оны Монголын нөлөө бүхий 50 хүнийг онцоллоо. Монголыг дэлхий дахинд шинээр гаргаж танилцуулсан 15 настай бүргэдийн анчин охиноос эхлээд тэмээ хөлөглөн алс буйд нутгийн хүүхдүүдэд ном уншуулахаар гарсан 75 настай зохиолч хүртэлх 50 хүнийг яагаад онцолсноо тодруулахын тулд “Бүтээгч”, “Ялагч”, “Бэлгэдэл”, “Улстөрчид”, “Дуулиан” гэсэн таван хэсэгт хувааж, хүн тус бүрт нөлөө бүхий байсныг хөрөг нийтлэлээр гаргахыг хичээлээ.

Бид Барууны хэвлэл мэдээлэл, редакци нөлөө бүхий хүний жагсаалтыг хэрхэн гаргадаг тэр зарчмаар ажиллахыг хичээсэн. Тиймээс хүмүүсийн хөргийг редакциас томилогдсон аль нэг сэтгүүлч биш олны танил, тухайн салбар, эсвэл тэс өөр салбарын хүнээр бичүүлэхийг зорьсон юм. Бидний саналыг хүлээн авч автораар оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан Г.Уянга, Ардын уран зохиолч Д.Цоодол, Төрийн шагналт зохиолч Д.Төрбат, яруу найрагч Ц.Хулан, олимпийн медальт тамирчин Г.Ням-Очир, хүндийг өргөлтийн тамирчин Н.Баярмаа болон “Unread.today” сайтын хамт олон, бусад автордаа чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье.

НУРГАЙВЫН АЙШОЛПАН, Бүргэдийн анчин

"Бодит дүр"

Өнгөрсөн есдүгээр сард  Теллюридийн кино наадамд оролцохоор Колорадог зорихын өмнөхөн Айшолпан болон гэр бүлийнхэнтэй нь Улаанбаатарт уулзсан юм. Ramada зочид буудлын чамин, тансаг өрөө тэдэнд нэг л харь санагдаж байгаа нь илт мэдрэгдэнэ. Яг үүнтэй адил алдар хүнд, олон нийтийн анхаарал Айшолпанд нэг талаараа гайхам сайхан мэт боловч нөгөөтэйгүүр тухгүй, танил бус мэдрэмж төрүүлж байх шиг. Үеийнх нь охид хөвгүүдийн тухай нууцхан шивнэлдэж, өсвөр насны сэтгэл хөдлөлдөө автаж явахад Айшолпан дэлхийн нөгөө өнцөгт, Монголын нэрийг гаргаж, бүргэдээр ан хийдэг хосгүй соёлыг дэлхий дахинд таниулж яваа.

Монголын баруун хойд хязгаарт төрж, бусад хүүхдийн л адил сургуульдаа явахын зэрэгцээ гэрийн ажилд тусалж өссөн улаа бутарсан хацартай бяцхан охин Айшолпан бүргэдийн баяраар 80 гаруй эрийг ардаа орхин түрүүлсэн тухай мэдээ дэлхийн томоохон хэвлэлүүдээр шуугиж байсан нь хоёр жилийн өмнө. Тэр үеэс л Айшолпан дэлхийн хүн болсон. Израилийн гэрэл зурагчин Ашер Свиденски 2014 оны “Бүргэдийн баяр”-ын үеэр бүргэд шувуугаа нэг гар дээрээ суулгаад, хадан хавцал дээр алсыг ширтэн зогсох 13 настай охины гэрэл зургийг барууны томоохон хэвлэлүүдэд илгээснээр түүний эхэлсэн юм. 

Айшолпаны амьдралаар бүтээсэн, найруулагч Отто Беллийн “Бүргэдийн анчин охин” баримтат кино энэ оны нэгдүгээр сард Сандэнсийн олон улсын кино наадмаар нээлтээ хийсэн. “Sony Pictures”-ийн бүтээл “The Eagle Huntress” кино энэ онд Теллюрид, Торонтогийн олон улсын кино наадамд тун амжилттай оролцож, АНУ-ын кинотеатруудын дэлгэцнээ гарч эхэлсэн нь Айшолпаны алдар хүндийг улам өндөрт гаргав. Кино наадам, театрын үзвэрийн нээлтэд оролцохоор олон оронд зочлон, амсхийх завгүй өдрүүд өнгөрч Айшолпан одоо л гэртээ, амар тайван суугаа.

Энэ их алдар хүнд Айшолпаны цагаахан сэтгэл, ичимхий даруухан инээмсэглэлд сэв суулгаж чадаагүй. Айшолпан охин бүргэдтэйгээ байхдаа хэнээс ч илүү аз жаргалтай, итгэл дүүрэн байдаг нь “Бүргэдийн анчин охин” кинонд илэрхий харагдана лээ. Зөвхөн эр хүний ажил гэгддэг ан ав, тэр дундаа бүргэдээр ан хийх Казакийн өвөрмөц уламжлалыг ааваасаа өвлөж, 10 настайдаа найман кг жинтэй бүргэдийг нуруун дээрээ суулгаад андаа гарсан Айшолпан бол яах аргагүй хүчирхэг эмэгтэйн бэлгэ тэмдэг мөн. “Бүргэдийн анчин охин” киноны нээлтийн дараа Н.Айшолпан АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Хиллари Клинтон, жүжигчин Ума Турман нартай мөр зэрэгцэн “Harper’s Bazaar” сэтгүүлийн “Эрэлхэг эмэгтэй” жагсаалтад багтаж, “Variety” сэтгүүлийн хуудсыг нүүр дүүрэн инээмсэглэлээрээ чимсэн удаатай.

“Ирэх жилүүдийн Хэллоуны баяраар “Frozen”-ийн Элса, “Hunger Games”-ийн Кэтниссийн дүрд хувирсан олны дунд үслэг хувцас өмсөж, ангийн тоног, хэрэглэл зүүсэн “Айшолпанууд” явж байвал хэн ч гайхахгүй нь лавтай” хэмээн New York Times бичсэн удаатай. Гэхдээ Элса, Кэтниссээс ялгаатай нь Айшолпан бол хүчирхэг эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон бодит хүн. Тэр бол жинхэнэ. Түүний тэсвэр хатуужил, өвлийн тэсгим хүйтэнд өндөр уулаар морьтой давхиж, бүргэдээр ан хийх чадвар, өхөөрдөм хөөрхөн инээмсэглэл нь зохиомол үлгэр бус, бодит үнэн билээ.

Хөрөг бичсэн Г.Ариунзул нь “Гэрэг” сэтгүүлийн автор, түүний Н.Айшолпантай хийсэн ярилцлага нь "Ub.life" сайтад бүрэн эхээрээ нийтлэгдсэн. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
2
3 цагийн өмнө
Монголын багууд 3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын эхний тоглолтдоо хожлоо
3
4 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
санал болгох
1
7 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
9
3
0
0
0
0
0