Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

ГЭРЭГ: 2016 оны Монголын нөлөө бүхий 50 хүн - Н.ЦЭЛМҮҮН

Нөлөөллийг сайн, муу гэж цэгнэх аргагүй. Эерэг болон сөрөг талаар Монгол, монголчуудын амьдралд энэ жил хэн хамгийн их нөлөө үзүүлсэн хүмүүсийг "Гэрэг" нэрлэж байна.


 

Эрхлэгчийн үг  

Цаг хугацааг жинлэж үзсэний дараа л үр дүн нь мэдрэгддэг гэсэн суутны үг бий. 2016 он урьд урьдынхаас жинтэй, олон үйл явдал давхацсан жил байсныг одоо л бүрэн дүүрэн харах сөхөөтэй болов. Монголын нийгэмд, жир хүмүүсийн амьдралд нөлөө үзүүлсэн 50 хүнийг нэрлэх дугаарынхаа төлөвлөгөөг гаргах үедээ бид тийм ч итгэлтэй байгаагүй. Учир нь гурван сая хүн амтай Монгол Улсаас 50 нөлөө бүхий хүн тодрох боломжтой юу гэсэн асуулттай улгарч байлаа. Гэвч бидний төсөөлснөөс олон хүн нөлөө бүхий болохыг санал асуулгын дараа мэдсэн юм.

Нөлөөлөл сайн сайхан хэн нэгнийг шагнах, тодруулах үйл ажиллагаа биш, харин сайн, муу, эерэг, сөрөг аль ч талаараа бидний амьдралд нөлөө үзүүлж, олны анхаарлыг хамгийн ихээр өөртөө татаж, хийсэн үйлдэл, бүтээсэн зүйлээрээ өөрийн эрхгүй эргэн харахад хүргэсэн хүмүүсийн дүр. Редакцийн зүгээс санал болгосон 60 хүний мэдээллийг бид долоо хоногийн хугацаанд “Ub.life” сайт дээр байрлуулж, “дэмжинэ”, “дэмжихгүй” гэсэн хоёр агуулгаар санал хураасан. Санал асуулгад давхардсан тоогоор 38371 санал ирснийг редакцийн саналтай нэгтгэн 2016 оны Монголын нөлөө бүхий 50 хүнийг онцоллоо. Монголыг дэлхий дахинд шинээр гаргаж танилцуулсан 15 настай бүргэдийн анчин охиноос эхлээд тэмээ хөлөглөн алс буйд нутгийн хүүхдүүдэд ном уншуулахаар гарсан 75 настай зохиолч хүртэлх 50 хүнийг яагаад онцолсноо тодруулахын тулд “Бүтээгч”, “Ялагч”, “Бэлгэдэл”, “Улстөрчид”, “Дуулиан” гэсэн таван хэсэгт хувааж, хүн тус бүрт нөлөө бүхий байсныг хөрөг нийтлэлээр гаргахыг хичээлээ.

Бид Барууны хэвлэл мэдээлэл, редакци нөлөө бүхий хүний жагсаалтыг хэрхэн гаргадаг тэр зарчмаар ажиллахыг хичээсэн. Тиймээс хүмүүсийн хөргийг редакциас томилогдсон аль нэг сэтгүүлч биш олны танил, тухайн салбар, эсвэл тэс өөр салбарын хүнээр бичүүлэхийг зорьсон юм. Бидний саналыг хүлээн авч автораар оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан Г.Уянга, Ардын уран зохиолч Д.Цоодол, Төрийн шагналт зохиолч Д.Төрбат, яруу найрагч Ц.Хулан, олимпийн медальт тамирчин Г.Ням-Очир, хүндийг өргөлтийн тамирчин Н.Баярмаа болон “Unread.today” сайтын хамт олон, бусад автордаа чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье.

НЯМТАЙШИРЫН ЦЭЛМҮҮН 

"МАК-ийн Хатан хаан"

Одоогоос найман жилийн өмнө нууцын гүн “агуй” тийш дэнлүү барин тэргүүнд алхахдаа сэтгүүл зүйн шинэ жанрыг үзэг нэгт нөхдөдөө замч­лах луужин нь байсаар өдий хүрсэн “СОРОНЗ” сэтгүүл ийм нэгэн бүсгүйг “тайзнаа” татан гаргаж байлаа. Энэ бол Монголын тэр­гүүн баяны өв залгамжлагч, хамгийн залуу эмэг­тэй CEO Нямтайширын Цэлмүүн. Тухайн үед шинэ баатруудыг нийгэм хүсч, бид тэрхүү эрэлт хүлээлт, цангааг мэдэрснээр Монголын хамгийн нууцлаг гэр бүл “МАК”-ийнхны эрэлд гарч, үүргээ ч давуулан биелүүлсэн. Энүүхэндээ л гэхэд Н.Цэлмүүн гэж нууцлаг бүсгүйг илрүү­лэхийн тулд бид гурван цагийн турш дурангаа чиг­лүүлж, нүд салгалгүй хүлээсний эцэст ам­жилт­­тай папарацидаж билээ. Эдүгээ хүн бүрийн эчнээ таньдаг, шуудхан хэлэхэд олны атаарх­­лыг ил цагаан төрүүлдэг энэ бүсгүй яг хэн бэ.  

Тэр өөрийгөө олох гэж бусдын адил алдаж онож, адгаж бас халирч үзсэн бүсгүй хүн. Бас аавынхаа хамгийн тод тусгал. Дотоод мөн чанар нь уйгагүй, амьдралын чухал сонголт бүү хэл аахар шаахар зүйлд ч чин сэтгэлээсээ ханддаг нэгэн. Тэр хуурамч, хүчилсэн дүр эсгэлт мэтэд ясны дургүй. Мэдлэг боловсролын хувьд ч “МАК”-ийг жолоодоход хангалттай бэлтгэгдсэн боловсон хүчин. АНУ-ын Индиана мужийн Вальпараисо их сургууль, Хонконг дахь Стэнфордын их сургуулийг тус тус дүүргэж, ажлын гараагаа ХХБ-нд менежерээр эхлүүлсэн. Есөн жилийн өмнө аавынхаа компанид доод албан тушаалаас ажлаа эхэлсэн тэр шат ахин дэвшсээр өнөөдөр Н.Номтойбаяр ахаасаа ч илүү аавынхаа итгэлт хүн болсныг бүгд харж байна. Нэг ёсондоо Н.Цэлмүүн бол аавынхаа сайтар бэлдсэн шадар цэрэг нь. Хэрэв тийм биш бол Б.Нямтайшир шиг няхуур хүн 23 жил хөлс хүчээ шавхан босгосон, хөрөнгийн эргэлт нь хэдэн тэрбум доллараар хэмжигдэх асар том компаниа охиндоо даатгахгүй байлаа.  

Хувийн амьдралын тал дээр Н.Цэлмүүн яг одоо ганц бие ээж. Гэхдээ хэзээ мөдгүй сүйн бэлзгээ солилцох сүйт хархүүтэй. 2008 онд халх Монголын хөвч тайгыг доргиосон нүсэр том хурим хийж, найр наадмынх нь сонин хачин олны ам дамжин, одоо хэр нь үлгэр домог мэт яригддаг. Гэхдээ Н.Цэлмүүн анхны сонголт, хүүгийнхээ эцэгтэй тийм ч удаан хамт байгаагүй. Түүнээс хойших болзоо учрал, болж бүтээгүй харилцааг энд нурших нь илүүц биз. Өв залгамжлагч, алтанд умбасан нэгэн гэж харахаасаа илүү зарим үед зүгээр л эмэгтэй хүн гэдгээр нь түүнийг дүгнэх сонирхол "Соронз"-д байдаг юм. Монголд хамгийн үнэтэй машиныг хэн унаж, тансаг брэндийг хэн эдлэх нь тодорхой. Н.Цэлмүүнийг тэр бүхнээс нь салгаж харах амаргүй ч өнөөдрийг хүртэл тэр өөрийгөө эвдэж байгаагүй. Хувь ертөнц нь халдашгүй, нууцлаг энэ бүсгүйн бодолд автсан гунигтай ч гэмээр харц заримдаа олон асуулт үүсгэдэг тал бий. 

Он жилүүд улирах тусам үзэл бодол, оюун санаагаа улам төлөвшүүлж, товчхондоо яван чангарч байгаа залуухан лидер хатагтай. Аливаа юм энгийн байх тусмаа чамин байдагчлан тэр хэвлэлийнхний хувьд хэзээд гол сэдэв, гогцоог нь тайлахыг хүсэх оньсого хэвээр байсаар.    

Хөрөг бичсэн М.Туяа нь “Соронз” сэтгүүлийн эрхлэгч 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
12 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
3
13 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
санал болгох
1
14 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
41
33
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.