Хайх зүйлээ бичнэ үү

мин

ГЭРЭГ: 2016 оны Монголын нөлөө бүхий 50 хүн - Д.ОТГОНДАЛАЙ

Нөлөөллийг сайн, муу гэж цэгнэх аргагүй. Эерэг болон сөрөг талаар Монгол, монголчуудын амьдралд энэ жил хэн хамгийн их нөлөө үзүүлсэн хүмүүсийг "Гэрэг" нэрлэж байна.


 

Эрхлэгчийн үг

Цаг хугацааг жинлэж үзсэний дараа л үр дүн нь мэдрэгддэг гэсэн суутны үг бий. 2016 он урьд урьдынхаас жинтэй, олон үйл явдал давхацсан жил байсныг одоо л бүрэн дүүрэн харах сөхөөтэй болов. Монголын нийгэмд, жир хүмүүсийн амьдралд нөлөө үзүүлсэн 50 хүнийг нэрлэх дугаарынхаа төлөвлөгөөг гаргах үедээ бид тийм ч итгэлтэй байгаагүй. Учир нь гурван сая хүн амтай Монгол Улсаас 50 нөлөө бүхий хүн тодрох боломжтой юу гэсэн асуулттай улгарч байлаа. Гэвч бидний төсөөлснөөс олон хүн нөлөө бүхий болохыг санал асуулгын дараа мэдсэн юм.

Нөлөөлөл сайн сайхан хэн нэгнийг шагнах, тодруулах үйл ажиллагаа биш, харин сайн, муу, эерэг, сөрөг аль ч талаараа бидний амьдралд нөлөө үзүүлж, олны анхаарлыг хамгийн ихээр өөртөө татаж, хийсэн үйлдэл, бүтээсэн зүйлээрээ өөрийн эрхгүй эргэн харахад хүргэсэн хүмүүсийн дүр. Редакцийн зүгээс санал болгосон 60 хүний мэдээллийг бид долоо хоногийн хугацаанд “Ub.life” сайт дээр байрлуулж, “дэмжинэ”, “дэмжихгүй” гэсэн хоёр агуулгаар санал хураасан. Санал асуулгад давхардсан тоогоор 38371 санал ирснийг редакцийн саналтай нэгтгэн 2016 оны Монголын нөлөө бүхий 50 хүнийг онцоллоо. Монголыг дэлхий дахинд шинээр гаргаж танилцуулсан 15 настай бүргэдийн анчин охиноос эхлээд тэмээ хөлөглөн алс буйд нутгийн хүүхдүүдэд ном уншуулахаар гарсан 75 настай зохиолч хүртэлх 50 хүнийг яагаад онцолсноо тодруулахын тулд “Бүтээгч”, “Ялагч”, “Бэлгэдэл”, “Улстөрчид”, “Дуулиан” гэсэн таван хэсэгт хувааж, хүн тус бүрт нөлөө бүхий байсныг хөрөг нийтлэлээр гаргахыг хичээлээ.

Бид Барууны хэвлэл мэдээлэл, редакци нөлөө бүхий хүний жагсаалтыг хэрхэн гаргадаг тэр зарчмаар ажиллахыг хичээсэн. Тиймээс хүмүүсийн хөргийг редакциас томилогдсон аль нэг сэтгүүлч биш олны танил, тухайн салбар, эсвэл тэс өөр салбарын хүнээр бичүүлэхийг зорьсон юм. Бидний саналыг хүлээн авч автораар оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан Г.Уянга, Ардын уран зохиолч Д.Цоодол, Төрийн шагналт зохиолч Д.Төрбат, яруу найрагч Ц.Хулан, олимпийн медальт тамирчин Г.Ням-Очир, хүндийг өргөлтийн тамирчин Н.Баярмаа болон “Unread.today” сайтын хамт олон, бусад автордаа чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье.

ДОРЖНЯМБУУГИЙН ОТГОНДАЛАЙ, тамирчин

"Алтын үнэтэй нулимс"

“Рио-2016” олимпийн наадмын оддын нэг нь яах аргагүй манай боксчин Д.Отгондалай байлаа. Булхайтай шүүлтээс болж түүний медалийн өнгө хүрэл болсон юм. Францын Софьян Умиагаас бүтэн гурван үе илүү тоглоод ялагдал хүлээсэн Д.Отгондалай “Ард түмнийхээ итгэлийг алдсандаа харамсаж байна. Хамаг чадлаараа тоглолоо” хэмээн уйлж байв. Үнэхээр бүтэн дөрвөн жилийнх нь хөдөлмөрийг шүүгч нар булаагаад авчихсан. “Рио-2016” наадмын боксын шүүгчид бүгд эрхээ хасуулаад байгаа. Гэхдээ тэднийг шийтгэлээ гээд түүний медалийн өнгө хувирахгүй нь харамсалтай.

Намайг зодог тайлах тийшээ хандаж байхад Оки их спортод орж ирсэн юм. Боксын секцэнд орсон анхны үеэсээ л идэвхтэй, дайчин зангаараа үеийнхнээсээ ялгардаг байлаа. Юм сурах эрмэлзэлтэй, хөдөлмөрч, шантардаггүй тул юм дуулгах хүүхэд байна даа хэмээн битүүхэн харж суудаг байв. Оки ч итгэлийг минь алдалгүй, амжилт гаргасаар байв. Тэр амжилтынх нь хамгийн том баримт нь энэ. Алтын үнэтэй хүрэл медаль. 

Хөрөг бичсэн Т.Үйтүмэн нь Азийн аварга, Дэлхийн аваргын мөнгөн медальт боксчин

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Эрчүүдийн хэнд ч үнэлэгддэггүй 24 авьяас
2
13 цагийн өмнө
Сүмочид цалингаа голов
3
13 цагийн өмнө
Хенри Кавилл анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа гэнэ
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
26
44
0
0
0
0
0