Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

ГЭРЭГ: 2016 оны Монголын нөлөө бүхий 50 хүн - Л.МӨНХБАЯСГАЛАН

Нөлөөллийг сайн, муу гэж цэгнэх аргагүй. Эерэг болон сөрөг талаар Монгол, монголчуудын амьдралд энэ жил хэн хамгийн их нөлөө үзүүлсэн хүмүүсийг "Гэрэг" нэрлэж байна.


Эрхлэгчийн үг  

Цаг хугацааг жинлэж үзсэний дараа л үр дүн нь мэдрэгддэг гэсэн суутны үг бий. 2016 он урьд урьдынхаас жинтэй, олон үйл явдал давхацсан жил байсныг одоо л бүрэн дүүрэн харах сөхөөтэй болов. Монголын нийгэмд, жир хүмүүсийн амьдралд нөлөө үзүүлсэн 50 хүнийг нэрлэх дугаарынхаа төлөвлөгөөг гаргах үедээ бид тийм ч итгэлтэй байгаагүй. Учир нь гурван сая хүн амтай Монгол Улсаас 50 нөлөө бүхий хүн тодрох боломжтой юу гэсэн асуулттай улгарч байлаа. Гэвч бидний төсөөлснөөс олон хүн нөлөө бүхий болохыг санал асуулгын дараа мэдсэн юм.

Нөлөөлөл сайн сайхан хэн нэгнийг шагнах, тодруулах үйл ажиллагаа биш, харин сайн, муу, эерэг, сөрөг аль ч талаараа бидний амьдралд нөлөө үзүүлж, олны анхаарлыг хамгийн ихээр өөртөө татаж, хийсэн үйлдэл, бүтээсэн зүйлээрээ өөрийн эрхгүй эргэн харахад хүргэсэн хүмүүсийн дүр. Редакцийн зүгээс санал болгосон 60 хүний мэдээллийг бид долоо хоногийн хугацаанд “Ub.life” сайт дээр байрлуулж, “дэмжинэ”, “дэмжихгүй” гэсэн хоёр агуулгаар санал хураасан. Санал асуулгад давхардсан тоогоор 38371 санал ирснийг редакцийн саналтай нэгтгэн 2016 оны Монголын нөлөө бүхий 50 хүнийг онцоллоо. Монголыг дэлхий дахинд шинээр гаргаж танилцуулсан 15 настай бүргэдийн анчин охиноос эхлээд тэмээ хөлөглөн алс буйд нутгийн хүүхдүүдэд ном уншуулахаар гарсан 75 настай зохиолч хүртэлх 50 хүнийг яагаад онцолсноо тодруулахын тулд “Бүтээгч”, “Ялагч”, “Бэлгэдэл”, “Улстөрчид”, “Дуулиан” гэсэн таван хэсэгт хувааж, хүн тус бүрт нөлөө бүхий байсныг хөрөг нийтлэлээр гаргахыг хичээлээ.

Бид Барууны хэвлэл мэдээлэл, редакци нөлөө бүхий хүний жагсаалтыг хэрхэн гаргадаг тэр зарчмаар ажиллахыг хичээсэн. Тиймээс хүмүүсийн хөргийг редакциас томилогдсон аль нэг сэтгүүлч биш олны танил, тухайн салбар, эсвэл тэс өөр салбарын хүнээр бичүүлэхийг зорьсон юм. Бидний саналыг хүлээн авч автораар оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан Г.Уянга, Ардын уран зохиолч Д.Цоодол, Төрийн шагналт зохиолч Д.Төрбат, яруу найрагч Ц.Хулан, олимпийн медальт тамирчин Г.Ням-Очир, хүндийг өргөлтийн тамирчин Н.Баярмаа болон “Unread.today” сайтын хамт олон, бусад автордаа чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье.

ЛУВСАНБЯМБЫН МӨНХБАЯСГАЛАН 

"Төрөлхийн сэтгүүлч" 

“Төрөлхийн” гэсэн ойлголт бий. Эхээс төрөхийн сэргэлэн цовоо, угаасаа авьяастай, эсвэл тоондоо сайн г.м. Харин төрөлхийн сэтгүүлч гэдэг ойлголтыг улс нийгэм л бий болгодог. Сэтгүүлч гэдэг үгийн язгуур нь сэтгэж ухах, төнхөх, хоёрдугаар утга нь сэтгэн бодохыг заадаг бололтой. Тийм учраас үнэнийг “өвсөнд зүү хаясан” мэт эрж олох амаргүй үүргийг сэтгүүл зүй өөртөө хүлээж байна. Орчин цагийн сэтгүүл зүй бүсгүй хүний турьхан мөрөөр надад төсөөлөгддөг болоод удлаа. Эрчүүлээс гарахгүй эр зориг, суу залиас гадна нэр нүүр, үр удмаа  гэх  зөн совин эмэгтэй сэтгүүлчдийг үнэ хүндгүй эрх мэдэл, бохир мөнгөнөөс илүүтэй хөгжөөн хөдөлгөж агуу амжилтуудад  хүргэсээр бай­гааг бид эс мэдэх билүү? Энэ амжилт бол ганц­хан тухайн сэтгүүлчид харъяалагдахгүй, харин нийтээрээ ялсан хожсон, ард түмнээрээ даван дийлсэн тэр тохиолдолд л сэтгүүлчийн гавьяа оршдог. 
Л.Мөнхбаясгалан бол дээр хэлсэн бүх тодорхойлолтод тохирсон сэтгүүлч мөн билээ. Түүнийг сайн хэлэх хүмүүс зөндөө байхад муу хэлдэг нь захаасаа аваад олдоно. Аргагүй шүү дээ, тэрбээр хэзээ ч бууж өгдөг­гүй шаралхуу, сайн танихгүй хүнд адайр ааш­тай, нэг сэдэв барьж авбал ер тавихгүй, яг л урхинд нь ямар ан орсныг анддаггүй хашир анчин л гэж мэд. Хэнээс ямар үг хэзээ унаж болохыг бараг үнэрлээд л мэддэг нь түүнийг өнөөгийн олон эрхмээс, түүнээс ч олон бэртэгчингээс ам дамжуулан авч нийтэд цацсан нэвтрүүлгүүд нь аяндаа хэлээд өгдөг. 

Хэдхэн сарын өмнөөс Л.Мөнхбаясгаланг хүндлэн хүрээлэгчид түүний гоёмсог “cover” зургуудыг олж үзээд алмайрсан. Эршүүд, хэнэггүй ч юм шиг төрхөөрөө нэгэнт та­нигд­сан Баясааг ингэж хувирна гэж хэн санах билээ дээ. Өөртөө нуугдаж буй тэгш үзэсгэлэнтэй, энхрий эрхэмсэг чанарыг ингэж өөрөө ч мэдэхгүйгээр санаандгүй нээн харуулсан нь олны талархал хүлээлээ. 

Тэр­бээр өнөөдөр ид ажиллаж амьдарч байна, нас нь ч юм даа. Бусдын төлөө дуугарч яваа халуухан зан чанар нь сэтгүүл зүйд төдийгүй, Монголын нийгэмд ямар их үгүйлэгдэнэ вэ? 
Нөхөрлөвөл ойлголцож болдог, ил инээж уйлдаг, хүчирхэг хэрнээ эмзэг ийм нэг бүсгүй 2015-2016 оны богинохон хугацаанд хорт хавдрын эсрэг санг гардан санаачилсан нь төр засаг, улс орныг хамарсан онц хэрэгцээт сайн үйлс болж энэхүү үйл хэрэгт хамтран дагалдаж дээлийн захыг нь мушгиж яваадаа би бас баярладаг. Түүнээс гадна олон л юм бай­на, гэвч энэ бүхэн Баясаагийн маань өдөр тутмын л ажил шүү дээ.  

Хөрөг бичсэн Ц.Хулан нь Хүүхэлдэйн театрын захирал, яруу найрагч

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Хүнд өвчтэй Ален Делоны зургийг охин нь сүлжээнд тавьжээ
2
1 цагийн өмнө
Үзэсгэлэнт Фрида Калогийн үнэт эшлэлүүд
3
1 цагийн өмнө
23 настай Дариа Билодид Европын хошой аварга боллоо
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
37
4
0
0
0
0
0